Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 519

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж, Ч.Уранбилэг,

Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

Хохирогч Б.У-, түүний өмгөөлөгч Ц.Б-,

Иргэний хариуцагчийн төлөөлөгч Т.Ц-

Шүүгдэгч Ж.О-, түүний өмгөөлөгч Т.О- нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ж-ын О-т холбогдох эрүүгийн 00000000000000 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 17-ний өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1959 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, ..........боловсролтой, .........мэргэжилтэй, “Т” ХХК-нд ...........ажилтай, ам бүл _, эхнэр, охин, зээгийн хамт Баянгол дүүргийн 00 дугаар хороо \00000000 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ж-ын О- /РД:00000000

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүгдэгч Ж.О- нь 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 13 цаг 45 минутын үед Баянгол дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ахуйн үйлчилгээний төвийн урд замд “Т” ХХК-ний эзэмшлийн */-000 маркийн 0000***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2-т заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа /аюулгүй зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа/ явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Б.У-ыг мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.О- мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд өөрийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлэг өгсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.У- мэдүүлэхдээ: “2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 13 цагийн орчим Баянгол дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ахуйн үйлчилгээний төвийн урд замд автобусанд мөргүүлсэн. Тархиндаа гэмтэл авсан ба тухайн үед чихнээс цус гарсан. Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад үргэлжлүүлээд И эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн. Одоо ууц нуруу хөл гар өвдөж байгаа. Эмчилгээ хийлгэх шаардлагатай боловч санхүүгийн асуудлаас болоод эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа. 2.500.060 төгрөг нэхэмжилж байгаа” гэв.

 

Иргэний хариуцагчийн төлөөлөгч Т.Ц- мэдүүлэхдээ: “2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр үдээс хойш надад осол болсон талаар мэдэгдсэн. Хохирлын талаар би мэдэхгүй. Хаан даатгалаар манай байгууллага даатгуулсан” гэв.

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Б.У- мэдүүлэхдээ: “...2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 13 цагийн орчим гэрээсээ гараад банк орохоор Баянгол дүүргийн нутаг 00 дугаар хороо Ахуй үйлчилгээний ордоны урд талд байдаг гэрлэн дохиотой явган хүний замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо явган зорчигчийн гарахыг зөвшөөрсөн ногоон гэрлээр зам хөндлөн гарч байхад миний зүүн гар талаас буюу ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээгээ явсан шар өнгийн автобус ирж мөргөсөн. Тухайн үед би зам дээр унасан. Босож чадахгүй байсан, чинээс цус гарч байсан...

...тухайн үед би ГССҮТ-д хэвтэн эмчлэгдэж байсан. Шүүх эмнэлгийн эмч 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр ирж миний биеийг үзэхдээ надаас биеийн байдлыг асуусан. Мөн юунд мөргүүлсэн талаар асуусан. Тэр үед Мэмнэлэгт авахуулсан толгойн компьютер томографын шинжилгээг хийлгэсэн гэрэл зураг, дүгнэлт надад байсан юм. Хэрэв надаас асуусан бол би эмчид үзүүлэх байсан. би тухайн үед гаргаж өгөх ёстой гэдгийг ойлгож мэдээгүй, эрүүл мэндийн байдлаас шалтгаалж өгөөгүй. Би эмнэлэгт хэвтэн эмчлүүж байхдаа эмчлэгч эмчдээ Мэмнэлэгт авахуулсан толгойн компьютер томографын шинжилгээ хийлгэсэн дүгнэлтийг гарган өгч өвчний түүхдээ хавсаргуулсан. Шүүх эмнэлгийн эмч 02 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар эмчлэгдэж байсан өвчний түүх болон миний биеийн байдалтай танилцаад дүгнэлтээ гаргасан байсан. Би өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулж авбал гомдол Мсанал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ. /хх 14-16, 53-54/

 

Шинжээч Н.Т- мэдүүлэхдээ: “...Би ГССҮТ-д 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр очиж зам тээврийн осолд орсон гэх иргэн Б.У-ын биед хохирлын зэрэг тогтоох үзлэг хийхдээ хохирогчтой өөрийн биеэр уулзаж мөн өвчний түүх болон 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ГССҮТ-ийн компьютер томограф зургийн хариу зэргийг үндэслэхэд хохирогчийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл байсан. Харин үзлэг хийх үед хохирогч Б.У- нь 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Мэмнэлэгт авахуулсан толгойн компьютер томографын шинжилгээг хийлгэсэн гэрэл зураг, дүгнэлтийн талаар надад огт хэлээгүй. Мөн өвчний түүх үзэх явцад Мэмнэлэгт авахуулсан толгойн компьютер томографын шинжилгээг хийлгэсэн гэрэл зураг, дүгнэлтийн талаар баримт байхгүй байсан учир уг дүгнэлтэнд тусгаагүй” гэжээ.  /хх 56/

 

Гэрч У.Б- мэдүүлэхдээ: “...миний хувьд иргэн Б.У-ын ГССҮТ-д авахуулсан КТГ-н гэрэл зураг болон дүгнэлтийг мэдэхгүй. Харин 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ажил дээр ажлаа хийж байх үед сүлжээгээр иргэн Б.У-ын толгойн компьютер томографын зураг орж ирсэн. Зургийг харж дүгнэлтээ бичсэн. Харин хоёр эмнэлгийн хариу зөрүүтэй байгааг би хэлж мэдэхгүй байна. Би тухайн үед сүлжээгээр ирсэн зургийг хараад хариугаа гаргасан. Надад өөр мэдэх зүйл байхгүй...” гэжээ. /хх 57-58/

 

Гэрч Г.Л- мэдүүлэхдээ: “...иргэн Б.У-ын толгойн компьютер томографийн дүгнэлтийг уншиж гаргах үед тухайн иргэн нь осолд ороод удаагүй байхдаа гэрэл зураг авахуулсан учраас цус хуралт нимгэн, ясанд ойгоод зургийн гажигшиг харагдаж байсан байна. Тийм учраас дүгнэлтээ гаргахдаа “гавал ясанд хугарал тодорхойлогдохгүй. Нүдний ухархайнуудын бүтэц хэвийн, 2 талын гойморын хөндий салт хэвийн. Тархины эдэд голомтод өөрчлөлтгүй, тархины бор цагаан эдийн ялгарал хэвийн. Субарахнойдал зайнууд цустай. Ховдлуудын хэлбэр хэмжээс хэвийн. Галын бүрдэл хазайлтгүй гэж дүгнэл гаргасан. Харин иргэн У-ын ослын дараа дахин Мэмнэлэгт авахуулсан толгойн компьютер томографийн зургийг харахад 3 мм зузаарч харагдсан байна. Мөн манай эмнэлгийн толгойн компьютер томографийн зураг нь 5 мм зайтай тусдаг юм. Тийм учраас ойлт их гардаг. Мөн манай эмнэлэг нь ганцхан хөндлөн тэнхлэгийн дагуу зураг авдаг учраас эргэлзээтэй байсан. Харин М эмнэлэг нь 3 ди 0,75 мм нарийвчлалтай толгой компьютер томографийн зураг гаргадаг. Мөн хугацааны хувьд 72 цагийн дараа толгой компьютер томографийн зураг авахуулсан байх тул энэ нь цус хуралт тод гарч онош бүтэн тогтоогдсон байна” гэжээ. /хх 59/

 

Гэрч А.Ү- мэдүүлэхдээ: “...хойд талд тас хийх чимээ гарсан. Юу болов гээд эргээд хартал шар өнгийн автобус хүн мөргөсөн байсан. Би тухайн үед гар утсаараа ослын талаар түргэн тусламжинд дуудлага өгчихөөд шууд яваад өгсөн. Тэр үед автобуснаас жолооч нь бууж байгаа харагдсан. Хохирогчийг ямар хүн байсныг хараагүй...”  гэжээ. /хх 64/

 

Иргэний хариуцагч Т.Ц- мэдүүлэхдээ: “...би О- гэдэг хүнийг танина. Манай байгууллагад 2014 онд автобусны жолоочоор томилогдсон юм. Түүнээс хойш тасралтгүй манай байгууллагад ажиллаж байгаа, миний удирдлаганд ажилладаг юм. Бид хоёрын дунд ажил хэргийн харилцаа холбоотой. Тэрнээс бол төрөл садангийн харилцаа холбоо байхгүй. Уг автобус нь Т ХХК-ийн эзэмшлийн автобус. 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр жолооч Ж.О- нь Дэвү маркийн 0000***улсын дугаартай автобусыг жолоодон Шархад-3 дугаар хорооллын чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд ажил үүргээ гүйцэтгэж явсан.

...манай байгууллагын автобусны жолооч нар Хаан даатгалын компанид мэргэшсэн жолоочоор бүгд даатгуулсан байдаг. Тийм болохоор даатгалын байгууллага нь бусдад учруулсан хохирлын 10 сая төгрөг хүртэлх төгрөгийг төлдөг болно. Манай байгууллага нь нэг ёсондоо даатгалын байгууллагаар асуудлаа шийдвэрлүүлэх болно. Ослын улмаас манай байгууллагын автобусанд, эвдрэл гэмтэл учраагүй” гэжээ. /хх 90-91/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2269 дугаартай дүгнэлтэд: 1. Б.У-ын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтооох журмын 2,4,1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. /хх 26 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 27-ний өдрийн 391 дугаартай дүгнэлтэд:1. Б.У-ын биед гавлын баруун чамархайн ясны пирамид хэсгийн хугарал, тархины баруун чамархай хэсгийн эдийн гүн дэх цус харвалт, баруун чамархайн дагз хэсгийн аалзан хальсны цус харвалт гэмтэл учирчээ. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Тухайн гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг хэрхэн алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарана” гэж дүгнэжээ. /хх 67-68 хуу/

 

Зам тээврийн Осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 2/

Зам тээврийн Осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч /хх 3, 4/

Гэрэл зураг /хх 5-6/

Дуудлагын лавлагааны хуудас /хх 20/

Иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягын тодорхойлолт /хх 33, 34,35/

Өвчний түүх /хх 72-81, 83-85/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 102/

Хохирлын баримтууд /хх120-138/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ж.О- нь 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 13 цаг 45 минутын үед Баянгол дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ахуйн үйлчилгээний төвийн урд замд Т ХХК-ний эзэмшлийн */-000 маркийн 0000***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2-т заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа /аюулгүй зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа/ явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Б.У-ыг мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.У- /хх 14-16,53-54/ шинжээч Н.Т- /хх 56/, гэрч У.Б- /хх 57-58/, гэрч Г.Л- /хх 59/, гэрч А.Ү- /хх 64/, иргэний хариуцагч Т.Ц- /хх 90-91/ нарын мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2269 /хх 26/, 2018 оны 03 дугаар сарын 27-ний өдрийн 391 дугаартай дүгнэлт /хх 67-68/, өвчний түүх /хх 72-81, 83-85/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 102/, хохирлын баримтууд /хх120-138/, зам тээврийн Осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 2/, зам тээврийн Осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч /хх 3, 4/, гэрэл зураг /хх 5-6/, дуудлагын лавлагааны хуудас /хх 20/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягын тодорхойлолт /хх 33, 34, 35/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

          Иймд шүүгдэгч Ж.О- нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Шүүхээс шүүгдэгч Ж.О- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах албадлагын арга хэмжээ авч хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

          Шүүгдэгч Ж.О- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгч Ж.О- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн учруулсан хохирлоо төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй гэсэн зэргийг харгалзан оногдуулах ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авч хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хохирогчийн хүсэлтийг харгалзан шүүгдэгчид оногдуулах ялыг тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэлээ.

 

Гэхдээ шүүгдэгч Ж.О-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах ялд хамаарахгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолохоор тогтоох нь зүйтэй байна.

 

Хэрэгт хавсарган ирүүлсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 54310 дугаартай жолоочийн үнэмлэх, 0005179 дугаартай мэргэшсэн жолоочийн үнэмлэхүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх, шүүгдэгч Ж.О- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч Б.У-д 2.592.648  төгрөгийн хохирол төлсөн, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх зэргийг тус тус дурдлаа.