| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Уранчимэг |
| Хэргийн индекс | 312/2026/0017/Э |
| Дугаар | 2026/ДШМ/18 |
| Огноо | 2026-03-25 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Э.Г |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2026/ДШМ/18
2026 03 25 2026/ДШМ/18
А.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Г.Жаргалтуяа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Э.Г
Шүүгдэгч А.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Э
Нарийн бичгийн дарга Г.Энэрэл нарыг оролцуулан
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж хийсэн шүүх хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч А.Бы давж заалдах гомдлоор А.Бд холбогдох дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
С овогт А-н Б, Монгол Улсын иргэн,
А.Б нь аймгийн Ерөнхий боловсролын дугаар сургуулийн ахлах нягтлан бодогчоор ажиллах явцдаа тус сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б-т мэдэгдэлгүйгээр, холбогдох тушаал шийдвэрийг гаргуулалгүйгээр 2024 оны 05 дугаар сарын 02 дугаар хагасын цалин дээр 1.471.000 төгрөг, мөн 2024 оны 07 дугаар сарын 02 дугаар хагасын цалин дээр 915,811 төгрөгийг тус тус урамшуулал хэлбэрээр олгож, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: А.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Шүүгдэгч С овогт А-н Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бгийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид даалгаж, шүүгдэгч нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж хорих ял оногдуулахыг анхааруулж,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.Б давж заалдах гомдолдоо:
“ ... Төсвийн захирагч Б.Б уг цалинг надад 2 удаа олгосон баримтыг хянаж хүлээн зөвшөөрч цахимаар гарын үсэг зурж баталгаажуулж миний ХААН банкин дахь дансанд цалин орж, би цалин авсан. Уг батлах үйлдлийг зөвшөөрөхгүй таслан зогсоох эрх нь өөрт нь бүрэн байсаар байтал санаатайгаар хэрэгжүүлээгүй.
Цалинг хянаад баталгаажуулж зөвшөөрөл олгосон цахим гарын үсэг Б.Б-нх мөн эсэхийг шинжээч томилуулж тогтоолгох хүсэлт гаргасан боловч тогтоолгох арга хэмжээ аваагүй. Төсвийн захирагч сургуулийн захирал Б.Б зөвшөөрч цахим гарын үсэг зураагүй бол Төрийн сан хүлээн авч баталгаажуулж, тухайн цалингийн урамшуулал авахгүй байх бүрэн боломжтой байсан. Тиймд Б.Б-т ямар ч ял шийтгэл оногдуулаагүйд гомдолтой байна.
Хэрэгт авагдсан 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/26 дугаартай балансын урамшуулал олгох тухай захирлын тушаалд дарагдсан тамгыг Б.Б өөрөө дарсан тамгыг хулгайлах үйлдэл хийгдээгүйг шүүх дүгнээгүй. Б.Б-н тамгыг хулгайлсан үйл баримтыг нотлоогүй...
... миний бие онд аймгийн хотод төрсөн. Нөхөргүй. Өрх толгойлсон, охины хамт байр түрээсэлж амьдардаг. аймаг дахь Монгол Улсын Их Сургуулийг Нягтлан бодогч, Эдийн засагч мэргэжлээр төгссөн. , онд аймгийн Хөгжимт жүжгийн театрын нягтлан бодогч онд аймагт шилжин суурьшиж сумын дугаар цэцэрлэгийн нягтлан бодогч 2019 оны 4 дүгээр сараас дугаар сургуулийн нягтлан бодогчоор улсад нийт дахь жилдээ шударгаар хөдөлмөрлөн ажиллаж байна. Ажиллах хугацаанд аймгийн сумын засаг даргын , аймгийн засаг даргын , аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын , Хүндэт иргэн, Монгол улсын Сангийн яамны 100 жилийн ойн Хүндэт тэмдэг, Сангийн яамны жуух бичиг, Сангийн Яамны Санхүү-банкны Тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнагдсан. Би шударга ёс зүйг баримтлан ажилладаг байсан тул өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй болно.
“Захирлын үүргийг хавсран гүйцэтгэж байсан Б.Б-т 2023 оны 12 дугаар сард аймгийн Боловсрол Шинжлэх Ухааны газрын дарга О.А-н гаргасан Б/89 тоот тушаалын дагуу ажил хавсран гүйцэтгэсэн 40 хувийн нэмэгдэл олго” гэсэн тушаал гаргуулж надад өгсөн. Гэтэл сургалтын менежерийн орон тоо байхгүй, Б. нь өөрөө сул орон тоо үүсгэн, сонгон шалгаруулалтаар ажилтан авсан байсан учраас 40 хувийн урамшуулал авах боломжгүй байсан. Иймд захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б-т захирлын үүргийг хавсран гүйцэтгэгчийн 40 хувийн нэмэгдлийг 2024 онд бүтэн олгоогүйгээс бид хоёрын дунд маргаан үүсэж, надад байнга албан тушаалын дарамт үзүүлж, түүгээрээ миний авах ёстой урамшууллыг минь өгөхгүй, намайг хэрэгт холбогдуулж байгаад би гомдолтой байна.
Б.Б нь захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч, захирлын албан тушаалыг хавсран гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Монгол Улсын төрийн албаны тухай хуулийг зөрчин сонгон шалгаруулалт зарлалгүйгээр ашиг сонирхол үүсгэн мэргэжлийн бус шалгуур хангаагүй, орон тоонд батлагдаагүй нярвуудыг ажилд томилсон, сургуулийн үндсэн ажилтнуудыг албан тушаалын эрх мэдлээ ашиглан ажлаас чөлөөлсөн, мөн үндсэн ажилтныг өвчтэй байхад нь айлган сүрдүүлж дарамтлан үндэслэлгүй ажлаас халсан гэх мэт хууль бус шийдвэрүүдийг нь миний бие эсэргүүцэж байсанд надад өс санаж, миний урамшуулал олгох тушаалд гарын үсэг зуралгүй, архивын баримтад үдүүлсэн байсанд гомдолтой байна. /Б.Б нь чиний урамшуулал авах тушаалыг гаргаж байна гэж хэлчхээд гаргаж өгөөгүй/ Иймд шийтгэх тогтоолыг дээр дурдсан үндэслэлүүдээр хянаж хэт нэг талыг барьсан надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч А.Б тайлбартаа: ... Миний гомдлыг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Э тайлбартаа: ... цагаатгаж өгнө үү ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Г дүгнэлтдээ: ... шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж үзвэл
Шүүгдэгч А.Б нь нийтийн албан тушаалтан буюу аймгийн Ерөнхий боловсролын дугаар сургуулийн ахлах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”-ийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчиж,
тус сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б-т мэдэгдэлгүйгээр, холбогдох тушаал шийдвэрийг гаргуулалгүйгээр 2024 оны 05 дугаар сарын 02 дугаар хагасын цалин дээр 1.471.000 төгрөг, мөн 2024 оны 07 дугаар сарын 02 дугаар хагасын цалин дээр 915.811 төгрөгийг тус тус балансын урамшуулал хэлбэрээр олгож, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч А.Б нь “... хэт нэг талыг барьсан, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэсэн агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан байх боловч түүний гомдол нь хавтаст хэрэгт авагдсан
гэрч Б.Б-н “... нягтлан бодогч А.Б гэх хүнд 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/26 дугаартай балансын урамшуулал олгох тухай захирлын тушаалыг гаргаагүй ... манай нарийн бичиг Ш.М, А.Б хоёр нь нөгөө урамшуулал дээрээ яаж тушаал гаргах вэ гэж хоорондоо ярьж байхыг нь манай ажилтан А сонсоод над дээр ирээд ... асуухаар нь би үгүй гэж хэлсэн ... нарийн бичиг Ш.М-т хандаж ... нягтлан А.Б балансын урамшуулал авсан тушаалыг хуурамчаар үйлдэх гэж оролдох байх шүү, чи анхааралтай байгаарай, би А.Бд балансын урамшуулал олгосон тушаал гаргаагүйг чи мэдэж байгаа шүү дээ ... гэсэн Ш.М ... харин тиймээ багшаа, юу гэж тийм юм байх вэ ... гэж тухайн үед хэлж байсан ... ” гэсэн мэдүүлэг /1 хх 9, 110/,
гэрч Ц.А-н “... манай байгууллагад Аудитын шалгалт орох болсон, тэгсэн чинь Б нөгөө урамшууллын тушаалаа хоёулаа гаргаж хийхгүй бол аудит орох дөхлөө гээд нарийн бичиг М-тэй ярьж байсан. Тэгээд би захирал Б-т ... хэлсэн. 2025 оны 01 дүгээр сарын сүүлээр нягтлан Б надад чи энэ материалуудыг Аудитын газар хүргээд өгчих би түрүүлээд очоод байж байя гээд явсан. Тухайн үед материалуудыг оруулж өгөхдөө юмыг яаж мэдэх вэ гээд захирлын тушаал гэсэн хавтсыг нээгээд үзтэл 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дугаар А/26 гэсэн тушаалыг тамга дараад гарын үсэггүй хийчихсэн байсан, тухайн тушаал дээр нягтлан Б өөрийн цалингаа үндсэн цалингийн хувиар нэмсэн байсан ... ” гэсэн мэдүүлэг /1 хх 12/,
Орхон аймгийн Ерөнхий боловсролын дугаар сургуулийн захирлын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/26 дугаартай “Балансын урамшуулал олгох тухай” тушаал /гарын үсэггүй/-ын хуулбар /1 хх 18/,
Орхон аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын Хяналт шалгалтын танилцуулга /1 хх 203-216/,
Орхон аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын Улсын байцаагчийн 12/25 дугаартай акт /1 хх 107-108/,
аймгийн Ерөнхий боловсролын дугаар сургуулийн албан хэрэг хөтлөлтийн баримт бичигт үзлэг хийсэн “...бүртгэлийн дэвтэр дээр 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/26 дугаар тушаалын мэдээлэл тэмдэглэгдээгүй байх бөгөөд үүний талаар Ш.М-с тодруулахад “Захирлаар зурагдаагүй байсан болохоор тэмдэглээгүй байгаа” гэж тайлбарласан ...” гэсэн тэмдэглэл /1 хх 120/,
Ш.М-н “... нягтлан бодогч А.Б надад хэлэхдээ би балансын урамшууллаа 2024 оны 06 дугаар сард авчихсан, одоо тушаалыг нь хавсаргах ёстой байгаа юм ... гэж хэлээд хэвлүүлэн он, сар, өдөр, дугаар авч ... би өөрөө Батчимэг захирлаар гарын үсэг зуруулна ... гэж хэлээд аваад явсан ... ” гэсэн мэдүүлэг /1 хх 125-126/,
А.Бд балансын урамшуулал олгосон 2024 оны 05, 07 дугаар сарын цалингийн хүснэгт /1 хх 130-135/,
гэрч А.П-н “... Төсвийн шууд захирагчийн тушаал шийдвэргүйгээр балансын урамшуулал болон бусад урамшууллыг олгож болохгүй. Нягтлан бодох бүртгэл хариуцсан ажилтанд өөрөө дур мэдэн төсвийн шууд захирагчийн тушаал шийдвэргүйгээр урамшуулал олгох эрх хэмжээ байхгүй ... тус тушаал нь он, сар, өдөр, дугаар олгогдож сургуулийн тэмдэг дарагдсан байх боловч захирлын үргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б гарын үсэг зураагүй байгаа учраас хүчин төгөлдөр тушаал гэж үзэхгүй, тухайн тушаалыг үндэслэн балансын урамшуулал олгож болохгүй ... ” гэсэн мэдүүлэг /1 хх 145-147/,
гэрч А.О-н “... Боловсрол, шинжлэх ухааны яамны 2024 оны 2/2772 дугаар албан бичгийг үндэслэн балансын урамшуулал олгох эсэх асуудлыг зөвхөн төсвийн шууд захирагч буюу сургуулийн захирал шийдвэр гаргаж тушаалаар зөвхөн олгох ёстой. Ерөнхий нягтлан бодогчид өөрөө дур мэдэн урамшуулал олгох эсэх асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ байдаггүй ... ” гэсэн мэдүүлэг /1 хх 229-230/,
гэрч Г.М-н “... Аж ахуйн нэгж байгууллагын удирдлагын шийдвэрээр гэж зааж өгсний дагуу зөвхөн байгууллагын удирдлага, сургуулийн захирлын тушаалаар олгох ёстой ...” гэсэн мэдүүлэг /1 хх 232/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар няцаан үгүйсгэгдэж байна.
Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан төрийн албан тушаалыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “нийтийн албан тушаалтан” хэмээн тодорхойлж, үүнд хамаарах этгээдийг Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт нэрлэн заасан бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар Орхон аймгийн Ерөнхий боловсролын дугаар сургуулийн ахлах нягтлан бодогч А.Б нь нийтийн албан тушаалтанд хамаарна.
Монгол улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаартай тогтоолын 3 дугаар хавсралтын 4.7-д “... багш, албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг тухайн сургалтын байгууллагын эрхлэгч, захирал гаргана ...” гэж,
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д ”Энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна авлигын дараах зөрчлийг хориглоно”, 7.1.6-д “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” , 7.1.7-д “Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж тус тус тодорхой заасан байна.
Шүүгдэгч А.Б нь аймгийн Ерөнхий боловсролын дугаар сургуулийн ахлах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа Авлигын эсрэг хууль болон холбогдох бусад хуулийн заалтуудыг зөрчиж, төсвийн шууд захирагч буюу тус сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б-н тушаал шийдвэргүйгээр 2024 оны 05 дугаар сарын 02 дугаар хагасын цалин дээр 1.471.000 төгрөг, мөн 2024 оны 07 дугаар сарын 02 дугаар хагасын цалин дээр 915.811 төгрөгийг тус тус балансын урамшуулал хэлбэрээр өөртөө олгож, эдийн засгийн давуу байдал бий болгосон үйлдэл нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Прокуророос А.Бы өөртөө давуу байдал бий болгож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, балансын урамшуулал хэлбэрээр эд хөрөнгө олж авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Мөн анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдгээрийн гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч А.Бг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч А.Бы өөртөө давуу байдал бий болгож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, балансын урамшуулал хэлбэрээр нийт 2.386.811 төгрөгийг авсан гэм буруутай үйлдэл нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул дээрх үйлдлийг гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэхгүй бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Э-н санал хууль зүйн үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч А.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
Түүнчлэн гэрч Б.Б., Ц. А.П, Ш.М нарын мэдүүлгүүд болон А.Бы яллагдагчаар өгсөн “... би уг урамшууллыг өөрийн 5 болон 7 дугаар сарын цалин дээр 2 хувааж авсан боловч мэргэжлийн алдаа гаргаж захирлын тушаалгүйгээр, дээрээс нь 7 дугаар сарын цалин дээр 735.500 төгрөг авах байсан боловч 915.811 төгрөгөөр бодож олгосон ... алдаагаа би хүлээн зөвшөөрч байгаа ... ” гэсэн мэдүүлэг, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “... би өөрийн алдаагаа ойлгож байна...” гэсэн мэдүүлэг, тайлбаруудаар шүүгдэгч А.Бы гэмт хэрэг үйлдэх сэдэлт, санаа зорилго тодорхойлогдож байна.
Шүүгдэгч А.Б нь давж заалдах гомдолдоо “... Б.Б нь чиний урамшуулал авах тушаалыг гаргаж байна гэж хэлчихээд гаргаж өгөөгүй, ... Б.Б-т ямар ч ял шийтгэл оногдуулаагүйд гомдолтой ... ” гэсэн байх боловч
тэрээр мэргэжлийн үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөж ажиллах үүрэгтэй ба Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д зааснаар анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглодог бөгөөд төсвийн шууд захирагчийн тушаал, шийдвэр гараагүй байхад өөртөө балансын урамшуулал олгосон нь шүүгдэгч А.Бы бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан шууд санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудыг шинжлэн судлахад энэ хэрэгт Орхон аймгийн Ерөнхий боловсролын дугаар сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б-г гэм буруутай гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хэргийн бүх ажиллагааг хянавал мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Бы “... надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэсэн агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл, заалтыг бичихдээ “... 22.1 дүгээр 1 дэх хэсэгт...” гэж бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул дээрх алдааг зөвтгөж, тогтоох хэсэгт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...22.1 дүгээр 1 дэх хэсэгт...” гэснийг “...22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч А.Бы давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧИД Г.ЖАРГАЛТУЯА
С.УРАНЧИМЭГ