| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пэрлээгийн Гандолгор |
| Хэргийн индекс | 2505005520235 |
| Дугаар | 2026/ДШМ/304 |
| Огноо | 2026-03-17 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., 11.1.2.4., |
| Улсын яллагч | Н.Цогням |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2026/ДШМ/304
Б.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Н.Цогням,
шүүгдэгч Б.Б- /хорихоос цахимаар/, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2026/ШЦТ/308 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Б-д холбогдох 2505005520235 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч П.Гандолгорын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овогт Б-ийн Б-, ......., ял шийтгэлгүй (РД:ГБ-).
Шүүгдэгч Б.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Б.Г-тай гэр бүлийн асуудлаар маргалдан хохирогчийн биеийн зүүн далны доод хэсэг, нүүр, хүзүү хэсэгт нурууны дал хэсэгт хутгалж, үснээс нь чирэх, гараараа толгой, нүүр, шанаа хэсэгт олон удаа цохих үйлдлээр зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Б-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Б- овогт Б-ийн Б-ийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 07 /долоон/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ий цагдан хоригдсон 20 /хорь/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ээс 5,280,000 /таван сая хоёр зуун наян/ төгрөг гаргуулж, хохирогч Б.Г-д олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисст”-т даалгаж, 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, хохирогч Б.Г- нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын яллах дүгнэлт болон эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоолд заасан хэргийн агуулга нь болсон үйл явдлаас зөрүүтэй хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөрдөх ажиллагааны явцад нотолбол зохих байдлуудыг бүрэн дүүрэн тогтоогоогүй хохирогч Б.Г-гийн удаа дараа өгсөн мэдүүлэг нь зөрүүтэй энэ талаар оролцогчийг шүүхэд оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүхээс хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн дээрх зөрүүтэй байдлыг арилгах хэргийн жинхэнэ байдалд үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Мөн хохирогч Б.Г-гийн хувийн байдлыг мөрдөх ажиллагааны явцад тусгаагүй зүйлийг тодруулахаар гэрч Р.О-ийг шүүх хуралд оролцох хүсэлтийг гаргасан боловч шүүх хүлээж аваагүй нь тал бүрээс нь яллах болон цагаатгах хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосны эцэст Эрүүгийн хуулийг хэрэглэх эсэхэд бодитой хуульд нийцсэн дүгнэлт өгч чадаагүй байна. Шүүхийн тогтоол нь хэргийн бодит үйл явдалтай нийцээгүй шүүгдэгч Б.Б- хохирогч Б.Г- нарын хооронд үүссэн нөхцөл байдлыг үнэн зөв тодорхой тогтоож чадаагүй байхаас гадна гэрч М.Л-, Н.Б-э нарын мэдүүлэг нь болсон хэрэг явдлын дараах үйл баримтыг дүрслэн заахаас гадна өгсөн мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй цаг хугацааны хувьд ямар ч тохиромжгүй логик дараалалгүй байдлаар мэдүүлсэн байхаас гадна мөрдөх ажиллагааны явцад бэхжүүлэн авсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон бичлэг нь тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үеийн нөхцөл байдлыг тогтоож чадаагүй байна. Хохирогч Б.Г- нь прокурорын хяналтын шатанд өргөдөлдөө "өөрийн нөхөр Б.Б-ийг айлгах зорилгоор гал тогооны өрөөний шургуулгаас хутга авч булаацалдаж санамсар болгоомжгүй үйлдэл гарч би биедээ гэмтэл авсныг эмнэлэгт очоод мэдсэн” гэсэн энэ хүрээнд хэргийн бодит үйл явдлыг тогтоох талаар прокурорын хяналтын шатанд өгсөн өмгөөлөгчийн хүсэлт, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өгсөн хүсэлт зэргийг хүлээн авч шийдвэрлээгүй нь миний үйлчлүүлэгч Б.Б-ий эрх зүйн байдлыг дордуулсан гэж дүгнэж байна. Иймд хэргийн үйл баримтын үнэн зөв бодитой тогтоох, болсон үйл явдал шүүгдэгч Б.Б-, хохирогч Б.Г- нарын хооронд үүссэн үйлдэл тус бүрийг тодорхой нарийвчлан шалгах, хэргийн талаар тодорхой ажиллагаа явуулах, гэрч нарын өгсөн мэдүүлгийн зөрүүг арилгасны эцэст санаатайгаар бусдын биед хутга авч хэрэглэсэн эсэхэд хуульд нийцсэн дүгнэлт өгөх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэхэд эргэлзээ гарч байх тул нотолбол зохих байдлуудыг бүрэн дүүрэн тогтоох, оролцогч нарын хувийн байдлыг нэг бүрчлэн түүхчилсэн судалгаа хийж энэ талаар нотлох ажиллагаа явуулах зэрэг шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байх тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2026/ШЦТ/308 дугаартай тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаалгахаар өмгөөлөгчийн гомдол гаргаж байна...” гэв.
Шүүгдэгч Б.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгч О.Цэрэнпунцагаас өмнө гаргасан давж заалдах гомдлоо өөрчилж гаргасан тайлбар буюу сая гаргасан тайлбарыг дэмжиж оролцож байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэв.
Прокурор Н.Цогням шүүх хуралдаан гаргасан дүгнэлтдээ: “ ... Анхан шатны шүүх хуралдаан болох үед хохирол төлбөр төлсөн баримт авагдаагүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байсан. Мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын шатанд шүүгдэгч гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх гэмт хэргийг шинж чанар, учруулсан хохирол, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгчид ял оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд Б.Б-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:
-хохирогч Б.Г-гийн: “...Хоёр найз нь хувцаслаад гарч байхад нь би хамт явъя аваад яваач гээд хувцсаа өмсөж байхад тэр хоёр гараад явсан. Би араас нь гарахад Б- намайг үсдэж татаад п**** минь чамайг бол явуулна гэж байхгүй гээд би газар унасан чинь хөлөөс татаад гэрт оруулсан. Гэрт орсон чинь гадуур куртиктэй байхдаа больчих эвээр ярилцъя гэхэд гал тогооны өрөөнөөс том хар хутга авч ирээд үүднээс том өрөө рүү хувцас хатаагчийн хажууд байхад хутга хоолойнд тулгаад чи миний үгээр байсангүй... Би их ноцолдсоноо санаж байна. Чи намайг өвтгөөд байна гэхэд намайг ойлгоогүй охиныг минь бодоод намайг явуулчих гэхэд явуулахгүй байсан. Зүүн шанаа руу 4 удаа цохисон, би эмнэлэг дээр ирэхэд намайг хутгалсан байсныг би мэдсэн. Намайг зодож байхдаа хутгалсан байх би цагдаа нар ирэхийн өмнө том өрөөний баруун талын хаалганы хана хэсэгт ноцолдоод хутга тулгуулаад зодуулж байсан чинь цагдаа ирэхэд зүүн талын хана хэсгийн газар би хэвтсэн байсан. Яаж тийшээ очсоныг би мэдэхгүй байна намайг цохиж зодоод байсан. Амьсгаа авч болохгүй байсан чинь миний зүүн далны доод хэсэгт 1 удаа хутгалсан байсан мөн эрүү хэсэгт 1 удаа, зүүн хацар хэсэгт 1 удаа хутгалсан байсан. Хэн цагдаа дуудсаныг мэдэхгүй нэг мэдсэн чинь цагдаа ирсэн байсан. ...” (1 хх 45-46, 49-50),
- Гэрч М.Х-ийн: “...Дуудлагын дагуу очиж шалгахад эрэгтэй хүн эмэгтэй хүний үснээс нь зуурсан баруун гартаа хар өнгийн том иштэй хутга барьсан байсан. Би эргүүлийн офицер дэслэгч Н.Б-ийн хамт орсон бөгөөд бид хоёрыг ороход тухайн нөхөр нь гэх Б- гэх залуу өөрийн эхнэр Г-г хутгалсан байсан. Б- нь бид хоёр салсан байсан өнөөдөр уулзаад манайд хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Би эхнэрээ хардсан ажлын газрын залуутай явалдсан гэж хардсан гэж хэлсэн....” (1 хх 54),
-гэрч О.О-ийн: “...Би 2025 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө гэртээ 01 цагийн орчимд цагдаагаас над руу залгаад таны хүүхдийг Б- гэдэг үү гэж асуусан тийм байна гэсэн чинь та гэрт нь хурдан хүрээд ирэх үү гэж хэлсэн. Манай гэр ойрхон тул гэрт нь очиход манай хүү согтуу юм ойлгох чадваргүй байсан. Цагдаа та гэрийн түлхүүрийг мэдэх үү гэсэн. Би хүү Б- өрөө мэдэж байгаа байх гэсэн хүү түлхүүрээ мэдэх тэнхэлгүй согтуу байсан. Юу болсон талаар цагдаагаас асуухад энэ хоёр архи уусан юм шиг байна гэж хэлсэн...” (1 хх 61),
- Гэрч М.Л-ийн: “...Б- эхнэр Г-тай хамт байсан бөгөөд 1 литрийн виски уусан байсан. Тэр хоёр нэлээн согтуу байсан. Гэрт нь ороод авч орсон вискийг задлаад 4 аяганд хувааж хийгээд хундага тулгаад сууж байгаад болкон дээр бид 4 гарч тамхилаад буцаж орж ирээд байж байхад эхнэр нь буйдангийн ширээний урд сууж байсан. Б- ганцаараа дахиад тамхи татаад орж ирээд эхнэрээ ямар аймар ангалздаг юм гэж хэлээд бид нар инээлдээд байж байсан чинь эхнэр нь би янхан гээд орилоод байсан. Б- намайг явъя гээд 20 орчим минут болоод л гарсан. Эхнэр нь нөхөртэйгөө би янхан чи тэгээд яах юм гээд Б-тэй маргаад байсан. ... Тэгээд маргааш нь өдөр 12 цаг 30 минутад сэрэхэд Г- над руу Б- намайг хутгаар сийчсэн госпитальд хэвтэж байна, нүүр битүү хөх няц танай найзыг үзэн ядаж байна гэж мессеж бичээд намайг яагаад орхиод явсан юм гэж бичсэн байсан.” гэх (1 хх 93) гэх мэдүүлгүүд,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1820 дугаартай дүгнэлт (1 хх 66-68),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ЕГ0525/946 дугаартай дүгнэлт (1 хх 201-205),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1173 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 77-79/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 633 дугаартай дүгнэлт /1хх 82-83/,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (1 хх 4),
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хх 5-12),
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 хх 26-27),
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1 хх 35-41) зэргийг харьцуулан шинжлэн судлахад;
шүүгдэгч Б.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Б.Г-тай гэр бүлийн асуудлаар маргалдан хохирогчийн биеийн зүүн далны доод хэсэг, нүүр, хүзүү хэсэгт нурууны дал хэсэгт хутгалж, гараараа толгой, нүүр, шанаа хэсэгт олон удаа цохих үйлдлээр зодож түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Б.Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, үндэслэл бүхий дүгнэлт хийн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Хэргийн үйл баримтаас үзвэл, шүүгдэгч Б.Б- нь өөрийн эхнэр /тухай цаг хугацаанд гэр бүлийн маргааны улмаас тусдаа амьдарч байсан/ хохирогч Б.Г-тай хардалтын улмаас маргалдан хохирогчийн биеийн зүүн далны доод хэсэг, нүүр, хүзүү хэсэгт нурууны дал хэсэгт хутгалж, гараараа толгой, нүүр, шанаа хэсэгт олон удаа цохих үйлдлээр зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан талаар хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эдгээр мэдүүлгийг давхар нотолсон шинжээчийн дүгнэлт зэргээр хохирогч Б.Г-гийн биед учирсан хүнд хохирол нь шүүгдэгч Б.Б-ий гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу эхнэр Б.Г-гийн эрүүл мэндэд хутга хэрэглэн хүнд хохирол учруулсан үйлдэл нь уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нар давж заалдах гомдолдоо “... нотолбол зохих байдлуудыг бүрэн дүүрэн тогтоох, оролцогч нарын хувийн байдлыг нэг бүрчлэн түүхчилсэн судалгаа хийж энэ талаар нотлох ажиллагаа явуулах зэрэг шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэх давж заалдах гомдол гаргасан
Харин давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг “...Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б- нь гэм буруу дээр маргаагүй. Миний хувьд хуульч хүнийхээ хувьд гэм буруу дээр маргаж оролцсон. Шүүгдэгч Б.Б- нэгэнт гэм буруу дээр маргаагүй, хохирогчид тодорхой хэмжээгээр хохирлыг төлж барагдуулсан, хохирогчийн зүгээс “ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх хүсэлт гаргасныг харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг гаргажээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ий гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр заасан байдаг. Уг зүйл хэсгийг шүүх хэрэглэх урьдчилсан нөхцөл нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан үзэхээр хуулчилсан, уг хэм хэмжээ нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт болно.
Шүүгдэгч Б.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүх хуралдаанд гэм буруу болон хохирогчид учруулсан гэмтлийн зэргийн талаар маргаж байсан, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахад дэмжлэг үзүүлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар мөн хуулийн тусгай ангид заасан хорих ялаас доогуур ял оногдуулах боломжгүй байна.
Харин давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдлын агуулгыг өөрчилж, гэм буруугийн талаар маргахгүй, ял хөнгөрүүлж өгнө үү гэх гомдлыг гаргасан бөгөөд хохирогч Б.Г-гаас “... сэтгэцэд учирсан хохирлын нөхөн төлбөрт 5,280,000 төгрөг, хамрын мэс заслын эмчилгээний төлбөрт 5,230,000 төгрөгийг тус тус хүлээж авсан, одоогоор гомдол саналгүй. Иймд 7 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэх агуулга бүхий хүсэлтийг тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна. Иймд шүүгдэгч Б.Б-ий гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, урьд гэмт хэрэгт холбогдож ял шийтгэл эдэлж байгаагүй түүний хувийн байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан тул анхан шатны шүүхээс оногдуулсан долоон жилийн хугацаагаар хорих ялыг, таван жил зургаан сарын хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчилж ял хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарын давж заалдах гомдлыг хангаж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Б- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 17-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 48 хоног цагдан хоригдсоныг, түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2026/ШЦТ/308 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтад “шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 07 /долоон/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэснийг “шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 05 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ий 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 17-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 48 (дөчин найм) хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
4.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР