Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2026/ДШМ/20

 

2026 оны 03 сарын   19                                                 2026/ДШМ/20                        

 

 

                                                  Б.Д-д  холбогдох

                                            эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд               

Прокурор А.Алтангэрэл

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг

Шүүгдэгч Б.Д

Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа, шүүгч М.Мандахбаяр нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2026/ШЦТ/55 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн гомдлоор Б.Д-д  холбогдох эрүүгийн 2526004130421 тоот хэргийг 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цэрэнпүрэвийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,  

урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000,000 төгрөгөөр торгох ялаар, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3,560,000 төгрөгийн ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4,560,000 төгрөгийн торгох ялаар, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан Б.Д

Б.Д нь 2025 оны 08 дугаар сарын 29-ний шөнийн 01 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Э-ийг согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан гэрт шээлээ гэсэн шалтгаанаар биед нь халдан зодож, эрүүл мэндэд нь нарийн гэдэсний хананы урагдал, хэвлийн хөндийд шингэн хуралдах, зүүн ухархайн дотор ханан эхлэгийн хөндий рүү, доод хана хоншоорын хөндий рүү цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний салстад цус харвалт, зүүн хөмсөг, доод зовхинд шарх, баруун, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, дух, зүүн нүд, хацар, шанаанд  зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Б.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Д-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 5 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон, хохирогч Э.Э  нь гэм хорын хохиролд 22,339,374 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Б.Д нь 3,000,000 төгрөг төлсөн, хохирогч Э.Э-ийн нэхэмжлэлээс 6,844,885 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 9,556,338 төгрөгийн нэхэмжлэлийг  хэлэлцэхгүй орхиж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Д-ээс хохирогчид учирсан гэм хорын хохиролд 2,936,151 төгрөг, хохирогч Э.Э-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн гэм хорын нөхөн төлбөрт 18,208,080 төгрөг, нийт 21,144,231 төгрөг гаргуулан хохирогч Э.Э-д олгож, Иргэний хуулийн  497,1, 505,1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4,244,622  төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгохоор, шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус  дурдан, Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3, 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар шүүгдэгч Б.Д-ийн 2021 оны 05 дугаар сарын 12-нд төрсөн охин Д.Амингоод шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Засаг  даргад даалгахаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,  Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Д-д  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1- заасан 2526004130421 тоот хавтаст хэрэгт шалгагдаж байгаа. 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр анхан шатны шүүхээс 5 жил 8 сараар шийтгэгдсэн. Хохирогч Э.Э миний цэргийн найз 6-7 жил нөхөрлөж бие биеийнхээ гэр орноор орж явдаг хоёр биеийнхээ амьдралыг сайн мэддэг хүмүүс. Ажил төрөлтэй мөнгөтэй байхдаа байнга хэрэглээний мөнгө өгч тусалдаг байсан. Э.Э хүүхдийн тэтгэмжийн мөнгөө өгч чадахгүй байсан тул би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11-р хороонд байрлах өөрийн эзэмшлийн хашааг банк бус санхүүгийн байгууллагад барьцаалан зээл авсан. Э.Э-ийн хүүхдийн тэтгэмжийн 3-4 сарын мөнгийг төлж байсан. Уг зээлийн мөнгийг би өөрөө төлж барагдуулсан. Би 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр шинэ гэрийн найр хийж охин Амингоотой тусдаа гарч гал голомтоо бадраасан. Тэр үед найз Э.Э-ийг найранд урьж найрлаж байтал Э согтуурхан миний гэрт шээж би гомдож уурлаж нүүр болон гэдэс рүү цохиж өшиглөсөн. Хэсэг хугацааны дараа тайвширч эмнэлэг болон цагдаа дуудаж хамт явж эмнэлэгт хэвтүүлсэн. Тус хэргээр сум дундын шүүх хурлаар шалгагдаж эрүүл мэндийн эмчилгээ болон гэм хор уршгийн 21,144,231 төгрөг өгч хохирол барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж хүлээн зөвшөөрч байгаа. Би 4-н настай А гэх охинтойгоо амьдардаг өрх толгойлсон эцэг хүн. Миний охины ээж болох хүн охиныг төрүүлж өгөөд 14 хоногтой байхад охин бид хоёрыг орхиж яваад өөр нөхөртэй болсон. Тэр үед дутагдах гачигдах зүйл байсан болохоор орхиж явсан гэж боддог. Тэр үеэс хойш холбоогүй байгаа. Хүүхдийн тэтгэмж гэж тогтоолголгүй өөрөө барилгын ажил хийж охиноо болон өөрийгөө хувцаслаж хоол хүнс хэрэглээний мөнгөө олж гэр орноо авч явдаг хүн. Цагдан хоригдож байгаа хугацаанд охиноо санаж янз бүрийн зүйл бодож унтаж чадахгүй их хэцүү байна. Одоо охин Амингоог миний ээж болох Э гэх эмээ нь харж байгаа, ээж минь 61 настай, бие муутай даралт нь тогтворгүй хүн бий. Охин Амингоо болон бие муутай ээж Энхтуяа хоёртоо их санаа зовж байна. Миний амьдрал болон ар гэр охиныг минь харгалзан үзэж миний хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хүүхэдтэйгээ хамт амьдардаг болохоор гомдол гаргасан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний хорих ялыг хөнгөрүүлж багасгаж өгнө үү гэв.

Прокурор А.Алтангэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс Б.Д-гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, гэмт хэрэгт удаа дараа холбогдож ял шийтгүүлж байсан байдалд нь дүгнэлт хийж түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь тохирсон.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2026/ШЦТ/55 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Б.Д-гийн давж заалдсан гомдлыг өмгөөлөгчийн зүгээс дэмжиж оролцож байгаа. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 21,000,000 төгрөгийг хохирогч Э.Э өд төлж барагдуулсан. Хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, цаашид гомдол санал байхгүй гэсэн. Мөн шүүгдэгчийн ял шийтгэлийн тухайд татгалзах зүйл байхгүй гэсэн. Анхан шатны шүүх дээр хохирол гарсан. Уг хохирлыг давж заалдах шатны шүүх рүү хэргийг шилжүүлэхээс өмнө хохирлыг төлсөн. Шүүгдэгч нь бага насны хүүхэдтэй, хүүхэд 4-н настай. Шүүгдэгч нь хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж ялыг багасгаж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Д-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 5 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэн шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчээс ... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би хүүхэдтэйгээ хоёулаа амьдардаг болохоор надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж багасгаж өгнө үү...гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй хэргийг шийдвэрлэсэн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Учир нь: Хохирогч Э.Э ийн мөрдөн шалган ажиллагаанд өгсөн ...Дугараа ажлынхаа 5-6 залуутай олон архи тавьчихсан уугаад сууж байхаар нь би тэд нар дунд архи аягалж өгөөд гарч шээчхээд гэрт нь орж орон дээр нь очоод унтаж байтал намайг орноос унагаагаад чирэх шиг болоод миний дээрээс нүүр лүү нуруу руу гэдэс, цээж хэсэг рүү өшиглөөд дэвсээд босоод ална чамайг гээд орилоод сүр сар пид пад гээд байхаар нь би доош харж нүүрээ дараад хэвтэж байгаад ухаан алдаад нэг сэрсэн чинь эмнэлэгт сэрсэн, өөр зүйл мэдэхгүй...гэх мэдүүлэг, хохирогч Э.Э ийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ....Б.Д-ийн гэрт нь ирж ажлынх нь газрын хүмүүстэй хамт архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсний улмаас тасарсан байсан. Би яг тухайн үед хэнд зодуулсан гэдгээ санахгүй байсан... гэх мэдүүлгүүд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй атлаа Б.Д-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Мөн иргэдийн төлөөлөгч нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгүй байхад түүний дүгнэлтийг үнэлж шийдвэрлэсэн.

            Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2026/ШЦТ/55 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Д-д  энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

            Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул шүүгдэгчийн давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт өгөөгүй болно.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2026/ШЦТ/55 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч Б.Д-д энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ЦЭРЭНПҮРЭВ

                                   ШҮҮГЧИД                                 Н.ЭНХМАА

                                                                                     Л.НЯМДОРЖ