Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 223/МА2022/00024

 

                                                          

 

 

 

 

 

 

   2022         05             12                                         223/МА2022/00024

 

 

.........ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Энхмаа, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 151/ШШ2022/00216 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч .........ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч .........д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Т.Батцэцэгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, хэргийг давж заалдах шатны шүүх 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар, хариуцагч ........., хариуцагчийн өмгөөлөгч Т.Батцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.

 

Нэхэмжлэгч ......... анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2008 онд .........тэй танилцаж 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2011 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүү ........., 2014 оны 6 дугаар сарын 21-ний өдөр охин ........., 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүү ........., 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүү .........нар төрсөн.

 

......... нь 2013 оноос хойш архи уух болгондоо агсан тавьж, зодож цохин гэмтэл учруулдаг болсон. Үр хүүхдээ бодоод өнөөдрийг хүртэл тэвчиж, нууж явдаг болсон. Байнгын гэр бүлийн хүчирхийлэл дор байдаг, цаашдаа хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг минь миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Би шүүхээс битүүмжилсэн гэхээр өөрийнхөө малыг ч авч чадаагүй гомдолтой байна. Тэгтэл битүүмжилсэн малыг хариуцагч ......... зарж, үгүй хийсэн. Бид хоёр салахад 1001 толгой мал байсан. Одоо манай гэр бүлийн найзынд 30 гаруй мал байна гэж надад хэлсэн.

 

Би одоо гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна. Бид хоёр 10 гаруй жил хамт амьдарч мал малласан. Бид дундаасаа 4 хүүхэдтэй. Цасан шуурганаар мал үрэгдсэн гэж байгаа нь үндэслэлгүй, ийм инээдтэй зүйл ярьж байгаад нь гомдолтой байна. Манай найз дээр мал нь байгаа учраас яаж үрэгдсэнийг нь мэдэж байна. Хариуцагч ......... байсан бол тайлбар хэлэх байсан байх. Хариуцагч өөрөө хэлэхдээ 69 тооны мал өгнө гэж хэлж байсан. Үндсэндээ 69 толгой мал ч байхгүй. Энэ мал байгаа айл нь манай гэр бүлийн найзынх юм. Мөн эвлэрэх саналыг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлдээ 1001 толгой малаа 6 гишүүндээ хуваахаар 5 гишүүнийх нь 723 толгой гэж “Хан үнэлэмж” ХХК-ийн дүгнэлтэд бичигдсэн учир энэ материалаар нэхэмжилж байгаа гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, эрх зүйн дүгнэлтдээ: Хариуцагч гэр бүлийн хүчирхийллийн хэргээр шалгагдаж байгаад Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөгдсөн учраас өмгөөлөгчийн хүсэлтээр эд хөрөнгийг битүүмжлүүлсэн. Хагас жилийн хугацаанд 500 гаруй буюу 1001 толгой малын тал нь байхгүй болсон. 2021 оны 07 дугаар сард би очиж өөрөө тэр 197 толгой малыг тоолж байсан. Хариуцагч малаа айлын гадаа тууж аваачиж тавьчхаад алга болсон. Би тэр айлд нь хүртэл энэ малыг та үрж болохгүй шүү хүүхдүүдийн мал байгаа юм гэж хэлж байсан. Хүмүүс хариуцагч .........эс малаа яасан юм гэхээр Дундговь аймаг руу хүнд өгөөд явуулсан гэж хэлдэг. Би сумын захиргаатай уулзахаар мал нь үхсэн үрэгдсэн гэсэн тоо мэдээ хэлдэггүй. Дөрвөн хүүхдийн асрамж тогтоолгох тухай 3 шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, “Хан-Үнэлэмж” ХХК-ийн үнэлгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2021 онд 515 толгой мал тоолуулсан гэх мал тооллогын А данс, 2020 онд 1001 толгой мал тоолуулж байсан. 2020 оны эцсээр 515 толгой мал тоолуулсан. Гэтэл мал нь алга болчихсон. 2019 оны 05 дугаар сард би нэхэмжлэгч .........д эрх зүйн туслалцаа үзүүлж, хариуцагчид эрүүгийн хэрэг үүсгэсэн. Сүүлдээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан болон Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан энэ хэрэг хэрэгсэхгүй болсон.

 

Гэр бүл цуцлах болсон шалтгаан нь энэ гэр бүлийн хүчирхийлэл даамжирсан байсан. Байнга зоддог, дарамталдаг гэр бүлийн хэцүү нөхцөл байдалд байсан. 2019 оны 05 дугаар сард иргэний журмаар нэхэмжлэл гаргаагүй. Эрүүгийн хэргээр шүүхэд өгсөн байсан болохоор хариуцагчаас айж явсаар жил болсон. Дараа нь Ковид, цар тахал гээд шүүхэд гэр бүл цуцлуулах талаар нэхэмжлэлээ гаргаж чадахгүй байж байгаад хөл хорио гайгүй болоход иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хүүхдийн асрамжийг ээжид нь өгөхөөр тогтоосон, шинжээчийн дүгнэлтээр гарсан байгаа. Тэтгэлэг бол ойлгомжтой. Иргэний хуулийн 126 дугаар зүйлд заасан өмчийн асуудал яригдаж байгаа. Эрүүгийн хэрэг үүссэнээс хойш л энэ өмчийн асуудал яригдсан. Иймд прокурорын тогтоол гарч эд хөрөнгийг битүүмжилсэн. Энэ хөрөнгийг хүүхдүүдэд нь өгүүлэх гэсэн боловч болсонгүй. Битүүмжилсэн хөрөнгийг хамаагүй үрж, ямар ч хариуцлага хүлээхгүй байна. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан үүрэг хариуцлагыг хүлээх ёстой. Энэ асуудалд хүүхдийн эрх ашиг хохирч байгаа. Нэн ядуу түвшинд нэг гэр бүл орж байна энэ асуудлаас болж. Би өмгөөлөгч хүний хувьд тэр хэдэн малаа хүүхдүүддээ өг гэж хариуцагчид хэлж байсан. Яагаад 723 толгой малаа үнэлүүлсэн юм гэж асууж байх шиг байна. Учир нь хуваарьт өмч, дундын эд хөрөнгө гэж байгаа, ийм учраас өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсэг буюу 723 толгой малаа үнэлүүлсэн. Эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй юм чинь үүргээ биелүүлэх ёстой.

 

Хариуцагч үр хүүхдээ өрөвдөж хайрладаггүй. Малын тоо бол хууль зүйн үндэслэлтэй. Мал тооллогын А дансыг худлаа үйлддэггүй юм. Хэрэв мал тооллогын комисс мал худлаа тоолсон бол өөрсдөө хариуцлага хүлээнэ. Ядаад тал малаа авч ирээд хүүхдүүдээ өгсөн бол өдийд ийм зүйл болохгүй байсан. Худлаа ярьж байгаа учраас хариуцагч шүүх хурал дээр ирэхгүй байгаа юм. Хуульд зааснаар гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Батцэцэг анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, эрхзүйн дүгнэлтдээ: Хариуцагчийн зүгээс мал буюу эд хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Хүүхдийн тэтгэлгийн хувьд одоогоор ажилгүй байгаа учраас хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй. Одоо бодит байдал дээр байгаа малыг маань аваад, бүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөд энэ асуудлыг дуусгая гэсэн саналтай байгаагаа надад хэлсэн. Би энэ асуудлаар нэхэмжлэгчтэй утсаар ярьсан. Одоо нэгэнт 1001 толгой мал байхгүй учраас бодит байдал дээр байгаа 69 тооны малыг өгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрье гэж хэлсэн. Хариуцагч одоо ажил хийдэггүй, Өмнөговь аймаг руу ажилд орохоор өргөдөл өгсөн гэсэн. Малын тоо өөрөө будилаантай, бодитой байгаа малаа өгье, тэтгэлэг төлье гэж байгаа, түүнээс хариуцагчид 1001 толгой мал байхгүй.

 

Нэхэмжлэлийн гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцагчийн зүгээс маргаан байхгүй учраас хууль зүйн дүгнэлт хэрэггүй байх. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Маргаан бүхий малын тоо нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаар орж ирсэн. 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 1001 мал тоолуулсан. Үүнээс 723 толгой малыг дундын өмч, хамтын өмч байсан гэж нэмэгдүүлсэн шаардлагад бичсэн байсан. Үнэлгээний компани үнэлүүлэгчийн хүсэлтийн дагуу хэдэн мал гэдгээр дүнг нь гаргаж өгөхөөс биш энэ тоог гаргадаг албан ёсны байгууллага биш.

 

2020 оны малын тоо нь хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээрээ авагдсан байна. Үүгээр 215 тоо толгой мал тоологдсон нь харагддаг. Тэгтэл нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад 1001 толгой мал байсан гэж байгаа нь зөрүүтэй байна. Иймд 723 тоо толгой малыг юуг үндэслэж нэхэмжилж байгаа талаар нотлох баримт байхгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Нэхэмжлэгч тайлбартаа болон хэлэлцүүлгийн явцад одоо бодит байдал дээр 30 гаруй толгой мал байгаа гэж хэлсэн. Харин хариуцагч хариу тайлбартаа 69 толгой мал байгаа гэж ирүүлсэн байдаг. Үүнд 515 толгой мал болон 1001 толгой болон 515 тоо толгой малын асуудал яригдсангүй. Тэгэхээр мал нь үл хөдлөх эд хөрөнгө биш хөдлөх хөрөнгө учраас үхэж үрэгдэнэ. Өөрсдөө гардаж маллаагүй гэдгээ талууд тайлбартаа хэлсэн байдаг. Айлд малаа маллуулах, үхэж, үрэгдэх, хамтран авсан зээлээ дарах, үхэр бэлчиж сурсан газраа ирсэн гэдгийг нэхэмжлэгч хэлсэн. Иймд бодит байдал дээр малын тоо зөрүүтэй. Бодит байдал дээр хэдэн мал байгаа нь тодорхойгүй. Энэ нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Иймд нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Оном жав овогт Сосорбарамын Чанцалдулам, Жаран овогт Энхбаатарын Очир-Эрдэнэ нарын гэрлэлтийг цуцалж,

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2011 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү ........., 2014 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин ........., 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү ........., 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү .........нарыг эх .........ын асрамжид үлдээж,

 

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү ........., 2014 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин ........., 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү ........., 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү .........нарыг 11 нас хүртэл хугацаанд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл хугацаанд, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг .........эр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж,

 

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчлөлийн хөрөнгө болох 515 толгой малын үнэлгээгээс нэхэмжлэгч ........., хүү ........., охин ........., хүү ........., хүү .........нарт ногдох хэсэг буюу 49.500.000 төгрөгийг хариуцагч С.Очир-Эрдэнээс гаргуулан нэхэмжлэгч .........д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20.208.332 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч .........аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 714.356 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч .........эс 613.314 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч .........д олгож,

 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар 2011 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү ........., 2014 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин ........., 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү ........., 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү ........., эцэг ......... нарыг хүссэн үед нь уулзуулж хамт байх эрхийг нь эдлүүлж байхыг эх .........д үүрэг болгож,

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д зааснаар эцэг ........., эх ......... нар нь гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдүүдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, тэдэнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, эрхийг нь хамгаалах, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт эцэг, эхийн үүрэг хэвээр үлддэг болохыг дурдаж,

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч .........ийн өмгөөлөгч Т.Батцэцэг гаргасан давж заалдсан гомдолдоо: Нэхэмжпэлийн нэмэгдүүлсэн шаардлагад 2020 оны мал тооллогоор тоолуулсан 1001 тоо толгой мал байх ёстой, үүнээс гэр бүлийн 5 гишүүнд ногдох 723 тоо толгой малыг нэхэмжилж байна гэсэн шаардлага гаргасан. Харин хэрэгт авагдсан 2020 оны мал тооллогын баримтыг шүүх санаачлагаараа үнэлэж 515 тоо толгой малнаас тооцоолол хийж хариуцагч .........эс 49.500.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн.

 

Гэтэл 2020 оноос хойш тусдаа амьдрах 2 жилийн хугацаанд хэн хичнээн мал үрж үрэгдүүлсэн, мөн нэхэмжлэгчийн өөрийнх нь одоо гэр бүлийн найзынд тавьсан байгаа малнаас 30 мал л байгаа гэсэн мэдүүлэг, мөн хариуцагч хамтран авсан зээлээ малаараа төлсөн, үлдсэн бүх үхэр өвөлждөг хашааруугаа буюу .........ын аавынх руу өөрсдөө яваад очсон. ......... нэг ч үхэр авалгүй хүүхдүүдэд үлдэг гээд орхисон, эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор 197 тоо толгой битүүмжилсэн байсан зэрэг эргэлзээтэй нөхцөл байдал байсаар байтал шүүх санаачлагаараа одоо нөхцөл байдал дээр байхгүй байгаа малыг хувааж .........эс 49.500.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож эд хөрөнгийн маргаан дээр дундын хичнээн тоо толгой мал байснаас хичнээн мал үхэж үрэгдсэн, хэн хичнээн мал зарж борлуулсан, үхэр бүгд .........ын амьдарч байсан хашаанд очсон болох нөхцөл байдлууд, бодит малын тоог гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсныг үндсэн дээр маргааныг дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

 

Нэхэмжлэгч ......... хариуцагч .........д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч ......... нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлтээ цуцлуулах, хүүхдүүдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох хэсгийг хүлээн зөвшөөрч, бусад хэсгийг эс зөвшөөрч мэтгэлцжээ.  

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл ........., ......... нар нь 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэр бүл болж, 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн, 2011 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүү ........., 2014 оны 6 дугаар сарын 21-ний өдөр охин ........., 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүү ........., 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүү .........төрсөн нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 8, 12-15-р тал/

 

Анхан шатны шүүх гэрлэгчдийг 2020 оны 06 дугаар сараас хойш тусдаа амьдарч цаашид гэрлэлтээ үргэлжлүүлэх хүсэлгүй, гэрлэлтээ цуцлуулахаар харилцан тохиролцсон, гэр бүлийн хүчирхийлэлтэй байдаг зэргийг харгалзан үзэж эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг нь цуцлан, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу хүү ........., охин ........., хүү ........., хүү .........нарыг эх .........ын асрамжид үлдээн, эцэг .........эр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүхээс хүүхэд эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжоор хангагдаж чадаж байгаа эсэх, тэдний эцэг, эх хоёрын тус тусын амьдарч байгаа орчин, нөхцөл, зан байдал, ёс суртахуун, хүүхдүүдийг хүмүүжүүлэх, сурч боловсрох таатай ээлтэй орчин байгаа эсэх, хүүхэдтэйгээ ямар харьцаатай байдаг, хүүхэдтэй холбоотой эрх үүргээ урвуулан ашиглаж хүүхдийг үл хайхрах, дарамтлах, мөлжих, зодох хэлбэрээр хүчирхийлдэг эсэх, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах арга хэмжээ авах чадвартай зэргийг судлуулах талаар хэргийн оролцогчийн хүсэлтийн дагуу Төв аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраар шинжээчийн дүгнэлт гаргуулсан байдаг. /хх-ийн 65-69-р тал/

 

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасны дагуу 7-оос дээш насны хүүхдүүд болох хүү ........., охин ......... нараас авсан асрамжийн талаарх санал /хх-ийн 32-33-р тал/, дээрх шинжээчийн дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэлэн хүүхдүүдийн асрамж, тэтгэлгийн асуудлыг тогтоон, гэрлэлтээ цуцлуулсан этгээдүүдийн эдлэх эрх, хүлээх хариуцлага зэргийг дурдан шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 26 дугаар зүйл, 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасантай нийцсэн байна.

 

Түүнчлэн зохигчийн хооронд үүссэн дундын хөрөнгө буюу маргааны зүйл болсон малыг “Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2020 он”-д хариуцагч .........ийн нэр дээр тоологдсон тооллогын баримт /хх-ийн 84-85-р тал/ болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн хөрөнгийн үнэлгээний “Хан-Үнэлэмж” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Үнэлгээний тайланд /хх-ийн 77-81-р тал/ тусгагдсан дагуу тодорхойлон гэр бүлийн гишүүдэд ногдох хэсэг болох адуу 23, үхэр 12, хонь 292, ямаа 102, нийт 429 толгой мал буюу үнэ 49.500.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч ........., хүү ........., охин ........., хүү ........., хүү .........нарт олгуулахаар шийдвэрлэсэн Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.1, 130 дугаар зүйлийн 130.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Харин анхан шатны шүүх шийдвэрийнхээ “Үндэслэх нь” хэсэгт “...гэр бүлийн хүчирхийлэлтэй байдаг...” гэж дүгнэн гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг нь цуцлахдаа Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар баримталсан нь буруу, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул энэ талаар шийдвэрийн тогтоох хэсгийн холбогдох заалтад өөрчлөлт оруулан зөвтгөж, хариуцагч .........ийн өмгөөлөгч Т.Батцэцэгийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисон тул хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг төсвийн орлогод хэвээр үлдээн шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага ТОГТООХ нь:

 

1.Төв  аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 151/ШШ2022/00216 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дүгээр заалтад “...Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Оном жав овогт ........./РД:........./, Жаран овогт Энхбаатарын Очир-Эрдэнэ  нарын гэрлэлтийг цуцалсугай...” гэснийг 

 

“...Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Оном жав овогт ........./РД:........./, .........нарын гэрлэлтийг цуцалсугай...” гэж өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, хариуцагч .........ийн өмгөөлөгч Т.Батцэцэгийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 405.450 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                         ШҮҮГЧИД                                            Н.ЭНХМАА

                                                                                            М.МӨНХДАВАА