Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 307/ШШ2026/00970

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2026/01102/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух Б******* овогт Д******* Н******* (утас: *******)-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* байрлах, ******* Б******* овгийн Я******* З*******  (утас: *******)-д холбогдох,

“Итгэмжлэл гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Н*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

(Хариуцагч Я.З*******ын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв)

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Н******* нь хариуцагч Я.З*******д холбогдуулан “Итгэмжлэл гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“...Д.Н******* миний бие Х.Г*******ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт өмгөөлөгч авахаар болж С.Э гэдэг хүнтэй уулзахад өмгөөллийн хөлс 12,000,000 төгрөг, байрны үнийн дүнгийн 10 хувь байдаг, би их үнэтэй өмгөөлдөг, шүүгч байсан гэх зэргээр ярьж, өмгөөлөгчийн ажлын хөлс 12,000,000 төгрөг болно гэсний дагуу би 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 2,500,000 төгрөгийн гүйлгээгээр 2 удаа, 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр мөн 2,500,000 төгрөгийн гүйлгээгээр 2 удаа, 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 1,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. С.Э нь итгэмжлэл авах хэрэгтэй гэсний дагуу ******* Я.З*******аас 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 0493 дугаартай итгэмжлэлийг гэрчлүүлсэн. Тухайн үед өмгөөлөгч авч байна гэж ойлгож итгэмжлэлд гарын үсэг зурсан. Гэтэл С.Э нь өмгөөлөгч биш байсныг сүүлд нь мэдсэн.

Түүнийг өмгөөлөгч гэж ойлгож олгосон итгэмжлэл миний хүсэл зоригт нийцээгүй буюу миний хүссэн үр дагаварт хүргээгүй. Өөрөөр хэлбэл миний бие мэргэжлийн хуульч, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах зорилгоор, түүнийг өмгөөлөгч гэж бодож итгэмжлэл олгосон болно.

С.Э нь өмгөөлөгч биш, өмгөөлөгчийн хувиар төлөөлүүлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд гэдгийг итгэмжлэлийг гэрчилсэн нотариатч мэдэж байсан ч Нотариатын тухай хуулийн 31.1.4 дэх заалтыг үндэслэн нотариатын үйлдэл хийхээс татгалзах үүргээ нотариатч биелүүлээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4-т “Эрх зүйн бүрэн чадамжтай иргэн өөрийгөө сайн дурын үндсэн дээр бусдаар, эсхүл гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр төлөөлүүлж болно” гэж зааснаас үзэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн эрх, ашиг сонирхлыг төлөөлөх эрхгүй этгээд ийм эрхтэй мэтээр иргэнээс хууль зүйн туслалцаа үзүүлсэн гэж төлбөр авч, түүнийг шүүхэд төлөөлөхөөр хийсэн хэлцэл нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн. Миний бие шүүх хуралдаа орох гэхэд С.Э чи орох шаардлагагүй, би өөрөө ороод болчихно гэсэн тул би болох юм байна гэж ойлгож хуралдаа ороогүй болно.

Гэтэл С.Э нь тухайн хэргийн нэхэмжлэгч Х.Г*******ын надтай ярьсан аудио бичлэгийг шүүхэд өгнө гэж флашинд хуулуулж авсныг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгөөгүй. Худалдаж авсан байрны тохижилтод зориулж худалдан авсан гал тогооны зарим тавилгын баримтаа авч шүүхэд өгье гэхэд хэрэггүй гээд баримт авхуулаагүй. Надад байсан байрны тохижилтод зориулж худалдан авсан эд зүйлсийн И-баримтыг шүүхэд нотлох баримтаар сөрөг нэхэмжлэлдээ хавсаргаж өгнө гэж надаас авсан боловч сөрөг нэхэмжлэлдээ хавсаргаж шүүхэд өгөөгүй байсан.

Түүний шүүхэд өгөөгүй энэ баримтын үнийн дүн 31,000,000 төгрөг болно. Эдгээр баримт нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нотлох гол баримт байсан. Хэрэв энэ баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн бол шүүх баримтуудыг үнэлж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас энэ баримтаар нотлогдох хэсгийг хангаж, 31,000,000 төгрөгийг Х.Г*******оос гаргуулж надад олгохоор шүүхийн шийдвэртээ тусгах байсан.

Мөн шүүхэд гаргаж өгөөгүй флаш дээр Х.Г******* байраа чи өөртөө авч үлд гэх зэргээр нэг бус удаа хэлсэн яриа бичигдсэн. Энэ баримтыг хэрэв нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн бол баримтыг шүүх хэрхэн үнэлэх, энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлөх байсан уу гээд С.Эын үйлдлээс болж миний бие маш их хохирсон.

Хэрэв нотариатч анхнаасаа хуульд нийцээгүй хэлцлийг гэрчлэхээс татгалзах үүргээ биелүүлсэн бол би өмгөөлөгчийн эрхгүй хүнд итгэмжлэл олгоо ч уу, үгүй ч үү? Цаашлаад өөр өмгөөлөгч сонгох, өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн тодорхойлох, ямар ямар нотлох баримтуудыг шүүхэд гарган өгөх байсан гээд нотариатчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйтэй энэ бүхэн шууд холбоотой.

Холбогдох хууль тогтоомж зөрчиж үйлдсэн нотариатын үйлдлийг шүүх хүчингүй болгох нь нэхэмжлэгчийн хувьд гэм хор учруулсан этгээдээс дээр дурдсан 31,000,000 төгрөгийн хохирлоо нэхэмжлэх нөхцөл болно.

Нотариатын  тухай хууль зөрчиж гэрчилсэн итгэмжлэлийг хууль бус болохыг тогтоолгож, нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах нь уг итгэмжлэлийг үндэслэн шүүхэд төлөөлсөн төлөөлөгчөөс гэм хорын төлбөрөө нэхэмжлэх урьдчилсан, бие даасан хамгаалалтын хэрэгсэл болох юм.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Д.Н*******гаас С.Эд олгосон 0493 дугаартай итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

2.Хариуцагч Я.З******* хариу тайлбартаа:

“...Үйлчлүүлэгч Д.Н*******гийн хүсэлтээр 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 0493 тоот итгэмжлэлийг гэрчилсэн. Иргэний хуулийн 67.3-т зааснаар хэдийд ч төлөөлүүлэгч итгэмжлэлээ хүчингүй болгох, төлөөлөгч итгэмжлэлээсээ татгалзах эрхтэй. Нэхэмжлэгч нь өөрт ойр байрлах нотариатад хандан хүсэлт гаргаж хүчингүй болгох эрхтэй, боломжтой. Төлөөлүүлэгч нь төлөөлөгчөө өөрөө сонгох бүрэн эрхтэй. Төлөөлөгчийн байдлыг нотариатч мэдэн үйлчилгээ үзүүлэх боломж байхгүй, боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

3.Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 0493 бүртгэлийн дугаартай итгэмжлэлийн хуулбар, нэхэмжлэгч Д.Н*******гийн Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга, нэхэмжлэгч Д.Н*******гийн Голомт банкны дансны хуулга, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 135/ШШ2024/01649 дугаартай шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 209/МА2025/00009 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ШХТ2025/00394 дугаартай тогтоол зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 4-15, 35-50 хуудас)

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Н*******гийн хариуцагч Я.З*******д холбогдуулан гаргасан “Итгэмжлэл гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:  

“...Х.Г*******ын нэхэмжлэлтэй, Д.Н*******д холбогдох орон сууцны өмчлөлтэй холбоотой маргаан бүхий иргэний хэрэгт Д.Н******* нь өмгөөлөгч авахаар болж, С.Э гэж хүнтэй уулзсан. Анх уулзахад С.Э нь өөрийгөө өмгөөлөгч гэж танилцуулсан боловч өмгөөлөгч биш байсныг сүүлд мэдсэн. Тухайн үед нэхэмжлэгч өмгөөлөгч авч байсан гэж ойлгож, С.Эд учир байдлаа хэлэхэд С.Э нь “...эхлээд чиний хэрэгтэй танилцана” гэсэн ба сарын дараа “...би хууль зүйн туслалцаа чамд үзүүлнэ. Чиний хэргийг 2 удаа уншлаа, би өмгөөлөөд явъя, өмгөөллийн гэрээгээ хийе” гээд “...Шинэ Дарханы “Эрдэнэс” плазад хүрээд ир, тэнд миний таньдаг нотариатч байгаа, хүн их байдаггүй, оочиргүй, их аятайхан нотариатч байдаг юм” гэж хэлсэн. Тэгээд тухайн нотариатч дээр очиход С.Э тэр хоёр хоорондоо мэндлээд, ажил төрлөө яриад байсан. Нотариатч нь нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийг аваад, компьютерын ард суун, баахан юм бичиж байгаад 2 хуудас баримт хэвлэж гаргаж ирээд Д.Н*******г “За гарын үсгээ зур” гэсэн тул гарын үсгээ зурсан байдаг. Тухайн гарын үсэг зуруулсан итгэмжлэлийнхээ нэг хувийг нь Д.Н*******д өгөөгүй, юу ч хэлж тайлбарлаагүй. Д.Н******* нь тухайн итгэмжлэлийг өмгөөллийн гэрээ хийсэн гэж ойлгосон боловч итгэмжлэл байсныг мөн сүүлд мэдсэн. Нотариатч Я.З******* нь С.Эыг таньдаг байж энэ хүн өмгөөлөгч биш, эсвэл ийм үр дагавар үүсгэх итгэмжлэл хийлгэж байна гэдэг ч юм уу хууль зүйн талаас нь үйлчлүүлэгчдээ ямар нэг тайлбар огт хэлээгүй. Нотариатын тухай хуульд зааснаар нотариатч нь үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх үүргээ биелүүлээгүй. Тухайн үед нотариатч нь хуулийнхаа дагуу үр дагаврыг нь тайлбарлаад өгсөн бол С.Э гэж хүнээс болоод нэхэмжлэгч Д.Н******* нь 31,000,000 төгрөгөөр хохироод үлдэхгүй байсан. С.Эд олгосон итгэмжлэл нэхэмжлэгчийн хүсэл зоригт нийцээгүй, түүний хүссэн үр дагаварт хүргээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т “Эрх зүйн бүрэн чадамжтай иргэн өөрийгөө сайн дурын үндсэн дээр бусдаар, эсхүл гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр төлөөлүүлж болно” гэж заасан. С.Э нь өөрийгөө өмгөөлөгч гэж ойлгуулж, тодорхой төлбөр хөлс мөнгөний үндсэн дээр тухайн иргэний хэрэгт оролцсон бөгөөд энэ заалтаас үзэхэд өмгөөлөгч хүн итгэмжлэлээр бус гэрээний үндсэн дээр төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор заасан. Мөн өмгөөллийн эрхгүй хүн хууль зүйн туслалцаа үзүүлэх боломжгүй бөгөөд энэ талаарх холбогдох өмгөөллийн тухай хууль, хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн заалтыг ч зөрчсөн гэж үзнэ. Үүнийг нотариатч мэдсэн боловч Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.4-т үйлчлүүлэгч нь эрх зүйн чадамжгүй, эсхүл төлөөлөх эрхгүй байвал нотариатын үйлдэл хийхээс татгалзана гэж заасан үүргээ биелүүлээгүй. Мөн Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно” гэж заасан. Эдгээр нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хууль зөрчиж хийсэн хэлцэлд хамаарах тул тус заалтыг үндэслэж 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Д.Н*******гаас С.Эд олгосон 0493 дугаартай итгэмжлэл гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү” гэж тодорхойлов.

3.Хариуцагч Я.З******* нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “Үйлчлүүлэгч Д.Н*******гийн хүсэлтээр 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 0493 тоот итгэмжлэлийг гэрчилсэн. Төлөөлүүлэгч нь төлөөлөгчөө өөрөө сонгох бүрэн эрхтэй. Төлөөлөгчийн байдлыг нотариатч мэдэн үйлчилгээ үзүүлэх боломж байхгүй. Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т зааснаар хэдийд ч төлөөлүүлэгч итгэмжлэлээ хүчингүй болгох, төлөөлөгч итгэмжлэлээсээ татгалзах эрхтэй” гэж тайлбар гаргажээ.

4.Нэхэмжлэгч Д.Н*******гийн хариуцагч Я.З*******д холбогдуулан гаргасан тус нэхэмжлэлийг Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 307/ШЗ2025/07551 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 307/ШЗ2026/00113 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 307/ШЗ2026/01239 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж болон мөн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 307/ШЗ2026/02444 дугаартай шүүгчийн захирамжаар: “...нэхэмжлэлийн шаардлага гэдгийг эцсийн хүрэх үр дүн гэж ойлгох бөгөөд нэхэмжлэгчийн хувьд итгэмжлэл гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгосноор үүсэх үр дагаврыг хохирлоо нэхэмжлэх урьдчилан нөхцөл болно гэж нэхэмжлэлдээ дурдсан боловч хохирлын талаарх шаардлагаа тодорхой болгоогүй хэвээр байна” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж байсан бөгөөд нэхэмжлэгчээс үүнийг “...холбогдох хууль тогтоомж зөрчиж үйлдсэн нотариатын үйлдлийг шүүх хүчингүй болгох нь нэхэмжлэгчийн хувьд гэм хор учруулсан этгээдээс 31,000,000 төгрөгийн хохирлоо нэхэмжлэх нөхцөл болно” гэж тодруулсан.

5.Хэрэгт баримтаар авагдсан 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 0493 дугаартай итгэмжлэлээр нэхэмжлэгч Д.Н******* нь Х.Г*******ын нэхэмжлэлтэй, хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай өөрт холбогдох иргэний хэрэгт хариуцагч талыг төлөөлөн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхийг төлөөлөгч С.Эд итгэмжлэн олгосон байх бөгөөд тус итгэмжлэлийг ******* Я.З******* гэрчилсэн болох нь тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэж хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн дээрх итгэмжлэлд шүүхийн архивын “хуулбарлав” гэсэн тэмдэг дарагдсан, нотлох баримтын шаардлага хангагдаагүй байх боловч хариуцагч нь уг итгэмжлэлийг олгосон талаар тайлбартаа дурдсан, итгэмжлэлийн хүчин төгөлдөр байдалд талууд маргаагүй тул шүүх уг баримтыг нотлох баримтаар үнэлсэн.

6.Дээрх 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 0493 дугаартай нэхэмжлэгч Д.Н*******гаас олгосон шүүхэд төлөөлөх итгэмжлэлийн дагуу төлөөлөгч С.Э нь Х.Г*******ын нэхэмжлэлтэй, Д.Н*******д холбогдох орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, гэрээний зүйл болох 48,864,900 төгрөгийг гаргуулах, орон сууцны өмчлөгчөөр Д.Н*******, Г.Г нарыг нэмж бүртгүүлэхийг Х.Г*******од даалгаж, эд хөрөнгийн даатгалд төлсөн 990,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагч Д.Н*******г төлөөлөн оролцсон байна.

Тус иргэний хэргийг Дархан уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 135/ШШ2024/01649 дугаартай шийдвэрээр “...Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 8-р баг, 17-р хороолол, 408-р байрны 69 тоот, 42.22 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч Д.Н*******гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.2, 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Г*******, хариуцагч Д.Н******* нарын хооронд 2023 оны 6 сарын 22-ны өдөр байгуулсан 2811 дугаартай бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцож, нэхэмжлэгч Х.Г*******оос 43,864,900 төгрөг, мөн үл хөдлөх эд хөрөнгийн даатгалд төлсөн 990,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.Н*******д олгож, сөрөг нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэснийг,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 209/МА2025/00009 дугаартай магадлалаар хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ШХТ2025/00394 дугаартай тогтоолоор хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж, шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

7.Нотариатч нь итгэмжлэл гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 41.3, Нотариатын үйлдэл хийх зааврын 7 дугаар зүйлд заасныг баримтлах бөгөөд нэхэмжлэгч Д.Н*******гаас С.Эд олгосон шүүхэд төлөөлөх итгэмжлэлд талуудын мэдээлэл, итгэмжлэл олгосон он, сар, өдөр, төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгож байгаа бүрэн эрх болон хугацаа тодорхой тусгагдсан, төлөөлөх эрхийг бусдад шилжүүлэх эрхгүй талаар тухайлан заасан, итгэмжлэлээс үүсэх үр дагаврыг дурдсан буюу итгэмжлэл нь хуулийн шаардлагыг хангасан байна.

8.Иргэний хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д төлөөлөгч хүсэл зоригийг хангалтгүй илэрхийлж, хүссэн үр дагаврыг бий болгож чадаагүйгээс хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах бол төлөөлүүлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг илүү харгалзан үзнэ гэж заасан.

Өөрөөр хэлбэл, итгэмжлэл нь төлөөлүүлэгчийн хүсэл зоригт үндэслэн хийгдэх нэг талын хэлцэл болохын хувьд хүчин төгөлдөр байдал нь төлөөлүүлэгчийн хүсэл зоригийн илэрхийллээр тодорхойлогддог.

9.Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1, Нотариатын үйлдэл хийх зааврын 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар нотариатч нь аливаа нотариатын үйлдлийг хийхдээ үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх, итгэмжлэлийн хувьд итгэмжлэлээр олгосон бүрэн эрхийн хүрээнд хийгдсэн хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болох бөгөөд төлөөлүүлэгч нь хэдийд ч итгэмжлэлээ хүчингүй болгох, төлөөлөгч итгэмжлэлээс татгалзах эрхтэй болохыг нотариатч нь тэдгээрт тайлбарлах үүрэгтэй.

Нэхэмжлэгчээс нотариатч нь 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 0493 дугаарт бүртгэгдсэн итгэмжлэлийг гэрчлэх үедээ энэ үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэлийн үндэслэлдээ дурддаг бөгөөд үүнийг хариуцагчаас няцаасан тайлбар шүүхэд гаргаагүй тул нотариатч нь итгэмжлэл гэрчлэх үедээ дээрх хуульд заасан тайлбарлах үүргээ биелүүлээгүй байна гэж үзэх үндэслэлтэй.

Гэвч нэхэмжлэгч Д.Н******* нь итгэмжлэлийг гэрчлүүлэх үедээ төлөөлөгч С.Эыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, өөрийгөө төлөөлүүлэх бодит хүсэл зоригтой байсан бөгөөд итгэмжлэлийн агуулга нь нэхэмжлэгчийн тухайн үеийн хүсэл зоригтой харшлаагүй, нөгөө талаар төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн өмнө үүргээ зохих ёсоор биелүүлээгүй эсэх нь тухайн үеийн итгэмжлэл гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгох, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй.

10.Мөн нэхэмжлэгч нь нотариатч ямар баримт дээр гарын үсэг зуруулж байгааг мэдэх боломж олгоогүй, итгэмжлэлийн нэг хувийг өгөөгүй, итгэмжлэл бус өмгөөллийн гэрээ байгуулж байна гэж ойлгосон гэж тайлбарладаг боловч нэхэмжлэгч нь эрх зүйн бүрэн чадамжтай этгээдийн хувьд итгэмжлэл дээр гарын үсэг зурахдаа тухайн баримтын агуулгатай танилцаж, өмгөөллийн гэрээ эсхүл итгэмжлэлийн аль нь болохыг гэрчлүүлж байгаагаа мэдэх боломжтой байсан гэж үзнэ.

11.Түүнчлэн Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар иргэн өөрийн төлөөлөгчөөр хэнийг ч сонгох эрхтэй тул нотариатч нь С.Эыг “өмгөөлөгч эсхүл өмгөөлөгч биш” гэдгийг мэдэж байсан тохиолдолд итгэмжлэлийг гэрчлэхээс татгалзах хууль ёсны үндэслэл байхгүй байжээ.

12.Иймд нотариатч хуульд заасан тайлбарлах үүргээ биелүүлээгүй байх боловч энэ нь итгэмжлэлийг нь хүчингүй болгох, төлөөлүүлэгчийн хүсэл зоригийг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

13.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдсанчлан төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй, хохирол учруулсан, эсхүл Өмгөөллийн тухай хуульд заасныг зөрчин өмгөөллийн үйл ажиллагаа явуулсан гэж үзэж байгаа тохиолдолд хариуцлагын талаар холбогдох байгууллагад гомдол гаргах, хохирлоо гаргуулахаар шаардлага гаргах эрхийг энэ шийдвэр хөндөхгүй болно.

14.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 41.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Н*******гийн нотариатч Я.З*******д холбогдуулан гаргасан “Итгэмжлэл гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.НОМИН