Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 146/ШШ2026/00055

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж, ерөнхий шүүгч Б.Сарантуяа, Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: **** тоотод оршин суух, **** регистрийн дугаартай, **** овгийн **** нэхэмжлэлтэй,

Хариуцагч: **** тоотод оршин суух, **** регистрийн дугаартай, *** овгийн **** холбогдох

 “Гэм хорын хохиролд 36,301,382 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч **** /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** /цахимаар/, нарийн бичгийн дарга А.Баасансүрэн нар оролцов.   

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч **** нь хариуцагч **** холбогдуулан “гэм хорын хохиролд 36,301,382 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

            1.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...**** миний машиныг авч яваад буруутай үйлдэл хийж хүн амины хэрэг үйлдсэн. Тухайн гэмт хэргийн бүх хариуцлага машины түлхүүрээ өгсөн гэдэг үндэслэлээр над дээр ирсэн. Би дээд шатны шүүхээр маргалдаж яваад  төлбөрийг багасгасан. Үүний дараа би шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх байгууллагад бүх тооцоог төлсөн. **** гэдэг хүн надтай нэг ч удаа ирж уучлалт гуйгаагүй, холбоо бариагүй мөн мөнгөний туслалцаа үзүүлээгүй. **** буруутай үйлдлээс би маш их хохирсон. Тийм учраас хохирсон бүх төлбөрөө нэхэмжилж байна...” гэв.

            2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Би уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 36,301,382 төгрөгийг төлөх боломжгүй...” гэжээ.

            2.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** хуралдаанд тайлбарлахдаа: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч **** төлөөлөгчөөр оролцож байна. 3 шатны шүүхээс шийдвэрлэхдээ иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 4-т зааснаар тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж шийдвэрлэсэн. Тийм учраас тухайн байр суурийг дэмжиж оролцож хариуцагч **** 36,301,382 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна гэж үзэж байна...” гэв.

            3. Нэхэмжлэгчээс **** дугаартай албан бичиг /хх-ийн 5/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 5/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 6/, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн **** дугаартай шийдвэр /хх-ийн 7/, Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн **** дугаартай магадлалийн хуулбар /хх-ийн 8-11/, Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны **** дугаартай тогтоол /хх-ийн 16-22/ зэргийг гаргаж өгсөн байна.

            4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүхийн журмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас бүртгэлийн **** дугаартай гүйцэтгэх баримт бичгийг хуулбарлан гаргуулсан баримтууд /хх-ийн 80-103/ зэрэг болно. 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Нэхэмжлэгч **** хариуцагч **** холбогдуулан “гэм хорын хохиролд 36,301,382 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг гаргасан байна.

            2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ “...****  буруутай үйлдлээс би маш их хохирсон. Тийм учраас хохирсон бүх төлбөрөө нэхэмжилж байна...” гэж тайлбарласан.

            3. Хариуцагч “...3 шатны шүүхээс шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж шийдвэрлэсэн. Тийм учраас тухайн байр суурийг дэмжиж оролцож хариуцагч **** 36,301,382 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна гэж үзэж байна...” гэж маргаж байна.

            4. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            5. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан бөгөөд **** дугаартай шийтгэх тогтоолоор гэм хорын хохирлыг уг тээврийн хэрэгслийг эзэмшигч **** гаргуулж шийдвэрлэсэн байна.

Мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн **** дугаартай магадлалаар

...хэргийн үйл баримтын талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээс тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч **** согтуурсан үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.  ...Шүүгдэгч **** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй нөхөн төлөхөө илэрхийлээгүй байх тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах хууль зүйн үндэслэлгүй байна... гэж дүгнэсэн байдаг.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны **** дугаартай тогтоолоор

...Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, мөн сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “...Авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих /Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна”, мөн зүйлийн 6.5-д “...Энэ хуулийн ... 6.2-т ... заасны дагуу ялаас хасуулах ялтан энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж тус тус шийдвэрлэжээ.

Тус Эрүүгийн шүүх хуралдаануудад “шүүгдэгч *** нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн” байх бөгөөд энэ байдал нь ял шийтгэл оногдуулахад нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн зохицуулалтад хамаарсан байна.

            Эрүүгийн хэргийн иргэний хариуцагч төлбөр төлөгч *** нь **** маркийн тээврийн хэрэгслийг 20,099,535 төгрөгт тооцон *** шилжүүлж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас бүртгэлийн **** дугаартай гүйцэтгэх баримт бичгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна. /хх-ийн 96-104/

            Иймд **** маркийн тээврийн хэрэгслийг 20,099,535 төгрөгт тооцон **** шилжүүлж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас бүртгэлийн **** дугаартай гүйцэтгэх баримт бичгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэн хохирогч *** хохирлыг төлсөн хэмжээгээр хариуцагч **** гаргуулах нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэгчийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т ...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх... гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаас шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч **** сэтгэл санааны хохирол 9,649,847 төгрөг, хохирогч *** төлсөн 6,552,000 төгрөгийг тус тус нэхэмжилснийг нотлох баримтаа ирүүлээгүй нотлогдохгүй байна гэсэн үндэслэлээр 16,201,847 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч **** 258,448 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

            Тус хэрэгт томилогдсон иргэдийн төлөөлөгч **** нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өөрийнх нь эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан ба нэхэмжлэгч хариуцагч талууд иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэсэн саналын дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар түүнийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

     ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан хариуцагч **** 20,099,535 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч **** олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16,201,847 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч **** 258,448 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.ДАГИЙМАА

                            ШҮҮГЧИД                            Б.САРАНТУЯА

                                                                        Г.ЭНХ-АМГАЛАН