Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 223/МА20212/00028

 

                                                          

 

 

 

 

 

  2022         06             02                                         223/МА2022/00028

 

 

 

.........ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 151/ШШ2022/00199 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч .........ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч .........т холбогдох,

 

33,960,000 төгрөг болон 40 тонны контейнер гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 04 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Отгонбаатар/онлайн/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмагнай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.

 

Нэхэмжлэгч ......... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би анх Н.Бадам болон ......... гэх хүмүүстэй уулзаж өөрийн 2 машиныг бичил уурхайд ажиллуулж байсан. Тэгтэл Н.Бадам, ......... нар хамтарч ажиллахаа больсон. Тэр үед ......... намайг миний бичил уурхайд ажиллаад өгөөч гэж гуйгаад 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн нэг машиныг сард 10,500,000 төгрөгөөр, хоёр машин нийлээд сар бүр 21,000,000 төгрөгөөр Батхишигийн бичил уурхайд 2 машинаа ажиллуулсан. Машин тус бүр өдөрт 10 цаг ажиллана гэж аман гэрээ хийсэн.

Ингээд би өөрийн өмчлөлийн .........УНЗ улсын дугаартай ХОВО, .........ОРХ улсын дугаартай Шанши маркийн хоёр ачааны машинаа Батхишигийн уурхайд 4 сар ажиллуулсан. Миний хоёр машин бичил уурхайд шороо зөөх, олборлолт хийдэг усан бууг шороогоор тасралтгүй хангаж байх үүрэгтэй байсан. Энэ ажил үүргээ би хангалттай гүйцэтгэсэн. Машин ажиллуулахдаа машины жолооч, жолоочийн цалинг би өөрөө хариуцна, харин бензин түлш хийх, нэг машинд сард 10,500,000 төгрөгийн төлбөрийг Батхишиг надад төлөхөөр тохирсон. Би мөнгөө авч чадахгүй удаан хугацаанд хүлээсэн. Мөнгөө өгнө, өгнө гээд л огт өгдөггүй. Би нэг машинаа банкны зээлээр авсан учир банкны зээлээ төлж чадахгүй хүнд байдал орж банкны зүгээс намайг шүүхэд өгнө гэхээр нь зээлийн төлөлтийг хойшлуулж байсан.

2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл .........ийн бичил уурхайд нэг машин өдөрт 1 цагийн 35,000 төгрөгөөр 10 цаг, нийт хоёр машин өдрийн 20 цаг ажиллахаар тохиролцсон. Би хариуцагчаас бага багаар мөнгө авч байсныг нэгтгэж бодоод үзэхээр 2 сарын төлбөр мөнгөө л авсан байдаг. 2019 оны 11 дүгээр сард уурхай буух үед 70,000,000 төгрөгийн алт олсон. Тэр үед бусад ажилчдынхаа цалинг тавьчихаад миний цалин хөлсийг дансанд хийнэ гэж хэлж байсан ч одоог хүртэл өгөөгүй. Мөн миний цалинг өгөөгүй байж өнөөдөр гэрчээр асуугдах хүүхэддээ Эрдэнэтэд байр авч өгсөн байсан. Би яг хэлэлцэж тохирсны дагуу тооцвол илүү хэмжээний мөнгө Батхишигээс авах ёстой боловч түүний байдлыг харгалзаад мөн төлбөрийг багасгахаар ярилцаж байсан зэргээ бодоод одоо Батхишигээс 33,960,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Контейнерын тухайд би Д.Отгоноос 11,000,000 төгрөгийн авлагатай байсан юм. Гэтэл Д.Отгон нь тус хэрэгт хариуцагчаар оролцож байгаа .........т контейнероо худалдаад төлбөрөө аваагүй байсан тул Д.Отгон нь надад өгөх байсан өглөгтөө контейнерыг тооцож өгөхөөр болж би .........ээс контейнерыг авах ёстой боловч одоог хүртэл өгөөгүй. Иймд одоо .........ээс 2 машин уурхайд ажиллуулсны үлдэгдэл төлбөр 33,960,000 төгрөг, мөн 40 тонны контейнерыг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнхзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд иргэний эрх зүйн хэлцэл хийгдсэн нь тодорхой байдаг. Ажлын хөлсний хувьд нэг машины хөлс сард 10,500,000 төгрөг гэж тохиролцсонд маргаан байдаггүй. Ажлын цагийн хувьд зөрүүтэй зүйл ярьж байна. Тухайн бичил уурхайд нэг экскаватор, нэг ковш, хоёр ачааны автомашин /Howo/ ажиллаж байсан. Ачааны автомашин уурхайд ажиллуулж байгаа зорилго нь олборлолт хийдэг усан бууг хоёр автомашин шороогоор тасралтгүй хангаж байх үүрэгтэй. Энэ ажил үүргээ хангалттай гүйцэтгэсэн. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан үйлдэл болсон байна. ......... нь .........ийн ажлыг гүйцэтгэж өгснөөр хариуцагч .........т тодорхой хэмжээний хөрөнгө бий болсон байна. Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6-д: Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй хэдий ч тухайн ажил үүргийг гүйцэтгэсэн хүн хохирч үлдэж болохгүй гэсэн зохицуулалт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6-д заасан байдаг.

Харин контейнерын хувьд шаардах эрх нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар бусдын өмчлөлөөс өөрийн эд хөрөнгөө шаардаж буй юм. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах боломжтой. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Хариуцагч талын шүүхэд гаргасан хариу тайлбар болон гэрч нарын мэдүүлгүүдээр нэхэмжлэгч ........., хариуцагч ......... нарын хооронд 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд тодорхой төрлийн гэрээ байгуулагдсан байна. Гэрээний үр дүнг хүлээн авч 32,800,000 төгрөг, сүүлд 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 500,000 төгрөг, нийт 33,300,000 төгрөгийг хариуцагчаас авсан. Үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж байгаа. Гэрч нарын мэдүүлгээс үзвэл 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд .........ОРХ, .........УНЗ улсын дугаартай .........ийн эзэмшлийн хоёр Howo маркийн тээврийн хэрэгсэл .........ийн уурхайн ажлын талбайд ажилласан гэдэг нь тодорхой байна. Тодорхой шалтгааны улмаас тухайлбал шалгалт ирэх, өөрөөс хамаарсан эвдрэл гэмтэл гарах тохиолдолд машины түрээсийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон нь тодорхой байна. Тухайн үед нэг Howo маркийн тээврийн хэрэгслийн нэг цагийн хөлс 30,000 – 35,000 төгрөгийн хооронд байсан гэдэг нь тодорхой байна.

Тэгэхээр хоёр тээврийн хэрэгслийг 24 цагаар тооцох юм бол нэг тээврийн хэрэгсэлд нэг сарын 25,200,000 төгрөг авахаар болж байна. Гэхдээ гүйцэтгэгч ......... нь .........т ямар ч байсан сараар ажлыг чинь гүйцэтгэе, хоёр Howo маркийн тээврийн хэрэгслийг бэлэн байлгая хариуд нь сард 10,500,000 төгрөг авахаар харилцан тохиролцсон нь тодорхой байна. Өмнө дурдсанчлан Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, тодорхой төрлийн хөрөнгө бий болж байгаа учир түүнийг буцааж шаардаж байгаа юм. Нэхэмжлэгчийн хувьд 114 хоногийн хугацаанд 2 автомашинаа уурхай дээр бэлэн байлгаж байсан. Бичил уурхай байсан учир ажлын ачаалал харьцангуй бага байсан. Ажлаар хангахыг захиалагч хүлээдэг. Харин гүйцэтгэгчийн хувьд техник хэрэгслийг бэлэн байлгаж, шаардлагатай буюу шалгалт ирсэн тохиолдолд захиалагчийн өгсөн үүргийн хүрээнд уурхайгаас тээврийн хэрэгслүүдийг холдуулж, сэлбэг хэрэгсэл шаардлагатай болсон тохиолдолд тухайн тохиролцсон мөнгөнөөс тооцож байсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж, хариуцагч .........ээс үлдэгдэл төлбөр болох 33,960,000 төгрөг, мөн 40 тонны контейнерыг гаргуулах нь зүйтэй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмагнай шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний төлөөлүүлэгч ......... нь нэхэмжлэгч .........тэй ярилцаж тохиролцсон зүйл байдаг. Ингэхдээ 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хөлсөөр ажиллах аман хэлцэл байгуулсан. Гүйцэтгэгч тал .........УНЗ, .........ОРХ улсын дугаартай хоёр ачааны машиныг 4 жолоочтой, өдрийн 20 цаг ажил гүйцэтгэх, ажлын хөлсөнд сард 21,000,000 төгрөгийг төлөхөөр тохирсон байдаг. Тодруулбал эхний машин өдрийн ээлжид 10 цагаар ажиллана, нэг сарын хөлс нь 10,500,000 төгрөг байсан. Нөгөө машин нь шөнийн ээлжид 10 цагаар 2 жолоочтойгоор ажиллах ба нэг сарын 10,500,000 төгрөг авахаар тохиролцсон. Гэтэл гүйцэтгэгч талаас 2 автомашин, 2 жолоочтой ажил гүйцэтгэсэн бөгөөд ингэхдээ анх тохиролцсон шиг өдөр шөнийн ээлжээр өдөрт 20 цагаар ажиллалгүйгээр өдрийн 10 цагаар ажилласан. Өөрөөр хэлбэл өдөр ажиллаж, шөнө амарч нөгөө машин нь шөнө ажиллаж, өдөр амарч байсан. Захиалагч тал машины түлш болон бусад зардлыг тооцож .........эд олгож байсан. Ажил гүйцэтгэх явцад .........ийн дүү гэх хүн түлш хулгайлж бусдад зараад архидан согтуурч, ажилд гарахдаа согтуу байдаг гэх зэрэг шалтгаанаар удаа дараа ажил зогсоосон. Мөн иргэн ........., ......... нарын хооронд ямар нэгэн түрээсийн гэрээ гэх зүйл байгуулагдаагүй. Хаанаас түрээсийн гэрээ гэх гэрээ гаргаж ирснийг мэдэхгүй, ......... анх тохирсон цагаараа ажил гүйцэтгэж үр дүнд хүрээгүй бөгөөд нийт ажлын талаас бага хувийг гүйцэтгэсэн ба уг ажилд тохирсон хөлсийг захиалагч талаас төлсөн атал үндэслэлгүйгээр мөнгө нэхэж байгааг гайхаж байна. Нэхэмжлэгч тал хариуцагч талын хооронд байгуулсан хэлцэл, үүрэг зөрчсөн талаар баримтыг хангалттай нотлох гэрч нар байгаа. Тийм учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн нэмж хэлэхэд нэхэмжлэгч 2 машинтай 4 жолоочтой өдөрт 20 цаг ажиллана гэж тохиролцсон боловч түүндээ хүрээгүй. 2 машин, 2 жолоочтой ажилласан. Контейнерын тухайд нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй нотлох баримт байхгүй. Нэхэмжлэгч миний эзэмшил гэж байгаа боловч ямар нэгэн баримт, гэрэл зураг байхгүй байна. Д.Отгон гэх хүн гэрчилнэ гэдэг боловч өнгөрсөн хугацаанд Д.Отгон нь шүүхийн дуудсан хугацаанд нэг ч удаа ирж түүнийг гэрчилж байгаагүй. Тийм учир нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд ямар нэгэн өглөг, авлага байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлага анхнаасаа тодорхойгүй, юу шаардаж байгаа нь ойлгомжгүй, ямар үйл баримт болсон нь тодорхойгүй. Иргэний хуулийг төсөөтэй хэрэглэдэг. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т ажил гүйцэтгэх гэрээний зүйлд гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хэзээнээс хэзээг хүртэл тодорхой хугацаанд ажил гүйцэтгэж, хэдэн төгрөгийн хөлс авахаар тохиролцсон талаар маш тодорхой шүүхэд гаргаж өгөх ёстой байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог нь талууд өөрсдийн тайлбараа нотлох үүрэгтэй байдаг. Гэтэл өнөөдөр нэхэмжлэгч ямар ажил хийж гүйцэтгэсэн нь тодорхойгүй байна. Мөн контейнер 11,000,000 төгрөгөөр бодож Д.Отгоноос авсан гэж тайлбарласан. Тэгэхээр энэ 11,000,000 төгрөг нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 33,960,000 төгрөгт орсон юм уу гэдэг нь мөн эргэлзээтэй, тодорхойгүй байна. Сүүлдээ нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлээ үгүйсгэж хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн талаар тайлбарлаж байна. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж томьёолж байгаа бол өөр асуудал үүснэ. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна  гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч .........ээс 33,960,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .........эд олгож, .........ийн нэхэмжлэлээс 40 тонны контейнер гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2, 60-р зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч .........ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 400,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч .........ээс 327,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .........эд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмагнай давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч .........ийн нэхэмжлэлтэй хариуцагч .........т холбогдох 33,960,000 төгрөгийг гаргуулах, 40 тонны контейнэр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 33,960,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэжээ. Дээрх шүүхийн шийдвэрийг дараах байдлаар хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт "Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй" гэж заасан байдаг. Нэхэмжлэгч ......... нь тус шүүхэд төлбөр гаргуулах талаар нэхэмжлэл гаргадаг бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хэсгээ тодорхойлж чаддаггүй. Өөрөөр хэлбэл хариуцагчтай ямар гэрээ эсхүл хэлцэл байгуулсан эсэх, гэрээний үүргээ хариуцагч хэрхэн биелүүлээгүй учир ямар хэмжээний төлбөр гаргуулах эсэх, нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан хэлцээр хүлээсэн үүргээ 100 хувь шударгаар биелүүлж өөрт нь шаардах эрх үүссэх эсэх талаар огт тодорхойлж чаддаггүй. Нэхэмжлэгч нь 2 машин 4 жолоочтой ажиллуулахаар тохиролцсон гэх боловч анх тохирсны дагуу 2 машин 4 жолооч нь тогтоосон хугацаанд 100 хувь ажлаа хийж гүйцэтгээгүй болох нь хэрэгт цугларсан гэрчийн мэдүүлгүүдээр хангалттай тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн дээрх хэсгийг бүрэн хангаж шийдвэрлэж байгаа нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж ямар этгээдийг хариуцагч байхыг мөн л тодорхойлж шүүхэд нэхэмжлэл гаргадаг байна. Нэхэмжлэгч ......... нь шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага түүний хууль зүйн үндэслэлийг тодорхойлж чаддаггүй,  мөн түүний өмгөөлөгч  нь хариуцагчийг "Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэх агуулга бүхий шаардлага гарган дэмжиж оролцдог нь шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой харагддаг. Гэтэл Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж өгсөн байдаг. Тодруулбал шүүх нэхэмжлэгч Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан байна гэх мэтээр шүүхийн байр сууринаас бус нэхэмжлэгч этгээдэд давуу байдал үүсгэсэн нь шийдвэрээс тодорхой харагдаж байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа асуудал юм. 3. Шүүхийн хэлэлцүүлэгийн явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийн дагуу гэрчээр Б.Алтанхуяаг, Б.Бямбадорж нарыг асуулгадаг бөгөөд гэрчүүд "нэхэмжлэгч нь 2 машин 4 жолоочтой 24 цаг ажиллана гэж тохиролцоод тохиролцсоны дагуу ажлаа хийж гүйцэтгээгүй, зөвхөн 1 машин ажилласан нөгөө нь хөдлөөгүй" гэж хангалттай мэдүүлээд байхад шүүх ажил үйлчилгээг бүрэн гүйцэтгэсэн гэж ямар үйл баримтыг үндэслэн дүгнээд байгаа нь огт тодорхойгүй байгаа нь анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3, 118.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 151/ШШ2022/00199 дугаартай шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч ......... нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг Баянгол гэх газарт хариуцагч .........ийн бичил уурхай дээр хөрс хуулалтанд  өөрийн өмчлөлийн .........УНЗ улсын дугаартай ХОВО, .........ОРХ улсын дугаартай Шаньши маркийн хоёр ачааны автомашинаар 1 цагийн 35,000 төгрөг, 1 сард 1 машин 10,500,000 төгрөгөөр ажиллахаар тохирч амаар гэрээ байгуулж 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд уурхайн шороо зөөж ажилласан байна. Үүнээс дүгнэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т зааснаар хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байна.

 

Нэхэмжлэгч ......... нь хариуцагч .........т холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 33,960,000 төгрөг болон 40 тонны контейнер гаргуулахаар нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл .........ийн бичил уурхайд нэг машин өдөрт 1 цагийн 35,000 төгрөгөөр 10 цаг, нийт хоёр машин өдрийн 20 цаг ажиллахаар тохиролцсон... Машин ажиллуулахдаа машины жолооч, жолоочийн цалинг би өөрөө хариуцна, харин бензин түлш хийх, нэг машинд сард 10,500,000 төгрөгийн төлбөрийг Батхишиг надад төлөхөөр тохирсон. Би хариуцагчаас бага багаар мөнгө авч байсныг нэгтгэж бодоод үзэхээр 2 сарын төлбөр мөнгөө л авсан байдаг… одоо Батхишигээс 33,960,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн би Отгон гэх хүнээс машин ажиллуулсан түрээсийнхээ оронд авсан 11,000,000 төгрөгийн үнэ бүхий 40 тонны контейнерийг ......... би Отгон гэх хүний чамд өгөх мөнгийг төлөөд өгчихье гэж хэлээд авсан боловч одоо болтол өгөөгүй ” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч ......... нь “нэхэмжлэгчтэй хоёр ачааны автомашиныг 4 жолоочтой, өдрийн 20 цаг ажил гүйцэтгэхээр тохирсон боловч 2 автомашин, 2 жолоочтойгоор өдөрт 10 цаг ажилласан, контейнерийн тухайд нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байна. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд ямар нэгэн өглөгө авлага байхгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.

Нэхэмжлэгч ......... нь 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч .........ийн бичил уурхайд өөрийн .........УНЗ улсын дугаартай ХОВО, .........ОРХ улсын дугаартай Шаньши маркийн хоёр ачааны автомашинаар ачааны автомашинаар шороо зөөж ажиллахаар, хариуцагч ......... нь ажлын хөлсөнд 1 машинд 1 цагт 35,000 төгрөг, сард 10,500,000 төгрөг төлөхөөр талууд харилцан тохиролцсон үйл баримт нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон байна.

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасны дагуу нэхэмжлэгч ......... нь бичил уурхайд өөрийн .........УНЗ улсын дугаартай ХОВО, .........ОРХ улсын дугаартай Шаньши маркийн хоёр ачааны автомашинаар шороо зөөж ажиллахаар, хариуцагч ......... нь ажлын хөлсийг төлөхөөр тохирсон, мөн хуулийн 359 дүгээр зүйлийн 359.2-т хөлсөөр ажиллах гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно гэснээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь зөв байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгч ......... нь өөрийн өмчлөлийн .........УНЗ улсын дугаартай ХОВО, .........ОРХ улсын дугаартай Шаньши маркийн хоёр ачааны автомашинаар хариуцагч .........ийн бичил уурхайд 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд уурхайн шороо зөөж ажилласан байна.

 

Дээрх хугацаанд хариуцагч нь нэхэмжлэгчид ажлын хөлсөнд нийт 35,000,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн ХААН банк дахь 5094665051 тоот дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч ......... нь гэрээнд заасан ажил гүйцэтгэх үүргээ биелүүлсэн, харин хариуцагч ......... нь хөлс төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу хөлс 69,000,000  төгрөг төлөхөөс 35,000,000 төгрөгийг төлжээ. 

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч .........ээс 33,960,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .........эд олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Энэ үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэгч .........ийн нэхэмжлэлээс 40 тонны контейнер гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т зааснаар байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээг зөв тодорхойлж, гэрээний дагуу шаардсан 33,960,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь зөв байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1.Төв  аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 151/ШШ2022/00199 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмагнайгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмагнайгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                   ШҮҮГЧИД                                            Г.ТЭГШСУУРЬ

                                                                               М.МӨНХДАВАА