Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2026/ДШМ/21

 

2026 оны 03 сарын   19                                                 2026/ДШМ/21                         

 

Т.Х-д  холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд     

    Прокурор А.Алтангэрэл

    Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням  

    Шүүгдэгч Т.Т.Х

    Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээгийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2026/ШЦТ/50 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн  гомдлоор Т.Х-д  холбогдох эрүүгийн 2526005040410 тоот хэргийг 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Т.Х

Т.Х нь 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 5 дугаар багт оршин суух Г.Т-ын эзэмшлийн малнаас 4 тооны хонь хулгайлж, 420,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Т.Х-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Х-г бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэн,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х-г   зургаан сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхииг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Т.Х-д  мэдэгдэн, шүүгдэгч Т.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Т-т  2 хургыг буцаан өгч, хохиролд 420,000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч Т.Х-д  оногдуулсан зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Х-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 цэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч. гэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны трокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн охиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулиийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Х-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Х давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2026/ШЦТ/50 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсэн. Т.Х миний бие анхан шатны шүүхийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд улмаар хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан бөгөөд хохирогч Г.Т нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаараа илэрхийлсэн. Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2026/ШЦТ/50 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, намайг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэжээ.

Прокурор А.Алтангэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Х-г  ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон эрүүгийн хариуцлага оногдуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 6-н сараас 5-н жил хүртэлх зорчих эрх хязгаарлах ялтай гэмт хэрэг байгаа. Шүүгдэгчид хамгийн бага буюу 6-н сараар зорчих эрх хязгаарлах ял онгогдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч Т.Х нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Мөн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн. Харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогддоггүй байгаа. Хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдэг. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа учраас хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломж байгаа учраас шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Т.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдолдоо дэлгэрэнгүй бичсэн. Нэмж хэлэх тайлбар байхгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ. 

            Т.Х нь 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 5 дугаар багт оршин суух Г.Т-ын эзэмшлийн малнаас 4 тооны хонь хулгайлж, 420,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Г.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хайрхандулаан сумын 5 дугаар багийн нутаг “Дөрвөлж” гэх газар хониндоо явж байхдаа хар толгойтой төлгөө иднэ гэж бодож байсан юм. 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нөгөө хар төлгөө хийх гээд хонио шүүхэд хар толгойтой төлөг дутсан. Улаан хүзүүтэй хурга, шарандан хурга, хар нүдэн хонь, хар толгойтой хонь хар нүдэн хонь тоо ёсоор 7 хонь дутсан. Би хонины бэлчээрээр хайгаад олоогүй. Саахалт айлын А, Д, Б нараас утсаар сураглахад мэдэхгүй гэж хэлсэн. Би Т.Х-гийн хонинд шүүхэд шарандан хурга, улаан хүзүүтэй хурга 2 тооны хурга байсан. Т.Х гийн малчин Заяа гэх хүнээс манай хоёр хурга хэзээ яаж нийлсэн бэ гэж асуухад мэдэхгүй гэж хэлсэн. Заяагаас Т.Х-г хаана байгааг асуухад өчигдөр өглөө Өвөрхангай аймаг луу мал ачаад явсан гэж хэлсэн. Би сумын төв ороод цагдаатай уулзаад Өвөрхангай аймагт очиж мал нядалгааны газруудын камерыг шүүсэн. Эрдэнэхүүгийн мал нядалгааны газарт очоод камер шүүхэд манай хоёр хонь байсан. Им тэмдэг нь камерт сайн харагдахгүй байсан. Тэгээд Э-гээс Т.Х-гийн өгсөн нэхийнүүдийг үзмээр байна гэхэд тэнд байгаа нэхийнүүдийн хамгийн доод талд байгаа гэсэн. Би хонины нэхийг үзэхэд хамгийн доороос нь миний алдсан хонины 2 цэнхэр будагтай нэхий гарч ирсэн. Би Эрдэнэхүүгээс толгой нь байгаа юу гэхэд толгойнуудыг хуйхалгаанд явуулчихсан гэж хэлсэн. Манайх Т.Х-гийнх хоорондоо 3 км орчим зайтай. Манай хонь алдсан хугацаанд нийлээгүй. Миний хулгайд алдсан 7 тооны хонь хар толгойтой төлгөн хонь буруу тал шоргоолж, зөв тал им ганзага имтэй ууцан дээр нь цэнхэр будаг тохож будсан, хар нүдэн харандан хонь, шар хүзүүтэй хурга, шарандан хурга, нөгөө 3 хонь нь эм хонь байх магадлалтай. Миний алдсан хонь яг адилхан им тэмдэгтэй. Би яг зүсийг нь сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 28-29 хуудас),

Хохирогч Г.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Би үлдсэн 3 хонийг ямар зүстэй байсан талаар мэдэхгүй байна. Надад 2 хургыг цагдаагийн алба хаагч нар Т.Х гийн хотноос хүлээлгэн өгсөн. Т.Х гоос худалдан борлуулсан 2 хонины төлбөр болох 320,000 төгрөг, үнэлгээ гаргуулсан 100,000 төгрөгийг тус тус гаргуулах хүсэлтэй байна... гэх мэдүүлэг (хх-ийн 31 хуудас),

Гэрч Р.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 17 цагийн орчимд мах бэлтгэх төв дээр байхад Т.Х гэх хүн ирээд “Хонь амьдаар нь зарья, хашаанд оруулж ирсэн байгаа, үзээдэх” гэхээр нь хонийг үзэхэд 10 хонь байсан. Би “гарал үүслийн бичиг байгаа юм уу” гэхэд “араас ирнэ, малын эмчтэйгээ ярьчихсан байгаа” гэсэн. 2025 оны 10 дугаар сарын 24-ний өглөө 08 цагийн орчимд Т.Х  ирээд нядалсан махаа сэврээгээд махыг нь жинлээд 10 цагийн орчимд Т.Х гийн данс руу мөнгийг нь шилжүүлсэн. 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 16 цагийн орчимд камер шүүх ажлаар явж байна гээд Хайрхандулаан сумын цагдаа, нэг хөдөөний хүн цуг ирсэн. ...Нэхийнүүдээс шүүж үзэхэд тэр хөдөөний хүн 2 цэнхэр будагтай нэхийг манай хонины нэхий мөн байна гэж хэлсэн. Т.Х  надад 10 хонь өгсөн. Би Т.Х д итгээд им тэмдгийг нь сайн хараагүй... гэх мэдүүлэг  (хх-ийн 33 хуудас),

            Гэрч П.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Г.Т-ыг танина. Манай багийн иргэн. Г.Т нь 460 хонь тоолуулсан. Г.Т хонь буруу талын чих шоргоолж, зөв талын чих ганзага имтэй... гэх мэдүүлэг (хх-ийн 35 хуудас),

Гэрч М.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2025 оны 10 дугаар сарын 23-ны үеэр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар багийн урд засмал зам дээр байдаг “Нутгийн буян” колонк дээр ээлжинд гарч байхад цэнхэр өнгийн Портер маркийн машинтай хонь аччихсан байсан. Малын эмч Ц-ийн дугаарыг асуухаар нь би дугаарыг нь хэлж өгсөн. Танихгүй хоёр залуутай явж байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 41 хуудас),

Гэрч Х.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Би аав болон Н, бид гурав хөдөө явсан. Хөдөө гэрт хоноод өглөө малаа хашаад 10 хонь, 10 ямаа ачаад Хайрхандулаан сумын колонк дээр очоод гарал үүсэл хийлгэх гэсэн чинь малын эмч нь байхгүй байсан. Аймаг ороод хаана өгөхөө хэлээрэй, гарал үүслийг чинь хийгээд өгье гэсэн. Манай мал сам имтэй, хар лакаар буддаг. Сэрвээн дээр цэнхэр будагтай, хар лактай 3-4 хонь ачсан. Бусад нь хөндлөн лактай байсан. Ачсан мал дунд Г.Т-ын мал байгаагүй. Сүүлд нь 2 хурга байсан талаар цагдаа хэлээд аавтай хамт очиж шүүсэн байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 39 хуудас),

            Гэрч Н.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...11 хонь, 10 ямаа ачсан. Манай мал сам имтэй сэрвээ болон ууцан дээрээ хөндлөн хар лакаар тохож буддаг. Зарах малаа 2 лакны дунд цэнхэр будгаар тэмдэг тавьсан байсан. Би хөдөө байхгүй учир мал нийлсэн эсэхийг мэдэхгүй байна. Г.Т-ын хонь байхгүй байсан. Намайг хөдөө гэртээ 2 хоног малаа бэлчээхэд айлын 2 хурга байхгүй байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 41 хуудас),

 “Ашид билгүүн” ХХК-ийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №ШД-525/914232 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 44-48 хуудас),

Мөрдөгчийн 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Арвай” мах бэлтгэлийн төвөөс цэнхэр будагтай 2 нэхийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 12-14 хуудас),

Мөрдөгчийн 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Т.Х-г  ийн хоттой хониноос 2 тооны хургыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 17-19 хуудас),

            Мөрдөгчийн 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хохирогч Г.Т-аар 2 тооны хурга, цэнхэр будагтай 2 ширхэг нэхийг тус тус таньж олуулах ажиллагаа явуулсан болон тэдгээрийг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 20-25 хуудас),

Мөрдөгчийн 2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Г.Т, Т.Х нарын хонинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 4-9 хуудас),

Мөрдөгчийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 3-8 хуудас) болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Х-г бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл түүний гэм бурууд тохирсон байх тул шүүгдэгчийн анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж тэнсэж өгнө үү гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

              Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2026/ШЦТ/50 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

              2026 оны 01 дүгээр сарын 09-ний, 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримтад шүүгч гарын үсэг зураагүй /хх-ийн 120-121, 136-137/, нээлттэй шүүх хуралдааны бичлэгийг шүүхийн цахим хуудаст байршуулахыг хэргийг оролцогчид мэдэгдсэн тухай баримтад шүүгчийн туслах гарын үсэг зураагүй, мөн тов мэдэгдсэн өдөр байхгүй /хх-ийн 124/, мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, гэрчид эрх үүрэг танилцуулсан тухай баримтад он, сар, өдөр байхгүй, даргалагч шүүгч гарын үсэг зураагүй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зураагүй /хх-ийн 160-164/ зэрэг алдаа байгааг дурдах нь зүйтэй байна.

              Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2026/ШЦТ/50 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.НЯМДОРЖ

                                   ШҮҮГЧИД                                 Н.ЭНХМАА

                                                                                     Б.ЦЭРЭНПҮРЭВ