Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2026/ДШМ/316

 

2026             03             19                                                                      2026/ДШМ/316                                                                                                                

 

 

 

Б.И-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           прокурор Ч.Цэндмаа /томилолтоор/

иргэний нэхэмжлэгч “И-” ерөнхий боловсролын сургуулийн хууль ёсны төлөөлөгч П.Б-,

шүүгдэгч Б.И-  /цахим/, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл /цахим/,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2026/ШЦТ/46 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний нэхэмжлэгч “И-” ерөнхий боловсролын сургуулийн хууль ёсны төлөөлөгч П.Б-, шүүгдэгч Б.И-, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 2505 00000 0935 дугаартай хэргийг 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Галбадарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Х- овогт Б-ын И- /РД:ЛБ-/, Монгол Улсын иргэн, ..........., хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч Б.И- нь“И-” ерөнхий боловсролын сургуульд багшаар ажиллаж байх үедээ буюу 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн хооронд үргэлжилсэн 10 удаагийн үйлдлээр нэр бүхий хохирогч нараас хүүхдийн сургалтын төлбөрийг хөнгөлөлттэй нөхцөлөөр төлөх боломжтой гэж залилан нийт 32.706.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.И-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Х- овогт Б-ын И-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн

17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.И-д 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И-гоос нийт 11.929.095 /арван нэгэн сая есөн зуун хорин есөн мянга ерэн тав/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч И- сургуульд /П.Б-д/ олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.И- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч Б.И-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.И- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн И- сургуульд ажиллаж байх хугацаандаа өөрийн хийсэн буруутай үйлдэл болох бусдад хохирол , хор уршиг учруулсан үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж харамсаж байгаа билээ. Б.И- би хууль зүйн мэдлэг дутуу дульмаг эрх зүйн үр дагаварыг ойлгож ухамсарлаагүй улмаас өмгөөлөгчөөс зөвөлгөө авч чадалгүй өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон. Сүхбаатар дүүргийн Р- бүрэн дунд сургуульд бага ангийн багшаар ажиллаж байгаа, Р- олон улсын хөтөлбөртэй дээд сургуульд Төрийн удирдлага чиглэлээр мэргэжил дээшлүүлэн суралцдаг. Б.И- би 2020 оноос Астмо бронхит  агаарын дутагдалд орох, битүү бөгчим орчинд байх үед амьсгаа давхцах дотор муухай болох толгой эргэх, оноштойгоор өдөр бүр Аirdbizal 50/250 эмийг цацдаг. Миний бие эзэмшиж төгссөн мэргэжилдээ үнэнчээр хандаж ахиж ийм алдаа дутагдал гаргалгүй мэргэжлээрээ ажиллаж хойч үеэ сурган хүмүүжүүлэх их хүсэлтэй байгаа тул эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэлийг хорихоос өөр төрлийн тэнсэн харгалзах эсвэл торгуулийн ялаар сольж өгөхийг хичээнгүйлэн хүсье” гэжээ.

 “...Миний гаргасан алдаа байж болохгүй зүйл. Дахиж ийм алдаа гаргахгүй гэж чин сэтгэлээсээ харамсаж байна. Би сүүлд аутисмтай хүүхдүүдтэй ажиллаж байсан учраас тэдгээр хүүхдүүддээ санаа зовж байна. Би дахиж ийм алдаа гаргахгүй учраас байж болох бүх талаас нь туслаж өгөөч гэж хүсэж байна. Би дахиж хүмүүсийг хуурахгүй, зөвхөн үнэнээрээ цаашид явна гэдгээ амлаж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл давж заалдах гомдолдоо: “...Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.12.30-ны өдрийн 2025/ШЦТ/46 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, И-гийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл миний бие Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасныг үндэслэл болгож дараах гомдлыг гаргаж байна. Миний үйлчлүүлэгч Б.И-г Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Холбогдсон хэргийн хувьд шүүхээс дүгнэлт хийхдээ ... “И- сургуулийн багш Б.И- нь сургалтын төлбөрийг өөрийн хувийн дансаар авахыг хориглодог гэдгийг мэдсээр байж 2024-2025 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг өөрийн даасан ангийн хүүхдүүд болох Т.Е-, Т.У-, М- ... гэсэн нэр бүхий 10 хүүхдүүдийн эцэг эхрүү удаа дараа холбогдон одоо төлбөрийг өгвөл хөнгөлөлт үзүүлнэ, хөнгөлөлтөд хамрагдахыг хүсвэл яаралтай шилжүүл, улийн санхүүд шилжүүлнэ” гэх мэдээр худал хэлэн ятгаж өөрийн Хаан, Төрийн банкны дансуудыг ашиглан шилжүүлэн авч хувийн хэрэгцээндээ зарцуулсан болох нь тогтоогдсон байна. Нөгөө талаас хохирогч нар нь тус сургуулийн санхүүгээс энэ талаар тодруулж нягтлахгүйгээр шүүглэгч Б.И-г хүүхдүүдийнх нь ангийн багш гэдэг утгаар итгэж мөнгө шилжүүлсэн тухайн гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна. Шүүгдэгч Б.И-гийн дээрх үйлдэл нь амар хялбар аргаар мөнгө олох гэсэн зорилготой, шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл нь хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв. Иймээс шүүдэгч Б.И-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан байна гэж дүгнэж гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, амар хялбар байдлаар мөнгө олох гэсэн түүний үйлдлийн арга, сэдэлт, нийгмийн аюулын шинж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлын хэмжээ, хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Б.И-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, түүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн хохирол хор уршгийн тухайд иргэний нэхэмжлэгчид 11,929,095 төгрөгийг гаргуулж И- сургуульд олгохоор шийдвэрлэсэн байна. Гомдлын үндэслэл: Миний үйлчлүүлэгч Б.И- нь эрх зүйн ухамсрын хүрээнд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолд халдаж бусдад хохирол, хор уршиг учруулсан үйлдлээ чин сэтгэлээсээ гэмшиж харамсдаг. Тиймдээ ч хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн цагаас эхлээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үе шатанд гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруутай үйлдэл дээрээ маргаж мэтгэлцэж байгаагүй, үнэн зөвөөр мэдүүлгээ өгч хохирол хор уршгийг арилгахаа илэрхийлж толорхой хэмжээнд хохирол төлбөрийг барагдуулсан гэдэг нь хавтаст хэргийн материалд авагдаж шүүхийншийтгэх тогтоолд дурьдсан байна Г- өөрөө хууль зүйн мэдлэг дутуу дульмаг эрх зүйн үр дагаварыг ойлгож ухамсарлаагүй улмаас өмгөөлөгчөөс зөвлөгөө авч чадалгүй өөрийгөө өмгөөлж шүүх хуралд оролцож бусдад учруулсан хохирол хор уршгийг арилгаагүйн улмаас хорих ял оногдуулсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх гомдол эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх үйл ажиллллагаа шийдвэрийг бүхэлд нь хянана, мөн шүүгдэгчийн зүгээс эрх зүйн байдлыг дээрдүүлэх ял шийтгэлийг хөнгөрүүлэхтэй холбоотойгоор нотлох баримт шинээр гаргаж өгөх эрх нь нээлттэй байгаа учраас өмгөөлөгчийн хувьд ар гэрийнхэнтэй нь холбогдож шүүхийн шийтгэх тогтоолд иргэний нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн төлбөр мөнгийг төлсөн болно. Дээрх үйл баримтаас харахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн, мөн хуулийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлууд хувийн байдал тогтоосон баримтуудаас харагдаж байх тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож өгөх талаар өмгөөлөгчөөс хүсэж байна. Мөн шүүгдэгч нь өнөөдрийн байдлаар Р- сургуульд багшаар ажиллаж байгаа болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчиигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж хуульчилсан байна. Мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэснийг удирдлага болгон Б.И-гийн олон зуун хүүхдүүдэд сурч мэдсэнээ зааж сургаж байгаа багш мэргэжилийг нь хүндэтгэж, хийсэн гэмт үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэм буруу дээр маргаагүй байдал, учруулсан хохирол, хор уршигаа арилгасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд заасны дагуу торгох ялаар шийтгэж өгнө үү Хэрэв шүүх боломжгүй гэж үзэх юм бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл 1 дэх хэсэгт зааснснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөхийг хичээнгүйлэн хүсье” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Шүүгдэгч Б.И- өмгөөлөгчгүй анхан шатны шүүх хуралдаанд оролцсон тухайгаа надад тайлбарласан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч миний зүгээс иргэний нэхэмжлэгчтэй холбогдож хохирол, хор уршигийг арилгуулах тал дээр бүрэн дүүрэн арга хэмжээ авсан. Шүүгдэгчийн тухайд анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн ба үргэлжлүүлж цаашид багшлах сонирхолтой залуу хүүхэд юм. Цаашид гэмт хэрэг, алдаа дутагдал гаргахгүйн тулд хичээж ажиллана гэдгээ учирлаж хэлснийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Эрүүгийн хариуцлагын зорилго бусдыг нийгэмшүүлэхэд оршдог. Мөн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх ёстой. Шүүгдэгч Б.И-гийн хохирол, төлбөрөө бүрэн барагдуулсан нөхцөл байдлыг нь харгалан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү гэсэн саналтай байна. Хэрэв шүүгдэгч дахин гэмт хэрэг үйлдвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломж үүсэх учраас ялыг тэнсэж, түүнд ажиллах, амьдрах боломжоор хангаж өгөхийг хүсэж байна” гэв.

Иргэний нэхэмжлэгч “И-” ерөнхий боловсролын сургуулийн хууль ёсны төлөөлөгч П.Б- давж заалдах гомдолдоо: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг эс зөвшөөрч “И-” ерөнхий боловсролын сургуулийн хууль ёсны төлөөлөгч П.Б- миний бие дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. 1. Шийтгэх тогтоолын агуулгын товч: Дээрх шийтгэх тогтоолын: 1 дэх заалтад шүүгдэгч Б.И-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэнд тооцож, 2 дахь заалтад 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 3 дахь заалтад уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, 4 дэх заалтад шүүгдэгч Б.И-гоос 11,929,095 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “И-” сургуульд олгохоор тус тус шийдвэрлэсэн. Иргэний нэхэмжлэгч нь уг шийтгэх тогтоолын гэм буруугийн зүйлчлэлд маргаагүй лно. Харин хохирлын хэмжээг тогтоосон байдал нь үндэслэлгүй, хуульд нийцээгүй гэж үзэн гомдол гаргаж байна. ІІ. Давж заалдах гомдлын үндэслэл 1. Хохирлын хэмжээг буруу тогтоосон, нотлох баримтыг бүрэн үнэлээгүй тухай 1.1 Иргэний нэхэмжлэгч “И-" ЕБС нь анхнаасаа шүүгдэгч Б.И-гоос нийт 36,206,000 төгрөгийн хохирол нэхэмжилж ирсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад: Б.И- багшийн хувьдаа хууль бусаар авсан төлбөрийн тооцооллыг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд эдгээр нь хавтаст хэргийн 77, 122 дугаар талуудад тус тус авагдсан. Мөн мөрдөгчийн тогтоосон "Хохирол мөнгөний тооцоо” нэртэй баримт нь хавтаст хэргийн 123, 125 дугаар талуудад тус тус авагдсан байдаг. Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.И- нь: Нийт 36,206,000 төгрөгийн хохирол учруулснаас мөрдөн байцаалтын шатанд 9,206,000 төгрөг төлж 27,000,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй үлдсэн болох нь тогтоогдсон. Үүнээс шүүхийн шатанд Б.И- нь И- ЕБС-д ажиллаж байсан ээлжийн амралт мөнгө, цалин хөлс болох 7,570,905.05 төгрөгийг суутгуулсан. Мөн Б.И- нь хохирол төлбөрөө төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулсан бөгөөд энэ хугацаанд 4,000,000 төгрөг төлсөн байдаг. Тодруулбал Б.И- нь Нийт хохирол 36,206,000 төгрөг - 9,206,000 төгрөг 7,570,905.5 төгрөг - 4,000,000 төгрөг = 15,929,095 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа юм. 1.2 Яллах дүгнэлтэд хохирлын хэмжээг буруу тогтоосон тухай Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтаар хохирлын нийт хэмжээ 32,206,000 төгрөг биш, 34,706,000 төгрөг болох нь тогтоогддог. Тодруулбал шүүгдэгч Б.И- нь сурагч М.М-оос сургалтын төлбөр гэж 4,500,000 төгрөг шилжүүлж авсан нь дараах баримтуудаар нотлогдсон. Үүнд: 2-р Хавтаст хэргийн 82 дугаар хуудасны ар талд “2024.08.04-ны өдөр С- А-ын 2А- тоот данснаас Б.И-гийн Хаан банкны 5А- тоот хаан банкны данс руу Гүйлгээний утга: М- М- УМ- гэж 2,000,000 төгрөг шилжүүлсэн”, 120 дугаар тал "2024.09.27-ны өдөр Б- М-ийн хаан банкны MN58000М-4 дугаартай данснаас гүйлгээний утга: М- гэж Б.И-гийн 10М-9 тоот данс руу 1,000,000 төгрөг шилжүүлсэн”, 141 дүгээр хуудасны ар талд "2024.12.22-ны өдөр С- А-ын голомт банкны MNМ-2А- дугаартай данснаас гүйлгээний утга:М- гэж Б.И-гийн 10М-9 тоот дансруу 1,500,000 төгрөг шилжүүлсэн" авагдсан Б.И-гийн дансны хуулгаар хөдөлбөргүй Үүнийг тогтоогдсон. яллах дүгнэлтэд 2,500,000 төгрөг гэж 2,000,000 төгрөгөөр багасгаж тооцсоны улмаас хохирлын хэмжээ бодиттойгоор тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл Б.И- нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар 34,706,000 төгрөгийн хохирол учруулсан. Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар: Нийт хохирол: 34,706,000 төгрөг Төлөгдсөн дүн: 9,206,000 + 7,570,905.5 + 4,000,000 = 20,776,905.5 төгрөг Үлдэгдэл хохирол: 34,706,000 – 20,776,905.5 = 13,929,094.5 төгрөг байна. Гэтэл анхан шатны шүүх нь: Дээрх нотлох баримтуудыг бүхэлд нь үнэлэлгүй Иргэний нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд нэхэмжилсэн хохирлын хэмжээг харгалзан үзэлгүй, зөвхөн яллах дүгнэлтэд дурдсан дүнг үндэслэн хохирлын хэмжээг тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1, 16.2, 16.3, 16.4 дүгээр зүйлүүдийг зөрчсөн гэж үзэж байна. II. Шүүхээс хүсэх нь Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолын тотогтоох хэсгийн 4 дэх заалтад “ Шүүгдэгч Б.Ичин чинхорлоогоос үлдэгдэл 13,929,094,5 төгрөгийн хохирлыг гаргуулж иргэний нэхэмжлэгч “И-" кий боловсролын сургуульд олгуулахаар өөрчлөлт оруулж өгнө  γγ” гэжээ.

Иргэний нэхэмжлэгч “И-” ерөнхий боловсролын сургуулийн хууль ёсны төлөөлөгч П.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 4 дэх хэсгийг эс зөвшөөрч миний бие давж заалдах гомдол гаргасан. Гэвч шүүгдэгч Б.И- нь шийтгэх тогтоолд заасан хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Иймд өөрийн гаргасан давж заалдах гомдлоосоо татгалзаж байна гэв.

Прокурор Ч.Цэндмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “....Прокурор анх шүүгдэгчид 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байсан бөгөөд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ прокурорын саналыг харгалзан үзсэн байна. Хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтаар шүүгдэгч Б.И- нь үргэлжилсэн үйлдлээр нийт 10 хохирогчид 35,000,000 хохирол учруулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохирол төлбөрийг бүрэн төлөөгүй байсан. Гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд оролцсон байдаг. Мөн шүүгдэгчийн оршин суугаа хаяг тодорхойгүй нөхцөл байдал байсан учраас прокурор хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй гэж үзээд ялын саналаа гаргасан байдаг. Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд хорих ялыг хамгийн багаар оногдуулсан. Өмгөөлөгчийн зүгээс ял хөнгөрүүлэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан байна. Шүүхийн шатанд хохирол төлбөрийг бүрэн төлсөн гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Гэвч өмгөөлөгчийн давж заалдах гомдолдоо дурдсан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч удаа дараагийн буюу үргэлжилсэн үйлдлээр санаатай гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэдэг нь үгүйсгэгдэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэм буруугийн үйлдэлд тохирсон гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. Иргэний нэхэмжлэгч талаас хохирол бүрэн төлөгдсөн гэж үзээд давж заалдах гомдлоосоо татгалзаж байна. Үүнтэй холбоотой тайлбар байхгүй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шүүгдэгч Б.И-д холбогдох эрүүгийн 2505 000000935 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Б.И-гийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцжээ. 

 

Шүүгдэгч Б.И- нь Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “И-” ерөнхий боловсролын сургуульд багшаар ажиллаж байх үедээ 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн хооронд үргэлжилсэн 10 удаагийн үйлдлээр нэр бүхий сурагчдын буюу Э.Б-ын эцэг Б.Э-гаас 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 3.700.000 төгрөгийг Төрийн банкны 10М-9 дугаарын дансаар, Т.У-ын эх Ө.А-аас 2024 оны 11-р сарын 7-ны өдөр 1 сая төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1 сая төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 07-ны өдөр 2 сая төгрөг, нийт 4.000.000 төгрөгийг Төрийн банкны 10М-9, Хаан банк 50А-5 тоот тус тус дансаар, Б.Ундрахын эх П.Отгонхишигээс 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 2 сая төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 900.000 төгрөг, нийт 2.900.000 төгрөгийг Төрийн банкны 10М-9 дугаарын дансаар, Т.Ч-ий эх Г.Н-гоос 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 2.000.000 төгрөгийг Төрийн банкны 10М-9 дугаарын дансаар, Т.Е-гийн эх Э.С-гаас 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 800.000 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 900.000 төгрөг, 2025 дугаар 2 дугаар сарын 27-ны өдөр 1.700.000 төгрөг, нийт 3.400.000 төгрөгийг Төрийн банкны 10М-9 тоот дансаар, О-ийн эх М.Ц-аас 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 2.000.000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1.500.000 төгрөг, нийт 3.500.000 төгрөгийг Төрийн банкны 10М-9 дансаар, Б.Ч-гийн эх Б.Г-оос 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 2.000.000 төгрөг нийт 3.000.000 төгрөгийг Төрийн банкны 10М-9 тоот дансаар, А-гийн эмэг эх Д.Ц-гаас 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 3.500.000 төгрөгийг Төрийн банкны 10М-9 тоот дансаар, М-ын эмэг эх Г.А-гаас 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 1.000.000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1.500.000 төгрөг, нийт 2.500.000 төгрөгийг Төрийн банкны 10М-9 тоот дансаар, М-ын эх Д.С-гаас 2024 оны 5 дугаар сарын 10-ний өдөр 3.500.000 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 12-ын өдөр 706,000 төгрөг, нийт 4.206.000 төгрөгийг Хаан банкны 5С-95 тоот дансаар тус тус шилжүүлэн авч бусдаас нийт 32.706.000 төгрөгийн сургалтын төлбөрийг “сургалтын төлбөрөө төлөх шаардлагатай байна, хүүхдийг чинь хичээлд суулгахгүй гэх болон одоо төлбөрийг өгвөл хөнгөлөлт үзүүлнэ, хөнгөлөлтөнд хамрагдахыг хүсвэл яаралтай шилжүүл, би сургуулийн санхүүд шилжүүлнэ” зэргээр хохирогч нарыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Э-гийн “...Би Б.И- гэдэг хүнийг танина. Манай хүү Б-ын анги удирдсан багш. Бусдаар өөр харилцаа хамаарал байхгүй. ...Манай хүүхдийн сургалтын төлбөр нэг жилийн 4 сая төгрөг байдаг. ...Б.И- багш 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ярихдаа 2024 оны 10 дугаар сарын 01- ний өдөр ярихдаа “Та төлбөрийг нь энэ долоо хоногт төлсөн тохиолдолд 200.000 төгрөгийг багшийнх нь зүгээс хөнгөлж өгөх боломжтой” гэж хэлэхээр нь би 2024 оны 10 дугаар сарын 04-ны өглөөний 07 цаг 30 минутын үед “И-” сургуулийн санхүүгийн албанд очиж хүүхдийнхээ төлбөрийг өгөх гэсэн боловч тус албанд хүн байхгүй байсан учир би ангийн багш Б.И- руу ярихад Б.И- багш сургуулиас гарч ирээд надтай уулзаад “Миний данс руу хийчих ээ би өгчихье” гэж хэлэхээр нь Б.И- багшийн Төрийн банкны 10М-9 дугаарын данс руу өмнөх жилийн төлбөрийн хөнгөлөлт болох 100.000 төгрөг, мөн тухайн жилийн хөнгөлөлт болох 200.000 төгрөгийг хасаад 3.700.000 төгрөгийг шилжүүлсэн. ...Б.И- багш манай хүүхдийн сургалтын төлбөрийг сургуулийн данс руу шилжүүлээгүй байгаа гэдгийг өчигдөр манай эхнэр Уранбилэг И- ЕБС-ийн санхүүтэй холбогдож асууж мэдсэн” /1хх 30-31/,

Хохирогч Ө.А-ын “...Манай хүүхдийн сургалтын төлбөр энэ жилийнх нь 4 сая төгрөг гэж байсан. ...Би хүү Т.У-ын сургалтын төлбөрийг өөрөө шилжүүлэх боломжгүй, хөдөө ажилтай явж байсан учир Э-ийн С- гэх манай ажлын хүн хотод байсан болохоор шилжүүлээд өгөөч гэж хэлээд 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 10 цаг 30 минутад 1 сая төгрөг, дараа нь мөн адил би хөдөө байсан учир найз Б- овогтой П-ээр 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 19 цаг 10 минутад 1 сая төгрөгийг Б.И- багшийн Төрийн банкны 10М-9 дугаарын данс руу шилжүүлэг хийлгэсэн. Дараа  би өөрөө Улаанбаатар хотод байсан учир 2025 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 14 цаг 09 минутад АТМ ороод Хаан банкны 50А-5 дугаартай Г- Х- гэх хүний данс руу Б.И- багшийг энэ данс руу гүйлгээний утгьг нь “И-” гэж бичээд явуулчих гэхээр нь би өөрөө шилжүүлэг хийсэн. ...И- багш над руу яриад намайг хөдөө явж байсныг мэдэж байсан учир танай хүүхдийн сургалтын төлбөр нэхэгдэж байна гэхээр нь би хөдөө сүлжээгүй газар байгаа учир хүнтэй холбогдоод шилжүүлье гэхэд Б.И- багш “Би банк дотор байна. Над руу шилжүүлээд би цааш нь сургуулийн данс руу шилжүүлье” гэхээр нь би надаас шууд аваад цааш нь сургуулийн данс руу шилжүүлэх гэж байна ойлгоод шилжүүлэг хийсэн”  /1хх 35-36/,

Хохирогч П.О-ийн: “...Би Б.И- гэдэг хүнийг танина. Манай охин Ундрахын анги удирдсан багш. ...Манай хүүхдийн сургалтын төлбөр нэг жилийн 4 сая төгрөг байдаг. Гэхдээ анги ахих тусам 500.000 төгрөгөөр нэмэгддэг.  ...Б.И- багш 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр над руу ярихдаа та хичээл эхлэх гэж байгаа учир урьдчилгаа мөнгөө хийх ёстой байна гэхээр нь би 2 сая төгрөг шилжүүлсэн. Түүний дараа Б.И- багш над руу ярихдаа “надад 500.000 төгрөгөөр хүүхдийн төлбөр хөнгөлөх ганцхан эрх орж ирсэн учир энэ эрхээ таны хүүхдэд өгөх гэсэн юм. Та 500.000 төгрөгөө хасаад над руу үлдэгдэл мөнгөө шилжүүлээд өгч болох уу” гэхээр нь би “өө за баярлалаа” гэж хэлээд “И-” ЕБС-д 2 хүүхэд суралцах үед хөнгөлөлт байдаг учир тэрийг хасаад үлдэгдэл 900.000 төгрөгийг Б. И- багшийн данс руу шилжүүлсэн” /1хх 40-41/,

Хохирогч Г.Н-гийн “...Манай хүү Ч- нь И- ерөнхий боловсролын сургуулийн 2б ангид Б.И- багшийн доор суралцдаг. 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Б.И- багш над руу залгаад “танай хүүгийн төлбөр болох 4.000.000 төгрөгийг сургуулиас нэхээд байна, та төлбөрийг нь хийх боломжтой байна уу?” гэхээр нь би “аав нь орой 17 цагаас өмнө хийнэ, ямар данс руу хийх вэ” гэхэд багш надад Төрийн банкны өөрийн эзэмшдэг 10О-79 дугаартай дансыг чатаар явуулахаар нь би нөхөртөө хэлээд тухайн өдрийн оройны 6 цаг 35 минутын үед манай нөхөр төлбөрөөс 2.000.000 төгрөгийг нь сая хийсэн гэж байна гээд хэлэхэд Б.И- багш чатаар надад “за би төлбөрийг нь хийгээд баримтыг нь явуулъя” гэж хэлчхээд баримтыг нь огт явуулаагүй. Үлдсэн мөнгийг нь манайх сургуульд өгөөгүй байгаа.” /1хх 168-169/,

Хохирогч Э.С-гийн “..Манай охин Т.Е- нь И- ерөнхий ловсролын сургуулийн 26 ангид Б.И- багшийн доор суралцдаг. Би 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр надтай ангийн багш Б.И- нь өөрийнхөө О- дугаарын утсаар холбогдоод манай охины сургалтын төлбөрийг шилжүүлсэн эсэхийг асууж тодруулахаар нь би төлбөрийг төлж амжаагүй байгаа талаар хэлэхэд Б.И- багш надад “ та хэрвээ хүүхдийнхээ төлбөрийг яаралтай төлөхгүй бол танай хүүхдийг хичээлд суулгахгүй. Манай сургуулиас ийм байдлаар шахаж шаардаад байна” гэхээр нь би “өө яана аа багшаа, тийм үү надад  одоо байгаа нь 800.000 төгрөг байна” гэхэд Б.И- багш надад “ өө болно, та ядаж наадхаа өгчих, тэгвэл би санхүүд хэлээд мөнгийг чинь санхүүд өгчихье” гэхээр нь би Б.И- багшид итгээд тухайн өдрөө мөнгөө шилжүүлсэн, маргааш нь буюу 1 дүгээр сарын 15-ны өдөр Б.И- багш над руу “багш нь явах гээд байна шүү” гэж чат явуулчихаад араас нь 30 минутын дараа өөрийн төрийн банкны 10М-9 дугаарын дансыг явуулахаар нь би үлдэгдэл төлбөр болох 900.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгтэл Б.И- багш надад хандаад “би ажлаа орхиод гараад ирчихсэн байсан юм. Одоо ажил руу ороод санхүүд хэлчихье” гэхээр нь би итгэсэн. Түүнээс хойш Б.И- багш над руу төлбөртэй холбоотой яриагүй байж байгаад 2025 дугаар 2 дугаар сарын 27-ны өдөр би өөрөө И- багш руу яриад “үлдэгдэл төлбөр болох 1.700.000 төгрөгийг ямар данс руу шилжүүлэх вэ?” гэж асуухад Б.И- багш надад өмнө нь өгсөн шигээ өөрийнхөө төрийн банкны 10М-9 дугаарын дансаа өгөхөөр нь би үлдэгдэл мөнгө болох 1.700.000 төгрөгийг шилжүүлсэн” /1хх 185-186/,

 Хохирогч М.Ц-ын “...Манай охин О- нь И- ерөнхий боловсролын сургуулийн 2б ангид Б.И- багшийн доор суралцдаг. Би 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр надтай ангийн багш Б.И- нь цахим хаягаар холбогдоод манай охины сургалтын төлбөрийг шилжүүлсэн эсэхийг асууж тодруулахаар нь би төлбөрийг төлж амжаагүй байгаа талаар хэлэхэд Б.И- багш надад “манай дүү сурч байгаад суралцахаа больсон учир энэ хөнгөлөлтөд танай хүүхдийг хамруулах боломжтой байна. Төлбөрийн 500.000 төгрөгөөр хөнгөлөх эрх нь 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр дуусах хугацаатай байгаа гэхээр нь би надтай холбогдсон өдрийн маргааш нь буюу 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгийг нь тус оны 8 дугаар сарын 20-ны өдөр үлдэгдэл 1.500.000 төгрөгийг Б.И- багшийн өөрийнх нь Төрийн банкны 10М-9 дугаарын данс руу шилжүүлсэн” /1хх 202-203/,

            Хохирогч Б.Г-ын “..Манай хүү Б.Ч- “И-” ерөнхий боловсролын сургуулийн 2б ангид Б.И- багшийн доор суралцдаг. 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өглөөгүүр над руу Б.И- багш өөрийнхөө О- дугаарын утсаар залгаад “манай сургуулиас хүүхдийн төлбөрт хөнгөлөлт үзүүлэх боломжтой хүүхдийн тоонд танай хүүхэд орсон байна” гэхэд би багшид хандаад “яана аа багшаа одоогоор мөнгөгүй байна” гэхэд Б.И-  багш надад “өнөөдөртөө төлбөрийг нь хийхгүй бол хөнгөлөлт байхгүй болно. Та яаж ийж байгаад тал төлбөрийг нь ч болтугай төлбөл хөнгөлөлтөд хамрагдах боломжтой байна" гэхээр нь би нөхөртэйгөө ярилцаад тухайн өдрийн үдээс хойш 1.000.000 төгрөгийн төлөлт хийхээр болж Б.И- багштай холбогдоод "Та сургуулийн төлбөрийн дансыг өгөөч" гэхэд Б.И- багш надад хэлэхдээ "би одоо санхүү орох гэж байна. Та миний данс руу шилжүүлчих" гэхээр нь би Б.И- багшид итгээд өөрийнх нь Төрийн банкны 10М-9 дугаартай данс руу төлбөрийн урьдчилгаа болох 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Түүнээс хойш хэсэг байж байгаа 2025 оны 2 дугаар сарын эхээр над руу Б.И- багш хоёр гурван өдөр залгаад сурагчдын төлбөрийг төлөх шаардлагатай байна гээд шахаад байхаар нь би "манай нөхөр байхгүй байна, ирэхээс нь нааш төлбөр хийх боломжгүй байна" гэхэд "за ойлголоо та удахгүй шилжүүлээрэй" гээд өөрийнхөө дансыг байнга над руу явуулдаг байсан. 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр би хүүхдийнхээ төлбөрийн үлдэгдэл болох 2.000.000 төгрөгийг тухайн өдрийн өглөө И- багш төлбөрөө нэхэж залгасан учир би шилжүүлэхээр болж И- багшийг та дансаа явуулчих гэж асууж байгаад өмнө нь хийсэн Төрийн банкны данс руу үлдэгдэл мөнгийг шилжүүлсэн” /1хх 219- 221/,

Хохирогч Д.Ц-гийн “...Манай ач охин А- нь И- ЕБС-ийн 2б ангид Б.И- багшийн удирдлага дор суралцдаг байсан. 2024 оны 7 дугаар сарын эхээр над руу Б.И- багш утсаар яриад “надад 500.000 төгрөгийн нэг хүүхдийг сургалтын төлбөрөөс нь хөнгөлж өгөх эрх байдаг юм. Та тэр эрхийг авах уу? авахаар бол та сургалтын төлбөрийг нь 7 дугаар сарын 06-ны өдрөөс өмнө хийвэл хамрагдах боломжтой” гэж надад хэлсэн учир төлбөрийг нь заасан хугацаанаас өмнө буюу 2024 оны 7 дугаар сарын 05-ны үед Солонгос улсад байдаг А-гийн ээж нь 3.500.000 төгрөг шилжүүлснийг би дамжуулж хийсэн.” /1хх 237-238/,

Хохирогч Г.А-гийн “...Манай ач хүү М- нь И- ерөнхий боловсролын сургуулийн 2б ангид Б.И- багшийн доор суралцдаг. Б.И- багш над руу яриад “Та М-ын ээж рүү хэлээд өгөөрэй. Төлбөрийг нь хийх хэрэгтэй байна” гэж хэлж байсан. Над руу ярихдаа “Та сургуулиас холбогдвол санаа зоволтгүй шүү. Төлбөрийн хөнгөлөлтийн талаар асууна та битгий санаа зовоорой” гэж хэлээд салгасан. Над руу ярьсны дагуу би Австрали улсад ажиллаж амьдардаг М-ын ээж болох С-д хэлснээр хүүгийн төлбөр 3.000.000 төгрөгийг намраас хойш хэд хэдэн удаа хувааж Б.И- багшийн Төрийн банкны данс руу шилжүүлсэн” /2хх 4-5/,

Хохирогч Д.С-гийн: “...Манай охин М- нь И- ерөнхий боловсролын сургуулийн 2б ангид Б.И- багшийн доор суралцдаг. 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Б.И- багш над руу залгаад “Танай охины төлбөр болох 4.000.000 төгрөгийг өнөөдөр хийвэл 3.500.000 төгрөгөөр буюу 500.000 төгрөгийн урамшуулал хасагдаж төлөгдөхөөр байна. Та төлбөрийг нь хийх боломжтой байна уу?” гэхээр нь тухайн өдөр охин М-ын 2 дугаар ангийнх нь төлбөр болох 3.500.000 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 12 цаг 19 минутад шилжүүлсэн. Мөн 1 дүгээр ангийнх нь төлбөрийн үлдэгдэл болох 706.000 төгрөгийг 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 18 цаг 01 минутад Б.И- багшийн Хаан банкны 5А- дугаарын данс руу шилжүүлсэн боловч одоо болтол сургуулийнх нь данс руу шилжүүлэг хийгдээгүй байна” /2хх 21-22/,

Иргэний нэхэмжпэгч “И-” ерөнхий боловсролын сургуулийн хууль ёсны төлөөлөгч П.Б- анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн “...2024-2025 оны хичээлийн жилийн төлбөрт Б.И- багш өөрийн дансаар 32.206.000 төгрөгийг эцэг эхээс авсан. Үүнээс 9.206.000 төгрөгийг төлсөн бөгөөд 27 сая төгрөг үлдсэн. ...Б.И- нь эцэг эхчүүдээс төлбөрийн мөнгийг авахдаа хөнгөлөлт үзүүлж байна гэж 500.000, 200.000 төгрөг гэх мэтээр хасаж тооцож өөртөө мөнгө шилжүүлсэн байдаг ба одоо эдгээр мөнгө шилжүүлсэн хүмүүс нь “танай сургуулийн багш бидэнд хөнгөлөлт үзүүлсэн учир тэр хөнгөлсөн мөнгийг бид гаргаж өгөх боломжгүй” гэсэн. Энэ асуудлаас үүдэн сургуульд хохирол учирч байгаа болохоос бус эдгээр хүүхдүүд манай сургуульд тухайн жилдээ суралцсан, тэдгээрт учирсан хохирол байхгүй. Иймээс шүүгдэгчээс төлөх төлбөрийг манай сургуульд олгох үндэслэлтэй гэж үзэж байна” /2хх 213-218/,

Шүүгдэгч Б.И- яллагдагчаар “...Манай сургууль сүүлийн 3 жилд л багш нар дансаараа сурагчдын төлбөрийг авахыг хориглосон. Түүнээс өмнө бол багш нар сурагчдын төлбөрийг өөрсдийнхөө дансаар авч болдог байсан. Би 2024 оны 8 дугаар сарын дунд үеэс эхлэн өөрийн даасан ангийн сурагчдын төлбөрийг эцэг эхээс нь өөрийн хувийн дансаар авчихаад сургуульд тушаах ёстой байсан боловч надад мөнгөний хэрэг гарахаар эхлээд санаандгүй сурагчдын төлбөрөөс авч хувьдаа ашигладаг байж байгаад сүүлдээ өмнө авч үрэгдүүлсэн сурагчдын төлбөрийг нөхөх гэж сурагчдынхаа эцэг эхчүүдээс төлбөрийг нэхэмжилж өөрийн хувийн данс руугаа авч ашигладаг байсан. Ер нь сургуулийн санхүүгийн албаны ажилчид нэхэмжилдэггүй анги даасан багш нарыг сурагчдынхаа төлбөрийг бүрдүүлж эцэг эхчүүдээр нь төлөлт хийлгэ гэж шаарддаг байсан. Би сурагчдынхаа эцэг эхчүүдтэй ярихдаа “манай сургуулиас төлбөрөө нэхэж байна, та төлбөрөө төлөх хэрэгтэй байна” гэж ярьдаг байсан. Би сурагчдын төлбөрийг хувийн данс руугаа авч болохгүй гэдгийг мэдэж байсан боловч тухайн үед надад мөнгөний хэрэгцээ, шаардлага гардаг байсан учир дараа нөхөөд хийчихье гэж бодоод сурагчдын төлбөрийг эцэг эхчүүдээс нь хувийн дансаар авч өөрөө ашигладаг байсан” /1хх 141/ гэх мэдүүлгүүд,

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлүүд /1хх 170, 187, 204, 222, 239, 2хх 6, 23/,

Шүүгдэгч Б.И-гийн “Төрийн банк” дахь төгрөгийн 10М-9 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2 хх 24-54, 98-143/

Шүүгдэгч Б.И-гийн “Хаан банк" дахь төгрөгийн 5А- тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2 хх 55-96/

 И- ерөнхий боловсролын сургуулийн захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээ төрийн албан хаагчийн анкет /1хх 63-75/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. 

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүх шүүгдэгч Б.И-гийн үйлдлийг үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Б.И- нь үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий хохирогч нараас нийт 32.706.000 төгрөгийг И- ерөнхий боловсролын сургуулийн тухайн үед 2б ангийг хариуцан ажиллаж байхдаа тус ангийн хүүхдүүдийн эцэг, эхээс өөрийн эзэмшлийн данснуудаар дамжуулан авч хувийн хэрэгцээндээ зарцуулсан байх боловч тус хохирогч нарын хүүхдүүд нь И- ерөнхий боловсролын сургуулиас сургалтын үйлчилгээг авсан, харин сургалтын төлбөрийг И- ерөнхий боловсролын сургууль нь шүүгдэгч Б.И-гийн гэм буруутай үйлдлийн улмаас авч чадаагүй нөхцөл байдлыг анхан шатны шүүх хуралдаанд талуудын мэтгэлцээний үндсэн дээр, хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан анхан шатны шүүх зөв тогтоон дүгнэж, төлөгдөөгүй хохирлыг иргэний нэхэмжлэгч И- ерөнхий боловсролын сургуульд олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Шүүгдэгч Б.И-гийн үйлдлийн улмаас иргэний нэхэмжлэгч И- ерөнхий боловсролын сургуульд 32.706.000 төгрөгийн хохирол учирснаас төлөгдөөгүй хохирол болох 11.929.095 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Иргэний нэхэмжлэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг зөв тогтоож чадаагүй тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах агуулгаар гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд гомдлоосоо татгалзсан болохыг иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч П.Б- илэрхийлж, И- ерөнхий боловсролын сургуулийн 2026 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн №15 “...Б-а овогтой И- нь Нийслэлийн ерөнхий боловсролын И- сургуульд учруулсан хохирлын төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2026/ШЦТ/46 дугаар бүхий шүүхийн шийдвэрийн дагуу сургуулийн зүгээс нэхэмжилж, шүүхээр тогтоогдсон 32.706.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болохыг хавсралтаар тодорхойлов” гэх албан тоотыг ирүүлжээ.

Иймд шүүгдэгч Б.И-г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэх үндэслэл болов.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.И-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан байна.

Шүүгдэгч Б.И-, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нараас хорихоос өөр төрлийн торгох ялаар солих эсхүл тэнсэх зохицуулалтыг хэрэглэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.И-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, шүүгдэгчийн хувийн байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргадаггүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой гэж дүгнэв.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И-д 632 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгч Б.И-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан болоод 7.1 дүгээр зүйлд заасан тэнсэх зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Б.И-гийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 19-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 79 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь хуульд нийцнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ...нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, ...тооцож эдлэх ялаас хасна.” гэж зааснаар шүүгдэгч Б.И-гийн цагдан хоригдсон 79 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар /79*8=632/ тооцож, түүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлсэнд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2026/ШЦТ/46 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.И-, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нараас гаргасан гомдлыг хүлээж авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2026/ШЦТ/46 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И-д 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг,

 

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И-д 632 /зургаан зуун гучин хоёр/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.” гэсэн өөрчлөлт оруулсугай.  

 

2.  Шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.

 

3. Шийтгэх тогтоолд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И-гийн цагдан хоригдсон 79 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8  цагаар тооцож, эдлэх 632 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд дүйцүүлэн, ялыг эдэлсэнд тооцсугай гэсэн нэмэлт заалт оруулсугай.  

4. Шүүгдэгч Б.И- нь бусдад төлөх төлбөргүйг дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.И-г даруй сулласугай.

 

6. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                    

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР

 

                                              ШҮҮГЧ                                    Л.ОДОНЧИМЭГ

 

                                             ШҮҮГЧ                                     Л.ГАЛБАДАР