| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Болормаа |
| Хэргийн индекс | 181/2025/00173/И |
| Дугаар | 197/ШШ2026/04557 |
| Огноо | 2026-03-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 197/ШШ2026/04557
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,,,, сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй
Хариуцагч: , *******,**************,**************д холбогдох 4,725,000 төгрөг гаргуулах, зоорийн давхрын талбайг чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхтуяа, хариуцагч Ж.*******, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Батзоригт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Жанбота нарыг оролцуулав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч СӨХ-ны нэхэмжлэлээс *******ныны 04 дүгээр орцны зоорийн давхрын талбайг чөлөөлүүлэх шаардлагыг хангаж, 4,725,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч СӨХ дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Хариуцагч Ж.*******тай 2019-01-01-ний өдөр 14 дүгээр Нийтийн орон сууцны барилгын их засвар, үйлчилгээний зардлыг төвлөрүүлэх гэрээг байгуулж *******ныны 4 дүгээр орцны зоорийн давхарт 50 м,кв талбайтайг 2024-12-31-ний өдрийг хүртэл, нэг сарын төлбөр 150,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. Гэвч Ж.******* 2022 оны 07 сараас 2024 оны 12 сарыг хүртэлх 31 сарын хугацааны түрээсийн төлбөр 4,725,000 төгрөгийг төлөөгүй. Өмнө нь мөн төлбөрийн асуудалтай байсан учир засвар хийлгэж төлбөрийн тооцоог хийж байсан. 2022-09-14-ний өдөр 5,513,000 төгрөгийнтооцоог хийсэн хэдий ч энэ 2019 оноос хойш төлбөрийн тооцоотой байсан учир түүнд тооцон авч төлбөрийн баримтыг өгсөн. 2022 оны 7 дугаар сараас 2024 оны 12 сарын төлбөрт хамаарахгүй юм. Ж.******* 5,513,000 төгрөгийг төлсөн байдлыг буруу тайлбарлаад байна.
Мөн гэрээний хугацаа дуусгавар болсон, төлбөрөө төлөхгүй байсан тул түрээсийн талбайг чөлөөлж өгөхийг удаа дараа мэдэгдлээр мэдэгдэж, СӨХ-ны эзэмшлийн талбайг чөлөөлүүлэх гэрээг байгуулсан ч чөлөөлж өгөхгүй, өмчлөх эрх шилжүүлэхэд саад учруулж байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар *******,ны 4 дүгээр орцны зоорийн давхарт байрлах 50 м,кв талбайтайг чөлөөлүүлж өгнө үү гэв.
3. Хариуцагч Ж.******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. *******,ны 4 дүгээр орцны зоорийн давхарт 50 м.кв талбайтайг түрээсэлж 2005 оноос хойш 20 жилийн турш оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Түрээсийн төлбөр, цахилгаан, дулаан, бохир цэвэр ус болон хог хаягдалтай холбоотой бүхий л төлбөр тооцоог тухай бүрт барагдуулж байсан. СӨХ-тэй байгуулсан 2019-01-01-ний өдрийн 14 дүгээр гэрээний үүргийг СӨХ-ны дарга ******* албан тушаалаа ашиглан, төлөгдсөн төлбөрийг давхцуулан дахин 4,725,000 төгрөгний төлбөр нэхэмжилж байна.
2024-11-20-ны өдөр СӨХ-ны нягтлан бодогчийн ******* дугаарын утаснаас 31,5 сар буюу 2022 оны 7 дугаар сараас 5 сарын төлбөр, 2023 оны 12 сарын төлбөр, 2024 оны 12 сарын төлбөр 4,725,000 төгрөг төлөх тухай мессеж ирсэн.
Мөн СӨХ-ны дарга ******* нь манай оёдлын газраар шинэ хувцас оёулах, хувцасны засвар үйлчилгээ тогтмол авч ирсэн ч оёдлын хөлсөө төлдөггүй, манай хүүгийн компанийн зарж байсан бараанаас 451,000 төгрөгийн бараа, бор элгэн хүрэм 250,000 төгрөг, хувцас засварлуулсан ажлын хөлс 85,000 төгрөг, 2022-03-28-ны өдөр түрээсийн төлбөрт дансаар төлсөн 100,000 төгрөг, нийт 886,000 төгрөгийг түрээсийн төлбөрт суутгаж авахаар тохиролцож байсан.
2022 оны 7 сард ******* 44-р байрны 4-р орцонд бүрэн засвар хийвэл түрээсийн төлбөрийг чинь төлснөөр тооцно гэсэн тул би барилгын бригад авч ирж, 04 дүгээр орцны 1 дүгээр давхраас 4 дүгээр давхрын бүх тааз, хананы шохойг буулгаж, замаска, эмульс хийж, шатны бариул, шатны бариулын төмөр сараалжийг зүлгэж будсан. Дээд таазыг будаж засварлахын тулд өндөр шат түрээсэлж, барилгын ажилчдын хоол, хүнсийг өөрөө гаргаж, 5,513,000 төгрөгийн зарцуулсныг ******* зөвшөөрч гарын үсэг зурсан.
2019 онд 1,800,000 төгрөг төлсөн. 2020-2021 оны төлбөр тооцоо дууссан. 2022 оноос хойш хугацааны төлбөр барилгын засвар үйлчилгээний төлбөрөөр тооцогдсон. Нийт 6,399,000 төгрөгийг төлсөн байх тул 4,725,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн 20 жил тогтвортой үйл ажиллагаа явуулж, ямар нэгэн зөрчил гаргаагүй, бүх талаар тусалж дэмжин ажиллаж байгаа тул дундын өмчлөлийн байрнаас гаргах нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргасан.
4. Зохигч 2019-01-01-ний өдөр 14 дүгээр Нийтийн орон сууцны барилгын их засвар, үйлчилгээний зардлыг төвлөрүүлэх гэрээг байгуулсан байна. Гэрээнд *******,ны 4 дүгээр орцны зоорийн давхарт 50 м,кв талбайд оёдлын үйл ажиллагаа явуулах зориулалтаар 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл 1 м,кв талбайг 3000 төгрөгт тооцож, сарын 150,000 төгрөг, 1 жилийн төлбөрийг 1,800,000 төгрөг байхаар тусгажээ.
Зохигч 2019-01-01-ний өдрийн 14 тоот Нийтийн орон сууцны барилгын их засвар, үйлчилгээний зардлыг төвлөрүүлэх гэрээ байгуулж, оёдлын үйл ажиллагааг явуулсан, нэхэмжлэгч СӨХ-оос засвар хийх санал гаргаж, хариуцагч Ж.******* орон сууцанд засвар хийсэн, засвар хийхэд гарсан зардлыг түрээсийн төлбөрт тооцохоор тохиролцсон зэрэг үйл баримт дээр талууд маргаагүй.
5. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.
6. Нэхэмжлэгч СӨХ нь хариуцагч Ж.******* 2019 оноос эхлэн түрээсийн төлбөрийн өртэй байсан, засвар хийсэн зардал 5,513,000 төгрөгийг 2019 оноос 2022 оны 7 дугаар сараас өмнөх хугацааны түрээсийн төлбөрт тооцсон гэж тайлбарлаж байгаа ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн үндэслэлээ бичгийн нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Ж.*******г 2019 оноос эхлэн түрээсийн төлбөрийн өртэй байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Соёлч 40 мянгант СӨХ-ны нэхэмжлэл 4,725,000 төгрөгийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
7. Нийтийн орон сууцны барилгын их засвар, үйлчилгээний зардлыг төвлөрүүлэх 2019-01-01-ний өдөр байгуулагдсан 14 дүгээр гэрээний хугацаа 2024-12-31-ний өдрөөр дуусгавар болсон байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.
Энэ хуулийн 106.2.Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.
7.1. Зохигч 2019-01-01-ний өдөр байгуулагдсан гэрээний хугацааг үргэлжлүүлэн түрээслэхээр сунгасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ж.*******гаас зоорийн хэсэг 50 м,кв талбайг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
8. Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 160,750 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ж.*******гаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 759 дүгээр зүйлийн 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Ж.*******гаас 4,725,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ж.*******д *******,ны 04 дүгээр орцны зоорийн давхрын 50 м,кв талбайг чөлөөлөхийг даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 160,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******гаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА