Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 07

 

Эвлэрэн хэлэлцсэнийг баталж

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир би Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох 2016 оны 09 сарын 26-ны өдрийн Б/39 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, дээрх даатгалын дэвтэрүүдэд бичилт хийлгэхийг даалгуулах шаардлага бүхий иргэн Д.*******ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шүүхэд хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* миний бие Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн Нэг цонхны үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр 2013 оны 3 дугаар сарын 6-нд томилогдсон. Ажиллах хугацаандаа ямар нэгэн ажлын алдаа дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл намайг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.*******гийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Б/39 дүгээр хууль бус тушаалаар үүрэгт ажлаас минь үндэслэлгүйгээр чөлөөлсөнд гомдолтой байна.

Уг тушаалыг эс зөвшөөрч 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хандсан боловч уг зөвлөлийн 2016 оны 10 сарын 25-ны өдрийн 56 тоот албан тоотоор Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хуралдааны ирц хүрэхгүй байгаа учир салбар зөвлөл хуралдах боломжгүй байна. Өргөдлийг хэлэлцэж дүгнэлт гаргах боломжгүй байгаа учир дараагийн шатны байгууллагад хандахыг зөвлөж байна гэсэн хариу авсан тул өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар танай шүүхэд нэхэмжлэл гарган хандаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Улиастай сумын ******* багийн иргэн Д.*******ын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны Ажлаас чөлөөлж тэтгэмж олгох тухай Б/39 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, дээрх даатгалын дэвтэрүүдэд бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Д.******* нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.*******гийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/39 дүгээр хууль бус тушаалаар үүрэгт ажлаас минь үндэслэлгүйгээр чөлөөлсөнд гомдолтой байна гэжээ.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Ажлаас чөлөөлж тэтгэмж олгох тухай тушаал нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 9 дүгээр тогтоол, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн ХЭГ/1433 тоот албан бичгээр ирүүлсэн чиглэл, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Аймгийн Засаг даргын Тамгын газрын зохион байгуулалт, бүтэц орон тоо, чиг үүргийг батлах тухай А/50 дугаар тушаалыг хэрэгжүүлж гаргасан шийдвэр юм. Дээрх шийдвэрүүдэд Тамгын газрын бүтцийг бодлогын 6 хэлтэс, нэг штабтайгаар, орон тоог 41 хүртэл байхаар баталж, дээрх бүтцэд Нэг цонхны үйлчилгээ хариуцсан ажилтны орон тоо байгаагүй тул холбогдох хууль тогтоомжийн дагуу чөлөөлж, тэтгэмж олгосон. Нэг цонхны үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажил үүргийг өргөдөл гомдол, дотоод ажил хариуцсан ажилтны чиг үүрэгт хамруулж, ажлын байрны тодорхойлолтод тусган өгсөн байна. Иймд иргэн Д.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хэргийн оролцогч нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Д.*******ын нэхэмжлэлтэй Завхан аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч Д.*******, Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Болортуяа нар нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд:

Хариуцагч байгууллага болох Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар нь нэхэмжлэгч Д.*******ад 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 1.529.844 төгрөгийг ямар нэгэн суутгалгүй олгож, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Өргөдөл гомдол, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилж, тушаал гаргахаар харилцан тохиролцов. Жич: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан дахин нэхэмжлэл, маргаан үүсгэх эрхгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь :

Дээрх маргаан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар тус захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарч байна.

Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эвлэрэл нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дүгээр зүйлийн 20.1.1, 28 дугаар зүйлийн 28.2.5, 68 дүгээр зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгох эрхтэй ба энэ тухайгаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул хэрэг хэлэлцэх ажиллагааг дуусгавар болгож эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хоорондоо эвлэрэн хэлэлцсэнийг баталж, иргэн Д.*******ын нэхэмжлэлтэй Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Б/39 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, дээрх даатгалын дэвтэрүүдэд бичилт хийлгэхийг даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР