Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 01

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Э.Золбадрах даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

         Нэхэмжлэгч: ********************* оршин суух *******гийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Тус аймгийн  ******* *******д холбогдуулан аймгийн ******* 2016 оны 10 дугаар сарын 24-ий өдрийн Б/89 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага бүхий  нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын  22-ны  өдөр хүлээн авч  захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2014 оны 02 дугаар сарын 14-нд аймгийн ******* Б/20 дугаар захирамжаар аймгийн Үйлдвэр, Хөдөө аж ахуйн газрын даргаар томилогдож улмаар 2 жил гаруй хугацаанд ажиллаж ямар нэгэн алдаа зөрчил гаргаагүй болно. Энэ хугацаандаа аймгийн ******* үйл ажиллагааны Бидний Алтай гэх хөтөлбөрт заагдсан ажлаас өөрт хамааралтай буюу Хөдөө аж ахуйтай холбоотой ажлыг хийж. Үүний дагуу малын үржлийн ажил буюу бог мал, Алтайн улаан ямааг өсгөх талаар ажил хийхээр тусгагдсан байсан. Манай байгууллага 4 хэлтэстэй бөгөөд мал аж ахуй, захиргаа удирдлагын хэлтэс, мал эмнэлэг, хүнс, газар тариалангийн гэсэн 4 хэлтэс даргатай, тэдний дор гүйцэтгэх албан тушаалтан, мэргэжлийн хүмүүс ажиллаж төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага. Манай Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал аж ахуйн хэлтэс маань малын үржлийн ажлыг голлож хариуцдаг. Хөтөлбөрт тусгагдсан ажлыг хийхийн тулд 2016 оны аймгийн эдийн засгийн үндсэн чиглэлд хээлтүүлэгчийн чанарыг сайжруулах ажил иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан байсан. Сумдын мал эмнэлэг үржлийн тасаг бол сумдын иргэпийн өөрсдийнх нь саналыг үндэслэж байж авсан бөгөөд энэ жил малчдаас 800 гаруй ухна ишигний захиалга өгсөн. Түүний дагуу манай аймагт хаанаас ямар ухна ишиг авбал тохирох гэх мэт судалгааг хийх ажил явагдаж байсан. Хамгийн гол нь Бугат, Дэлгэр сумын Алтайн улаан ямааны хэв шинжийн ямаа гээд нэгэнт Хөдөө, аж ахуйн яамнаас баталгаажаад ирсэн учраас Дэлгэр, Бугат сумдын малчдаас бэлтгэх санаатай байсан. Гэтэл Бугат сум өнгөрсөн жил зудтай байсан учраас тус сумын үржлийн тасгаас ухна ишиг бэлтгэх боломжгүй байна, өнгөрсөн жил хээл их хаясан, цаг хэцүү байсан гэсэн. Манай мал аж ахуйн хэлтсийн даргаасаа одоо яах вэ гээд асуухаар Алтайн улаан ямааны үндэслэгч н.Алтангэрэл гэх Хөдөө аж, ахуйн их сургуулийн доктор хүн өөрийнх нь үржлийн ухна ишигнээс нийлүүлэх бэлэн үржлийн ухна ишиг байгаа гэсэн. Тэгээд 6 сард холбогдох гэрээгээ хийгдсэн. Ингээд байж байхад манай мал аж ахуйн хэлтсийн дарга амралтаа авсан. 2016 оны 8 дугаар сарын 28-нд Хөдөө аж ахуйн яамнаас 2016 оны 8 дугаар сарын 26-нд Ховд аймгийн 4 сумд эхлээд мялзан өвчний шинж тэмдэг илэрлээ гэсэн бичиг ирсэн. Тэгээд 2016 оны 8 дугаар сарын 28-наас шаардлагатай арга хэмжээ аваад, холбогдох сумдруу бичиг өгөөд ажиллаж байх үед ухна ишигний ажил гарч ирсэн. Тэгээд яасан бэ гэхээр аймгаас  мөнгө гаргахгүй юм бол малчидтайгаа тохироод зээлийн гэрээ хийгээд аваад ирсэн байдаг.  8 дугаар сарын 1 гэхэд амралтаа авч Ховд явчихаад 8 дугаар сарын 3-нд ухна ишигнүүдээ оруулж ирээд 8 дугаар сарын 5-нд хамгийн эхэнд Халиун сумынханд өгсөн, дараа нь 7 хоногийн дараа Цээл, тэгээд Баян-уул сумынхан авсан байдаг. Энэ асуудлыг байгууллагын даргын хувьд мэдэж байх үүрэгтэй байсан боловч тухайн ухна ишгийг ямар шугамаар яаж авчирсан байсан гэдгийг би мэдээгүй. Өвчин гараад ирмэгц манай хэлтсийн дарга ******* дарга би нөгөө ухна ишигнүүдийг чинь аваад ирсэн гэж 9 дүгээр сарын 5-нд надад мэдэгдсэн.

              Онцгой комиссын хурлын талаар би нурууны суулт өвчтэй учир 9 дүгээр сарын 12-нд нэгдсэн эмнэлэгт хэвтсэн байсан. Би 8 дугаар сарын 1-нд амрах саналаа Тамгын газарт өгчихсөн байсан бөгөөд 6 сард агентлагийн дарга нарын амралтын хуваарийг ******* баталчихсан байсан. Хуваарийн дагуу амрах гэтэл 7 дугаар сарын 29-31 хүртэл даншиг наадмаар зайлшгүй ажиллаж байх ёстой гээд хойшлуулсан. Тэгээд амрах гэтэл миний ажлыг шинэ ******* гараад ирчихсэн ******* манлайгийн наадамтай түүнд заавал бай гээд амралтыг дахиад хойшлуулсан. Тэр наадмыг өнгөрөөж амрах гэтэл Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас амраахгүй гэсэн тогтоол гарсан байсан. Тэгээд амраахгүй яваад байсан. Миний бие өвдөөд байсан учир 9 сар дөнгөж гараад эмнэлгээр үзүүлээд 9 дүгээр сарын 12-нд эмнэлэгт хэвтсэн. Би 10 хоног хэвтээд эмнэлгээс гарахад эмч маань намайг залгуулаад уламжлалд хэвтвэл үр дүнтэй гэсэн. Дунд нь онцгой комисс ирчихсэн хуралдаж байсан. Намайг захиргаа удирдлагын хэлтсийн дарга маань орлодог байсан. Манай мал эмнэлгийн хэлтсийн дарга маань онцгой комиссын хуралд тогтмол сууж байсан. Би эмнэлгээс гараад ажил дээрээ 4 хоног байж байгаад залгуулаад 9 дүгээр сарын 26-нд уламжлалд хэвтсэн. Уламжлалд хэвтээд гарсан. Тэрнээс хойш өвчинтэй холбоотой онцгой комисс, аймгийн ******* захирамж гарч манайхтай холбоотой зөндөө ажил байсан. Түүнд оролцож байгаад сүүлийн 2016 оны 10 сарын 12-ны хурал дээр сууж байсан ч тэрийг тасалсан гэж байсан. Тэр хурал дээр сууж байхад 82 настай аавын минь бие муудаад байна гээд надруу утсаар ярьсан. Манай жолооч орж ирээд утсаа авахгүй байна гэж даллаад гараад уулзсан чинь ээж чинь ярьж байна аавын чинь муу байна гэсэн. Би үүдэнд цаг бүртгэгч онцгой байдлын н.Лувсандоржид хэлээд Гуулинруу явсан. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 24-нд халагдсан захирамж ирсэн. Ажил үүргээ гүйцэтгээд байж байхад 9 дүгээр сард аймгийн Тамгын газрын дарга намайг дуудаад ажлаа өг гэсэн. Би зүгээр ажлаа хийгээд байж байсан. Энд ирж ажилла гэхээр нь хүрч ирээд цалингийн зээл авч байр орон сууц авсан гээд учраа хэлэхэд нэгэнт болохгүй гэвэл би даргын ажлаа өгөөд өөр тохирох ажил олж өгөөч гэх хүсэлтийг амаараа тавьж байсан. Дараа нь бас л ажлаа өг гэж дуудсан. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 24-нд захирамж гарч ажлаас чөлөөлөгдсөн. 4 удаагийн хурлын 3 нь намайг эмнэлэгт хэвтэж байх үеийн хурал, сүүлийн хурал дээр аавын маань бие муудаж дуудагдсан. Би амармаар байна гэх хүсэлтээ тавьж байсан. Аавын бие муу байна гэж чөлөөл ч гуйж байсан. Чөлөө өгдөггүй хэцүү байдалтай 8 дугаар сарын 1-нээс хойш хэцүү ажилласан. Төрийн албанд ажилласан хүний хувьд баг болж хамтарч ажиллах, мэдээ мэдээллээр хангах зэрэг дээр цаг наргүй ажиллаж байсан гэж бодож байгаа. Нэгэнт төр засаг  нь солигдож нам намтай холбогдож байгаа. Би төрийн удирдах албан хаагчийн шалгалтаа өгч тангаргаа өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч хүн. Тэр өвчнийг Говь-Алтайд авчирсан бол 8 дугаар сарын 1-нээс хойш нэг ч мал өвчлөөгүй. Харин ч одоог хүртэл Ховдын Алтай сумд өвчин гараагүй гэж байгаа. Манайд 8 дугаар сарын 28-нд бичиг нь ирсний дараа надруу яриад би буруудаж магадгүй гээд ухна ишиг авчирчихсан яах бэ гэсэн. Би ажлынхныгаа явуулаад үзэж байхад Халиуны нэг ишиг өвдсөн байхаар нь шинжлүүлэхээр нядлаад явуулсан. Сэжигтэй л гэж нядалж хотруу явуулсан. Түүн шиг Дарви, Тонхилоос нядлаад л явуулсан. Сэжигтэй гэсэн болохоос Дарви, Тонхилоос мялзан өвчин илрээгүй гэсэн хариу ирсэн. Онцгой байдлын дарга итгэхгүй өөрөө Баян-Уулд очиж нядлаад шалгасан. Одоо зээр 1000 үхсэн гэж байна. Харин мялзангаар нэг ч мал үхээгүй. Гэхдээ энэ өвчин байсан байж болно. Ховдод 18.000 мал үхсэн байхад манайд үхэж болох байсан. Авчирсан Ховдын Алтай сумд нь өвчин байхгүй л гэж байгаа. 364 ухна ишигнээс Халиун сумд өгсөн 56 ишигнээс нядалж явуулсан ишигнээс нь илэрсэн. Өвчтэй ухна ишиг байж болзошгүй гэх ухна ишигнүүдээ нядлаад явуулаад байсан. Сэжигтэй гэж гарч байсан. Хамгийн сүүлд Дарви, Тонхил сумаас илрээгүй. Ухна ишиг очоогүй Хөхморьт сумд одоо уг өвчин илэрчихсэн байгаа. Халиунд 56 ухна ишиг авсан. Тэрнээс болоод мал өвчилж үхэж, хорогдсон нэг ч зүйл байхгүй. Энэ бол хэцүү ажил. Улсын хэмжээнд шүлхий, цэцэг өвчин тараад тархаад наашлаад л байна. Тэрийг ганц Хөдөө аж ахуйн газар хорьж чадахгүй. Тэрийг барьсанд харамсаад байна. Ер нь бол хүнийг хийсэн ажил нь юу вэ. Говь-Алтайн Хөдөө аж ахуйн салбарыг юу болгосон талаас нь харахгүй буруу талаас нь харж мушгиад байгаад харамсаад байна. Хөдөө аж ахуйн салбарыг аваад явах хүмүүс дутуу. Малын эмч дутуу байгаа. Би дарга болсон цагаасаа Тонхил сумд, Хөхморьтод хуурамч дипломтой хүний оронд малын эмч авах талаар хэлж байсан. Одоог хүртэл байхгүй. Би Тамгын газарт удаа дараа хүсэлтээ өгч байсан. Энэ зүйл явсаар байгаад өдий хүрч байна. Ер нь ажилгүй болчихлоо, төрийн албанд орох төвөгтэй. Намайг бүр халаад хаячихсан байгаа. Өөр ажилд орох гэхээр ажлаа хийж чадахгүй халагдсан хүн гэж ярина. Тийм учраас ажилгүй байсан хугацааны цалин эрүүл мэнд, нийгмийн даатгалыг эргүүлж олж өгнө үү гэсэн хүсэлтийг тавиад байна. Би аймгийн *******тай уулзаж ярилцаж байсан. Хамгийн гол нь Тамгын даргад харамсаж байгаа. Тэр Тамгын дарга нь манай ажил дээр очоод танай дарга чинь ирээд өөрийгөө өмөөрч магтаж магтаж гараад явсан гэсэн байдаг. Тамгын дарга тийм зүйл яриад явж байх шаардлагатай юм уу. Тамгын дарга гэдэг бол аймгийн мэргэжлийн чадвартай чадалтай боловсон хүчин нь хаана байгаа юм. Тэрийг хууль журмын дагуу олж байршуулах, хамгаалах, өмгөөлөх ёстой. Үнэхээр ажлаа хийж чадахгүй бол тийм зүйл ярихад үгүйсгэхгүй. Гэтэл хүний ажил хийсэн, зүйлийг ярихгүй байж. Удаа дараа ажил ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг дээр ярья. Би 2014 оны 2 сард ажлаа авсан. 2014 оны ажлаас манайх ажлаа Тамгын газар дээр ажлаа үнэлүүлээд 4-т орсон, 2015 оны ажлаараа манайх 2-т орсон байгаа. Хамгийн гол нь өвчин гараад тэрийгээ би азгүйтлээ л гэж бодож байгаа. Энэ дээр улс төрийн шинжтэй хандсан. Дээрээс нь аймгийн онцгой комиссын дарга нь хүртэл энэ *******г ажлаас чөлөөл гэсэн аймгийн ******* захирамжийн төслийг төлөвлөөд барьчихсан байсан гэсэн. Тэр хүн л дандаа мэргэжлийн байгууллагын үгийг сонсохгүйгээр тэр хүн урдуур нь орж ажил хийсэнд би харамсаж байна. Мэргэжлийн байгууллага нь тодорхой хэмжээнд ирсэн бичгийг аймгийн *******д танилцуулж холбогдох дээд шатны даргатай танилцуулж ярилцаж байж асуудлыг шийдвэрлэх байсан. н.Сауле сайд хүн чанартай зүйл хэлсэн байна. Бид нар бүх штабаа гаргачихсан, аймгийн ******* захирамжаар гамшгийн үед онцгой үед ажиллах комисс томилогдоод ажиллах бүх зүйл намайг эмнэлэгт байхад ном журмын дагуу явагдаж байсан. н.Сауле нь Ховдоос ирчихээд би буудалд хүлээгээд авчих гэсэн. Тэгсэн чинь тантай юу ярихав. Онцгой комиссын дарга үлд гээд намайг гаргасан. Би тэр дээр харамсаад зогсож байсан. Мэргэжлийн байгууллагын хүнтэй тэр ухна ишигний талаар юу ч яриагүй байж, намайг ярих гэхээр тэрийг ярих шаардлагагүй, маргааш ярина гээд хойшлуулсан. Маргааш нь хуралд сууж байхад аавын бие муудаад жолооч орж ирж хэлээд би явсан. Тийм л зүйл болсон. н.Сауле сайд өвчтэй газраас нийлүүлсэн гэж байна. Тэрийг Монгол Улс оношил чадаагүй. Ховд аймагт 2016 оны 1 сараас эхлээд мялзантай холбоотойгоор мал үхсэн. Ховд аймгийн мал эмнэлэг нь лабораторт дээжийг нь явуулаад оношийг тогтоогоод Монголд 60, 70 жилийн өмнө бүрэн оношлоод дуусгачихсан байсан. Тэгтэл тэр нь явсаар байгаад 2016 оны 8 дугаар сарын 26 нд мал эмнэлгийн лабораториос мялзан байна гээд шийдвэр нь гарч байгаа. Өвчтэй газар гэдгийг бид нар мэдэхгүй. Ямар өвчин гараад байгааг мэдэхгүй. Хоёрт холбогдох хуулийн дагуу Мал эмнэлгийн үржлийн тасаг гэж байна. Тамгын газрын дор ажилладаг хүмүүс. Сумдад мал эмнэлэг үржлийн тасаг гэх 3 хүн байдаг. Тэр хүмүүс манай байгууллагын дор ажилладаггүй босоо тогтолцоотой Тамгын газрын даргын харьяанд байдаг хүмүүс. Тэгэхээр тэр хүмүүсийг муу, сайн ажиллаж байна, энийг нь хал, ав гэж хэлэх эрх байхгүй, тэнд малын эмч авмаар байна гээд саналаа өгөөд байхад тэрийг шийддэггүй. Гарал үүслийн гэрчилгээг тухайн Ховд аймгийн Алтай сум нотолж өгдөг. Адуу, мах хүртэл тийм бичигтэй байдаг. Хүнсний аюулгүй байдалтай холбоотой тийм л нотлох баримт байгаа. Би мал эмнэлгийнхнийгээ авч очоод авчрах зүйл биш. Хоёрт гэрээ хэлцэл хийгээд баахан ухна ишиг засагдаагүй үлдсэн байдаг. Нөгөө ухна ишгийг яах юм гэхээр тэнд байгаа малчдынхаа өрхийн орлогыг нэмэгдүүлэх гээд л явдаг, энд байгаа малчдынхаа амьдралыг дээшлүүлэх гээд л явдаг ажил. 8 дугаар сарын 26-нд өвчин нь тодорсон.  9 дүгээр сарын 4-5-нд Ховд аймаг хорио цээрийн дэглэм тогтоосон. Тэр дагуу манайд улс сандарч манайд 8 дугаар сарын 26-нд Зөвлөмж бичиг ирсэн. Би сандраад хэлтсийн дарга нараа дуудаад асуухад би хэдэн ухна ишиг н.Алтангэрэл доктортой ярьж байгаад аваад ирсэн. Намайг ав гээд болдоггүй тэгэхээр нь би яваад аваад ирсэн байсан. Одоо яана гэсэн. Би тэрийг яваад аваад ир гэж хэлээгүй. Наад ажил чинь тасрах юм байна гэж хэлээд л байсан. Тэгчихээд хорио цээрийн дэглэм гээд нэг сар байлгана гэж байна. Дарвид ирсэн ухна ишиг тараагдаагүй одоог хүртэл байж байгаа. Шаргаруу аваад явсан 56 ухна ишгийг сүрэгт нийлүүлээгүй байсан. Одоо бол нэгтгэчихсэн. Тэр үедээ нийлүүлээгүй байсан.  нь хорио цээрийн дэглэм байгаа өөр сүрэгт нийлүүлж болохгүй гэхэд Цээл сумд очсон 18 ухна ишгийг мал эмнэлэг, үржлийн тасгийн н.Дагзмаа гэх эгч өөрөө тусгайлан хариулж байсан. Сүрэгт нийлүүлээгүй байсан. Тэрнээс болоод өвчин гарлаа гэж бодоход 8 дугаар сарын 3-нд авчирсан ухна ишигнүүдээс болж Дарви сумд хэдэн мал үхээд байж байх вэ. 10 дугаар сарын 16-наас эхэлсэн Вакцин хүртэлх хоёр сарын хугацаанд өвчлөөд үхэх боломжтой байсан. Тэр хугацаанд мал огт үхээгүй. Харин ч өвчтэй байж магадгүй гэх ишигнүүдээ нядлаад мал эмнэлгийн лабораторруу явуулсан. Тийм учраас манай малын эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд бүгд сайн ажилласан. Сум сумд нь нам хорионд байлгаад өвчин байлаа гэж бодоход ямар ч аргагүй зогсоож чадсан. Тэрийг өнөөдөр онцгой, аймгийн Тамгын газрынхан хийгээгүй. Мэргэжлийн байгууллага хийсэн. Онцгойгоос н.Ууганбаяр, н.Сауле гэх нөхдүүд ирээд хийсэн гээд байна. Нэг л онцгойн дарга гэх хүн ирээд цаанаа ямар эрх ашигтай явааг мэдэхгүй байна. Тэгтэл тийм зүйл байхгүй. Хөдөө аж ахуйн дарга ******* юу ч хийгээгүй, эмнэлэгт ч хэвтээгүй гэж ярьсан байгаа. Бүр захирамжийг төлөвлөчихөөд бариад явж байсан гэдгийг манай хүмүүс яриад байгаа болохоос хүний сайн мууд дурлах гээгүй.  Албан тушаал хашиж байхад хүн чанар харагддаг юм байна л гэж хэлэх гэсэн юм. Хамгийн гол нь мялзангаас болж нэг ч мал үхээгүй. Н.Баянмөнх бол 2016 оны 8 дугаар сарын 1- нээс амралтаа аваад явчихсан, мөнгөгүй гээд хаячихсан ажил. Жилийн эцэст үр дүнгийн гэрээ гэхэд наад ажил чинь тасарчихсан байна. Тэр ажлаа орхи гэсэн байхад нь өөрөө явж хийчихээд өвчин гараад эхлэнгүүт надруу 9 сард л ярьсан байгаа. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 24-ий өдрийн Б/89 дугаартай аймгийн ******* захирамжаар хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Иймд аймгийн ******* 2016 оны 10 дугаар сарын 24-ий өдрийн Б/89 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.

  Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 364 ухна ишиг авчраад сумдад тараасан. Гэтэл шинжилгээгээр ганцхан Халиун сумын нэг ишигнээс л илэрсэн. Энэ хүнийг мялзан өвчин тараасан гэх үндэслэл нь юу юм. 364 ухна ишиг голомтын халдвар тээсэн бол шууд үхнэ гэж байхад яагаад энэ хүнийг ажлаас халсан юм? 4 удаагийн хуралд ирээгүй гэсэн мөртлөө 2 удаагийн хуралд нь эмнэлэгт байсан байдаг. Дараагийнх нь аавынх нь бие муудаад явсан байдаг. Гуравдугаарт Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-ийг баримталсан 2 буюу түүнээс дээш удаа ажлын хариуцлага алдсан. Ямар хоёр хариуцлага алдсан юм. Өмгөөлөгчийн зүгээс 2016 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн Б/89 дугаартай ******* захирамж гарсан. Захирамжийн гол үндэслэх хэсэг нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-ийг үндэслэж, онцгой комиссын өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор захирамжлах нь гээд түүнийхээ гол хэсэгт 364 ширхэг ухна ишиг тарааснаас болж мялзан өвчин гарсан, мөн 4 удаагийн хуралд оролцоогүй, мөн удаа дараа ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр Б/89 тоот ******* захирамжийг гаргасан байгаа. Хэрвээ энэ хүнийг салбар хуулийн зохицуулалт болон Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн бэ гэж үзэж байгаа юм бол яг аль хэсгийг нь зөрчсөн бэ гэдгийг ******* нь захирамжиндаа дурдах ёстой. Тийм учраас Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 гэж үндэслэлгүйгээр хуулийн заалт тавьсан нь хуулийн шаардлагад нийцэхгүй гэж үзэж байна. Бас гэрч *******, гэрч нь энэ хэргийг учрыг тайллаа. Эдгээр гэрч нарын мэдүүлэгт халдвартай мал хэн тараасан, хэн хариуцах вэ гэхээр хоёулаа хариуцна гэж байгаа. ******* баримталсан Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт зааснаар хоёр буюу түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн. Мялзан өвчний голомт тараагдсан нь энэ хүнтэй холбогдоогүй байгаа. Тулган шаардаад зөрчил гаргасан гэж буюу хүчийг үзүүлж, сүрийг бадруулсан л зүйл болохоос Халиуны Гүү бариачид ганц л илэрсэн. Энэ нь үнэн гарсан эсэх нь эргэлзээтэй байгаа. Нэгэнт л сүр дуулиан гарсан юм чинь ганцыг ч гэсэн өвчтэй гээд гаргачихья гэсэн байж магадгүй. Зөрчил гаргасан гэж байгаа бол хоёр буюу түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх нотолгооны зүйл хавтаст хэрэгт байхгүй. За нэгийг нь хүчээр зөрчил гаргасан гэж үзэхэд хоёр дахь зөрчил нь хэргийн материалд байхгүй гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Дараагийн дугаарт комиссын хурлыг 4 удаа тасалсан. 4 удаа гэдэг нь нотлогдохгүй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон гэрч аавынх нь бие муудаад гарсан гэсэн талаар хэрэгт байгаа. Тэгэхээр 3 болж байна. Хоёр нь эмнэлэгт хэвтэж байсан магадалгаагаар нотлогдож байгаа. Тэгэхээр 4 удаагийн хурал тасалсан гэдэг үндэслэл няцаагдаж байгаа. ******* нь тайлбартаа Малын удмын сангийн эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн гэж байгаа. Зөрчсөн гэж үзэж байгаа бол тайлбар дээрээ Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйл, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.6, 6.3 гэж үзэх боломж байхгүй. Энэ хүнийг албан тушаалаас нь халах болсон харгис заалт чинь хуулийн үндэслэлгүй байна. Энэ хүний ард бүхэл бүтэн гэр бүлийн эрх ашиг хөндөгдөж байна. Сая хэлэлцүүлэгт энэ хүн улс төрөө бодох юм уу мялзан өвчнөө бодох юм уу.  Сонгууль бол хоёрт мялзан чинь нэгт шүү гэж хэлснээс улс төрийн халдлага дайрчихсан байна гэх зүйл хэрэгт авагдсан баримт, тайлбар зэргээс харагдаж байна. Энэ хүнийг дарга байхад нь 1 ширхэг мялзан өвчин гарсан. Одоо мянган бөхөн устсан байгаа. Тэгэхээр бас л өөрийн хийх ажлыг хариуцлагатай хийж байсан хүн. Биеийн эрүүл мэндийн шалтгааны хувьд хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа нь хэрэгт байгаа баримтаар тодорхой байгаа. Үүрэг даалгавар өгчихсөн байсан гэдэг нь 364 мал чинь хамгаалалтад орсон байж шинжилгээнд хамрагдаж мялзан өвчин, голомтот өөрчлөлт байхгүй гэх материал хэрэгт байхгүй гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаараарай. Аймагт ирээгүй гэдгийг ******* ч хэлсэн. Нэг нам гарахаар нөгөөгөө хална. Яаж энэ хүнийг идэвхжүүлэх вэ, ямар алдаа дутагдал гарсан юм гэдэг дээр анхаарахаас илүү яавал нясалж, халах вэ гэсэн хууль зүйн үндэслэлгүй байр суурь үе үеийн сонгуулиар явагдаж, үүнээс болж маш олон хүний эрх ашиг хөндөгдөж байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарна уу. Тэгэхээр ******* баримталсан заалт маань 2 буюу түүнээс дээш удаа ажлаа хангалтгүй биелүүлсэн. Нэг нь байж болох юм гэж бодоход нөгөө нэг алдаа дутагдал нь хэрэгт ямар баримтаар нотлогдоод байгаа юм. Удаа дараа ямар үүрэг өгчихөөд түүнээсээ юу ямар үр дүн шаардчихаад ямар үүрэг биелүүлээгүй гээд байгаа юм. Үүнтэй холбоотой нотолгооны зүйл хэрэг байхгүй гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Тиймээс Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасан зүйл нотлогдохгүй байгаа тул 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/89 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Хүнс, хөдөө аж ахуйн ажилд нь миний үйлчлүүлэгчийг эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны  2 сарын цалин 2.250.000 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийж өгнө үү гэв.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Төрийн албаны тухай хууль болон Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй гэх үндэслэлээр ажлаас халсан захирамж байгаа. Энэ захирамж бол 2016 оны 10 дугаар сарын 24-нд гарсан. Уг захирамж гарахаас өмнө *******тэй Тамгын газрын дарга уулзсан. Таны асуудал чинь дээд цэгтээ хүрлээ. Улсын онцгой комиссын дарга удирдамжийн дагуу баруун аймагт ажилласан шуурхай бүлэг байгаа. Хүнс, хөдөө аж ахуйн яамны дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг, мэргэжлийн хүмүүс мөн Онцгой байдлын ерөнхий газрын холбогдох эрх бүхий албан тушаалтан 2016 оны 9 дүгээр сарын 14-нд ирж аймгийн Онцгой комиссыг маш яаралтай хуралдуулсан. Энэ онцгой комиссын хурлаар мялзан өвчний асуудал гарч ирсэн. Би өөрөө аймгийн онцгой комиссын гишүүний хувьд тухайн үед хуралд нь сууж байсан. Танай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга бол хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй, малд гарсан гоц халдварт өвчнөөс сэргийлэх чиглэлээр хуульд заасан арга хэмжээг аваагүйгээс болж танай аймгийн 5 сумд мялзан өвчтэй 364 тооны ухна ишиг тараагдсан байна. Үүнээс болоод зарим сумдад өвчний шинж тэмдэг илэрч, мөн лабораторийн шинжилгээний хариугаар мялзан өвчтэй байна гэдэг нь тогтоогдсон. Энэ ажил дээр Хүнс, хөдөө аж ахуйн дарга бол хуульд заасны дагуу арга хэмжээг аваагүй. Ховд аймгаас 364 ухна ишгийг аймгийн ******* үйл ажиллагааны хөтөлбөр болон бусад төлөвлөгөөнд байдаг ажил. Орон нутгийн хэмжээнд малын үржил, сэлбэлтийн асуудал бол зайлшгүй хийгддэг ажил. Энэ ажлыг хийхдээ хууль журмынх нь дагуу хийх ёстой байсан. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д “Орон нутгийн үйлчилгээний нэгжийн эрх үүрэг байгаа. Мөн хуулийн 6.3-т “аймаг нийслэлийн мал эмнэлгийн үржлийн алба, цөм сүргийн үржлийн төвийн эрх үүрэг гэж хуулиар эрх үүрэг байсаар байхад хэрэгжүүлээгүйгээс энэ өвчин тархаж онцгой байдал, хорио цээр тогтоож эдгээр ажлууд явагдсан байгаа. Дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.6 “Өвчтэй малыг хяналтад авч эмчлэх, шаардлагатай бол хорио цээр тогтоох, нядлуулах, устгуулах үүргээ сум дүүргийн засаг даргад уламжлах” гэх үүргээ биелүүлээгүй. Мөн Хүнс, хөдөө аж ахуйн сайдын баталсан журмаар өөр аймаг сумаас үржил, селекцэд ухна ишиг авчирч байгаа тохиолдолд тусгаарлаж тусад нь байлгах ёстой байдаг. Энэ журмаа биелүүлээгүй. Доод тал нь 1 сарын хугацаанд хүлээсний дараа захиалгын дагуу малчдад тараах байтал хууль журмаа биелүүлээгүйгээс ийм байдал үүссэн байна. Үүнээс болоод өнөөдрийн байдлаар хохирол улсын болон орон нутгийн төсвөөс нэлээдгүй хэмжээний зардал гарсан. Тэгэхээр хуульд заасан эрхээ бүрэн дүүрэн хэрэгжүүлж ажиллаагүй гэж үзсэн. Дараагийн дугаарт аймгийн онцгой комиссын 4 удаагийн хуралд оролцоогүй. Яг эд мялзан өвчин гараад улс аймгийн хэмжээнд яригдаж байгаа асуудал дээр сэтгэл гаргаад манай аймагт ийм ийм арга хэмжээ авч ажиллаж байна гэж нэг ч удаа аймгийн онцгой комисст өөрийн биеэр танилцуулаагүй нь онцгой комиссын хурлын тэмдэглэл дээр байгаа. Нэгэнт та хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлж ажиллана гэж тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч, удирдах албан тушаалтан хүн. Тийм нөхцөл байдал бий болсон үед та энэ хуралд оролцоод л явж байх байсан. Энэ бол таны үүрэг. 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хурал дээр шуурхай бүлгийн өгсөн үүрэг даалгавар бол ажлын хариуцлага алдсан хүмүүстэй хариуцлага тооц гэдгийг аймгийн *******д үүрэг болгож өгсөн. Энэ бол ажлын хэсэгт багтаж явсан Хүнс, Хөдөө аж ахуйн дэд сайд н.Сауле, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа  н.Ууганбаяр гэх албаны хүмүүс нөхцөл байдалтай газар дээр нь танилцсаны үндсэн дээр дээрх үүргийг өсгөн. 9 дүгээр сарын 14-нээс хойш 2 удаа аймгийн онцгой комисс хуралдсан. 10 дугаар сарын сүүлээр мөн улсын онцгой комиссын баталсан удирдамжийн дагуу н.Сауле сайдаар ахлуулсан ажлын хэсэг баруун аймгуудад ажиллаад манай аймагт ирж ажилласан. Энэ үеэр мөн онцгой комиссын хуралд суугаагүй. н.Сауле сайд дахин үүрэг өгсөн. Миний өгсөн өмнөх үүрэг даалгаврыг яагаад хэрэгжүүлээгүй байгаа юм бэ гэж. Өмнө нь ажлын хариуцлага алдаж, албаны эрх мэдлээ хэтрүүлээд бог малын өвчтэй газар орон нутгаас ухна ишиг авчирч өвчин тараасан хүмүүстэй яагаад хариуцлага тооцоогүй гэх асуудал яригдсан. Өвчин илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон нь хэргийн материалд болон Хөдөө аж ахуйн даргын үүрэг гүйцэтгэгчийн албан бичигт байгаа. Амарч байгаа хүн яагаад албан үүргээ гүйцэтгээд явдаг юм. Энэ дээр байгууллага удирдаж байгаа дарга нь хяналт тавих ёстой байсан. Би холбогдолгүй холбоотой гэж үгүйсгээд яриад байна. Төрийн албан хаагч нар хуулиар оногдуулсан хариуцлага хүлээнэ гэх байдлаар төрийн албан хаагчийн анкет бөглөдөг. Хууль зөрчсөн л бол тэрнийхээ дагуу хариуцлага хүлээдэг л байх ёстой. Сүүлийн хэдэн сар мялзан өвчин гэж ярьсаар байгаад он дуусгасан. Одоо он дуусаад шинэ он эхлэхэд нэн ховор ан амьтан нь мялзан өвчнөөр үхэж байна. Энэ дээр аймгийн Онцгой комисс шуурхай ажилласан.Тухайн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн дарга эмнэлэгт байсан байна. Тухайн үед байсан хэлтсийн дарга нар нь нэлээн шуурхай, өдөр шөнөгүй ажилласан. Энэ дээр улсаас хөрөнгө мөнгөний туслалцаа үзүүлж вакциныг гадаадаас авчирч нийт 2.864.500 тунг татаж авчирсан. Үүний зардлыг тооцвол 978.398.620 төгрөгийн зардал гарсан. Дээр нь 14 сумын 54 хувийн мал эмнэлэг үржлийн нэгжээр дамжуулан 2.514.983 толгой малыг вакцинжуулж түүний зардалд 377.000.000 төгрөг улсын төсвөөс гарсан. Орон нутгийн төсвөөс нийтдээ 133.555.000 төгрөг гарсан. Ийм байдлаар бүхэл бүтэн нэг агентлагийн даргын хуульд заасны дагуу ажиллаагүйгээс болж улсад ч тэр, аймагт ч тэр ийм байдлаар хохирол учирч байгаа. Тараагдсан сумуудад энэ төрлийн мялзан өвчний шинж тэмдэг илэрсэн шинжтэй гэдэг нь лабораторийн шинжилгээ байгаа. Энэ бол хөдөлшгүй баримт байгаа. : ******* 8 дугаар сарын 5 нд авчраад хуулийн дагуу 30 хоногийн хугацаанд хориод өвчтэй эсэхийг шинжилчих ёстой байсан. Энэ бол таны үүрэг байсан. Таны хэлж байгаагаар 8 дугаар сарын 5-нд эхний сумд тараагдсан. 9 дүгээр сарын 5 хүртэл нэг газар хориод байж байсан бол хуульд заасан энэ үүргээ хэрэгжүүлж мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан байна гэж үзэх боломжтой байсан. 8 дугаар сарын 26-нд Ховд аймагт мялзан илэрлээ гэж байгаа юм бол 9 дүгээр сарын 5-ны г хүртэл авчирсан гэх ухна ишиг дээрээ тодорхой арга хэмжээг авах боломжтой. Зүгээр нэг байгууллагын хурал биш бүхэл бүтэн аймгийн онцгой комисс хуралдаж байхад ямар нэгэн байдлаар заавал ирэх ёстой байсан. Бүхэл бүтэн өөрийнх нь салбарын асуудал яригдаад малын мялзан гэх өвчин тарчихаад байхад эмнэлэгт хэвтээд байгаа байдал нь өөрийнх нь ажилдаа яаж ханддаг хандлага гэж үзэж байна. Аймгийн онцгой комисс дээр улсын онцгой комисс ирээд хуралдаж байхад та ирээд ингэж байна тэгж байна гээд бүх асуудлаа яриад явсан бол өнөөдөр ийм асуудал гарахгүй байх байсан. Таныг хуульд заасны дагуу ажлаа хийсэн гээд юун ажлаас халах. 8 дугаар сарын 1-нд амралтаа авсан хүн яагаад албан ажлаа хийгээд өвчтэй газраас ухна ишиг оруулж ирсэн юм. Энэ дээр хяналт тавих байсан үүргээ биелүүлээгүй. Ховд аймгийн Алтай сумаас 3 хоногт мал тууж авчирч чадах уу? Хуульд заасан үүргээ биелүүлэх ёстой. Хэлтсийн дарга аливаа шийдвэрийг дангаараа гаргадаггүй. Энэ дээр байгууллагын удирдлагын шийдвэртэйгээр хэлтсийн дарга шийдвэр гаргаж ухна ишиг авчирч байгаа асуудал байна. Энэ дээр байгууллагын удирдлагын шийдвэргүйгээр хэлтсийн дарга нь дангаараа шийдвэр гаргахгүй. Энэ дээр та үүргээ биелүүлээгүй. Дараагийн асуудал нь өвчний голомттой нутгаас авчирсан ухна ишгийг 30 хоногийн хугацаанд тараалгүй тусгаарлаж байлгах үүргээ биелүүлээгүй. Тусгаарласан байсан бол энэ асуудал яригдахгүй гэдгийг хэлсэн. Дараа нь та эмнэлэгт байсан гэж байна. 9 дүгээр сарын 14,10 дугаар сарын 3, өдөр, 10 дугаар сарын 12, 10 дугаар сарын 18 гэх 4 удаагийн хурал байгаа. Та хэрэгт байгаа эмнэлгийн хуудсаар 10 дугаар сарын 2-ны өдөр эмнэлгээс гарсан. 10 дугаар сарын 3-ны хуралд суух боломжтой байсан ч суугаагүй. Хэрэгт таны ажилласан хоног, ажилчдын 9 дүгээр сарын цагийн тодорхойлолт гэж байна. Таныг 22 хоног ажилласан гэж байна. Үүнээс харахад таныг эмнэлэгт хэвтсэн эсэх асуудал гарч байгаа. Ийм ийм үүргээ биелүүлээгүй, ийм онцгой нөхцөл байдал үүссэн байхад аймгийн ******* болон онцгой комиссын гишүүдийн бодитой мэдээллээр хангаж үүргээ биелүүлээгүй гэж үзэж ийм захирамж гарсан  Тэгээд аймгийн ******* өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох хууль тогтоомжид заасан эрх, үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй, албан үүрэгтээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр Б.Амартүшинг ажлаас нь халсан.

 

           Гуравдагч этгээд ******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: *******гийн нэхэмжлэлтэй аймгийн *******д холбогдох захиргааны хэрэгт ******* миний эрх ашгийг хөндөж байна гэж үзэн гуравдагч этгээдээр татан оролцуулсан байна. Миний бие тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох сонирхолгүй байна. Иймд надгүйгээр хэргийг шийдэж өгөхийг хүсэж байна гэжээ.

           Гэрч нь шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгөхдөө: Мялзан өвчтэй холбоотойгоор олон удаа болсон. Хамгийн сүүлийнх сайд ирсэн хуралдаан байгаа. Тэр хуралдааны өдрийг мэдэхгүй байна. Орой нь сайдыг хүлээж аваад маргааш өглөө  нь хуралдаантай гэдгийг мэдсэн байсан. Тэр хуралдаанд ирэхэд ******* бид үүдэнд таараад бид хоёр цуг орж ирээд би урагшаа ажил танилцуулах байсан учраас урагшаа суусан. ******* дарга хойно суусан. Тэгээд байж байтал жолооч хаалгаар шагайж дуудаад аавынх нь бие муу гэсэн мэдээлэл өгч дуудсан. Тэгээд ******* дарга гараад явсан. Тэр үед дарга утсаа салгасныг нь мэдэхгүй, жолооч дуудсаныг мэдэж байна. Аавынх нь бие муу байна гээд гараад явсныг онцгой байдлын хүнд үүдэнд мэдэгдсэн байсан. Вакцинжуулалтын арга хэмжээ нь манай аймгийн 18 сумын 14 сумын бүх бог малд вакцин хийж байсан. Энэ хугацаанд ажил нь хэр урагштай явж байгаа талаар бүгдийг нь танилцуулж  байсан.  Ховд аймагт мялзан өвчин илэрлээ гээд манайд 28-нд нь албан журмаар мэйлээр хариу ирж байсан. Ховд аймагт мялзан өвчин гарлаа, үүний эсрэг арга хэмжээ авч ажилла гэж ирсэн. Тэрний өмнө ухна, ишиг орж ирчихсэн тарчихсан байсан. Дарви, Тонхил, Баян-Уул, Халиун, Цээл сумд тараачихсан байсан. Ховдоос ухна ишиг орж ирсэн учраас бид нар халдвартай байж магадгүй гэж анхаарч ажилласан. Тарчихсан байсан 5 сумд тарсан ухна ишгийг тараахыг зогсоогоод шууд хамгаалалтанд авсан. Баян-Уул сумд 60 ухна ишиг очоод 58 өрхөд шууд тарсан байсан.Тэрнээс сэргийлж зогсоосон. Мялзан өвчнөөс болж хорогдсон мал байхгүй. Өвчин ч гараагүй. Манайд гамшгийн байдал үүсээгүй, орж ирэх нөхцөл боломж нь бүрдчихсэн байна гэсэн. Манайх вакцинжуулалт хийгдэх үед халвартын үе ямар байна гэж тандалт хийгээд сумуудад гаднаас мал аваагүй өрхүүдээс шинжилгээ хийлгэхээр улсны төв лабораторт шинжилгээнд явуулсан. Түүний хариуд халдварт өвчин үүсгэгч байна гэдэг нь тогтоогдсон. Энэ байдал бол Ховд аймаг тэр чигтээ үүсгэг нь тархчихсан байсан. Тэр үед энэ тархалт нь эрт эхэлсэн гэх янз янзын яриа гарч оношилж чадахгүй удсан учраас тархчихсан, газар авчихсан байсан. энэ нь наашаа орж ирж эрсдэлтэй байдал бий болохоос сэргийлж тараагдсан малуудыг цааш нь малчдад тараахгүйгээр арга хэмжээг авсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

        Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

         Аймгийн ******* 2016 оны 10 дугаар сарын 24-нй өдрийн Б/89 дүгээр захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг үндэслэн Улсын онцгой комиссын ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор Ховд аймгийн нутаг дэвсгэрт илэрсэн малын гоц халдварт мялзан өвчний голомттой Алтай сумаас 364 ухна ишгийг тус аймгийн Халиун, Цээл, Тонхил, Дарив, Баян-Уул, Шарга сумдад тарааснаас Дарив, Халиун, Цээл сумд тараагдсан ухна ишигнээс бог малын мялзан өвчин илэрч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон, аймгийн Онцгой комиссын дөрвөн удаагийн хуралд оролцоогүй, ажил тасалсан зэрэг удаа дараа ажлын хариуцлага алдсан Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга *******г 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн албан тушаалаас нь халсан байна.

        Нэхэмжлэгчийн тухайд уг малыг бие авчирч тараагаагүй, мөн аймгийн онцгой комиссын 4 удаагийн хуралд ирээгүй гэдгийн хувьд миний бие тухайн үед өвчтэй эмнэлэгт хэвтэж байсан гэсэн тайлбарыг гаргажээ. Иймд шүүх дээрх үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагатай байна.

1. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 2 дугаар заалтын 8 дахь зорилтод “үржилд ашиглаж байгаа хээлтүүлэгч, цөм сүргийн малд үзлэг ангилалт хийж анги чанарыг тогтоох, дутагдаж буй хэлтүүлэгчийг шинээр нөхөн тавих, баталгаажуулах ажлыг зохион байгуулах”, Хүнс хөдөө аж ахуйн сайд, Говь-Алтай аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нарын 2016 онд хамтран ажиллах гэрээний хавсралт “үржилд ашиглагдаж байгаа хээлтүүлэгч, цөм сүргийн малд үзлэг ангилалт хийж анги чанарыг тогтоох, дутагдаж буй хэлтүүлэгчийг шинээр нөхөн тавих, баталгаажуулах ажлыг зохион байгуулах” гэж заасныг дагуу үйл ажиллагааны төлөвлөгөө, хамтран ажиллах гэрээгээ хэрэгжүүлэх зорилгоор шилмэл хээлтүүлэгч нийлүүлэх гэрээг Ховд аймгийн Алтай сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга, мал зүйлч З.Тоня, Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал аж ахуйн хэлтсийн дарга Б.Батмөнх нар байгуулж, уг гэрээг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын  дарга ******* баталсан байгаа нь хавтас хэргийн материалд авагдсан байна.

Уг ажлын хүрээнд Ховд аймгийн Алтай сумаас 364 ухна ишиг авчирч аймгийн Халиун, Цээл, Тонхил, Дарив зэрэг сумдад тараагдсан бөгөөд уг тараасан ухна ишигнээс Халиун сумын Гүү бариач багийн малчин Р.Гэндэнпилийн ишигнээс бог малын мялзан төст өвчний вирусын ген илэрсэн, Дарив сумын Ихэс багийн хуц ухны сүргээс 4 хуц сэжигтэй хариу гарсан, Цээл сумын 9 ишиг вакицинд хамрагдсаны дараа өвчний шинж тэмдэг ирлэрч устгалд оруулсан нь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2016 оны 12 дугаар сарын 21-ний 1/299 тоот албан бичиг, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатрийн шинжилгээний дүнгийн хуудас зэргээр нотлогдож байна. Өөрөөр хэлбэл Ховд аймгийн Алтай сумаас авчирсан хэлтүүлэгч ухна ишигнээс бог малын мялзан өвчин илэрсэн байгаа нь нотлох баримтуудаар тогтоогдож байна.

         Харин дээрх хэлтүүлэгч ухна ишгийг хэн авч ирсэн, тараасан, хариуцлага хэн хүлээх тал дээр дүгнэлт өгөх шаардлагатай байна.    

        Нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээс үзэхэд Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал аж ахуйн хэлтсийн дарга ******* Ховд аймгийн Алтай сумаас 364 ухна ишгийг хөлөөр нь тууж авч ирэх замдаа Халиун, Цээл, Дарив сумдаар тараасан гэсэн тайлбарыг гаргаж байгаа хэдий ч нэхэмжлэгч ******* аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга, удирдах албан тушаалтны хувьд мөн шилмэл хээлтүүлэгч нийлүүлэх гэрээг баталгаажуулсаны тухайд хяналт тавих үүргээ хангалтгүй биелүүлсэн төлийгүй Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.3, 6.4.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

         Нэгэнт гэрээ байгуулан шилмэл хээлтүүлэгч нийлүүлэх, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлаа хийж байгаа бол Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.3-д “малын өвчнөөс урьдчилан сэргийлэх шинжилгээ, тарилга, туулгалт, угаалга, боловсруулалт, ариутгал, халдваргүйжүүлэлтийг зохих журмын дагуу хэрэгжүүлэх”, хуулийн 6.4.6-д “өвчтэй малыг хяналтад авч тусгаарлах, эмчлэх, шаардлагатай бол хорио цээр тогтоох, нядлуулах, устгуулах үндэслэлээ сум, дүүргийн *******д уламжлах” гэж зааснаар Ховд аймгийн Алтай сумаас авчирсан 364 ухна ишигт малын өвчнөөс урьдчилан сэргийлэх шинжилгээ хийх, халдваргүйжүүлэлтийг зохих журмын дагуу хийх, өвчтэй малыг хяналтад авч тусгаарлах зэрэг хуульд заасныг хэрэгжүүлж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой байсан байна.

         Дээрх хуулийн заалтыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хэрэгжүүлж ажилласан болон доорх нөхцөл байдал үүсэхгүй байх боломжтой байсан байна. Өөрөөр хэлбэл бог малын мялзан өвчин гарсантай холбоотойгоор Говь-Алтай аймгийн онцгой комисс 4 удаа хуралдаж, 14 сумын 2514983 мянган толгой малыг вакцинжуулах, голомтой айл өрхүүдийг бууц буудлыг ариутгах, пост гаргах, малд эрүүл мэндийн үзлэг хийх, вакцины зардал, малыг вакцинжуулахад ажиллах хүч, унаа тээврийн зардал гэх мэт мялзан өвчинтэй тэмцэх талаар тодорхой ажлууд хийгдсэн, зардал гарсан байгаа нь онцгой байдлын комиссын хуралдааны тэмдэглэлүүд, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас ирүүлсэн “бог малын мялзан өвчнөөс урьпчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулсан зардал, мялзан өвчинтэй тэмцэх ажлын үед зарцуулсан зардлын тооцоо” зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэж болохоор байна.

Мөн Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын 2000 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/49 дүгээр тушаалаар “Мал, амьтаны өвчинтэй тэмцэх, шилжилт хөдөлгөөнийг зохицуулах хяналт тавих журмыг баталсан байх бөгөөд уг журмын 1.8.2-д “Үржлийн мал, амьтан худалдан авах, худалдах тохиолдолд мал эмнэлгийн лабораторийн шинжилгээг заавал хийлгэж, эрүүл болох нь тогтоогдсон нөхцөлд тухайн орон нутагт гэрээгээр үйлчилж буй мал эмнэлгийн үйлчилгээний байгууллагаас олгосон гэрчилгээтэйгээр шилжилт хөдөлгөөн хийж байх” талаар журмалж өгсөн бөгөөд журамд зааснаар лабораторийн шинжилгээг заавал хийлгэсний үндсэн дээр шилжилт хөдөлгөөн хийж байх талаар журамлаж өгсөн байгааг дурдах нь зүйтэй байна.

 

2. Онцгой комиссын 4 удаагийн хуралд оролцоогүй, ажил тасалсан тухайд:

Говь-Алтай аймгийн Халиун сумын нутагт намаржиж буй малчин өрхийн суурьт мал, амьтаны гоц халварт өвчин гарсантай холбогдуулан Онцгой байдлын Ерөний газраас 2016 оны 09 дүгээр сарын 26-ны 6/1973 тоот албан бичгээр мялзан өвчинтэй тэмцэх үйл ажилагааг зохион байгуулах зөвлөмжийг хүргүүлсэн. Уг зөвлөмжийн 2.1.1-д зааснаар аймгийн Онцгой комисс 2016 оны 09 дүгээр сарын 14, 10 дугаар сарын 03, 12, 18-ны өдрүүдэд хуралдаж, үүсэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, шаардагатай хөрөнгө зардлыг шийдвэрлэх талаар тухай бүрт хуралдаж байсан байна.

Нэхэмжлэгч ******* 2016 оны 09 дүгээр сарын 26-наас 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан нь эмнэлгийн хуудас, өвчний тэмдэглэлээр нотлогдож байх тул 2016 оны 09 дүгээр сарын 14, 10 дугаар сарын 03-ны өдрийн онцгой байдлын комиссын хурлыг тасалсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хуралд ирсэн боловч аавын бие өвдсөн тул хурлаас явсан нь нэхэмжлэгчийн тайлбар, хурлын тэмдэглэлд тусгагдсан байх тул аймгийн онцгой комиссын хуралд оролцоогүй, ажил тасалсан гэсэн нь үндэслэлгүй бөгөөд харин 2016 оны 10 дугаар сарын 12-ны хуралд оролцоогүй байгаа нь хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна. Иймд шүүх *******г онцгой комиссын 2016 оны 10 дугаар сарын 12-ны хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй байна гэж үзлээ.

Учир нь нэхэмжлэгчийн тухайд бог малын мялзан өвчин гарсантай холбоотой улсын онцгой комисс аймагт ирж ажиллаж байхад тухайн салбарыг хариуцсан удирдах албан тушаалтны тухайд аймгийн онцгой байдлын хуралдаанд оролцох боломжтой байсан хуралдаа оролцоогүй мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт “...улсын онцгой комисс иргээд хуралдаж байхад ирээд асуудлаа яриад явах, ...ийм онцгой нөхцөл байдал үүссэн байхад аймгийн ******* болон онцгой комиссын гишүүдийг бодитой мэдээллээр хангаж үүргээ биелүүлээгүй” гэсэн тайлбар зэргээс *******г ажлын хариуцлага алдсан гэж ажлаас халсан нь үндэслэлтэй байна.

Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар аймгийн ******* Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн, онцгой комиссын хуралд оролцоогүй, ажил тасалсан гэж үзэж Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт зааснаар “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 буюу түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж үзэж ******* ажлаас халсаныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, хуулийн 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг баримтлан  Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн *******гийн нэхэмжлэлтэй,  тус аймгийн  *******д холбогдох аймгийн ******* 2016 оны 10 дугаар сарын 24-ий өдрийн Б/89 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2 . Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Э.ЗОЛБАДРАХ