Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 223/МА2022/00032

 

                                                          

 

 

 

 

 

  2022         06             23                                       223/МА2022/00032

                       

 

                                           ......ийн нэхэмжлэлтэй

                                       иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 151/ШШ2022/00270 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ......ийн хүсэлттэй,

“Нас тогтоолгох” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ......ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ......, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр нар оролцов.

Хүсэлт гаргагч ...... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дэндэв овогтой Батдорж миний бие Төв аймгийн Эрдэнэсант суманд төрж одоог хүртэл нутагтаа амьдарч байна. Миний төрсөн он одоо иргэний бүртгэлд 1939 оны 3 дугаар сарын 16-нд төрснөөр бүртгэгдсэн байдаг. Улсын хэмжээнд иргэдийг төрсөн он сараар бүртгэж регистрийн дугаартай болгож паспорт авах үед миний бие сумын төвөөс хол зайдуу амьдарч байсан. Айл саахалтад амьдардаг өрхүүдээс төлөөлөл болон сумын төв явсан хүнд улаан паспортаа авч ирэхийг гуйж төрсөн он сараа амаар хэлж явуулсан. Гэтэл нөгөө хүн төрсөн оныг андуурч намайг 1939 онд төрснөөр буруу бүртгүүлэн улаан паспортийг авч ирж өгсөн. Тухайн үеэс хойш төрсөн он буруу бүртгэгдэн нас буруу тоологдсоор одоог хүрсэн байна. Үндэсний төв архивын газраас авсан лавлагаануудаас харахад төрсөн онууд зөрүүтэй бүртгэгдсэн байна. Иймээс насаа тогтоолгох хүсэлтээ Төв аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.

Энэхүү нэхэмжлэлд 2021 оны 4 сарын 26-ны өдөр 151/Ш32021/00881 дугаартай шийдвэр гарсан бөгөөд уг шийдвэрт...Улсын бүргэлийн ерөнхий хуульд зааснаар ...... нь эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлуулах, 1938 онд төрснийг 1939 онд төрсөн гэж буруу бүртгэгдсэн байдлыг залруулах өргөдлөө Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хандаж шийвдэрлүүлэх нь зүйтэй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д "шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал" нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан тул нэхэмжлэгч ...... шүүхээс гадуур холбогдох байгууллагад хандаж дээрх нэхэмжлэлээ шийдвэрлүүлэх боломжтой тул түүний "нас тогтоолгох" тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу өөрийн төрсөн насыг үнэн зөвөөр тогтоолгох хүсэлтээ Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан.

Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсийн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн №660 тоот лавлагаанд “Иргэн ......таны өргөдлийн дагуу нотлох баримтыг хянан үзэхэд 1938 онд төрсөн гэх нотлох баримтууд Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан болон тус хэлтэсийн иргэний баримтын архивт байхгүй тул нас тогтоолгох хүсэлтээ шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү” гэсэн байна. Уг хариу тайлбар, лавлагааны дагуу нэхэмжлэлээ тус шүүхэд дахин гаргаж байна. Төрсөн насаа үнэн зөв болгох учир шалтгаан нь дараах байдал юм.

Миний төрсөн эцэг ......ийг хуулийн дээд хэмжээгээр 1938 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр улс төрийн хэрэгт баривчлан, Онцгой бүрэн эрхэт комиссын 1938 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 4 дүгээр хурлын тогтоолоор, Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдсэн. Ийнхүү төрсөн эцэг ......ийг баривчлан авч явах үед манай ээж намайг гэдсэндээ тээж үлдээд 1938 оны 03 дугаар сард төрүүлсэн гэдгийг нутгийн иргэд гэрчилсэн байдаг. Үүний дараа ......ийн хэргийг хянаад Дээд шүүхийн цэргийн коллегийн 1991 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 192 дугаар магадлалаар цагаатгасан байдаг. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөн олговорыг авахаар материалаа бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл төрсөн оныг буруу бүртгүүлсний улмаас Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн зарим зүйл заалтийг хангахгүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговорыг авч чадахгүй байдал үүсээд байна.

1999 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн эцэг тогтоолгох тухай хуралд Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат өндөр настан Т.Доржпалам, Т.Цэрэндолгор, Т.Шатар, Л.Зэвэг, Д.Бат-Очир, ...... нар мэдүүлэг өгч оролцсон. Тус хурлаас Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат ......ийг ......ийн хүү мөн болохыг тогтоосон байдаг. Мөн ...... миний биеийг 1938 оны 3 дугаар сард төрсөн болохыг гэрчилсэн иргэдийн мэдүүлгүүдийг үндэслэн 1999 оны 10 дугаар сарын 05-нд Иргэний гэр бүлийн байдлын эцэг тогтоосон бүртгэлд 1938 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төрснийг бүртгэж 02 тоот гэрчилгээ олгосон байдаг. Миний төрсөн эцэг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн буудан хороогдож амь насаа алдсан нь миний амьдралд нөхөж баршгүй гарз хохирол учирсан байдаг. Миний төрсөн он иргэний буртгэлд 1939 онд төрснөөр буруу бүртгэгдсэний улмаас төрсөн эцгийнхээ цагаатгал болох Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгож буй нөхөн олговорыг авч чадахгүй байдал үүсээд байна. Иймээс миний төрсөн он буруу бүртгэгдсэн байдлыг хянан үзэж залруулах хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-т зааснаар Баян-Уул овогт ......-ийн 1938 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 84 настай болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...... давж заалдах гомдолдоо: Гомдлын шаардлага нь: Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 151/ШШ2022/00270 тоот шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцаалгах,

Гомдлын үндэслэл: Миний бие ...... нь төрсөн аавынхаа итгэмжлэгдсэн төлөөгчөөр" "......ийн нас тогтоолгох" хүсэлт бүхий Иргэний хэрэгт оролцсон.

Дээрх хүсэлт бүхий хэргийг Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 151/ШШ2022/00270 тоот шийдвэрээр шийдвэрлэхдээ 1 дэх заалтаар "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-т заасныг үндэслэн Баян-Уул овогт ......-ийн 1938 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 84 настай болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай" гэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Миний өвөө ...... нь хэлмэгдүүлэлтийн хар шуурганд өртөж Архангай аймгийн Шанх сумын 3-р багт харьяалагдан байхдаа 1938 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр улс төрийн хилс хэрэгт баривчлагдан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 4 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлийн дагуу хуулийн дээд хэмжээ /цааз/-аар шийтгүүлсэн. Анх баригдах үед нь миний эмээ буюу аав Д. Батдоржийн ээж Дуламжав жирэмсэн үлдэж 1938 оны 3 дугаар сарын 16-ны өдөр аав Батдоржийг төрүүлсэн гэдэг. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд ......ийг 1938 оны 3 дугаар сард төрсөн гэдгийг нотлох дараах баримтууд хэрэгт авагдсан.

Хэрэгт өгсөн баримтын хувьд:

1.Тухайн үед залуу байсан, хүүхэд байсан тухайн үеийн үйл явдал, өвөөгийн талаар сайн мэдэх хүмүүс гэрчлэн ярьсан нь Төв аймгийн сум дундын 1-р шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №426 тоот шийдвэр хэрэгт үлдсэн байсныг шүүхэд өгсөн байсан. Тухайн үед мэдүүлэг өгч байсан Т.Доржпалам гуай      “1938 онд 14 настай байсан" ярихдаа "1938 онд Самбуу овогтой Гочоодорж нь Архангай аймгийн Шанх сумын харьяат байсан бөгөөд эхнэр Дуламжав нарыг энэ суманд харж хандах ах дүү, байгаагүйн улмаас 1937 оны үед Төв аймаг Эрдэнэсант сумын харьяат дүү Санжаа, Цэрэндолгор, нутагт нь авч ирж ойр дотно харж явтал 1938 оны өвөл Мөөрсийн эх болох Буянт гэдэг газар өвөлжиж байхад Гочоодоржийг баривчилсан билээ. Эхнэр Дуламжав нь бие давхар үлдэж хавар нь 3 сард хүү төрүүлэн Дэндэв гуайнд тэр дор нь үрчлүүлж байсан. Тэгээд нөхрийнхөө сургийг гаргаж ирэхээр явсан"

2.Цэрэндолгор "1938 онд 24 настай байсан" ......ийг эхнэр Дуламжавын хамт харж хандах хүн байгаагүй учир Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат Цэрэндолгор би ах Санжаагийн хамт нүүлгэн авчирч хажуу хавиргандаа жил гаран байлгаж байсан юм. Гэтэл ......ийг Мөөрсийн эх буюу Буянт гэдэг газар нутаглаж байхад нь 1938 оны 1 дүгээр сард баривчилсан билээ. Эхнэр Дуламжав нь бие давхар үлдэж 3 дугаар сард төрж амаржсан. Төрсөн хүү Батдоржийг тэр даруйд нь Дэндэв гуайнд үрчлүүлсэн юм" гэх мэдүүлэг,

Т.Шатар /1938 онд 20 настай байсан, Бат-Очир/1938 онд 24 настай/, ...... /1938 онд 17 настай/ нар бүгд ......ийг ......ийн жирэмсэн үлдсэн эхнэрээс гарсан хүүхэд гэдгийг нотолж байсныг шүүх үнэлж ......ийн төрсөн хүү ...... мөн болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гарч байсан. Хүүхэд дээд хугацаа нь эхийн хэвлийд 10 сар тээгдэн төрдөг, миний өвөө ...... 1939 онд төрөөгүй, харин 1938 онд төрсөн болох нь дээрх хүмүүсийн мэдүүлгээр тогтоогдож энэ талаас шүүхийн шийдвэр гарсан, энэ шийдвэрийг хүчингүй болгосон өөр эрхийн баримт байхгүй. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх шийдвэрийг үгүйсгэсэн шийдвэр гаргасанг буруу гэж үзэж байна.

2. Мөн хэрэгт эцэг тогтоосны гэрчилгээг хавсарган өгсөн. Тус баримтад миний өвөө ......ийг 1938 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төрсөн. Самбуу овогтой Гочоодоржийг эцгээр тогтоож... эцэг тогтоосны бүртгэлийн 02-рт бүртгэж гэрчилгээ олгов гэжээ. Энэ баримтын талаар анхан шатны шүүх няцаасан буюу, үнэлээгүй шалтгааны талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

3. Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр " ...... нь 1933-1938 онд төрсөн буюу одоо 83-88 настай байх боломжтой байна гэсэн дүгнэлт гарсан. Тус дүгнэлтээр ......ийн төрсөн боломжит сүүлийн хугацааг 1938 он гэж тогтоосон байна.

Шүүхээс тус нотлох баримтыг үнэлсэн эсэх, үнэлээгүй бол бусад ямар баримтаар няцаагдаж байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Энэ баримтын талаар орхигдуулсан.

4. Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн №03-1/3700 тоот лавлагаанд ...... 1937 онд төрсөн гэсэн байна. Тус баримтыг үнэлсэн эсэх, үнэлээгүй бол ямар шалтгаанаар үнэлээгүй талаар шүүхээр ямар нэгэн дүгнэлт хийж, үнэлэлт өгөөгүй. Дээрх баримтуудаар миний аав ...... 1938 онд төрсөн гэдэг нь тогтоогдсон байхад дээрх үйл баримтуудыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо үнэлсэн нотлох баримтуудын талаараа " 1944 оны хүн амын тооллогын лавлагаа /1939 онд төрсөн/, 1947 оны хүн амын тооллогын лавлагаа /1940 онд төрсөн/, 1956 оны хүн амын тооллогын лавлагаагаар 1939 онд төрсөн, 1989 оны хүн амын тооллогын лавлагаагаар 1940 онд төрсөн, 2000 оны хүн амын тооллогын лавлагаагаар 1937 онд төрсөн гэж зөрүүтэй бичигдсэн байна. 1998 оны Иргэний үнэмлэх авах өргөдөлд ...... өөрийгөө 1939 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төрсөн гэж бүртгүүлж гарын үсэг зуран баталгаажуулсан байх тул эцэг тогтоосны гэрчилгээнд бичигдсэнээр түүнийг 1938 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төрсөн гэж үзэх боломжгүй байна" гэжээ.

            Шүүхээс дээрх дүгнэлтийг өгөхдөө хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтыг эргэлзээгүй, бүрэн дүүрэн үнэлж чадаагүй гэж үзэж байна. Хэлмэгдүүлэлтийн үед буюу 1937-1990 оныг хүртэл хугацаанд буюу иргэдийг цагаатгах хүртэл хугацаанд хэлмэгдсэн хүмүүсийн хүүхдийг нийгэм хүлээж авдаггүй, ажилд авдаггүй зэрэг ялгаварлан гадуурхалт их байдаг байсан түл тухайн үеийн хүмүүс тухайлбал миний өвөөг үрчилж авсан Дэндэв хүн амын тооллогын бүртгэлд өвөө ......ийн насыг багасгах, хасах зэргээр өөрчлөн хэлж ......ийн хүүхэд гэж хэлүүлхээс нууж явдаг байсан талаар сонссон. Ер нь тухайн үед хэлмэгдэж цаазын ял авч байсан хүмүүс нь угсаа гарал, шашин шүтлэг, үзэл бодлынхоо улмаас төрд аюултай этгээд гэж тооцогдон төрийн эсрэг гэх зохиомол хэрэгт тулгагдан хилсээр шийтгүүлсэн энэ үйл баримт нь хомроглон хүйс тэмтрэх буюу олон улсын нэршлээр "геноцит" байсан гэж бичиж тэмдэглэсэн байдаг.

1920 оны үеэр тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан сүм хийдүүдийн түүхийг бичүүлж хэдэн ламтай, түүнээс гавж, аграмба цолтой нь хэд болох, мөн нас зэрэг мэдээллийг авч хожим нь тухайн мэдээлэлдээ үндэслэн хомроглон устгасан гэж үздэг. Тийм судалгаа байсан тул миний өвөө ......ийг энгийн болоод амьдарч байхад нь мөр даган мөшгиж ирээд баривчлан авч явж амь насыг нь зольжээ. Дээрх шалтгаанаас болж лам байсан хүний хүүхдийг нь нуух, насыг нь өөрчлөх зэрэг арга хэрэглэдэг байсан. Үүний нэг нь манай өвөө юм. Хүн амын тооллогыг тухайн үед авахдаа өрхийн насанд хүрсэн хүмүүсийн өгсөн мэдээллээр амаар нас, бусад байдлын талаар авдаг байсан гэдэг. Мөн анх 1984 онд Улсын хэмжээнд нэгдсэн регистрийн бүртгэл өгөх үед аав хүнээр дамжуулан бүртгэлээ хийлгэсэн. Тэгж бүртгэхэд төрсөн оныг 1939 он гэж буруу бүртгүүлснээс болж ......ийн төрсөн оныг 1939 он гэж бүртгэсээр ирсэн. Энэ алдааг засуулах талаар аав минь удаа дараа холбогдох бүртгэлийн ажилтанд удаа дараа хэлж, хандаж байсан боловч засалгүй өдийг хүрсэн. Тэгэхээр хүн амын тооллогын лавлагаанууд хөдлөшгүй үнэн нотлох баримт биш юм. Шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д зааснаар Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагын "үндэслэл бүхий байх" шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна.

Аав ...... нь өөрийгөө 1938 онд төрсөн гэдгийг батлах баримт бичгийг өөр журмаар олж авч чадахгүй болсон учраас л шүүхэд хандсан. Хүн амын 5 удаагийн тооллогод 1937 онд төрсөн, 1940 онд төрсөн, 1939 онд төрсөн гэдэг байдлаар таван өөрөөр бичигдсэнээс дүгнэхэд эдгээр хүн амын тооллогын баримтууд нь туйлын үнэн баримт гэж үзэх боломжгүй болох нь тогтоогдсон. Харин хэрэгт авагдсан бусад баримтаар ...... нь 1938 онд төрсөн гэдэг үйл баримт илүү авагдсан, шинжээчийн дүгнэлт ч гэсэн гарсан. Гэтэл анхан шатны шүүхээс үйл баримт, нотлох баримтын талаар буруу дүгнэлт өгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-т заасныг буруу хэрэглэсэн,

шүүх нотлох баримт дутуу байхад хэргийг шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны дагуу үндэслэлтэй болж чадаагүй.

Иймд Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 сарын 07-ны өдрийн 151/ШШ2022/00270 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...... нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “......... нь 1938 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, одоо 84 настай. Миний аавыг төрсний бүртгэлийн лавлагаа болон регистрийн дугаар авах үед төрсөн оныг нь 1939 он гэж буруу зөрүүтэй бүртгэсэн бөгөөд засаж бүртгүүлж чадаагүйн улмаас өдийг хүрсэн. Тиймээс аав ......ийн төрсөн оныг буруу бүртгэсэн учраас нас тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Өмнө нь Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхэд эцэг тогтоолгох нэхэмжлэл гаргах үед гэрч Доржпалам, Цэрэндолгор, Шатар, Лувсандорж, Бат-Очир, Цэдэвсүрэн нар мэдүүлэг өгөхдөө миний аавыг 1938 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төрсөн гэдгийг гэрчилж, тус хурлаас Батдоржийг Гочоодоржийн хүү мөн болохыг тогтоосон. Шүүх хуралдаанаас гарсан шийдвэрийг үндэслээд төрснийг бүртгэж гэрчилгээ олгосон байдаг... Аав ...... нь төрсөн оноо буруу бүртгүүлсний улмаас Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу нөхөх олговроо авч чадахгүй нөхцөл байдал үүссэн. Одоо хуулийн хүчинтэй байдал дууссан хэдий ч өөрийн төрсөн он сарыг зөвтгөе гэж шийдсэн юм. Иймд миний аав ......ийн төрсөн оныг залруулж 1938 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 84 настай болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан” гэж тодорхойлжээ.

Анхан шатны шүүх ......ийг 1938 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 84 настай болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үндсэн зарчим нь хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байдаг.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхэд нотлох баримтаар Төв аймгийн сум дундын 1-р шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 426 дугаар шийдвэр /хх 5/, эцэг тогтоосны гэрчилгээ /хх 6/, Т.Доржпалам хх 7/, Т.Цэрэндолгор /хх 8/, Т.Шатар /хх 9/ /хх 9/, Л.Зэвэг /хх 10/, Д.Бат-Очир /хх 11/, ...... /хх 12/ нарын гэрчийн тодорхойлолтын хуулбарууд,  2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 03-1/3706 дугаар Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 1944 оны хүн амын тооллогын лавлагаа /хх 13/, 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 03-1/3711 дүгээр Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 1947 оны хүн амын тооллогын лавлагаа /хх 14/, 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 03-1/3735 дугаар Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 1956 оны хүн амын тооллогын лавлагаа /хх 15/, 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 03-1/3701 дүгээр Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 1989 оны хүн амын тооллогын лавлагаа /хх 16/, 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 03-1/3700 дугаар Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2000 оны хүн амын тооллогын лавлагаа /хх 17/ зэргийг гаргаж өгчээ.

Т.Доржпалам хх 7/, Т.Цэрэндолгор /хх 8/, Т.Шатар/хх 9/ /хх 9/, Л.Зэвэг /хх 10/, Д.Бат-Очир /хх 11/, ...... /хх12/ нарын гэрчийн тодорхойлолтын хуулбаруудыг анхан шатны шүүх нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслээ байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заасан тул анхан шатны шүүх дээрх нэр бүхий хүмүүсийн тодорхойлолтуудыг нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзсэн нь үндэслэлтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэнэ” гэж зааснаар дээрх баримтууд нь бичгийн нотлох баримтад хамаарч байна. Нэхэмжлэгч нь гэрчийн тодорхойлолтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т шүүхэд эхээр нь өгөөгүй байх тул тэдгээр тодорхойлолтуудыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэх боломжгүй. Хэрэв эхийг нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөхөөр хуульчилсныг  хангаагүй байна.

Мөн Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын лавлагаануудад ......ийн төрсөн он нь 1938, 1939, 1940 онд төрсөн гэж зөрүүтэй бичигдсэн байх тул ......ийг 1938 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төрсөн гэж үзэх боломжгүй үйл баримт тогтоогджээ. Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

Төв аймгийн сум дундын 1-р шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 426 дугаартай шийдвэр гарсан /хх 5/. Энэ шийдвэрээр ......ийг ......ийн төрсөн хүү болохыг тогтоосон нь ......ийг 1938 онд төрсөн болохыг тогтоосон гэж үзэх боломжгүй юм. Учир нь ...... тус шүүхэд зөвхөн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага  гаргасан байна.

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 151/Ш32021/03154 дугаартай шүүгчийн захирамжаар шүүх нас тогтоох тухай хэргийг хянан шийдвэрлэхэд шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай гэж үзэн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т заасныг баримтлан шинжээчээр Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албыг шинжээчээр томилж, ......ийн биологийн насыг тогтоож дүгнэлт гаргаж ирүүлэхийг даалгасан. /хх 42/ 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №28 шинжээчийн дүгнэлтэд “1. ...... нь 1933-1938 онд төрсөн буюу одоо 83-88 настай байх боломжтой” гэжээ. /хх 45-46/ Уг дүгнэлтийг гаргахад ямар арга аргачлал хэрэглэсэн нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй тодорхойлолтуудыг үндэслэж, эсхүл хүний биед шинжилгээ хийж дүгнэлт гаргасан уу гэдэг нь ойлгомжгүй, ......ийн насыг 1933-1938 онд төрсөн буюу 83-88 настай байх боломжтой гэж төрсөн байх боломжтой гэсэн нь хуульд нийцээгүй, эргэлзээтэй дүгнэлт гаргасан байна.   

Иймд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсанг “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-т заасныг буруу хэрэглэсэн, шүүх нотлох баримт дутуу байхад хэргийг шийдвэрлэсэн...” гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

1.Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 151/ШШ2022/00270 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ......ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хүсэлт гаргагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч ......ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХДАВАА

 

                   ШҮҮГЧИД                                            Г.ТЭГШСУУРЬ

 

                                                                               Р.МӨНХ-ЭРДЭНЭ