Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2020/0022/З |
Дугаар | 306 |
Огноо | 2020-07-22 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 306
Ж.Мгийн нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Х.Батсүрэн,
Шүүгчид: Г.Банзрагч,
М.Батсуурь,
Ч.Тунгалаг,
Илтгэгч шүүгч: Б.Мөнхтуяа,
Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа
Нэхэмжлэлийн шаардлага: “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Албанаас халж, цагдаагийн цолыг хураах тухай” Б/917 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, цагдаагийн хошууч цолыг сэргээх, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2020/0136 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 282 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Ж.М, түүний өмгөөлөгч Н.З, Г.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, Б.О нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2020/0136 дугаар шийдвэрээр: Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.12, 82 дугаар зүйлийн 82.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Мгийн Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Албанаас халж, цагдаагийн цолыг хураах тухай Б/917 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, цагдаагийн хошууч цолыг сэргээлгэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 282 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 136 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.О, Н.З нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Нэхэмжлэгч Ж.М нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/917 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Тус хэрэг маргаантай холбоотойгоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2020/0136 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 282 дугаар магадлалаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1.шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хяналтын журмаар дараахь гомдлыг гаргаж байна.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “нэхэмжлэгч Мөнхтогоо нь: намайг албанаас халах шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24-27 дугаар зүйлд заасан ажиллагааг хийгээгүй буюу надад огт мэдэгдээгүй, тухайн тушаал гарахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг надад огт олгоогүй” гэж тайлбарлаж маргаж байх боловч энэхүү үндэслэл, тайлбар нь маргаан бүхий захиргааны актыг үгүйсгэх буюу цагдаагийн албан хаагчийн хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зөвтгөх, улмаар маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
5. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянах хэсэгт: ...шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон нөхцөл байдалд өөрөөр дүгнэлт хийх, шийтгэх тогтоолыг үгүйсгэх боломжгүй бөгөөд иймд магадгүй сонсгох ажиллагаа хийгээгүй байсан ч энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангах үндэслэл болохгүй гэж дүгнэснийг эс хүлээн зөвшөөрч дараахь тайлбарыг гаргаж байна.
6. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан бөгөөд маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй, нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн, мөн хуулийн 28 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийхгүй байх тохиолдолд хамаарахгүй тул сонсох ажиллагаа заавал явуулсан байх ёстой гэж үзэж байна. Захиргааны байгууллага захиргааны актыг гаргахдаа “Хууль дээдлэх”, хуулийг нэг мөр хэрэглэх зарчмыг баримтлахгүй юм бол тухайн захиргааны акт бүхэлдээ хүчингүй болох хууль зүйн үндэслэл бүрдсээр байтал анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн, захиргааны байгууллагаас захиргааны актыг батлан гаргахын өмнө нэхэмжлэгч Ж.Мд санал, тайлбар гаргах боломж олгоогүй нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.
7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “...хариуцагч дээрх маргаан бүхий тушаал гарахаас өмнө сонсох ажиллагаа явуулсан бол нэхэмжлэгчээс нотлох баримт гаргаж өгөх боломжтой байсан, улмаар маргаан бүхий акт гарахааргүй, эсхүл өөр үр дагавартай байх байсан” гэж тайлбарлаж маргаж байх боловч энэхүү үндэслэл, тайлбар нь хэргийн бодит нөхцөл байдалд нийцэхгүй байх тул хүлээн авах боломжгүй юм” хэмээн дүгнэжээ.
8. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд “Захиргааны үйл ажиллагааны зарчим”-ыг тусгаж өгсөн бөгөөд мөн зүйлийн 4.2.1 дэх хэсэгт “хуульд үндэслэх 4.2.6 “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэсэн үнэт зарчмыг тусгаж өгсөн ба маргаан бүхий захиргааны акт нь дээрх зарчмыг хангаагүй байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Цагдаагийн ерөнхий газраас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа эрх ашиг, сонирхол нь зөрчигдөж буй нэхэмжлэгч Ж.Мд урьдчилан мэдэгдэлгүйгээр, оролцоог нь хангалгүйгээр ажлаас халсан нь хуулийг зөрчиж гаргасан шийдвэр гэж үзэж байна. Магадгүй сонсгох ажиллагаа явагдсан бол нэхэмжлэгчийн зүгээс өөрийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд сайн дураараа ажлаас гарах, эсхүл Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасан сонгох боломжуудаас хэрэглэх боломжтой байсан гэж үзэж байна.
9. Дээрхээс гадна маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан захиргааны актыг бичгээр гаргах, түүнд тавигдах шаардлагыг огтхон ч хангахгүй байна гэж үзэж байна. Тус хуулийн 40.2.4.захиргааны шийдвэр гаргах ажиллагааг өргөдөл, гомдлын үндсэн дээр үүсгэсэн бол түүнийг тусгах: 40.2.5. “захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах” шаардлага тавигддаг ба тухайн үед ажлаас халах саналыг Баянхонгор аймгийн Цагдаагийн газраас Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлсэн байдаг ба энэ тухай нэхэмжлэгч мэдээгүй, энэ талаар ч захиргааны актад тусгаагүй ба ажлаас халах тушаалыг зөвшөөрөхгүй тохиолдолд хаана хэнд хандах талаарх хуулийн заалтыг зөрчиж тушаалд тусгаагүй зэрэг хуульд заасан процесс, процедурын хэв маягийг зөрчиж хууль бус захиргааны акт гаргасан, Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудад заасан эрх зүйт ёсны хамгийн чухал зарчим болох “...хууль дээдлэх зарчим болоод зөвхөн хуульд заасан үндэслэл журмын дагуу бусдын хууль ёсны эрх ашиг сонирхлыг хязгаарлаж болно...” хэмээх холбогдох зохицуулалт, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “...шүүхийн шийдвэр, захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг огтхон ч хангаагүй байна хэмээн үзэж энэхүү гомдлыг гаргаж байна.
10. Иймд Нийслэл дэх Захиргаан хэргийн анхан шатны 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2020/0136 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 282 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
ХЯНАВАЛ:
11. Нэхэмжлэгч Ж.М нь “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн” Албанаас халж, цагдаагийн цолыг хураах тухай” Б/917 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, цагдаагийн хошууч цолыг сэргээх, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
12. Маргаан бүхий, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/917 дугаар тушаалаар ...Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.12, 82 дугаар зүйлийн 82.1.2, Засгийн газрын 2017 оны 72 дугаар тогтоолоор баталсан “Цагдаагийн бага, дунд, ахлах цол олгох, бууруулах, хураан авах, сэргээх журам-ын 5.2.1-д заасныг тус тус үндэслэн, Баянхонгор аймгийн Богд сумын Сум дундын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Ж.Мг “Баянхонгор аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/126 дугаар шийтгэх тогтоолоор хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шийдвэр хүчин төгөлдөр болсон” гэсэн үндэслэлээр цагдаагийн албанаас халж, цагдаагийн хошууч цолыг хураасан байна.
13. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад Цагдаагийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцжээ.
14. Цагдаагийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар цагдаагийн байгууллага, алба хаагч нь хуулийг чанд сахиж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, ...ялгаварлахгүйгээр хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-т цагдаагийн албан хаагчийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд цагдаагийн албанаас халахаар нарийвчлан зохицуулсан. Мөн, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/129 дүгээр тушаалаар баталсан “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2.3.2-т цагдаагийн алба хаагч нь цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх, 2.4.1-д өөрийн болон албаны нэр төрийг ариун байлгах, иргэдтэй соёлтой, хүнлэг хүлээцтэй харьцах, 2.4.13-т иргэдтэй маргалдах, хэл амаар доромжлох зэргээр ...зан харьцааны дутагдал гаргахыг цээрлэх…” гэж, Засгийн газрын 2017 оны 72 дугаар тогтоолоор батлагдсан “Цагдаагийн бага, дунд, ахлах цол олгох, бууруулах, хураан авах, сэргээх журам”-ын 5.2.1-д “ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол алба хаагчийн цолыг томилох эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураана” гэж тус тус заасан.
15. Хэрэгт нотлох баримтаар авагдсан, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/126 дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2019/ДШМ/45 дугаар магадлалаар, Ж.Мг ажлын байрандаа иргэн М.Быг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байх бөгөөд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэсэн үндэслэлээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ж.М нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон байна. Иймд хариуцагчаас, Ж.Мг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шийдвэр хүчин төгөлдөр болсон” гэсэн үндэслэлээр цагдаагийн албанаас халсан Цагдаагийн ерөнхий газрын даргын Б/917 дугаар тушаал нь Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-т заасантай нийцсэн, энэ талаар 2 шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.
16. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын “Цагдаагийн ерөнхий газраас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа эрх ашиг, сонирхол нь зөрчигдөж буй нэхэмжлэгч Ж.Мд урьдчилан мэдэгдэлгүйгээр, оролцоог нь хангалгүйгээр ажлаас халсан нь хууль зөрчсөн” гэсэн хяналтын гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгохоор заасан, хариуцагчаас энэ талаарх хуульд заасан үүргээ бүрэн биелүүлээгүй нь тогтоогдсон хэдий ч нэхэмжлэгч нь гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон тохиолдолд, энэ үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг бүхэлд нь үгүйсгэх, хүчингүй болгох үндэслэлгүй талаар шүүхүүдийн хийсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.
17. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2020/0136 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 282 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА