| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттогтохын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 317/2026/00332/И |
| Дугаар | 317/ШШ2026/00558 |
| Огноо | 2026-03-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 317/ШШ2026/00558
|
2026 03 19 |
317/ШШ2026/00558 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, Номт, 1 дүгээр баг, Мэдээлэл холбоо сүлжээ ТӨК-ийн байр, 103 тоотод байрлах *** ХХК,
Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 5 дугаар баг, Нацагдорж, 20 байр, 25 тоотод оршин суух Боржигин овогт Цэрэндоржийн *** нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 65.372.109 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Баярмаа,
Хариуцагч Т.***ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Базардорж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Жавхлан
ТОДОРХОЙЛОХ нь:
1.-Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч Т.***, Ц.*** нарт холбогдуулан гэрээний үүрэгт 65.372.109 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярмаа нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: *** ХХК нь 2013 оноос эхлэн зохих хууль журмын дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа. 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Т.*** нь зээлийн гэрээ байгуулан 35.000.000 төгрөгийг зээлж авсан. Зээлж авахдаа Т.*** нь Улаанбаатар хотод байр авна гээд 35.000.000 төгрөгийг зээлж аваад, зээлийн эргэн төлөлт дээр хэсэгчлэн төлнө гэж тохиролцсон байгаа. Мөнгийг нь цалин орлогоос нь хамаараад бөөнд нь болон, сар сараар нь график гаргаж төлүүлэх боломж байхгүй гэсэн тул тохиролцоод 35.000000 төгрөгийг *** ХХК-аас зээл авч манай байгууллага Т.***ийн Хаан банкны дансанд 35.000.000 төгрөгийг шилжүүлсэн байгаа. 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хооронд нийт 31.000.000 төгрөг төлсөн. Үүнд:
- 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 1.000.000 төгрөг төлсөн, үүнээс 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 75 хоногийн хүү нь 3.883.561 төгрөг болсон тул үүнээс Т.***ийн төлсөн 1.000.000 төгрөгийг хүүд авч, 2.883.561 төгрөг нь хүү төлөгдөөгүй үлдсэн. Үлдэгдэл хүрэлцээгүй тул үндсэн зээлээс хасагдаагүй.
- 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 500.000 төлсөн, үүнээс 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 239 хоногийн хүү 12.375.616 төгрөг болж, өмнө төлөгдөөгүй үлдсэн 2.883.561 төгрөгийн хүүтэй нийлээд 15.259.178 төгрөг болсон бөгөөд Т.***ийн хүүд төлсөн 500.000 төгрөгийг хүүд авч, 14.759.178 төгрөгийн хүү төлөгдөөгүй үлдсэн. Үлдэгдэл хүрэлцээгүй тул үндсэн зээлээс хасагдаагүй.
- 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 2.000.000 төгрөг төлсөн, үүнээс 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 94 хоногийн хүү 4.867.397 төгрөг болж, өмнөх төлөгдөөгүй үлдсэн хүү 14.759.178 төгрөг нэмэгдээд 19.626.575 төгрөг болсон бөгөөд 2.000.000 төгрөгийг хүүд авч, төлөгдөөгүй хүү 17.626.575 төгрөг үлдсэн. Үлдэгдэл хүрэлцээгүй тул үндсэн зээлээс хасагдаагүй.
- 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 2.000.000 төгрөг төлсөн, үүнээс 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 80 хоногийн хүү 4.142.465 төгрөг болж үүн дээр төлөгдөөгүй хүү 17.626.575 төгрөг нэмэгдэж нийт төлөх хүү 21.769.041 төгрөг болсон. 2.000.000 төгрөгийг хүүд авч 19.769.041 төгрөгийн хүү төлөгдөөгүй үлдсэн. Үлдэгдэл хүрэлцээгүй тул үндсэн зээлээс хасагдаагүй.
- 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 500.000 төгрөг төлсөн, үүнээс 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл 79 хоногийн хүү 4.090.684 төгрөг болж, үүн дээр төлөгдөөгүй хүү 19.769.041 төгрөг нэмэгдэж, хүү 23.859.726 төгрөг болсон. 500.000 төгрөгийг хүүд авч, төлөгдөөгүй хүү 23.359.726 төгрөг үлдсэн. Үлдэгдэл хүрэлцээгүй тул үндсэн зээлээс хасагдаагүй.
- 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 20.000.000 төгрөг төлсөн. Хамгийн сүүлд төлбөр төлсөн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 235 хоногийн хүү 12.168.493 төгрөг болж, үүн дээр төлөгдөөгүй хүү 23.359.726 төгрөгийг нэмж, нийт төлөх хүү 35.528.219 төгрөг болсон боловч Т.***ийн хүсэлтээр үндсэн зээлээс 10.000.000 төгрөгийг хасаж хүүд 10.000.000 төгрөг авсан. Зээлийн үлдэгдэл 25.000.000 төгрөг, төлөгдөөгүй хүү 25.528.219 төгрөг үлдсэн.
- 2025 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 5.000.000 төгрөг төлсөн. 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл зээлийн үлдэгдэл 25.000.000 төгрөгийн 399 хоногийн хүү 14.757.534 төгрөг болсон, үүн дээр төлөгдөөгүй өмнөх хүү 25.528.219 төгрөг нэмэгдэж нийт хүү 40.285.753 төгрөг болсон. Төлсөн 5.000.000 төгрөгөөс үндсэн зээлээс 2.500.000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж, хүүд 2.500.000 төгрөг авсан. Зээлийн үлдэгдэл 22.500.000 төгрөг төлөх хүүгийн үлдэгдэл 37.785.753 төгрөг болсон.
- 2025 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зээлийн үлдэгдэл 22.500.000 төгрөгийн 73 хоногийн хүү 2.430.000 төгрөг, өмнөх төлөгдөөгүй хүүгийн үлдэгдэлтэй нийлээд 40.215.753 төгрөг болсон.
Т.*** нь нөхцөл байдлаа байнга ярьж хэлдэг байсан тул бидний зүгээс хүндэтгэлтэй хандаж өдийг хүртэл хүлээж ирсэн. Нөхөр Ц.*** нь автын осол хийж өр төлбөрийн асуудал үүссэн тул шалтгааны улмаас 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр нэмэлт гэрээ байгуулж Т.*** нарын өөрсдийнх нь саналаар зээл, төлөгдөөгүй хүүний тооцоо нийлж төлбөрийн хуваарь хийсэн боловч хариуцагчид хуваарийн дагуу огт төлбөр хийгдээгүй. Т.*** нь гэмтэж хөлөө хугалсан тул хүсэлтийнх нь дагуу ЗГ/2207/06 гэрээний хугацааг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан. Т.*** нь хуулийн байгууллагад битгий хандаач, удахгүй төлнө гэж олон олон удаа амлаж ирсэн. 2025 онд төрсөн хүү нь НҮБ-ын энхийг сахиулах цэргийн албанд явсан, 7 дугаар сард ирэхээр нь зээлээ бүгдийг төлнө гэж бараг 7 хоног бүр утсаар хэлж 2 сар гаруй болсны дараа нь хүүгээ Солонгос улс руу сургуульд явуулсан тул мөнгө байхгүй болсон, шүүхдээ ханд, шүүхээр орчихвол хүү нь зогсдог гэж маш ёс зүйгүй байдал гаргасан. Гурван жил гаруй хугацаанд Т.*** нарт өгсөн зээлийн хөрөнгөөс орох ашиг орлого зогссон боловч манай зүгээс хүндэтгэлтэй, хүлээцтэй хандаж ирсэн болно. Иймд, Т.***, Ц.*** нараас ЗГ/2207/06 гэрээний үүргийн биелэлтийг хангуулж үндсэн зээлийн үлдэгдэл 22.500.000 төгрөг, зээлийн хүү 40.215.753 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.656.356 төгрөг, нийт 65.372.109 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.-Хариуцагч Т.***ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардорж нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариу тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн, хариу тайлбараа дэмжиж байгаа. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтын шаардлагыг хангахгүй байгаа. Үүн дээр үнэлэх, дүгнэлт хийх хууль зүйн боломж байхгүй гэдгийг дурдмаар байна. *** ХХК-аас зээлсэн 35.000.000 төгрөгийн зээл дээр маргахгүй. Хариуцагч талаас 31.000.000 төгрөгийг төлсөн, үүнийгээ хариу тайлбараараа илэрхийлээд явж байгаа. Хариуцагч талаас зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь юу вэ гэхээр өндөр дүнтэй хүү байгаа. Нэхэмжлэгч талаас 40.285.753 төгрөгийг хүүд тооцсон гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоод байгаа. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451.1-т зааснаар болон түүнээс гадна хуульд заасан нөхцөл журмын дагуу байгуулагдаагүй гэрээ байна гэж үзээд байгаа. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн баримт нь хууль зүйн талаас үнэлэх боломжгүй, канондсон зээлийн гэрээ байна. Тэр гэрээн дээр ямар нэгэн байдлаар зээлийн эргэн төлөлтийн хувиар тусгагдаагүй. Мөн сүүлд нэмэлт гэрээ байгуулахад хүртэл зээлийн эргэн төлөлтийн хувиар байхгүй. Энэ нь хуульд заасан журмыг хангаагүй гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж бодож байна. Нэхэмжлэгч хэлэхдээ хариуцагчид зөндөө олон боломж олгосон, тодорхой хэмжээний үнийн дүнгээр хассан гэж яриад байна. Эрх нь зөрчигдөөд байхад эдгээр асуудлаар шүүхэд хандах ёстой байсан. Т.*** төлбөрөө төлөөгүй, гэрээний үүргээ ноцтой зөрчөөд байхад шүүхэд нэхэмжлэлээ гаргах эрх нь байсан. Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт гаргаж өгсөн канондсон байгаа зээлийн гэрээг харахад 2.2 дээр зээлийг хэрхэн, яаж төлөх талаар талууд тохиролцсон байгаа. Зээлийн хуваарийн дагуу төлнө гэсэн байгаа. Бүхэлд нь төлнө гэсэн зүйл байхгүй. Талууд гэрээний үндсэн нөхцөл болон яаж төлөх талаараа тохиролцсон байгаа. Харин график дээр хэрхэн яаж, төлөх талаар ерөөсөө тусгагдаагүй учраас энэ нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Анх 35.000.000 төгрөгийн зээл авсан. Хугацаа хэтрүүлсэн зүйлүүд байна. Гэхдээ хариуцагч талаас тодорхой хэмжээний 31.000.000 төгрөгийг төлсөн. Төлсөн мөнгө нэхэмжилж байгаа үнийн дүнтэй тооцоод үзэхээр 96.000.000 төгрөг болгож төлөх гээд байгаа. Энэ нь өөрөө шударга ёсны зарчимд нийцэж байгаа юм уу, Т.*** нэмэлт гэрээг надад юу гэж тайлбарласан бэ гэхээр үндсэн зээлийн гэрээний хугацаа дуусаад, үндсэн зээл, хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүүг нийлүүлж багцлаад нэг зээл болгоод 54.000.000 төгрөгөөсөө дахиж хүү бодсон гэж надад тайлбарласан. 2023 оны 06 сард хийсэн нэмэлт гэрээ байгаа. Нэмэлт гэрээний нөхцөл мөн адил байгаа. Өмнөх үндсэн зээлийн үлдэгдэл, тооцсон хүү, нэмэгдүүлсэн хүүгээ тооцоод үүнийгээ багцлаад нэг зээл болгоод, 54.000.000 төгрөгийг үндсэн зээл гэж үзнэ шүү, Одоо энэ зээлээсээ бид нар хүүгээ 4.5%-иар тооцож явна шүү гэдэг нөхцөлөөр зээлийн гэрээ байгуулсан байгаа. Энэ нь нэг талд хэтэрхий их ашигтай, нөгөө талыг хэтэрхий их хохироосон зээлийн гэрээ байна гэж харж байгаа. Хууль зүйн талаасаа юу гэж үзээд байгаа вэ гэхээр хариуцагч тал зээлийн гэрээний ямар үүргийг зөрчөөд байгаа вэ гэдгийг тодруулмаар байна. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй, нотлох баримтаа хуульд заасны дагуу гаргаж өгөх үүрэгтэй. Хавтаст хэрэгт өгсөн зээлийн гэрээнүүдийг ямар ч үнэлэх боломжгүй, хуульд заасан хэлбэр шаардлагыг хангаагүй зээлийн гэрээ байгаа учраас шүүх үүнийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж хариуцагчийн төлөөлөгчөөс үзэж байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хариуцагч Ц.Бат-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Амарбаяр нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч *** ХХК нь нийт 65.372.109 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна. Уг нэхэмжлэлд 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ/2207/06 дугаар зээлийн гэрээ байгуулж 35.000.000 төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэй зээлсэн гэжээ. Гэтэл Ц.*** нь тухайн зээлийн гэрээнд үүрэг хүлээж оролцоогүй гарын үсэг зураагүй байдаг. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
4. Нэхэмжлэгчээс *** ХХК-ийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн итгэмжлэл (хх-4), *** ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-6-7), 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ/2207/06 дугаар зээлийн гэрээний хуулбар (хх-10-15), 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн БГ/2207/06 дугаар барьцааны гэрээний хуулбар (хх-16-19), 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 0220 дугаар итгэмжлэлийн хуулбар (хх-20), 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн БГ/2207/06 дугаар барьцааны гэрээний хавсралтын хуулбар (хх-21-22), 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 0221 дүгээр итгэмжлэлийн хуулбар (хх-25), Ц.***, Т.*** нарын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-26-34), Т.***ийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр бичсэн зээлийн өргөдлийн хуулбар (хх-34-35), 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ/2207/06-2 дугаар зээлийн нэмэлт гэрээний хуулбар (хх-36-39), Т.***ийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн төлбөр төлөх, хугацаа сунгуулах өргөдлийн хуулбар (хх-40), тооцоо нийлсэн актын хуулбар (хх-41), Т.***ийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаргасан хүсэлтийн хуулбар (хх-42),Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 317/ШЗ2026/00002 дугаар захирамжийн хуулбар (хх-47-48), нэхэмжлэгчийн зээлийн гэрээний тооцоолол (хх-66-69) зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
5. Хариуцагчаас Т.***ээс С.Базардоржид олгосон 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 0386 дугаар итгэмжлэл (хх-51), Ц.Бат-Эрдэнийн Ш.Амарбаярт олгосон 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0540 дугаар итгэмжлэл (хх-52), хариуцагч Т.***ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хариу тайлбар (хх-61), хариуцагч Ц.Бат-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хариу тайлбар (хх-62) зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.-Шүүх *** ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т.***т холбогдох гэрээний үүрэгт 65.372.109 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаж үзээд нэхэмжлэлийн шаардлагын 58.270.904 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 7.101.205 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.-Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярмаа нь дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
... 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Т.*** нь зээлийн гэрээ байгуулан 35.000.000 төгрөгийг зээлж авсан. Зээлж авахдаа Т.*** нь Улаанбаатар хотод байр авна гээд 35.000.000 төгрөгийг зээлж аваад, зээлийн эргэн төлөлт дээр хэсэгчлэн төлнө гэж тохиролцсон байгаа. Мөнгийг нь цалин орлогоос нь хамаараад бөөнд нь болон, сар сараар нь график гаргаж төлүүлэх боломж байхгүй гэсэн тул тохиролцоод 35.000.000 төгрөгийг *** ХХК-аас зээл авч манай байгууллага Т.***ийн Хаан банкны дансанд 35.000.000 төгрөгийг шилжүүлсэн байгаа. Хариуцагч Т.*** нь 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хооронд нийт 31.000.000 төгрөг төлсөн. ...Иймд Т.***тэй гэрээ хийсэн тул ЗГ/2207/06 гэрээний үүргийн биелэлтийг хангуулж үндсэн зээлийн үлдэгдэл 22.500.000 төгрөг, зээлийн хүү 40.215.753 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.656.356 төгрөг, нийт 65.372.109 төгрөгийг гаргуулж өгнө үү ... гэв.
3. Хариуцагч Т.***ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардорж нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
... Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтын шаардлагыг хангахгүй байгаа. Үүн дээр үнэлэх, дүгнэлт хийх хууль зүйн боломж байхгүй гэдгийг дурдмаар байна. *** ХХК-аас зээлсэн 35.000.000 төгрөгийн зээл дээр маргахгүй. Хариуцагч талаас 31.000.000 төгрөгийг төлсөн, үүнийгээ хариу тайлбараараа илэрхийлээд явж байгаа. Хариуцагч талаас зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь юу вэ гэхээр өндөр дүнтэй хүү байгаа. Нэхэмжлэгч талаас 40.285.753 төгрөгийг хүүнд тооцсон гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд хариуцагчийн хувьд үндсэн зээлээ төлөөд дууссан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн *** ХХК-ийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн итгэмжлэл (хх-4), *** ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-6-7), 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ/2207/06 дугаар зээлийн гэрээний хуулбар (хх-10-15), 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн БГ/2207/06 дугаар барьцааны гэрээний хуулбар (хх-16-19), 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 0220 дугаар итгэмжлэлийн хуулбар (хх-20), 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн БГ/2207/06 дугаар барьцааны гэрээний хавсралтын хуулбар (хх-21-22), 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 0221 дүгээр итгэмжлэлийн хуулбар (хх-25), Ц.***, Т.*** нарын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-26-34), Т.***ийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр бичсэн зээлийн өргөдлийн хуулбар (хх-34-35), 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ/2207/06-2 дугаар зээлийн нэмэлт гэрээний хуулбар (хх-36-39), Т.***ийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн төлбөр төлөх, хугацаа сунгуулах өргөдлийн хуулбар (хх-40), тооцоо нийлсэн актын хуулбар (хх-41), Т.***ийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаргасан хүсэлтийн хуулбар (хх-42),Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 317/ШЗ2026/00002 дугаар захирамжийн хуулбар (хх-47-48), нэхэмжлэгчийн зээлийн гэрээний тооцоолол (хх-66-69) зэрэг бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл явдал тогтоогдож байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2-т зааснаар хэргийн оролцогчоор хуулийн этгээд оролцож байгаа тохиолдолд түүнийг эрх бүхий иргэн төлөөлнө. Хуулийн этгээдийн хэлбэр, төрлөөс хамаарч түүнийг удирдах албан тушаалтан, эсхүл итгэмжлэлээр бүрэн эрх олгогдсон этгээд төлөөлнө гэжээ.
5.1. *** ХХК нь төлөөлөгчийн бүрэн эрхийг гүйцэтгэх захирал Ч.Алтанчимэгээс 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эдэлдэг бүхий л эрх, үүргийг хэрэгжүүлэх эрхийг 1 жилийн хугацаатайгаар С.Баярмаад олгосон болох нь тогтоогдож байна. /хх-4 дүгээр хуудас/,
5.2. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ. Үйл ажиллагааг эрхлэх эрх зөвшөөрөл авсан өдрөөс үүснэ, мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2-т Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно. Зөвшөөрөл олгох журмыг хуулиар тогтооно хэмээн зааснаар нэхэмжлэгч *** ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ зэргийг хавсарган ирүүлсэн байна. Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч *** ХХК нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй байна.
6. Иргэний хуулийн 62, 64 дүгээр зүйлд зааснаар хариуцагч Т.*** нь төлөөлөгчийн бүрэн эрхийг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 0386 дугаар итгэмжлэлээр С.Базардоржид олгосон байна. Уг итгэмжлэлээр төлөөлүүлэгч Т.***ийн нэрийн өмнөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хариуцагчийн эдэлдэг бүхий л эрх, үүргийг хэрэгжүүлэх эрхийг 3 жилийн хугацаатайгаар С.Базардоржид олгосон болох нь тогтоогдож байна.
7. *** ХХК болон Т.*** нар нь 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ЗГ/2207/06 дугаар зээлийн гэрээг байгуулж, 12 сарын хугацаатай, 35.000.000 төгрөгийг сарын 4.5 хувь, жилийн 54 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувиас ихгүй байхаар харилцан тохиролцож, хариуцагч Ц.*** тус гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцон зээлийн гэрээний барьцаанд Ц.Бат-Эрдэний өмчлөлийн 000550916 дугаар, улсын бүртгэлийн Г-1419002517 дугаартай Төв аймгийн Сэргэлэн сум 4-р баг Эрдэнэ-Уул Овоотын 5 дугаар хэсэг 5-р гудамжны 511 тоотод байрлах 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий өмчлөлийн газар, Т.***ийн өмчлөлийн 000647266 дугаар, улсын бүртгэлийн Г-1427003150 дугаартай Төв аймгийн Зуунмод сум 4-р баг Зүүндэлгэр б13 гудамж 6 тоотод байрлах 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий өмчлөлийн газар, Т.***, Ц.***, Б.Бат-Ирээдүй нарын өмчлөлийн 000547499 дугаартай, улсын бүртгэлийн Ү-1427003729 дугаартай Төв аймгийн Зуунмод сум 5 дугаар баг Нацагдорж 19 дүгээр байр 37 тоот хаягт байрлах 36.8 м.кв гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан байна.
8. Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ/2207/06 дугаартай зээлийн гэрээний 2.1.1-д зээлийн хэмжээ 35.000.000 төгрөг, 2.2.1-д зээлийн хүү сарын 4.5 хувь, жилийн 54 хувь, зээлийг олгосон өдрөөс эхлэн хүүг 365 хоногоор тооцох, 2.2.2-т нэмэгдүүлсэн хүү 20 хувь байна, Үндсэн зээл хүүг эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүүг тооцно гэж, 2.3.5-д Зээлдэгчийн төлбөрөөс тэргүүн ээлжинд зээлийн хүүг тооцон хасч, үлдсэнийг үндсэн зээлийн төлбөрт суутгах зарчим баримтална. Хэрэв зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг барагдуулаагүй, хугацаа хэтэрч нэмэгдүүлсэн хүү төлөх тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг эхэлж төлүүлнэ гэж тус тус заажээ.
9. Талууд 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулсан эсэх мөн зээлийн гэрээнд заагдсан 35.000.000 төгрөгийг *** ХХК-иас авсан үйл явдалд маргаагүй.
Мөн хариуцагч Т.*** нь 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 1.000.000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 500.000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 2.000.000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 2.000.000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 500.000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 20.000.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 5.000.000 төгрөг нийт 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 2025 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 31.000.000 төгрөгийг зээлийн эргэн төлөлтөд төлөгдсөн талаар талууд мөн маргаагүй болно.
10. Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж зааснаар талууд 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар гэрээг чөлөөтэй сайн дурын үндсэн дээр байгуулсан гэж үзэхээр байна.
11. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ мөн хуулийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж тус тус заажээ.
12. Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярмаа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...хариуцагч Т.*** нь 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл нийт 31.000.000 төгрөг төлсөн.
Гэрээний дагуу эхлээд төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгийн хүүг тооцож авах ёсоор хариуцагч нарын төлсөн мөнгийг хүүнд суутгаж авсан. Үүнээс үндсэн зээлээс манай байгууллага хасаж тооцох ёсгүй зээлийг өөрийнх нь хүсэлтийн дагуу 6.000.000 төгрөгийг хасаж тооцож одоо үлдэх үндсэн зээлийн үлдэгдэл 22.500.000 төгрөг, зээлийн хүүг 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл тооцож 40.215.753 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.656.356 төгрөг нийт 65.372.109 төгрөгийг нэхэмжилсэн байна....
13. Мөн хэрэгт 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн Зээлийн нэмэлт гэрээг нотлох баримтаар нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн бөгөөд энэхүү нэмэлт гэрээгээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоогүй бөгөөд зөвхөн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл болон хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилсэн гэж тайлбарласан.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд талууд 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн нэмэлт гэрээнд маргаж мэтгэлцээгүй болно.
14. Талуудын байгуулсан 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Т.***ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардорж нь ...зээлийн гэрээнд төлбөр төлөх хугацааг тодорхой зааж өгөөгүй өөрөөр хэлбэл зээлийн гэрээний нэг заалт болох графикийг байгуулаагүй нь цаг хугацааны хувьд төөрөгдөл үүсэж хариуцагч Т.*** хэзээ хэдэн төгрөг төлөх эсэх тодорхойгүй тул үндсэн зээлээс 31.000.000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэж тайлбарласан.
15. Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын зарим хэсэг нь үндэслэлгүй байна.
Учир нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх бөгөөд хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх буюу хариуцагч нь гэрээний төлбөрийг тохирсон хугацаанд заавал төлөх үүрэгтэй бөгөөд ийнхүү үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн зөрчил гарсан үндэслэлээр үүргээ гүйцэтгэхийг шаардах эрх зээлдүүлэгч талд үүснэ.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн гэрээг байгуулахдаа нэхэмжлэгч талыг зээлийн эргэн төлөгдөх график байгуулаагүй тул энэхүү зээлийг хэрхэн яаж төлөх эсэх нь тодорхойгүй гэж маргаж байгаа боловч тухайн зээлийн эргэн төлөх графикийг талууд хоорондоо тохиролцон тогтоодог бөгөөд хариуцагч талаас ийм байдлаар зээлийн эргэн төлөлтийн графикийг байгуулсан гэж маргаагүй зөвхөн график тогтоогоогүй гэж маргаж байна.
16. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн эргэн төлөлтийн графикийг хариуцагчийн эргэн төлөх нөхцөл байдалд тулгуурлан байгуулдаг гэж тодорхойлсон бөгөөд Т.*** нь өөрийн эрхэлсэн тодорхой ажлын онцлогоос шалтгаалан тухайлан график тогтоох боломжгүй, мөнгө олдсон үед нь болж өгвөл бүхэлд нь төлөөд дуусгана болохгүй бол хүү, үндсэн зээлийг зээлийн гэрээний хугацаанд тухай бүрд хийнэ гэсэн хүсэлтийн дагуу зээлийн эргэн төлөлтийн график байгуулаагүй гэж тайлбарласан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү тайлбарт маргаж мэтгэлцээгүй болно.
17. Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад нэхэмжлэгч *** ХХК нь шүүхэд гаргасан өгсөн нотлох баримтуудыг хуульд заасан шаардлагыг хангаж ирүүлээгүй буюу нотлох баримтыг эх хувиар, эсхүл нотариатаар батлуулсан хувийг өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтаар нэхэмжлэгч *** ХХК хариуцагч Т.*** нарын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн тооцоо нийлсэн актаас бусад нотлох баримтуудыг үнэлээгүй болно.
Учир нь нэхэмжлэгч *** ХХК нь хуульд заасан шаардлагыг хангаж ирүүлээгүй буюу нотлох баримтыг эх хувиар, эсхүл нотариатаар батлуулсан хувийг өгөөгүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
18. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно.
Нэхэмжлэгч *** ХХК-ний захирал болон хариуцагч Т.*** нарын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Зээлийн тооцоо нийлсэн актад үндсэн зээлд 35.000.000 төгрөг, хүү 23.270.904 төгрөг, нийт 58.270.904 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн актыг талууд байгуулсан бөгөөд талууд дээрх акттай холбоотойгоор маргаагүй тул нийт 58.270.904 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх зүйтэй гэж үзлээ.
19. Харин нэхэмжлэгч *** ХХК нь үндсэн зээлийн үлдэгдэл 22.500.000 төгрөг, зээлийн хүү 40.215.753 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.656.356 төгрөг, нийт 65.372.109 төгрөгийг гаргуулах эрхтэй талаараа нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй болохыг дурдах нь зүйтэй.
20. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг баримтлан хариуцагч Т.***ээс 58.270.904 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгож, үлдэх 7.101.205 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
21. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 484.811 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.***ээс 449.305 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгож шийдвэрлэлээ.
22. Иргэний хуулийн 62, 64 дүгээр зүйлд зааснаар хариуцагч Ц.*** нь төлөөлөгчийн бүрэн эрхийг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0540 дугаар итгэмжлэлээр Ш.Амарбаярт олгосон. Уг итгэмжлэлээр төлөөлүүлэгч Ц.Бат-Эрдэнийн нэрийн өмнөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүхий л эрх, үүргийг хэрэгжүүлэх эрхийг олгосон болох нь тогтоогдож байна.
23. Уг хэргийг хэргийг хянан шийдвэрлэх 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Ц.Бат-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Амарбаяр нь өөрт олгогдсон итгэмжлэлийг залруулж өгөх үүднээс шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 317/ШЗ2026/01782 дугаар захирамжаар түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн, 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр товлогдсон шүүх хуралдаанд тов мэдэгдэх хуудсаар мэдэгдэж гарын үсэг зурж баталгаажуулсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул түүний эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн шийдвэрлэсэн болно.
24. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч *** ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярмаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй гэж зааснаар Ц.***д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, зээлийн гэрээний үүргийн бүх шаардлагыг хариуцагч Т.***ээс нэхэмжлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хариуцагч Т.***ээс 58.270.904 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгож, үлдэх 7.101.205 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярмаа нь хариуцагч Ц.***д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 484.811 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.***ээс 449.305 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ