| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 101/2021/02434/И |
| Дугаар | 210/МА2022/01021 |
| Огноо | 2022-05-27 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2022/01021
| 2022 оны 05 сарын 27 өдөр | Дугаар 210/МА2022/01021 |
Б ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Б ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Р.Йт холбогдох
105,016,080 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Оюунцэцэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Р.Й нь манай банк бус санхүүгийн байгууллагатай 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 46/19 дугаартай зээлийн гэрээ байгуулан 18,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,3 хувийн хүүтэй зээлж авсан. Мөн өдөр нь 46/19/1 дугаартай барьцааны гэрээг байгуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, 13374, Нарны зам гудамж, 11-р байрны 00 тоотын 67.57 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан ба гэрээг эд хөрөнгийн эрхийн бүртгэл хариуцсан төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн. Хариуцагч Р.Йийн хүсэлтээр зээлийн хэмжээг 2 удаа нэмж, 1 удаа хугацааг нь сунгаж зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээг тус тус байгуулсан. Үүнд:
2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хүсэлтээр нэмж 7,000,000 төгрөг олгож үндсэн зээл нь 25,000,000 төгрөг болж зээлийн гэрээнд өөрчлөлт оруулсан.
2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хүсэлтээр нэмж 10,000,000 төгрөг олгож, үндсэн зээл нь 35,000,000 төгрөг болж зээлийн гэрээнд өөрчлөлт оруулсан.
2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хүсэлтээр зээлийн гэрээний хугацааг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл сунгасан.
Мөн хариуцагч Р.Й нь 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Батноров суманд байрлах Жоншны уурхайд санхүүжилт хэрэгтэй байна хэмээн өмнөх гэрээний барьцааг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 18/20 дугаартай зээлийн гэрээ байгуулж 35,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй нэмж зээлж авсан. Хариуцагч Р.Й нь өнгөрсөн хугацаанд нийт зээлийн үндсэн төлбөрт 6,100,000 төгрөг, үндсэн хүүнд 6,172,200 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 744,440 төгрөг төлсөн. Р.Й нь зээлийн эргэн төлөлтийг 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хойшлуулах хүсэлтийг үндэслэн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж байсан. 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 46/19 тоот зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр үндсэн зээл 28,900,000 төгрөг, зээлийн хүү 13,350,010 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,392,402 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 18/20 тоот зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр үндсэн зээл 35,000,000 төгрөг, зээлийн хүү 14,105,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,252,018 төгрөг нийт 95,999,430 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч Р.Йийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, /13374/, Нарны зам гудамж, 111-р байр, 00 тоотын 67.57 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл тооцон 135 хоногийн хүү нэхэмжлэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. 46/19 тоот зээлийн гэрээний хүү 4,291,650 төгрөг, 18/20 тоот зээлийн гэрээний хүү 4,725,000 төгрөг, нийт 9,016,650 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт 105,016,080 төгрөгийг нэхэмжилсэн. 46/19 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 28,900,000 төгрөг, зээлийн хүү 17,641,660 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,392,402 төгрөг, 18/20 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 35,000,000 төгрөг, зээлийн хүү 18,830,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,252,018 төгрөг, нийт 105,016,080 төгрөгийг нэхэмжилсэн. 46/19 тоот зээлийн гэрээний дагуу нэхэмжилсэн 1,392,402 төгрөг, 18/20 тоот зээлийн гэрээний дагуу 3,252,018 төгрөг, нийт 4.644.420 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасган 100,371,660 төгрөгийг хариуцагч Р.Йаас нэхэмжилж байна. Мөн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд дээр дурдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Р.Й, түүний өмгөөлөгч П.Баярмагнай нарын шүүхэд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Би нь нэхэмжлэгч Б ХХК-тай 2019 оны 10 сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж анх 18,000,000 төгрөгийн зээл авсан. Улмаар нэхэмжлэгч байгууллагад 2 удаа хүсэлт гаргаж 17,000,000 төгрөг нэмж зээлсэн бөгөөд эхний зээлийн гэрээгээр нийт 35,000,000 төгрөгийн зээл авсан. Манай компани Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигтийн боомтод улс хоорондын тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 2019 оны 12 сард Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Бичигтийн боомтын үйл ажиллагааг зогсоосон. Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан манай компани өнөөдрийг хүртэл ямар ч үйл ажиллагаа эрхлэлгүй сул зогсож байна. Мөн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгч байгууллагаас дахин 35,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд дээрх мөнгийг Хэнтий аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор авсан. Хэнтий аймгийн Мөрөн сумын засаг дарга 2020 оны эхээр сумынхаа нутаг дэвсгэрт жонш олборлох зориулалтаар бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах нөхөрлөлийг бүртгэнэ гэж шийдвэр гаргасан. Гэтэл дээрх газарт маргаан гарч улмаар Хэнтий аймгийн засаг даргын шийдвэрээр дээрх газрыг том оврын техникээр булж бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тухай шийдвэрээ цуцалсан. Би тодорхой бизнесийн үйл ажиллагаанд зардал гаргаад эргээд төрийн эрх бүхий байгууллагуудын шийдвэрээр үйл ажиллагаа явуулах боломжгүй болж хохирсон. Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилж байгаа зээлийн үндсэн төлбөр 63,900,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөр миний зээл авч хөрөнгө оруулсан бизнесүүд зогсож үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Иймд нэхэмжлэлээс 63,900,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа учир үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүнийн төлбөр 32,099,430 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Р.Йаас 96.724.494 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3.647.166 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 867.363 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Йаас 711.772 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Р.Й зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох хариуцагч Р.Йийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, /13374/, Нарны зам гудамж, 111-р байр, 00 тоотын 67.57 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204097998 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн өмгөөлөгч П.Баярмагнайгийн давж заалдах гомдлын агуулга: ... Хариуцагч тал зээлийн хүү буюу 36,471,660 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хариуцагч Р.Й нь улс хоорондын ачаа тээврийн Буман транс ХХК-ийн гүйцэтгэх захиралаар ажилладаг бөгөөд дээрх зээлийн гэрээгээр авсан мөнгийг том оврын авто машины сэлбэг хэрэгсэл худалдан авахад зориулсан. Дээрх компани нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт байрлах Бичигт боомтоор улс хоорондын гээврийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд байгаа. 2019 оны 12 сард Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан улс хоорондын боомтуудын үйл ажиллагааг зогсоосон. Энэхүү нөхцөл байдлаас шалтгаалан энэ компани өнөөдрийг хүртэл ямар ч үйл ажиллагаа эрхлэлгүй сул зогсож байгаа. Мөн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр дахин 35,000,000 төгрөгийн зээл авсан. Учир нь Хэнтий аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор дээрх зээлийг авсан. Хэнтий аймгийн Мөрөн сумын Засаг даргын шийдвэрээр сумынхаа нутаг дэвсгэрт жонш олборлох зориулалтаар бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явүулах нөхөрлөл бүртгэнэ гэдэг шийдвэр гаргасан. Энэхүү үйл ажиллагааг эрхлэхийн тулд ББСБ-с зээл авч нөхөрлөл байгуулж хүмүүс элсүүлэн тэдгээрийн нийгмийн даатгалын төлбөрийг төлж шаардлагад нь тэнцэхийн тулд тоног төхөөрөмж худалдаж авах, машин механизм түрээслэх зэрэгт их хэмжээний зардал гаргасан. Гэтэл Хэнтий аймгийн Засаг дарга Мөрөн сумынхаа Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгосноор энэ бүх үйл ажиллагаа зогссон.
Мөн нэхэмжлэгч байгууллага хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд буюу 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс хойш 135 хоногийн хүү 4,291,650 төгрөгийг нэмж нэхэмжилсэн. Р.Йийн буруутай үйл ажиллагаанаас болж хэргийн үйл ажиллагаа удаашраагүй учир дээрх хүүг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч Р.Й нь тодорхой аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийн тулд дээрх зээлүүдийг авсан бөгөөд төрийн байгууллагын шийдвэрийн улмаас хил хаагдаж компанийн үйл ажиллагаа нь зогссон, мөн эрхлэх гэж байсан аж ахуйн үйл ажиллагаа нь цаашид үргэлжлэх боломжгүй болсон зэрэг нөхцөл байдалд орсны улмаас зээлээ төлж чадахгүй өнөөдрийг хүрээд байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд орсон нөхцөл байдлыг харгалзан үзэж зээлийн хүү 36,471,660 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Оюунцэцэгийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: ... Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь ковид-19 цар тахалтай байх үеийн нэмэгдүүлсэн хүүг хасч тооцсон. Ковид цар тахлын асуудал огт яригдаагүй байсан цаг хугацааг нэхсэн байсан. Гэхдээ өөрийнх гаргасан хүсэлтийг харгалзан үзэж, ковид гараагүй, үйл ажиллагаа хэвийн явагдаж байх хугацааны хүүг хасч тооцсон. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.
2. Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангасан байна.
3. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Р.Йт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 100,371,660 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 63,900,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн 32,099,430 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.
4. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Б ХХК нь Р.Йтай 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 46/19 дугаар зээлийн гэрээ байгуулж, 18,000,000 төгрөгийг, сарын 3,3%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай,
мөн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 46/19/1 дугаар Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ-ээр 7,000,000 төгрөгийг,
2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 46/19/2 дугаар Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ-ээр 10,000,000 төгрөгийг тус тус нэмж зээлсэн байна. /хх.13-19/
5. Хариуцагч 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр зээлийн хугацаа хойшлуулах хүсэлт гаргасны дагуу нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацааг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 3 сараар сунгажээ. /хх.21/
6. Мөн Б ХХК нь Р.Йтай 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 18/20 дугаар Зээлийн гэрээ байгуулж, 35,000,000 төгрөгийг, 3%-ийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлэхээр тохиролцсон байна. /хх.26-29/ Нийт 2 зээлийн гэрээний дагуу хариуцагч 70,000,000 төгрөгийг авсан байна.
7. Зохигчид 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Р.Йийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, /13374/, Нарны зам гудамж, 111-р байр, 00 тоотын 67.57 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалжээ. /хх.22-24/
8. Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байх бөгөөд зохигчид зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Анхан шатны шүүх талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн байна.
9. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Дээрх зээлийн гэрээнүүдийн дагуу мөнгөн хөрөнгийг хүлээн авсан асуудлаар зохигчид маргаагүй.
10. Хариуцагч Р.Й нь 18/20 дугаар зээлийн гэрээний хүү 315,000 төгрөг төлсөн, 46/19 дугаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 6,100,000 төгрөг, зээлийн хүү 5,857,200 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 744,440 төгрөг төлсөн үйл баримт тогтоогджээ. /хх.33-35/ Харин хариуцагч Р.Й нь 2020 оны 01 дүгээр сараас хойш зээлийн эргэн төлөлт огт хийгээгүй болохоо үгүйсгээгүй болно.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу зээлдэгч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү төлөх нь хуулиар хүлээсэн үүрэг юм.
11. Хэргийн 33-35 дугаар талд зээл төлөлтийн дансны хуулгаас үзэхэд хариуцагч 46/19 дугаар зээлийн хүүд 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хүү 59,400 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хүү 2,282,500 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн хүртэлх хүү 2,114,750 төгрөг, үндсэн зээлд төлсөн 6,100,000 төгрөгийг төлсөн байх бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хүү 19,042,210 төгрөг нийт зээлийн хүү 23,498,860 төгрөг төлөх үүрэгтэйгээс хариуцагчийн хүүд төлсөн 5,857,200 төгрөгийг хасч 17,641,660 төгрөг,
11.а. 18/20 дугаар зээлийн гэрээний хүүд 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хүртэлх 19,145,000 төгрөгийг төлөх үүрэгтэйгээс хариуцагчийн төлсөн 315,000 төгрөгийг хасч 18,830,000 төгрөгийг тус тус зээлийн хүүд төлөх үүрэгтэй байна. Анхан шатны шүүх зээлийн гэрээний үүргийн тооцооллын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Харин шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ ...зээлийн хүүд төлсөн мөнгийг ...үндсэн зээл гэж бичсэн байгааг залруулан дүгнэж, тооцооллыг гаргасан болно.
12. Анхан шатны шүүх хариуцагч Р.Йаас 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 46/19 тоот гэрээний дагуу үндсэн зээл 28,900,000 төгрөг, зээлийн хүү 17,641,660 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 18/20 тоот гэрээний дагуу үндсэн зээл 35,000,000 төгрөг, зээлийн хүү 18,830,000 төгрөг, нийт 100,371,660 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
13. Хариуцагч Р.Й цар тахлын улмаас улс хоорондын боомтын үйл ажиллагааг зогссон, мөн эрхлэх гэж байсан аж ахуйн үйл ажиллагаа нь цаашид үргэлжлэх боломжгүй болсон зэрэг нөхцөл байдалд орсны улмаас зээлээ төлж чадаагүй гэсэн агуулгаар давж заалдсан гомдлыг хангах боломжгүй юм. Учир нь, дээрх нөхцөл байдал нь хариуцагчийг зээлийн гэрээний дагуу төлөх хүүгийн төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй болно.
14. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар гаргасан шаардлагыг хангаж, хариуцагч зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлүүдийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.
15. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2022/00947 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлсөн 340,308 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Ц.ИЧИНХОРЛОО