Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 612

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

Улсын яллагч А.Марал,

Хохирогч З.У-,

Шүүгдэгч Б.Н-, түүний өмгөөлөгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Б-ы Н-д холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1987 оны 4 дүгээр сарын 05-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Т” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгино-Хайрхан дүүрэг 0 дугаар хороо 00-000 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, З овогт Б-ы Н-,      

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/:

   Шүүгдэгч Б.Н- нь 2017 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Бүгд Найрамдах Хятад ард улсын “С” боомт дахь “Т” ХХК-ний ажилчдын амралтын байранд жолооч ажилтай З.У-ын хөмсөгний доод хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н- мэдүүлэхдээ: “...2017 оны 12 дугаар сарын 29-нд шилжих шөнө Бүгд Найрамдах Хятад ард улсын “С” боомт дахь “Т” ХХК-ийн ажилчдын амралтын байранд 22 цагийн үед Б- бид очсон. Тэгтэл У- Б- нар хоорондоо маргалдсан. Ү Б- луу дайрахаар нь би чи дуугай бай гэхэд бүгд над руу дайрахаар нь би зугатаагаад коридорт гараад буцаад ороход У- намайг заамдахаар нь би цохьсон. Н- Л- гэдэг 2 ах салгаад аваад гарсан” гэв.

 

Хохирогч З.У- мэдүүлэхдээ: “2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 00 цагийн үед амралтын байранд амарч байхад хамт нэг компанид жолооч ажилтай Н-, Б- нар нэлээд согтуу өрөөнд орж ирээд элдвийн үгээр дайрч доромжлоод байхаар нь манай байранд хамт байсан жолооч Б- нь Н-, Б- хоёрыг өрөөнөөс унтаж амар гээд дагуулж гарсан. Хэсэг хугацааны дараа Н-, Б- хоёр дахин өрөөнд орж ирээд хилээр гаргахгүй энэ тэр гээд байсан ба Ү гэж жолооч тэр хоёрыг өрөөнөөс авч гарсан.

Хэсэг хугацааны дараа дахиад нөгөө хоёр орж ирээд бас л хүмүүстэй хэрүүл өдөөд байхаар нь би Н-г өрөөндөө ороод гэхэд Н- би чиний дүү биш гээд байсан тэгээд гарснаа буцаж орж ирээд миний хажууд зогсож байснаа гэнэт хутга гаргаж ирээд миний хөмсөг орчим нэг удаа дүрэх шиг болоод над руу дайраад байсан ба манай өрөөнд хамт байсан С- гээд жолооч Н-г салгаад авсан. Тэр үед С-ыг цохиж байгаа харагдсан. Тэгтэл гаднаас хоёр хүн орж ирээд Н-г салгаад аваад гарсан” гэв.

 

Хохирогч З.У- мэдүүлэхдээ: “2017 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн 00 цагийн үед амралтын байранд амарч байхад хамт нэг компанид жолооч ажилтай Н-, Б- нар нэлээд согтуу өрөөнд орж ирээд та нарыг Шивээ Хүрэнгийн боомтоор явуулахгүй гэх мэт элдвийн үгээр дайрч доромжлоод байхаар нь манай байранд хамт байсан жолооч Б-, Н-, Б- хоёрыг өрөөнөөс унтаж амар гээд дагуулж гарсан. Хэсэг хугацааны дараа Н-, Б- хоёр дахин өрөөнд орж ирэхээр нь хүмүүс унтаж амраа, миний хоёр дүү өрөөндөө очиж амар гэж хэлсэн чинь бид хоёр чиний дүү байлаа юу та нарыг боомтоор гаргахгүй гэж агсам тавиад байхад нь манай өрөөний Ү гээд жолооч тэр хоёрыг өрөөнөөс авч гарсан. Хэсэг хугацааны дараа дахиад нөгөө хоёр орж ирээд бас л хүмүүстэй хэрүүл өдөөд байхаар нь би Н-г байрнаас түлхээд гаргачихаад өрөөндөө ороод зүүн талын орон дээр сууж байтал Н- буцаж орж ирээд миний хажууд зогсож байснаа гэнэт хутга гаргаж ирээд миний хөмсөг орчим нэг удаа дүрэх шиг болоод над руу дайраад байхаар нь манай өрөөнд хамт байсан С- гээд жолооч Н-г салгаад авсан. Тэгээд би зүсэгдсэн газраа алчуураар дарж цусыг нь тогтоож байхад Ү, Б- нар машинаас эмийн сан авчирч шарх боож өгсөн. 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр БНХАУ-ын Далайхөв хотын эмнэлэгт очиж боолт хийлгэсэн. Боолт хийлгэхээр явахад Н-, Б- нар хамт явсан” гэжээ. /хх 15-16 хуу/

 

Гэрч А.Б- мэдүүлэхдээ: "...00 цаг өнгөрч байхад гаднаас хамт ажилладаг зүс таних Н-, Б- гэдэг хоёр залуу архи уучихсан нэлээд халамцуу орж ирээд та нарыг баруун хил дээр нүүрсэнд явуулахгүй, шөнө унтуулахгүй гэхэд хамт амарч байсан У-, ахын хоёр дүү явж амар гэхэд нөгөө хоёр чам шиг ах байхгүй, ахтай ч байгаагүй гээд агсам тавиад байхаар нь би хоёр дүү гарч тамхи татая гээд Н-, Б- хоёрыг гадаа дагуулж гараад тамхи татаад одоо очиж амарцгаа гэж хэлээд явуулсан. Би өрөөндөө ороод хэвтэж байсан чинь Н-, Б- хоёр буцаж өрөөнд орж ирээд дахин агсам тавиад У-тай Н- муудалцаж зууралдаад байхаар нь манай өрөөнд амарч байсан Ү Н-г түлхэж өрөөнөөс гадагш гаргасан. Тэгээд удалгүй Н- хутга барьж орж ирээд У- өөдөөс нь гар нь хөдлөх шиг болсон чинь У-ын зүүн хөмсөг орчмоос нь цус гоожиж хэлэхэд өрөөнд байсан залуучууд Н-г барьж би Н-гийн өрөөний Н- гэдэг ахыг дуудаж Н-г өгөөд явуулсан. Н-гийн гарт хутга байсныг бол харсан. Яг ямар хутга байсан хараагүй. Н- өрөөнөөс гарахдаа хутгаа аваад гарсан ” гэжээ. /хх 17-18 хуу/

 

Гэрч В.Ү мэдүүлэхдээ: “...эргэж нөгөө хоёр орж ирээд дахин нөгөө хэлдэг үгээ хэлж хэрүүл гуйгаад байхад нь би босоод тэр хоёрыг дахин өрөөнөөс гаргасан. Тэгтэл Н- эргэж орж ирээд Утгахбаярыг орон дээр сууж байхад нь өөдөөс нь очиж баруун гартаа жижиг хутга барьчихсан байснаараа У-ын зүүн нүд рүү хатгах шиг болсон. Ингээд Н- эргэж хараад зугтаасан ба У-ын зүүн нүдний дээд хэсгээс цус гараад байхаар нь цусыг нь тогтоох арга хэмжээ авч дарж боосон чинь тогтохгүй байсан юм. Ингээд машинаас эмийн сан авчирч эм тавьж боогоод тогтоож өглөө Далайхөв гэх хотын эмнэлэг рүү Б- Н- У- нар явсан юм” гэжээ. /хх 37 хуу/

 

Гэрч Н.Б- мэдүүлэхдээ: “... Ажилчдын амралтын байранд амарч байхад гаднаас Н-, Б- нар орж ирээд танай өрөөнийхөн чанга ярьж байна энэ тэр гэж хэрүүл үүсгэж байхад тэр хоёрыг манай өрөөний Б- ах хөөж гаргасан чинь удалгүй дахин орж ирээд дахин хэрүүл өдсөн. Тэгээд би тэр хоёр залууг боль гээд явуулах гэхэд нь Б- нь надтай барьцалдаж аваад маргалдаж байхад дундуур С- орж ирээд салгаж цаана У-, Н- нар хоорондоо зууралдаж байгаад салаад Н- байрнаас гарчихаад эргэж орж ирээд шууд У- ахыг орон дээр сууж байхад өөдөөс нь очиж нүүр лүү нь юмаар цохиод гараад явсан юм. Тэгтэл У-ын нүүрнээс цус гараад тогтохгүй байхад нь машинаас эмийн сан авчирч боолт хийсэн юм” гэжээ. /хх 49-50 хуу/

 

Гэрч Н.Б- мэдүүлэхдээ: “...Тэр өдөр компанийн байрандаа байж байгаад оройн 21 цагийн үед Н- бид хоёр 10 юань гэх газар очиж Монгол хоол хийдэг гуанзанд хоол идчихээд тэндээ 2 шил пийжүү уусан. Тэндээс алхаад амрах байрандаа очсон. Байр луугаа ороход У-ын өрөөний хаалга нээлттэй байсан ба бид хоёрыг дуудах шиг болсон. Бид хоёр орсон тэнд манай жолооч нар архи уусан байсан байдалтай байсан. Тэгээд юм ярьж байгаад хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгэхэд нь Н- руу өрөөнд байсан 3-4 хүн дайраад эхэлсэн. Н- куртикнээсээ сугараад зугтсан. Би тэр өрөөнд үлдэхэд над руу бас тэр хэд дайрсан. Тэгэхэд нэг нь хамгаалаад нөгөө хэдийгээ боль гэж болиулсан. Тэгээд байж байтал Н- өрөөнд орж ирээд та нар болиоч гээд эргээд өрөөнд ороод ирсэн. Н- нь өрөөнд орж ирээд У-ыг цохисон байхаа. Намайг өрөөнөөс гарахад У-ын зүүн хөмсөг нь язарсан цус гарч гараараа дараад суугаад байсан. Тэгээд би өрөөнөөс гарч явсан. Маргааш нь Н- нь У-ыг аваад Далайнхөв рүү явсан” гэжээ. /хх 81-82 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1502 дугаартай дүгнэлтэнд: “З.У-ын биед зүүн хөмсөгний доод хэсгийн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ. /хх 11 хуу/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 21/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 22/

Хохирлын баримтууд /хх 41-42/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Н- нь 2017 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Бүгд Найрамдах Хятад ард улсын “С” боомт дахь “Т” ХХК-ний ажилчдын амралтын байранд жолооч ажилтай З.У-ын хөмсөгний доод хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч З.У- /хх 15-16/, гэрч А.Б- /хх 17-18/, В.Ү /хх 37/, Н.Б- /хх 49-50/, Н.Б- /хх 81-82/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1502 дугаартай дүгнэлт /хх-11/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 21/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 22/, хохирлын баримтууд /хх 41-42/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

         

          Шүүгдэгч Б.Н-д холбогдох хэргийн бүрдэл хангагдсан зүйлчлэл тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

          Шүүгдэгч Б.Н- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорын хохирлыг төлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

         

          Шүүгдэгчээс хохирогчийн эмчилгээний зардлыг төлж барагдуулсан, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй зэргийг тус тус дурдлаа.

 

          Хохирогч З.У-аас ажилгүй байсан хугацааны цалин болох 4.776.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан боловч түүний нийгмийн даатгалын дэвтэр, өвчний түүх, “Т” ХХК-нд хэднийг хүртэл ажилласан талаарх баримт, эмнэлгийн эмчилгээ хийлгэсэн талаарх лист зэрэг бичгийн баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул түүний нэхэмжлэлийг хангахгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.