| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2026/00456/И |
| Дугаар | 150/шш2026/00162 |
| Огноо | 2026-04-03 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 150/шш2026/00162
2026 04 03 150/ШШ2026/00162
Зохигчийн эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж,
Нэхэмжлэгч: ***аймгийн ***сум ***тоотод оршин суух хаягтай, **** (РД:****)-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****хот ****дүүрэг, ***дугаар хороо, ***тоотод оршин суух хаягтай, **** (РД:****)-т холбогдох,
Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ****, хариуцагч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эвлэрүүлэн зуучлалаас хойш холбогдоогүй. Цагаан сараар хамт шинэлсэн нь үнэн. Гэр бүл, үр хүүхдээ бодон хариуцагчтай эвлэрэх хүсэлттэй байна. Ахин ийм зүйл болбол эргэж буцах зүйлгүй, дахин нэхэмжлэл гаргах эрхтэй бол гэрлэлтээ цуцлуулна...” гэв.
Хариуцагч **** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Эвлэрэн хэлэлцэх хүсэлттэй байна. Үр хүүхдээ өнчрүүлэх хүсэлгүй байна. Хамтын амьдралаа үргэлжлүүлэх саналтай байна. Утасны дугаарыг блоклосон зүйл байхгүй. ****тай цагаан сараар хүртэл хамт шинэлсэн. Шинийн нэгэнд хоёр жил дараалан хадам ээжтэй ирж золгосон. Өнгөрсөн зуны амралтаар хүртэл хамт байсан. **** учир зүггүй мөнгө нэхээд байдаг байсан. Эвлэрүүлэн зуучлагчтай утсаар ярихад уулзалт хийх өдрийг хэлсэн мөртлөө цагийг нь хэлээгүй. Миний бие эмчээр ажилладаг тул тэр болгон утсаа авах боломжгүй байсан. Сүүлд нь шүүгчийн туслах ***холбогдож эвлэрүүлэн зуучлагчийн утасны дугаарыг аваад залгахад утсаа аваагүй. Эвлэрүүлэн зуучлагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдлоо холбогдох байгууллагад нь гаргасан… гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** нь хариуцагч **** холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тус шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 150/ШЗ2026/00165 дугаартай захирамжаар гэрлэгчдэд эвлэрэх хугацаа олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлсэн.
Тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчаас 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 0003** дугаартай “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл”-ийг ирүүлсэн ба эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон үндэслэлээр Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3, 28.1.4, 28.1.5-т заасныг тус тус үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгож шийдвэрлэжээ.
Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч **** хариуцагч **** нар нь бичгээр гаргасан эвлэрлийн гэрээндээ: “...Миний бие **** нь нэхэмжлэгч ****шүүхийн шатанд эвлэрсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цаашид бид хамтын амьдарлаа үргэлжлүүлэх болсон. Улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг хариуцагчаас гаргуулахгүй болно...” гэв.
Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад зохигч эвлэрээгүй ч шүүх хуралдааны шатанд эвлэрч, хамтын амьдралаа үргэлжлүүлэхээр харилцан тохиролцсон тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжийн тал хувийг хариуцагчаас гаргуулахгүй гэсэн тул түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн ***төгрөгийн ***төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ****төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч ****гийн нэхэмжлэлтэй, хариуцагч **** холбогдох хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн ногдох хэсгийг гаргуулах иргэний хэргийн зохигч хамтын амьдралаа үргэлжлүүлэхээр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжийн тал хувийг хариуцагчаас гаргуулахгүй гэсэн тул түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 321,410 төгрөгийн 160,705 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 160,705 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Зохигч хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн ногдох хувь гаргуулах нэхэмжлэл гаргахад энэ захирамж саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА