Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2026/ДШМ/10

 

 

 

                                    Г.Б д холбогдох

                                            эрүүгийн хэргийн тухай

 

У аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанд:

прокурор Э.Цэвээнгэрэл, шүүгдэгчГ.Б , түүний өмгөөлөгч Г.Алтанлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,

У аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж явуулсан шүүх хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/264 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, түүний өмгөөлөгч Г.Алтанлхам нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэнГ.Б д холбогдох, 000 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний  өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2004 оны 7 сарын 19-нд *** аймгийн **** суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй,  малчин, ам бүл тав, эцэг, эх, ах дүү нарын хамт ** аймгийн  ***й сум, 5-р баг /Цэцэрлэг/-т оршин суудаг, У аймаг дахь Сум дундын шүүхийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хоёр зуун наян цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, **ургийн овогтой Г.Б

1. Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгчГ.Б  нь шүүхийн шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, 2025 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр согтуугаар *** аймгийн *** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, гэр хорооллын замд “Sanya” загварын, улсын дугааргүй мотоцикль жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

2. У аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэвээнгэрэлээс шүүгдэгчГ.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

3. У аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/264 дүгээр шийтгэх тогтоолоор:

- шүүгдэгч ** ургийн овогт * * Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчГ.Б д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах, 10 / арав/ сар хорих ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял дээр У аймаг дахь Сум дундын шүүхийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 26 хоног тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жил 2 сар 26 хоногоор тогтоож,  

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,

- шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж,

- шүүгдэгчГ.Б  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

4. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч Г.Алтанлхам нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо : “... шүүгдэгчГ.Б  нь анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаангүй оролцсон байдаг.

Хэдийгээр энэхүү гэмт хэрэг нь нийтийн аюулгүй байдалд эрсдэл учруулах сөрөг үр дагавартай боловч, тухайн гэмт хэргийн улмаас материаллаг хохирол учирдаггүй, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан байхыг шаарддаггүй зэрэг шинж онцлогийг анхаарах нь зүйтэй.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчГ.Б д ял оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой байсан гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн (гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх) 1-д “гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заажээ.

Мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах..." гэж заасан бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиггүй зэрэг нөхцөл байдал,  эцэг, эх, хоёр эмэгтэй дүүгийн хамт мал маллаж амьдардаг, айлын ганц хүү бөгөөд эцэг эхийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж ихэвчлэн адуу малдаа явдаг, бүрэн дунд боловсролтой, зан байдлын хувьд эелдэг зөөлөн, ээж аавдаа тусалж, мал маллах сонирхолтой гэх хувийн байдал зэргийг харгалзаж, У аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ШЦТ/264 дүгээр шийтгэх тогтоолын “тогтоох нь” хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлаж, түүнд оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг  хязгаарлах ял болгон өөрчилж өгнө үү” гэжээ.

5. ШүүгдэгчГ.Б гийн өмгөөлөгч Г.Алтанлхам давж заалдах шатны хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “..Г.Бадамжунай өмнө нь ял шийтгэл эдэлж байсан хувийн байдалтай, энэ төрлийн гэмт хэрэгт 2025 оны 2 дугаар сард ял шийтгүүлсэн, үүнээс ойлгож ухамсарлаагүй гэдэг байдлаар хамгийн хүнд төрлийн буюу хорих ял сонгон оногдуулсан байхыг үгүйсгэхгүй.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг 2 ба түүнээс дээш удаа үйлдсэн гэдэг байдлаар хүндрүүлэн үзсэнийг хэрэглэх ёстой хуулийг хэрэглэсэн гэж үзэхгүй байгаа. Миний үйлчлүүлэгчийн  эрх зүйн байдлыг дордуулж,  Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Миний хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “ энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 болон түүнээс дээш удаа үйлдсэн, эсвэл гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн” гэх хүндрүүлэн үзэх нөхцөл байдлыг ойлгохдоо, нийлмэл гэмт хэргийн хувьд нэг удаагийн үйлдлээр хэд хэдэн гэмт хэргийг үйлдэхдээ тухайн гэмт хэргүүд нь нэг бүлэгт заасан, санаатай гэмт хэрэг байгаа тохиолдолд тухайн зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, ялыг хүндрүүлэн оногдуулах боломжтой гэж харж байгаа.

Гэтэл миний үйлчлүүлэгчийн хувьд өмнө нь 2025 оны 2 дугаар сард шийтгэх тогтоолоор оногдуулсан 280 цаг нийтэд тустай ажил хийх үндсэн ялаа эдлээд дуусчихсан байсан. Түүнд оногдуулсан  нэмэгдэл ял буюу эрх хасах ял нь дуусаагүй байсан. Тэр ч утгаараа эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл согтуугаар дахин жолоодсон гэх үндэслэлээр энэ гэмт хэрэгт яллагдаж байгаа.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын цээрлүүлэх зорилго нь хангагдсан гэж харж байгаа. 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шийтгэх тогтоол гарч, түүний хувьд 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон. Иймд түүнийг цээрлүүлэх зорилго нь хангагдаад миний үйлчлүүлэгч дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдэхгүй гэдэгт өмгөөлөгчийн зүгээс итгэлтэй байна.

Түүнийг цагдан хоригдсон хугацаанд, энд төрөл садны ах дүүс байдаггүй учраас өмгөөлөгчийн хувьд 7 хоногтоо нэг удаа очиж тогтмол уулзахдаа энэ төрлийн гэмт хэргийн гарч болох эрсдэл, нийгмийн хор аюулыг нэлээн сайн ухамсарт нь таниулан ойлгуулж байсан. Өмнөх удаад түүний хувьд өмгөөлөгч аваагүй, өөрөө өөрийгөө өмгөөлж, шүүх хуралдаанд оролцсон зэрэг нөхцөл байдлыг нь харгалзаж миний үйлчлүүлэгчид оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчилж өгнө үү гэсэн гомдол гаргасан.

Түүний хувьд зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах боломжтой гэж үзэж байна.

Иймд У аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэв.

6. ШүүгдэгчГ.Б  давж заалдах шатны хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Би аав ээж хоёртойгоо амьдардаг, айлын том залуу. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Дахиж ийм үйлдэл гаргахгүй. Анхан шатны шүүхэд яагаад өмгөөлөгчгүй орсон юм бэ гэвэл санхүүгийн боломж хүрээгүй. Цагдан хорих байранд 86 хонохдоо их зүйл ухаарсан” гэв.

7. Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “... Давж заалдах шатны шүүх гаргасан гомдлыг хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэдэг учраас эхний ээлжид, шүүгдэгчГ.Б  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг 2025 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт хөтөлбөргүй нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэдгийг хэлэх нь зүйтэй байна.

Хоёрдугаарт, өмгөөлөгчөөс гаргаад байгаа анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг хэрэглэж, эрх зүйн байдлыг нь дордуулсан гэдэг агуулгатай тайлбарыг хэлж байна. Прокурорын хувьд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгчГ.Б  өмнө нь буюу 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор энэ зүйл хэсэгт заасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн. Дахин буюу 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 264 дугаартай шийтгэх тогтоолоор, мөн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал нь энэ зүйл хэсэгт заасан санаатай гэмт хэргийг 2 болон түүнээс дээш удаа үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүндрүүлнэ гээд туйлын тодорхой заагаад өгчихсөн байгаа юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь санаатай гэмт хэрэг. Тэгэхээр анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж прокурорын зүгээс үзэж байна.

Эрүүгийн хариуцлагыг шүүхээс оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг бүгдийг нь хамруулан авч үзээд эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Өмнөх гэмт хэрэгтээ нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлж дууссан. Өөрөөр хэлбэл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих гэсэн эрүүгийн хариуцлагын 4 төрлийн сонгох санкцтай зүйл анги байгаа. Шүүх оногдуулахдаа энэ хүнийг нийгэмшүүлэх, дараа дараагийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цээрлүүлэх зорилготой байгаа. Өмнөх шийтгэх тогтоолоор шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын зорилго нь хангагдаагүй байна гэж харж байна. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэн хэдий ч нэг жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох ял буюу нэмэгдэл ялыг 1-ээс 3 жилээр оногдуулахаар заасан байгаа. Тэгэхээр хамгийн бага хугацаагаар буюу нэг жилийн хугацаагаар шүүхээс оногдуулаад байгаа нөхцөл байдалд шүүгдэгч ямар нэгэн байдлаар оюун дүгнэлт хийсэн, ухамсарласан зүйл харагдахгүй байна. Иймд эрүүгийн хариуцлага хүндрэх нь зүй ёсны асуудал байна.

Анхан шатны шүүх шүүгдэгчГ.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн нэмэгдэл ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлаж, үлдэгдэл 2 сар 26 хоногийг  нэмж нэгтгэж, нийт 3 жил 2 сар 26 хоног хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн хасах ялыг эдлүүлэхээр тогтоосон нь шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцсэн байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна. Оролцогч нараас гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэдэг байр суурьтай оролцож байна” гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1. У аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар  сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/264 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгч Г.Алтанлхам нарын давж заалдах гомдлыг үндэслэнГ.Б д холбогдох, 000 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

2. ШүүгдэгчГ.Б  шүүхийн шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, 2025 оны  9 дүгээр сарын 28-ны өдөр  согтуугаар У аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, гэр хорооллын замд “Sanya” загварын, улсын дугааргүй мотоцикль жолоодсон болох нь:

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас),

- шүүгдэгчийн жолоодож явсан мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас),

- шүүгдэгчийн согтуурал шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас),

- Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн 2025 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн “ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй” гэх  лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас),

- У аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар  сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 34-38 дугаар хуудас),

- У аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ГХ/39 дугаартай гүйцэтгэх хуудасны хуулбар (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас),

- У аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 10 сарын 03-ны өдрөөр тооцож гаргасан шүүгдэгчГ.Б д өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын тооцооны баримт,

- гэрч Б.М / цагдаагийн алба хаагч/-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 21 цагийн үед Өндөрхангай сумын 5 дугаар баг, гэр хорооллын чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Мөрөн дэлгүүрийн урд замд Sanуа загварын, улсын бүртгэлд бүртгүүлээгүй мотоцикл жолоодож, замын хөдөлгөөнд оролцож байсан иргэнГ.Б г зогсоож шалгахад, түүнээс согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан.Г.Б г Өндөрхангай сумын цагдаагийн тасаг дээр авч ирж, 6820 загарын драйгер багажаар шалгахад 2.53%-ийн согтолттой гарсан.Г.Б  өмнө нь У аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн  2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн ба эрх хязгаарлах ялтай, хяналтад байдаг этгээд юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дугаар хуудас),

- насанд хүрээгүй гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..2025 оны 9 сарын 27-ны өдөрГ.Б тай тааралдахад, тэр надад “ мотоциклоо түр өгч байгаач, адуугаа хараад ирмээр байна” гэж хэлэхээр нь би аавын эзэмшлийн мотоциклийг өгөөд явуулсан.

2025 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 22 цагийн үед миний өөрийн Fасеbоок чат руу “М” гэх хаягаас “биГ.Б  байна. Чи мотоциклоо соёлын төвийн үүднээс ирээд авчихмаар байна” гэж надад хэлсэн. Би гэрээсээ гараад соёлын төвийн үүдэнд очиходГ.Б  миний мотоциклтой ганцаараа байсан ба “намайг гэрт хүргэж өгөөд мотоциклоо аваад яваарай” хэлсэн.Г.Б  ах миний мотоциклыг жолоодоод би ард нь суугаад тэдний гэр рүү явсан. Бид хоёр явж байгаад төв гудамжинд н.И гэж хүний эзэмшлийн дэлгүүрийн гадна очоод зогсоход араас цагдаа нар ирээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гээд цагдаагийн тасаг руу авч явсан.

...Г.Б  ахтай би уулзахад тэрнээс согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар хуудас),

- шүүгдэгчГ.Б гийн яллагдагчаар өгсөн: “...2025 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр адуугаа хайхаар хүний мотоцикль гуйж аваад явсан. Ө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээр адуугаа хайгаад явж байтал миний унаж явсан мотоциклын бензин багассан болохоор Ө сумын төв рүү орох болсон. Өмнөх өдөр нь авсан 2 литрийн пиво замдаа уучхаад сумын төв рүү орж ирээд дэлгүүрээс нэг тамхи авахаар тээврийн хэрэгсэл жолоодоод явж байтал цагдаа зогсоож шалгасан. Тэгээд У аймгийн цагдаагийн газрын Ө сумын хэсгийн байранд авч очиж согтолт шалгах багажаар шалгахад 2.53% согтолттой гарсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дүгээр хуудас) зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

           3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрөөгүй байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчГ.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт: “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. 

Хэрэгт авагдсан баримтаар, шүүгдэгчГ.Б  нь шүүхийн шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ буюу 2025  оны 01 сарын 30-ны өдөр согтуугаар мотоцикль жолоодсон үйлдэлдээ  У аймаг дахь Сум дундын шүүхийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулж, хоёр зуун наян цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч нь дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаа эдэлж дуусаагүй байх үедээ буюу 2025 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр дахин согтуу /2,53 % согтолттой/-аар тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт хэрэгт тогтоогдсон, түүний энэ үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

5. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч Г.Алтанлхам нар давж заалдах шатны шүүхэд: “ ...шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиггүй зэрэг нөхцөл байдал,  хувийн байдал зэргийг харгалзаж, түүнд оногдуулсан 10 сар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ял болгон хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан ба уг гомдлыг хангах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

5.1. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь шударга ёсны зарчимд нийцэх бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хуульчилсан.  

5.2.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдсон эсэх нь тухайн этгээдэд ял /үндсэн болон нэмэгдэл ял/-ыг сонгож оногдуулахад харгалзан үзэхэд чухал нөлөөтэй хүчин зүйл болдог.   

           Хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тухайн хэрэгт тогтоогдож байгаа нь зарим тохиолдолд шүүгдэгчийг ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүйгээр албадлагын арга хэмжээ хэрэглэх, хуульд зааснаас доогуур ял оногдуулах, эсхүл тухайн гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ял /сонгох ялтай тохиолдолд/-ын төрлөөс аль хөнгөнийг сонгож хэрэглэх, сонгох ялгүй буюу зөвхөн нэг төрлийн ял оногдуулахаар заасан тохиолдолд уг ялын бага хэмжээг оногдуулах үндэслэл, шалгуур, нөхцөл болохоор хуульчилсан. Харин эсрэгээрээ, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хуульд заасан хэд хэдэн хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдвол тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний аль хүндийг сонгох нөхцөл болдог. 

5.3. Анхан шатны шүүх шүүгдэгчГ.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, шүүгдэгч нь урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг эдэлж дуусаагүй атлаа дахин тус зүйл, хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарна гэж дүгнэж, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл болгосон нь Эрүүгийн хуульд нийцээгүй гэж дүгнэв.

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т: “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэж заасныг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдэж, гэмт хэрэг тус бүртээ ял шийтгүүлээгүй байгаа тохиолдолд шүүхээс ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохыг ойлгох бөгөөд шүүгдэгчГ.Б гийн хувьд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т заасан гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж, уг ялаа эдэлж дуусаагүй байхдаа энэ гэмт хэргийг үйлдсэн байх тул дээрх хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй болно.

            Иймд шүүгдэгчГ.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй гэж үзнэ.  

5.4. Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах”-аар хуульчилсан байна.         

          ШүүгдэгчГ.Б  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангилалд хамаарч байгаа, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хэргийн үйл баримт, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, түүнд нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцнэ гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэж, шийтгэх тогтоолд ял хөнгөрүүлэн оногдуулсантай холбогдох  өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

          6. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчГ.Б д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг жилийн  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн байнга оршин суух У аймгийн Ө сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчвөл ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй гэсэн нэмэлт заалт тус тус оруулах үндэслэлтэй байна.    

            7. Анхан шатны шүүх шүүгдэгчГ.Б д өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулаад эдлээгүй үлдсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялд нэмж нэгтгэхдээ алдаа гаргасан байна, тодруулбал, шүүх өмнөх шийтгэх тогтоолоор шүүгдэгчГ.Б д оногдуулсан нэг жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял эдэлсэн хугацааг сүүлийн шийтгэх тогтоол гарсан 2025 оны 12 дугаар сарын 01-ний  өдрийг хүртэл тоолж, эдлэх ялаас хасаж  шийдвэрлэсэн нь буруу байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлтэй  гэж дүгнэв.    

7.1. ШүүгдэгчГ.Б  нь У аймаг дахь Сум дундын шүүхийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/48 дугаар  шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасуулж, хоёр зуун наян цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ба уг шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх  ялыг эдэлж дууссан болох нь У аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 10 сарын 03-ны өдрийн 01/2017 дугаар  албан бичгээр нотлогдож байна.

Харин дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  нэг жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг эдэлж дуусаагүй байхдаа дахин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т заасан гэмт хэргийг үйлдсэн.

Энэ тохиолдол буюу шүүхээс ял шийтгүүлсэн этгээд оногдуулсан ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл ял эдэлж дуусаагүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн бол өмнөх тогтоолоор оногдуулаад эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх журмыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид тусгайлан зохицуулсан.

ШүүгдэгчГ.Б   хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь хасагдсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон  гэмт хэрэг үйлдсэн тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан өмнөх тогтоолоор оногдуулсан ялыг сүүлийн тогтоолоор оногдуулсан ялд нэгтгэх бөгөөд ийнхүү ялыг нэмж нэгтгэхдээ шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмын баримтална.

7.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19 дүгээр бүлэгт, эрх хасах ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл журмыг, мөн бүлгийн 183 дугаар зүйлд эрх хасах ял эдлэх хугацааг тоолох журмыг тус тус тусгайлан зохицуулсан байх бөгөөд мөн зүйлийн 183.2-т: “Ялтан шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тоолохгүй” гэж заажээ.

Дээрх хуульд заасан эрх хасах нэмэгдэл ял эдлэх хугацаа тоолох журмаар бол шүүгдэгчГ.Б гийн сүүлчийн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа буюу 2025 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөр түүний өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял эдлэх хугацаа зогссон гэж үзнэ.

Тодруулбал, шүүгдэгч нь У аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хассан шүүхийн хориглолтыг зөрчсөн өдрөөр түүний эрх хасах ял эдэлсэн хугацаа тоолохыг зогсоох үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгчГ.Б д өмнөх тогтоолоор оногдуулсан 1 жилийн  хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаас /2025 оны 2 сарын 27-ны өдрөөс 2025 оны 9 сарын 28-ны өдөр хүртэл / эдлээгүй 5 сар 2 хоногийн ял үлдсэн байх тул сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялд нэмж нэгтгэн, нийт ялын хугацааг 3 жил 5 сар 2 хоногоор тогтоох үндэслэлтэй байна.           

7.3. Анхан шатны шүүх шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор оногдуулсан боловч, өмнөх тогтоолоор оногдуулаад эдлээгүй үлдсэн нэмэгдэл ялыг нэмж нэгтгэхдээ алдаа гаргасан байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой байх бөгөөд энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэлд хамаарахгүй гэж үзсэн болно.           

8. ШүүгдэгчГ.Б гийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2026 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 86 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон эдлэх ялаас хасаж, түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 9 сар, 4 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв. 

9. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчГ.Б д шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан тул шүүх хуралдааны танхимаас суллах үндэслэлтэй байна.        

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. У аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/264 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтын: “ 10 /арав/ сар хорих ял” гэснийг “ нэг жил зорчих эрхийг хязгаарлах  ял” гэж,

- тогтоох хэсгийн 3 дугаар заалтын: эдлээгүй үлдсэн 2 сар 26 хоног гэснийг 5 сар 2 хоног гэж,

- мөн заалтын 3 жил 2 сар 26 хоног гэснийг 3 жил 5 сар 2 хоног гэж тус тус өөрчилж,

- тогтоох хэсгийн 4 дүгээр заалтыг хүчингүй болгож,

- тогтоох хэсгийн 5 дугаар заалтын: хорих ял эдэлж дууссан үеэс гэснийг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс гэж өөрчилж,

            - тогтоох хэсэгт:  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчГ.Б д шүүхээс оногдуулсан нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн байнга оршин суух У аймгийн Өндөрхангай сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай”,

  - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан шүүгдэгчГ.Б  зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг зөрчвөл ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй гэсэн нэмэлт заалт тус тус оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгчГ.Б гийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2025 оны 12 дүгээр сарын 01-ний өдрөөс 2026 оны 02 сарын 24-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 86 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон эдлэх ялаас хасаж, түүний биеэр эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 9 /ес/ сар, 4 /дөрөв/ хоногоор тогтоосугай.

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан шүүгдэгчГ.Б г шүүх хуралдааны танхимаас сулласугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

           ДАРГАЛАГЧ,

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.АЛТАН

                                         ШҮҮГЧ                               Д.КӨБЕШ

                     ШҮҮГЧ                               Н.МӨНХЖАРГАЛ