Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 00005

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: П.Түвшинжаргал /РД: ФВ84050611/

            Хариуцагч: Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар

 

            “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/88 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 119/2016/0032/3 тоот индекстэй захиргааны хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаатар, гуравдагч этгээд Н.Баянжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунбилэг нар оролцов.       

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч П.Түвшинжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Пүрэвдоржийн Түвшинжаргал нь 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Орхон аймаг дахь Хөдөлмөрийн хэлтсийг анх байгуулагдахад Захиргаа, санхүүгийн албаны ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Орхон аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын Б/19 дугаар тушаалаар Хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтнээр төрийн захиргааны албан тушаалд томилогдсон. 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Монгол улсын төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн Төрийн жинхэнэ албан хаагч юм. 2013 оноос төрийн байгууллагад ажиллах хугацаандаа эрхэлсэн ажилдаа хариуцлагатай, идэвхи санаачлагатай хандаж, Монгол улсын хуулийг чандлан сахин ажиллаж, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийг чанд мөрдөн, ёс зүйн зөрчил дутагдал гаргалгүй, төсвийн шууд захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээгээ А, В үнэлүүлэн, хуулийн хүрээнд ажиллаж ирсэн.

            Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Эрдэнэбатын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/88 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 заалт, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг үндэслэн ажлаас чөлөөлөгдсөн. Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэн гаргасан тушаалын дагуу ажлаас чөлөөлөгдсөн учир Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасны дагуу 30 хоногийн өмнө мэдэгдэх ёстой байсан түүнийг мөрдөөгүй. Мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар тушаалын хавсралтаар шинээр байгуулагдсан Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтний орон тоо батлагдаж ирсэн боловч Төрийн албаны тухай хуулийн 27.2.3, 27.2.4 дэх заалтыг зөрчиж, орон тооны цомхотгол нэрийдлээр ажлаас чөлөөлсөн нь үнэслэлгүй юм. Иймд Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Эрдэнэбатын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/88 тушаалыг хүчингүй болгож, ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү.” гэв.

            Хариуцагч Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Х.Эрдэнэбатын шүүхэд ирүүлсэн  тайлбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Орхон аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн Хөдөлмөрийн судалгаа, дүн шинжилгээ, тэдгээрийн тайлан, хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан П.Түвшинжаргал нь Хөдөлмөрийн хуулийг үндэслэн гаргасан тушаалын дагуу ажлаас чөлөөлөгдсөн учир 30 хоногийн өмнө урьдчилан мэдэгдэх ёстой байсныг мөрдөөгүй, шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо батлагдаж ирсэн боловч орон тооны цомхотгол нэрийдлээр ажлаас чөлөөлсөн учир ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож өгөх тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараахь тайлбарыг хийж байна. Үүнд:

            Нэг: “...Ажлаас чөлөөлөх тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх заалтыг Төрийн албаны тухай хуулийн 23.4 дэх заалтыг тодотгож хэрэглэсэн. /Хөдөлмөрийн харилцааг зохицуулж байгаа энэ 2 хуулийн заалтууд харилцан зөрчилдөөгүй гэсэн утгаар/, мэргэжилтэн П.Түвшинжаргал нь Төрийн жинхэнэ албан хаагч учир ажлаас чөлөөлөх гол үндэслэл болох Төрийн албаны тухай хуулийн 23.4 дэх заалт, 27.2.4 дэх заалтуудыг тушаалд үндэслэл болгон авсан. Төрийн жинхэнэ албан хаагч нь хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, төсвийн шууд захирагч /менежер/-тэй бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээг байгуулж, ажилладаг учраас хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа урьдчилан мэдэгдэх заалтыг хэрэглээгүй. Харин Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар /ХХҮГ/-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч 2016 оны 09 сарын 29-ний өдрийн шуурхай хурал дээр мэргэжилтнүүдийг биечлэн уулзах даалгавар өгч мэргэжилтэн тус бүртэй уулзаж ажлаас чөлөөлөгдөх мэргэжилтнүүдэд мэдэгдсэн.

            Хоёр: “...Бүтэц, орон тооны өөрчлөлтөөр хоёр байгууллага нэгдэхэд тус бүртээ 1, 1 хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэнтэй байсан, орон тоо цөөрч нэг мэргэжилтэн байхаар шинэ орон тоо батлагдаж ирсэн. Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн хүүхэд асрах чөлөөтэй байсан. Ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан тул Хөдөлмөрийн хэлтсийн Хөдөлмөрийн судалгаа, дүн  шинжилгээ, тэдгээрийн тайлан, хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн П.Түвшинжаргалыг ажлаас чөлөөлсөн” гэжээ.

            Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Эрдэнэбатаас шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: “            “Нэг:  П.Түвшинжаргал нь Хөдөлмөрийн хэлтсийн ёс зүйн хорооны даргаар ажиллаж байсан бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Ёс зүйн хорооны хурлаар тус хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн төлөвлөлт, бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Ганцэцэгтэй холбоотой ёс зүйн зөрчил гаргасан асуудлыг хэлэлцээд зөрчил гаргасан байна гэж үзэж шийдвэрээ хэлтсийн даргад танилцуулж үүний мөрөөр ахлах мэргэжилтэн Г.Ганцэцэгт төрийн албанд 1 жил эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулсан. Г.Ганцэцэг нь Орхон аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гомдол гаргаснаар сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгохыг даалгасан байна. Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн албан тоотоор “Авилгатай тэмцэх газар”-т гомдол мэдээлэл гаргаснаар “Авилгатай тэмцэх газар”-аас Орхон аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж шалган хуурамч бичиг баримт бүрдүүлэн төсвийн хөрөнгийг ашиглаж хохирол учруулсан нь тогтоогдохгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул Орхон аймгийн Прокурорын газрын 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Төрийн албан хаагч Г.Ганцэцэгтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ:

Хөдөлмөрийн хэлтсийн ёс зүйн хорооны даргын хувьд баримт материалыг сайтар нягтлан, холбогдох эрх бүхий байгууллагуудаар шалгуулалгүй хөнгөн, хуумгай дүгнэлт гаргасан. Хүний нөөц, дотоод ажил хариуцаж байсны хувьд сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг огт анхаараагүй, Төрийн албаны тухай хуулийн хүчингүй болсон хуулийн заалтыг хэрэглэж эрх зүйн чадамжгүй баримт бичгийн төслийг боловсруулан ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлэхдээ хайнга хандсан зэрэг нь түүнийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хүний нөөц, дотоод  ажил хариуцсан мэргэжилтнээр сонгон томилохгүй байх шийдвэр гаргах үндэслэл болсон.

            Хоёр. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдсон Н.Баянжаргал нь 2003-2007 онуудад “Шинэ иргэншил” дээд сургуулийг Албан хэргийн менежер мэргэжлээр, 2008 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер мэргэжлээр тус тус төгссөн. 2013, 2014 онд “Нийгмийн халамжийн салбарын ажилтнуудыг чадавхижуулах” 1, 2 дугаар шатны сургалтанд хамрагдаж “Нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагын талаар олон нийтийн хандлага” сэдвээр судалгааны ажил “А” дүнтэй хамгаалж нийгмийн ажлын чиглэлээр мэргэшсэн. 2009-2012 онд Хөвсгөл аймгийн Мөрөн 2 дугаар 10 жилд лаборантаар, 2013 оноос Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр,  2016 оны 11 дүгээр сараас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байна. Н.Баянжаргал нь 2013 оноос Нийгмийн халамж, үйлчилгээний газрын “Даргын дэргэдэх зөвлөл”-ийн гишүүнээр, 2016 оны 11 сараас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын “Даргын дэргэдэх зөвлөл”-ийн гишүүнээр, тус газрын хамт олны саналаар Ёс зүйн хорооны гишүүнээр тус тус томилогдон ажиллаж байгаа. Эрхэлсэн ажилдаа хариуцлагатай, ёс зүйтэй хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг илүү хангасан албан хаагч тул энэхүү албан тушаалд томилсон” гэжээ.

            Гуравдагч этгээд Н.Баянжаргал шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  “Миний бие Наранхурцын Баянжаргал нь 1985 онд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Ам бүл 4. Нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1993-2003 онд Хөвсгөл аймгийн Рашаант сумын 10-н жилийн дунд сургууль, 2003-2007 онд Шинжлэх ухааны академийн дэргэдэх “Шинэ иргэншил” дээд сургуулийг албан хэргийн менежер мэргэжлээр, бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй, 2008 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежерээр тус тус төгссөн.

2013, 2014 онд “Нийгмийн халамжийн салбарын ажилтнуудын чадавхижуулах” 1, 2 түвшний сургалтад хамрагдаж, “Нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагын талаар олон нийтийн хандлага” сэдвээр судалгааны ажил бичиж “А” үнэлгээтай хамгаалсан. 2009-2012 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ахлах II сургуулийн лаборант, 2013 онд Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээс зарласан Дотоод ажил хариуцсан мэргэжилтний ажлын байранд өрсөлдөн Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгч хамгийн өндөр оноо авч, Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэгдэн Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлснээр 2013 оны 03 дугаар сарын 13-наас Орхон аймгийн Халамж, үйлчилгээний хэлтсийн Дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр төрийн захиргааны албан тушаалд томилогдон ажилласан. 2015 оны 12 дугаар сарын 01-ээс жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.4, 106.2-т заасны дагуу хүсэлтээ гаргаж 2016 оны 11 сараас ажилдаа орсон. Төрийн албанд 6 жил 11 сар ажиллаж байгаа. Төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээгээр 2013 онд “А”, 2014 онд “А”, 2015 онд “А” дүнтэй тус тус дүгнэгдэж байсан.” гэв.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч, шүүхэд төлөөлөх эрхийн дугаар №0797 Х.Оюунбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “П.Түвшинжаргалыг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ажлаас чөлөөлөхдөө бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлж байгаа гэсэн агуулга бүхий тушаал байдаг. Бодит байдал дээр П.Түвшинжаргалыг Ардчилсан намд даргын ажил хийж байсан юм байна чамтай хамтарч ажиллах боломжгүй гэж үзсэн.  Гэвч  тушаалыг нь харахаар ямар нэгэн үндэслэл заагаагүй. Хөдөлмөрийн  тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заалтыг баримталсан байдаг.  Энэ заалтанд аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэж заасан байдаг боловч  энэ заалтыг баримтлах үндэслэлгүй байсан. П.Түвшинжаргал нь төрийн жинхэнэ албан хаагч байсан. Түүний эрхэлж байсан ажлын байр батлагдаж ирсэн байхад Төрийн  албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн  27.2.3 барьж чөлөөлөх асуудал байсныг хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Өнөөдрийн хариуцагчийн тайлбараар П.Түвшинжаргалын орон тоо сул орон тоо байсан гэж байна. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө.” гэж заасан байдаг. П.Түвшинжаргалын ажлын байр яагаад  сул орон тоо байгаа талаар хариуцагч байгууллага нотлох баримт ирүүлэхгүй байгаа.  П.Түвшинжаргалын ажлаас чөлөөлөх тушаал дээр сул орон тооны талаар нэг ч өгүүлбэр байхгүй. Бүтэц орон тооны хувьд 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өөрчлөлт орсон байдаг. Тэгэхээр 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх тушаал гарч байгаа нь П.Түшинжаргал тухайн албан тушаал дээр ажиллаж байсан.  Н.Баянжаргал ажилдаа орох хүсэлтээ удаа дараа гаргаж байсан гэдэг боловч энэ талаар нотлогддоггүй. Н.Баянжаргалыг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр л анх удаа ажилдаа орох хүсэлтээ өгсөн. Түүнээс өмнө хүсэлтээ гаргаж байсан талаар нотлогдсон зүйл байхгүй.  Хэрвээ Н.Баянжаргал ажилдаа орох хүсэлтээ өгөөд байсан юм бол П.Түвшинжаргал болон Н.Баянжаргал нарын хооронд сонгон шалгаруулалт хийх байсан. Тэгэхэд эхлээд П.Түвшинжаргалыг ажлаас нь халаад дараа нь Н.Баянжаргалыг авч байгаа нь нэг байгууллагаас Н.Баянжаргал, нөгөө байгууллагаас П.Түвшинжаргал нар байгааг болон сонгон шалгаруулалтаар хэн нэгийг үлдээх байсныг анхаарч үзээгүй. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах гэдэг асуулт тавигдаж байгаа.  Хэрэгт П.Түвшинжаргалын ажлын байрны тодорхойлолт ирсэн. Н.Баянжаргал болон П.Түвшинжаргал чиг үүргийн хувьд хоёулаа адилхан ажил гүйцэтгэж байсан. Шинээр ажлын байрны тодорхойлолтыг гаргахдаа зөвхөн Н.Баянжаргалд зориулж гаргасан мэт харагдаж байна. Үнэхээр ажлын байрны тодорхойлолтыг шинэчилсэн юм бол энэ ажлын байрны тодорхойлолтыг энэ хүн хангаж байна, энэ хүн хангахгүй байна гэсэн сонгон шалгаруулалт явуулаагүй. П.Түвшинжаргалын орон тоо сул орон тоо байгаагүй. Хэрвээ П.Түвшинжаргалыг ажиллаж байхад сул орон тоо гарсан юм бол яагаад Н.Баянжаргалыг тэр сул байгаа орон тоон дээр ажиллуулж болоогүй юм. Тиймээс энэ байдлуудыг харгалзан үзэхээр ажлаас халсан тушаал нь үндэслэлгүй. Үр дүнгийн гэрээг хагас болон бүтэн жилээр дүгнэдэг, гэтэл Н.Баянжаргалын хувьд 2 сар ажиллаж байхад нь үр дүнг нь дүгнэсэн байна. Тиймээс тухайн байгууллагын хууль бус үйлдэл гарч байна гэж үзэж байна. Тиймээс Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/88 тоот тушаалыг хүчингүй болгож, П.Түвшинжаргалыг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж олгох шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч П.Түвшинжаргал “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/88 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах”-ыг хүссэн  нэхэмжлэлийн шаардлага гаргасан[1], шүүх хуралдаанд уг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэв.

            Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дүгнэлт хийж дараахи үндэслэлээр нэхэмжлэгч П.Түвшинжаргалын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч талаас “Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгон өөрчлөн зохион байгуулсан, миний эрхэлж байсан “Хөдөлмөрийн судалгаа, дүн шинжилгээ, тэдгээрийн тайлан, хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн” ажлын байрны нэр “Хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн” гэж өөрчлөгдсөн ч тухайн ажлын байранд 1 мэргэжилтэн ажиллахаар болж бүтэц орон тоо батлагдаж ирсэн байхад Халамжийн үйлчилгээний хэлтэст “Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн”-ээр ажиллаж байсан Н.Баянжаргалыг шууд томилсон ба энэ нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн  27.2.3-т  /...тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна/  заасныг хэрэгжүүлэхгүй, ажлаас  үндэслэлгүй чөлөөлсөн ” гэж,

 

            Хариуцагч болон түүний төлөөлөгч нараас Хөдөлмөрийн хэлтэст “Хөдөлмөрийн судалгаа, дүн шинжилгээ, тэдгээрийн тайлан, хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн”, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст “Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн” тус бүр 1 ажиллаж байсан бөгөөд тус 2 байгууллага Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгон өөрчлөн зохион байгуулагдахад дээрх маргаан бүхий ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдөөгүй ба нэр нь “Хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн” гэсэн нэртэй болж орон тоо нь  1 болж цөөрч батлагдаж ирсэн...,

            ...П.Түвшинжаргал нь ажиллаж байхдаа эрх зүйн чадамжгүй баримт бичгийн төслийг боловсруулан ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлэхдээ хайнга хандсан зэрэг нь түүнийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хүний нөөц, дотоод  ажил хариуцсан мэргэжилтнээр сонгон томилохгүй байх шийдвэр гаргах үндэслэл болсон...,

            ...Н.Баянжаргал нь хүүхэд асрах чөлөөтэй бөгөөд ажилд орох хүсэлтээ гаргасан тул Хөдөлмөрийн хэлтсийн Хөдөлмөрийн судалгаа, дүн шинжилгээ, тэдгээрийн тайлан, хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн П.Түвшинжаргалыг ажлаас чөлөөлж, Н.Баянжаргалыг тус ажлын байранд томилсон, ямар нэг сонгон шалгаруулалт хийгээгүй”  гэж тус тус маргажээ.

            Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “П.Түвшинжаргалыг ажлаас чөлөөлөх тухай” Б/88 тоот тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасан “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх”  төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг алдагдуулсан, Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах эрхийг зөрчин Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг хэрэгжүүлээгүй хууль бус акт болох нь дараахь үйл баримтаар тогтоогдож байна.

 

            Төрийн албаны үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчмын агуулга нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хуулиар тогтоосон журмын дагуу үйл ажиллагаа явуулах байдлаар илэрдэг.

            Хариуцагч байгууллагаас П.Түвшинжаргалыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 /аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эхсүл ажилтны тоог цөөрүүлсэн/ -д заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалдаг хуулийн заалтыг баримтласан нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасанчлан Төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг алдагдуулсан хууль бус үйлдэл болжээ.

            Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор[2] аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоож аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд /хэрэгжүүлэгч агентлаг/ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг ажиллуулахаар шийдвэрлэжээ.

            Мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1/2 дугаартай албан бичгийн[3] дагуу Орхон аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга, Хөдөлмөрийн хэлтсийн дарга нар 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр тус тус  Б/36[4], Б/46[5]  дугаартай тушаалаар бүх ажилтан, албан хаагч нараа Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн ба Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст “Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн” 1[6], Хөдөлмөрийн хэлтэст “Хөдөлмөрийн судалгаа, дүн  шинжилгээ, тэдгээрийн тайлан, хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн” 1[7]  мэргэжилтэн ажиллаж байсан бөгөөд Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоог батлахдаа “Хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн” 1[8] болгон баталсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогч нарын тайлбараар нотлогдож байна.

            Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн...” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “... орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” гэж заасан байх ба Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийг нэгтгэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгон байгуулсан нь байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд төрийн байгууллагыг нийлүүлэх замаар өөрчлөн байгуулсан гэж үзнэ.

            Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “...эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдсан... эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэсэн хуулийн зохицуулалт нь тухайн эрхэлж буй албан тушаал /ажлын байр/-ын орон тоо үгүй /Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай  Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1-д:  “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино” гэж тайлбарласан/ болсон тохиолдолд баримтлах хуулийн шаардлага юм.

            Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасан байна.

 

            Энэ нь “бүтцийн өөрчлөлт” нэрийн дор төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл баталгааг алдагдуулахгүй байх зорилгоор төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүргийг захиргаанд ногдуулсан агуулгатай зохицуулалт юм.

            “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Монгол Улсын Дээд шүүхийн  2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолд:

            Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан “зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн” гэдэгт эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр  төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц /алба, тасаг, хэлтэс, газар, тэдгээртэй адилтгах бусад нэгж/-ийг шинээр бий болгосныг ойлгоно гэж, мөн хэсэгт заасан “...төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн...”  гэж өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томъёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр  байхыг хэлнэ.

            Мөн хэсэгт заасан “...шалгаруулж авна” гэж эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг /комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн  илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг хэлнэ” гэж тус тус тайлбарласнаас үзэхэд маргаан бүхий албан тушаал /ажлын байр/ болох “Хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн” 1 байхаар орон тоо цөөрч, албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр  батлагдан ирсэн /талууд энэ талаар маргаагүй/ байхад ямар нэгэн сонгон шалгаруулалт хийхгүйгээр П.Түвшинжаргалыг ажлаас чөлөөлсөн нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль бус шийдвэр болох нь тогтоогдож байна.

            Иймд нэхэмжлэгч П.Түвшинжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  “Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга /үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Эрдэнэбат/-ын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/88 дугаар тушаалыг хүчингүй болгон, түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.   

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.1, 106.3.12, 106.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Түвшинжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  “Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “П.Түвшинжаргалыг ажлаас чөлөөлөх тухай” Б/88 дугаар тушаалыг хүчингүй болгон, түүнийг урьд эрхэлж байсан “Хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн”-ээр эгүүлэн тогтоосугай.

 

            2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан П.Түвшинжаргалын ажилгүй байсан 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх 3 сарын цалин хөлс 1.885.032 /Нэг сая найман зуун наян таван мянга гучин хоёр/ төгрөгийг гаргуулан татвар суутгал, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч байгууллагын нягтлан бодогчид даалгасугай.

 

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болно.

 

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Д.САРАНГЭРЭЛ

                                                    

 

 

 

 

             

 

 


[1] ХХ-ийн 1, 2 дугаар тал

[2] ХХ-ийн 23, 24 дүгээр талд

[3] ХХ-ийн 25 дугаар тал

[4] ХХ-ийн 89, 90 дүгээр тал

[5] ХХ-ийн 26 дугаар тал

[6] ХХ-ийн 22 дугаар  тал

[7] ХХ-ийн 20 дугаар хуудасны ар тал

[8] ХХ-ийн 28 дугаар  хуудасны ар тал