| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 2435000800212 |
| Дугаар | 2026/ДШМ/13 |
| Огноо | 2026-03-12 |
| Зүйл хэсэг | 22.1.2., |
| Улсын яллагч | Б.Баярмагнай |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2026/ДШМ/13
Г.У т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
У аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг шүүгч Ж.Отгонхишиг даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд явуулж, прокурор Б.Баярмагнай, шүүгдэгч Г.У , түүний өмгөөлөгч Л.Т, Р.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.М нарыг оролцуулан,
У аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж явуулсан шүүх хуралдааны 2025 оны 12 сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/270 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Г.У ын өмгөөлөгч Л.Тийн давж заалдах гомдол, дээд шатны прокурорын эсэргүүцлийг тус тус үндэслэн, Г.У т холбогдох, 2435000800212 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 сарын 08-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *** оны 4 дүгээр сарын 19-нд ** аймгийн *** суманд төрсөн, 60 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, У аймгийн *** сумын * дугаар баг, *** тоотод оршин суух хаягтай, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдаж байсан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, * маш ургийн овогтой * Г.У*
1. Холбогдсон агуулга: Шүүгдэгч Г.У нь нийтийн албан тушаалтан буюу У аймгийн СХЗ хэлтсийн даргаар ажиллаж байхдаа СХЗ газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/36 дугаартай, 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/96 дугаартай тушаалуудаар батлагдсан У аймаг дахь СХЗ хэлтсийн орон тооны хязгаарт байхгүй харуулын орон тоог шинээр бий болгож, уг орон тоонд С.Д , С.Д , өөрийн нөхөр Д.Ц нарыг ажиллуулж албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын төсөвт 65,597,027 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
2. У аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Анхбаяраас шүүгдэгч Г.У т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
3. У аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/270 дугаар шийтгэх тогтоолоор:
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Г.У ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,
- шүүгдэгч Х маш овогт Г.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан “Нийтийн албан тушаалтан бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгох ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.У т нийтийн албанд ажиллах эрхийг 5 /тав / жилийн хугацаагаар хасаж, нэг жил хорих ял шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.У ын энэ хэрэгт цагдан хоригдсон 1 хоногийг хорих ялын 1 хоногоор дүйцүүлэн, нийт 69 /жаран ес/ хоногийг эдлэх хорих ялаас нь хасаж тооцон,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.У т оногдуулсан хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Г.У т оногдуулсан нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,
- шүүгдэгч Г.У т урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
- шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй болохыг дурдаж, шүүгдэгч Г.У ын илүү төлсөн 49’774’612.73 төгрөгийг төрийн сангийн 1001500000988 тоот данснаас буцаан гаргуулж, шүүгдэгчид олгож,
- хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Т давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “ Г.У ын өмгөөлөгчийн хувьд У аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/270 дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6-р зүйлийн 1.2-д заасан” дүгнэлтэд нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, 1.3-т заасан “ хуулийн зүйл хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:
4.1. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шууд анхаарч үзэлгүй орхигдуулсан тухайд:
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Б.Ц даргын 2023 оны 03-р сарын 28-ны өдрийн 129-р тогтоолоор У аймгийн Мэргэжлийн хяналтын газар /хуучин нэр/-ын хөрөнгөд бүртгэлтэй 291 нэрийн 321,488,132.49 төгрөгийн балансын үнэ, 265,322,820.55 төгрөгийн хуримтлагдсан элэгдэл бүхий хөрөнгийг хавсралтад заасны дагуу У аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтэст тус тус балансаас баланст, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 109-р тогтоолоор: “ Хууль хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 417-р тогтоолоор татан буугдсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, энэ тогтоолын хавсралтад заасан төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг холбогдох байгууллагуудад балансаас баланст тус тус шилжүүлсэн байдаг.
Хэрэг учрал болсон тухайн үеийн нөхцөл байдлыг шинжлэн үзвэл, дээрх 2 тогтоолын дагуу У аймаг дахь СХЗ хэлтэст 1295 м.кв конторын барилга, газар эзэмших эрх, авто зогсоолын талбайтайгаа шилжиж ирсэн байдаг. Энэ конторын барилга нь улсын байцаагчийн акт тавигдсан, их засвар хийх зайлшгүй шаардлагатай, 2 ч удаа шөнийн цагаар ус алдсан, 99 төрлийн химийн хортой бодис урвалж, тэсэрч дэлбэрэх, шатамхай дэгдэмхий ууршимтгай шинж чанартай, урвалж өндөр концентрацитай хүчил шүлт зэрэг аюултай бодис хэмжил зүйн болон хортой бодис урвалж хадгалж ашиглагддаг эерэг сөрөг дээж хадгалж байдаг онцгой үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Мөн хүнсний итгэмжлэгдсэн лаборатори, мөн баталгаажуулалтын сорьцын албатайн хүлээн авсан цаг дор ОХУ-аас импортоор орж ирсэн гурилын эерэг гарсан дээжийг дотроосоо хулгайлсан хэргийг шалгуулахаар цагдаагийн газарт гомдол гаргачихсан байжээ.Энэ нь харуул хамгаалалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.
4.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7-р зүйлийн 1.1-д заасан "шүү х хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, 1.3-д заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн’’ тухайд:
Мэргэжлийн хяналтын газарт 11 жил харуулаар ажилласан С.Д , Стандарт, хэмжилзүйн хэлтэст 7 жил жолоочоор ажилласан Ц.Д , техникч Э.Г гэх эрэгтэй ажилчдаар ямар ч нэмэгдэл хөлс өгөлгүйгээр 2022 оны 12-р сарын 30-ны өдрөөс 2023 оны 05-р сарын 01 хүртэл харуул манааны тулаа хийлгэсэн нөхцөл байдалтай байсан.
Яг ийм үед С Г ар гэрийн гачигдлаар Улаанбаатар хот явах 10 хоногийн чөлөө авсан учир түүний оронд эрх зүйч мэргэжилтэй, харуул хамгаалалтын албанд ажиллаж байсан туршлагатай иргэн Д.Ц той ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ.
Хэлтсийн харуул хамгаалалтын чиг үүргийг хэрэгжүүлэх, төсөв санхүү байхгүй учраас Стандарт, хэмжилзүйн газрын даргын 2023 оны Б/36 дугаар тушаалын 4 дүгээр заалтад тодорхой зохицуулалтуудыг тусгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, харуул хамгаалалтын чиг үүргийг хэрэгжүүлэх төсөв санхүү тавигдаагүй учраас дотоод зохион байгуулалт, орон тооны дээд хязгаарт өөрчлөлт орсонтой холбогдуулаад цалингийн сандаа багтаан зохих арга хэмжээг авахыг Стандарт, хэмжилзүйн хэлтсийн дарга нарт даалгаж шийдвэрлэсэн байсан. Энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У мэдүүлсэн.
Иргэний хариуцагч С.Д (1х.х-19-21), Ц.Д (1х.х-26-28,31), Д.Ц (1х.х-34-37)нарын мэдүүлгээр: “Энэ хугацаанд ажиллахад надад олгосон цалинг би өөртөө хэрэглэсэн, хэн нэгэн албан тушаалтан надаас тодорхой хэмжээний хувь болон цалинг авсан удаагүй. Би өөрийнхөө дансаар цалингаа авч хэрэглээндээ зарцуулдаг байсан” гэж тус тус мэдүүлсэн байна.
Тодруулбал, хохирол нь гэмт хэргийн улмаас үүсэж буй алдагдал, гарз, сүйтгэл, хөнөөл бөгөөд эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн тодорхой этгээдийн хувьд түүнд бий болсон эдийн болон эдийн бус сөрөг үр дагавар ба тооцон хэмжиж болохуйц байхын зэрэгцээ тухайн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас үүссэн шалтгаант холбоог заавал агуулсан байдаг.
Авлигын эсрэг хуулийн 3.1.2-д "ашиг хонжоо" гэж энэ хуулийн 4 1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосны төлөө өөрт нь болон бусдад буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг, 3.1.4 “давуу байдал” гэж энэ хуулийн “4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай” байдлыг ойлгоно гэж заасан. Яг энэ тохиолдолд шүүгдэгчид болон бусдад ямар эдийн ба эдийн бус ашигтай байдал үүссэн бэ.
Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг учраас хохирол, хор уршиг учирсан байхыг шаарддаггүй. Хэн нэгэн этгээдэд давуу байдлыг бий болгосноор тухайн гэмт хэрэг төгсдөг.
Энэхүү заалтыг шүүх хэрэглэхдээ бодит үр дагавар, хуулийн зохицуулалтын утга хоёрыг ялгаж үзэх бөгөөд гэмт хэргийн шинж, бодит аюулын хоорондын ялгааг тодорхойлох замаар үйлдэл, эс үйлдэхүйн агуулга, түүний нийгмийн аюулын хэмжээ, учруулсан хор уршиг. бусдын эрхийг зөрчсөн хохирлын хэмжихүйц байдал, нийгэмд үзүүлэх үр дагавар. тухайн этгээдийн зан байдлын хэмжээ хязгаарыг ялгах шалгууртайгаар үйлдэл, үр дагаврыг ялган шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ.
Манай үйлчлүүлэгч Г.У нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн удаа дараа дараа “албаны зайлшгүй шаардлагын үүднээс харуулын орон тоонд 3 хүн ажиллуулснаа тогтвортой мэдүүлж, дээрх гэрээг байгуулснаараа бусдад, эсхүл өөртөө давуу байдал бий болгосон асуудал байхгүй, харин ч Төсвийн тухай хуульд нийцүүлж байгууллагынхаа эд хөрөнгийг хамгаалсан төдийгүй болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлсэн талаар тайлбарлаж, хэргийг хэрэгсэхгүй болгуулах байр сууринаас мэтгэлцсэн.
4.3. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдагдсан дүгнэлт бодит байдалтай огт тохирохгүй байна. Г.У ын үйлдэлд ямар нэгэн шунахай санаа зорилго, зориуд хүсэж үйлдсэн нь эргэлзээгүйгээр тогтоогдохгүй байхад гэмт хэрэгт тооцсон нь Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмыг зөрчиж байгаа төдийгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан “...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэснийг зөрчсөн.
Шүүхээс, шүүгдэгч Г.У нь бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн нөхөр Д.Ц ийг У аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтсийн харуулаар ажиллуулсны улмаас тухайн хэлтсээс түүнд цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод болон ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэл, татвар зэрэг нийт 16,934,603 төгрөгийн зардал гаргасан байна.. Үүнийг гэмт үйлдлийн улмаас шууд учирсан үр дагаврыг хохирол гэж үзэх тул...15.822.414 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцох нь зүйтэй гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 4-т: “ Иргэн бүр ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн ая тухтай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй” гэж заасан. Учир нь, иргэн Д.Ц хийсэн ажлынхаа цалин хөлсийг шударгаар авах эрхээ эдэлж, үүргээ биелүүлсэн.
“Эрх мэдэл, албан тушаалаа урвуулах” гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон...” үйлдэл байхаар хуульчилсан.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгох бөгөөд өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны эрх ашгийн эсрэг ажилласан гэмт санаа, зорилгыг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтад дүгнэлт хийх замаар тодорхойлох боломжтой байдаг юм
Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдох учиртай. Дан ганц үр дагаварт түшиглэсэн объектив яллах ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглоно.
4.4. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн субъектив тал нь шууд санаатай хэлбэрийг шаарддаг буюу албан тушаалтан нь хууль бус үр дагаврыг урьдчилан мэдэж, хүссэн байх ёстой.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь зарим тохиолдолд нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашигласан, төрийн албан хаагч хууль дээдлэх, шударга ёсыг эрхэмлэх, төрийн албанд иргэдийн итгэлийг алдахуйц үйлдэл гаргахгүй байх, ил тод байдал, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх ёс зүйн зарчмыг зөрчсөн мэт харагдаж болох ч бодит байдалд зохион байгуулалтын алдаатай шийдвэр, хувийн ашиг сонирхолд автаагүй, ямар нэг байдлаар ашиг олох, эсхүл өөртөө болон бусдад давуу байдал бий болгох санаа агуулаагүй, хийж буй үйлдэл нь бодит мэдээлэл, судалгаанд үндэслэлгүй ашигтай гэж төсөөлсөн байхаас гадна бодит хохирол, хор уршиг учраагүй байдаг.
Иймд давж заалдах шатны шүүхээс хүсэх нь: Г.У т холбогдуулан У аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12-р сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/270 дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
5. Дээд шатны прокурорын эсэргүүцэлд : Шийтгэх тогтоолыг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч танилцаад шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрөв. Үүнд:
5.1. ....Анхан шатны шүүх “...Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар “давуу байдал” гэж нийтийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгох тул шүүгдэгч нь өөрийн нөхөр Д.Ц ид давуу байдлыг болгосон гэж үзнэ. Харин иргэний хариуцагч С.Д , Ц.Д нарт давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно” гэсэн хууль зүйн дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Тодруулбал, прокуророос шүүгдэгч Г.У ыг У аймгийн СХЗ хэлтсийн даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж тухайн байгууллагын батлагдсан бүтэц, орон тооны хязгаарыг хэтрүүлэн Д.Ц , С.Д , Ц.Д нарыг харуул хамгаалалтын ажилтнаар томилон, тэдэнд эдийн засгийн давуу байдал бий болгосон гэж яллах дүгнэлт үйлдсэн.
Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Г.У нь өөрийн нөхрөө ажилд томилсон нь давуу байдал гэж үзсэн атлаа С.Д , Ц.Д нарт давуу байдал бий болгосон гэж үзэхгүй талаар хийсэн дүгнэлт нь хууль ёсны, үндэслэл бүхий болж чадаагүй.
Шүүгдэгч Г.У нь У аймгийн СХЗ хэлтсийн харуул хамгаалалтыг хуулийн этгээдтэй гэрээ байгуулан гүйцэтгүүлээгүй эс үйлдэхүйн гаргасан байдаг. Ингэснээр шүүгдэгч нь өөрийн нөхөр Д.Ц болон С.Д , Ц.Д нарыг тухайн байгууллагад харуул хамгаалалтын ажилтнаар томилон давуу байдал бий болсон бодитой нөхцөл байдал тогтоогдсон байхад шүүх энэ үйл баримтыг үгүйсгэсэн үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй байна.
Шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Г.У нь бусдад давуу байдал бий болгосон нөхцөл байдлыг Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар ойлгоно гэж хэт ерөнхий байдлаар дүгнэсэн, хэргийн бодит байдалд нийцүүлэн шүүгдэгч бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон, аль эсхүл давуу байдал бий болгоогүй болохыг хууль зүйн талаас тодорхой, ойлгомжтой дүгнэлт хийж чадаагүй, шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.
5.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ”, 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан.
У аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШТЦ/270 дугаартай шийтгэх тогтоолд тодорхойлох хэсэг байхгүй байгаа нь шүүхийн шийдвэр хэлбэр, бүтцийн хувьд хуулийн шаардлага хангаагүй гэж үзнэ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн.
Гэтэл шүүгдэгч Г.У нь У аймгийн СХЗ хэлтсийн даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж, тухайн байгууллагын батлагдсан бүтэц, орон тооны хязгаарыг хэтрүүлэн иргэн С.Д , Ц.Д нарыг харуул хамгаалалтын ажилтнаар томилон, тэдэнд эдийн засгийн давуу байдал бий болгосон хэргийг шийдвэрлэлгүй орхигдуулжээ.
Дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Г.У нь хэд хэдэн хүнд давуу байдал бий болгон ажилд авсан хэргээс зарим үйлдлийг гэмт хэрэгт тооцон шийдвэрлэж, нөгөө үйлдлийг хэрхэн шийдвэрлэсэн болохыг нэг бүрчлэн тодорхой дурдаж бичээгүй байгаа нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй бичигдсэн байх хуулийн шаардлага хангаагүй байна.
Ийм ч утгаараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасны дагуу ноцтой зөрчилд тооцогдож, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаардаг.
5.3. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...шүүгдэгч Г.У нь өндөр насны тэтгэвэрт, ам бүл гурав, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэм буруугаа ойлгон ухамсарлаагүй гэх хувийн байдал тогтоогдлоо... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно... Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимтай. Энэ агуулгын хүрээнд шүүгдэгчийн гэм буруугаа ойлгон ухамсарлаагүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон хорих ялын хэмжээг багасгаж оногдуулах нь зүйтэй” гэсэн дүгнэлт хийсэн нь шударга ёсны зарчимд нийцээгүй, ойлгомжгүй дүгнэлт байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан. Дээрх хэрэгт оногдуулах ялыг сонгох санкцтай байдлаар хэрэглэхээр хуульчилсан.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхыг шударга ёсны зарим гэдэг.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос үзэхэд, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэм буруугаа ойлгон ухамсарлаагүй зэрэг нөхцөл байдал түүнд хорих ял оногдуулах үндэслэлд хамаарч байгаа бол яагаад зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахгүйгээр хорих ялыг сонгон оногдуулах болсныг шударга ёсны зарчимд нийцүүлэн бодитой дүгнэх
Шүүгч шүүдэгчид ямар төрлийн эрүүгийн хариуцлагыг сонгон оногдуулах нь өөрийн дотоод итгэл байх боловч энэхүү дотоод илтгэл нь хуулийн хүрээнд обьектив байдлаар илрэн гарах ёстой.
Иймд анхан шатны шүүхээс шүүдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хамгийн хүнд ялын сонгон оногдуулсан байдалд нь давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх нь зүйтэй.
5.4. Эрүүгийн хуулийн ерөнхий 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж заасан.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 4 дэх заалтад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний энэ хэрэгт цагдан хоригдсон 1 хоногийг хорих ялын 1 хоногоор дүйцүүлэн, нийт 69 хоногийг эдлэх ялаас нь хасаж тооцсугай гэж дурджээ.
Хуулийн зохицуулалтаас үзэхэд, анхан шатны шүүх шүүгдэгчид хорих ял оногдуулсан тохиолдолд түүний цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцохоор зохицуулсан болохоос эдлэх ялаас нь хасаж тооцох талаар зохицуулаагүй. Харин шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тохиолдолд цагдан хоригдсон хугацааг эдлэх ялаас нь хасаж тооцохоор зохицуулсан.
Шүүгдэгчийн цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцох, эдлэх ялаас хасаж тооцох нь хууль зүйн өөр өөр ойлголт бөгөөд эрх зүйн үр дагаврыг тус тусдаа бий болгодог тул шүүхийн шийтгэх тогтоолын 4 дэх заалтад хууль зүйн дүгнэлтийг тус тус хийлгүүлэхээр нь зүйтэй байна.
Иймд У аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШТЦ/270 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
6. Прокурор Б.Баярмагнай давж заалдах шатны шүүх хуралдаанд: Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Дараах 4 үндэслэлээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Үүнд:
6.1. Анхан шатны шүүх “...Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар “давуу байдал” гэж нийтийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгох тул шүүгдэгч нь өөрийн нөхөр Д.Ц ид давуу байдлыг болгосон гэж үзнэ. Харин иргэний хариуцагч С.Д , Ц.Д нарт давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно” гэсэн хууль зүйн дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Тодруулбал, прокуророос шүүгдэгч Г.У ыг У аймгийн СХЗ хэлтсийн даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж тухайн байгууллагын батлагдсан бүтэц, орон тооны хязгаарыг хэтрүүлэн Д.Ц , С.Д , Ц.Д нарыг харуул хамгаалалтын ажилтнаар томилон, тэдэнд эдийн засгийн давуу байдал бий болгосон гэж яллах дүгнэлт үйлдсэн.
Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Г.У нь өөрийн нөхрөө ажилд томилсон нь давуу байдал гэж үзсэн атлаа С.Д , Ц.Д нарт давуу байдал бий болгосон гэж үзэхгүй талаар хийсэн дүгнэлт хууль ёсны, үндэслэл бүхий болж чадаагүй.
Шүүгдэгч Г.У нь У аймгийн СХЗ хэлтсийн харуул хамгаалалтыг хуулийн этгээдтэй гэрээ байгуулан гүйцэтгүүлээгүй эс үйлдэхүйн гаргасан байдаг. Ингэснээр шүүгдэгч нь өөрийн нөхөр Д.Ц болон иргэний хариуцагч С.Д , Ц.Д нарыг тухайн байгууллагад харуул хамгаалалтын ажилтнаар томилон давуу байдал бий болсон бодитой нөхцөл байдал тогтоогдсон байхад шүүх энэ үйл баримтыг үгүйсгэсэн үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй байна.
Шүүх хэт ерөнхий байдлаар дүгнэсэн, хэргийн бодит байдалд нийцүүлэн шүүгдэгч бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон, аль эсхүл давуу байдал бий болгоогүй болохыг хууль зүйн талаас тодорхой, ойлгомжтой дүгнэлт хийж чадаагүй, шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
6.2. У аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШТЦ/270 дугаартай шийтгэх тогтоолд тодорхойлох хэсэг байхгүй байгаа нь шүүхийн шийдвэр хэлбэр, бүтцийн хувьд хуулийн шаардлага хангаагүй гэж үзнэ.
Анхан шатны шүүх прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн.
Гэтэл иргэн С.Д , Ц.Д нарыг харуул хамгаалалтын ажилтнаар томилон, тэдэнд эдийн засгийн давуу байдал бий болгосон хэргийг тогтоох хэсэгтээ шийдвэрлэлгүй орхигдуулжээ.
Дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Г.У нь хэд хэдэн хүнд давуу байдал бий болгон ажилд авсан хэргээс зарим үйлдлийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэж, нөгөө үйлдлийн хэрхэн шийдвэрлэсэн болохыг нэг бүрчлэн тодорхой дурдаж бичээгүй байгаа нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй бичигдсэн байх хуулийн шаардлага хангаагүй байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасны дагуу ноцтой зөрчилд тооцогдож, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.
6.3. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагын талаар хийсэн дүгнэлт нь шударга ёсны зарчимд нийцээгүй, ойлгомжгүй дүгнэлт байна.
Үүнд тодруулан хэлэхэд, прокурор санал хэлж, шүүх шийдвэр гаргадаг. Шударга ёсны зарчимд нийцүүлсэн дүгнэлтийг хийх ёстой. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байна гэх үндэслэл гаргаж ирээд хорих ял оногдуулж байгаа нь хэрхэн хуулийн шаардлагад нийцэх талаар эсэргүүцэл бичсэн.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхыг шударга ёсны зарчим гэдэг.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос үзэхэд, яагаад шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахгүйгээр хорих ялыг сонгон оногдуулах болсныг шударга ёсны зарчимд нийцүүлэн бодитой дүгнэлт хийгээгүй.
Иймд анхан шатны шүүхээс шүүдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хамгийн хүнд ялын сонгон оногдуулсан байдалд нь давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийлгүүлэхээр эсэргүүцэл бичсэн.
6.4. Шүүгдэгчийн цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцох, эдлэх ялаас хасаж тооцох нь хууль зүйн өөр өөр ойлголт бөгөөд эрх зүйн үр дагаврыг тус тусдаа бий болгодог тул шүүхийн шийтгэх тогтоолын 4 дэх заалтад хууль зүйн дүгнэлтийг тус тус хийлгүүлэхээр эсэргүүцэл бичсэн нь үндэслэлтэй байна.
Иймд У аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШТЦ/270 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.
7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд: Гаргасан гомдлоо бүрэн дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь нотлох баримтын хүрээнд асуудлыг шийдэж чадаагүй. Урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэж, энэ алдааг нь засуулъя гэсэн боловч анхан шатны шүүх хүсэлт хүлээж авахаас татгалзсан. Хамгийн гол үндэслэл нь, Г.У ын хийсэн үйлдэл нь нийтийн албаны эсрэг байгаагүй. Авлигын гэмт хэргийн аль нэгэн шинжийг агуулаагүй, өөртөө болон бусдад олгосон зүйл байхгүй байхад гэмт хэрэг гэж үзэж шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Гэр бүлийн хамаарал бүхий хүнтэйгээ гэрээ байгуулсан нь гэмт хэрэг гэж үзэж байгаа нь хуулийн ерөнхий зарчмыг алдагдуулж байна. Тухайн асуудалд гэмт хэргийн халдлагын зүйл, бланкет диспозици / Blanket disposition/ байсан эсэх, нэмэгдэл объект, субъектив санаа зорилго нь Г.У т ямар давуу тал олгосон, өөрт болон бусдад ямар ашиг олж, хохирол учруулсан бэ гэдгийг тогтоох ёстой байсан ч эдгээрийг тогтоож чадаагүй гэж үзэж байна.
У аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд энэ асуудлын талаар удаа дараа ярьсан боловч хүлээж авахаас татгалзсан. 16 ажилтны орон тоогоор ажиллаж байгаад 3 харуул авч ажиллуулсан нь байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах, эд хөрөнгийг хамгаалах зорилготой байсан болохоос өөртөө ямар нэгэн байдлаар эдийн ба эдийн бус давуу байдал олгоогүй. Тийм учраас субъектив санаа зорилгыг нягтлан шалгах ажиллагааг мөрдөн байцаалт, прокурор болон шүүхийн шатанд эцэслэн тогтоож чадаагүй гэж үзэж байна.
Бодит хохирол учруулаагүй, ялимгүй үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гээд байгаа нь үндэслэлгүй.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарласан тогтоолд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хуульд энэ хуулийг тайлбарлан хэрэглэхэд эргэлзээ гарвал хуульд үүссэн эргэлзээ бус харин нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг хуульд заасан гэмт хэргийн шинжтэй харьцуулан жишиж, зүйлчлэл хийх үед үүсдэг эргэлзээг хэлнэ. Энэ тохиолдолд Jura novit curia буюу шүүх хуулийг мэднэ гэсэн зарчмыг баримталж, хүний хийсэн үйлдэл, гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан эсэх шинжийг тодорхойлж байж, шүүх хууль тайлбарлах замаар өөрөө шийдвэрлэх агуулгыг илэрхийлдэг. Энд хуульд эргэлзэхгүй буюу хууль тайлбарлах замаар асуудлыг шийднэ гэх утга агуулж байгаа. Өнөөдрийн байдлаар зөвхөн гэр бүлийн хамаарал бүхий хүнтэйгээ гэрээ байгуулсан гэдгээр ял халдааж, гэмт хэрэгтэн гэж шийтгэж байгааг нь хүлээн зөвшөөрөх аргагүй байна.
Тийм учраас анхан шатны шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуульд энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал гэдэгт биш гэмт хэргийн шинж, гэм буруу, гэмт хэргийн үйл баримтад үндэслэл бүхий эргэлзээ үүссэн байхыг ойлгодог. Ц.Д , С.Д нарт яагаад давуу байдал олгогдсон бэ гэж яриад байгаа болохоос тухайн хүмүүст яагаад энэ боломжийг гаргахаас өөр гарцаагүй байдал үүссэн бэ гэдэгт хууль зүйн дүгнэлтийг хийж чадаагүй.
Төсвийн тухай хуулиар, энэ батлагдсан 23 орон тоог санхүүжүүлэх ганцхан боломж нь төрийн үйлчилгээгээр цалинжуулах байсан. Ажил үйлчилгээг гүйцэтгүүлэх, ажил гүйцэтгэх гэрээгээр авъя гэсэн ч харуул хамгаалалт авах боломж Төсвийн тухай хуулиар боломжгүй. Яагаад гэвэл 2023 оны Төсвийн тухай хууль батлагдсан, 2024 онд ч олгогдоогүй.
Тийм учраас хүнийг ажиллуулах ганцхан хуульд заасан арга нь төрийн үйлчилгээний албан хаагчаар ажиллуулж цалинжуулах боломж байсан. 2 сар ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллуулаад, 550,000 төгрөгөөр цалинжуулсан, гарт 458,000 төгрөг авч байсан, дараа нь 2023 оны 7 сараас 1,100,000 төгрөгөөр цалинжуулсан, гарт 916,000 төгрөг авч байсан. Ийм цалингаар өнөөдөр ажиллах ажилтан авахаар зар тавих ч боломж байгаагүй. Яагаад гэвэл төсөвт суугаагүй учраас ямар нэгэн сонгон шалгаруулалтаар хэн нэгнийг авах боломж байгаагүй. Тухайн хуульд байгаа боломжоор ажилласан агентлагийн даргыг шийтгэх боломжгүй.
Засгийн газрын тогтоол гарахдаа анхнаасаа мэргэжлийн хяналтын газарт байсан харуулын албыг хасаад, улсын хэмжээнд 1600 албан хаагч байсныг 150 болгож байгаад бүх газарт тараан байрлуулсан. Тэгэхээр 150 хүнээс 3 харуулын орон тоо орж ирээгүй нь анхан шатад ажиллаж байгаа Г.У ын буруу биш.
Тэгэхээр өөр хүн ажилд орох байсан чинь Д.Ц ийг авчихжээ гэдэг юм уу, С.Д , Ц.Д г ажиллуулсан нь буруу гэх үндэслэл байхгүй. С.Д , Ц.Д нарыг давхар харуулаар 5 сар цалингүй ажиллуулсан баримт нь хавтаст хэрэгт байгаа. Нотлох баримтаар үнэлээгүй ч гэсэн бодит байдал юм.
Авлигын эсрэг нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийг 2000 онд НҮБ-ийн ерөнхий ассамблейгаас боловсруулаад 2005 оноос энэ конвенцийг баталсан. Тухайн конвенцэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх 6 үндэслэл байгаа. Хээл хахууль, албан тушаалд өмч хөрөнгө үрэгдүүлэх, хууль бусаар завших, хууль бусаар зорилтот зарцуулах, эрх нөлөөгөө арилжих, хууль бусаар хөрөнгөжих, нууж далдлах гэсэн 6 тохиолдолд л гэмт хэрэгт тооцохоор заасан.
Гэтэл манай улс ямар алдаа гаргаад байгаа вэ гэхээр авлигын хэрэгт албан тушаалын гэмт хэргийг нэмээд ерөнхий байдлаар томьёолохдоо Оросын холбооны улсын Эрүүгийн хуулийн 285 дугаар зүйлийг бланкет диспозици гэмт хэргийн халдлагын зүйл гэдэг детальчилсан үг, өгүүлбэрийг оруулаагүй, ерөнхий байдлаар шийдсэнээс төрийн албанд ажиллаж байгаа мянга мянган хүний үйл ажиллагаа эрсдэлд ороод байна.
Төрийн албан хаагч ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргасан нь нотлогдсон тохиолдолд хариуцлага хүлээлгэдэг тогтолцоог Төрийн албаны хуулиар зохицуулсан байдаг. Мэргэжлийн алдаа гаргасан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх биш Төрийн албаны хуулийн 47 дугаар зүйлээр шийдвэрлэх боломжтой байсан. Тийм учраас өмгөөлөгч миний бие У аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 270 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүй, нийгмийн аюулын хор хэмжээ, энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүй, гэмт хэрэгт тооцохгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэж хүсэж байна” гэв.
8. Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.У давж заалдах шатны шүүх хуралдаанд: Анхан шатны шүүх хуралдааны явцад би өөрийн байр сууриа тодорхой илэрхийлсэн. Төрийн албаны орон тоо нь төсөв санхүүтэйгээ уялдаж хэрэгжих ёстой. Мэргэжлийн хяналтын газрын байгууллагын чиг үүрэг, СХЗ салбарт шилжиж ирсэнтэй холбоотойгоор энэ нөхцөл байдал үүссэн. У аймгийн СХЗ хэлтэс нь байр оронгүй, бусад байгууллагын байранд үйл ажиллагаа явуулж байсан бол мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт шилжсэнтэй холбогдуулан СХЗ газарт мэргэжлийн хяналтын хэлтсийн барилга байгууламж шилжсэн, мөн цалингийн сан, орон тооны хамт шилжсэн . Бусад зардлууд нь ирээгүй.
Яагаад гэхээр 2023 оны төсөв нь өмнөх оны 11 дүгээр сарын 15-ны дотор батлагддаг. Тийм учраас ийм нөхцөл байдлыг үүсгэсэн. СХЗ газар хэзээ ч харуул хамгаалалтын чиг үүргийг үгүйсгэж байгаагүй. СХЗ газрын даргын 2023 оны Б/36 дугаар тушаалд тодорхой зохицуулалтуудыг хийсэн. Харуул хамгаалалтын чиг үүрэг өмнө нь байсан ч одоо төсөв санхүүтэйгээ уялдаж хэрэгжих учраас хэрэгжүүлээд явж байгаа. Бидэнд 2023, 2024 онуудын санхүүгийн нөхцөл байдлыг үндэслээд 2023 онд бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний зардалд 1,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сард 2,700,000 төгрөгийг суулгаж өгсөн.
Тухайн ажил үйлчилгээг төрийн мөнгөөр л зохицуулах байсан. СХЗ газрын цалингийн сангаас нь хүмүүсийг цалинжуулаад, давхар бусдаар гүйцэтгүүлэх цалин хөлс өгсөн бол энэ нь улсад бодитоор хохирол учруулсан болж байна. СХЗ газрын 2023 оны Б36 дугаар тушаалаар батлагдсан төсөвт багтаан зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг орон нутгийн СХЗ газарт даалгасан. Бид төсөв, санхүүтэй уялдуулж үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх учраас эдгээр зохион байгуулалтуудыг хийсэн.
2024 оны төрийн үйлчилгээ болон төрийн үйлчилгээний мэргэжлийн албан хаагчдын ажил мэргэжлийн өөрчлөлттэй холбогдуулаад тушаал шийдвэр гаргахдаа зохион байгуулалтын асуудлуудыг орхигдуулаад, хууль хэрэгжүүлэх байдлаар шийдвэр гаргасан нь өнөөдрийн нөхцөл байдлыг үүсгэсэн гэж хардахаар байгаа. Тийм учраас үүнд шүүх бүрэлдэхүүн анхаарал хандуулах ёстой байх.
Эдгээр нөхцөл байдлын талаар тайлбар, нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаанд СХЗ газар буюу хохирогч байгууллагын төлөөлөгч гаргаж өгсөн.
Хохирогч байгууллага нь СХЗ газар байгаа. Нотлох баримтыг нь авах болохоор прокурорын байгууллага орон нутгийн СХЗ хэлтсээс авдаг, яг аль нь хохирогч гэдэг нь бас тодорхойгүй нөхцөл байдал харагдаад байгаа гэдгийг хэлэхийг хүсэж байна.
Гэмт хэрэг үйлдсэн, зөрчил гаргасан бол хариуцлага хүлээх нь гарцаагүй байх. Гэхдээ бодит нөхцөл байдал ямархуу байсан талаар шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэх нь зөв байх. СХЗ газар нь харуул хамгаалалтын чиг үүргийг ерөөсөө үгүйсгэж байгаагүй гэдгийг дахин хэлэхийг хүсэж байна.
Би анхан шатны шүүх хуралдаанд мөн адил тодорхой хэлж байсан. Энэ хэргийн шийдэл нь цаашдаа жишиг болохуйц асуудал байна. Яагаад гэхээр СХЗ байгууллага нь зөвхөн У аймагт байдаггүй, 21 аймагт салбар хэлтэс байдаг. Тэгэхээр эдгээр нөхцөл байдлуудаас цаашдаа жишиг болохуйц шийдвэр байгааг анхаарч үзэх нь зүйтэй гэдэг анхан шатны шүүхэд хэлсэн байр суурь хэвээр байгаа” гэв.
9. Өмгөөлөгч Р.Булгамаа давж заалдах шатны шүүх хуралдаанд: Би 14 хуудас өмгөөллийн тайлбараа шүүхэд бичгээр гаргаж өгч байна. Миний үйлчлүүлэгч Г.У ыг буруутгаж байгаа хамгийн гол шалтгаан нөхцөл нь хийх ёсгүй үйлдлийг хийсэн гэж улсын яллагчийн зүгээс тайлбарласан. Хийх ёсгүй үйлдэл гэдэгт яг ямар зүйлийг хэлж байна вэ?, энэ гэмт хэрэг байсан уу?, нийгэмд аюултай, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан онц ноцтой гэмт хэргийн чанартай, гэмт хэргийн бүрэлдэхүүн шинжийг агуулсан үйлдэл байсан эсэхээс яриагаа эхлэхийг хүсэж байна.
Г.У ыг Төсвийн тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрхийнхээ дагуу 3 харуул хамгаалалтын ажилтныг тухайн байгууллага шинэ объектод шилжих цаг мөчид тухайн байгууллагад шаардлагатай хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд онц ноцтой, хортой бодисуудыг хадгалж хамгаалах чиг үүргийнхээ хүрээнд ажлын байрны тодорхойлолт, хуульд заасан үүргийнхээ хүрээнд 3 харуулыг авч ажиллуулсан нь Монгол Улсын шүүхээр гэм буруутай эсэх асуудалд шүүгдэж байна.
СХЗ газрын тамгын дарга, гол субъект нь сая жишиг болох шийдвэр гарна гэдгийг хэлж байна. Тухайн аймгуудын хэлтэст хадгалагдаж байгаа байгаа химийн бодис, тоног төхөөрөмжийн хадгалалт, хамгаалалтыг цаашдаа яах юм бэ?. Харуул хамгаалалтын ажлыг төсөвтөө багтааж явуулах чиглэлийг газрын даргын тушаалаар өмнө нь өгч байсан. Цаашдаа яг ямар үйлдэл болох юм бэ, гэмт хэрэг болох юм уу, эсхүл зөрчил болох юм уу, захиргааны хэм хэмжээ зөрчсөн үйлдэл болох юм уу гэдгийг нэг мөр тогтоох шүүхийн презентацийн жишиг гарах өндөр ач холбогдолтой юм.
Миний гаргаж өгсөн нотлох баримтыг шүүх бүрэлдэхүүн хэдийгээр нотлох баримтын хэмжээнд авч үзээгүй ч гэсэн би энд нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Г.У ын ажиллуулж байсан гэх, 2023 оны 5 дугаар сарын 01-нээс ажиллаж байсан 3 хүн ажлаасаа гарцгаасан. Үүний дараа 2 сарын хугацаанд энэ байгууллага харуулгүй байж байгаад, ер нь цаашдаа эрсдэлтэй юм байна гээд дахиад харуул хамгаалалтын ажилтан авч ажиллуулж байгаа юм байна.
Бодит байдал дээр одоо 3 иргэнийг хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байгааг өчигдөр би өмгөөлөгчийн хувьд газар дээр нь танилцаж мэдлээ.
Үүнд н.Цэдэндамба, н.Сайнбилиг, н.Цолмон гэх иргэдтэй 2025 оны 8 дугаар сарын 11-нээс н.Нансалмаа гэдэг дарга гэрээ байгуулаад байгууллагын харуул хамгаалалтын ажлыг гүйцэтгүүлж байгаа юм байна.
Г.У ыг 3 хүн харуулаар ажиллуулж байсан үйлдэлд гэм буруутайд тооцох юм бол 2025 оны 8 дугаар сарын 11-нээс гэрээ байгуулан 3 хүн харуулаар ажиллуулж байгаа дарга ч мөн буруутан болохоор байна.
Үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж байгаа өмгөөлөгчийн хувьд тухайн байгууллагын бодит байдалтай нь очиж танилцлаа. Хүнийг яллахад хүндэтгэх шалтгаан хэрэгтэй. Тухайн харуул хамгаалалтыг авч ажиллуулаагүй бол ямар аюул учрах байсныг тухайн газарт нь очиж үзээд ойлголоо. Мөрдөгч хавтаст хэрэгт эдгээр нөхцөл байдлын талаар яагаад баримт хийгээгүй юм бол гэдгийг гайхаж байна. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй.
Өнөөдөр У аймгийн хүн амын эрүүл мэнд, байгаль орчин, ан амьтанд аюул учруулахуйц бодисууд ямар нэгэн хадгалалт хамгаалалтгүй, хаалга, ам нь онгорхой, дээр үеийн төмөр сейфүүдэд хийсэн байдалтай, подвалд хадгалагдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэд хэдэн зүйл заалтыг зөрчсөн үйл баримт байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэдгийг хэлмээр байна. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянахдаа өмгөөлөгч миний харсан хэд хэдэн алдаа байгааг анхаараасай гэж хүсэж, би тэмдэглүүлмээр байна.
Үүнд: Харуулаар ажиллаж байсан 3 иргэнээс 2 иргэнийг нь 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шийтгэх тогтоолоор, иргэн С.Д , Ц.Д нарт давуу байдал олгоогүй, тэд хөдөлмөрийн гэрээнийхээ дагуу ажил хөдөлмөр хийснийхээ төлөө зохих хөдөлмөр хөлсөө авсан гэж анхан шатны шүүх дүгнэжээ. Хууль зүйн ямар үндэслэлээр давуу байдал олгоогүй, ямар тохиолдолд давуу байдал олгосон гэж үзэж байгаа талаараа хууль зүйн тодорхой дүгнэлт хийгээгүй. Үлдсэн нэг иргэний хөдөлмөр, зүтгэл, шөнө нойр хоолоо хасан байж, хүн ардынхаа төлөө хорт бодисуудыг харж суусан хүний хөдөлмөр зүтгэлийг яагаад үгүйсгэж байгаа юм бэ гэдэг нь тодорхойгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэр нь хууль ёсны, хууль зүйн үндэслэлтэй байх шаардлагыг зөрчсөн хэд хэдэн баримтууд байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх зохицуулалтыг бодитой авч үзээгүй.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Тийн гаргасан хууль зүйн дүгнэлтийг үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулах хүчин зүйл болгон шүүх дүгнэсэн нь ноцтой хүний эрхийн зөрчил төдийгүй шударга ёсны зарчимд нийцээгүй, уучилж, ойлгохын аргагүй дүгнэлт гэж үзэж байна.
Тухайлбал, шийтгэх тогтоолын 16 дугаар хуудасны 16-28 дугаар мөрөнд: “шүүгдэгч үйл баримтын талаар маргадаггүй, харин шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүхийн шатанд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай дүгнэлт гаргасан тул шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзнэ... Энэ нь Өмгөөллийн тухай хуулийн 14.1.1-т заасан “өмгөөлөгч үйлчлүүлэгчид хууль зүйн зөвлөгөө өгч, хууль тогтоомжийн агуулга, хууль зүйн үр дагаврыг тайлбарлах үүрэгтэй. Иймээс өмгөөлөгчийн гэм буруугийн талаар мэтгэлцсэн нь шүүгдэгчийн шийдвэр гэж үзэх тул түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзнэ” хэмээн анхан шатны шүүх дүгнэсэн. Ингэж хуулийг гуйвуулан тайлбарлаж, бие даасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалахаар хуулиар заасан чиг үүргээ гүйцэтгэж байгаа өмгөөлөгчийн байр суурийг үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулан хамаатуулж авч үзэж болохгүй.
Өмгөөллийн тухай хуулийн 14.1.3-т өмгөөлөгч нь “үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар хориглоогүй арга, хэрэгсэл ашиглан шударгаар, тууштай хамгаалах” үүрэгтэй, мөн тус хуулийн 15.1-т “өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ хуулийг зориуд буруу хэрэглэж эрх зүйн байдлыг дордуулахыг хориглоно” гэж заасан.
Өмгөөллийн тухай хуулийн 26.1-т төрийн байгууллага, албан тушаалтан, гүйцэтгэх ажилтан, мөрдөгч, прокурор, шүүгч өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа эрхлэх болон үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх эрхийг хязгаарлах, мэргэжлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс дүгнэлт хийхийг хориглоно гэж заасан байгаа. Өмгөөлөгчийн үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлын талаар хийсэн дүгнэлтийг хүртэл үйлчлүүлэгчийг гэм буруу дээрээ маргаж байгаа юм шиг байдлаар хамаатуулан авч үзэх нь өрөөсгөл юм.
Түүнчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн зүйл, хэсэгт заасан ялын хамгийн хүнд хэлбэрийг оногдуулсан талаараа ямар нэгэн дүгнэлт хийгээгүй.
Эрүүгийн хуулийн 7.1-д заасан зохицуулалтыг хэрэглэх нь Монгол Улсын иргэн бүрт тэгш байх ёстой. Хөнгөн төрлийн гэмт хэрэг, анх удаа үйлдэж байгаа, байгууллагад болон улсад ямар нэгэн хохирол учруулаагүй байхад ял оногдуулахаар тэнсэж өгөхийг хүссэн өмгөөлөгч нарын хүсэлтийг шүүх хүлээн аваагүй, мөн талаар дүгнэлт хийгээгүй нь анхаарал татаж байна.
Прокурор А.Анхбаярын үйлдсэн яллах дүгнэлт болон дээд шатны прокурорын эсэргүүцэлд бичсэнээр “2024 оны 04 сарын 25-ны А\96 дугаар тушаалыг буцаан хэрэглэх ёстой гэж дүгнэсэн байгаа нь хуульд нийцэхгүй дүгнэлт. Учир нь эрх зүйн актыг буцаан хэрэглэх тухай ойлголт байхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1, 47.1.7 дахь заалтуудыг зөрчсөн нөхцөл байдал байна. Төсвийн тухай хуулийн төсвийг зориулалтын дагуу зарцуулах заалтыг зөрчсөн. Түүнчлэн хуульд тушаал, шийдвэр, дүрэм журмыг буцаан хэрэглэх тухай ойлголт байж болохгүй.
Шийтгэх тогтоолын 14-р хуудас: 16-р мөр, шүүгдэгч Г. Ууганбаяр нь хийх ёсгүй үйлдлийг хийж хөлсөөр ажиллах харуулын гурван орон тоог бий болгож, улмаар тухайн харуулын ажлын байрыг орон тооны бүтцэд оруулсан нь хууль зөрчсөн үйлдэл боловч, гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн.
Гэтэл 16-р хуудас 13-р мөрнөөс... Шүүгдэгчийн У аймгийн СХЗ хэлтсийн орон тооны бүтцэд байхгүй харуулын орон тоог шинээр бий болгосон үйлдлийг гэмт хэрэг гэж үзэж, гэм буруутайд тооцохгүй боловч, нийтийн албан тушаалтны хувьд ард түмэнд үйлчлэх, ил тод байх, ашиг сонирхлоос ангид байх зарчмыг зөрчин нөхрөө ажилд томилсон үйлдэл нь дээр дурдсанчлан гэмт хэрэг гэж үзнэ... хэмээн хууль зүйн дүгнэлт өгсөн байдаг.
Зарчим зөрчсөн үйлдэл нь гэмт хэрэг мөн үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид нийгэмд аюултай, нийгэмд аюултай гэмт хэргийн субъект, субъектив, объект, объектив талын бүрэлдэхүүн, шинжийг агуулсан зүйлийг гэмт хэрэг гэж үзнэ гэж заасан. Шийтгэх тогтоолд энэ нь гэмт хэрэг биш, зарчмыг зөрчсөн үйлдэл байна гэж дүгнэсэн. Шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь хэрэгт цугларсан нотлох баримтын агуулгыг иж бүрэн үнэлээгүй, логик уялдаа холбоогүй, эцсийн дүгнэлт нь бодит байдалтай нийцээгүй, өмнөх 14, 16, 13 дахь мөрөнд дүгнэж байсан дүгнэлтийнхээ эсрэг байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй.
Мөн шийтгэх тогтоолын 20 дугаар хуудсанд эрх зүйн байдлыг дордуулж, энэ хэрэгт цагдан хоригдсон 1 хоногийг хорих ялын 1 хоногоор дүйцүүлэн нийт 69 хоногийг эдлэх хорих ялаас хасаж тооцсугай гэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийг зөрчсөн байх тул үүнийг мөн анхаарч хараасай.
Ийнхүү анхан шатны шүүхээс гэм буруутай гэж үзэж нийгэмд аюултай хорт бодисыг хамгаалах чиг үүргээ гүйцэтгэж, харуул ажиллуулсан үйл баримтыг гэмт хэрэг биш гэж үзсэн атлаа шийдвэр гаргахдаа эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг гэж хамаатуулан авч үзэж байгаа нь өөрөө логик уялдаагүй болсныг шүүх бүрэлдэхүүн анхааралдаа авч үзнэ үү.
Албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэж яллаад байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь 2 үндсэн шаардлагыг хангасан байх ёстой.
Нэгдүгээрт нь албан тушаалын байдлаа хэрхэн яаж ашигласан юм бэ, бусдад ямар давуу байдал бий болгосон юм бэ гэдэг нөхцөл байдлыг заавал тогтоогдсон байх ёстой. Хуульд заасан үндэслэлээр тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдлийн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байхаар зохицуулан заасан.
Энэхүү заалтыг хэрэглэхдээ бодит үр дагавар, хуулийн зохицуулалтын утга хоёрыг ялгаж үзэх бөгөөд гэмт хэргийн шинж, бодит аюулын хоорондын ялгааг тодорхойлох замаар үйлдэл, эс үйлдэхүйн агуулга, түүний нийгмийн аюулын хэмжээ, учруулсан хор уршиг, бусдын эрхийг зөрчсөн хохирлын хэмжихүйц байдал, нийгэмд үзүүлэх үр дагавар, тухайн этгээдийн зан байдлын хэмжээ хязгаарыг ялгах шалгууртайгаар үйлдэл, үр дагаврыг ялган шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн зорилгод нийцсэн байхаар тогтоосон.
Өөрөөр хэлбэл, тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх боловч гэм буруутай этгээдийн үйлдлийн шинж чанар, учруулсан хохирлын хэмжээ, гэм буруугийн хэлбэр, сэдэлт, санаа зорилго, гэмт үйлдэл болон түүний үр дагаварт хандаж буй сэтгэхүйн хандлага нь бодит агуулгаар шийдвэр, үйлдэлд нөлөөлсөн байх ойлголтыг илэрхийлнэ.
Миний үйлчлүүлэгч Г.У нь У аймгийн СХЗ хэлтсийн даргаар ажиллаж байхдаа өөрийн нөхөр Д.Ц ийг ажил гүйцэтгэх гэрээ байгуулан харуулаар ажиллуулсан нь гэмт хэрэг мөн үү гэх асуулт, хариултыг хэд хэдэн аргументээр би шүүхэд гаргаж өгөхийг хүсэж байна.
Харуулын алба нь байгууллагын удирдах албан тушаалтантай ямар нэгэн хамааралтай, ашиг сонирхлын харилцаанд ордог алба биш. Харуул, хамгаалагч гэдэг нь туслах чиг үүрэг бүхий үйлчилгээний ажилтан. Төрийн албаны тухай хуулийн 10.2, 14.1.1-д зааснаар төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэгтэй алба юм. Харуулаар ажиллаж байгаа хэн нэгэн захиргааны шийдвэр гаргаж байгаа албан тушаалтантай, эрх мэдэл бүхий субъекттэй хамтын харилцаанд оролцохгүй, гэрээ хийхгүй, төлөвлөхгүй, төсөвлөхгүй, төсөв мөнгө захиран зарцуулахгүй, худалдан авалт хийхгүй, гарын үсэг зуралцахгүй, зүгээр л харуулын үүргээ гүйцэтгэж байгаа үйлчилгээний ажилтан, шийтгэх тогтоолын 11.1-д ерөөсөө огт хамаарахгүй. Д.Ц ийг ажил гүйцэтгэх гэрээ байгуулан харуулаар ажиллаж байгаа нь бусад харуулуудын нэгэн адил амралтын өдөр байсан ч 17 цагаас 8 цаг хүртэл ажиллаж, эд хөрөнгө, байрыг хамгаалж, болзошгүй эрсдэлээс сэргийлж, харуулын үүргээ гүйцэтгэж байгаа нь хөдөлмөрийн эрх зүйн харилцаагаар зохицуулагдаж байгаа харилцаа гэдэгт эрхэм шүүгч нар анхаарлаа хандуулна уу.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах” гэмт хэргийн хувьд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, албан тушаалаа урвуулан ашигласан, мөн хэн нэгэнд давуу байдал олгосон” байхыг шаарддаг.
Урвуулан ашиглах гэдэг нь “Албан тушаал эрх мэдлээ албаны эсрэг, эсвэл хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглаж, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгодог.
Гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив шинж хангагдаагүй байдаг. Албан тушаалын бүрэн эрхийг урвуулан ашигласан байх, өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгосон, улмаар төр, байгууллага, иргэнд хохирол учруулсан байхыг шаарддаг.
Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгчийн үйлдлийн улмаас байгууллага болон бусад этгээдэд бодит хохирол учирсан нь тогтоогдоогүй байна. Мөн Авлигын эсрэг хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг; 4.1.1.төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан; гэх эдгээр байдлуудаас улбаалан хамаарал бүхий этгээдээ ажилд авсан нь давуу байдал олгосон зүйл огт биш юм. Энэ нь гэмт хэрэг биш юм. Яагаад гэхээр, Эрүүгийн хуульд гэр бүлийн гишүүн, хамаарал бүхий этгээдийг ажилд томилсон нөхцөл байдал нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг гэж тооцох зохицуулалт байхгүй. Харин ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж үзвэл, үүнийг ёс зүйн болон сахилгын шийтгэл оногдуулахаас өөр зохицуулалт байхгүй.
Өөрөөр хэлбэл, нөхрийгөө ажилд аваад давуу байдал бий болгож, тухайн ажлын байранд хэн нэгнийг авахгүй эрхийг нь хөндсөн нөхцөл байдал энд байдаггүй. Эрх мэдлээ урвуулан ашигласан зүйл тогтоогдоогүй, субъектив тал буюу гэм буруугийн хэлбэр нотлогдоогүй.
Нөхрийгөө харуулын ажлаар авсан нь зөрчлийн шинжтэй. Төрийн албан хаагч ашиг сонирхлын зөрчил гаргахгүй байх, албан тушаалын ёс зүйг сахих үүрэгтэй байх зэрэг хууль тогтоомжийн хэм хэмжээгээр зохицуулчихсан. Тухайн хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл оногдуулна, албан тушаалаас чөлөөлөх арга хэмжээ авна. Өөрөөр хэлбэл, миний үйлчлүүлэгч Г.У ын харуул ажиллуулсан нь батлагдсан төсвийн хүрээнд нааш, цааш нь гүйлгэж цалин гаргаад хүмүүсийг ажиллуулсан үйл баримт нь төв байгууллага болох газраас нь тухайн хүнд сахилгын арга хэмжээ авах хуулийн зохицуулалттай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан давуу байдал бий болгосон, бодит хохирол учруулсан гэх нөхцөл байдал нотлогдохгүй байгаа тул эрүүгийн хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэлгүй байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.
Иймээс шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний зайлшгүй байх шинж болох эрх мэдлээ урвуулан ашигласан, бусдад хууль бусаар давуу байдал бий болгосон, нийгэмд онц аюултай хохирол учруулсан нөхцөл байдал болон хэн нэгнийг хохироосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5-д заасан хор хохирлыг бий болгосон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул эрүүгийн гэмт хэрэгт тооцох үндэслэлгүй байгааг шүүх бүрэлдэхүүн нягтлан үзэж, Г.У т холбогдох хэргийг цагаатгуулах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна гэв.
10. Шүүгдэгч Г.У давж заалдах шатны шүүх хуралдаанд: Миний бие төрийн байгууллагад 36 жил ажилласан. Сүүлийн 10 жил буюу 2014 оноос хойш У аймгийн СХЗ хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2024 онд тэтгэвэртээ гарсан. Гэтэл 2022 оны 12 дугаар сарын 30-нд мэргэжлийн хяналтын байгууллагын тодорхой чиг үүрэг шилжиж ирж, байшин барилга, эд хөрөнгө, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, мөн хүнсний лабораторид ашигладаг 99 төрлийн химийн урвалж бодис бүгд шилжиж ирсэн, ажил хүлээж авах процесс болсон. Тухайн үед энэ байгууллагын хөрөнгийг хамгаалах үүрэгтэй албан тушаалтны хувьд, химийн урвалж бодисуудын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй албан тушаалтны хувьд, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага гарч ирсэн.
2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр би зайлшгүй тэр хөрөнгийг хамгаалах шаардлага гарсан. Гэтэл манайд харуулын орон тоо байгаагүй, төсөв мөнгө байгаагүй. Тийм болохоор эхний ээлжид, 3 эрэгтэй ажилтнаараа жижүүр хийлгэж, дээд газраас чиглэл өгтөл 1 сарын хугацаанд буюу 2 дугаар сарын 01 хүртэл харуул хийлгэсэн. Тэд нарт нэг ч нэмэгдэл хөлс олгоогүй. 2 дугаар сард манай удирдах ажилтны зөвлөгөөн болсон. Энд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа Д.Ууганбаяр нь тухайн үед газрын дарга байсан. Харуул хамгаалалтын асуудлыг хэрхэн яаж шийдэх талаар бид ярилцсан. Тухайн орон нутагт ямар боломж байна, түүгээр бид харуул хамгаалалтын ажилтныг авч зохицуулах ёстой гэдэг аман ярилцлага хийсэн.
Дараа нь 2023 оны 2 дугаар сарын 27-нд СХЗ газрын даргын Б/36 дугаар тушаал гарсан. Бүтэц орон тооны дээд хязгаарыг батлах, 19 дэх хавсралтаар манай У аймаг дахь хэлтэс 23 ажилтантай байхаар дээд хязгаар тогтоож өгсөн, 4 дэх заалтад нь өмч хамгаалах асуудлыг цалингийн сандаа багтаан шийдвэрлэе гэсэн зөвшөөрөл өгсөн байгаа. 2 дугаар сард нэг ажилтан ажил гүйцэтгэх гэрээгээр авсан, 2 ажилтан нь манай 2 эрэгтэй ажилтан байсан. Улмаар 5 дугаар сар хүртэл хугацаанд бид ажлын байрны зураг авалт хийсэн. Ямар ажлын ачаалал байна вэ, хаана нь нэвтрүүлж болохоор байна, давхардаж байгаа ажлын байр юу байна гээд. Мөн хугацаанд 3 ажилтны нэг нь тэтгэвэрт гарсан, 2 нь шилжин ажилласан гэх мэт манай цалингийн санд боломж гарсан. Нэг эрэгтэй ажилтан маань Улаанбаатар хот эмчилгээнд явах шаардлагатай болсон учраас 5 дугаар сард нэг харуул нэмж авсан. Тухайн хүний оронд Д.Ц гэж өөрийнхөө нөхрийг түр ажиллаад өгөөч гэж гуйсан юм. 3 харуул ажиллаж байгаад 2023 оны 7 дугаар сарын 01-нээс газрын даргаас өгсөн цалингийн сандаа багтаа гэсэн шийдвэрийг биелүүлсэн.
Мөн Төсвийн тухай хуулийн 16.5.3, 16.5.5, 16.5.9 гэсэн 3 заалтыг төсвийн шууд захирагчийн хүрээнд хуульд нийцүүлэн 3 харуулыг төрийн үйлчилгээний албан хаагч, төрийн үйлчилгээний ажилтнаар хөдөлмөрийн гэрээ байгуулж тушаал гаргасан. 2024 оны 4 дүгээр сарын 25-нд шинээ томилогдон, 96 дугаар тушаал гаргасан. Энэ тушаалын 1 дэх заалтад 21 аймгийнхаа хэлтсийн орон тооны дээд хязгаарыг баталж өгсөн. Манайх 23 орон тоотой ажиллахаар ирсэн. 5 дахь заалтаар нь эхний хагас жилдээ багтааж гэрээт харуул хамгаалалтын байгууллагаар өмч хамгаалах ажлыг гүйцэтгүүл, 11 дүгээр сарын 15-ны дотор төсвийнхөө тооцоо судалгаа хийж ирүүл гэсэн 2 заалттай тушаал гарсан.
Гэрээт байгууллагаар гүйцэтгүүлэх гэхээр манайд төсвийн эх үүсвэр байхгүй. Төсвийн зүйл зардлын, бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний зардал 21.8 гэсэн зардлын зүйл ангид гэрээт харуул хамгаалалтын цалин хөлс суусан байх ёстой. Гэтэл 2023 онд ч байгаагүй, 2024 онд ч байгаагүй, газрын даргын тушаалыг биелүүлэх боломжгүй, яг тухайн нөхцөл байдалд гэрээт харуул хамгаалалтын байгууллагаар гүйцэтгүүлэх боломжгүй тушаалыг хэрэгжүүлсэнгүй гэж прокурор яллаж байгаа.
Газрын даргын 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар тушаалын 4 дэх заалтыг шууд хэрэгжүүлэх ёстой буюу 2022 оны 12 дугаар сарын 30-наас хойш гэрээт байгууллагаар, аж ахуй нэгжээр гүйцэтгүүлэх ёстой байсан гээд яллаад байгааг бид зөвшөөрөхгүй байгаа юм. Хуульд нийцээгүй тушаалын заалтыг биелүүлэх боломжгүй.
Прокурорын үзэж байгаагаар би яах ёстой вэ гэхээр, цалингийн сангаас гуравдагч гэрээт харуул хамгаалалтын байгууллага руу ажлын хөлсийг шилжүүлэх ёстой гэж байгаа юм. Гэтэл төсвийн хуулиар цалингийн сангаас зөвхөн ажилчдын, төрийн албан хаагчдын цалин, нэмэгдэл урамшууллыг олгох ёстой. Гэтэл 2024 оны тушаалыг буцаан хэрэглэсэнгүй гэж ерөнхий прокурор эсэргүүцэл бичсэн байсан.
Нэгдүгээрт, орон тоо хэтрүүлсэн гээд байна, манайх 3 харуул аваад 19 орон тоотой ажилласан. 23 ажилтантай байхаар орон тооны дээд хязгаар тогтоосон, түүнээс хэтрээгүй гэж үзэж байгаа. 24 болгосон бол хэтрүүлсэн байна гээд хариуцлагаа хүлээх байсан.
Төсвийн хуулийг ноцтой зөрчсөн агуулга гэдэг утгаар нь би төсвийн шууд захирагчийн хувьд хүлээн зөвшөөрөөгүй юм. Энэ талаар би анхан шатны шүүхэд тайлбар, мэдүүлгээ өгсөн, үүнийг авч хэлэлцээсэй гэж хүсэж байна. Мөн намайг гэм буруугийн талаар маргаж байна, ухаарч ойлгоогүй гэж ял оногдуулж байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Төрийн өмч хөрөнгийг хамгаалахын тулд би 3 харуул авч ажиллуулж, хөдөлмөрийн хөлсний хамгийн бага цалин болох 550,000 төгрөг өгч байсан. Хуулиар тухайн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550,000 төгрөгөөс бага цалин хөлс оногдуулж болохгүй гэж заасан. Тухайн ажлын байранд ямар ажил хийж гүйцэтгэсэнд нь таарсан цалин өгөх ёстой байтал, манайх цалингийн сан байхгүй учраас 550,000 төгрөгийн цалин өгнө гэж байгаа юм. Үүнд хэн ч ирж ажиллахыг хүсээгүй, ганц нэг хүн утсаар ярьж байсан, танайд харуулаар оръё гэхэд нь 550,000 төгрөгийн цалин өгнө, хөлсөөр ажиллах гэрээ байгуулна гэхээр дахиж ярихгүй алга болчхож байгаа юм. Ямар ч хүн байсан хэзээ ч нөхдөггүй шөнийн нойроо алдан байж, гар дээрээ 458,000 төгрөгийн цалин авч ажиллах билээ. Ийм л үйл процесс болсон. Үүнийхээ үр дүнд, төрийн өмч хөрөнгийг нэг ч хадаас дутаалгүйгээр би ажлаа өгсөн, бүгд бүрэн бүтэн байсан. Ийм зүйлд яллаж байгаад би гомдолтой байна.
Нөхрөө авсан гэж буруутгаж байна, нэг ажилтан нь Улаанбаатар хот явахад ахлах мэргэжилтэн н.Лхагвасүрэнд одоо яах вэ, нэг харуул хаанаас олох вэ гэхэд ажиллах хүн байхгүй байна л гэсэн. Тэгээд ярилцаад сууж байгаад Д.Ц ид хэлбэл зөвшөөрөх болов уу? Би үнэхээр зөвшөөрөхгүй байх гэж бодсон л доо. Тагнуулын үндэсний академийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, Хөшөөтийн уурхайн харуул хамгаалалтын гэрээт байгууллагад ажиллаж байсан хүн шүү дээ. Төрийн болон гадаадын харьяатын газар ажиллаж байсан, архивын газар ажиллаж байсан хүн зөвшөөрөх болов уу гэхэд, манай н.Лхагвасүрэн гэдэг мэргэжилтэн та ямар ч байсан хэлээд үзээч, өөр арга алга гэсэн. Тэгээд би очоод, манайх хэд хоног харуулаар ажиллуулмаар байна, чи ажиллаад өгөөч гэсэн чинь үнэхээр тийм хэрэгтэй юм бол яах вэ, би ажиллаад өгье л гэсэн юм. Тэрнээс биш өөрөө ажилд оръё гээгүй. Ийм л процесс болсны төлөө би эцэстээ худал хэлж, хулгай хийсэн юм шиг, эсвэл авлига хээл хахууль авчихсан юм шиг, эсвэл их онц хүнд гэмт хэрэгтэй холбогдсон ч юм шиг, бүүр сүүлд нь бодохоор заавал буруутан болох ёстой ч юм шиг, ийм аймаар байдалд намайг оруулж байна. Үнэхээр гомдолтой байна. Үнэхээр миний сэтгэл зовж байна. Миний ард олон төрийн албан хаагчид байгаа, би харамсаж байна.
Эцсийн эцэст би төрд 36 жил хэтэрхий үнэнч зүтгэсэндээ харамсаж байна. Над шиг олон үнэнч хүмүүс битгий ийм байдалд ороосой гэж хүсэж байна. 5 сар 20 хоногийн хугацаанд би эрх чөлөөгөө хязгаарлуулж, цагдан хоригдсон. Их юм бодож, би буруу зүйл хийсэн үү, хууль нь буруу юм уу, эсхүл хууль хэрэглэгч нь алдаа гаргасан юм болов уу гэх 3 өнцгөөс би 107 хоног бодсон, уншиж судалсан.
Хамаарал бүхий этгээдийг ажилд авсан тухайд ашиг сонирхлын зөрчил үүсэх албан тушаалтан биш гэж үзэж, би тэр хүнийг гуйж ажилд авсан. Энэ нь үнэхээр буруу юм бол би хариуцлагаа хүлээе. Гэхдээ эрүүгийн гэмт хэрэг болтлоо, хэн нэгэнд төсвийн хөрөнгийг тарааж өгсөн, эсхүл өөртөө аваагүй учраас би эрүүгийн гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэж байгаа.
Эрхэм шүүгч нар хамгийн гол нь эдгээр нөхцөл байдлуудыг олон талаас нь харж, хууль зүйн дүгнэлт гаргаж, шударга ёсны, хууль дээдлэх, энэрэнгүй ёсны, гэм буруугийн зарчмуудад нийцүүлэн шийдэж өгнө үү гэж хүсэж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. У аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/270 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Тийн давж заалдсан гомдол болон дээд шатны прокурорын эсэргүүцлийг тус тус үндэслэн Г.У т холбогдох, 2435000800212 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэхдээ гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. У аймгийн Прокурорын газраас Г.У ыг нийтийн албан тушаалтан буюу У аймгийн СХЗ хэлтсийн даргаар ажиллаж байхдаа СХЗ газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/36 дугаартай, 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/96 дугаартай тушаалуудаар батлагдсан У аймаг дахь СХЗ хэлтсийн орон тооны хязгаарт байхгүй харуулын орон тоог шинээр бий болгож, уг орон тоонд 2023 оны 02 сараас С.Д тэй, мөн оны 05 сарын 01-ний өдрөөс өөрийн нөхөр Д.Ц болон тус хэлтэст жолоочоор ажиллаж байсан Ц.Д нартай тус тус ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажиллуулсан,
- 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар өөрийн нөхөр Д.Ц ийг, Б/16 дугаар тушаалаар Ц.Д г, Б/17 дугаар тушаалаар С.Д ийг тус тус 2023 оны 7 сарын 01-ний өдрөөс эхлэн харуулаар томилон, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, төрийн үйлчилгээний үндсэн ажилтнаар ажиллуулж, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж, бусдад давуу байдал бий болгосноор улсын төсөвт 65,597,027 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
3. Анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Г.У ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар болгон хөнгөрүүлэн өөрчилж, түүнийг “нийтийн албан тушаалтан бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Г.У ын нийтийн албанд томилогдох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн байна.
4. Шүүгдэгч Г.У т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн У аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/270 дугаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
4.1. Шүүхээс шүүгдэгч Г.У т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ, прокуророос шүүгдэгчийг ялласан /яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэд тусгасан/ үйлдлүүдээс заримыг буюу иргэн С.Д , Ц.Д нарыг У аймаг дахь СХЗ хэлтэст хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр харуулаар ажиллуулсан болон үргэлжлүүлэн төрийн үйлчилгээний албан тушаалд хөдөлмөрийн гэрээгээр харуулаар томилон ажиллуулсан үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Хэргийн баримтаар, Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага буюу Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг СХЗ газрын даргын тушаалаар Аймаг дахь СХЗ хэлтсийн албан тушаалын ангилал, зэрэглэл, дотоод зохион байгуулалт, орон тооны дээд хязгаарыг баталж мөрдүүлдэг байх бөгөөд тус газрын даргын 2021 оны 09 сарын 15-ны өдрийн “ Аймгийн СХЗ хэлтсийн дотоод зохион байгуулалт, албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн батлах тухай” А/118 дугаар тушаалын 1дүгээр хавсралтаар Аймаг дахь хэлтсийн албан тушаалын ангилал, зэрэглэлийг, 2 дугаар хавсралтаар У аймаг дахь СХЗ хэлтэс 13 орон тоотой байхаар тогтоож, албан тушаалын нэршил, орон тоог нэрлэн заасан.
Мөн СХЗ газрын даргын 2023 оны 02 сарын 27-ны өдрийн А/36 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар Аймаг дахь хэлтсийн албан тушаалын ангилал, зэрэглэлийг, тушаалын 19 дүгээр хавсралтаар “У аймаг дахь СХЗ хэлтсийн дотоод зохион байгуулалт, орон тооны дээд хязгаарыг 23 байхаар тус тус тогтоож, тушаалын 6 дахь заалтад, энэ тушаал батлагдсантай холбогдуулан СХЗ газрын даргын 2021 оны А/118 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэжээ.
Дээрх 2021 оны А/118 дугаар тушаал болон 2023 оны 02 сарын 27-ны өдрийн А/36 дугаар тушаалаар аймаг дахь СХЗ хэлтсүүдэд “ харуул”-ын ажлын байр батлаагүй байх ба 2021 оны А/118 дугаар тушаалын 3, 4 дэх заалтаар, хэлтэс бүр ажлын байр, өмч хамгааллын чиглэлээр 2022 оны эхний хагас жилд багтаан гэрээт харуул хамгаалалтын байгууллагаар гүйцэтгүүлэх талаар зохих арга хэмжээ авах, харуул хамгаалалтын зардлын төсвийн судалгааг тухайн оны 11 дүгээр сарын 15-ны дотор ирүүлэхийг аймаг дахь СХЗ хэлтсийн дарга нарт тус тус үүрэг болгосон байна.
4.2. У аймаг дахь СХЗ хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.У нь тус хэлтэст харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгүүлэхээр 2023 оны 2 сарын 1-ний өдөр иргэн С.Д тэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, сарын ажлын хөлсийг 550.000 төгрөг байхаар харилцан тохиролцож, ажиллуулсан, мөн иргэн Д.Ц , Ц.Д нартай тус тус ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 2023 оны 5 сарын 1-ний өдрөөс тус тус харуулаар ажиллуулсан.
Улмаар 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар өөрийн нөхөр Д.Ц ийг, 2023 оны 6дугаар сарын 30-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар Ц.Д г, 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар С.Д ийг тус тус 2023 оны 7 сарын 01-ний өдрөөс эхлэн тус хэлтсийн харуулаар томилон, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, төрийн үйлчилгээний үндсэн ажилтнаар буюу Төрийн үйлчилгээний албан тушаалын ТҮ-1 ангилал, зэрэглэлээр үндсэн цалинг тус бүр 750.000 төгрөгөөр, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг С.Д эд 15%, Д.Ц ид 6%, Ц.Д д 19%-аар тус тус тогтоож, 2023 оны 7 сарын 18-ны өдрийн А/14 дүгээр “ Ур чадварын нэмэгдэл олгох тухай” тушаалаар 2023 оны 7 сарын 01-ний өдрөөс эхлэн Ц.Д , С.Д нарт тус тус 15%, Д.Ц ид 10% -аар ур чадварын нэмэгдэл олгохоор, мөн 2023 оны 10 сарын 18-ны өдрийн А/20, 2023 оны 12 сарын 28-ны өдрийн А/41 дүгээр тушаалуудаар ур чадварын нэмэгдлийг тус тус 25%-аар тогтоож, цалин хөлс олгож байсан нь хэргийн баримтуудаар тогтоогдсон байна.
4.3. Анхан шатны шүүх хэрэгт тогтоогдсон үйл баримтад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Шийтгэх тогтоолд, 2023 оны эхээр У аймаг дахь СХЗ хэлтэст харуул хамгаалалтын ажилтан ажиллуулах хэрэгцээ шаардлага үүссэн талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн боловч “ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллуулж байсан иргэн С.Д , Д.Ц , Ц.Д нарыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн төрийн үйлчилгээний үндсэн ажилтнаар буюу Төрийн үйлчилгээний албан тушаалын ТҮ-1 ангилал, зэрэглэлээр цалинжуулахаар тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан” шүүгдэгчийн үйлдэлд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл У аймаг дахь СХЗ хэлтсийн даргаар ажиллаж байсан шүүгдэгч Г.У ын тухайн байгууллагын зохион байгуулалтын бүтцэд батлагдаагүй харуулын ажлын байрыг шинээр бий болгон, тушаал гаргаж нэр бүхий 3 иргэнийг шууд томилон, төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлээр цалин хөлсийг тогтоон ажиллуулж, тухайн иргэдэд төрийн албан хаагчийн нийтлэг баталгааг эдлүүлэх боломжийг олгосон үйлдэл нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинж байгаа эсэхэд шүүх хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн байна.
4.4. Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдлээс заримыг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн боловч тухайн үйлдлийг хэрхэн шийдвэрлэсэн талаараа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгаагүй, шүүгдэгчийг ямар үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар гэм буруутайд тооцсон нь тодорхой бус болжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т заасан шаардлагыг зөрчсөн байх ба энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.
5. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байх тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.
6. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах агуулгаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийн зарим хэсэг буюу шүүх шүүгдэгчийн гэм буруугийн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, мөн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т заасан шаардлагыг зөрчсөн гэх хэсгийг тус тус хангаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул эсэргүүцлээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэнтэй холбоотой хэсэг, мөн Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Г.У ын өмгөөлөгч Л.Тийн “...эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдолд энэ удаад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
8. Шүүгдэгч Г.У т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэрэг анхан шатны шүүхэд очтол хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасныг тус тус удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. У аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар 03-ны өдрийн 2025/ШЦТ/270 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээд шатны прокурорын эсэргүүцлийн 1, 2 дахь хэсгийг хангасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 14.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 14.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийг тус тус баримтлан шүүгдэгч Г.У т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг анхан шатны шүүхэд очтол тус тус хэвээр хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.