Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 320/ШШ2026/00520

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 320/ШШ2026/00496

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ш.Ц***ын хүсэлттэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай, 155/2025/02142/и индекстэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Э.Х***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Алтанхундага нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Ц*** шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Ш.Ц*** нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд 19*** онд Ш***гийн хоёр дахь хүүхэд болон мэндэлсэн бөгөөд Цагаан-Уул сумын 8 жилийн дунд сургуульд суралцаж 8 дугаар ангийг 19*** онд,  Мөрөн сумын ойн техник мэргэжлийн сургуульд суралцаж 19** онд тус тус төгссөн. Намайг сургуулиа төгсөх үед нийгэм өөрчлөгдөж, хувьчлал болсны улмаас мэргэжлээрээ ажиллах боломжгүй болж би Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 3-р багт ээж Ц***ийн хамт 1990 оноос 2003 оныг хүртэл мал маллан амьдарч байсан. Ээжийн маань бие муудсан учраас 2003 оноос ээж маань малаа зарж, би ээжийгээ асарч байгаад 2013 онд Д.Ц***тай танилцаж, түүнтэй хамт Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 2 дугаар багт 2013 оноос эхлэн одоог хүртэл мал маллан амьдарч байна. Одоо миний бие 50 нас хүрч,малчин даатгуулагчаар  өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл миний 2013 оноос хойш мал маллаж байсан байдал минь тооцогдохгүйд хүрээд байна. Учир нь малын А данс нь Д.Ц***ийн нэр дээр бүртгэгдсэн бид гэрлэлтийн гэрчилгээгүй учраас намайг тус айлд мал маллаж байсан гэж тооцох боломжгүй тул шүүхийн байгууллагаар мал маллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай гэх хариуг нийгмийн даатгалын байцаагч маань хэлсэн. Миний бие 2004 онд нутгийнхаа Г*** гэх залуутай үерхэж байх хугацаандаа хүүхэдтэй болж, охиноо эцгээр нь овоглох гээд гэрлэлтээ батлуулж байсан юм. Би Г***той хамт амьдарч байгаагүй, хүүхдээ 4 нас хүртэл манайхаар ирэн, очин байдаг байж байгаад сүүлдээ холбоогүй болсон. Түүний хаана байгааг мэдэхгүй  учраас гэрлэлтээ цуцлуулж чадахгүй өдийг хүрч байна. Иймд Ш.Ц*** миний Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 2 дугаар багт 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотойгоор түүний Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 2 дугаар багт 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтэй байна. Сая хамтран амьдарч байгаа Д.Ц***ийн 2025 оны мал, тэжээвэр амьтан, хашаа худгийн тооллогын баримтыг шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн. Д.Ц*** гуайн эхнэр Ш*** гэж хүн байсан бөгөөд 2012 онд нас барсан гэж байсан гэжээ.

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний лавлагаа 1 хуудас, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хайс багийн засаг даргын тодорхойлолт 1 хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 1 хуудас, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 2 дугаар багийн иргэн Д***н Ц***ийн 2017, 2022-2025 оны мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын баримтууд, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрэх зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 112 дугаартай тогтоолын эх хувь 1 хуудас, Нийгмийн даатгалын дэвтэр дэх Баталгаажилтын хуудасны хуулбар 1 хуудас, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны *** дүгээр сарын ***-ны өдрийн *** дугаар шүүгчийн захирамжийн хуулбар 2 хуудас, Хөвсгөл аймгийн тойргийн нотариатч Э.О***ын 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр үйлдсэн 0753 дугаар итгэмжлэл 1 хуудас, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, мод бэлтгэх эрхийн бичиг эх хувиар 1 хуудас зэрэг баримтыг ирүүлсэн байна.

Шүүх Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архиваас Ш.Ц***, Д.Ц*** нарын  2010,2020 оны хүн амын тооллогын баримт, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн байгууллагаас Ш.Ц***, Д.Ц*** нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтыг нотлох баримтаар бүрдүүлсэн.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Ш.Ц*** нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 2 дугаар багт 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан боловч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Ш.Ц***ын Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 2 дугаар багт 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтэй гэж тодруулсан байна.

            Нэхэмжлэгч Ш.Ц*** нь мал маллаж байсан байдлаа тогтоолгосноор малчин даатгуулагч нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байгаа гэж тайлбарласан.

 

3.Хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

Нэхэмжлэгч Ш.Ц***аас нотлох баримтаар гаргаж ирүүлсэн Хөвсгөл аймгийн Баянзүрх сум Хайс 2 дугаар баг, Өрхийн тэргүүлэгч Д*** Ц*** Р***, малчин өрх,  малчдын тоо-2, малчдын мэдээлэл хэсэгт: Д*** Ц***, Ц*** Б***, Ш*** Ц*** гэж бичигдсэн 2017 оны  мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын баримт 2 хуудас, (хх-ийн 7-8 дугаар тал)

Хөвсгөл аймгийн Баянзүрх сум Хайс 2 дугаар баг, Өрхийн тэргүүлэгч Д*** Ц*** Р***, малчин өрх,  малчдын тоо-3, малчдын мэдээлэл хэсэгт: Д*** Ц***, Ш*** Ц*** Ц*** Б*** гэж бичигдсэн 2022 оны  мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын баримт 3 хуудас, (хх-ийн 9-11 дүгээр тал)

Хөвсгөл аймгийн Баянзүрх сум Хайс 2 дугаар баг, Өрхийн тэргүүлэгч Д*** Ц*** Р***, малчин өрх,  малчдын тоо-2, малчдын мэдээлэл хэсэгт: Д*** Ц***, Ш*** Ц*** гэж бичигдсэн 2023 оны  мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын баримт 3 хуудас, (хх-ийн 12-14 дүгээр тал)

Хөвсгөл аймгийн Баянзүрх сум Хайс 2 дугаар баг, Өрхийн тэргүүлэгч Д*** Ц*** Р***, малчин өрх,  малчдын тоо-2, малчдын мэдээлэл хэсэгт: Д*** Ц***, Ш*** Ц*** гэж бичигдсэн 2024 оны  мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын баримт 3 хуудас, (хх-ийн 15-17 дугаар тал)

Хөвсгөл аймгийн Баянзүрх сум Хайс 2 дугаар баг, Өрхийн тэргүүлэгч Д*** Ц*** Р***, эхнэр Ш***гийн Ц***, малчин өрх,   ам бүлийн тоо-2, малчдын мэдээлэл хэсэгт: Д*** Ц***,  Ш*** Ц*** гэж бичигдсэн 2025 оны  мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын баримт 4 хуудас, (хх-ийн 72-75 дугаар тал)

Архивын ерөнхий газар, Үндэсний төв архивын 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03-04/545 дугаартай Хүн ам орон сууцны 2020 оны улсын тооллогын бүртгэлийн 53 дугаар хуудсанд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хайс багийн Харганы шар шороот өвөлжөөнд оршин суугч: өрхийн тэргүүн Хар дархад ургийн овогтой Д***гийн Ц***, эрэгтэй, 19*** оны *** дугаар сарын **-нд төрсөн, *** настай, малчин, Эхнэр Ж*** ургийн овогтой Ш***гийн Ц***, эмэгтэй, 19*** оны *** дугаар сарын ***-нд төрсөн, *** настай, малчин охин Х*** ургийн овогтой Ц***ийн Б***, эмэгтэй, *** оны *** дугаар сарын ***-нд төрсөн, ***настай, хүү Б*** ургийн овогтой Г***ын М***, эрэгтэй *** оны ***дугаар сарын ****-нд төрсөн, *** настай гэж бүртгэгдсэн байна.” гэх бичилттэй  Архивын лавлагаа 1 хуудас, (хх-ийн 37 дугаар тал)

Түүнд хавсаргасан хүнам, орон сууцны 2020 оны тооллогын асуулга гэх тэргүүнтэй “...Жунжгай Ш*** Ц***, үйл ажиллагааны үндсэн чиглэл: хонь өсгөх, таны эрхэлдэг ажил: Малчин...” гэж бичигдсэн бармтын Архивын Ерөнхий газар хуулбар үнэн тэмдэг дарагдсан баримт 6 хуудас (хх-ийн 44-49 дүгээр тал)

Архивын ерөнхий газар, Үндэсний төв архивын 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03-04/544 дугаартай Хүн ам орон сууцны 2010 оны улсын тооллогын бүртгэлийн 189 дугаар хуудсанд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хайс багийн оршин суугч: өрхийн тэргүүн Х*** ургийн овогтой Д***гийн Ц***, эрэгтэй, 19*** оны *** дугаар сарын ***-нд төрсөн, *** настай, малчин, Эхнэр Х*** овогтой Д***гийн Ш***, эмэгтэй, 19*** оны *** дугаар сард төрсөн, *** настай, малчин охин Ц***ийн Б***, эмэгтэй, *** оны *** дугаар сард төрсөн, *** настай, гэж бүртгэгдсэн байна.” гэх бичилттэй  Архивын лавлагаа, хавсралтын хамт 6 хуудас, (хх-ийн 38-43 дугаар тал),

 

Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2026 оны 3 дугаар сарын 12-ны өдөр авсан Х*** Д***н Ц***, Хүрэн Харга Д***н Ш*** нарын 2002 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Гэрлэлтийн бүртгэлийн ***-рт бүртгэгдсэн, 2*** оны *** дугаар сарын ***-ны өдөр гэрлэлт дуусгавар болсон талаар тус тус бүртгэгдсэн Гэрлэсний бүртгэлийн лавлагаа 1 хуудас (хх-ийн 66 дугаар тал),

Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2026 оны 3 дугаар сарын 12-ны өдөр авсан Б*** М***ийн Г***, Ж*** Ш***гийн Ц*** нарын 2*** оны *** дүгээр сарын ***-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Гэрлэлтийн бүртгэлийн ***-рт бүртгэгдсэн Гэрлэсний бүртгэлийн лавлагаа 1 хуудас (хх-ийн 67 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хайс багийн засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдийн  Ш***гийн Ц*** нь тус багийн Д***н Ц***тай 2013 оноос хойш хамтран амьдарч байгаа нь үнэн болно гэж тодорхойлолт 1 хуудас (хх-ийн 4 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримт хэрэгт авагдсан байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх туай хуулийн 133 дугаар зүйлийн                133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ: 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох гэж,

Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал гэж тус тус хуульчилсан байна.

            Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор заажээ.

            Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 2 дугаар багт 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд  мал маллаж байсан байдлаа тогтоолгосноор түүнд малчин даатгуулагч нөхцөлөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн үр дагаврыг бий болгох ач холбогдол бүхий үйл явдал байх тул нэхэмжлэгч Ш.Ц*** нь шаардах эрхтэй байна.

            Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д "малчин" гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг гэж тодорхойлсон бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд малчин нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эрх зүйн үндэслэлд төрийн мал, хувийн мал малласан гэсэн байдлаар хууль тогтоогчоос зааглан ялгаж хуульчлаагүй тул шүүх мал маллаж байсан байдлыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

5. Иймд хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд болох Үндэсний төв архивын 2020 оны хүн амын тооллогын лавлагаа, Д.Ц***ийн өрхөд малчдын мэдээллийн хэсэгт Ш***гийн Ц*** гэж бичигдсэн 2017, 2022-2025 оны мал, тэжээвэр амьтан, хашаа худгийн тооллогын баримтууд болон бусад баримтуудаар нэхэмжлэгчийн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 2 дугаар багт 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд  мал маллаж байсан  болох нь нотлогдож байна гэж үзлээ.

6. Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 112 дугаар тогтоолд Д.Ц***тай хамтын амьдралтайг тогтоолгоогүй тул Д.Ц***ийн мал тооллогын А дансаар малчны хугацааг тооцох боломжгүй гэж шийдвэрлэжээ.

 Мал , тэжээвэр амьтан, хашаа худгийн тооллогын баримтын загвар, түүн дээрх хөтлөгдөх мэдээлэл нь Үндэсний статистикийн хорооны даргын тушаалаар 2017, 2019, 2025 онуудад өөрчлөгдсөн бөгөөд түүний дагуу хөтлөгдсөн мэдээлэлд үндэслэн нэхэмжлэгчийн мал маллаж байсан байдлыг тогтоох нь тухайн баримтын ач холбогдол, үр дагаварт нийцнэ.

Өөрөөр хэлбэл 2017 оноос өмнө үйлдэгдэж байсан тухайн тооллогын баримтуудад өрхийн тэргүүлэгчээс бусад малчдын нэр хөтлөгддөггүй, бүртгэгддэггүй байснаас шалтгаалан тухайн өрх дэх бусад малчин иргэд хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгосноор мал маллаж байсан байх үр дагаврыг үүсгэх боломжтой байсан ба дээрх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тус Нийгмийн даатгалын байгууллага холбогдох баримтын хэмжээнд шийдвэрлэх бүрэн боломжтой төдийгүй иргэний мал маллаж байсан байдлыг бусад үндэслэлээр үгүйсгэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, бодит байдалд нийцэхгүй үр дагаврыг бий болгоно.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүх эргэлзээгүй, үнэн зөв байх, дээрх үйл явдлыг тогтооход ач холбогдолтой, цаг хугацааны хувьд тохирч байгаа зэргийг нь үндэслэн үнэлж шийдвэрлэсэн болно.

            7.Нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгох тухай шаардлага гаргаж энэхүү шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Ж*** Ш***гийн Ц*** -ын Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 2 дугаар багт 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд   мал маллаж байсан болохыг тогтоосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.Ц***ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.МӨНХТУЯА