Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 613

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж,

Улсын яллагч Г.Эрдэмбаатар,

Хохирогч Д.Н-,

Шүүгдэгч О.А- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О-ын А-д холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1992 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ачаа зөөдөг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 00-р хороо 00 гудамж 000 тоотод оршин суух хаягын бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо 00-0000 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй Б овогт О-ын А-

           

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/:

   Шүүгдэгч О.А- нь 2018 оны 2 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 200 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл Согог судлалын үндэсний төв эмнэлгийн хойд талын автобусны буудал дээр Д.Н-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.А- мэдүүлэхдээ: “2018 оны 02 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө такси үйлчилгээ үзүүлж явсан. Цамбын орчмоос нэг эмэгтэй суусан ба замдаа хохирогч суусан. Тэгээд тэр хоёр хүн маргалдаад эмэгтэйгээ алгадахад эмэгтэй нь цагдаа дуудаад өг гэхээр нь би та хоёр маргалдахаа боль гээд гэмтлийн автобусны буудал дээр буу гэхэд эмэгтэй нь буухгүй наад залуугаа буулга гэсэн. Тэгээд би Н- ахыг буу гэхэд буухгүй байсан. Тэгтэл эмэгтэй нь хоёулаа бууя гээд Н-г буулгаад хаалгаа хаагаад түгжсэн. Тэгтэл Н- хаалга үүд татаад гадна талаас нь цохиод байхаар нь би бууж очоод болиулсан. Тэгээд машиндаа суух гэтэл жолооч талын крилан дээр цохьсон. Би уур хүрээд бууж очоод газар унагаагаад машиндаа суугаад явах гэтэл дахин Н- ирээд хаалга өшиглөсөн. Тэгэхээр нь би машинаас бууж очоод барьж аваад намайг цохих шиг болохоор нь цээж рүү нь цохих гэтэл тонгойж таараад шүд рүү нь цохьсон. Тэгээд автобусны буудал дээр байсан хүнийг гуйгаад бариулж байгаад явсан. Хохирогчийн хохиролд 360.000 төгрөг өгсөн” гэв.

 

Хохирогч Д.Н- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед согтуу байсан тул юу болсноо сайн мэдэхгүй байна. Гэртээ харьсанаа санаж байна. Хохиролд 360.000 төгрөг авсан. Шүд хийлгэсэн зардал 1.040.000 төгрөг болсон ба үлдэх 680.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэв.

 

Гэрч Д.Д- мэдүүлэхдээ: "...тэгээд цонхоор хартал буудал дээр 2 түцний голд таксины жолооч залуу Н-г дээш нь харуулаад газар унагачихсан нүүрлүү цохиж байхаар нь би машинаасаа буугаад гүйж очоод тэр залууг татаж салгаад чи яаж байгаан наадах чинь манай найз шдээ гэтэл намайг машин руу түлхэж суулгаад явсан...” гэжээ. /хх 11 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 3293 дугаар дүгнэлтэнд: “Д.Н-гийн биед дээд зүүн 2, 3 дугаар шүдний хугарал, баруун дээд 2 дугаар шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулна. Дээрх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэж дүгнэжээ. /хх 19/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 29/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 38/

Хохирлын баримтууд /хх 26-27/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

            Шүүгдэгч О.А- нь 2018 оны 2 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл Согог судлалын үндэсний төв эмнэлгийн хойд талын автобусны буудал дээр Д.Н-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Н- /хх 10 хуу/, гэрч Д.Д- /хх 11 хуу/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 3293 дугаар дүгнэлт /хх 19/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 29/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 38/, хохирлын баримтууд /хх 26-27/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч О.А-д холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

         

            Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирогчид учирсан хохирлын зарим хэсгийг төлсөн ба үлдсэн хохирлоо төлөхөө илэрхийлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч О.А-гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогчид 360,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдах, Иргэний хуульд зааснаар шүүгдэгч О.А-гээс 680.000 төгрөг гаргуулан Баянгол дүүргийн 00 дүгээр хороо 00 гудамж 000 тоотод оршин суух иргэн Д.Н- //-д олгохоор тус тус шийдвэрлэлээ.