Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 223/МА2022/00035

 

                                                          

 

 

 

 

     2022         06             23                                      223/МА2022/00035

 

 

......-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 151/ШШ2022/00307 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ......-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ............, ............т холбогдох,

 

Хамтран ажиллах гэрээний үүрэгт 313,328,736 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхтулга /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Билгүүн /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбаяр, П.Дэмчигжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхтулга шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Нэхэмжлэгч ............ нь гэрийн утаагүй зуухны патент эзэмшигч бөгөөд БНХАУ-ын талаас нэхэмжлэгч компанийн оюуны өмчийн бүтээлийин загвар, нээлтийг ашиглаж гэрийн утаагүй зуухыг үйлдвэрлэсэн. Нэхэмжлэгч компанийн зүгээс 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ............ Ж.Батжаргалтай хамтын ажйллагааны 01, 02 тоот гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээ тус аймгийн ............ хэрэгжүүлж байгаа "Эко тохилог хашаа" төслийн хүрээнд хийгдэж байгаа ажил байсан. Уг төслийн дагуу Төв аймгийн сумдуудын айл өрхийг утаагүй зуухаар хангаж агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн ажлууд хийгдэж, нэхэмжлэгч компани утаагүй зуух нийлүүлэхээр болсон.

Дээрх төслийн хүрээнд байгуулсан хамтын ажиллагааны гэрээнд заагдсан нөхцлийн дагуу Төв аймгийн зүгээс БНХАУ-тай холбогдож энэхүү сүүлийн үеийн технологид суурилсан зуухнаас буцалтгүй тусламжаар 3200 ширхэг зуухыг авч, Төв аймгийн оршин суугчдад үнэ төлбөргүй тараахаар нэхэмжлэгч ......-аар зуучлуулан БНХАУ-тай холбогдож, ийнхүү буцалтгүй тусламжаар 3200 зуухыг авахаар болсон. Хамтын ажиллагааны гэрээнд заагдсан нөхцөлийн дагуу 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр ............т 3200 ширхэг зуухыг хүлээлгэн өгсөн бөгөөд уг зуухыг Төв аймгийн айл өрхүүдэд үнэ төлбөргүй олгосон гэдгээ ............ албан бичигтээ дурдсан байсан. Мөн Төв аймгийн Засаг даргын зүгээс 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01/1995, 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 01/59 тоот албан бичгүүдээр дээрх төслийг үргэлжлүүлэн хамтран ажиллах саналыг удаа дараа тавьж байсан.

Хамтын ажиллагааны гэрээний дагуу 3200 ширхэг зуухыг БНХАУ-аас Монгол улсын хилээр оруулж ирэхэд гааль болон НӨАТ-ыг ............ болон ЗДТГ төлж барагдуулах талаар талууд тохиролцсон бөгөөд үүний дагуу нэхэмжлэгч компанийн зүгээс 3200 ширхэг зуухыг Монгол улсын хилээр оруулж ирж ............, ............ын газарт хүлээлгэн өгсөн. 3200 ширхэг зуухыг Монгол Улсын хилээр оруулж ирэх үйл ажиллагаатай холбоотойгоор ............ нь 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 01/1045 дугаартай албан бичгээр Сангийн дэд сайдад хандаж буцалтгүй тусламжаар орж ирж буй зуухыг НӨАТ-аас чөлөөлж өгөх талаар дэмжлэг хүссэн бөгөөд тус хүсэлтийг Сангийн яамнаас шийдвэрлэж 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 10/3854 дугаартай албан бичгээр Гаалийн ерөнхий газарт "3200 ширхэг, нийт 2,880,000 юанийн үнийн дүн бүхий зуухад ногдох гааль, нэмэгдсэн өртгийн албан татварыг Төв аймгийн төсвөөс 2017 оны 3 дугаар улиралд багтаан төлөх тул 2017 оны 3 дугаар улирлыг дуустал 507 горимоор оруулж өгнө үү" гэж санал тавьсны дагуу нэхэмжлэгч компани 507 дугаар горимын дагуу дээрх 3200 ширхэг зуухыг улсын хилээр оруулж ирсэн.

2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 03-1/1961 тоот албан бичгээр Гаалийн ерөнхий газраас дээрх гэрийн зуухны гаалийн болон НӨАТ болох 208,885,824 төгрөгийг төлүүлэх арга хэмжээ авахаар нэхэмжлэгч компани болон ............д мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Түүнчлэн, нэхэмжлэгч компанийн зүгээс 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Засаг даргын орлогч бөгөөд дэд бүтэц хариуцсан төслийн удирдагчид дээрх зуухны гааль болон НӨАТ болох мөнгийг төлж барагдуулахыг хүсч албан тоот хүргүүлсэн боловч хариу өгөхгүй хүлээлгэсээр байгаад 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр дээрх төлбөрийг аймгийн төсвөөс төлөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Энэ хугацаанд Төв аймгийн удирдлагуудын зүгээс гаалийн дээрх төлбөрийг төлж барагдуулах талаар ямар нэгэн дорвитой арга хэмжээ авахгүй, хариу өгөхгүй байсаар байтал Гаалийн ерөнхий газар нь Экоресурс компанийг хариуцагчаар татан гаалийн төлбөр, НӨАТ болон алдангид нийт 313,328,736 төгрөг гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1754 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 1317 дугаар магадлал зэргээр Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, Гаалийн тухай хуулийн 294.1 дүгээр зүйлийн 294.1.1  дэх хэсэгт тус тус заасныг баримтлан ............-аас 313,328,736 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Хариуцагч ............ гэрээний үүргээ зөрчсөн болон төрийн захиргааны байгууллагуудын хоорондын уялдаа холбоогүй үйл ажиллагаанаас болсон асуудлын улмаас үүссэн өр төлбөр, татварын төлбөрийг нэхэмжлэгч компани шүүхийн шийдвэрийн дагуу төлөх болчихоод байна. Өөрөөр хэлбэл, хамтын ажиллагааны гэрээний дагуу 3200 утаагүй зуухны гаалийн төлбөрийг хариуцагчийн зүгээс төлөхөөр тохиролцож Төв аймгийн 2017 оны төсөвт суугдаж, 3 дугаар улиралд багтаан төлөх ёстой байсан хэдий ч төрийн байгууллагын хойрго, хайхрамжгүй үйл ажиллагаанаас болж нэхэмжлэгч "'Экоресурс" ХХК нь өр төлбөрт ороод байна. Хэрэв хариуцагч нар нь гэрээний үүргээ биелүүлж дээрх төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулсан бол нэхэмжлэгч компани нь ийм хэмжээний төлбөрийн өрөнд орохгүй байсан. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэгт хариуцагч нараас 313,328,736 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,724,600 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбаяр хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ............-тай Төв аймгийн зүгээс 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хамтын ажиллагааны 1 дүгээр гэрээ, 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хамтын ажиллагааны 2 дугаар гэрээг тус тус байгуулан Зуунмод сумын айл өрхүүдэд эрчим хүчний хэмнэлттэй, утааг бууруулах чиглэлээр айл өрхүүдэд үнэгүй зуух тараах гэрээг байгуулж хамтран ажилласан байдаг. Тус гэрээгээр талууд ............-ийн зүгээс айлуудад үнэ төлбөргүй Төв аймагт нийлүүлэх, Төв аймгийн зүгээс айл өрхүүдэд үнэгүй тараах үүргийг гэрээгээр хүлээсэн байдаг. Тухайн гэрээнд нэхэмжлэгчийн зүгээс хэлж байгаачлан тээврийн зардлыг Төв аймаг хариуцна гэсэн боловч ямар нэгэн заалт байхгүй. Нэхэмжлэгч талын хүсэлтийн дагуу мөн Гаалийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т зааснаар буцалтгүй тусламжаар оруулж ирсэн бараа бүтээгдэхүүн нь татвараас чөлөөлөх хуулийн заалтын дагуу төрийн байгууллагын зүгээс Сангийн яаманд НӨАТ-аас чөлөөлж өгнө үү гэх хүсэлтийг 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 01/1045 дугаар албан бичгээр хүргүүлсэн. Энэ бичигт манай талаас ямарваа нэгэн байдлаар төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй. Манайд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр улсын хэмжээнд тухайн төслийг Зуунмод суманд хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ компани нь буцалтгүй тусламжаар бараа оруулж ирж байгаа бараа учраас НӨАТ-өөс чөлөөлж өгөх хүсэлтийг манай талаас уламжилж өгсөн. Тэгэхээр манай тал ямар нэгэн байдлаар гэрээний үүрэг хүлээгээгүй бөгөөд Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т зааснаар гаалийн татвар бусад татварыг татвар төлөгч төлнө гэж заасан байдаг. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т татвар төлөгч гэж хэн бэ гэдгийг тодорхой заасан байдаг. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-т зааснаар мэдүүлэг гэх зүйлийг тодорхой заасан байдаг. Тэгэхээр нэхэмжлэгч нь татвар төлөгч, мэдүүлэг гаргагч этгээдээр 507 гэх горимоор мэдүүлсэн байдаг бөгөөд өөрсдөө мэдүүлэгтээ дурдсан байдаг. Сангийн яамнаас хариу хүргүүлэхдээ Төв аймагт ямарваа нэгэн хариу өгөөгүй. Гэхдээ зөвхөн Гаалийн ерөнхий газар руу Төв аймгийн 3 дугаар улирлын төсөвт багтаан 507 горимоор оруулж өгнө үү гэх албан бичиг хүргүүлсэн. Төв аймаг руу ямар нэгэн байдлаар үүрэг хүлээлгэх бичиг хүргүүлээгүй. Тэгэхээр 507 гэх горим нь гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах ёстой зохицуулалт бөгөөд энэ нь Монгол улсын хилээр оруулан наашаа ирүүлснийг гэрчийн мэдүүлгээр тогтоосон нь зүйтэй. Тиймээс нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Дэмчигжав хариу тайлбартаа: Г.Ганбаяр төлөөлөгчийн саналыг дэмжиж байна. Нэмэлт тайлбар байхгүй.Бид хүлээж аваад Төв аймгийн Зуунмод суманд зуухыг үнэгүй тараасан бөгөөд зуухны аюулгүй байдлыг ажигласан гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус зааснаар хариуцагч ............, ............т холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэг 313.328.736 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ............-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.724.593 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Билгүүн давж заалдах гомдолдоо: Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ............-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ............, ............ын газарт холбогдох хамтран ажиллах гэрээний үүрэгт 313 328 736 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэгдсэн. Тус шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 151/ШШ2022/00307 дугаартай шийдвэрээр нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжпэгч талаас эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлж, дүгнэж чадаагүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...гэрээнд бичигдсэн талууд тохиролцсон тохиролцоо бол "улсын хилээр оруулж ирсэн зуухыг тус аймгийн Зуунмод сумын гэр хорооллын айл өрхүүдэд үнэ төлбөргүй бүртгэл хөтлөн, зуухны хэрэглээнд зааварчилгаа өгөх, хяналт тавих" байтал улсын хилээр оруулж ирэхэд төлөгдөх татвар болон бусад төлбөрийн талаар ямар нэгэн тохиролцоо болон үүргийг хариуцагч хүлээгээгүй байна..." гэжээ. Хэргийн үйл баримтын хувьд хариуцагч ............ /тухайн үеийн Засаг дарга Ж.Батжаргал/ нь 2016 оны зун нэхэмжлэгч компанийн захирал Ц.Мөнхбаатартай холбогдож тус аймагт хэрэгжиж байгаа "Эко тохилог" хашаа төслийн хүрээнд аймаг болон сумуудын утааг бууруулах зорилготой байх тул өөрсдийн зуухаа нийлүүлэх санал тавьсан байдаг бөгөөд нэхэмжлэгч компани нь тухайн үеийн үйл ажиллагаа, эдийн засгийн нөхцөл байдал, үйлдвэрлэх шат дамжлага, ажиллах хүч, нөөц бололцоо зэргээ тооцож энэ удаадаа боломжгүй байна гэх хариуг өгч буцаасан байдаг. Гэтэл Төв аймгийн удирдлагууд дахин, дахин холбогдож санал тавьж байсныг үндэслэж зохигчид 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1 дугаартай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу нэхэмжлэгч компани нь БНХАУ-д өөрийн зардлаар утаагүй 3200 ширхэг зуухыг үйлдвэрлэж Зуунмод хотын айл өрхөд үнэгүй тараах үүргийг хүлээсэн бөгөөд тус үүргийнхээ дагуу хариуцагч нарт утаагүй зуухыг 3200 ширхэгийг хүлээлгэн өгч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн байдаг.

Талуудын тохиролцооны дагуу зуухыг үйлдвэрлэж, тээвэрлэх асуудлыг нэхэмжлэгч компани хариуцаж байсан бөгөөд уг тохиролцооны дагуу өөрийн зардлаар 3200 ширхэг утаагүй зуухыг үйлдвэрлэж, түүнийгээ тээвэрлэн Замын-Үүдийн гааль дээр авчирсан ба гаалийн байгууллагаас Засгийн газрын 2014 оны 194 дүгээр тогтоолд өөрчлөлт орж дээрх нэр бүхий бараа, таваарт гаалийн татвар ногдуулдаг болсон гэдгийг нэхэмжлэгч компанийн захирал Ц.Мөнхбаатар нь Замын-Үүдийн гааль дээр ирээд буюу 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр мэдсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор ............тай холбогдсоны үндсэн дээр гааль болон НӨАТ-ыг Төв аймаг хариуцахаар болж, ............, Сангийн яам, Гаалийн ерөнхий газрын албан бичгийг үндэслэж 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр дээрх зуухуудыг гаалиар нэвтрүүлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулж ирсэн. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт "...иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ...", 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт "...хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно...", 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт "...хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ...", 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт "...хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй...", 187 дугаар зүйлийн 187.2 дахь хэсэгт “Гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд энэ хуулийн 186 дугаар зүйлд заасан үүрэг үүсч болно..." гэж тус тус заасан бөгөөд хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч компанийн зүгээс 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан 1 дугаартай Хамтын ажиллагааны гэрээгээр тохиролцоогүй, нэмэлт тохиролцоо буюу гааль болон НӨАТ-ын төлбөрийг хариуцагч ............ар төлүүлэх хүсэл зорилгоо 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр илэрхийлснийг хариуцагч ............ хүлээн авч, талуудын тохиролцоо хүчин төгөлдөр болсон. Талуудын дээрх тохиролцооны дагуу ............ нь 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 01/1045 дугаартай албан бичгээр Сангийн дэд сайдад хандаж дээрх зуухыг НӨАТ-аас чөлөөлж өгөх талаар дэмжлэг хүссэн бөгөөд тус хүсэлтийг Сангийн яамнаас шийдвэрлэж, 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 10/3854 дугаартай албан бичгээр Гаалийн ерөнхий газарт 3200 ширхэг, нийт 2,880,000 юанийн үнийн дүн бүхий зууханд ногдох гааль НӨАТ-ыг Төв аймгийн төсвөөс 2017 оны 3-р улиралд багтаан төлөх тул 2017 оны 3-р улирлыг дуустал түр горимын дагуу оруулж өгнө үү гэсэн агуулга бүхий төрийн эрх бүхий байгууллагуудын албан бичгийг үндэслэж нэхэмжлэгч компани дээрх 3200 ширхэг зуухыг гаалиар оруулж ирсэн. Дээрх албан бичгүүдийг нэхэмжлэгчийн зүгээс хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд шүүх дээрх албан бичгүүдийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлж, дүгнэхгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн, 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 03-1/1961 тоот албан бичгээр ГЕГ-аас дээрх гэрийн зуухны гаалийн болон НӨАТ болох 208,885,824 төгрөгийг төлүүлэх арга хэмжээ авахаар нэхэмжлэгч компани болон ............д мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч компанийн зүгээс 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Засаг даргын орлогч бөгөөд дэд бүтэц хариуцсан төслийн удирдагчид дээрх зуухны гааль болон НӨАТ-ыг ГЕГ-т төлж барагдуулахыг хүсч албан бичиг хүргүүлсэн боловч хариу өгөхгүй байсаар 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор дээрх төлбөрийг Төв аймгийн төсвөөс төлөх боломжгүй гэсэн хариу өгсөн байдаг. Төв аймгийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 01/1344 дугаартай албан бичиг, мөн хариуцагч Төв аймгийн Засаг даргын шүүхэд ирүүлсэн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 01/1739 дугаартай хариу тайлбар гаргах тухай албан бичгүүдэд "...цар тахлын хүндрэлтэй энэ нөхцөлд НӨАТ-ыг төлөх боломжгүй байна...", "...тухайн жилийн 3 дугаар улиралд Төв аймгийн төсвөөс НӨАТ-ыг төлөөгүй болно..." гэсэн хариуг ирүүлдэг бөгөөд эдгээр бичгүүдээс үзэхэд ............ гэрээний дагуу үүрэг хүлээсэн нь тодорхой харагддаг. Дээрх бичгүүдэд "хамтын ажиллагааны гэрээний дагуу төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй гэдэг нэг ширхэг ч үг, өгүүлбэр" байдаггүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт "...хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно..." гэж заасан байдаг. Гэтэл шүүх хариуцагч Төв аймгийн Засаг даргын дээрх тайлбар, албан бичгүүдийг нотлох баримтаар үнэлэхгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас тухайн үеийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Батжаргал болон Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Саран-Эрдэнэ нарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасны дагуу шүүх хүсэлтийг хангаж, 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд эдгээр хүмүүс гэрчээр оролцсон. Гэрч Ж.Батжаргалын хувьд тухайн гэрээг хариуцаж байгуулж байсан, хоорондын тохиролцоог нарийн сайн мэдэж байсан хүний хувьд бид шаардлагатай зүйлүүдийг тодруулахаар гэрчээр оролцуулсан ба талуудын хооронд байгуулагдсан Хамтын ажиллагааны гэрээний дагуу зуухыг нэхэмжлэгч "Эко ресурс" ХХК өөрийн зардлаар үйлдвэрлэж манай аймагт оруулж ирээгүй, БНХАУ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын буцалтгүй тусламжийн дагуу хийгдэж, Монгол Улсад нийлүүлэгдсэн гэдэг илтэд хууль бус, худал мэдүүлэг өгсөн байдаг. Бидний зүгээс нэхэмжлэгч компани Хамтын ажиллагааны гэрээний дагуу өөрийн зардлаар үйлдвэрлэж, гэрээний дагуу хариуцагч нарт хүлээлгэж өгсөн гэж марган, гэрээний дагуу төлөгдөх ёстой байсан гааль болон НӨАТ-ыг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилсэн. Гэтэл гэрч нь дээрх хамтын ажиллагааны гэрээний дагуу зуухыг оруулж ирээгүй, хоёр улсын Засгийн газар хоорондын буцалтгүй тусламжийн дагуу орж ирсэн гэдэг зүйлийг хэлж, бидний хувьд зөрүүтэй нөхцөл байдал бий болсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт "...шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана..." гэж заасны дагуу талуудын маргааны дээрх зөрүүтэй байдлыг тогтоох, шаардлагатай нотлох баримт буюу хоёр улсын Засгийн газар хоорондын буцалтгүй тусламжийн дагуу орж ирсэн эсэх талаарх баримтыг Засгийн газар болон холбогдох төрийн байгууллагаас гаргуулах ажиллагааг хийх эрх нь нээлттэй байтал хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж дүгнэж болохоор байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлийн дагуу Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 151/ШШ2022/00307 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Дэмчигжав хариу тайлбартаа: ............-ийн нэхэмжлэлтэй ............д холбогдох 313.328.736 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт П.Дэмчигжав, Г.Ганбаяр нар: нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 151/ШШ2022/00307 дугаар шийдвэрээр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Тус шүүхийн шийдвэр нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хавтаст хэрэгт цугларсан ноглох баримтыг эргэлзээгүй хэрэгт ач холбогдол үнэн зөв талаар дүгнэж шийдвэрлэсэн болно.

Анх ............ болон ............ нарын хооронд байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаар хамтын ажиллагааны гэрээг байгуулсан. Тус гэрээгээр нэхэмжлэгч компани утаагүй зуухыг үнэ төлбөргүй нийлүүлэх, мөн зуухыг ашиглах заавар өгөх үүрэг хүлээсэн. Тус гэрээг талуудын хороонд байгуулсан 3200 зуухыг үнэ төлбөргүй нийлүүлэх гэрээ байсан тул талуудын хооронд төлбөр тооцоотой холбоотой заалт байхгүй болно. Тухайн үед ажиллаж байсан Засаг дарга болох ............нар шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн ба бодит нөхцөл байдлыг үнэн зөвөөр мэдүүлсэн.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдагдсан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан нөхцөл байдлыг тогтоогоогүй гэж гомдол гаргасан нь үндэслэлгүй. Учир нь хавтаст хэрэгт хамааралтай ач холбогдолтой бүхий л нотлох баримтыг шинжлэн судалж шийдвэрлэсэн ба дээрх хуулийн заалтад нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох заалтад хамаарахгүй болно.

 

Тухайн шүүхийн шийдвэр нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д заасан шүүхийн шийдвэр хүчингүй болгох үндэслэл байхгүй, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй тул Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 151/ШШ2022/00307 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч “............тай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу 3200 ширхэг зуухыг нийлүүлсэн. 3200 ширхэг зуухыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын хилээр оруулж ирэхэд гааль болон нэмэгдсэн өртгийн албан татварыг ............ болон ............ын газар төлж барагдуулах талаар талууд тохиролцсон. Тухайн гэрээний дагуу хүлээх үүргээ ............ болон ............ын газар хүлээгээгүй. Энэ байдлаас болоод нэхэмжлэгч ............-д хохирол учирч байна. Иймд гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой хохирол гэж 313.328.736 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж нэхэмжилснийг хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, 2016, 2017 онд байгуулагдсан “хамтын ажиллагааны гэрээ”-нүүдээр Төв аймгийн зүгээс ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Нэхэмжлэгч талын хэлж байгаагаар хүсэл зоригийн илэрхийллээ нэмэлт гэрээ байгуулаад үүнийгээ тусгах ёстой байсан. Гэрээнд ямар нэгэн үүрэг хүлээгээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргажээ.

            ............ Ж.Батжаргал, ............ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Мөнхбаатар нар 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр №01 “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулжээ. /хх 25-26/

            Уг гэрээний 1.1 дэх хэсэгт зааснаар Төв аймгийн Зуунмод хотын агаарын бохирдлыг бууруулах ердийн болон сайжруулсан зуухтай харьцуулахад нүүрсийг 50%-60%, модыг 40%-45% хэмнэх, эрчим хүчний хэмнэлттэй, ердийн уламжлалт галлагаатай, тогоо тавьж хоол хүнс боловсруулах зориулалттай 3200 ширхэг “Нүүдэлчин” зуухыг Зуунмод хотын гэр хорооллын айл өрхүүдэд үнэ төлбөргүй тараан өгөхөөр тохиролцсон буюу тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байна.

            Дээрх гэрээний 2-т талуудын хүлээх үүргийг тодорхойлсон. Үүнд ............ буюу А тал нь 3200 ширхэг “Нүүдэлчин” зуухыг Зуунмод хотын гэр хорооллын айл өрхүүдэд үнэ төлбөргүй тараан өгөх, гэр хорооллын айл өрхүүдэд тараан өгөх бүртгэл явуулах, зуухны ажиллагааны зааварчилгаа өгөх ажлын баг бүрдүүлэх, “Нүүдэлчин” зуухыг хүлээн авч, буулгалт, түгээлт, сургалтыг хариуцах, зуух хүлээн авсан иргэдийн зуухны хэрэглээнд хяналт тавих үүрэгтэй бол ............ ХХК буюу Б тал нь 3200 ширхэг “Нүүдэлчин” зуухыг хүлээлгэн өгөх, зуухны хэрэглээ, ажиллагааны талаар ажлын багт зааварчилгаа өгч зуухны сурталчилгаа явуулах зуухны хийц, технологи, чанарыг байнга дээшлүүлэн зуухны сайжруулалт дээр тусгах, Зуунмод хүртэлх зуухны тээвэрлэлт, даатгал болон бусад шаардагдах бичиг баримтыг бүрдүүлэх үүргийг тус тус хүлээжээ.

            Гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нь 3200 ширхэг “Нүүдэлчин” зуухыг хүлээлгэж өгсөн, хариуцагч тал хүлээн авсан болох нь хэрэгт цугларсан 2017 оны 6 сарын 24-ний өдрийн “Ахуйн хэрэглээний “Нүүдэлчин” зуухыг хүлээлгэн өгөх, хүлээж авах баримт /хх 6/, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №07/1104 дугаартай Төв аймгийн ............ын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын албан бичиг /хх 7/, зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.

            2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 03-2131001-17-IOO427R дугаар гаалийн мэдүүлгээр 2,880,000 юанийн үнэтэй, 3200 ширхэг гэрийн “Нүүдэлчин” зуухыг Монгол Улсын хилээр оруулсны гааль болон бусад татвар, хугацаа хожимдуулсан хоногийн хүү нийт 313,328,736 төгрөгийг нэхэмжлэгч ............ нь хариуцагчаас нэхэмжилж, тэдний хооронд байгуулагдсан “Хамтын ажиллагааны гэрээ”-ээс үүдэлтэй гэж тайлбарлаж маргасан.

            Уг зуухнуудыг Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны А/40 дугаар албан тушаалаар батлагдсан “Барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горим хэрэгжүүлэх журам”-ын дагуу “507” горимоор гаалийн бүрдүүлэлт хийж 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан байна. /хх 80/

            Улмаар гаалийн нутаг дэвсгэрт түр байх хугацаа хэтэрсэн тул Гаалийн ерөнхий газрын Замын-Үүд дэх гаалийн газар ......-д холбогдуулан гааль, НӨАТ болон алданги 313,328,736 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасны дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 101/ШШ2021/0754 дугаар шийдвэр /хх 15-17/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 01317 дугаар магадлал тус тус гарчээ.

............ болон тус аймгийн Тамгын газар нь Монгол Улсын хилээр оруулж ирсэн 3200 ширхэг “Нүүдэлчин” зуухны татварыг төлөх үүрэг хүлээсэн гэдгийг нэхэмжлэгч нотолж чадаагүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахад түүний үгийн утгыг анхаарах ёстой байдаг.

Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3 дахь хэсэгт хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ гэж заасан. Талуудын хооронд байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №01 “Хамтын ажиллагааны гэрээ”-ний гол нөхцөл нь ...... 3200 ширхэг “Нүүдэлчин” зуухыг нийлүүлэх, ............ уг зуухнуудыг Зуунмод хотын айл өрхүүдэд тараах, ашиглалтын талаар зөвлөж, хяналт тавих ба зуухыг Монгол улсын хилээр оруулсан гааль, нэмэгдсэн өртгийн албан татварыг хэн хариуцаж төлөх талаар харилцан тохироогүй байна. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Иймд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үйл баримтыг зөв тогтоож, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар ............ тус аймгийн ............ын газарт холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 313.328.736 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ............-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг зөв хэрэглэсэн байна.

 

Мөн ...... гааль, нэмэгдсэн өртгийн албан татварыг хариуцагч ............ар төлүүлэх хүсэл зоригоо илэрхийлсэн гэх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, энэ талаар нотолж чадаагүй байх тул гааль болон нэмэгдсэн өртгийн албан татварыг ............ төлөхөөр тохиролцсон гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч гомдолдоо тус компанийн зүгээс 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан 1 дугаартай Хамтын ажиллагааны гэрээгээр тохиролцоогүй, нэмэлт тохиролцоо буюу гааль болон НӨАТ-ын төлбөрийг хариуцагч ............ар төлүүлэх хүсэл зорилгоо 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр илэрхийлсэн гэж байх боловч энэ талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, ............тай гааль болон НӨАТ-ын төлбөр хэрхэн төлөх талаар Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар хэлцэл хийсэн, Иргэний хуулийн 187 дугаар дугаар зүйлийн 187.2 дахь хэсэгт зааснаар ............д үүрэг үүссэн, мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар ......-д гааль болон НӨАТ-ын төлбөрийг шаардах эрхтэй талаар нэхэмжлэгч тал нотолж чадаагүй байна.

...... нь Монгол Улсын хилээр бараа нэвтрүүлэх мэдүүлэг гаргасан этгээд бөгөөд оруулж ирсэн 2,800,000 юанийн үнэ бүхий 3200 ширхэг утаагүй зуухны барааны татварыг төлөх үүрэгтэйг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 101/ШШ2021/0754 дугаар шийдвэр /хх 15-17/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 01317 дугаар магадлалаар /хх 18-21/ шийдвэрлэсэн байхад уг татварыг ............, Төв аймгийн ............ гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг. Хоёр улсын засгийн газар хоорондын буцалтгүй тусламжийн дагуу орж ирсэн эсэх талаарх баримтыг Засгийн газар болон төрийн байгууллагаас гаргуулах ажиллагааг хийлгэх эрх нь зохигчдод байсан бөгөөд шүүх өөрийн санаачилгаар нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх эрхгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн нэхэмжлэгч талын гомдлыг хангах боломжгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

1.Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 151/ШШ2022/00307 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Билгүүний гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,724,600 төгрөгийг улсыг төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

        ДАРГАЛАГЧ,­ ШҮҮГЧ                                 М.МӨНХДАВАА

 

                         ШҮҮГЧИД                                       Г.ТЭГШСУУРЬ

                                                                                    Р.МӨНХ-ЭРДЭНЭ