Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 507

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж,

Улсын яллагч Б.Батнасан,

Шүүгдэгч Г.Г- нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Г-ын Г- холбогдох 0000000000000 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч  ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Төв аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, ................боловсролтой, ******* мэргэжилтэй, хувиараа ******* зардаг ажилтай, ам бүл , эхнэр, 0 хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 0 дугаар хороо 0000 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Т овогт Г-ын Г- /РД:0000000000

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч Г.Г- нь 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” худалдааны төвийн гадна талд иргэн П.О-ийг зодож эрүүл мэндэд “зүүн хоншоор ясны их бие буюу гайморовын хөндийн урд болон ар ханын зөрүүгүй хугарал, зүүн хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г- мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд болсон асуудлын талаар үнэн зөвөөр мэдүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт нэмж өгөх мэдүүлэг байхгүй” гэв.

 

Мөрдөн байцаалтанд хохирогч П.О- мэдүүлэхдээ: “...Би Сонгинхайрхан дүүргийн 32 дугаар автобусны буудал өнгөрөөд хотын төв рүү явдаг зам дагуу замын дэргэд гар дээрээс бараа зарах гээд бараагаа дэлгэж байтал нэг эмэгтэй ирээд энэ миний газар би бараагаа дэлгэж зарна гээд би тэр эмэгтэйтэй маргалдсан. Тэгтэл уг эмэгтэйн нөхөр нь гэх эрэгтэй хүрч ирээд намайг түлхээд зайл гэхээр нь би эргүүлээд өөдөөс нь түлхсэн тэгтэл гараа зангидаж байгаад миний нүүр лүү тэр хүн нэг удаа цохисон. Тухайн үед нүүрнээс гал бутараад би уйлаад нүүрний зүүн тал тэр чигээрээ хавдсан. Тэр хавьд байсан хүмүүс эмэгтэй хүн зодлоо цагдаа дууд гэхээр нь би өөрөө Баянгол дүүргийн цагдаа дээр ирж өргөдлөө өгсөн....” гэжээ. /хх 9-12, 13-15, 54-56 хуу/

 

Гэрч Д.Б- мэдүүлэхдээ: “...2018 оны 2 дугаар сарын 07-ны өдөр би Х зах дээр П.О- эгчид зээлсэн мөнгөө авах гээд иртэл П.О- эгч надад хажуудаа зогсож бараа зардаг Г- надтай газраас болж маргалдаад тэгсэн чинь миний зүүн шанаа руу цохиод шанаа хавдаад би эмнэлэг явж үзүүлж байгаад ирлээ мөнгө өгч чадахгүй нь гэж хэлээд би явсан. О- эгч хүний бараа зарж өгдөг ажил хийдэг. Г- гэх залуу эхнэртэйгээ өөр газар зогсдог байж байгаад О- эгчийн дэргэд ирж зогсдог болсон. Г- эхнэртэйгээ байнга л хүмүүстэй маргалдаж байдаг. Би уг хүмүүсээс арай л зайтай зогсдог гэхдээ тэр хүмүүсийн байдал бол өдөр тутам харагддаг...” гэжээ. /хх 20- 21 хуу/,

 

Гэрч Б.С- мэдүүлэхдээ: “...2018 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Х захын гадна талбай дээр би бараагаа зарах гээд дэлгэж байтал 11 цагийн орчим Г- О- нар бараа тавьж зарах газраас болж хоорондоо маргалдаж хэрэлдээд байсан. Тэр үед би 5-6 метрийн зайд байж байтал хоорондоо хэрэлдээд чанга чанга дуугараад байсан. Гэтэл Г- О- эгчийг хөндлөнгөөс харахад мөр, эгэм хүзүү хэсэг рүү нь 1 удаа түлхсэн. Тэгээд Г-тай бие биеээ түлхээд зодлоо цохилоо гээд л байсан. О- Г-ыг чи намайг цохилоо гэхэд Г- миний нүүрийг урлаа гээд тэр өдөржин маргалдсан...” гэжээ. /хх 23 хуу/,

 

Гэрч М.М- мэдүүлэхдээ: “...2018 оны 2 дугаар сарын үеэр ...би нөхөртэйгөө хамт Хархорин худалдааны төвийн гадаа өглөө 09 цагийн үед наймаа хийх иртэл миний хажууд зогсдог О- гэгч наймаа хийдэг хүн миний зогсдог талбай дээр зогсоно гэж дайраад миний барааны доор тавьдаг хайрцагыг цохиод өшиглөөд байсан. Тэгээд түүнтэй маргалдсан. Оюунаа эгч манай нөхрийн хүзүүний хэсэг рүү гараараа түлхэхтэй хүзүүний хэсгийг нь маажиж гэмтээхээр нь манай нөхөр уурлаад О- эгчийн хүзүү шанаа орчимд нь гараараа түлхэхэд О- эгч эрүүгээ бариад өвдөөд байна цохьчихлоо гээд байсан...” гэжээ. /хх 17- 19 хуу/

 

Гэрч Т.М- мэдүүлэхдээ: “...О- эгч гэнэт нүүрээ дараад орилоод явчихсан. Тэгээд нүүрээ дараад чи хүн цохьчихлоо нүүр лүү зодчихлоо гээд орилоод уйлаад байсан. Би тэр хоёр бие биенээ түлхэж байгааг бол харсан Г-ыг яг гар далааж цохих үеийг бол хараагүй....” гэжээ. /хх 58-60/

 

Шинжээч эмч Ш.Ц- мэдүүлэхдээ: “...нэг удаа мохоо зүйлээр цохиход үүсэх боломжтой. Мохоо хатуу зүйлд хүний гар ордог...” гэжээ. /хх 57/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2371 дугаартай дүгнэлтэнд: 1. П.О-ийн биед зүүн хоншоор ясны их бие буюу гайморовын хөндийн урд болон ар ханын зөрүүгүй хугарал, зүүн хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 26 хуу/,

Толгойн компьютерт томографийн оношлогоо /хх 27/

Хохирлын баримт /хх 28/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 42/

Хохирогч П.О-ийн гомдол саналгүй хохиролд 200,000 төгрөг авсан гэх баримт /хх 49/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 77/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Г.Г- нь 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” худалдааны төвийн гадна талд иргэн П.О-ийг зодож эрүүл мэндэд “зүүн хоншоор ясны их бие буюу гайморовын хөндийн урд болон ар ханын зөрүүгүй хугарал, зүүн хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтанд хохирогч П.О- /хх 9-12, 13-15, 54-56/, гэрч Д.Б- /хх 20- 21/, Б.С- /хх 23/, М.М- /хх 17-19/, Т.М- /хх 58-60/, шинжээч эмч Ш.Ц- /хх 57/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2371 дугаартай дүгнэлт /хх 26 хуу/, Толгойн компьютерт томографийн оношлогоо /хх 27/, хохирлын баримт /хх 28/, хохирогч П.О-ийн гомдол саналгүй хохиролд 200,000 төгрөг авсан гэх баримт /хх 49/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 77/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Г- нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, мөрдөн байцаалтанд хохирогч П.О- шүүгдэгч Г.Г- нар сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх 49, 82/ байх зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Шүүгдэгч Г.Г-ад холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Г-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулах, ар гэр хувийн байдлыг харгалзан 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хугацааг тогтоов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдлаа.