Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 533

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга А.Арай,

Улсын яллагч С.Оюунжаргал,

Хохирогч Д.А-,

Иргэний нэхэмжлэгч Б.Б-, Э.М-,

Шүүгдэгч М.Б-, түүний өмгөөлөгч Н.О- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М-ын Б-д холбогдох эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч  ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, ......... боловсролтой, ____ мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 0, эх, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо 00000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овгийн М-ын Б-, /РД:0000000

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Яллагдагч М.Б- нь 2018 оны 4 дүгээр сарын 06-наас 7-нд шилжих шөнө 05 цаг 10 минутын үед Баянгол дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэр Өргөө кинотеатрын урд замд 0000 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасан “Гэрлэн дохио нь дор дурдсан утгатай байна: г/ улаан гэрэл дохио буюу түүний анивчих нь хөдөлгөөнийг хориглоно. Улаан гэрэл дохиотой хамт ассан шар гэрэл дохио нь хориглосон утгыг өөрчлөхгүй бөгөөд ногоон гэрэл дохио асах гэж байгааг анхааруулна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын эзэмшлийн Э.М-ын жолоодож явсан Киа Рио маркийн **** 000 улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, зорчигч Д.А-ын эрүүл мэндэд хүндэвтэр, жолооч Э.М-ын эрүүл мэндэд хөнгөн, Нийслэлийн засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын эзэмшлийн Киа Рио маркийн **** 000 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2,595,000 төгрөгийн шууд, 3,075,000 төгрөгийн нийт хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б- мэдүүлэхдээ: “2018 оны 4 дүгээр сарын 06-наас 7-нд шилжих шөнө үүрээр 0000 *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Гандангаас 1 дүгээр хороолол гэр лүүгээ явах замд Өргөө кинотеатрын уулзвар дээр гэрлээ анзаарахгүй уулзвар нэвтрээд осол гаргасан” гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.А- мэдүүлэхдээ: “2018 оны 4 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө машинтай эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үед дуудлагын дагуу шалгалт хийгээд буцаж явах үед осолд орсон. Өргөө кинотеатрын уулзвар дээр шүүгдэгчийн машин хажуунаас мөргөсөн” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Э.М- мэдүүлэхдээ: “2018 оны 4 дүгээр сарын 06-наас 7-нд шилжих шөнө эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан. Тухайн үед дуудлага шалгаад буцаж явах үед Өргөөгийн урд уулзвар дээр хажуунаас машин ирж мөргөсөн. Эмчилгээний төлбөр 120.000 төгрөг гарсныг нэхэмжилж байна” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Б.Б- мэдүүдэхдээ: “Тухайн тээврийн хэрэгсэл нь Нийслэлийн цагдаагийн газрын бүртгэлтэй Баянгол дүүргийн цагдаагийн газарт явдаг машин. Эвдрэлийн үнэлгээгээр 3,075,000 төгрөгийн хохирол учирсан. Шүүгдэгчээс 2,430,000 төгрөгийн хохирол төлсөн ба үлдэгдэл хохирол 645,000 төгрөг төлөгдөөгүй байгаа ба үүнийг нэхэмжилж байна гэв.

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Д.А- мэдүүлэхдээ: “...2018 оны 04 дүгээр сарын 06-наас 7-нд шилжих шөнө 05 цагийн орчимд М- бид хоёр албаны **** 000 улсын дугаартай Киа Рио маркийн автомашинтай ертөнцийн зүгээр хойноосоо урагшаагаа Өргөө кинотеатрын зүүн талын гэрэл дохиогоор ногоон гэрлээр 1-р эгнээгээр уулзварт нэвтрээд орох үед улаан гэрлээр ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй 1 автомашин ороод ирэхээр нь “машин” гээд хэлэх үед түс тас хийгээд явсан. Манай машины жолооны хүрд зүүн гар талдаа байдаг. Мөргөлдсөний дараа баруун гар ямарч хөдөлгөөнгүй болсон байсан. Гадаа харанхуй байсан. Машины хөдөлгөөн сийрэг байсан, зам хуурай, гэрэл дохио ажиллаж байсан, машины дохио ажиллаж байсан, хамгаалах бүсээ зүүгээгүй байсан. Бид хоёр хэлтэс рүүгээ явж байсан юм. Мөргөсөн машин улаан гэрлээр, манай машин ногоон гэрлээр орсон. Гар шохойдсон, хагалгаанд орсон, нийт 1.650.000 төгрөг эмчилгээнд гараад байна. баримт нь байгаа, жолоочтой уулзаагүй, жолооч мөнгө төгрөг өгөөгүй, манай жолооч дунд зэргийн хурдтай явсан, эмчилгээнд одоо гарсан болон цаашид гарах зардлыг нэхэмжилнэ” гэжээ. /хх-27-28/

 

Иргэний нэхэмжпэгч Э.М- мэдүүлэхдээ: “...2018 оны 4 дүгээр сарын 07-ны үүрээр 05 цагийн орчимд Баянгол дүүргийн нутаг 00 дугаар хороо Бичил хорооллын талаас буюу ертөнцийн зүгээр хойноосоо урагшаагаа Өргөө кинотеатр, Номин их дэлгүүр хоёрын голын замаар 1-р эгнээгээр явж байхад гэрэл дохиотой 4 замын уулзвар луу орох үед а/д А- “зүүн гар талаас буюу ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээгээ нэг автомашин гэрэл дохио зөрчөөд улаан гэрлээр ороод ирлээ” гэхээр нь тоормос гишгээд баруун гар тийшээгээ жолоогоо дараад замын голд машинтай мөргөлдсөн. Тухайн өглөө гадаа харанхуй байсан. Замын хажуу талын гэрэлтүүлэг асаж байсан, үзэгдэх орчин чөлөөтэй байсан, замаар машины хөдөлгөөн сийрэг, гэрэл дохио ажиллаж байсан. Би ногоон гэрлээр орсон болохоор чигээрээ уулзвар луу нэвтэрч орсон, зүүн гар талаас машин ирж байгааг би хараагүй, харин а/д А-ыг машин гэж хэлэхээр нь машиныг зогсоох арга хэмжээ авч тоормос гишгээд баруун гар тийшээгээ жолоогоо дарсан боловч мөргөлдсөн. Х.Соната-5 маркийн автомашины баруун хажуу талаас очиж мөргөсөн. Х.Соната-5 маркийн автомашин гэрэл дохио зөрчөөд ямар ч зогсоох арга хэмжээ аваагүй шууд уулзвар луу орж ирсэн. Би 40-50 км/цагийн хурдтай явсан. Одоогоор бие гайгүй болоод байна, эмчилгээнд 120.000 төгрөг гарсан, машиндаа үнэлгээ хийлгэсэн, машинаа янзлаагүй, эмчилгээнд гаргасан 120.000 төгрөгийг, машины хохирлыг яаралтай барагдуулж өгнө үү” гэжээ. /хх-56-57, 65-66/

 

Иргэний нэхэмжлэгч Б.Б- мэдүүлэхдээ: “Автомашиныг засаж янзлаагүй байна, манай байгууллагын эзэмшлийн **** 000 улсын дугаартай Киа Рио маркийн автомашин нь Баянгол дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст явдаг. Ажил үүргээ гүйцэтгэж явсан, уг автомашиныг Э.М- хариуцан жолоодож явдаг. Машины хохирлыг нэхэмжилнэ, манай байгууллагын автомашин 24 цагаар бэлэн байдалд ажилладаг, уг автомашиныг яаралтай засаж янзалж ажилд гаргах шаардлагатай байх тул үнэлгээгээр гарсан 3.075.000 төгрөгийг буруутай жолоочоос гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү” гэжээ. /хх-63/

 

Зам тээврийн осол, хэргийн газарт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч /хх-8-15/,

Жолооч, зорчигч нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-16-17, 19/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 4702 дугаартай дүгнэлтэнд: “1.М-ын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-90/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 4704 дугаартай дүгнэлтэнд: “1.Д.А-ын биед баруун атгаалын доод хэсгийн ташуу далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-78/

 

”А-” ХХК-ний автомашин техникийн үнэлгээний тайлан: “КIA RIO маркийн **** 000 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2.595.000 төгрөгийн шууд, 3.075.000 төгрөгийн нийт хохирол” гэжээ. /хх-92-94/,

 

Замын цагдаагийн албаны 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 258 дугаартай шинжээчийн: “1.Х.Соната-5 маркийн 0000 *** улсын дугаартай автомашины жолооч М.Б- нь Монгол улсын ЗХД-ийн 5.6 “Гэрэл дохио нь дор дурдсан утгатай байна: г/улаан гэрэл дохио буюу түүний анивчих нь хөдөлгөөнийг хориглоно. Улаан гэрэл дохиотой хамт ассан шар гэрэл дохио нь хориглосон утгыг өөрчлөхгүй бөгөөд ногоон гэрэл дохио асах гэж байгааг анхааруулна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.Киа Рио маркийн **** 000 улсын дугаартай автомашины жолооч Э.М- нь Монгол улсын ЗХД-ийн ямар нэгэн заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна. З.Киа Рио маркийн **** 000 дугаартай автомашины тоормосны мөрөөр уг автомашины хурдыг тодорхойлж гаргах боломжгүй. Учир нь Б- зогсолт хийж зогсоогүй, автомашинтай мөргөлдөж зогссон байна” дүгнэжээ. /хх-102/

 

Ард Аюушийн өргөн чөлөө, Өргөө кинотеатрын зүүн урд уулзварын гэрлэн дохионы ажиллагаа, ажилласан горим /хх-73-74/

Өвчний түүх /хх 81-88/,

Хохирлын баримтууд /хх 34-41/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 111/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 118/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч М.Б- нь 2018 оны 4 дүгээр сарын 06-наас 7-нд шилжих шөнө 05 цаг 10 минутын үед Баянгол дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэр Өргөө кинотеатрын урд замд 0000 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасан “Гэрлэн дохио нь дор дурдсан утгатай байна: г/ улаан гэрэл дохио буюу түүний анивчих нь хөдөлгөөнийг хориглоно. Улаан гэрэл дохиотой хамт ассан шар гэрэл дохио нь хориглосон утгыг өөрчлөхгүй бөгөөд ногоон гэрэл дохио асах гэж байгааг анхааруулна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын эзэмшлийн Э.М-ын жолоодож явсан Киа Рио маркийн **** 000 улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, зорчигч Д.А-ын эрүүл мэндэд хүндэвтэр, жолооч Э.М-ын эрүүл мэндэд хөнгөн, Нийслэлийн засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын эзэмшлийн Киа Рио маркийн **** 000 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2,595,000 төгрөгийн шууд, 3,075,000 төгрөгийн нийт хохирол тус тус учруулсан болох нь шүүгдэгч М.Б-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.А- /хх-27-28/, иргэний нэхэмжпэгч Э.М- /хх-56-57/, Б.Б- /хх-63/, гэрч Э.М- /хх 65-66/ нарын мэдүүлэг Зам тээврийн осол, хэргийн газарт хийсэн тэмдэглэл /хх-8-15/, жолооч, зорчигч нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-16-17, 19/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 4702 /хх-90/, 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 4704 /хх-78/ дугаартай дүгнэлт, ”А-” ХХК-ний автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-92-94/, Замын цагдаагийн албаны 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 258 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-102/, Ард Аюушийн өргөн чөлөө, Өргөө кинотеатрын зүүн урд уулзварын гэрлэн дохионы ажиллагаа, ажилласан горим /хх-73-74/, өвчний түүх /хх 81-88/, хохирлын баримтууд /хх 34-41/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 111/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 118/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

          Иймд шүүгдэгч М.Б-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний биед хүндэвтэр, хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.     

 

          Шүүгдэгч М.Б- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

          Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор тогтоов.

 

            Иргэний нэхэмжлэгч Нийслэлийн засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын эзэмшлийн Киа Рио маркийн **** 000 улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн хохиролд 2,430,000 төгрөгийн хохирол, хохирогч Д.А-од 2.140,000 төгрөгийн хохирол тус тус төлсөн, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар шүүгдэгч М.Б-эс 765,000 төгрөг гаргуулж 120,000 төгрөгийг Налайх 0 дугаар хороо гандан уул 0 гудамж 00 тоотод оршин суух хохирогч Б- овогт Э-ы М- /РД:00000000 /-д, 645,000 төгрөгийг Нийслэлийн цагдаагийн газарт тус тус олгох, хохирогч Д.А- цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.   

           

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шилжүүлэх,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэрэг хадгалагдах хүртэл хавсарган хадгалахаар шийдвэрлэв.