Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 223/МА2022/00033

 

                                                          

 

 

2022         06             23                                         223/МА2022/00033

 

 

...... ХХК-ий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 151/ШШ2022/00290 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ...... ХХК-ний Төв аймгийн салбарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ......д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 19,860,120,09 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонбаяр, хариуцагч ......, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмагнай,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ...... ХХК-ийн Төв аймгийн салбараас анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ......, ......нар 2015 оны 1 дүгээр сарын 05-нд ......-ны Төв аймаг салбар, Баян тооцооны төвөөс 1-546 тоот зээлийн гэрээ байгуулан 15.000.000 төгрөгийг сарын 1.4 хувийн /жилийн 16,8 хувийн/ хүүтэй 36 сар /3 жил/-ийн хугацаатай өрхийн хэрэглээнд зориулахаар гэрээт цалингийн зээл авсан. Зээлийн барьцаанд цалин, зурагт 42 инч, буйдан, хөргөгч, ханын хивс 4х2, дуков, хөлдөөгч, гал тогооны тавилга зэргийг барьцаалсан.

 

Зээлдэгч нь зээлийн гэрээний 5.1.1 заалтыг зөрчиж, зээлээ хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулсан, 5.1.2 заалтад тусгагдсанаар зээлдэгчийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн болон түүнтэй адилтгах гэрээ цудлагдсан. Банкны зүгээс зээл буцаан дуудах мэдэгдэл өгсөн боловч харилцагч янз бүрийн шалтаг шалтгаан тоочиж, зээлээ төлөхгүй цаг хугацаа авч байна. Зээлийн гэрээний дагуу 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар төлж дуусгах үүрэгтэй байсан одоогоор 2300 хоногоор хугацаа хэтрэн зээлийг төлөөгүй зөрчилтэй байна.

 

Иймд зээлийн гэрээний дагуу 2021 оны 12 сарын 10-ны байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.

 

1. ......, ......нараас зээлийн үндсэн төлбөрийн өр 5.549.195,96 төгрөг, зээлийн хүүгийн өр 14.310.924,13 төгрөг, нийт 19.860.120,09 төгрөгийг гаргуулан өгнө үү.

 

2. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257.251 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ...... нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Төрийн банкнаас авсан цалингийн зээл 15.000.000 төгрөг. Уг зээлийг аваад удалгүй ажлаас халагдаж шүүхэд шилжиж банканд учруулсан хохирол болох 45.000.000 төгрөг, Сум, орон нутгийн хөгжлийн сангийн зээл 5.500.000 төгрөг, хувь хүнээс зээлж иргэн Л.Дорж 3.000.000 төгрөг, мөн иргэн н.Долгороос зээлсэн 1.900.000 төгрөг, бүгд шүүхээр орж төлж барагдуулсан.

 

Дээрх төлбөрүүдийг төлж дуусах хугацаанд цалингийн зээл огт төлөгдөөгүй орхигдсон бөгөөд дууссан хугацаанаас хойш үргэлжлүүлж сар бүр 500.000 төгрөгөөр төлөгдөж байгаа. Одоо зээлийн үлдэгдэл 5.049.000 төгрөг үлдсэн, энэ төлбөрийг би 10 сарын хугацаанд төлж барагдуулах болно. Банкнаас нэхэмжилсэн хүүгийн төлбөр 14.310.924 төгрөгийг төлөх боломж, чадваргүй байгааг минь шийдвэрлэж өгнө үү.

 

Миний бие зургаан хүүхэдтэй, 1 хүүхэд насанд хүрсэн, 4-17 насны таван хүүхэдэй өрх толгойлон амьдардаг. Хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 500.000 төгрөгийг банк барьцаалан зээлийн төлбөрт хийдэг. 2016 оноос эхлэн ажлын байр түрээсэлж /цайны газар/ ажиллуулж гэр бүлээ авч явж байна. Бидэнд ажлын байрны түрээснээс үлдсэн орлого улиралд нэг удаа олгогддог өрх толгойлсон эмэгтэйн 420.000 төгрөгөөс өөр орлогогүй. Иймд миний амьдралын нөхцөл бололцоог харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү. Мөн хамтран зээлдэгчээр татагдсан ......гэх хүн /хамаатан/ орон гэргүй манайд амьдарч хүүхдийг минь харж өгдөг байсан. Бичиг баримт нь надад байсан учир би зээлийн гэрээнд канондож хийсэн ба банканд ирж гарын үсэг зураагүй, би гарын үсгийг нь дуурайлгаж зурсан учир энэ зээлд шүүхээс шийдэгдэх өр төлбөрийг би өөрийн биеэр хариуцан төлж барагдуулна гэжээ.

   

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгө, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар хариуцагч ......эс зээлийн гэрээний үүрэгт нийт 19.860.120 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн Төв аймгийн салбарт олгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257.251 төгрөг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ......эс 257.251 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн Төв аймгийн салбарт олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч ...... гаргасан давж заалдсан гомдолдоо: Миний бие зургаан хүүхэдтэй өрх толгойлон амьдардаг сар бүрийн хүүхдийн мөнгө 500.000 төгрөг, улиралд нэг удаа олгогддог өрх толгойлсон ээжийн 420.000 төгрөг нь миний ......-ний 300400030324 тоот дансанд ормогц өнөөдрийг хүртэл банкнаас татаж авдаг байсан. Миний бие ......-д нийт 12.598.776,38 төгрөг төлсөн.

 

2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан дугаар 1-546 цалингийн зээлийн гэрээ нь 36 сар буюу 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дуусах байсан. Зээлийн гэрээний хугацаа дуусмагц ...... шаардах эрх үүсмэгц шүүхэд огт хандаагүй. 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд хандсан нь хүүгийн төлөлт хэт өндөр гарахад нөлөөлж байна. Цалингийн зээлийн гэрээний 5.1.2-т заасны дагуу зээлдэгчийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн болон түүнтэй адилтгах гэрээ цуцлагдсан, дуусгавар болсон /шалтгаан хамаарахгүй/, Банк гэрээг дангаараа хугацаанаас нь өмнө цуцалж зээлийн төлбөрийг бүхэлд нь шаардах эрхтэй байсан боловч банк энэ эрхээ огт хэрэгжүүлээгүй надад шаардах хуудас хүргүүлээгүй утсаар болон цахим хаягаар огт мэдэгдээгүй, би ч тайлбар тавьж хойшлуулах хүсэлт гаргаагүй. Үүнтэй холбоотой нотлох баримтыг нэхэмжлэгч тал шүүхэд гаргаж өгөөгүй учир нь надад энэ талаар огт мэдэгдээгүй.

 

Иймд хариуцагч ......ээс 19.860.120,09 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...... ХХК-ийн Төв аймгийн салбарт олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

            2. Нэхэмжлэгч ...... ХХК-ийн Төв аймаг салбараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэгт нийт 19.860.120,09 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ......эс үндсэн зээлийн төлбөрт 5.049.000 төгрөгийг 10 сарын хугацаанд төлөхийг хүлээн зөвшөөрч, бусад хэсгийг эс зөвшөөрч мэтгэлцжээ.

 

            3. Хэрэгт авагдан анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзвэл хариуцагч ......, хамтран үүрэг гүйцэтгэгч ......нар нэхэмжлэгч ...... ХХК-ний “Баян ТТ” тооцооны төвөөс 36 сар буюу 3 жилийн хугацаатай, жилийн 16.8 хувийн хүүтэй, 15.000.000 төгрөгийн зээл авч, уг зээлийнхээ барьцаанд Б.......ийн өмчлөлийн Төв аймгийн Баян сумын 3 дугаар баг, Хоолт 1 дүгээр гудамж, 03 тоот хаягт байршилтай нэгж талбарын 18692238084381 дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 32 мкв газар, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн V-......дугаар бүхий хувийн сууцыг барьцаалсан болох нь талуудын хооронд 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан “Барьцаат зээл”-ийн болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны 1-546 тоот гэрээнүүд, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэргээр тогтоогджээ.

 

            4. Анхан шатны зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь зөв байх ба талууд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан зээлийн хүүгийн талаар тохиролцсон, дээрх гэрээг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсгээ зурсан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

5. Зээлдэгч нь зээлийн төлбөрийг гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу төлж байгаагүй болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт зааснаар зээлийн төлбөрийн үлдэгдлийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

6. Зээлийн гэрээний 2.1.4-т “нэмэгдүүлсэн хүү” зээлийн хүүгийн 20 хувь байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, /1995 оны талуудын хооронд гэрээ байгуулагдах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан/ Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасантай нийцсэн, хариуцагч төлөх үүрэгтэй байна.

 

7. Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу зээлээ төлөх боломжгүй нөхцөл байдал байсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй.

 

8. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, 2021 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгө, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас зээлийн төлбөрийг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт гаргуулан шийдвэрлэсэн нь зөв байна.

 

9. Иймд хариуцагч Б.......ийн гаргасан “...банк гэрээг дангаараа хугацаанаас нь өмнө цуцалж зээлийн төлбөрийг бүхэлд нь шаардах эрхтэй байсан боловч энэ эрхээ огт хэрэгжүүлээгүй, шаардах хуудас хүргүүлээгүй, утсаар болон цахим хаягаар огт мэдэгдээгүй, би тайлбар гарган хойшлуулах хүсэлт гаргаагүй, үүнтэй холбоотой нотлох баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгөөгүй байхад 19.860.120,09 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй...” гэх агуулга бүхий давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх хууль зүйн боломжгүй тул хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

10. Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Энхбатаас нэхэмжлэгч тал татгалзсан болохыг дурдав. /хх-ийн 37-р тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 151/ШШ2022/00290 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.......ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 257.251 төгрөг төлснийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4 дэх хэсэгт заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ,­

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                         ШҮҮГЧИД                                                    Г.ТЭГШСУУРЬ

                                                                                                М.МӨНХДАВАА