| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лоолгойн Нямдорж |
| Хэргийн индекс | 2527002320208 |
| Дугаар | 2025/ДШМ/16 |
| Огноо | 2026-03-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Пүрэвдорж |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 2025/ДШМ/16
2026 оны 03 сарын 05 2026/ДШМ/16
Б.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж даргалж, ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд
Прокурор Ц.Пүрэвдорж /цахимаар/
Шүүгдэгч Б.Б
Хохирогчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн /цахимаар/
Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаагийн даргалж шийдвэрлэсэн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2026/ШЦТ/20 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн хохирогч, хохирогчийн өмгөөлөгчийн гомдлуудаар шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн 2527002320208 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, *** боловсролтой, мэргэжилгүй, ***, ам бүл ***, *** нарын хамт Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар баг, "***" гэх газар оршин суух, гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** регистрийн дугаартай, *** овогт Б.Б
Б.Б нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын 6 дугаар баг "Харз" гэх газарт 2025 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө иргэн Ж.Т-г зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр хацар, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос: Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Б.Б-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Б-ын торгох ял оногдуулсан шийдвэрийн биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-оос хохиролд 3,950,071 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Т-д олгохоор, хохирогчийн нэхэмжилсэн үлдэх 10,749,929 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар Ж.Т-д Эрүүл мэндийн даатгалын сангаас үйлчилсэн тусламж үйлчилгээний төлбөр 707,770 төгрөгийг шүүгдэгч Б.Б-оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдаж, "зарлага" гэж бичсэн дэвтрийг хэрэгт хавсаргаж, амбулаториор эмчлүүлэгсдийн картыг, хохирогчоос гаргаж ирүүлсэн CD 1 ширхэг зэргийг хохирогчид буцаан олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогч Ж.Т, хохирогчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийн шүүх хуралдаанд хохирогч Ж.Т-гийн өмгөөлөгчөөр оролцсон. Хэргийн зүйлчлэл тохирсон, хохирогч хэргээ хүлээсэн боловч шүүх хохирлын хэмжээг бүрэн гаргуулаагүй тул гомдолтой байна.
Ж.Т-гөөс 14,000,000 төгрөгийн баримт гаргаж шүүхэд өгснөөс ердөө 3,950,071 төгрөгийг Б.Боос хохирогчид гаргуулж шийдвэрлэсэн нь хангалтгүй. Ж.Т гэмтэл авснаас хойш 50 орчим хоног ар гэрийн ажлаа алдсан, хөдөө мал маллаж, засмал замд ойрхон гүүгээ сааж айраг исгэн, үнээгээ сааж сүүгээ өрмөө борлуулж орлого олдог байсан ажлаа алдаж хохирсноос гадна байнга толгой нь өвдөж хүнд ажил хийж чадахгүй үргэлж эм ууж байгаа учир өвлийн бэлтгэлээ хангаж чадахгүй болсноос түлшний мод, өвсөө худалдаж авсан. Энэ нотлох баримтуудыг хавтаст хэрэгт тусгуулсан. Гэтэл шүүх нотлох баримтыг бодитоор үнэлэхгүй байгаа нь Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.1-д заасан цалин хөлс "түүнтэй адилтгах орлого" гэсэн заалтыг баримтлалгүй шийдвэрлэсэн нь шударга үнэнд нийцэхгүй байх тул Б.Боос 10,748,929 төгрөгийг нэмж гаргуулах гомдол гаргаж байна гэжээ.
Прокурор Ц.Пүрэвдорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх хуралдааны явцад Д.Дашцэрэн өмгөөлөгч, хохирогч нарын зүгээс хохиролтой холбоотой баримтуудыг дурдсан. Улсын яллагчийн зүгээс хохирлыг жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн. Шинжээчийн дүгнэлтэд цаашид хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй гэж дурдсан. Б.Б гэм буруугаа хүлээгээд асуудал шийдвэрлэгдсэн. Ж.Т-гийн олох ёстой байсан орлогын тухайд жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. Ж.Т зодуулснаасаа болоод олон хоног байнгын бусдын асаргаанд орсон, хөдөлмөр эрхлэх чадваргүй болж бие дааж хоол ундаа идэх, бие засах, хувцас солих чадваргүй болсон зүйл байхгүй. Б.Б нь Ж.Тн хамар тус газарт нь цохисон үйлдлийн улмаас хүний хөдөлмөрийн чадвар алдагдана гэж байхгүй. Тодорхой хэмжээнд эмнэлгээр явж эмчлүүлсэн, эмчилгээ хийлгэсэн нөхцөл байдлыг үгүйсгэхгүй. Ж.Т гэдэг хүнд ямар хэмжээний эрүүл мэнд, эдийн засгийн хохирол учирсан түүнийг нь төлүүлье гэж анхан шатны шүүхэд дүгнэлтээ гаргасан. Шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх нь зүйтэй гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт хохирогчоос 10,749,929 төгрөгийн хохирлын баримт өгсөн. Энэ баримт нь эмчилгээ хийлгэсэн болон нааш цаашаа явсан зардал. Түүнтэй холбоотойгоор Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар цалин болон түүнтэй адилтгах орлого гэсэн гомдол гаргасан. Мөн сэтгэцэд учирсан хохирлыг хүлээн зөвшөөрөөгүй дахиж гаргуулах хүсэлт гаргасан боловч мөрдөгч хүлээж аваагүй, албан ёсны хариу өгөөгүй. Хэрвээ энэ хэрэг гараагүй бол Ж.Т эрүүл мэнд, сэтгэл санаа, эд материалаараа хохирохгүй байсан. Мөн зуны цагт малынхаа ашиг шимээр орлого олдог байсан. Малчдын ганц орлогын эх үүсвэр нь 8, 9 дүгээр сарууд байдаг. Энэ улиралд малынхаа шимийг олж чадаагүй учраас энэ мөнгийг нэхэмжилсэн. Хохирогчийн зүгээс хүнд зодуулаагүй, гэмтэл аваагүй бол олох ёстой орлогоо олох байсан. Хохирогч нь хааяа унаж ойчдог өвчтэй болсон. Мөн түлээгээ бэлтгэж чадаагүй, худалдаж авсан учраас хохирлыг гаргаж өгнө үү гэв.
Шүүгдэгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч, гэм буруу дээрээ маргаагүй. Хэрэгт авагдсан бодит хохирлыг бүгдийг төлсөн. Хохирогчийн өмгөөлөгч Д.Дашцэрэнгийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ж.Тн биед хөнгөн гэмтэл учирсан, энэ гэмтэл нь хөдөлмөрийн чадварыг цааш алдагдуулахгүй гэдэг дүгнэлттэй. Уг гэмтэл нь 3-н сараар хүн ажлаа алдах хэмжээний болон сүү саалиа алдах хэмжээний гэмтэл гэж шинжээчийн дүгнэлтэд дурдаагүй. Би ч гэсэн санал нэг байна. Би өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй, бүх хохирлоо төлсөн учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж хохирогч Ж.Т, хохирогчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн нарын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.
Б.Б нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын 6 дугаар баг "Харз" гэх газарт 2025 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө иргэн Ж.Т-г зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр хацар, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Ж.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Тэгээд бид хэд хуруудаад байж байтал Б манай дүү Ж руу "чи яасан том болчихсон юм” гээд дайраад тонгороод унагаасан. Тэгээд би дундуур нь орж салгасан. Тэгсэн чинь Б намайг "яасан том болчихсон юм, гараад ир" гэхээр нь араас нь гарсан чинь Б миний гараас бариад Б хамар луу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Толгой руу гараараа цохисон. Тэгээд би ухаан алдаж унаад, удалгүй буцаад сэргэсэн. Тэгээд гэрээс хүмүүс гарч ирээд би гэр лүүгээ орсон. Тэгсэн чинь хүмүүс гадаа орилолдоод байсан. Тэгээд тэр хэд явцгаасан. Тухайн үед зодоон цохион болсон. Манай саахалт айлын Б миний хамар луу хөлөөрөө нэг удаа өшиглөж, гараараа толгой руу нэг удаа цохисон. Өөр миний биед халдаж цохиж зодсон хүн байхгүй. Би хэн нэгний биед халдаж зодож цохисон зүйл огт байхгүй. Тухайн үед хамар мурийсан, толгой эргэж ухаан алдаж унасан. Одоо толгой байнга өвдөж, даралт ихсэж байна. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээ тогтоолгоно, гомдолтой байна" ... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/,
Гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Тэгээд үүр цайж байхад пижигнээд чанга чимээ гарахаар нь манай эхнэр Жаргал, Ариунаа бид гурав зэрэгцээд гарсан чинь Т цустайгаа холилдчихсон Б-той барьцалдаж аваад гарч ирсэн. Тэгээд бид нар очоод салгасан. Тэгээд тэрнээс хойш зодоон цохион болоогүй. Ирсэн хүмүүс нь явцгаасан..... Зодоон цохион болсныг нь би өөрөө хараагүй. Тг хэн цохисныг би хараагүй. Т Б намайг өшиглөсөн гээд ярьж байсан" ... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/,
Гэрч Г.И мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "..Тэгээд байж байснаа Т Сумьяаг гаръя гээд гарснаа Т Сг боогоод унагаасан. Тэгээд Сумьяа ухаан алдаад удалгүй сэргээд босоод ирсэн. Тэгээд байж байтал Т Б, Б нараас хэрүүл өдөөд Б-ыг “ахын дүү арай болоогүй шүү” гээд байсан. Т Б-ыг "Гурванбулагт байхдаа гоожиж явсан биз дээ" гээд хэрүүл өдөөд байсан. Зодоон цохион болсон. Би тухайн үед сайн хараагүй. Мотоциклоо данхраадчихаад яваад очсон чинь Т-гийн хамраас цус гарчихсан Б-той заамдалцаад зогсож байхаар нь би голоор нь ороод салгасан. Тэгээд намайг салгаж байхад Д, Д-ийн эхнэр, Тгийн эхнэр Ариунаа нар гарч ирээд бид хэд хоёр тийш нь салгасан. Тг Б 2 удаа цохисон гэж Б өөрөө надад хэлсэн. Өөр ямар нэгэн зодоон цохион болоогүй" ... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,
Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Тэгээд байж байснаа Т "пизда минь би чамаас үрээг чинь аваагүй" гэхээр нь "чи хүний үрээ гуйж авчхаад яасан сонин юм бэ" гэсэн чинь Т "Чи яасан том болсон юм намайг. "Харзны гол"-д барах хүн байхгүй, гараад ир, үзье" гэж хэлээд бид хоёр гарсан чинь намайг дөнгөж гарч ирээд цамцнаас татаж ирээд хамар луу дэлссэн. Тэгээд Т намайг хоолойд байсан сахиусаар цамцны захтай давхар боогоод унагаасан. Тэгээд би ухаангүй хэвтэж байгаад сэргэсэн чинь газар хэвтэж байсан. Тэгээд У, Б нар намайг өргөж босгоод Б, У нар намайг гэрт хүргэж өгсөн. Намайг ухаан алдсан хойгуур юу болсныг би мэдээгүй. Хамар хавдсан байсан. Хоолой сахиусны ором гарсан байсан. Эмнэлэгт үзүүлээгүй. Одоо ямар нэгэн гэмтэл шарх, сорви байхгүй. Намайг ухаан алдаж унахаас өмнө хэрүүл маргаан, зодоон цохион болоогүй. Ухаан алдсаны дараа юу болсныг мэдэхгүй байна. Тг Б цохисон. Би цохиж байхыг нь өөрөө нүдээрээ хараагүй. Маргааш нь Б надад Тг би 1 удаа цохисон гэж ярьж байсан" ... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,
Гэрч Ж.Ж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Тэгээд С ахтай хамт гэр лүү нь явж байсан чинь чимээ гарахаар нь эргээд харсан чинь тус няс гээд явчихаар нь яваад очсон чинь Т ах цустайгаа холилдчихсон байсан. Б, Б хоёрын дээл нь цус болчихсон байсан. ... Т ахын биед хэн халдсаныг би хараагүй. Хэн цохисныг мэдэхгүй байна" ... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,
Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд амраад байж байсан чинь 06 цагийн үед хүмүүс гадаа шуугилдаад явчихсан. Тэгэхээр нь гарсан чинь манай нөхөр Т миний нүүр лүү өшиглөчихсөн гээд цустайгаа холилдчихсон, хувцас нь урагдчихсан портерын урд сууж байсан. Тэгээд Б, Б нар манай нөхөр Т рүү дайраад заамдаж аваад байсан. Тэгээд би салгах гэсэн чинь салгаж чадахгүй байсан. Тэгээд багийн дарга Д эхнэртэйгээ гарч ирээд салгасан" ... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 11216 дугаартай "Ж.Т-н биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр хацар, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй." ... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 38-40 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 0825/157 дугаартай шинжээчийн: ... сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлд хамаарахгүй" ... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас/,
Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: "... Прокурорын тогтоол болон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна" ... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас/,
Хохирогч Ж.Т-гийн яаралтай тусламж авсан болон эмнэлгээр үйлчлүүлсэн талаарх баримтууд /хавтаст хэргийн 64-71 дүгээр хуудас/,
Хохирогч Ж.Т-гөөс гаргаж өгсөн хохирлын баримтууд /хавтаст хэргийн 75-79 дүгээр хуудас/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
Хохирогч, хохирогчийн өмгөөлөгчөөс давж заалдах шатны шүүхэд ... Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасны дагуу ... цалин хөлс, түүнтэй адилтгах орлого буюу 10,748,929 төгрөгийг Б.Б-оос нэмж гаргуулж өгнө үү гэх агуулга бүхий гомдлыг гаргасан боловч шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид 10,748,929 төгрөгийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлого олж байсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байх тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2026/ШЦТ/20 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ШҮҮГЧИД Н.ЭНХМАА
Б.ЦЭРЭНПҮРЭВ