Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2026/ДШМ/28

 

2026 оны    3 сарын   25                                                2026/ДШМ/28                       

 

Г.О-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

                                               Прокурор Ц.Пүрэвдорж /цахимаар/

    Хохирогчийн өмгөөлөгч Г.Гандөш /цахимаар/

    Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрвээ

    Шүүгдэгч Г.О

    Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяагийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2026/ШЦТ/25 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрвээгийн гаргасан гомдлоор Г.О-т  холбогдох эрүүгийн 2527002300240 тоот хэргийг 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн,

Урьд: Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,

Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1-д зааснаар 2 жил, 5 сарын хугацаагаар хорих ялаар,

Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/235 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 121 дүгээр зүйлийн 1 -д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн,

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссэгдсэн Г.О

Г.О нь 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 1.89 хувийн согтолттой үедээ Өвөрхангай аймгийн Хархорин сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт ... УНТ улсын дугаартай Toyota Vellfire маркын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 10.8-д заасан жолооч уулзвар, гарцаар нэвтрэхдээ тухайн эгнээнээс өөрийн явах чигийн дагуу хөдөлгөөний эгнээний үргэлжлэлийг заасан 1.7-д заасан тэмдэглэлийг баримтална. Хэрэв тийм тэмдэглэл байхгүй бол уулзвар, гарцаас гарахдаа тухайн орж буй зорчих хэсгийн эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ, зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс мөн зүүн гар тийш буюу буцаж эргэх тээврийн хэрэгслийг баруун гар талаараа өнгөрөөж байхаар үйлдлийг гүйцэтгэнэ, баруун гар тийш нэвтрэх үйлдлийг зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явж гүйцэтгэнэ гэж зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж .... ӨВО улсын дугаартай Kaiyi маркын тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч С.Г-гийн эрүүл мэндэд “зүүн өвдөгний жийргэвч мөгөөрсний урагдал, урд чагтан холбоосны суналт, зүүн мөр эргүүлэгч шөрмөс суналт, хаван бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,

Улмаар дээрх гэмт хэргийг үйлдсэний дараа Замын хөдөлгөөний дүрмийн зам тээврийн осолд холбогдсон жолооч тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5- д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх гэснийг тус тус зөрчиж хэргийн газрыг орхиж зугтаасан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/   

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос: Г.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.О-ыг тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялын 15,000 төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож 2 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүнийг биечлэн эдлэх ялыг 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Г.О-т оногдуулсан 01 жил 02 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолохоор, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Г.О-оос нийт 18,273,155 төгрөгийг гаргуулж хохиролд 6,785,310 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 7,920,000 төгрөг, нийт 14,705,310 төгрөгийг хохирогч О.Г-д  олгож, 3,406,600 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Нэт капитал эс эйч ди” ХХК-д олгохоор, 161,245 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын газрын эрүүл мэндийн даатгалын сангийн 100900200080 дансанд тус тус төлүүлэхээр, иргэний нэхэмжлэгч Б.А нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдан, шүүгдэгч Г.О  нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар Г.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс өөрчлөн түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс- 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Цагдан хорих байранд цагдан хорьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.О-т авсан цагдан хорих таслан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрвээ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Г.О  нь 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 1.89 хувийн согтолттой үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцон зам тээврийн осол гаргаж иргэн С.Г-гийн биед хүндэвтэр хохирол учруулсан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх эмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2026/ШЦТ/25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн байна.

Өмгөөлөгч миний бие болон шүүгдэгч Г.О-ын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байгаа ба мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу хийлгэн хэргийн бодит байдлыг бүрэн дүүрэн тогтоолгох үүднээс үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж дараах гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргаж байна.

Тус эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэж үзэж байна. Тухайлбал /хх-ийн 22/ яллагдагч Г.О-ын унаж явсан ... УНТ дугаартай тээврийн хэрэгсэл, /хх-ийн 26/ хохирогч С.Г-гийн унаж явсан 07-36 ӨВО дугаартай тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийхдээ эзэмшигч нарыг болон хөндлөнгийн гэрчийг оролцуулалгүй үзлэг хийсэн, ... УНТ дугаартай тээврийн хэрэгсэлд хаана үзлэг хийсэн нь тодорхойгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлд эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулна. Эзэмшигчийг байлцуулах боломжгүй бол хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулж, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ гэсэн хуулийн заалтыг зөрчсөн.

Мөн хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо гэсэн шинжээчийн дүгнэлтийг яллагдагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй гэсэн атал дахин шинжээч томилоогүй. /хх-ийн 105/ Сэтгэцэд учирсан хор уршгийн 2-р зэрэглэлд хамаарна гэсэн дүгнэлтийг мөн зөвшөөрөхгүй байгаа.            /хх-ийн 133/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар 2 дахь дахь хэсэгт оролцогч шинжээчийн дүгнэлт, тайлбарыг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаж болно гэж заасан.

Иймд хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул дахин шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулах хүсэлтэй байгаа.

Яллагдагчийн унаж явсан ... УНТ дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээг хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагаар гаргуулсан атлаа хохирогчийн унаж явсан .... ӨВО дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан бодит хохирлыг хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагаар гаргуулаагүй. Тийм учраас ... ӨВО дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагаар гаргуулах мөн хүсэлттэй байна.

Хэрэг бүртгэлтийн хэргийн хугацааг 2025 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл 1 сараар сунгуулах тогтоолоо сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Алимаад гаргасан. Гэтэл дараагийн хугацаа буюу 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаа сунгуулах тогтоолыг сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Д.Пүрэвдоржид гаргасан. /өөр өөр сум дундын ерөнхий прокурорт санал гаргасан нь ойлгомжгүй/.

Хугацаа сунгах мөрдөгчийн тогтоолтой мөрдөн байцаах хэсгийн дарга танилцан гарын үсэг зурсан ба хоёр огт өөр гарын үсэг зурагдсан.

 Хавтаст хэргийн 16 дугаар хуудсанд байгаа ослын газарт хийсэн нөхөн үзлэгийн схем зураглал болон үзлэгийн тэмдэглэл ямар ч ойлгомжгүй, энэ үзлэгийн тэмдэглэлээр юуг илэрхийлэх гээд байгаа нь тодорхойгүй учир ослын газрын нөхөн үзлэгийг ойлгомжтой байдлаар дахин хийлгэх хүсэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйл 1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ. Мөн хуулийн 4 дэх хэсэгт мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ, 7 дахь хэсэгт энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй гэж заасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина. Мөн хуулийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Мөн хуулийн 1.6 дугаар  зүйлийн 5 дахь заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргах журам нь энэ хуулийн зарчим, агуулгад нийцсэн байна. 6 дахь заалтад энэ хуульд зааснаас өөрөөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх хэм хэмжээ тогтоосон журам гаргахыг хориглоно гэж заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж цуглуулсан нотлох баримтаар бусдыг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь шударга ёсны зарчимд үл нийцнэ гэж үзэж байна.

Мөн шүүгдэгч бичиг үсгийн чадвар муутай, уншихдаа тааруу бичиж бараг чаддаггүй байхад түүний өмгөөлөгч авах эрхийг хангалгүйгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл хууль эрх зүйн мэдлэг дутмагаас өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээр хангагдах эрхээ хэрэгжүүлж чадаагүй байна.

Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавихдаа дараах эрхтэй. 2.18 дугаар зүйлд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцыг хянах, бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн шалгах, шаардлагатай бол хавтаст хэргийг татаж хянах, уг ажиллагаанд илэрсэн зөрчлийг арилгуулах талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагын удирдлагад шаардлага тавих, зөрчлийг арилгуулах, хэргийн бодит байдлыг тогтоох мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно... гэж заасан.

Эдгээр нөхцөл байдлуудаас харахад шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй процессын маш их алдаа гарган Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байх тул дээрх зөрчлүүдийг арилгуулж хэрэгт хийгдэх мөрдөн шалгах ажиллагаануудыг хуулийн дагуу бүрэн хийлгэх шаардлагатай байна.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2026/ШЦТ/25 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.О-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Г.Гандөш давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд ирүүлсэн тайлбартаа: Хохирогч С.Г-гийн өмгөөлөгчөөр давж заалдах шатнаас эхлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Тус хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 01 сарын 21-ний өдрийн 2026/ШЦТ/25 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн. Энэхүү шийтгэх тогтоолын хохирол шийдвэрлэсэн хэсгүүд болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг танилцаад хохирогч С.Г болон бидний зүгээс эс зөвшөөрч байгаа.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно, 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно, 5 дахь хэсэгт шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно гэж тус тус заасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.

Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шуух уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ.

Хохирогч С.Г нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохиролд эрүүл мэндэд учирсан хохирол бусад зардалд 16,400,250 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжилсэн, иргэний нэхэмжлэгч Б.А эд хөрөнгөд учирсан хохирол 22,150,000 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжилсэн байдаг.

Гэтэл анхан шатны шүүхээс хохирогч С.Г-гийн хохирлын асуудлыг шийдвэрлэхдээ 16,400,250 төгрөгөөс 9,612,942 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон ба хохирогч хуульд заасан эрхийнхээ хүрээнд өөрт учирсан эрүүл мэндийн хохиролтой холбоотой баримтуудыг нотлох баримтын шаардлага ханган жагсаалт үйлдэн гаргаж өгсөн атал ямар баримтуудыг үнийн дүн давхацсан гэж үзсэн нь тодорхойгүй, банкны шилжүүлгийн баримтуудыг яагаад зарцуулалт тодорхойгүй гэж үзсэн талаар дүгнээгүй, түүний гэр бүлийн хүн болох иргэний нэхэмжлэгч Б.А-ийн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ эд хөрөнгөд учирсан хохирол 22,150,000 төгрөг баримтаар нэхэмжилсэн боловч үнэлгээ тогтоогоогүй гэх үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн /шүүхийн шатанд үнэлгээ тогтоож эцэслэн шийдвэрлэх боломжтой байсан/ байдаг. Энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтоох зарчимд нийцэхгүй байна гэж үзэж байна.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлох ёстой байтал мөрдөн шалгах байгууллага үүнийг тодорхой болгон нотолж, шинжээч томилж үнэлгээ гаргуулаагүй, прокурорын байгууллагаас хохирлын асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар хянан үзээгүй нөхцөл байдал байна гэж үзэж байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын тухайд: Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрвээ нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан ба уг гомдолд "... авто осолд холбоотой тээврийн хэрэгсэлд үзлэг хийх журмыг зөрчсөн, хохирогч С.Г-гийн эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэглэл, сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэл зэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийгээгүй, хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах журмыг зөрчсөн...” тухай дурджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 6-т үзлэгийг эзэмшигчийн эзгүйд хийсэн бол 3 хоногийн дотор эзэмшигчид, боломжгүй бол эзэмшигчийн оршин суугаа газрын баг, хорооны Засаг даргад мэдэгдэх тухай хуульчилсан байдаг ба тээврийн хэрэгслийн эзэмшигч нарт хуульд заасны дагуу үзлэгийн явц тэмдэглэлийг танилцуулж, оролцогч нарын зүгээс тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн асуудалтай холбоотой санал хүсэлт, гомдлыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргаагүй байдаг.

Монгол улсын эрүүл мэндийн сайд, хууль зүй, дотоод хэргийн сайд, улсын ерөнхий прокурорын хамтарсан 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/225/А/153/А/85 тушаалаар баталсан “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”- ын 3.2.1-т гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан тохиолдолд эрүүл мэндэд учирсан хохирлыг хүндэвтэр зэрэгт хамааруулан үзэхээр заасан байдаг ба хохирогч С.Г-гийн хувьд өвдөгний жийргэвчний мөгөөрсний урагдал, урд чагтан холбоосны суналт, зүүн мөр эргүүлэгч шөрмөсний суналт, хаван зэрэг гэмтлүүдтэй дөрвөн долоо хоногоос дээш хугацаанд эмчилгээтэй, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагдсан байсан нь эмнэлгийн байгууллагын баримтууд, эмчилгээний явцад цуглуулсан баримтууд, шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн ЕГ0725/10655 дугаартай дүгнэлтээр тогтоогддог.

Мөн хууль зүй, дотоод хэргийн сайд, эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268,        А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журамд зааснаар гэмт хэргийн хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, эд хөрөнгөө алдсанаас хохирогчид учрах эрүүл мэндийн хохирол, сэтгэцийн түр зуурын, эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ба сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана гэж заасан байдаг.

Дээрх шинжээчийн дүгнэлтүүдийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчид танилцуулсан нь хууль болон журмыг зөрчөөгүй, шүүгдэгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин шинжээч томилуулах хүсэлтүүдийг хуульд заасан эрхийнхээ хүрээнд гаргаагүй, хүлээн зөвшөөрч тэмдэглэл үйлдэж танилцсан байдаг. Иймээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн дээр дурдсанаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хохирлын асуудлыг шийдвэрлэхдээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэсэн эсэх нь эргэлзээтэй гэж үзэж байгаа тул Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2026/ШЦТ/25 дугаартай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрвээ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Г.О ын өмгөөлөгчөөр давж заалдах шатны шүүх хуралдаанаас оролцож байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа хэргийн материалтай танилцаж гомдлыг гаргасан. Мөрдөн шалгах ажиллагаанд оролцоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримт мэдээллийг нотлох баримт гэнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримт мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй гэдэг. Хэрэг бүхэлдээ автомашинд үзлэг хийхээс авахуулаад хууль зөрчсөн, хохирогчийн биед учирсан хохирлын зэргийг хүлээн зөвшөөрөхгүй мөн 2 автомашинд үзлэг хийгээгүй. Шинжээч томилсон тогтоолыг аль байгууллага руу явуулж ямар хариу авсан  гэдэг нь хавтаст хэрэгт байхгүй. Шүүгдэгч хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан  үедээ ажил төрлөө хийж цалин хөлс авдаг байхдаа хохирлоо барагдуулъя гэхэд хохирогч чамтай ярих юм байхгүй, хууль шүүхээрээ явна гэсэн байдаг. Иргэний нэхэмжлэгч Б.А-д хэлэхээр эхнэр мэднэ гэсэн байдлаар явсаар шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Шүүгдэгчийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нотлох баримтуудыг бүрдүүлж дахин хянан шийдвэрлэх нь зүйтэй нөхцөл байдлууд байна. Иймд  Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2026/ШЦТ/25 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.О-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэж өгнө үү гэв.

Прокурор Ц.Пүрэвдорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.О-т холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс Г.О-т хорих ял оногдуулж тодорхой хэмжээний мөнгөн хохирлуудыг гаргаж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэсэн. Хэрэг бүртгэлтийн хугацаа сунгуулсан тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинжлэн судалж байна. Мөрдөгчийн зүгээс техникийн шинжтэй алдаа гаргасан болохоос биш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан алдаа гаргаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд яллагдагчийн эрхүүдийг зааж өгсөн байгаа. Яллагдагч өмгөөлөгч авах, авахгүй байх эрхтэй байдаг. Мэдүүлэг авахдаа энэ эрхүүдийг сануулж өмгөөлөгч авах уу гэхэд өмгөөлөгч авахгүй би бичиг үсэг мэднэ гэж хэлээд гарын үсгээ зурсан байдаг. Өмгөөлөгч авахгүй гээд мэдүүлэг өгсөн байхад заавал өмгөөлөгч авах ёстой гэж мөрдөгч хэлэх эрхгүй. Г.О  уншиж бичиж чадна, өмгөөлөгч авахгүй гэсэн. Прокурорын шатанд хэргийг шилжүүлэхдээ Г.О аас өмгөөлөгч авах уу гэхэд өмгөөлөгч авахгүй оръё гэснийг яллах дүгнэлт гардуулж өгсөн тэмдэглэлд дурдсан байгаа. Үзлэг хийсэн тэмдэглэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэсэн зүйлийг ярьдаг. Тухайн зам тээврийн ослын ул мөр, мөргөсөн, мөргүүлсэн, машинд ямар ул мөр үлдээсэн зэрэг нөхцөл байдлуудыг бэхжүүлж хэрэгт хийсэн. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд зурсан, хонхойсон гээд янз янзын юмнууд бий болоод байсан. Тэмдэглэлүүдийг оролцогч нарт танилцуулсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Машины эвдрэлийн тухайд өмгөөлөгчөөс 2 өөр зүйл гарсан гэдэг зүйлийг ярьж байна. Машин хохирогч С.Г, түүний нөхөр Б.А нарын эзэмшлийн машин байгаа. Энэ машиныг Видан Моторс компани Хятад ард улсаас оруулж ирсэн. Монгол Улсын зах зээлд худалдан борлуулдаг машин. Энэ машинд учирсан эвдрэл гэмтэлтэй холбоотой үнэлгээ гаргуулахад үнэлгээ гаргахаас татгалзсан. Өөрөөр хэлбэл Монголын зах зээлд түгээмэл биш байдаг машин байна, мэдэхгүй гэсэн. Эд анги хаалга, шил толь, бариул ч зах зээлд борлуулагддаггүй учраас үнэлгээг гаргах боломжгүй гээд үнэлгээний компани үнэлгээ гаргаагүй. Мета Моторс компани эвдрэлийн үнэлгээг 2 өөрөөр гаргасан.  Осолд орсны дараа машины кроп эвдэрсэн гэдэг асуудал яригдаж байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд тухайн үед ослоос кроп эвдэрсэн гэдэг зүйл яригдаагүй учраас хохиролд тооцох боломжгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн. Хэргийг шүүхэд шилжүүлэхийн өмнө хохирогч С.Г, иргэний нэхэмжлэгч Б.А нар нотлох баримтуудтай нэг бүрчлэн танилцсан. Энэ ямар баримт юм, хэнд ямар мөнгө төлөөд эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн, машин засуулсан талаар бүгдийг нь тайлбарлуулсан. Мөн давхацсан байгаа баримтуудыг тооцох боломжгүй гэдгийг би тайлбарлаж өгсөн. Мөн автомашины эвдрэлийн үнэлгээ дээр хүртэл хэлж байсан. Ийм учраас гомдлын тухайд хүлээж авах боломжгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй. Харин хохирлын хувьд зөрүүтэй зүйл байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Г.Гандөш давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний хувьд энэ хэрэгт давж заалдах шатнаас эхлэн хохирогчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, хэргийн материалтай танилцсан.  Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг танилцаад тайлбар бичсэн. Энэ хэрэгт хохирлыг бодитойгоор тогтоох ёстой байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдалд гэмт хэргийг хэн үйлдсэн, хэзээ үйлдсэн, хаана үйлдсэн, тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нь заавал тогтоох ёстой. Гэтэл нотолбол зохих байдлыг нотлохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Прокуророос үнэлгээ гаргах боломжгүй байсан гэсэн зүйл яриад байна. Монгол Улсад авто тээврийн эд зүйлийн үнэлгээг гаргах боломжгүй гэсэн. Би энд итгэхгүй байна, үнэлгээг гаргах боломжтой. Энэ талаар санаачилга гаргаж мөрдөгч нь явсан бол үнэлгээг нь тогтоогоод хохирлыг бодитойгоор тогтоох боломжтой байсан. Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож тогтооно гэж хуульчилсан. Гэтэл шүүхийн шатанд шинжээч томилж шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэх хууль зүйн зохицуулалтууд байдаг. Гэтэл шүүх нэхэмжлэлийг хэлэлцэхээс татгалзаад хэлэлцэхгүй шийдвэрлэсэн байдаг. Хохирогч С.Г-гийн эрүүл мэндэд учирсан хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зарлагын баримтаа нэг бүрчлэн жагсаалт гаргаж тайлбарлаад өгсөн байхад тухайн баримтаас дийлэнх хэсгийг нь буюу 16,000,000 төгрөгөөс 9,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон. Үүнд хохирогчийн зүгээс маш их гомдолтой байгаа. Хэдийгээр гэм буруутай эсэхийг тогтоох, ял оногдуулах асуудал ч байгаа. Хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээж хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах ёстой. Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоосон журмын дагуу гэмтлийн зэргийг тогтоосон. Хохирогчийн шөрмөсний суналт, хаван, урд чагтан холбоосны суналт гээд бүгдийг нь тогтоож шинжээчийн дүгнэлт гарсан байхад үүнийг зөвшөөрөхгүй байна гэж хүсэлт өгсөн гэдэг. Гэтэл энэ хэрэгт ямар ч хүсэлт байхгүй. Хуульд зааснаар прокурорт шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэж ёстой. Хэрэгт байхгүй зүйлийг ярьж байна. Мөн сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэлийг зөвшөөрөхгүй гэж байгааг ойлгохгүй байна. Шүүгдэгч Г.О ын үйлдлийн улмаас хохирогч С.Г-д хохирол учирсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдлын нэг хэсэг буюу хохирол, хор уршгийн хэмжээг тогтоогоогүй шийдвэрлэсэн учраас шийтгэх тогтоол хууль ёсны  бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2026/ШЦТ/25 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй өгнө үү гэв.

Шүүгдэгч Г.О  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би шүүхтэй маргалдсан зүйл байхгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрвээгийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхээс Г.О-ыг тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэн шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрвээгээс ... Тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийхдээ хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулж, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ гэсэн хуулийн заалтыг зөрчсөн. Хохирогчид хүндэвтэр хохирол учирсан, мөн сэтгэцэд нь 2-р зэрэглэлд ийн хор уршиг учирч гэх дүгнэлтүүдийг зөвшөөрөхгүй байгаа. Хохирогчийн жолоодож явсан ... ӨВО дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагаар гаргуулах хүсэлтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан учир шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.. гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн буюу хуульд заасан шаардлага хангаагүй байна гэж дүгнэлээ.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор хуульчлагдсан.    

Гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон түүний улмаас учирсан хор уршгийн хоорондох шалтгаант холбоог зөв тогтоох нь тухайн этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, ялын төрөл, хэмжээг ялгамжтай сонгох, хохирлын хэмжээ, шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, түүнийг нөхөн төлүүлэх зэрэгт онцгой ач холбогдолтой юм.                  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1-д гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг зөв тодорхойлох нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд нөлөөлнө.                                                                      

Гэмт хэрэг үйлдэгдэх үед хохирогчийн жолоодож явсан ... ӨВО дугаартай машинд 22,150,000 төгрөгийн хохирол учирсан гэж хохирогчоос нэхэмжилснийг анхан шатны шүүх үнэлгээ тогтоогоогүй гэх үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн, мөн хохирогчид учирсан хохирлыг шийдвэрлэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, энэ талаарх шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн өмгөөлөгчийн гомдол, тайлбар үндэслэлтэй байна.

            Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2026/ШЦТ/25 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Г.О-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2026/ШЦТ/25 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Г.О-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Н.ЭНХМАА

                                            ШҮҮГЧИД                                 Л.НЯМДОРЖ

                                                                                              Б.ЦЭРЭНПҮРЭВ