Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 223/МА2022/00030

 

                                                          

 

 

 

 

 

 

  2022         06             02                                         223/МА2022/00030

 

 

.........ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 151/ШШ2022/00283 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч .........ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ........., .........нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 34.236.587 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, Ц.Анхбаяр, хариуцагч ........., Н.Долгормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.

 

Нэхэмжлэгч .........ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ........., .........нар нь “Хаан банк”-ны Борнуур тооцооны төвөөс 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр №ЗГ.........тоот зээлийн гэрээ байгуулан 25.000.000 төгрөгийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар бичил шуурхай зээлийн зориулалтаар авсан бөгөөд уг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр №......... тоот, №......... тоот баталгаат ипотек болон барьцааны гэрээ байгуулж,

 

Иргэн ......... өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-......... тоот дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Борнуур сумын 01 дүгээр баг, Өгөөмөр Баян-Өлзийт 3 дугаар гудамж, 301 тоот, 185.5 м.кв талбайтай хувийн сууц,

 

Иргэн ......... эзэмших эрхийн нэгж талбарын ......... тоот дугаар бүртгэлтэй, Төв аймгийн Борнуур сумын 01 дүгээр баг, Өгөөмөр Баян-Өлзийт 3 дугаар гудамж, 301 тоот, 1464 м.кв талбайтай гэр, орон сууцны хашааны газар,

 

Иргэн ........., .........нарын өмчлөлийн гэрийн эд хогшил, дэлгүүрийн барааны материал тус тус барьцаалуулсан.

Зээлдэгч нар нь 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр №ЗГ.........тоот зээлийн гэрээний үүрэгт 6.080.994,72 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2.375.404,39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 223,58 төгрөг, нийт 8.456.622,69 төгрөгийг төлсөн байна.

 

Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч /1019 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банкны зүгээс зээл төлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдөөгүй байна.

 

Иймд 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ.........тоот зээлийн гэрээнд заасны дагуу хариуцагч нараас 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

 

Үндсэн зээлийн үлдэгдэл 18.919.005,28 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 12.805.078,38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2.479.003,34 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөрт 33.500 төгрөг, нийт 34.236.857 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт 569.533 төгрөгийг тус тус гаргуулах,

 

Зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд ......... өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-......... тоот дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Борнуур сумын 01 дүгээр баг, Өгөөмөр Баян-Өлзийт 3 дугаар гудамж, 301 тоот, 185.5 м.кв талбайтай хувийн сууц,

 

......... эзэмших эрхийн нэгж талбарын ......... тоот дугаар бүртгэлтэй, Төв аймгийн Борнуур сумын 01 дүгээр баг, Өгөөмөр Баян-Өлзийт 3 дугаар гудамж, 301 тоот, 1464 м.кв талбайтай гэр, орон сууцны хашааны газар,

........., .........нарын өмчлөлийн гэрийн эд хогшил, дэлгүүрийн барааны материал зэрэг тус тус барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд нэхэмжлэл гаргасан үндэслэл нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4, 222.5, 452, 453 дугаар зүйлд заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4 дэх хэсэгт хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна. Харин үүргийг хугацаанд нь гүйцэтгэсэн ч тохиолдох байсан тохиолдлын улмаас үүссэн хохирлыг хариуцахгүй, 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хүү нэхэмжилж байна.

Мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Энэ үндэслэлийн дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал зэргийг нэхэмжилж байна.

Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасны дагуу барьцаа хөрөнгийг гаргуулах, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байна.

Улсын Дээд шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 44, 45, 46 дугаар бүлэгт заасан банк, эрх бүхий хуулийн этгээдийн төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай зарим зүйл заалтыг тайлбарласан байгаа. Энэхүү тайлбараа Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д заасан зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно гэж заасныг зээлийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд гэрээнд хүү, түүний хэмжээг тодорхой заахыг тайлбарласан байдаг.

Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хүү жилийн 21.6 хувь байхаар, нэмэгдүүлсэн хүү зээлийн гэрээний 20 хувь байна гэж заасан. Зээлийн гэрээний хугацаа 36 сар байхаар байгуулагдсан. Нэмэгдүүлсэн хүүг зээлдэгч авсан зээлээ хугацаандаа буцаж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн зээл, хүү дээр нэмэгдэл хүү төлүүлэхээр тодорхойлсон хариуцлагын хэлбэрийг хэлнэ гэж тодорхойлсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Банк барьцаа хөрөнгийг даатгуулаагүйгээс болж гал гарсан, үүргийн гүйцэтгэлийн 50 хувийг хасах ёстой гэж тайлбарлаад байна. Иргэний хуулийн 432 дугаар зүйлийн 432.1 дэх хэсэгт “Даатгал нь сайн дурын болон албан журмын гэсэн төрөлтэй байна” гэж зааснаар талуудын хөрөнгө нь сайн дураараа даатгуулах ёстой хөрөнгө байсан. Зээл авах үедээ хариуцагч нар нь сайн дурын даатгал хийлгээгүй. Зээлийн гэрээнд зээлдэгчийн өмнөөс банк даатгуулна гэж байхгүй, даатгал хийлгээгүй нь банкны буруу биш.

Зээлийн түүхийг сайн болгож өгнө үү гэж байна. Зээлийн ангиллыг банк санаачилгаараа сайн, муу болгодог зүйл байхгүй. 2012 онд батлагдсан “Зээлийн мэдээллийн тухай” хуульд зааснаар зээлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага нь зээлдэгчийн мэдээллийг сар бүр Монгол банканд үнэн зөв мэдүүлэх үүрэг хүлээдэг. Зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэн гэдгээ үндэслэлгүй гэж тайлбарлаж байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хувьд зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргийг хүлээсэн байдаг. Зээлийн гэрээний хуваарийн дагуу зээлдэгч нар нь 949.600 төгрөгийг төлөх ёстой байсан. Энэ төлбөрөө тухайн сар бүртээ төлөөгүй, эргэн төлөлтийн графикийн дагуу төлөөгүй бол зээлийн хугацаа хэтэрсэнд хамааруулан тооцдог. Ингэж тооцдог учраас багаар төлсөн ч гэсэн зээлийн хугацаа хэтэрсэн ангилалд хамаарна. Зээлийн хугацаа хэтэрсэн учраас энэ талаар Монгол банканд мэдээлэх үүргээ биелүүлсэн. Банканд үүрэг болгосон үүргийн дагуу зээлийн муу түүхийг манай зүгээс арилгах боломжгүй.

50 хувь хөнгөлж өгөөч гэж хариуцагч нар тайлбарлаж байна. Банкны тухай хуулийн дагуу “Банк” гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монгол банкны тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлдэг ашгийн төлөө хуулийн этгээд гэж заасны дагуу зээлээс 50 хувь хөнгөлөх боломж байхгүй. Зээлийн хүүг 50 хувь хөнгөлөх, зээлийн хүүг зогсоох талаар хүсэлт өгсөн, уг хүсэлтийг нь захирлуудын зөвлөлийн хурлаар шийдвэрлэсэн гэж хэлж байна. Ийм зүйл бол байхгүй. Зээлийн хувийн хэрэгт таны банканд бичгээр гаргаж байсан хүсэлт байхгүй. Шүүгч эвлэрэх боломжтой юу гэж асуухад би хэлсэн эвлэрэх, бүх эрхийг олгосон хэдий ч эвлэрэх, хүүг буруулах эрхгүй субъект. Эрх бүхий хороо, захирлуудын зөвлөл, албан тушаалтнаас эвлэрэх чиглэл өгөөгүй учраас би эвлэрэх эрхгүй.

Иймд хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад хариуцагч нараас банканд ямар нэгэн хүүг зогсоох, бууруулах талаар бичгээр өгсөн хүсэлт байхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэж зааснаар нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

Засгийн газраас 0.3 хувийн хүүтэй зээлийг авах талаар хүсэлт гаргаж байсан талаар хэлж байна. Уг зээлийг зээлдэгч нарын гаргасан хүсэлтийн дагуу Монгол банкнаас олгосон зөвшөөрлийн дагуу шийдвэрлэдэг. Түүнээс банк 0.3 хувийн хүүтэй зээл гаргахгүй. 1 жилийн 10 хувийн хүү өгөхөөр хадгаламж авдаг хуулийн этгээд байж жилийн 0.3 хувийн хүүтэй зээл олгохоор дампуурна. Уг зээлийг Монгол Улсын Засгийн газраас тодорхой нөхцөлтэйгөөр хэрэгжүүлсэн хөтөлбөрийн зээл байсан. Сум хөгжүүлэх сангаас зээл авсан бол Хаан банк ХХК-ийн зээлийг төлөх байсан гэж тайлбар хэлж байна. Монгол банкнаас гаргасан дүрэм, журмын хувьд зээлийг зээлээр төлөхийг хориглосон байдаг.

 

Иймд Н.Даваасүрэн менежерийн хувьд ажлын байрны тодорхойлолт заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажилласан, хариуцагч нарын хэлж байгаа зүйл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна. Барьцаа хөрөнгө шатсантай холбоотой шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэх байх.

 

Төлөөлөн удирдах зөвлөлөөс шийдвэр гараагүй, үндсэн зээл нь энэ зээл олгосон данснаасаа төлөгдөнө. Хууль буюу гэрээнд заасны дагуу үл маргах журмаар зээл төлөх мөнгө байхгүй бол зээлдэгчийн бусад данснаас үл маргах журмаар төлүүлнэ. Ингэж төлөгдөхдөө үндсэн зээлээс нь хасаж байсан. Энэ яагаад хүү бодогдохгүй байгаа гэхээр данснаасаа зээлээ төлөхгүй байгаа болохоор харагдахгүй байгаа. Хариуцагч нар өөрсдөө бид 2021 оны 8 дугаар сар хүртэл зээлээ их, бага хэмжээгээр төлж байсан учраас муу зээлдэгч ангилалд орохгүй байсан гэж ярьж байна. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй. Ингэж эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй учраас төлөлт гэж харагдахгүй байгаа гэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Анхбаяр анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэмж хэлээд байх зүйл байхгүй гэжээ.

 

Хариуцагч ......... анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би анх 2002 онд Борнуур суманд ирээд 2004 оноос хойш Хаан банк ХХК-аас 20 гаруй удаагийн зээлийг авч 215 м.кв талбай байр барьж орсон. Нэхэмжлэгч байгууллагаас авсан зээлээр барьсан дэлгүүр, бараа бүтээгдэхүүн шатаж, их хэмжээний гарз учирсан. Манай дэлгүүр, гэр шатсанаас хойш би эмнэлэгт хэвтсэн. Би Хаан банк ХХК-аас болон бүх түншүүддээ бичгээр болон амаар манайх шатсан талаар тайлбарлаж хэлсэн. Гэрээт борлуулагч нар олон жил хамтран ажилласан учраас зээлээс маань хөнгөлж, чөлөөлж, төлөх арга замыг зааж өгсөн. Гэр орон маань шатсанаас болж ах, дүү нарынхаараа хэсэг хугацаанд амьдарч байсан. 2018 оны 11 дүгээр сараас хойш манай зээлийн хүү зогссон. Өргөдөл өгөхөөсөө өмнө манай зүгээс банктай уулзсан. Гал гарсан шалтгаан нь Хаан банкны буруу биш. Гэхдээ 2002 оноос хойш 1.000.000-25.000.000 төгрөгийн хооронд олон удаа зээл авч байхад барьцаа хөрөнгийг Хаан банк ХХК-аас үргэлж даатгуулдаг байсан. Манай зээлийн хүү зогссон байх ёстой. Нэхэмжлэгч байгууллагаас зээлээ 2018 оноос хойш ерөөсөө төлөөгүй гэж нэхэмжлэл гаргасан байсан. Манай зээлийн хүү зогссон болохоор би чадах ядахаараа бага ч гэсэн мөнгийг зээлээсээ хасуулж төлж байсан. Н.Даваасүрэн менежерт бид зээлийн хүүг зогсоолгох, нэхэмжлэлийн үнийн дүнгээс 50 хувь буюу талыг нь төлүүлэхгүй байх, зээлийн эргэн төлөлтийн шинэ график гаргаж өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан. Эдгээр хүсэлтийг Н.Даваасүрэн менежер Хаан банк ХХК-ийн захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, зээлийн хүү чинь зогссон, та азтай байна гэж надад хэлж байсан. Ийм болохоор бага ч гэсэн үндсэн төлбөрөөсөө төлөлт хийж байсан учраас зээлийн хугацаа хэтэрсэн гэж хэлэхгүй байх. Н.Даваасүрэн менежер тэгээд боломжоороо үндсэн төлбөрөө төлж бай гэж хэлсэн. Хүү зогссон байдал нь дансны гүйлгээний хуулганаас харагдана.

 

Манайх шатсаны дараа би хагалгаанд орсон. Манай хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй учраас зээлээ төлөх боломж байгаагүй. Манай байшин шатсаны дараа Сум хөгжүүлэх сангаас зээл авъя гэхэд намайг Хаан банк ХХК-тай уулзчих, энэ зээл нь банкаар дамждаг учраас банк зөвшөөрвөл 10.000.000 төгрөг авч болно. Танаас хүү авахгүйгээр өөрийнхөө боломжтой хугацаанд зээлээ төлөх боломжтой гэж хэлсэн учраас би Хаан банк ХХК-тай уулзахад та төслөө хийгээд ир гэхээр нь би төслөө бичиж Н.Даваасүрэн менежерт өгсөн ч дэмжигдээгүй. Би 2021 онд Засгийн газраас 0.3 хувийн хүүтэй зээл олгоно гэхээр нь Н.Даваасүрэн менежертэй очиж уулзсан. Тэгтэл Н.Даваасүрэн менежер зээл аваад яаж төлөх юм гэхээр нь надад олон жилийн туршлага байгаа учир бизнес эхлүүлье гэж хэлсэн. Тэгээд Н.Даваасүрэн менежер та зээлийн муу түүхтэй байгаа учраас танд зээл гарахгүй, та хүүгийнхээ нэр дээр зээл ав гэхээр нь би хүүгийн гэрлэлтийг батлуулж, энэ талаар хэрэгтэй баримтаа бүгдийг нь цуглуулж өгсөн ч болоогүй.

 

Мөн манайд хотоос будаа зарж байсан хүмүүс ирээд, намайг данс руу чинь 450.000 төгрөг хийгээд авчихъя гэхээр би данс хаасан байсан учраас халамжийн данс руугаа хийлгэсэн чинь тэр мөнгийг хүртэл авсан. Тэгээд би Н.Даваасүрэн менежертэй уулзахад та даргатай уулз гэхээр нь даргатай нь уулзахад та Н.Даваасүрэн менежертэйгээ уулз гэж хэлсэн. Тэгээд Н.Даваасүрэн менежертэй утсаар ярьсан чинь танайх мөнгө хийсэн л бол авна. Угаасаа таны данс бариатай байгаа мэдэж байгаа биз дээ гэхээр нь мэдэж байгаа л даа энэ чинь хүний мөнгө, халамжийн дансыг та барих ёсгүй гэж хэлэхэд хамаагүй гэсэн. Тэгээд миний данс руу мөнгө хийсэн хүн уурлаад, эхнэр нь хүртэл залгаж, уурлаж байсан нь надад хүнд байсан болохоор Н.Даваасүрэн менежер рүү ингэж байгаа бол би наад мөнгийг чинь төлөхгүй, шүүхдээ өг гэж муудалцсан асуудал бий.

 

2021 оны 8 дугаар сар хүртэл зээлээ бид төлж байсан. Зээлийн барьцаа хөрөнгийг даатгуулаагүй учраас Хаан банк ХХК 50 хувь буруутай гэж үзэж байна. Хүүг нэмсэн нь буруу гэж бодож байна. Надад 3 хүсэлт байна. Зээл төлөх шинэ график байгуулж, нэхэмжлэлийн үнийн дүнгээс хүүг хасаж, үндсэн зээлээс 50 хувь чөлөөлж өгнө үү. Зээлээ төлөхгүй удаасан нь бидний буруу ч гэсэн Хаан банк ХХК манай зээлийг муу зээлийн ангиллаас гаргаж өгнө үү. Бид зээлийнхээ төлөө санаа зовж байсан учраас зээлийнхээ хүүг хөнгөлүүлэх, хүүг зогсоох асуудлын талаар Н.Даваасүрэн менежертэй ярьсан болохоор зээлийнхээ хүүг зогссон гэж ойлгосон. Хаан банк ХХК-ийн захирлуудын зөвлөлийн хурлаар манай зээлийн хүүг зогсоох шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг тухайн үедээ аваагүй, дараа нь авъя гэхэд байхгүй гээд өгөөгүй. Бид нарт хүү бодогдоогүй зөвхөн үндсэн зээлээс хасагдах журмаар явж байгаа. Өдий хүртэл зээлийн хүү бодогдоогүй явж байх ёстой. Хүүг зогсоосон гэсэн учраас Хаан банк ХХК-д эрсдэлийн сан гэж байдаг, уг сангаасаа хөнгөлж өгөх хүсэлтийг гаргасан байгаа. Зээлийг зээлээр нь хаах биш бид хоёрдогч түүхий эд авдаг цэгтэй байсан учраас зээл авч энэ бизнесээ эхлүүлж, зээлээ төлөх байсан.

 

Албан ёсоор тухайн үедээ цагдаагийн бичиг, сумын Засаг даргын тодорхойлолт, галын дүгнэлт, зургуудыг Хаан банк ХХК-ийн Улаанбаатар хотын Нарантуул худалдааны төвийн салбарт аваачиж өгч байсан. Н.Даваасүрэн менежер миний өгсөн зураг баримтуудыг аваад энэ хүсэлтийг чинь захирлуудын зөвлөлийн хурлаар оруулж өгнө гэж хэлж байсан. Тэгээд та азтай байна, манай захирлын зөвлөлийн хурал жилд ганц, хоёрхон удаа хуралддаг, энэ хуралд та амжиж хүсэлтээ өглөө. Таны хүсэлтийг захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхэд хүүг чинь зогсоох шийдвэр гарсан учраас одоогоос хүү бодогдохгүй, нөгөө 2 хүсэлтийг чинь хүлээн авах боломжгүй гэж хэлсэн. Үүнээс хойш танай зээлд хүү бодогдохгүй учраас үндсэн зээлээ хугацаандаа сайн төлөөрэй гэж хэлж байсан гэжээ.

 

Хариуцагч .........анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэмж хэлэх зүйл байхгүй. Гэр шатсаны дараа Хаан банк дээр очиход манай энэ барьсан байшин дээр даатгал хийгээгүй байсан. Миний хэлэх зүйл адилхан гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8, 239 дүгээр зүйлийн 239.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ........., .........нараас 18.952.505 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15.284.082 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.5, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ........., .........нар нь 18.952.505 төгрөгийг сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд нэгж талбарын .........дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Борнуур сумын 01 дүгээр баг, Өгөөмөр Баян-Өлзийт 3 дугаар гудамж, 301 тоотод байрлах, 1464 м.кв талбайтай, гэр, орон сууцны хашааны газрыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг дурдаж,

 

Хариуцагч .........ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-......... дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Борнуур сумын 01 дүгээр баг, Өгөөмөр Баян-Өлзийт 3 дугаар гудамж, 301 тоотод байрлах, 185.5 м.кв талбайтай хувийн сууц, ........., .........нарын өмчлөлийн гэрийн эд хогшил, дэлгүүрийн бараа материал зэрэг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 469.533 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ........., .........нараас 252.713 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .........ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч .........ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох гаргасан давж заалдсан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн зарим хэсэг болох 18.952.505 төгрөгийг хангаж, нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү нийт 15.284.082 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй, Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Талуудын хооронд байгуулсан ЗГ.........дугаартай зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.4, 2.1.5, 2.1.6-д зааснаар хариуцагч тал гэрээний хугацаанд зээл болон түүний хүүг буцаан төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус төлөх үүрэгтэй байх боловч хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагч .........ын Хаан Банк дахь .........тоот дансны хуулга зэргээс үзвэл нэхэмжлэгч .........нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн хариуцагч нарын зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх, үүргээс чөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Мөн хариуцагч .........ын Хаан Банк дахь .........тоот дансны хуулгаар нэхэмжлэгч байгууллага нь 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд зээлийн хүүгийн төлбөрт 2.375.404 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 223.58 төгрөгийг тооцож хариуцагч нараар төлүүлсэн, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн хариуцагч нарын зээлэнд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохыг зогсоож, зөвхөн үндсэн зээлийг төлүүлж байсан болох нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие “....Үндсэн зээл нь энэ зээл олгосон данснаасаа төлөгдөнө. Хууль буюу гэрээнд заасны дагуу үл маргах журмаар зээл төлөх мөнгө байхгүй бол зээлдэгчийн бусад данснаас үл маргах журмаар төлүүлнэ. Яагаад хүү бодогдохгүй байгаа гэхээр данснаасаа зээлээ төлөхгүй байгаа болохоор харагдахгүй байгаа. Хариуцагч нар өөрсдөө бид 2021 оны 8 дугаар сар хүртэл зээлээ их бага хэмжээгээр төлж байсан учраас муу зээлдэгч ангилалд орохгүй байсан гэж ярьж байна. Зээлээ эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй. Ингэж эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй учраас төлөлт гэж харагдахгүй байгаа” гэж мэдүүлсэн мэдүүлгийг анхан шатны шүүх няцааж, баримтаар үгүйсгэж чадаагүй болно. Өөрөөр хэлбэл зээлдэгч нь зээлийн төлбөрийн хугацааг 90 ба түүнээс дээш хугацаагаар төлөөгүй тохиолдолд зээлдэгчийн зээлийн дансны хуулганы хүү харагдаггүй талаар тайлбарласан болно.

 

Шүүхэд гаргасан нэхэмжлэлд зээлдэгч нар нь зээлийн гэрээний хугацааг 1019 хоног хугацаа хэтрүүлсэн нь дээр дурдсан үндэслэлийг нотолж байгааг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзнэ үү.

 

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасны дагуу 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд зээлийн хүүгийн төлбөрт 2.375.404 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 223.58 төгрөгийг тооцож хариуцагч нараар төлүүлсэн болно.

 

Өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгэх дараалал нь зээлийн гэрээний хугацаа дуусаагүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар, харин зээлийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү гэсэн дарааллаар хэрэгжих хуулийн зохицуулалттай болно.

 

Мөн Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж тус хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж, мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.4 дэх хэсэгт “Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь үүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна, мөн зүйлийн 222.5 дахь хэсэгт “Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан байна.

Талуудын хооронд байгуулсан 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ.........дугаартай зээлийн гэрээгээр “Зээлийн төлбөрийг хавсралт-1-ээр тохиролцсон “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу төлнө” гэж талууд тохирцсон боловч зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь зээлдэгчийг буруутгах үндэслэл болохгүй юм. Гэтэл анхан шатны шүүхийн үндэслэл нь гэрээний тэгш шударга байдалд нийцээгүй, үүрэг гүйцэтгүүлэгчийг буруутгасан байдлаар дүгнэсэн нь хуулийн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгүүлэгч буюу зээлдүүлэгчийн буруутай үйлдэл бус болно. Гэрээ нь талуудын хооронд бичгээр байгуулагдсан хэн аль нь хүлээн зөвшөөрсөн эрх, үүргийн харилцаа бөгөөд зээлээ хуваарьт хугацаанд төлөх үүрэгтэйг үүрэг гүйцэтгэгч өөрөө мэдэж байгаа бөгөөд мэдэхгүй гэх үндэслэл байхгүй, энэ талаар хэрэгт баримтаар нотлогдоогүй.

 

Хэрэв гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүүг тооцох талаар гэрээний 2.1.5-д тохирсон. Мөн зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.5 “нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна. Нэмэгдүүлсэн хүүг гэрээний хугацаанд төлөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно” гэсэн нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны хууль/-ийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасантай нийцсэн байхад анхан шатны шүүх хууль зүйн үнэлэлт дүгнэлт хийгээгүй.

 

Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “нэмэгдүүлсэн хүү” гэж зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоож, гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэрийг хэлнэ гэж, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй” гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ гэж, “гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэдэг нь зээлдэгч зээлийн гэрээгээр нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн бол зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүгээс нэмэгдүүлсэн хүүг гэрээгээр тохирсон хувиар тооцож төлөхийг хэлнэ” гэж тус тус тайлбарласан.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд заасан зээлийн хүү нь жилийн 21.6 хувь, нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байна гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлсон байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

 

1. Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар:

 

Нэхэмжлэгч .........ХХК нь хариуцагч ........., .........нартай 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үндсэн зээлд 18.919.005,28 төгрөг, хүүгийн төлбөрт 12.805.078,38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.479.003,34 төгрөг, нотариатын зардалд 33.500 төгрөг буюу нийт 34.236.587 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 469.533 төгрөгийг гаргуулах, хариуцагч нар төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч талаас 2018 оны 10 дугаар сарын 23-нд гал гарч хувийн сууц, дэлгүүрийн зориулалттай байшин, гэрийн эд хогшил, дэлгүүрийн бараа, материалын хамт шатаж үгүй болсон, энэ талаар .........ХХК-д хэлж тус банкны захирлуудын зөвлөлийн хурлаар зээлийн хүүг зогсоосон учир зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй, мөн зээлийн барьцааны хөрөнгийг банк даатгуулаагүй банкны буруутай үйл ажиллагаатай холбоотой учир үндсэн зээлийн төлбөрөөс 50 хувь чөлөөлж, зээл төлөх шинэ график байгуулах, зээлийн муу ангиллаас гаргуулж өгнө үү хэмээн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч мэтгэлцжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл: .........ХХК нь зээлдэгч ........., хамтран үүрэг гүйцэтгэгч .........нартай 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр №ЗГ.........тоот “Зээлийн гэрээ” байгуулан 25.000.000 төгрөгийг, жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын буюу 3 жилийн хугацаатай олгож, зээл олголт эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байхаар тохиролцжээ. /хх-ийн 14-16-р тал/

 

Анхан шатны шүүх зохигчийн хооронд байгуулсан “Зээлийн гэрээ”-нд заасны дагуу хариуцагч нараас үндсэн зээлийн төлбөрт 18.919.005 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Харин талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу зээлдэгч нь зээлээ төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй боловч хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагч .........ын Хаан банк дахь .........тоот дансны хуулга зэргээр нэхэмжлэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн хариуцагч нарыг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна хэмээн дүгнэж нэхэмжлэлийн шаардлагаас 15.284.082 төгрөгийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн буруу болжээ.

 

Учир нь: Зохигчийн хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлүүдэд заасан шаардлагад нийцсэн, гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь мөнгөн хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн байх ба хариуцагч тал нь хүлээн авсан мөнгөн хөрөнгийг тохиролцсон хугацаанд хүүгийн хамт буцаан төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх нэмэлт үүргээ биелүүлээгүй байна.

 

Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” гэж, мөн зүйлийн 20.3 дахь хэсэгт “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” хэмээн тус тус заасан.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөр дуусгавар болсон байх бөгөөд энэ хүртэл хариуцагч нар нь үндсэн зээлд 6.080.994,72 төгрөг, зээлийн хүүд 2.375.404,39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 223.58 төгрөг буюу нийт 8.456.622,69 төгрөгийг төлсөн байх тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн үлдэх хэсэг буюу анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон үндсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шаардах эрхтэй.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж хариуцагчид 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 25.000.000 төгрөг шилжүүлж, хариуцагч зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу сар бүр зээл, зээлийн хүүг хэсэгчлэн төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс үүдэн гэрээгээр хүлээсэн үүрэг нь зөрчигджээ.

 

Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба хэрэв хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг өөрөө олж авах боломжгүй бол зохигчийн хүсэлтээр шүүх бүрдүүлдгээрээ иргэний эрх зүйн үндсэн зарчим байдаг.

 

Хариуцагч талаас 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хувийн орон сууц, дэлгүүрийн зориулалттай байшин, гэрийн эд хогшил, дэлгүүрийн бараа материал галд шатан устаж, үгүй болсон учир зээлийн хүүг зогсоох, зээлийн хөрөнгийн 50 хувийг банк эрсдэлийн сангаас хариуцах, зээлийн эргэн төлөлтийн шинэ график гаргаж өгөх хүсэлтийг Хаан банкны менежер М.Даваасүрэнд өгсний дагуу тус банкны захирлуудын зөвлөлийн хурлаар зээлийн хүү зогссон учир зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй хэмээн мэтгэлцдэг боловч энэ тайлбараа буюу зээлийн хүү зогссон гэх нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан үүргийнхээ дагуу баримтаар нотолж чадаагүй байна.

 

Иймд талуудын хооронд байгуулсан “Зээлийн гэрээ”-ний 2.1.4, 2.1.5-д тус тус заасны дагуу хариуцагч ........., .........нараас зээлийн хүүд 12.805.078,38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.479.003,34 төгрөг буюу нийт 15.284.081,72 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтохын гаргасан давж заалдсан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

2. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухайд:

 

Зохигчид дээр дурдагдсан “Зээлийн гэрээ”-г байгуулахдаа барьцаанд .........ын өмчлөлийн Төв аймгийн Борнуур сумын 1 дүгээр баг, Өгөөмөр Баян-Өлзийт 3 дугаар гудамж, 301 тоот, 185.5 м.кв талбай бүхий хувийн сууц, 1464 м.кв талбайтай гэр, орон сууцны хашааны газар, ......... .........нарын өмчлөлийн гэрийн эд хогшил, дэлгүүрийн барааны материал зэргийг барьцаалан “Баталгаат Ипотек”-ийн болон “Барьцааны гэрээ” байгуулсан байдаг. /хх-ийн 17-20-р тал/

 

Уг гэрээнүүд нь Иргэний хуулийн 153, 165 дугаар зүйлүүдэд заасантай нийцсэн байх боловч уг гэрээнд тусгагдсан хариуцагч .........ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Y-......... дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Борнуур сумын 1 дүгээр баг, Өгөөмөр Баян-Өлзийт 3 дугаар гудамж, 301 тоотод байрлах 185.5 м.кв хувийн сууц, дэлгүүрийн зориулалттай байшин нь гэрийн эд хогшил болон дэлгүүрийн бараа материалын хамт шатан устаж үгүй болсон нь талуудын анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, хавтаст хэрэгт авагдсан Төв аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дүгнэлт /хх-ийн 114-р тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 146-148-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.5-д “...барьцааны зүйл устаж үгүй болсон...” тохиолдолд барьцааны эрх дуусгавар болно хэмээн заасны дагуу шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын тухайн хэсгийг нь хэрэгсэхгүй болгон, хариуцагч .........ын эзэмшлийн нэгж талбарын .........дугаарт бүртгэлтэй, , Төв аймгийн Борнуур сумын 1 дүгээр баг, Өгөөмөр Баян-Өлзийт 3 дугаар гудамж, 301 тоот 1464 м.кв тайлбай бүхий гэр, орон сууцны хашааны газраар зээлийн гэрээнд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв болжээ.

 

3. Нотариатын зардлын  болон улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийн талаар:

 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэл болсон хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичмэл нотлох баримтыг шүүхэд гарган өгөхдөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу нотариатаар үйлчлүүлсэн үйлчилгээний хөлсөнд төлсөн 33.500 төгрөгийн төлсөн баримт /хх-ийн 30-32-р тал/-аа шүүхэд ирүүлсэн байх тул уг зардлыг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн тухайн хэсэг зөв байна.

 

Түүнчлэн шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэдэг бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгохоор хуульд зохицуулагдсан тул нэхэмжлэгч Хаан банк ХХК-аас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, уг хэмжээгээр нь хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгон шүүхийн шийдвэрийн холбогдох заалтад зохих өөрчлөлтийг оруулахаар давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосон болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Төв  аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 151/ШШ2022/00283 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8, 239 дүгээр зүйлийн 239.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч ........., .........нараас 18.952.505 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч .........ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15.284.082 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг

 

“...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч ........., .........нараас 34.236.587 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч .........ХХК-д олгосугай...” гэж,

 

3 дахь заалтад “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч .........ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 469.533 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ........., .........нараас 252.713 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .........ХХК-д олгосугай...” гэснийг

 

“...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч .........ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 469.533 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ........., .........нараас 469.533 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .........ХХК-д олгосугай...” гэж тус тус өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтохын гаргасан давж заалдсан гомдлыг хангасугай.     

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234.371 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4 дэх хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                   ШҮҮГЧИД                                            Г.ТЭГШСУУРЬ

 

                                                                               М.МӨНХДАВАА