Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2026/ДШМ/16

 

 

 

 

 

 

 

  2026       03        04                                            2026/ДШМ/16

 

 

О.Тд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч Г.Жаргалтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                                Н.Д

Яллагдагч                                                                 О.Т

Яллагдагчийн өмгөөлөгч                                      Р.Ц

Хохирогч                                                                   Э.Э

Хохирогчийн өмгөөлөгч                                        Б.Б

            Нарийн бичгийн дарга                                         Г.Э нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 101 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн О.Тд холбогдох     эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Жаргалтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

   И овогт О-н Т, Монгол Улсын иргэн,

Яллагдагч О.Т нь согтуурсан үедээ 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 00:20 минутын орчим    аймгийн    сумын   багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Ш баарны гадна танил ах нартай маргалдсан гэх шалтгаанаар Ш баарны гадна зогсож байсан хохирогч Э.Э-ны баруун хацар хэсэгт баруун гараараа нэг удаа цохиход хохирогч Э.Э нь арагш цементэн дээр савж унаж эрүүл мэндэд нь зүүн талын чамархай ясны хугарал, тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархины эдийн няцрал, зүүн чихний арын хэсэгт цус хуралт, хуйханд зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

 

О.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч О.Тд холбогдох эрүүгийн     дугаартай хэргийг Орхон аймгийн прокурорын газарт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр буцааж, Хэргийг прокурорт очтол яллагдагч О.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Хэрэгт хавсрагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж хүргүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор эсэргүүцэлдээ:

“ ... Захирамжийн 1 дэх заалтын тухайд: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”, 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл”-ийг тус тус хангалттай нотолж тогтоогоогүй байна” гэжээ.

Яллагдагч О.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэг болон бусад мэдүүлгийн нотлох баримтуудаар хохирогч Э.Э нь Ш баарны ариун цэврийн өрөөнд болон өрөөний гадна бусадтай зодолдсон үйл баримт тогтоогдсон.

Ш баарны ариун цэврийн өрөөнд болон ариун цэврийн өрөөний гадна бусадтай зодолдож дуусаад буцаж ширээн дээрээ очоод ямар нэгэн гэмтэл учраагүй учраас гэртээ харихаар Ш баарнаас гараад баарны гадна яллагдагч О.Тд баруун хацар хэсэгт цохиулан газарт унаж, зүүн талын чамархайн ясны хугарал, тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархины эдийн няцрал, зүүн чихний арын хэсэгт цус хуралт, хуйханд зулгаралт бүхий хүнд хохирол учирсан ба уг гэмтэл нь О.Тгийн үйлдэлтэй шалтгаант холбоотой, энэ үйлдэл нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Харин хохирогчийн өмгөөлөгчөөс гаргасан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн үйлдэл тогтоогдохгүй, эхний үйлдэл төгссөний дараа О.Т очиж хохирогчийг цохисон. Түүнчлэн хохирогчийн мэдүүлэгт “эрүү өвчин орчихсон байсан” гэснээс өөрөөр шүд гэмтсэн талаар мэдүүлэг байхгүй, шинжээчийн 1031 дугаартай дүгнэлтийн хэсэг газрын үзлэг болон эмнэлгийн баримт бичигт Э.Э-ны шүдний талаарх өвчин тусгагдаагүй. Иймд О.Т нь бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдохгүй.

Мөн хохирогчийн өмгөөлөгчөөс гаргасан хохирогчтой хамт явсан найзууд болох Г, Т, Л нараас мэдүүлэг авсан ба дээрх гэрчүүд нь хохирогчийг бусдад зодуулсан талаар огт мэдээгүй байсан. Хохирогч нь бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтлийн тасагт 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс тус эмнэлгийн мэдрэл судлалын тасагт хэвтэн эмчлүүлсэн.

2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр эрүү нүүрний мэс заслын тасагт үзүүлж ... эрүү хэсгээр өвдөнө, юм идэж чадахгүй, шүднүүд хөндүүрлэнэ ... гэх зовууриар үзүүлсэн талаарх амбулаторийн картыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн ба ийм мэдүүлэг мөрдөн шалгах ажиллагаанд огт авагдаагүй, хэрэгт ийм нотлох баримт нэг ч байхгүй, шинжээчийн дүгнэлтээр ч тогтоогдоогүй болно.

Өөрөө хэрхэн яаж хохирсон талаар мэдүүлэг өгөхдөө хэлээгүй, шинжээч эмчид үзүүлэхдээ мөн хэлээгүй байж шүүх хуралдаанд урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаж байгаа нь өөрөө эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно. Нэгэнт хохирогч нь шүд суларсан талаар мэдүүлгийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өгч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй шинжээчийн дүгнэлт ч гараагүй байх тул шүүхийн буцаасан нь үндэслэлгүй.

Нөгөөтэйгүүр хохирогч шүүхийн шатанд шинэ нотлох баримт гаргаж өгч түүнийг шүүх хүлээн авч байгаа нь хэрэг шийдвэрлэхгүй удаашрах цаашлаад буруу практик тогтох эрсдэлтэй болно. Хохирогч нь шүүх эмчийг үзэх явцад зовуурь буюу толгой эрүүгээр өвдөнө гэж хэлсэн нь шинжээчийн бодит үзлэг болон эмнэлгийн бичиг баримтад тусгагдаагүй байхад түүнийг үндэслэн хэргийг буцаасан нь үндэслэлгүй.

О.Т нь хохирогчийн баруун хацар хэсэгт нэг удаа цохиж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, тэгвэл Тгийн үйлдлийн улмаас хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирол учирсан бол түүнийг ялган зүйлчлэх боломжгүй.

Мөн хэрэгт хохирогч өөрөө хэнтэй зодолдсон талаарх нотлох баримтуудыг хангалттай шалгаж тогтоосон бөгөөд зодооныг хохирогчийн найзууд хараагүй, зодоонд оролцсон гэх оролцогч этгээдүүдээс бүгдээс нь мэдүүлэг авсан, харин хажууд нь байсан гэх хүмүүсийг бүгдийг олох боломжгүй байх тул шүүгчийн захирамжийн энэ заалтыг хүлээн авах боломжгүй.

3ахирамжийн 2 дахь заалтын тухайд: “Хохирогч Э Э нь 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтэл судлалын тасагт 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс мөн эмнэлгийн мэдрэл судлалын тасагт тус тус хэвтэн эмчлүүлсэн болох нь хэрэгт авагдсан өвчний түүхийн баримтуудаар нотлогдсон.

2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр эрүү нүүрний мэс заслын тасагт эрүү хэсгээр өвдөнө, юм идэж чадахгүй, шүднүүд хүндрүүлнэ гэх зовууриар үзүүлэхэд баруун талын эрүү хэсгээр хаван хавдартай, зүүн талын чихний ар хэсэгт хөхөрсөн, үүдэн доод 4, 1, 3, 1 шүднүүд 1-р зэргийн хөдөлгөөнтэй, доод уруул язарсан шархтай байгаа нь эмчийн үзлэгээр илэрсэн, мөн өдрийн шинжээчийн 1031 дугаартай дүгнэлтийн зовуурь хэсэгт: “толгой эрүүгээр өвдөнө” гэж шинжээч эмчид зовууриа хэлсэн болох нь тогтоогдож байна. Гэтэл шинжээч эмч хохирогчийн эрүүл мэндэд илэрсэн дээрх зовуурийн талаар дүгнэлт хийгээгүй байгаа нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн тогтоогоогүй...” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй гэж заасан ба 2. яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргахаар хэлэлцэх асуудлын хүрээ хязгаарыг тогтоож өгсөн байдаг.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос шүдэнд учирсан гэмтлийг мэдүүлээгүй, мөн шинжээч эмчийн дүгнэлтэд тусгагдаагүй үйл баримтыг үнэлсэн, мөн шүүхийн үндэслэл болгосон амбулаториор эмчлүүлэгсдийн карт нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаагүй, оролцогч нарт танилцуулагдаагүй, зөвхөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн баримтыг үндэслэн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэх үндэслэлд хамаарч байна.

Захирамжийн 3 дахь заалтын тухайд: “ Мөн S баарны ариун цэврийн өрөөнд болсон гэх үйл явдлын дэргэд байсан гэрчүүдээс мэдүүлэг аваагүй, дээрх яллагдагч О.Тгийн үйлдсэн гэх гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тогтоогоогүй, хохирогчийн эрүүл мэндэд буюу шүднүүдэд гэмтэл учирсан эсэхийг тогтоох, гэмтэл учирсан бол уг гэмтлийг хэн учруулсныг нарийн шалгаж тогтоох. М, М нарын үйлдлүүдэд зөрчлийн болон эрүүгийн хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж тогтоох ажиллагааг хийх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн тогтооход чухал ач холбогдолтой” гэж үзсэн.

О.Т нь хохирогчийн баруун хацар хэсэгт нэг удаа цохиж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, тэгвэл Тгийн үйлдлийн улмаас хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирол учирсан бол түүнийг ялган зүйлчлэх боломжгүй.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 сарын 20-ны өдрийн 101 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив ... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч О.Т тайлбартаа: ... Тайлбаргүй ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч Р.Ц тайлбартаа: ... Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Э.Э тайлбартаа: ... Тайлбаргүй ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Б.Б тайлбартаа: ... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Д дүгнэлтдээ: ... Эсэргүүцлээ дэмжиж байна ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос О.Тг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хохирогч Э.Э-ны өмгөөлөгч Б.Бн гаргасан хүсэлтийг үндэслэн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан явуулж, уг хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Орхон аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэснийг

 

прокурор эс зөвшөөрч “... шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос шүдэнд учирсан гэмтлийг мэдүүлээгүй, шинжээч эмчийн дүгнэлтэд тусгагдаагүй үйл баримтыг үнэлсэн, хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаагүй амбулаториор эмчлүүлэгсдийн картыг үндэслэн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй ...” гэх агуулга бүхий эсэргүүцэл гаргажээ.

 

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлээр О.Тд холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүх Орхон аймгийн Прокурорын газраас О.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хүлээн авч, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүх хуралдаанаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

 

Тодруулбал: Хохирогч Э.Э нь 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Эрүү нүүрний мэс заслын тасгийн эмчид үзүүлэхэд “ ... баруун талын эрүү хэсгээр хаван хавдартай, зүүн талын чихний ар хэсэгт хөхөрсөн, үүдэн доод 4, 1, 3, 1 шүднүүд 1-р зэргийн хөдөлгөөнтэй, доод уруул язарсан шархтай ... ” байгаа нь амбулаториор эмчлүүлэгсдийн картаар тогтоогдож байх ба

 

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1031 дугаартай дүгнэлтийн “Үзлэг ба шинжилгээ” гэсэн хэсэгт ... “толгой, эрүүгээр өвдөнө” ...  гэж дурдагдсан байх боловч уг дүгнэлтийн “Дүгнэлт” хэсэгт Э.Э-ны эрүүний гэмтлийн талаар шинжээч огт дүгнэлт хийлгүй орхигдуулжээ.

 

Хэргийн талаар нотлогдвол зохих байдал буюу хохирогч Э.Э-ны эрүүл мэндэд учирсан хохирлыг бүрэн тогтоогоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ... Шинжээчийн дүгнэлт бүрэн бус ... гэж үзвэл Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт шинжилгээ хийлгэнэ ... гэж хуульчилсны дагуу шинжээчийн нэмэлт дүгнэлт гаргуулж, дээрх асуудлыг тодруулах шаардлагатай юм.

 

Мөн хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...бие засах газраас цээж нүцгэн хохирогч залуу ... гарч ирээд зогсож байтал хойноос нь ... 2 залуу гарч ирээд ... харилцан нэг хоёр удаа цохилцоод хажууд нь байсан хүмүүс салгаад хохирогчийг баарны заал руу авч явж байна ... ” гэх тэмдэглэл, 

 

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дуу - дүрсний бичлэг,

 

хохирогч Э.Э-ны “... 00 дотор би 2 залууг мөрлөчихсөн байсан. Тэгээд нөгөө залуучууд надтай хэрүүл маргаан хийж 00 дотор бид харилцан цохилцсон. Мөн 00-н гадаа бас тэр 2 залуутай харилцан зодолдсон ... ” гэсэн мэдүүлэг,  

 

гэрч Б.М-н “... Бид хоёр шөнийн цэнгээний газраас гарах гэж байтал зүс таньдаг О.Т дүү таараад юу болсон юм бэ гэхээр нь бид хоёрыг нойлд 2-3 хүн үл таних залуучууд зодчихлоо гэж хэлсэн. ... бид гурав ... гадаа үүдэнд зогсож байсан чинь ардаас цээж нүцгэн залуу гарч ирсэн. Тэгэхээр нь би бид хоёрыг нойлд зодсон залуу хаана байна гэж хэлсэн чинь тэр цээж нүцгэн залуу гараа өргөөд би байна гэж хэлсэн чинь О.Т ардаас нь очоод баруун талын шанаа хэсэг рүү нь нэг удаа гараараа цохисон чинь нөгөө цээж нүцгэн залуу газарт унасан ...” гэсэн мэдүүлэг,

 

гэрч А.М-ны “... бид нар салаад гарч явж байхад О.Ттэй таарсан. Шөнийн цэнгээний газрын үүдээр гараад ... зогсож байсан чинь нөгөө цээж нүцгэн байсан залуу газарт толгой хэсгээрээ саваад цемент дээр унасан. Яг хажууд нь О.Т зогсож байсан ...” гэсэн мэдүүлэг зэргийг харьцуулан судалж үзвэл

 

хохирогч Э.Э-ны эрүүл мэндэд учирсан гэмтлийг хэн, хаана, хэзээ, хэрхэн учруулсан, уг үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн тогтоогдоогүй байхаас гадна хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл буюу яллагдагч О.Тгийн үйлдэлд Б.М, А.М нарын хамтран оролцоо байгаа эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Иймд хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 101 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.УРАНЧИМЭГ

 

                        ШҮҮГЧИД                                                                З.ХОСБАЯР

 

                                                                                                           Г.ЖАРГАЛТУЯА