Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 495

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж,

Улсын яллагч С.Батгэрэл,

Хохирогч Х.Э-,

Шүүгдэгч Б.Е- нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С- овогт Б-ийн Е-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 0000000000000 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч  ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1982 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, ....... боловсролтой, ......... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, эхнэр 0 хүүхдийн хамт, Баянгол дүүргийн 00 дугаар хороо, 00* дугаар байр 00 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, С- овогт Б-ийн Е- /РД:00000000

 

Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч С- овогт Б-ийн Е- нь 2018 оны 3 дугаар сарын 29-ны орой 23 цагийн үед Баянгол дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэр “О” баарны гадна иргэн Х.Э-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Е- мэдүүлэхдээ: “2018 оны 3 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Т- над руу залгахаар нь зааланд яваад очсон. Тэндээс Т-, Э- бид гурав пиво уухаар болсон. Хойт талын байрны сааданд архи уусан. Тэгээд архи дуусаад салах болоход Э- манай найзын дэлгүүр хамт явъя гээд дэлгүүрт нь очоод 1 шил архи 2.5 литрийн пиво авч уусан. Архийг нь ууж дуусаад байж байтал Э- хэрүүл өдөж эхэлсэн. Тэгээд машинаас бие засахаар буухад араас гарч ирээд заамдахаар нь Т- салгасан. Тэгээд Модны хоёрын орчим зам дагуу караоке ороё гэсээр байгаад намайг дагуулж явсан.

Э- 2 хоногийн дараа цэцэрлэгт хүрээлэнд нэг нэг хүн дагуулж ирээд зодолдоё гээд хэрүүл хийгээд байхаар нь би явахаар шийдээд гарсан. Тэгтэл араас Э- гарч ирээд надтай хэрүүл хийж эхэлсэн. Толгойгоороо тулаад байхаар нь би түлхэхэд арагшаа ухраад шил гаргаж ирээд нэгийг нь хагалаад над руу дайрсан.

Бид хоёр барьцалдаад газар унаад би дээр нь гараад 2 гарыг нь барьсан. Э-ын нүүрэнд 2-3 удаа цохьсон. Аргагүй байдалд ороод би нүүрэнд нь цохьсон. Камерийн бичлэгээр Э-ын мэдүүлэгт үнэн зүйл байхгүй нь харагдана” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Э- мэдүүлэхдээ: “2018 оны 3 дугаар сарын 29-нд Т-тэй хамт хүмүүстэй зааланд тоглосон. Т- Е-ыг дуудсан юм билээ. Ирээд заалнаас гараад пиво уухаар болсон. Тэгээд Е- гэр лүүгээ орж мөнгө авчирахаар болсон. Т- дэлгүүр ороод 1 шил архи авсан. Е- Модны 2 орж эгчээсээ мөнгө авна гээд ороод удаад байхаар нь би Гэмтлийн ард байдаг найзын дэлгүүр дээр нь очоод 1 шил архи пиво ундаа авсан. Тэгээд Т-ийн машин дээр буцаж ирээд уусан. Надтай Е- юм ярихгүй байгаад байсан. Өмнө нь нэг амьсгаагаар уугаад байдаг байсан тэр үед хагаслаж уугаад байсан. Тухайн үед би Т-т би чамд гомддог байшингаа зарах үед чи хямд заруулсанд гомддог гэж хэлсэн чинь Е- шууд дундуур яасан гэнээ гээд ороод юм асуугаад байсан. Тэгээд машинаас буух үед нүүр лүү унатал цохьсон. Босоод ирэхэд дахин унатал цохьсон. Түмээ бид хоёрыг хүргэж өгнө гэсэн. Тэгээд Т- О баранд ороё гээд бид нар орсон. Тэнд ороод Е- хэрүүл хийгээд байсан. Хоёулаа эрүүл дээрээ уулзая гээд гар бариад гарсан. Тэгтэл Е- гараад чамайг зодно гэхээр нь би биеэ хамгаалахаар 2 шил аваад гарсан. Гадаа Түмээ байхгүй байсан ба Е- над руу дайраад байсан ба түлхэж унагаахад пивоны шил хагарахаар нь шилээ шидээд хаясан. Тэгээд миний дээр гараад Э- миний нүүр лүү маш олон цохьсон. Хамрын мэс засал хийлгэх шаардлагатай байгаа эмчилгээний төлбөр нь 2.2 сая төгрөг болж байгааг нэхэмжилнэ” гэв.

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Х.Э-ын мэдүүлэхдээ: “2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 20 цагийн үед заалнаас гараад гадаа байж байхад Е- 1, 1 пиво уух уу гээд Т- бид 3 сааданд 1 шил 0,5 гр-ийн архи, 1 том пиво уусан. Ууж дуусаад машин дотор 0,75 гр-ийн Экс нэртэй архи уусан. Машинд архи ууж байхад Т-тэй юм ярьж байтал Е- шууд хамар руу цохисон. Тэгээд Т- бид 2-ыг дагуулаад Баянгол дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оке нэртэй бааранд орсон. Уг бааранд ороод Е-тай 2-лаа эрүүл үедээ уулзаж ярина гэж хэлэн гар барьсан. Уг бааранд 1,1 пиво уугаад 23 цагийн үед баарнаас гарахдаа намайг баарны гадаа цээж рүү түлхэж газар унаган нүүр рүү баруун гараараа цохиж зодсон. 30 гаран цохисон. Зодуулж байхад хажууд хүн байгаагүй, Т- тооцоо хийгээд байж байсан гэж хэлсэн. Баарнаас гарахдаа 1 шил пиво дутуу уугаад баруун гартаа бариад гарсан, гарч ирсэн чинь Е- яагаад байгаа юм гэж дайран, өшиглөж унагаасан. Би унахдаа пивоны шилийг баруун гартаа бариад унасан. Гартаа барьж унасан шилийг газар унасны дараа өөр тийш нь шидсэн. Харин Е- миний цээжин дээр суугаад нүүр рүү цохиод байсан ба биеийн тамирын цүнх үүрсэн байсан болохоор хариу үйлдэл үзүүлж чадаагүй. Намайг 2 газар зодсон. Эхэлж зодохдоо Т-ийн байрны гадна машинаас буугаад юм яриад зогсож байтал баруун гараараа дух руу 1 удаа цохисон. Дараа нь хамар руу  мөн 1 удаа цохисон. Оройн 23 цагийн үед О баарнаас гараад машины зогсоол дээр зодохдоо өөдөөс дайран түлхэж унаган дээр гарч нүүр рүү, толгой руу 30-40 удаа баруун гараараа цохисон. Тэр үед Е- Т-ээ чи зүгээр гэртээ орчих, би наадахыг чинь замдаа алаадхья гэж хэлсэн..” гэжээ. /хх 8-11, 38-39 хуу/

 

Гэрч Д.Т- мэдүүлэхдээ: “...намайг байрны гадаа очоод миний машин дотор архи ууцгаасан. Тэгээд 1 мэдэхэд Э- Е- 2 маргалдаад машинаас буугаад дээр доороо орчихсон ноцолдож байхаар нь би салгасан. Тэгэхээр би тэр 2-ыг хамт явуулж болохгүй юм байна гэж бодоод хамт модны 2-н ойролцоо караокед орсон. Бид 3 хамт караоке ороод 1, 1 пиво ууж байхад тэр 2 бас маргалдаж байснаа дараа уулзахаар болоод гар барьцгаасан. Явах болоод тэр 2 түрүүлж гараад би тооцоо хийх гээд үлдсэн, 5 минут ч хүрээгүй араас нь гартал арын хашаанд Э- газар хэвтчихсэн Е- дээр нь суучихсан, Э-ын 2 гарыг барьчихсан, хажуу талд нь пивоны шилнүүд хагарсан байхаар нь би 2-ланг салгаад босгоход Э-ын гар цус болсон Э- нүд рүүгээ цохиулсан байсан. Би Е-д чи яагаад хүн цохиод байгаа юм бэ гэхэд тэр 2 шил хагалаад над руу дайраад байгаа хүнийг  би яах ёстой юм бэ гэж хэлсэн. Хэн нэгнийгээ яг цохиж байхыг нь хараагүй...” гэжээ. /хх 14-15 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ний өдрийн 4693 дугаар дүгнэлт: “1. Х.Э-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун сарвууны ядам, чигчий хуруунд шарх, зүүн нүдний алим, дээд, доод баруун нүдний дотор булан, зүүн бугалганд цус хуралт, зүүн мөрөнд зулгаралт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ. /хх 18 хуу/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 6/

Гэрэл зураг /хх 22,23/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 33/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 27/ зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч С- овогт Б-ийн Е-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Хэргийн нөхцөл байдлыг тодруулахад: Шүүгдэгч Б.Е-, хохирогч Х.Э-, гэрч Д.Т- нар нь 2018 оны 3 дугаар сарын 29-ны өдөр гэрч Д.Т-ийн гэрийн гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар Б.Е- Х.Э- нар хувийн таарамжгүй харилцаанаас маргалдсан бөгөөд үргэлжлүүлэн Баянгол дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “О” бааранд орж дахин Б.Е- Х.Э- нар дахин маргалдсан ба шүүгдэгч Б.Е- түрүүлэн гарч араас нь Д.Т- Х.Э- нар цуварч гарсан нь тэдгээрийн мэдүүлэг камерын бичлэгээр тогтоогдоно.

 

Улмаар хохирогч Х.Э- баарнаас гарахдаа 2 шил пивоны шил авч гарсан, шүүгдэгч Б.Е- нь хохирогч Х.Э-ын нүүрэн тус газар 3-4 удаа цохьсон гэх үйл баримтад шүүгдэгч, гэрч, хохирогч нар маргадаггүй, дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрдөг.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Е- “хохирогч баарнаас гарч ирээд над руу хоёр гартаа пивоны шил хагалаад дайрсан тул би өөрийгөө хамгаалах гэж түүнийг цохьсон. ...хоёр гарыг нь барьж түүнийг цохиж шилийг нь хаяулсан” гэх мэдүүлэг

 

Хохирогч Х.Э-ын “Б.Е- бид хоёр маргалдаад миний архи хөлөндөө орсон байсан тул би пивоны хоёр шил барьж гарсан” гэх мэдүүлэг

 

Гэрч Д.Т-ийн “...араас нь гартал арын хашаанд Э- газар хэвтчихсэн Е- дээр нь суучихсан, Э-ын 2 гарыг барьчихсан, хажуу талд нь пивоны шилнүүд хагарсан байхаар нь би 2-ланг салгаад босгоход Э-ын гар цус болсон Э- нүд рүүгээ цохиулсан байсан. Би Е-д чи яагаад хүн цохиод байгаа юм бэ гэхэд тэр 2 шил хагалаад над руу дайраад байгаа хүнийг би яах ёстой юм бэ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 14-15/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 6/ зэргээс үзэхэд хохирогч Х.Э- нь О баарнаас гарахдаа 2 ширхэг пивоны шил авч гарсан нь нотлогддог бөгөөд шүүгдэгчийн эсрэг хэрэглэхээр довтолсон гэдгээ үгүйсгээгүй юм. 

 

Өөрөөр хэлбэл хохирогч Х.Э- нь шүүгдэгч Б.Е-ы эсрэг хэрэглэх зорилготой баарнаас авч гарсан бөгөөд хохирогчийн довтолсон үйлдэл шүүгдэгчийн хариу хүч хэрэглэсэн үйлдлээр няцаагдсан байна.

 

Хэдийгээр шүүгдэгч Б.Е-ы хүч хэрэглэсэн үйлдлээр хохирогч Х.Э-ын биед хөнгөн хохирол учирсан хэдий ч Х.Э-ын гарт барьсан шилээр цохиулсанаас Б.Е-д ямар хэмжээний хохирол учрах байсан гэдгийг тогтоох боломжгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн... амь нас эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан тул Б.Е-ы хийсэн хариу үйлдлийг нь “Аргагүй хамгаалалт” хэрэглэсэн гэж үзэх үндэслэл бүхий байна.

 

Учир нь шүүгдэгч Б.Е- нь Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан “...амьд явах, халдашгүй чөлөөтэй байх ...болон бусад эрхээ эдлэх” энэ эрхэд халдсан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах үйлдэл хийж эсрэг хүч хэрэглэн зогсоосон нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын дээрх мэдүүлэг, камерын бичлэг зэргээр тогтоогджээ.

 

            Иймд Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Е-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй байна.

           

            Цагаатгах тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Е-ы хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч Б.Е- нь цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдлаа.