Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/01260

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.М гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Н.Батзориг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 29-ний өдрийн 102/ШШ2022/01130 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.М гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Н д холбогдох, 4,095,775 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, хариуцагч Г.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Д.М миний бие 1999 оноос хойш Д худалдааны төвд лангуу, павильон түрээслэн эх орондоо өөрийн гараар тарьж ургуулсан болон импортоор оруулж ирсэн хүнсний ногоог худалдаалдаг, зарим байнгын үйлчлүүлэгчдэдээ захиалгын дагуу хүргэлтээр үйлчилгээ үзүүлдэг байсан болно. Би 2016 онд зээл хөөцөлдөж байхдаа Г.Н тэй дээр дурдсан бизнестээ хамтран ажиллаж байгаа В ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Х.Х аар дамжуулан анх танилцсан. Г.Н нь надаас Д худалдааны төвд байрлах өөрийн цайны газарт хүнсний ногоо зээлээр нийлүүлэхийг хүссэний дагуу Г.Н д итгэж, түүний Д худалдааны төвд ажиллуулдаг цайны газарт 2016 оны 01 сарын 09-ний өдрөөс 2016 оны 09 сарын 14-ний өдрийг дуусталх хугацаанд нийт 5,077,275 төгрөгөөр үнэлэгдэх төмс, сонгино, байцаа, лууван, манжин, сармис зэрэг хүнсний ногоог зээлээр худалдаж, захиалгын дагуу тухай бүр өөрийн хүргэлтийн тээврийн хэрэгслээр хүргэж үйлчилсэн. Дээрх хүнсний ногооны үнээс Г.Н 3 удаагийн гүйлгээгээр нийт 1,066,700 төгрөг төлж, одоог хүртэл үлдэгдэл 4,010,575 төгрөгийг төлж барагдуулаагүй байгаа болно. Г.Н гээс төлбөрийн үлдэгдлийг төлж барагдуулахыг шаардсан боловч бүрэн барагдуулаагүй, сүүлдээ миний утсыг блоколж, холбоо тогтоох ямар ч боломжгүй болсон.

Иймд Г.Н гээс зээлээр худалдан авсан хүнсний ногооны үлдэгдэл төлбөр 4,010,575 төгрөг, нотариатын зардал 15,000 төгрөг, эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 4,095,775 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлд дурдсанчлан В ХХК-ийн Х.Х нэхэмжлэгч Д.М г танилцуулж хүнсний ногоо нийлүүлэх талаар анх ярилцсан. Д.М тус компанийн тамга тэмдэгтэй бараа авч ирж өгдөг байсан. Энэ компанийн хувьцааг 100 хувь Х.Х эзэмшдэг гэдгийг би мэднэ. Харин Д.М тэр компанийг ямар нэг байдлаар төлөөлөх эрхтэй гэдгээ нотлосон баримт нэхэмжлэлдээ хавсаргаагүй нь энэ хүн энэ байгууллагын өмнөөс нэхэмжлэл гаргах эрхгүйг харуулж байна. Тэгээд ч нэхэмжлэлдээ хавсаргасан зарлагын падааны дүн нэхэмжлэлд дурдсан 5,077,275 төгрөгийн дүнтэй тохирохгүй байгаа төдийгүй уг зарлагын падаан дээрх зарим гарын үсэг миний болон манай эхнэрийн гарын үсэг биш байгаа нь иргэний хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэх хардлагыг төрүүлж байна. Түүнчлэн Хүнсний ногоо-ны тооцоо гэх хүснэгтэн хэлбэрт оруулж бичсэн баримт нь талуудын тооцоо нийлсэн акт гэж үзэхээргүй, дан ганц нэг талын дураар зохиож бичсэн баримт байна. Эцэст нь тухайн үед нийлүүлж байсан хүнсний ногоо нь хоол хүнсэнд хэрэглэх аргагүйгээр чанарын хувьд муудсан, мөн их хог хаягдалтай, жингээ нэмэхийн тулд 50 хувьд нь шахам элдэв хог хийсэн байдаг байсан. Гарсан муу ногоог буцааж татан авахыг шаардахад буцаалтаа ирж авдаггүй байсан зэргээс шалтгаалж цөөн удаа аваад дахин авахаа больсон.

Иймд Д.М гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Н гээс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.М д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,025,575 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Н гээс улсын тэмдэгтийн хураамжид 4,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.М д олгож шийдвэрлэсэн.

 

4.   Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн 4,025,575 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас нэхэмжлэгчийн хүнсний ногоо худалдаалах үйл ажиллагаанд тусалж, хамтран ажиллаж, түүнээс цалинжиж, хүнсний ногооны хүргэлт, борлуулалтын ажлыг хийж байсан Х.Х ,Л.Э , Г.Д нараас хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг тодруулж, мэдүүлэг авахуулсан. Тэдгээр гэрчүүдийн мэдүүлэг, хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан ...В ХХК-ийн захирал Х.Х нэхэмжлэгч Д.М г танилцуулж, хүнсний ногоо нийлүүлэх талаар анх ярилцсан... гэх тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар зээлээр хүнсний ногоо худалдаалсан, нэхэмжлэгч хүнсний ногоог хариуцагчийн захиалгын дагуу тухай бүр өөрийн автомашинаар заасан газарт хүргэж өгч байсан, хариуцагчтай хамаарал бүхий этгээдүүдэд хүлээн авч байсан, үүнээс үүдэлтэй өр үүссэн зэрэг нөхцөл байдал хангалттай тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлгийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хариуцагчийн худал, үүссэн нөхцөл байдлыг өөрт ашигтай байдлаар, зориуд гуйвуулж тайлбарласан худал тайлбарт хөтлөгдөж, түүний хууль бус үйлдлийг хаацайлсан шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

4.б. Түүнчлэн анхан шатны шүүх ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй... гэж нэхэмжлэгчийг буруутгасан атлаа шүүхэд ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүй хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасанчлан өөрийн тайлбар, татгалзлаа хэрхэн, ямар баримтаар нотолж байгаад үнэлэлт өгч, дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

4.в. Мөн нэхэмжлэгч нь шүүхэд гомдол дурдаж буй зээлээр худалдсан хүнсний ногооны үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар хэд хэдэн удаа нэхэмжлэл гаргасан бөгөөд тухай бүрд нэхэмжлэлдээ хавсаргасан бичмэл нотлох баримтуудыг нотариатчаар гэрчлүүлэх шаардлага үүсэж, нэхэмжлэлд тодорхойлсон хэмжээний зардал гарсан болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан өөрчлөлт оруулж өгөхийг хүсье.

 

5.   Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Г.Н д холбогдуулан, хүнсний ногооны үлдэгдэл төлбөр 4,010,575 төгрөг, нотариатын зардал 15,000 төгрөг, эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 4,095,775 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч ...нэхэмжлэгчээс 1,000,000 орчим төгрөгийн хүнсний ногоо авсан, үнийг нь төлөөд дуусгасан... гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3.   Нэхэмжлэгч Д.М анх В ХХК-ийн захирал Х.Х аар дамжуулан хариуцагч Г.Н тэй танилцаж, улмаар Д худалдааны төвд түүний ажиллуулдаг гэх цайны газарт хүнсний ногоо нийлүүлэх, Г.Н хүлээн авсан хүнсний ногооны үнийг төлөхөөр харилцан тохиролцсон, улмаар Г.Н нь хүнсний ногооны үнэд нийт 1,066,700 төгрөг төлсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

Харин нэхэмжлэгч Д.М гаас нийт 5,077,275 төгрөгийн үнийн дүн бүхий хүнсний ногоог хариуцагч Г.Н д нийлүүлсэн эсэх, Г.Н нь хүлээн авсан хүнсний ногооны үнийг бүрэн төлсөн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

4.   Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлсон.

Нотолгооны чиг үүргийн дагуу хүнсний ногооны үнийг шаардаж байгаа бол худалдагч тал ийнхүү нийлүүлсэн хүнсний ногооны тоо хэмжээг нотлох үүргийг хүлээнэ. Иймд хариуцагч өөрийн тайлбар, татгалзлаа хэрхэн, ямар баримтаар нотолж байгаад шүүх үнэлэлт өгч, дүгнэлт хийгээгүй гэх нэхэмжлэгч талын тайлбар, давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

5.   Нэхэмжлэгч Д.М нь өөрийн шаардлагыг нотлох зорилгоор шүүхэд Зарлагын падаан-ууд /5-9, 36/, Нийлүүлсэн хүнсний ногооны тооцоо гэх баримт /хх 10-11/-ыг шүүхэд гарган өгч, хүнсний ногооны хүргэлт, борлуулалтыг хариуцан ажиллаж байсан гэхЛ.Э , Г.Д , В ХХК-ийн захирал гэх Х.Х нараас гэрчийн мэдүүлэг авахуулсан. /хх 42-арын нүүр - 46/

Дээр дурдсан бичгийн нотлох баримт, гэрч нарын мэдүүлгээр нэхэмжлэгч Д.М гийн зүгээс нийт 5,077,275 төгрөгийн үнийн дүн бүхий хүнсний ногоог хариуцагч Г.Н д нийлүүлсэн гэж эргэлзээгүйгээр үзэх боломжгүй, улмаар нэхэмжлэгчийн шаардлага нотлогдоогүй гэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй. Учир нь:

а/. Хариуцагч Г.Н гийн гарын үсэг бүхий Зарлагын баримт-уудын нийт үнийн дүн 190,390 төгрөг /106,700 + 83,690/ байх ба үлдэх Зарлагын баримт-уудаар хариуцагч Г.Н д хүнсний ногоо нийлүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

б/. Нийлүүлсэн хүнсний ногооны тооцоо гэх баримт нь нэг талын буюу нэхэмжлэгч Д.М гийн үйлдсэн баримт байна. Нэг талын баримтыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд уг баримт нь нотолгооны хэрэгсэл болж чадахгүй.

в/. ГэрчЛ.Э , Г.Д , Х.Х нарын мэдүүлгээр нийлүүлсэн хүнсний ногооны тоо хэмжээ, үнийн дүнг эргэлзээгүйгээр тодорхойлох боломжгүй байна. Тодруулбал, гэрчЛ.Э , Г.Д нар ...Д худалдааны төвд 4-5 цайны газар хүнсний ногоо хүргэж өгдөг байсан, ажиллуулдаг хүнийг нь сайн мэдэхгүй, хэдэн төгрөгний хүнсний ногоо нийлүүлснээ сайн санахгүй байна... гэх агуулгаар мэдүүлэг өгдөг бол гэрч Х.Х нь ...Д.М Г.Н д 4,800,000 төгрөгийн ногоо нийлүүлсэн гэж хэлж байсан... гэх агуулгаар буюу хүний хэлсэн зүйлийг дамжуулж хэлсэн байна.

 

6.   Иймд нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Г.Н гээс 4,010,575 төгрөгийн авлагатай болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв.

 

Дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгосонтой холбоотойгоор хариуцагч Г.Н д нотариатын зардал 15,000 төгрөг, мөн түүнийг эрэн сурвалжлуулахад нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хариуцуулах үндэслэлгүй.

Гэвч түүнээс 70,200 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэнд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй учир шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ.

 

7.   Зохигчид хөөн хэлэлцэх хугацааны талаар мэтгэлцээгүй учир энэ талаар хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

 

8.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 29-ний өдрийн 102/ШШ2022/01130 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 05 сарын 11-ний өдөр урьдчилан төлсөн 79,360 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

 

Д.НЯМБАЗАР