Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/01258

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 21-ний өдрийн 102/ШШ2022/00984 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б нд холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 08 сарын 12-ны өдрийн 102/ШШ2016/04867 дугаар захирамжаар Ш ХХК-аас 15,867,167.678 төгрөг гаргуулж К ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, тус компанийн эрхийн улсын бүртгэлийн 0-0000000000 дугаарт бүртгэлтэй ... хаягт байрлах 2 орц бүхий 13 давхар байрны орон сууцны барилгыг зах зээлийн үнээс хэт багаар буюу 20,187,210 төгрөгөөр үнэлж, 2022 оны 01 сарын 11-ний өдрийн 3/102 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн. Б ны дээрх ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй байх тул эд хөрөнгийг үнэлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 сарын 12-ны өдрийн 4167 дугаар шийдвэрээр Ш ХХК-аас 15,867,167,678 төгрөгийг гаргуулж К ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу 2018 оны 09 сарын 24-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, Ш ХХК-д шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг барагдуулаагүй тул түүний өмчлөлийн ... байрлах орон сууцыг 2019 оны 06 сарын 06-ны өдрийн 0000000/00 дугаар тогтоолоор битүүмжилж, дахин шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Иймд 2021 оны 12 сарын 21-ний өдрийн 00000000/00 дугаар тогтоолоор эд хөрөнгийг хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцож үнийн санал ирүүлээгүй тул 2021 оны 12 сарын 24-ний өдөр шинжээчээр Ф ХХК-ийг томилж, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 20,187,210,000 төгрөгөөр үнэлснийг талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу 2022 оны 01 сарын 11-ний өдрийн 0/000, 0/000 дугаар албан бичгүүдээр тус тус мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул төлбөр төлөгч Ш ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Б нд холбогдох улсын бүртгэлийн 0-0000000000 дугаартай ... байрлах үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээг хүчингүй болгуулах тухай Ш ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4.   Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

4.а. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 08 сарын 12-ны өдрийн 4867 дугаар захирамжаар хариуцагч Ш ХХК-аас 15.827,519.903 төгрөгийг гаргуулж үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох ... тоот хаягт байрлалтай 652,76 м.кв талбайтай улсын эрхийн бүртгэлийн 0-0000000000 дугаартай 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, ... байрлах 80 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны үйлчилгээний зориулалттай дуусаагүй барилга, ...  хаягт байрлах 22 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн 0-0000000000 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ... хаягт байрлах 320 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн 0-0000000000 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдээр тус тус хангуулахаар захирамжилсан. Шүүхийн шийдвэрийн дагуу ...  байрлалтай 652,76 м.кв талбайтай улсын эрхийн бүртгэлийн 0-0000000000 дугаартай 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг битүүмжилж, хураасан боловч үнэлгээ тогтоохдоо шүүгчийн захирамжид дурдсан 652,76 м.кв талбайг бус нийт 13 давхар барилгыг үнэлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4 дэх хэсэгт заасныг зөрчиж, барьцааны бус хөрөнгийг үнэлүүлж төлбөрт суутгах ажиллагаа явуулсан.

4.б. Шинжээч Ф ХХК үнэлгээг тогтоохдоо зах зээлд худалдагдаж буй үл хөдлөх эд хөрөнгүүдийг жишиг үнэ болгон тохируулга хийх байдлаар тогтоосон талаар тайланд дурдсан байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс жишиж буй үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлд худалдаалагдаж буй байдлыг нийтэд мэдээлсэн зарын цахим хаягт үзлэг хийлгэхэд үнийн хувьд асар их зөрүүтэй байсаар байхад шүүгч шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 8.9-т заасан байдлаар үгүйсгэсэн дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн анхан шатны шүүхээс ...дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь дуусаагүй барилгын гэрчилгээтэй байгаа нь барилгаас үйлчилгээний зориулалттай, орон сууцны зориулалттай гэдгийг ялгах салгах боломжгүй байх тул үнэлгээнд нөлөөлөхгүй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хуулийн ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй. Нөгөөтэйгүүр, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбогдон гарсан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 сарын 14-ний өдрийн 2363 дугаар магадлалд дурдсан асуудлыг шийдвэр гүйцэтгэх байгууллага засч залруулахгүйгээр дахин үнэлгээ хийсэн байхад анхан шатны шүүх дүгнэлт хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмыг алдагдуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

5.   Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 08 сарын 12-ны өдрийн 4867 дугаар захирамжаар хариуцагч Ш ХХК-аас 15,827,519,903 төгрөгийг гаргуулж К ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу ... тоот хаягт байрлалтай 652,76 м.кв талбайтай улсын эрхийн бүртгэлийн 0-0000000000 дугаартай орон сууцыг 2019 оны 06 сарын 06-ны өдрийн 0000000/00 дугаар тогтоолоор битүүмжилж, дахин шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн бөгөөд орон сууцыг битүүмжлэх үед нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргах эрхтэй байсан боловч нэхэмжлэгчийн зүгээс ямар нэгэн гомдол гаргаагүй. Бид шүүхийн шийдвэрт дурдсан хөрөнгийг л битүүмжилж, хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцож санал ирүүлээгүй тул 2021 оны 12 сарын 24-ний өдөр шинжээч томилж, үнэлгээ тогтоолгоход 20,187,210,000 төгрөгөөр үнэлснийг талуудад албан бичгээр мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч Ш ХХК нь хариуцагч Б нд холбогдуулан, ...  хаягт байршилтай орон сууцны зориулалттай дуусаагүй барилгыг 20,187,210,000 төгрөгөөр үнэлсэн Ф ХХК-ийн 2022 оны 01 сарын 06-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 28/

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...зах зээлийн үнэ ханшаас хэт багаар үнэлсэн, шүүгчийн захирамжид 652.76 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байхад хариуцагч нь 13 давхар барилгыг үнэлсэн... гэж тайлбарладаг бол хариуцагч нь татгалзлын үндэслэлэлээ ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан... гэж тайлбарлан маргадаг.

 

3.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 08 сарын 12-ны өдрийн 102/ШШ2016/004867 дугаар захирамжаар хариуцагч Ш ХХК-аас 15,827,519,903 төгрөгийг гаргуулж К ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох ... хаягт байршилтай 652.76 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, ... байрлах 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, ... тоот хаягт байршилтай 22 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ... тоот хаягт байршилтай 320 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх 9-10/

 

4.   Дээрх хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллага 2018 оны 09 сарын 24-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж /хх 27/, нэхэмжлэлд дурдагдсан орон сууцны зориулалттай дуусаагүй барилгыг 2019 оны 06 сарын 06-ны өдөр битүүмжилж /хх 28-29/, 2021 оны 12 сарын 21-ний өдөр хураан авчээ. /31-32/

Улмаар барьцаа хөрөнгө болох орон сууцны зориулалттай дуусаагүй барилгыг төлбөр төлөгч Ш ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 1 м.кв-ыг нь 7,000,000 төгрөгөөр үнэлснийг /хх 34-арын нүүр/ төлбөр авагч К ХХК дахь Банкны эрх хүлээн авагч эс зөвшөөрч, шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу /хх 34/ хариуцагч байгууллагаас 2021 оны 12 сарын 24-ний өдөр Ф ХХК-ийг шинжээчээр томилсон нь /хх 38/ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтад тус тус нийцжээ.

Ф ХХК-ийн үнэлгээчин Н.Ц нь Сангийн яамнаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий этгээд /хх 73/ байх ба шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үнэлгээчин Н.Ц д 2021 оны 12 сарын 24-ний өдөр эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн байна. /хх 38, 38-арын нүүр/

 

5.   Шинжээчээр томилогдсон Ф ХХК, үнэлгээчин Н.Ц нь Хөрөнгийн үнэлгээний тайлан-даа үнэлэгдэж буй орон сууцны зориулалттай дуусаагүй барилгын талаарх мэдээллийг бүрэн тусгаж /байршил, зориулалт, төвийн шугамд холбогдсон байдал, бүтээц, талбай, дотор засал, гадна засал, төлөвлөлт г.м/, үнэлгээг хийсэн арга, аргачлалыг нэг бүрчлэн тодорхой дурдсан байх тул үнэлгээний тайланг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан зохицуулалтад нийцсэн гэж үзнэ. /хх 39-75/

 

6.   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу 2022 оны 01 сарын 06-ны өдрийн байдлаар маргаан бүхий орон сууцны зориулалттай дуусаагүй барилгын зах зээлийн үнэлгээг шинжээч 20,187,210,000 төгрөг гэж тогтоосныг шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2022 оны 01 сарын 11-ний өдөр төлбөр төлөгч, төлбөр авагчид тус тус мэдэгдэж, энэ талаар тэмдэглэл хөтөлсөн байна. /хх 35, 35-арын нүүр, 36-арын нүүр/

Төлбөр төлөгч, нэхэмжлэгч Ш ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааны дотор үнэлгээний талаархи гомдлоо шүүхэд гаргажээ.

 

7.  ... тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай дуусаагүй барилгыг 20,187,210,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг зах зээлийн үнэ ханшаас хэт бага гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Түүнчлэн, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 08 сарын 12-ны өдрийн 102/ШШ2016/004867 дугаар захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалт нь хариуцагч Ш ХХК-аас мөнгөн хөрөнгө гаргуулан нэхэмжлэгч К ХХК-д олгох, хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө буюу орон сууцны зориулалттай барилгаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах агуулгатай байх тул ...шүүгчийн захирамжид 652.76 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байхад хариуцагч нь 13 давхар барилгыг үнэлсэн... гэх нэхэмжлэгч талын тайлбар, давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

8.   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 21-ний өдрийн 102/ШШ2022/00984 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 05 сарын 25-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

 

Д.НЯМБАЗАР