| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 2526000000120 |
| Дугаар | 2026/ДШМ/11 |
| Огноо | 2026-02-26 |
| Зүйл хэсэг | 091.1., |
| Улсын яллагч | Б.Буяндалай |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2026/ДШМ/11
2026 оны 02 сарын 26 2026/ДШМ/11
Н.Г-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд
Прокурор Б.Буяндалай, У.Гантуяа
Шүүгдэгч Н.Г
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Тайванжаргал
Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр даргалж, шүүгч Д.Цэцэгээ, шүүгч Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2026ШЦТ/03 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн прокурор нарын эсэргүүцлээр шүүгдэгч Н.Г-т холбогдох эрүүгийн 2526000000120 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн ***суманд төрсөн, *** настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл ***, аав ээжийн хамт Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр багийн *** тоотод оршин суух хаягтай, урьд Сум дундын 17 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 2 жил, 9 сар, 4 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, *** овогт Н.Г /РД:***/.
Н.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 04 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Найрамдал хотхоны 5 дугаар байрны В1 тоот подвалд Б.А-г боомилж алсан,
Б.А-тай бүлэглэн 2024 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 03 цагаас 04-н цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг Мүүн нэртэй баарны гадна хохирогч Ч.Н-ыг согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байхад нь тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, улмаар банди болгоно хэмээн өмд болон дотуур хувцсыг нь тайлах, ануст буюу бөгсний нүх рүү нь хатуу зүйл хийх зэргээр тохуурхан доромжилж эрүүл мэндэд нь давсагны ханын урагдал, 11-р хавирганы зөрөөтэй хугарал, баруун нүдэнд цус харвалт, зүүн шуунд цус хуралт, баруун, зүүн өвдөг, баруун шилбэнд зулгаралт, ануст сорви гэмтлүүд буюу хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Н.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч *** овогт Н.Г-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, хохирогчийг тохуурхан доромжилж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 07 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар оногдуулсан 11 жилийн хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан 07 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 18 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Г-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 18 жилийн хугацаагаар хорих ялд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2023ХМШЗ/25 дугаартай “Хорих ялаас хугацааны өмнө суллаж хяналт тогтоох тухай” шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацааны өмнө суллаж хяналт тогтоосон 02 жил, 09 сар, 04 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 01 сар 08 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэж, түүний нийт эдлэх хорих ялыг 19 жил 01 сар 08 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-т оногдуулсан 19 жил 01 сар 08 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-ийн цагдан хоригдсон 253 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-өөс 15,173,400 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б-д, Иргэний хуулийн тусгай ангийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар 338,580 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгохоор, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б нь оршуулгын зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цайвар өнгийн 112 см урттай үдээс 1 ширхэг, улаан хүрэн өнгийн 70 см урттай үдээс 1 ширхэг, USA гэсэн бичигтэй ягаан өнгийн цамц 1 ширхгийг тус тус устгаж, хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Б.Буяндалай, У.Гантуяа нар давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Өвөрхангай аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Буяндалай, хяналтын прокурор У.Гантуяа бид шүүгдэгч Н.Г-т холбогдох эрүүгийн 2526000000120 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд хүргүүлсэн.
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 12 сарын 23-ны өдрийн 2026/ШЦТ/03 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-өөс 15,173,400 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б-д олгуулахаар шийдвэрлэжээ.
Шийтгэх тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч танилцаад шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж дүгнэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна.
Үүнд: Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шийдвэрлэхдээ талийгаач Б.А-ын хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б-ы сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоолдоо ... “Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт "гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг” гэж зааснаас дүгнэхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б нь амь хохирогчийн төрсөн эцэг байна..." хэмээн дүгнэж, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасныг баримтлалгүй, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон сэтгэцийн эмгэгийн зэрэглэлийг харгалзан үзэж, 15,173,400 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлгүй байна.
Учир нь талийгаач Б.А нь амьд ахуйдаа хэн нэгэнтэй гэрлээгүй, өөрийн төрсөн эцэг Т.Бы гэр бүлээс тусдаа гэр бүлтэй байгаагүй болох нь хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б, гэрч С.Д нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул талийгаач Б.А, түүний төрсөн эцэг Т.Б нарыг нэг гэр бүлийн гишүүд гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэдийгээр мөрдөн шалгах ажиллагааны явцад талийгаач Б.А нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, олон хоногоор гэртээ ирдэггүй байсан үйл баримт тогтоогдсон боловч энэхүү байдал нь Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт заасан "гэр бүлийн гишүүн" гэх ойлголтыг үгүйсгэхгүй. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас нас барсан хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлэх, эсхүл хүн амын дундаж наслалт болон нас барсан хүний насны зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлэхийн аль ашигтайгаар нь тогтоохоор заасан. Энэхүү хэм хэмжээний зохицуулалтын зүйл нь гэмт хэргийн төрөл, ангилал, гэм буруугийн хэлбэр зэргээс үл шалтгаалан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон сэтгэцийн эмгэгийн зэрэглэлийг харгалзахгүй, урьдач нөхцөлгүйгээр гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах явдал юм. Сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг тогтоохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлэн тогтоох хувилбар нь аливаа гэмт хэргийн хохирогч нарт дээр дурдсан хүчин зүйлсийг үл харгалзан эн тэнцүү олгохоор хөдөлшгүй тогтоосон, амь насны нөхөн төлбөрийн шинжтэй зохицуулалт болно. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, хохирогч, шүүгдэгчийн хувийн байдал, нас, хүйс, боловсрол, ажил мэргэжил, эрүүл мэндийн байдал, нэр төр, амь хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл харгалзахгүйгээр нөхөн төлбөрийг мөнгөн дүнгээр гаргуулах учиртай.
Мөн анхан шатны шүүх 2025 оны 04 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаар тогтоолыг баримтлан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660,000 төгрөгөөр тооцсон нь буруу байна.
Учир нь Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 792,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон нь гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх дахин нэг үндэслэлийг бий болгож байна.
Иймд амь хохирогчийн гэр бүлийн гишүүн, түүний хууль ёсны төлөөлөгч Т.Б-ы сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг хэмжээг гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792.000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлж 118.800.000 төгрөгөөр тогтоох нь хууль, тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд чухал ач холбогдолтойн зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад "шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй" гэж заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл тогтоогдож байх тул Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 сарын 23-ны өдрийн 2026/ШЦТ/03 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад "... Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-өөс 118.800.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б-д, Иргэний хуулийн 497.1, 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар 338,580 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б нь оршуулгын зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай" гэсэн өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Прокурор Б.Буяндалай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалд нийцээгүй буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б нь амь хохирогчийн төрсөн эцэг болохоос гэр бүлийн гишүүн биш гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн. Гэтэл Б.А нь Т.Б-ы нар гэр бүлийн гишүүн мөн гэдэг нь мөрдөн шалгах ажиллагаанд тогтоогдсон. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэлийг харгалзахгүйгээр хор уршгийг арилгуулах ёстой. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөгийг 660,000 төгрөг буюу өмнө нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан дүнгээр тооцсон нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрэглэх ёстой хууль буюу Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасныг баримталж, хохирол, төлбөр, хор уршгийн асуудлыг шийдвэрлээгүй нь шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэл болж байх тул шийтгэх тогтоолын 7 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Прокурор У.Гантуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Тайванжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Гэмт хэргийн улмаас нас барсан хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах тусгайлсан журам болон Шүүх шинжилгээний тухай хуульд зааснаар тодорхой зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана гэж хуульчилсан. Энэ хэрэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний эцэг болох Т.Б-ыг томилсон. Шинжээчдийн дүгнэлтээр сэтгэцэд учирсан хохирлыг 3 дугаар зэрэглэлээр тогтоосон. Анхан шатны шүүхийн шийдвэр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг хэргийн бодит байдалтай уялдуулан тогтоосон. Шүүгдэгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу 15,173,400 төгрөгийг хорих ял эдэлж байх хугацаандаа төлөх боломжтойгоо илэрхийлсэн. Хохирлын хэмжээ хэт өндөр буюу иргэний хуульд зааснаар тогтоогдвол хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зөрчигдсөн эрх сэргээгдэх эсэх, шүүгдэгчийн хувьд хуулиар олгогдсон боломж, нөхцөл нь хязгаарлагдах, эрх зүйн байдал нь дордох нөхцөл байдлууд үүсэж болзошгүй. Анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргасан. Гэр бүлийн тухай хуулийн 3.1-д заасан гэр бүлийн гишүүн гэдэгт төрсөн эцэг гэдэг үг байхгүй. Анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ хуулийн нэр томьёог хэрэглэж төрсөн эцэг нь боловч гэр бүлийн гишүүнд хамаарахгүй гэдэг утгаар Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг хэрэглэж дээд хэмжээгээр хохирлыг тогтоогоогүй нь үндэслэлтэй. Шүүгдэгчийн хэлснээр Б.А нь гэр бүлдээ эргэж очиж амьдрахыг хүсэхэд байнга хэл амаар доромжилж, бие махбодод нь халдах зэргээр эцгийн зүгээс охиндоо хайр халамж үзүүлдэггүй байсан гэдэг нь нотлогддог. Ийм нөхцөлд амь хохирогчийн эцэг Т.Б-д хамгийн дээд хэмжээгээр, бодит байдлыг үл харгалзан хохирол тогтоож олгох нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь заалтыг амь хохирсон хэрэг бүрд ижил байдлаар хэрэглэхгүй. Тус заалт хамгийн дээд хязгаарыг тогтоож өгсөн хэм хэмжээ болохоос заавал хэрэглэх хэм хэмжээ биш. Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.8-д заасны дагуу шинжээчийн дүгнэлтийг үндэслэн бодитоор хохирлыг тогтоох нь хэрэгт ач холбогдолтой тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгч Н.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өмнө нь алдаж арван хэдэн жил шоронд явж ирээд буцаж гурван жилийн дараа ахиж алдаж ял эдлэх гэж байна. Энэ их мөнгийг төлнө гэдэг худлаа болоод байна. Би хор уршиг учруулсан учраас ял эдлэх хугацаандаа 15,000,000 төгрөгийг төлж барагдуулна гэдгээ анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн, миний буруу гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж прокурор нарын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.
Н.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 04 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Найрамдал хотхоны 5 дугаар байрны В1 тоот подвалд Б.А-г боомилж алсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Аавын дүү Д гэх хүнээс 2025 оны 04 сарын 10-ны өдрийн үдээс хойш орой нь шахуу утсаар сонссон. Хүүхэд чинь өнгөрсөн байна чи хаачив гэхээр нь ойрхон сумын төвөөс зайтай байгаа талаар хэлээд сумын төвд орж ирсэн. Нас барах өдрийн орой 21 цагийн үед А гэрт ганцаараа орж ирсэн. Араас нь энэ хэрэгт шалгагдаад байгаа Г гэх залуу орж ирсэн. Орж ирж идэх юм байна уу гэж хайж байхаар нь идэх юм байхгүй байна гэдгээ хэлсэн. Би “Нокиа” загварын гар утсаа цэнэглээд тавьсан байсан чинь тэрийг аваад гараад явчихсан. Тухайн утсанд байсан дугаарыг хэлж мэдэхгүй байна. Н.Г, Б.А хоёр хоёулаа эрүүл байсан. Хаашаа явах гэж байгаа талаар надад юм хэлээгүй. Н.Г, Б.Ад хандаж гаръя явъя гэж хэлээд дагуулаад гараад явсан. ...2019 оноос хойш л архи уугаад тэнэмэл амьдралаар амьдраад бараг л гэртээ ирж хонохгүй л яваад байдаг байсан. Хааяа нэг л хоол асууж орж ирдэг болсон. Ааш зангийн хувьд уурлаж уцаарладаг. Намайг тэгэхгүй яасан юм ингэхгүй яасан юм гээд л уурлаад байдаг байсан. Ер нь бол сүүлдээ надад дийлдэхгүй олон жил шоронгоор орж гарсан хүмүүстэй нийлж явж байгаад хулгайн хэрэгт холбогдож ял эдэлж байсан. Амиа хорлох оролдлого хийж байгаагүй. Үхэх талаар бол огт ярьж байгаагүй. ...Н.Гийг 2 жилийн өмнөөс мэддэг болсон гэж санаж байна. Манайд ирэх үедээ дандаа л Атай л цуг ирдэг, сүүдэр шиг л араас нь дагаад л газар шагайгаад л яваад байдаг залуу. Надтай юм ярьж байгаагүй. Хамгийн сүүлд орж ирэх үедээ хар өнгийн дээлтэй байсан. Манай охин куртиктэй улаан өмдтэй байсан шиг л санагдаж байна охины хувцсыг бол сайн санахгүй байна. Оршуулах ёслолд нь багцаагаар 7-8 сая төгрөг зарцуулсан. Хүлээлгэж өгөх баримт бол байхгүй байна” ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-54 дүгээр хуудас/,
Гэрч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 11 цаг 20 минутын орчимд хэсгийн байцаагч, багийн цагдаа нарыг цагдаагийн байран дээр түргэн цугларалт зарлаж цугласан. ...2025 оны 04 дүгээр сарын 10-ны өглөө 7032102 дугаарын утсанд 52 байранд А гэх хүн боомилсон байдалтай байна гэх дуудлагын дагуу А, Г нарыг Арвайхээр сумын 5, 13 дугаар багт байрлах байрны орц подвалоор шалгаж олж тогтоох үүрэг чиглэл өгсний дагуу багийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч А.Эрдэнэцогтын хамт Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах, ТИС-ийн 5 дугаар байрны 1 орцны подвалыг шалгаж байх явцад подвалын шатны доод хэсэгт А, Г нар нь хурган дээлэн дээр Г дээшээ харсан 2 гараараа хар эрээн өнгийн нарийн гутлын үдээс байж болох зүйлээр хоолойгоо боосон байдалтай хэвтэж байсан. Гийн зүүн талд А баруун талаараа хэвтсэн байдалтай байсан. Хамт үүрэг гүйцэтгэж байсан багийн цагдаа Эрдэнэцогтыг цагдаагийн газраас бүрэлдэхүүн болон эмнэлгийн яаралтай тусламжийн 103 тоот дугаарын утсанд дуудлага өгөх талаар хэлсэн. Гийн хоолойгоо боосон уяаг нь суллаж тайлж авсан. Г амьсгал боогдсон байдалтай байсан тул хамрын цэг дээр нь дарж хажууд байсан “Харзтай” нэртэй архийг гарын дээр асгаад, сэргээх зорилгоор хамрын доод хэсэгт барьж үнэрлүүлсэн. Удалгүй хэргийн газрын бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн. Г нь миний хариуцсан 4 дүгээр багийн харьяатай иргэн байгаа юм. ...А-ын нүүр нь хөхөрч хоолойгоор нь нарийн уяаны хөхөрсөн оромтой байсан. Гийн биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй” ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60-61 дүгээр хуудас/,
Гэрч Т.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багт 8-11 тоотод “Хавцгай цоохор” хүнсний дэлгүүрт худалдагчаар ажилладаг. ...2025 оны 04 дүгээр сарын 09-ний шөнө 21 цагаас 22 цагийн орчимд А, Г гэх 2 хүн дэлгүүр орж ирээд А нь 2 литрийн хэмжээтэй том кола ундаа, “Харзтай” нэртэй 0,5 литрийн хэмжээтэй архи 1 шилийг авсан. Нийт 14,700 төгрөг болсон. Тооцоог А өгсөн. Г нь улаан өнгийн мотоциклийн каск өмссөн, хар өнгийн дээлтэй байсан. А нь саарал өнгийн куртик өмссөн байсан. Өөр содон шинж тэмдгийг нь хараагүй. А нь өөрөө бордуу царайтай байдаг. Нүүрэнд нь ямар нэгэн гэмтэл байхгүй байсан. Дэлгүүр хаах гэж байх үед дэлгүүрийн гадаа мотоцикл ирж зогссон. Энэ 2 мотоциклоор явж байсан байх. Г нь А-аас таксины мөнгө гээд байсан. Өөр юм хэлж ярьж байгаагүй” ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 66 дугаар хуудас/,
Гэрч Т.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 04 дүгээр сарын 09-ний шөнө 22 цагийн үед манай дэлгүүрээр Г нэг танихгүй эмэгтэйтэй хамт орж ирээд кофе аваад бас 2,5 литрийн хэмжээтэй Нийслэл нэртэй том пиво аваад гараад явсан. Буцаж орж ирээгүй. Тухайн авсан зүйлийг бэлэн задгай мөнгөөр эрэгтэй нь тооцоо хийсэн. Тэр хоёрын биед ил харагдах ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. ...Эмэгтэй нь бага зэргийн согтуу байх шиг харагдаж байсан” ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68 дугаар хуудас/,
Гэрч Р.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн шөнө 22 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эрүүл мэндийн яаралтай тусламжийн хүлээн авах дээр Н.Гийг сэтгэц наркологийн тасагт хэвтүүлэн эмчлүүлэхээр үзүүлж байсан. Г нь тортой хувцсаа хаячхаад төрөхийн тасгаар зугтаагаад явсан. Араас нь хөөсөн чинь байхгүй байсан. Тэгээд цагдаагийн алба хаагч нар араас нь хөөгөөд эмгэг судлалын байрны ар талд байх хуучин балгас дотор Н.Г нь өөрийгөө цагаан уяагаар боомилсон байдалтай байхаар нь Н.Гийг сэтгэц наркологийн тасагт хэвтүүлсэн” ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70 дугаар хуудас/,
Гэрч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өглөө 10 цагийн орчим нэг эрэгтэй хүн утсаар холбогдоод "манай эхнэр байрны подвал дотор өөрийгөө боочихсон байна" гэх дуудлага өгсөн. Тэгээд хэргийн газарт ажиллах бүрэлдэхүүнийг цуглуулаад эргээд дуудлага өгсөн утас руу залгаад хаяг тодруулах гэсэн чинь эмэгтэй утсыг нь аваад “би эгч нь байна манай дүү утасгүй түрүүн сандарч орж ирээд миний утсаар яриад гараад явсан одоо байхгүй байна орж ирэхээр нь яриулна” гэж хэлсэн. ...Өөр утасны дугаараас дуудлага мэдээлэл давхардаж ирээгүй. 1 дуудлага мэдээлэл 1 гар утасны дугаараас ирсэн. Нас барсан эмэгтэйн нэрийг А гэж байсан” ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 72 дугаар хуудас/,
Гэрч Т.И-ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “......Би 2023 оны 10 сарын 01-ний өдрөөс хойш Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах “Найрамдал” СӨХ-ийн байцаагчаар ажиллаж байгаа. ...Над руу цагдаагаас хүн яриад танай байрны подвалд хүн нас барсан байна гэж асуухаар нь л хүн нас барсан гэдгийг нь мэдсэн. Хяналтын камер аль ч талын подвал дотор хяналтын камер огт байгаагүй. Тэр хоёр хүн ордог нүх рүү харсан ямар ч хяналтын камер байхгүй. Би подвалыг ер нь бол ойрхон шалгаад л байдаг байсан” ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 76 дугаар хуудас/,
Гэрч Н.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Н.Г нь өнөө өглөө буюу 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 02 дугаар баг 30-10 тоотод байх аав, ээжийн гэр буюу өөрийн гэртээ өглөө 07 цагийн орчимд орж ирээд ээжийн утас болох 86877233 дугаараар цагдаа руу ярьж “Б.А гэх хүн нь өөрийгөө боомилсон байдалтай нас барсан байна” гэж дуудлага өгчхөөд явсан. Тэгэхээр нь би Н.Г-өөс “чи үнэн яриад байна уу, худлаа яриад байна уу” гэж асуугаад “үнэн ярьж байгаа бол тэр газраа очоорой” гэж хэлсэн. Тэгээд дуугарахгүй гараад явчихсан. Миний харснаар бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй харагдсан. Архи согтууруулах ундааны зүйл үнэртээгүй. Эрүүл юм шиг л байсан. ...Өчигдөр өдөр дунд гэртээ орж ирчхээд үдээс хойш гараад явсан. Гадуур хоночхоод өглөө 07 цагийн орчимд гэртээ орж ирсэн” ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78-79 дүгээр хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 14-23 дугаар хуудас/,
Цогцост хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 24-31 дүгээр хуудас/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /Н.Гийн/, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 32-35 дугаар хуудас/,
Талийгаач Б.А-ын нас барах үедээ өмсөж байсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт /1-р хх-ийн 36-39 дүгээр хуудас/,
Мөрдөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр цагдаагийн ажилтан Б.Э-аас гаргаж өгсөн дүрс бичлэгт үзлэг хийсэн “Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл” болон бичлэг бүхий 1 ширхэг Сиди /1-р хх-ийн 87-89 дүгээр хуудас/,
Мөрдөгчийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Хавцгай цоохор", “Хүлэг” нэртэй дэлгүүрүүдийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх-ийн 90-94 дүгээр хуудас/,
2025 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 95 дугаар хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн ӨВХ0625/058 дугаартай амь хохирогч Б.Аын цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр хүзүүнд дарагдлын ором, баруун чихний хэнгэргэн хальс, оочинд шарх, хуйх, зүүн эгэм, цээж, зүүн тохой, гуя, өвдөг, шилбэ, баруун гуянд цус хуралт, ууцанд зулгаралт, духанд сорви гэмтлүүд тогтоогдлоо. Хүзүүний дарагдлын ором нь хагас уян зүйлийн үйлчлэлээр, амь хохирогчийг нас барахаас өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Баруун чихний хэнгэргэн хальс, оочинд шарх, хуйханд цус хуралт, ууцанд зулгаралт гэмтлүүд нь амь хохирогч амьд ахуйд хэрэг болсон гэх цаг хугацаанд, мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн эгэм, цээж, зүүн тохой, гуя, өвдөг, шилбэ, баруун гуянд цус хуралт, ууцанд зулгаралт гэмтлүүд нь амь хохирогчийг нас барахаас өмнө 2-4 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Духанд сорви гэмтлийн үүсгэгдсэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй хуучин гэмтэл байна. Амь хохирогч Б.А нь механик амьсгал бүтэлт, боолтын улмаас хүзүүний судас, мэдрэлийн багц дарагдаж төвийн гаралтай амьсгал, зүрх судасны цочмог дутагдлаар нас баржээ. 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 16 цаг 36 минутын байдлаар үзлэг хийхэд нас бараад 24 цагаас дээш болсон байх боломжтой. Амь хохирогчийн цусанд 1.9, ходоодны шингэнд 6.5 промилли спиртийн агууламж илэрсэн нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ” ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 116-122 дугаар хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн криминалистикийн шинжээч Д.Гүений 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ӨВХ0125/036 дугаартай шинжилгээнд хүргүүлж байгаа хураан авсан USA гэсэн бичиглэл бүхий ягаан өнгийн цамц, хар өнгийн юүдэн бүхий цахилгаантай цамц, цээжин хэсэгт арслан дүрслэл бүхий шар өнгийн подволк, бор саарал өнгийн ноосон дотуур өмд, хар өнгийн ноосон өмд, цагаан өнгийн левчик, ягаан өнгийн эмэгтэй дотуур хувцаснууд шинжилгээнд тэнцэнэ. Ягаан өнгийн цамцны хүзүү хэсэгт үүссэн 9х8х9см хэмжээтэй урагдалт нь залгаас оёдлоос доош 9 см зайд үүссэн урагдал гэмтлийн утаслаг ширхэглэгүүдийн үзүүр хөвөрч бөөгнөрсөн, зах ирмэгүүд жигд бус, суналттай байх бөгөөд татах гогодох зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлийн зах ирмэгийн гадаргуу ямар нэг зүйлээр бохирлогдоогүй шинэ гэмтэл байна. Харин уг цамцны зүүн доод талд байх ханзарсан халаасны ирмэгт 0.50х4см хэмжээтэй оёдлоороо зах ирмэг ийн утаслаг ширхгүүд хөвөрсөн, зах зах ирмэгүүд жигд бус оёдлоороо тасарч, оёдлын урагдсан хэсэг гадны зүйлээр бохирлогдоогүй тул хуучин урагдал байна” ... гэх дүгнэлт, гэрэл зургууд /1-р хх-ийн 237-243-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын химийн шинжилгээний лабораторийн химийн шинжээч Б.Нямхишигийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ЕГ0325/3035 дугаартай шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Г гэж хаягласан цуснаас 0.7 промилл спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 0.7 промилл спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 145-146 дугаар хуудас/ зэргээр,
Мөн Б.А-тай бүлэглэн 2024 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 03-04 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг Мүүн нэртэй баарны гадна хохирогч Ч.Н-ыг согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байхад нь тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, улмаар банди болгоно хэмээн өмд болон дотуур хувцсыг нь тайлах, ануст буюу бөгсний нүх рүү нь хатуу зүйл хийх зэргээр тохуурхан доромжилж эрүүл мэндэд нь давсагны ханын урагдал, 11-р хавирганы зөрөөтэй хугарал, баруун нүдэнд цус харвалт, зүүн шуунд цус хуралт, баруун, зүүн өвдөг, баруун шилбэнд зулгаралт, ануст сорви гэмтлүүд буюу хүнд хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Ч.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 19-ний орой гэрээсээ АА-ийн сургалтад суухаар явсан. Сургалт 19-21 цаг хүртэл үргэлжилсэн. Сургалтаа тараад 22 цагийн үед тэндээсээ гарсан. 23 цагийн үед “Буян-Аривжих” ресторанд Төмөрхуяг ахын хамт орсон. Тэнд “Хараа” нэртэй 0.5 литрийн савтай архи нэг ширхгийг авч уусан. Танихгүй хоёр залуутай юм ярьж сууж байгаад архи дуусгаад гарцгаасан. Төмөрхуяг ах гэр рүүгээ явсан. ...Би нөгөө хоёр залуугийн хамт "MOON" баар руу явцгаасан. Бааранд ороод нөгөө хоёр залуу архи пиво авсан. Би мөнгөгүй явсан юм. Тэр хоёр залуу 01 цагийн орчимд явлаа шүү гэж хэлээд гарцгаасан. Би ширээндээ ганцаараа үлдсэн. 03 цагийн үед баарнаас гарсан юм. Их уусан байсан учир бараг тасарчихсан байсан. Ууж байсан архи пиво оо саванд хийгээд аваад гарсан. Баарны гадаа байхад А хүрч ирээд надаас булааж аваад уусан. ...Тэгээд эхлээд А орилж хашигчаад шууд л зодоод эхэлсэн. Нэг нь миний араас боож унагаах шиг л болсон. Согтуу байсан болохоор сайн мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь л миний бие огцом өвдөөд сэргэсэн чинь “Муу хулгайчийг банди болгоно оо” гээд бие рүү хатуу юмаар дүрээд байсан. Би өөрөө биеэ займчуулсан чинь тэр бөгс рүү шургуулсан юм нь сугарсан. Тэндээсээ зугтаагаад баар руу очиж тусламж гуйсан. ...хэд хоногийн өмнө нь А тэр хоёрыг мотоциклтой явж байхад нь харж байсан. Тэр залуу мөн байсан. Одоо харвал шууд танина. Эмчид үзүүлэхэд миний хоёр шүд хөдөлсөн, гурван хавирга хотойлттой, дотуур цус алдалт их, давсганд битүү цус харалттай, хамар зөөлөн эдийн гэмтэлтэй гэж хэлсэн” ... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 228-229 дүгээр хуудас/,
Хохирогч Ч.Н-ын 2025 оны 10 дугаар сарын 06-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Ална, хядна банди болгоно гэх утгатай зүйл ярьсан. Араас хөөж гүйгээд байсан. Миний хувцас эд зүйлийг бол авах талаар яриагүй. Ална, хядна, банди болгоно” гэж яриад л миний хувцсыг тайлчихсан. Миний хувцас эд зүйлсийг яг авч явсан гэх талаар мэдэхгүй байна. Аав минь очиж үзэх үед юу ч байхгүй байна” ... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 233-234 дүгээр хуудас/,
Хохирогч Ч.Н-ын 2025 оны 08 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...А нь аймагт нэг эрэгтэйтэй хамт архи уугаад л яваад байдаг байсан. А нь сүүлд сонсохнээ нас барсан гэсэн. Харин хамт явж байсан миний бөгс рүү хатуу зүйлээр хатгаж гэмтэл учруулсан эрэгтэй нь олон жил шоронд сууж байгаад гарч ирсэн Г гэх залуу байдаг. Г шоронгоос гараад удаагүй, мотоциклоор таксинд л яваад байгаа харагддаг. Нэг нь нас барчихсан нөгөөх нь олон жил шоронгоор явсан, хоосон хүнээс нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. ...“банди болгочихъё” гээд Г гэх залуу нь бөгсний нүх рүү нарийн төмрөөр хатгаад А гэх архичин хүүхэн нь толгой түрийгүй дээрээс хөлөөрөө дэвслээд байсан” ... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 228-238 дугаар хуудас/,
Гэрч Н.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 20-ны шөнө нэг ах дээгүүрээ хүрэмтэй доогуураа дотоожтой тусламж гуйж орж ирсэн санагдаж байна. Одоо бол сайн санахгүй байна. Өөр зүйл санахгүй байна” ... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 243 дугаар хуудас/,
Шинжээч эмч М.Одгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Үзүүлэгч Ч.Нын биед давсагны ханын урагдал, 11 дүгээр хавирганы зөрүүтэй хугарал, баруун нүдэнд цус харвалт, зүүн шуунд цус хуралт, баруун зүүн өвдөг, баруун шилбэнд зулгаралт, ануст сорви гэмтлүүд тогтоогдсон байна. Дээрх гэмтлүүд нь эмнэлгийн бичиг баримт болон 2024 оны 12 сарын 30-ны өдрийн үзлэгээр илэрсэн. Гэмтлүүдийн өнгө шинж эдгэрэлтээс үзэхэд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэж үзсэн. Нэг цаг хугацаанд үүсгэгдсэн гэмтлүүдийг Эрүүл мэндэд учирсан хохирлын зэргээр нь ялгахгүй хамгийн хүнд хохирлоор нь авч үзнэ гэж журам дээр заасан байдаг. Давсагны ханын урагдал, анус сорви гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдоно. 11 дүгээр хавирганы зөрүүтэй хугарал хөнгөн, баруун нүдний цус харвалт нь хөнгөн, зүүн шуу цус хуралт, зүүн өвдөг, баруун шилбэнд зулгаралт гэмтлүүд нь 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 133-134 дүгээр хуудас/,
Хохирогч Ч.Н-аар гэмт хэрэг үйлдсэн этгээдийг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 239-241 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 72 дугаартай Ч.Н-ын биед давсаганы ханын урагдал, 11-р хавирганы зөрөөтэй хугарал, баруун нүдэнд цус харвалт, зүүн шуунд цус хуралт, баруун, зүүн өвдөг, баруун шилбэнд зулгаралт, ануст сорви гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хүнд хохирол тогтоогдлоо” ... гэх дүгнэлт /З-р хх-ийн 3-6 дугаар хуудас/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 34 дугаартай үзүүлэгч Н.Г нь гэмт хэрэг үйлдэхийн өмнө болон одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй. Гэмт хэрэг үйлдэгдэх үед Н.Г нь сэтгэцийн өвчингүй байсан байна. Н.Г нь болсон зүйлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна, хэрэг хариуцах чадвартай байна” ... гэх дүгнэлтээр шүүгдэгч Н.Г хэрэг хариуцах чадвартай, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.А нас барсан нь тогтоогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс Нямдаваагийн Гийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, хохирогчийг тохуурхан доромжилж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтын 2.5-д Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу арилгахаар заажээ.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтоохоор заасан, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 792,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон байхад 660,000 төгрөгөөр тооцсон нь буруу байх тул прокурорын эсэргүүцлийг хангаж шүүгдэгч Н.Г-өөс 118.800.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б-д олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг бүхэлд нь өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Г-ийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх хүртэл буюу 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон нийт 65 хоногийг түүний ял эдлүүлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА
ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ
Б.ЦЭРЭНПҮРЭВ