| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2026/00455/И |
| Дугаар | 150/шш2026/00161 |
| Огноо | 2026-04-03 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 150/шш2026/00161
2026 04 03 150/ШШ2026/00161
Зохигчийн эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж,
Нэхэмжлэгч: ****аймгийн ***сумын ***оршин суух хаягтай, **** (РД:****)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****аймгийн ****сумын ***оршин суух, **** (РД:****)-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн ногдох хэсгийг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ****, хариуцагч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч ****тай харилцан тохиролцож эвлэрэхээр болсон. Ямар нэгэн байдлаар хөндлөнгөөс нөлөөлсөн зүйл байхгүй. Нөхөр **** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх нь багассан. Хүүхдүүд, гэр бүлтэйгээ эвтэй байгаа. ***аймагт байрлах уурхайд ээлжийн ажилтай байгаа...” гэв.
Хариуцагч **** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Би хэсэг хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж байсан нь үнэн. Энэ байдалдаа дүгнэлт хийж, гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ хамт байхаар болсон. Өмнөговь аймагт ажиллаж ажлаас буугаад гэртээ 11 хонодог. Нэг хоногт нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Тэр өдөр нь манай эхнэр ойлгохгүй үл ойлголцол үүсдэг. Өмнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж удаа дараа арга хэмжээ авагдсан. Энэ талаараа өөртөө дүгнэлт хийсэн. Гаргасан алдаа дутагдлаа ухамсарлаж байна… гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** нь хариуцагч **** холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тус шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 150/ШЗ2025/00117 дугаартай захирамжаар гэрлэгчдэд эвлэрэх хугацаа олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлсний дагуу зохигч эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар эвлэрсэн байна.
Уг эвлэрлийн гэрээгээр:
Нэхэмжлэгч ****, хариуцагч **** нар нь эвлэрч гэр бүлийн харилцаагаа цаашид урьдын адил үргэлжлүүлж, хариуцагч ****, нэхэмжлэгч **** нар нь цаашид хэн хэн нь өөрсдийн гаргасан алдаагаa давтахгүй. Бүхнийг шинээр бүтээх, үр хүүхдүүддээ буруу зуршил, буруу хандлагыг төрүүлэхээргүй гэр бүл үр хүүхдийнхээ төлөө амьдарна гэдгээ амлаж хамтдаа гэр бүлийн харилцаагаа сайжруулан үр хүүхдүүддээ зөв үлгэр дуурайлал үзүүлж амьдрахаар, үр хүүхдээ хамтдаа өсгөж хүмүүжүүлэхээр харилцан тохиролцож талууд эхний уулзалтаар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
Дээрх эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч А.**** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ****, хариуцагч **** нар нь эвлэрч гэр бүлийн харилцаагаа цаашид урьдын адил үргэлжлүүлж, хариуцагч ****, нэхэмжлэгч **** нар нь цаашид хэн хэн нь өөрсдийн гаргасан алдаагаa давтахгүй. Бүхнийг шинээр бүтээх, үр хүүхдүүддээ буруу зуршил, буруу хандлагыг төрүүлэхээргүй гэр бүл үр хүүхдийнхээ төлөө амьдарна гэдгээ амлаж хамтдаа гэр бүлийн харилцаагаа сайжруулан үр хүүхдүүддээ зөв үлгэр дуурайлал үзүүлж амьдрахаар, үр хүүхдээ хамтдаа өсгөж хүмүүжүүлэхээр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч А.****ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Зохигч гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэл гаргахад энэ захирамж саад болохгүйг дурдах нь зүйтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА