Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2026/ДШМ/15

 

 

 

 

 

 

  2026       02        25                                            2026/ДШМ/15

 

 

                                              Б.Пд холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Жаргалтуяа даргалж, шүүгч С.Уранчимэг, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                    Н.Д

Шүүгдэгч                                                     Б.П

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            О.С

Хохирогчийн өмгөөлөгч                            Д.О

            Нарийн бичгийн дарга                             М.Э нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.П болон түүний өмгөөлөгч О.С нарын давж заалдах гомдлоор Б.Пд холбогдох     дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овогт Б-н П, Монгол Улсын иргэн,

 

Шүүгдэгч Б.П нь хохирогч Б.М-г хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 11.000.000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 1.000.000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 2.000.000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 5.000.000 төгрөг, нийт 19.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны дансаар шилжүүлэн авсан, залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Б.Пгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:

 

Шүүгдэгч Б овогт Б-н Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пг 9 сар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Пгээс 14.000.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Мд олгож,

 

Шүүгдэгч Б.Пгийн эзэмшлийн       аймаг     сум      дугаар баг     тоот гэр бүлийн хэрэгцээний хувийн сууц болон газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 4 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, шүүгдэгч Б.П цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.П давж заалдах гомдолдоо:

“ ... Үлдэгдэл 14 сая төгрөгийг өгч чадаагүй байсан. Миний хувьд уг мөнгийг огт буцааж өгөхгүй гэсэн тийм санаа зорилго мөнгө авах үедээ байгаагүй. Миний бие ам бүл 6, нөхөр тогтмол орлогогүй, 5 наснаас 17 насны 4 хүүхэдтэй хамгийн том охин 12 дугаар ангиа төгссөн сургуульд явж чадаагүй байгаа, бага хүүхэд цэцэрлэгт дунд 2 хүүхэд дунд сургуульд сурдаг. Ингээд 2025 оны 12 дугаар сарын 22-нд миний шүүх хурал болоод би хоригдсон. Намайг хоригдсоноос хойш нөхөр  “Э”-д ажилд орсон. Ингээд хүүхдүүдийг минь харж хандах хүнгүй 5 настай хүүхэд минь ээжийгээ санаад орондоо шээгээд хоол ундаа идэхгүй 2 дунд хүү минь ч гэсэн сэтгэл санаа нь маш хүнд байгаа учраас хүүхдүүдэд ээж миний бие маш их хэрэгтэй байна. Том охин “Н”-д ажилд орсон амралтын ганц хоногтоо дүү нараа харж байгаа. Нөхөр маань ажил хийж олсон мөнгөө дүү П маань миний хохирлын мөнгийг 1 сарын 10 гэхэд олж төлөхөөр болсон. Холбогдсон гэмт хэрэгтээ гэмшиж байгаа буруугаа хүлээж байгаа хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан надад оногдуулсан ял шийтгэлийг миний насанд хүрээгүй хүүхдүүдийн эрх ашгийг бодолцон ялыг минь хөнгөрүүлж өгнө үү ... ” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С давж заалдах гомдолдоо:

“... Б.П нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлсэн байна. Б.П нь цагдан хоригдсоны дараа түүний нөхөр, төрсөн дүү нар нь хохирлын мөнгийг нь төлсөн байгаа. Б.Пгийн асрамжид 5 насны 3 хүүхэд байдаг бөгөөд бага хүүхэд эхийгээ санаж орондоо шээх, ээжийгээ байнга нэхэх зэргээр сэтгэл зүйн хувьд хэцүү байдалтай байна. Иймд Б.Пгийн ар гэр хүүхдүүдийн эрх ашгийг харгалзан оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү ...” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.П тайлбартаа: “... ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү ...” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч О.С тайлбартаа: “... ял шийтгэлийг хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Д.О тайлбартаа: “... шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Д дүгнэлтдээ: “... шийтгэх тогтоол хуульд заасан шаардлагыг хангасан, үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгэл тохирсон гэж үзэж байна ...” гэв.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.П, түүний өмгөөлөгч О.С нарын гаргасан давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Б.П нь Б.Мг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 11.000.000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 1.000.000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 2.000.000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 5.000.000 төгрөг, нийт 19.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны дансаар шилжүүлэн авч, залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь

 

хохирогч Б.Мгийн “... Б.Пд итгэж 21.000.000 төгрөг зээлсэн,  түүнээс маш олон удаа нэхэж, гуйж байгаад 8.400.000 төгрөг эргүүлэн авсан, одоо 12.600.000 төгрөг авах дутуу байна ... Б.Пгийн дүү Пүрэвхишигт 4.000.000 төгрөг Пгээр дамжуулан 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зээлүүлсэн боловч П нь 1.000.000 төгрөгийг өөртөө ашигласан гэдгийг сүүлд мэдсэн, үүний дараа буюу 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн үүрээр       аймгийн       суманд байхад П нь “найз маань надаас 2.000.000 төгрөг зээлээч гэж байна, би 1.000.000 төгрөг өөрөөсөө өгнө, та 1.000.000 төгрөг зээлээч” гэж гуйгаад байхаар нь Б.Пгийн данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн, үүний дараа 2.000.000 төгрөгөөр нэг удаа, 5.000.000 төгрөгөөр нэг удаа, нийт 22.000.000 төгрөг шилжүүлснээс эргүүлэн 8.400.000 төгрөг авсан, одоо 13.600.000 төгрөг авах ёстой ...” гэсэн мэдүүлэг,

 

гэрч А.Б-н “... П нь эхнэр Мгаас салахгүй, ...мөнгө зээлээч .. гээд эхнэрээс мөнгө авсан ... эхнэр Мгаас Пд нийт 21.000.000 төгрөг өгснөөс 8.400.000 төгрөг эргүүлж авсан гэдгийг мэдсэн ...” гэсэн мэдүүлэг,

 

гэрч Б.П-н “... 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр П эгчийн дансаар дамжуулж 3.000.000 төгрөг зээлж авсан, гэхдээ Мгаас “...4.000.000 төгрөг зээлж авна ... гэж аваад уг мөнгөнөөс эгч П нь 1.000.000 төгрөгийг ашигласан. Би Мгаас авсан 3.000.000 төгрөгийг хүүгийн хамт эргүүлэн өгсөн, хүү тооцохдоо 4.000.000 төгрөгөөс тооцож, хоёр сарын хугацаанд 800.000 төгрөг нэмж өгсөн ...” гэсэн мэдүүлэг,

 

гэрч Л.Э-н “... 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр эхнэр Б.П нь Мгаас 10.000.000 төгрөг зээлсэн ... ” гэсэн мэдүүлэг, дансны хуулга зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Б.П, түүний өмгөөлөгч О.С нар “... анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэх агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэх юм.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж, оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон байх шаардлагатай.

 

Өөрөөр хэлбэл тухайн гэм буруутай этгээдэд шүүхээс оногдуулж буй эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ

 

тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг болно.

 

Шүүгдэгч Б.П нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлснээс гадна хохирогч Б.Мд учруулсан хохирол төлбөр буюу шийтгэх тогтоолд заасан 14.000.000 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн баримтыг ирүүлсэн байна.  

 

Мөн шүүгдэгч нь ам бүл 6, нөхөр болон 2007 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Э.Ш, 2009 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Э.Э, 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү Э.Т, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Э.Э нарын хамт амьдардаг, нөхөр Л.Э нь “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн У салбарт хүнд даацын автомашины жолоочоор ажилладаг болох нь хэрэгт авагдсан хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, лавлагаа, Ам бүлийн тодорхойлолт, “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн У салбарын захирлын ХН 0022 дугаартай тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 1959 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр баталсан “Хүүхдийн эрхийн тунхаглал”-д “Хүүхдийн бие бялдар, оюун ухаан гүйцэд төлөвшөөгүйн улмаас түүнийг төрөхөөс өмнө болон төрсний дараа онцгой халамж, хамгаалалт, түүний дотор эрх зүйн зохих хамгаалалт шаардлагатай гэсэн үзэл санааг “Хүүхдийн эрхийн тухай” НҮБ-ийн Конвенцэд (1989 оны) “Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна”, “...Оролцогч улсууд хүүхдийн амьдрах, эсэн мэнд хөгжих бололцоог дээд зэргээр бүрдүүлэн хангана” хэмээн бататган тунхаглажээ.

                Монгол Улс “Хүүхдийн эрхийн тухай” Конвенцэд 1990 онд нэгдэн орсон бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ардчилсан нийгмийн үнэт зүйл болсон хүний амьд явах эрхийг хамгаалснаас гадна 11 дүгээр зүйлд “... Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална”, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” хэмээн хуульчилсан байна.

Давж заалдах шатны шүүх Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2-т заасан “Төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангана” гэсэн хүүхдийн эрхийн үндсэн зарчмыг баримтлан

шүүгдэгч Б.Пгийн хувийн буюу ар гэрийн байдал /5-17 насны 4 хүүхэдтэй/, анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан 9 сарын хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, тухайн зүйл, хэсэгт заасан ял буюу 9 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.П нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 65 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан түүнд оногдуулсан 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас цагдан хоригдсон 65 хоногийг хасаж тооцож, нийт эдлэх ялыг 6 сар 25 хоногоор тогтоож, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын

“... шүүгдэгч Б.Пг 9 сар хорих ялаар ...” гэснийг “... шүүгдэгч Б.Пг 9 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар ...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.П болон түүний өмгөөлөгч О.С нарын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Пгийн цагдан хоригдсон 65 хоногийг түүнд оногдуулсан 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж тооцож, түүний эдлэх ялыг 6 сар 25 хоногоор тогтоож, ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Шүүгдэгч Б.П нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шүүгдэгч Б.П нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зааснаар хохирогч Б.Мд хохирол төлбөрт 14.000.000 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

 

6. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.ЖАРГАЛТУЯА

 

                        ШҮҮГЧИД                                                     С.УРАНЧИМЭГ

 

                                                                                                З.ХОСБАЯР