Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2026/ДШМ/08

 

 

      2026           02          24                                       2026/ДШМ/08

 

 

З.Ж холбогдох

эрүүгийн хэргийн тухай

            У аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн Ерөнхий шүүгч Л.Алтан, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанд:

прокурор Ц.Нэргүй, шүүгдэгч З.Ж, түүний өмгөөлөгч С.Сарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,

            У аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж явуулсан шүүх хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/254 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Ж, түүний өмгөөлөгч С.Сарангэрэл нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, З.Ж холбогдох, 000 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, Ш ургийн овогт З.Ж 1990 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Д аймгийн С суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл хоёр, хүүхдийн хамт У, аймгийн*** сумын 5 дугаар баг, *** гэх газар оршин суудаг, У аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн, мөн тус шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил 2 сар 10 хоногийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн.

1. Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч З.Ж нь шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр согтуугаар У аймгийн У сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт “Yingang” загварын, улсын дугааргүй мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

  2. У аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүйгээс шүүгдэгч З.Ж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

3. У аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/254 дүгээр шийтгэх тогтоолоор:

- шүүгдэгч Шалбаг ургийн овогт З.Ж хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Жг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жил хорих ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2дахь хэсгийн 2.3-т заасныг баримтлан шүүгдэгч З.Ж энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил хорих ял дээр У аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/176 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 9 (ес) сар 16 (арван зургаа) хоногийн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 1 (нэг) жил 9 (ес) сар 16 (арван зургаа) хоногоор,

- мөн энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 (гурав) жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эрх хасах ялаас эдлээгүй үлдсэн 3 (гурав) жил 11 (арван нэг) сар 1 (нэг) хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг 6 (зургаа) жил 11 (арван нэг) сар 1 (нэг) хоногоор тус тус тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,

- шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ж авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ мөчөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

- шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            4. Шүүгдэгч З.Ж, түүний өмгөөлөгч С.Сарангэрэл нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... 2025 оны 5 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байхад буюу 7 дугаар сарын 15-ны өдөр дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл гаргасныг өмнөх үйлдэлтэй хамтад нь шийдвэрлэх боломжтой байхад тус тусад нь шийдвэрлэж, 2 шийтгэх тогтоолоор ял оногдуулж, миний эрх зүйн байдлыг дордуулсан тул уг гомдлыг гаргаж байна” гэжээ.

            5. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сарангэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “ 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн З.Ж хариуцлага ноогдуулсан шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар давж заалдах гомдлыг гаргасан. Гомдлоо дэмжиж байна.

            Нэгдүгээрт, З.Жы согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 7 дугаар сарын 15-ны үйлдэл нь 2025 оны 8 дугаар сарын 08-ны шийтгэх тогтоол гарахаас өмнө илэрсэн байхад анхан шатны шүүх З.Жыг ял эдэлж байхдаа гэмт хэрэг үйлдсэн мэтээр дүгнэж, ял оногдуулах журмыг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа. З.Ж 7 дугаар сарын 15-ны өдөр  согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл хийх үедээ ял шийтгүүлсэн байгаагүй, 2025 оны 11 дүгээр сарын 20-нд буюу энэ хэргийг эцэслэн шийдвэрлэж байхад 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн шийтгэх тогтоолоор ял эдэлж байсан. Харин 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр гэмт хэрэг үйлдэхдээ ял эдэлж байгаагүй гэдгийг шүүх харгалзаж үзээсэй. Ял эдэлж байхдаа гэмт хэрэг үйлдсэн мэтээр дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг зүйлийг хэрэглэж  ял оногдуулсан нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл,  эхний гэмт хэрэг буюу  2025 оны 5 дугаар сарын 22-ны үйлдэл шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэхээс өмнө үйлдсэн үйлдлийг шийтгэх тогтоол гарсны дараа үйлдэгдсэн мэт дүгнэж, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулсан нь манай үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.

            З.Жы 5 дугаар сарын 22, 7 дугаар сарын 15-ны үйлдлүүд хоёулаа 8 дугаар сарын 08-ны өдрөөс өмнө үйлдэгдсэн. Иймд, энэ тохиолдолд  хэд хэдэн шийтгэх тогтоолоор биш харин хэд хэдэн гэмт хэрэгт ял оногдуулах журмыг баримталж ял оногдуулах ёстой байсан гэж үзэж байна. Давтан гэмт хэрэг биш,  харин шүүхээр шийдвэрлэгдээгүй байсан хэд хэдэн гэмт хэрэг учир шийтгэх тогтоол гарсны дараа дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдлоос өөрөөр авч үзэх ёстой гэж үзэж байгаа.

            Хоёрдугаарт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг буруу хэрэглэж, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулж, нэмж нэгтгэсэн нь ялыг хэт хүндрүүлсэн гэж үзэж байгаа.

            Анхнаасаа хэргийг нэгтгэн шийдвэрлэж, гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулсан бол түүнд хэд хэдэн гэмт хэрэгт ял оногдуулах журмыг баримталж ял оногдуулах бодит боломж байсан. Энэ 2 хэрэг хоёулаа 1 мөрдөгч дээр шалгагдаж байсан. 2025 оны 5 дугаар сарын 22-нд үйлдсэн  хэргийг шалгаад явж байхад нь 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр үйлдсэн гэмт хэргийн асуудлаа бас хамтатган шийдвэрлүүлье гэдэг хүсэлтээ З.Ж өөрөө мөрдөгчид амаар хэлж байсан. 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдөр шүүх хуралдаанд орохдоо энэ 2 хэрэг хамт шийдвэрлэгдсэн гэж ойлгож, 9 дүгээр сараас эхлэн зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлээд явж байсан гэж Жаргалсайхан хэлдэг.

            Бодит боломжийг хэрэглэхгүйгээр хэргийг 8 дугаар сарын 08-нд шийдвэрлэчихсэн, хүчин төгөлдөр болчихсон тул  шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл байхгүй гэж үзэж байгаа. Харин бид нарын маргаж байгаа асуудал 11 дүгээр сарын 20-нд З.Жы 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр үйлдсэн хэргийг шийдвэрлэж, ял оногдуулахдаа хэд хэдэн шийтгэх тогтоол биш хэд хэдэн гэмт хэрэгт ял оногдуулах журмыг баримтлах ёстой байсан ч баримтлаагүй, үүнээс болоод З.Жы эрх зүйн байдал дордож, 2 шийтгэх тогтоолоор ял оногдуулаад байгаа.

            Тэгэхээр анхан шатны шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулсан нь З.Жы эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахиж хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэдэг гомдлыг гаргасан.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг буруу хэрэглэсэн үндэслэлээр хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

  6. Прокурор Ц.Нэргүй давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ: “... Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч З.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хөтөлбөргүй нотлогдон тогтоогдсон. Хэргийн үйл баримтын тухайд 3 удаагийн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Сүүлийн 2 удаагийн үйлдэл 2025 оны 5 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө, 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр тус тус үйлдсэн.

Эхний гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож, шүүхэд яллах дүгнэлт үйлдэж, шилжүүлсний дараагаар, дараагийн гомдол прокурорын шатанд орж ирсэн байдаг. Хянагдаад, эхний шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараагаар 7 дугаар сарын 15-ны үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагчаар татсан.

Нотолгооны хувьд 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн үйлдэл, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогдоогүй байсан учраас тухайн үед эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй. Цаг хугацааны хувьд ийм нөхцөл байдал тогтоогдож байгаа.

Мөн өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийг буруу хэрэглэсэн байна гэдэг зүйл яриад байна. Шүүгдэгч З.Жы хувьд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулсан, эхний шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болсон. Ийм учраас Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэсэн нь үндэслэлтэй байна гэж үзэж байгаа. Мөн 6.8 дугаар зүйлийг баримтлан хэргийг нэгтгэж шийдсэн нь үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна.

Хэргийн үйл баримтаар З.Ж нь 2024 онд мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үйлдэж, яллагдагчаар татагдсан. Тус гэмт хэрэг үйлдэх үедээ З.Жы хувьд хувийн байдлын тухайд авч үзэх юм бол хийсэн хэрэгтээ гэмшиж дүгнэлт хийсэн зүйл байхгүй. Хэргийн үйл баримтаар 2%-иас дээш согтолттой, дандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтайгаар уг гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал тогтоогдож байгаа.

 Иймд анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 254 дугаартай шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэсэн тайлбарыг гаргаж байна” гэв.

 7. Шүүгдэгч З.Ж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явж байгаад баригдаж, ахлах дэслэгч А-д байцаагдаж байх хугацаандаа 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн. Тус мөрдөгч нь прокурорт хэргийг маань шилжүүлсэн. Би миний үйлдсэн хоёр хэргийг нэгтгээд шилжүүлж байна гэж ойлгосон.

2025 оны 8 дугаар сарын 08-ны өдөр шүүх хуралдаан болж, надад 1 жил зорчих эрхийг  хязгаарлах ял оногдуулсан. Би зорчих эрхийг хязгаарлах ялаа эдэлж, бугуйн цаг зүүгээд явж байсан. 11 дүгээр сарын 20-ны өдөр намайг дуудаж, дахин шүүх хуралдаан болоод, 1 жил 9 сар 16 хонгийн хорих ял оногдуулсан, өнөөдрийн байдлаар биеэр 94 хоногийг нь эдэлж байна.

Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, дахин ийм алдаа гаргахгүй. Хүүхэдтэйгээ хоёулхнаа амьдардаг” гэв.

                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

           1. У аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/254 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч З.Ж, түүний өмгөөлөгч С.Сарангэрэл нарын давж заалдсан гомдлыг үндэслэн, З.Ж холбогдох, 000 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

          2. У аймгийн Прокурорын газраас, шүүгдэгч З.Жыг  тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр У аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуугаар “Yingang” загварын, улсын дугааргүй мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.    

          3. Шүүгдэгч З.Ж холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/254 дүгээр шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргажээ.         

           4. Хэргийн баримтаар, шүүгдэгч З.Ж нь У аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/169 дугаартай шийтгэх тогтоолоор:  

             - тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр согтуугаар  тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ  2 жилийн хугацаагаар хасуулж, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэгдсэн,

            -  дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялаа эдэлж дуусаагүй байхдаа, 2025 оны 05 сарын 21-22-нд шилжих шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн,

             - мөн 2025 оны 7 сарын 15-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон  гэмт хэрэг үйлдсэн нь тус тус тогтоогдсон байна.

          5. Прокуророос, шүүгдэгчийн 2025 оны 05 сарын 21-22-нд шилжих шөнө үйлдсэн болон 2025 оны 7 сарын 15-ны өдөр үйлдсэн үйлдэл тус бүрт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж,  тус тусад нь яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

             Анхан шатны шүүх шүүгдэгч З.Жы 2025 оны 05 сарын 21-22-нд шилжих шөнө үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т заасан гэмт хэргийг 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 2025/ШЦТ/176 дугаартай шийтгэх тогтоолоор,

-  шүүгдэгчийн 2025 оны 07 сарын 15-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т заасан гэмт хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 2025/ШЦТ/254 дүгээр шийтгэх тогтоолоор тус тус гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.  

            6. Анхан шатны шүүх шүүгдэгч З.Ж холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 2025/ШЦТ/254 дүгээр шийтгэх тогтоол гаргахдаа дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзээгүйгээс шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэл бүхий болж чадаагүй байна.  

         6.1. Анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/254 дүгээр шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг / тогтоолын 4 дэх тал, 3.3 гэж дугаарласан/-т:  У аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/176 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч З.Ж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1дэх хэсгийг баримтлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил 2 сар 10 хоногийн хугацаагаар хасах, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан, уг хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж үзнэ” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй.

          Тодруулбал, шүүгдэгч нь У аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/176 дугаар шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдсэн гэмт хэрэгтээ яллагдаж байгааг шүүх анхаараагүй байна.  Энэ талаар гаргасан өмгөөлөгчийн гомдол, тайлбар үндэслэлтэй байна.

          Мөн шүүхээс, шүүгдэгчийг 2025 оны 07 сарын 15-ны өдөр үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэхдээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан “хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах журам”-ыг хэрэглээгүй хууль зүйн үндэслэл болон мөн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан “хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах  үндэслэл, журам”-ыг хэрэглэсэн хууль зүйн үндэслэлийн талаар тус тус дүгнэлт хийгээгүй.

          Нөгөөтэйгүүр, шүүгдэгч З.Ж 2025 оны 05 сарын 21-22-нд шилжих шөнө үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т заасан гэмт хэрэгтээ ял шийтгүүлээгүй байхдаа 2025 оны 07 сарын 15-ны өдөр дахин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т заасан гэмт хэрэг үйлдсэнийг цагдаагийн байгууллага тухайн өдөр нь илрүүлэн, гомдол мэдээллийн бүртгэлд авч шалгасан атлаа шүүгдэгчийн хэд хэдэн удаагийн үйлдлийг нэг яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлүүлэх байдлаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх хууль зүйн боломж байгаа эсэхийг мөрдөгч, прокурор анхаараагүйг  дурдах нь зүйтэй байна.               

          6.2. Шүүгдэгч З.Ж нь У аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил 2 сар 10 хоногийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлснээс хэд хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлсэн талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

          Хэрэгт авагдсан, У аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 01/1901 тоот албан бичиг /хх-ийн 79-р тал/-т дурдсанаар, 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар З.Ж нь  4 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн байх бөгөөд сүүлчийн шийтгэх тогтоол гарсан хугацаа буюу 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 254 дүгээр шийтгэх тогтоол гарах үед өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээ тодорхойгүй. Тэрээр 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш уг ялаа эдэлсэн эсэх, эдэлсэн бол хэдий хэмжээний ял эдэлсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар шагналын хоног авсан эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

           Анхан шатны шүүхээс шүүгдэгч З.Ж холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцэж гаргасан шийтгэх тогтоол/7-р тал/-д:  “шүүгдэгч З.Ж оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил 2 сар 10 хоног хасах, 1 жил зорчих эрх хязгаарлах ялаас 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 3 жил 11 сар 01 хоногийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял, 9 сар 16 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын үлдэгдэлтэй байна” гэх дүгнэлт хийсэн нь нотлох баримтад үндэслээгүй, тодруулбал, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг сүүлийн шийтгэх тогтоол гарсан 2025 оны 11дүгээр сарын 20-ны өдөр хүртэл тоолж, ял эдэлсэнд тооцсон нь үндэслэлгүй болжээ.

           7. Анхан шатны шүүх шүүгдэгчийн хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ түүний өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нотлох баримтад үндэслэн тооцоолоогүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т заасан “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

           8. Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйл, 39.7 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарч, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болох бөгөөд давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд зөвтгөн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.                    

          9. Шүүгдэгч З.Ж хэрэг анхан шатны шүүхэд очих хүртэл хугацаанд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх аргах хэмжээ авах нь зүйтэй байна.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасныг тус тус удирдлага болгон,

ТОГТООХ нь:

  1. У аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/254 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч З.Ж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх аргах хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.МӨНХЖАРГАЛ

                                                                         ШҮҮГЧ                                Д.КӨБЕШ

                                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Л.АЛТАН