Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2026/ДШМ/14

 

 

 

 

         2026          03          12                                     2026/ДШМ/14

 

Н.Б, Ц.Д  нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж, тус шүүхийн шүүгч М.Нямбаяр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанд:

прокурор А.А, шүүгдэгч Ц.Д , түүний өмгөөлөгч Д.Д, шүүгдэгч Н.Б , түүний өмгөөлөгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.М нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж явуулсан шүүх хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/2** дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Б , түүний өмгөөлөгч Г.А нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ц.Д , Н.Б  нарт холбогдох, ***** дугаартай, 3 хавтас эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, 198** оны * дугаар сарын 2*-ний өдөр Увс аймгийн З суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл *, эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн З сумын * дүгээр багт оршин суудаг, урьд * аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ** дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан олон тооны мал хулгайлах гэмт хэрэгт 2 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн,

            Монгол Улсын иргэн, 19** оны * дугаар сарын **-ны өдөр Увс аймгийн Т суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *, эхнэр хүүхдүүдийн хамт Увс аймгийн * сумын * дүгээр багийн ** тоотод оршин суудаг, урьд Сум дундын *** дүгээр шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

            1. Холбогдсон хэргийн талаар:   Шүүгдэгч Ц.Д , Н.Б  нар бүлэглэн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны шөнө Увс аймгийн З  сумын Д  багийн нутгаас хохирогч Ц.Г ийн 2 тооны үхэр буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж, хохирогчид 3,000,000 /гурван сая/ төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

            2. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/*** дугаар шийтгэх тогтоолоор:

- шүүгдэгч Ц.Д , Н.Б  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан “Бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.Д т 3 (гурав) жил хорих ял, шүүгдэгч Н.Б ид 3 (гурав) жил 06 (зургаа) сар хорих ял тус тус шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Д , Н.Б  нарын энэ хэрэгт цагдан хоригдсон 124 (нэг зуун хорин дөрөв) хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

- шүүгдэгч Ц.Д , Ц.Б  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Мустанг 150 загварын 255,000 (хоёр зуун тавин таван мянга) төгрөгийн үнэ бүхий мотоцикл, шүүгдэгч Н.Б ээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Kia Bongo-3 загварын *** улсын дугаартай автомашины үнэ болох 14,340,000 (арван дөрвөн сая гурван зуун дөчин мянга) төгрөгийг тус тус албадан гаргуулж улсын төсөвт оруулж,

- хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  болохыг дурдаж,

- энэхүү хэрэгт шүүгдэгч Н.Б ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Kia Bongo-3 загварын *** улсын дугаартай автомашиныг битүүмжилснийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр шийдвэрлэжээ.

            3. Шүүгдэгч Н.Б ийн өмгөөлөгч Г.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...             Хэдийгээр миний үйлчлүүлэгч анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаж, цагаатгуулах байр суурьтай оролцсон боловч энэ нь түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл болохгүй байтал шүүх дээрх үндэслэлийг дурдаж, 3 жил, 6 сар хорих ял шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал” зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын хувьд прокуророос Ц.Д , Н.Б  нар урьдчилан үгсэж тохиролцон бүлэглээд, үйлдэл оролцоогоо хуваарилаад гэх зэргээр анхан шатны шүүх хуралдаанд дүгнэлтээ гаргасан боловч үүнээс энэ гэмт хэргийг хэн санаачлаад байгаа вэ, хэн гардан гүйцэтгэж хохирогчийн хоёр тооны үхрийг бэлчээр дээрээс нь тууж өөрийн хууль бус эзэмшилд оруулж, захиран зарцуулах боломжтой болгосон, улмаар хэн Улаангомоос ирж ав гэж дуудаад байгаа вэ гэдэгт дүгнэлт хийгээгүй байдаг.

            Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас харахад миний хувьд Н.Б ийг энэ гэмт хэргийн хамжигч, харин зохион байгуулагч, гүйцэтгэгч нь Ц.Д  гэж дүгнэх үндэслэлтэй байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хамжигчид гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанарыг харгалзан шүүх энэ хуульд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээний дотор гүйцэтгэгчид оногдуулах ялаас ихгүй ял оногдуулна" гэж заасан бөгөөд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ энэ гэмт хэрэгт хамжигчаар оролцсон Н.Б ид гүйцэтгэгч Ц.Д т оногдуулсан ялаас их ял оногдуулсан гэж үзэж байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино’’ гэж тодорхойлжээ.

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол 3 сая төгрөгийг 5 сая болгож төлсөн. Хохирогч гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн зэрэг нөхцөл байдал, шүүгдэгч Н.Б ийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгон ухаарч, шүүхээс тогтоосон хорих ялыг эдэлж дуусгах буюу цээрлэл хүртэхээ мэдэж байгаа зэрэг эрүүгийн хариуцлагын зорилго хангагдаж байгаа. Түүнчлэн хувийн байдлын хувьд ходоодны шарх оношоор эмчийн хяналтад байдаг эхнэр Ж.Н, 2026 онд ерөнхий боловсролын сургуулиа төгсөж, оюутан болох 12-р ангийн хүүтэй зэргийг харгалзаж түүнд оногдуулсан хорих ялыг хуульд заасан хэмжээний дотор багасгах нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээ гэж үзэж байна.

            Иймд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ШЦТ/262 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Н.Б ид оногдуулсан хорих ялыг 2 жил болгон багасгаж өгнө үү” гэжээ.

4. Шүүгдэгч Н.Б ийн өмгөөлөгч Г.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “... Миний хувьд шүүхээс ял оногдуулахдаа, тал бүрээс нь бүрэн сайн харгалзаж үзсэн гэдэгт эргэлзээ төрсөн учраас тухайн гомдлыг гаргасан. Хорих ялын хэмжээг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс Ц.Д т 3 жил, Н.Б ид 3 жил 6 сарын хорих ял оногдуулсан нь дэндүү чангадсан, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.

Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлагын талаар дүгнэхдээ шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, Ц.Д ын хувьд бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй, Н.Б ийн хувьд гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэдгийг харгалзаад дээрх ялыг оногдуулсан гэж дүгнэсэн байдаг. Үүнээс миний бие хэд хэдэн зүйлийг сайн ойлгохгүй байгаа.

Гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, бүлэглэж үйлдсэн гэдгээ зөвшөөрөөгүй гэж дүгнэсэн хэсгийг сайн ойлгохгүй байгаа. Гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага нь шүүхэд таалагдаагүй байж болно, ямар хандлага гаргасан юм бэ гэдэг нь тодорхой байх ёстой гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад биеэ хэрхэн авч явсан юм, шүүх хуралдааны дэгийг алдагдуулсан, даргалагч, улсын яллагчийн асуултад хариулахдаа хүндэтгэлгүй байсан, гэм буруутайд тооцох шийдвэр гарч байх цаг үед түүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг илэрхийлж, хурлын дэгийг алдагдуулсан гэх мэтээр  тодорхой дурдах байсан.  

Гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй нь гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага биш. Энэ 2 ялгаатай ойлголт гэж бодож байна. Түүнчлэн 2 тооны үхэр хулгайлах гэмт хэргийн хувьд хохирол, хор уршгийн шинж чанар нь яг юу байсан юм бэ? гэдгийг тусгайлан дүгнэж тайлбарлах шаардлагатай байсан гэж үзэж байгаа.

Малын хулгай болгон дээр хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзаад гээд л тогтоол бичээд байгаа нь үндэслэл бүхий байх шинжээ алдчихсан гэж хараад байгаа юм. Үүнийг  тайлбарлаж  дүгнэлт бичээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл муутай болсон гэж үзэх үндэслэл болж байна.  

Мал хулгайлах гэмт хэргийн хувьд 2 буюу түүнээс дээш бод мал хулгайлсан тохиолдолд олон тооны мал гэдгээр хүндрүүлэн үздэг. Энэ гэмт хэргийн хувьд хохирол 3 сая төгрөг гэж тогтоогдсон. Гэтэл шүүгдэгч нарын хувьд 2 тооны үхэр хулгайлсан нь олон тооны  мал  гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний  доод хэмжээ  буюу  хоёр гэх нөхцөлийг хангаж байгаа. Гэтэл 2-оос дээш тооны бод хулгайлсан гэмт хэрэгт ч яг энэ дүгнэлт хэвээрээ л байдаг. Үүнд шүүх анхаарах ёстой байсан юм болов уу гэж харж байна.  

Олон тооны, олон сая төгрөгөөр үнэлэгдэх үхэр, адуу хулгайлаагүй, 2 тооны л үхэр хулгайлсан, 3 сая төгрөгийн хохирол учирсан. Үүнийг ялын хэмжээг тогтоохдоо анхаарч үзэх шаардлагатай байсан гэж хэлмээр байна. Мэдээж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй гэж заасныг нэмж тэмдэглүүлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн, гэм буруугаа зөвхөн анхан шатны шүүх хуралдаанд хүлээх албагүй гэж сүүлийн үед өмгөөлөгч нар ярьдаг болчхоод байгаа юм. Давж заалдах шатны хуралд ч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой гэдэг байдлаар. Гэтэл миний хувьд зөвхөн анхан шатны шүүхэд гэм буруугаа хүлээснээр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжтой, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх ёстой гэдэгт байр суурь нэгтэй байдаг.

Миний хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх ёстой гэдэг агуулгаар гомдлоо гаргаагүй. Харин давж заалдах шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч болно. Үүнд дурдсан гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага, анхан шатны шийтгэх тогтоолд дүгнээд байгаа, магадгүй тэр хүн нь анхан шатаар гэм буруутайд тооцогдоод ял авсны дараа дахиад цагаатгуулах байдлаар гомдол гаргаж болох сонголт байдаг. Тухайн шүүгдэгч нь би зөвшөөрье, давж заалдах шатны шүүхэд гэмт хэрэг үйлдсэнээ хэлье гэж байгаа нь бас гэм буруудаа хандаж байгаа хандлага эерэг байна уу гэж харж байгаа нэг өнцөг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго байна. Хүнд ангиллын гэмт хэрэгт ялын цээрлүүлэх бодлогыг нь барих нь зүйтэй гэж хуульч хүний хувьд үздэг. Шүүгдэгчийн хувьд хорих ял шийтгүүлж,  цагдан хоригдож байгаа нь цээрлэлийг  хүртээд эхэлчихсэн явж байгаа гэж нэмж хэлмээр байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэдэгт гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэмт санаагаа хэрэгжүүлсэн арга, давтамжийн байдал, хамтран оролцсон байдал зэрэг хүчин зүйлүүдийг хамааруулан авч үздэг. Гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал гэдэгт тухайн хүний зан төлөв, дадал зуршил, амьдралд хандах хандлага, гэр бүлийн байдал, нас, эрүүл мэнд, ажил хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлого, ял шийтгэл хүлээж байсан, шагнал урамшуулал авч байсан эсэх зэрэг нь тухайн этгээдийн хувийн шинжтэй нөхцөл байдлуудыг тус тус хамааруулж ойлгоно.

Шүүгдэгч Н.Б ийн хувьд анхан шатны шүүх хуралдаанд өмнө нь 2,3 өмгөөлөгчтэй байсан. Тийм боловч өмгөөлөгчөөсөө татгалзаад, давж заалдах шатанд намайг өмгөөлөгчөөр сонгож авсан. Энэ шалтгаан нь түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргах боломжтой хэмээн итгүүлсэн байдаг. Өмнөх өмгөөлөгч нар үүнээс үүдэн гарах эрсдэлийг Н.Б ид тайлбарласан байхыг үгүйсгэхгүй ч гэсэн түүний хувьд өмгөөлөгч нартаа итгэснээс болж хуульд зааснаар эрүүгийн хариуцлагаа хөнгөрүүлэх боломжоо алдсан.

Өмгөөлөгч хүн ч гэсэн үйлчлүүлэгчийн гэм буруутай эсэх, гэм буруугүй гэдэгт эргэлзэх ёстой гэж би боддог. Магадгүй үйлчлүүлэгчдээ итгэхгүй бол асууж, үйлчлүүлэгч нь үнэн зөв мэдээллээр хангах үүрэгтэй. Намайг анх өмгөөлөгчөөр авахдаа ч гэсэн “би энэ хэрэгт оролцоотой”  гэж хэлээгүй ч гэсэн миний хувьд хэргийн материалтай танилцаж үзээд түүнээс хэд хэдэн асуулт асууснаар шүүгдэгч Н.Б  хулгайн хэргийг мэдсэн гэдгээ надад хэлсэн. Тийм учраас л бид 2 зөвшилцөж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ялаа багасгуулахаар гомдлоо бичсэн.

Анхнаасаа хохирлыг төлөөгүй, гэм буруугийн талаар маргаж байгаад гэм буруутайд тооцогдсон этгээд хохирол төлөхөөр завсарлага авдаг. Ингэснээрээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хохирол төлсөн гэдгээрээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломж эдэлдэг. Гэтэл энэ гэмт хэрэг бараг шалгагдаж эхлэх үед Ц.Д  нь хохирол 3 сая төгрөгийг, 5 сая төгрөг болгож төлсөн байдаг.

Н.Б ийн хувьд гэм буруутайд тооцогдсон ч гэсэн магадгүй завсарлага аваад хохирлоо төлөх чин сэтгэл байсан ч боломж гаргаагүй гэдгийг онцлон нэмж тэмдэглүүлэх нь зүйтэй. Мэдээж дахин нэхэмжлэх хохирол төлбөргүй гэдгээ хохирогч илэрхийлчихсэн.

Түүний гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээний байдал, түүнчлэн хувийн байдал, түүний эхнэр нь байнга Улаанбаатар хот руу явж шинжилгээ эмчилгээ хийлгэдэг, уушгины эмчийн хяналтад байдаг, ажилд хөдөлмөр эрхлэх боломжгүй, өнөөдрийн шүүх хуралдаанд ч ирж чадаагүй, эрүүл мэндийн шалтгаанаар, ах дүү нар нь ирчихсэн байгаа. Хүүхэд нь оюутан болж байгаа зэрэг нөхцөл байдал, гэрийн санхүүгийн байдал, өр зээл зэргийг харгалзаад миний үйлчлүүлэгчид хуульд заасан боломжит доод хэмжээ буюу 2 жилийн хорих ял оногдуулж өгнө үү” гэв.

5. Прокурор А.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ: “...Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байгаа прокурорын хувьд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 262 дугаартай шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байгаа. Гэхдээ давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж болохоор хуульчилсан байгааг дурдах нь зүйтэй.

Өмгөөлөгч Г.А, түүний үйлчлүүлэгч Н.Б  нарын давж заалдсан гомдолтой танилцсан. Давж заалдсан гомдолтой танилцахад Н.Б  нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээж байгаа гэсэн утга агуулга байгаа боловч энэ гэмт хэрэгт би хамжигчаар оролцсон гэсэн зүйл бичсэн байна.

Тэгэхээр улсын яллагчийн хувьд Н.Б ийг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж яллаагүй, Ц.Д тай бүлэглэн бусдын олон тооны бод малыг машин механизм ашиглан хулгайлсан гэж яллаж байгаа. Түүнээс ямар нэгэн байдлаар Ц.Д ын хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэж шүүгдэгч Н.Б ийг яллаагүйг энд онцлон хэлэх нь зүйтэй байна.

Сая шүүгдэгч Н.Б  ярьж байна. Мэдээгүй очоод хулгайн мал байхаар нь аваад ирчихсэн юм гээд, үүнийг хамжигч гэж үзэх эсэх нь сонин байгаа.

Энэ хэрэгт 2023 оны 11 дүгээр сард яллагдагчаар татагдсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлээд шүүх рүү хэрэг шилжсэн. Шүүхийн шатад 2023 оны 12 дугаар сарын 21-нд шүүхэд ирснээсээ хойшоо анхан болон давж заалдах шатны шүүх дамжаад 2-3 жил болж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүй, эсвэл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй гэж заасан хэдий ч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Ц.Д  нь хохирогч Ц.Г ийн 2 тооны бод мал буюу олон тооны бод малыг машин механизм ашиглан хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрдөг.

Шүүгдэгч Н.Б тэй бүлэглэн хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрдөггүй.  Харин өөрөө олон тооны малыг мотоциклоо ашиглаад хулгайлчихсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Харин шүүгдэгч Н.Б ийн хувьд энэ гэмт хэрэгт ямар ч оролцоогүй, гэмт хэрэг үйлдээгүй гэж маргадаг.  

Ийм учраас анхан шатны шүүхээс Ц.Д , Н.Б  нарт ялыг  адилгүй ялыг, ялгамжтай оногдуулсан нь үндэслэлтэй байна гэж үзэж байгаа. Харин оногдуулсан  ялын их, багад давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх нь зүйтэй байх.

Учир нь шүүх өмнө нь 2 жил хорих ял оногдуулсан байсан, шийтгэх тогтоол хүчингүй болоод дахин шийдвэрлэхдээ, хэргийн нөхцөл байдалд ямар ч өөрчлөлт ороогүй байхад хорих ялын хэмжээг ихэсгэж буюу өмнөхөөс ялгаатай  оногдуулсан. Хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байхад ялыг хүндрүүлж оногдуулсан талаар Г.А өмгөөлөгч гомдолдоо дурдсан байсан, шүүх хэргийн үйл баримтад өөрчлөлт ороогүй байхад хорих ялын хэмжээг ялгаатай оногдуулж байгаа байдалд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх байх гэж бодож байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид 2 ба түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ гэж заасан. Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг 2 ба түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж заасан.

 Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож дүгнэлт, тайлбар гаргаж байгаа прокурорын хувьд эрүүгийн *** дугаартай хэрэгт авагдсан хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Д , Н.Б  нар нь хохирогч Ц.Г ийн 2 тооны үхрийг машин механизм буюу мотоцикл, машин ашиглаад бүлэглэн хулгайлсан үйлдэл нь хөтөлбөргүй тогтоогдсон гэж үзэж байгаа.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэх гэж заасан учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д тус тус зааснаар хэргийг зүйлчилж шилжүүлсэн, анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль ёсны үндэслэлтэй гэж үзэж байна.

            Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь үндэслэлтэй гэсэн тайлбар дүгнэлтийг гаргаж байна” гэв.

            6. Шүүгдэгч Ц.Д  давж заалдах шатны шүүх хуралдаанд: “Гаргах тайлбар байхгүй” гэв.

7. Шүүгдэгч Н.Б  давж заалдах шатны шүүх хуралдаанд : “Би Ц.Д т азаргаа өгөөд, түүнийхээ үнэ төлбөрийг нь авмаар байна гэсэн чинь ирээд ав гэсэн. Яваад очсон чинь үхэр өгсөн, тэр нь хулгайн үхэр байсан. Би анх эндээс явж байхдаа мэдээгүй, очоод хулгайн үхэр гэдгийг нь мэдээд авсан. Улмаар оруулж ирж зараад 2 сая төгрөг олсон, талыг нь айлуудад өгсөн.

Миний эхнэр хүнд өвчтэй, том хүүхэд маань ирэх намар оюутан болж байгаа, мөн банкны зээлтэй, надаас өөр ажил хөдөлмөр эрхэлдэг хүн байхгүй тул миний эдгээр хувийн байдлыг маань харгалзан үзэж, надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж, ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэв.

8. Шүүгдэгч Ц.Д ын өмгөөлөгч Д.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Би Ц.Д ын өмгөөлөгчөөр мөрдөн байцаалтын шатнаас ажилласан. Өнөөдрийг хүртэл миний үйлчлүүлэгч мал хулгай хийсэн гэдгээ анхнаасаа мэдүүлж явсан, Анх 4 дүгээр сарын 03-ны өдөр ял авахад ч гэсэн бид нарын зүгээс давж заалдах гомдол гаргаагүй, сая ч гаргаагүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэсэн үг.

Тэгэхдээ энэ хэрэгт 3 зүйлийн дүгнэлт хиймээр юм шиг санагдаж байгаа юм. Яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан буюу бүлэглэж гээд дурдаад оруулаад ирсэн. Гэхдээ хамтран оролцооны хэлбэрийг нь яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлан 2 хүн оролцсон байна, нэг нь гүйцэтгээд, нөгөөх нь хамжиж, эсхүл бүлэглэж гэж дурдах ёстой байсан ч дурдаагүй.

Прокурор бүлэглэж гүйцэтгэсэн гэж хэлж байна. Гэвч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, яллах дүгнэлтэд ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамласан зүйл байхгүй. Үүнд анхаармаар байна.

Хоёрдугаарт, Увс аймгийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан Б.Мөнхзаяа шүүгч 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр энэ хэргийг шийдвэрлэхдээ Д т 2 жил 5 сарын хорих ял өгсөн. Сая сүүлийн шүүх хуралдаан буюу 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийн нөхцөл байдалд ямар ч өөрчлөлт ороогүй байхад Б.Гансүх шүүгч 3 жилийн хорих ял оногдуулсан.

Хэн гэдэг шүүгч шийдвэрлэж байгаагаас үл хамаараад шүүх Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргаж байгаа. Тэгэхээр анхан шатны шүүхийн 2 шүүгч нь 2 өөр ял өгчихдөг. Үүнийг шүүгч хоорондын асуудал гэж ойлгох юм уу, эхний шүүгч миний үйлчлүүлэгчид хөнгөн ял оногдуулж давуу байдал олгосон учраас дараагийн шүүгч нь засаж байна гэж ойлгох юм уу?. Энэ нь шүүхийн нэр хүндэд хүртэл нөлөөлөхүйц хэмжээний асуудал юм. Өмнөх шүүх хуралдаанаар 2,5 жил хорих ял  өгснийг яагаад хүндрүүлж 3 жил болгосон үндэслэлээ тайлбарлаж байгаа бол өөр асуудал . Үүнийг анхаарч үзээсэй гэж хэлмээр байна.

Гуравдугаарт, давж заалдах шатны шүүх гомдол эсэргүүцэл хамаарахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэх ёстой. Би сая 3 төрлийн нотлох баримтыг шинжлэн судлуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэрэг үйлдээд Н.Б  нь Ц.Г ийн 2 үхрийг ачиж Улаангомд аваачиж, үхрийг нь алаад, өөртөө хэрэглээд, зараад ашиг орлого олчихсон байна. 1 дүгээр хавтаст хэргийн 65 дугаар талд Наранцэцэгийн мэдүүлэгт 2 сая төгрөгийн ашиг олчихсон гээд биччихсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл нотлох баримт болно. 2025 оны 4 дүгээр сарын 03-ны шүүх хуралдааны тэмдэглэлд ашиг олсон гэдгээ хэлсэн, сая ч бас хэлж байна, 2 сая төгрөгийн ашиг олчихсон гэж байна.

Тэгвэл яагаад энэ хэрэгт албадлагын арга хэмжээг хэрэглэхгүй байгаа юм бэ? Хэрэглэхгүй байгаа нь энэ хүнд давуу байдал үүсгээд байгаа юм биш үү. Эрүүгийн хариуцлага гэдэг нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ.

Ялыг биеэр эдэлж, хоригдож байгаагаас гадна албадлагын арга хэмжээ буюу хууль бус аргаар гэмт хэргийн замаар ашиг орлого олчихсон. Үүнийг хурааж улсын орлого болгох ёстой байсан юм биш үү?. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-д заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэдэг үндэслэлд хамаарах уу, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг шүүх хэрэглэж ч болно, хэрэглэхгүй ч байж болно гэх эрх хэмжээг хуулиар олгоогүй, заавал хэрэглэхээр үүрэг болгосон хэм хэмжээ гэж ойлгож байгаа. Тухайн үүрэг болгосон хэм хэмжээг хэрэглэхгүй байгаа нь 39.7 дугаар зүйлийн 1.1-д хамаарч байна гэж би ойлгож байна.

Улмаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчим алдагдсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгоод, тухайн асуудлыг шийдвэл яасан юм бэ гэдгийг давж заалдах шатны шүүх шийдэж өгөөсэй гэж хүсэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/262 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Б , түүний өмгөөлөгч Г.А нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ц.Д , Н.Б  нарт холбогдох, 2335000000283 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хэлэлцэхдээ гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

            2. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий байна.

   2.1. Шүүгдэгч Ц.Д , Н.Б  нар бүлэглэн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны шөнө Увс аймгийн З  сумын Д  багийн нутгаас хохирогч Ц.Г ийн 2 тооны үхрийг машин механизм ашиглан хулгайлж, хохирогчид 3,000,000 /гурван сая/ төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн нь:

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, түүнийг хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 01-02 дахь тал),

- тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 19-22 дахь тал),

- хохирогч Ц.Г ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2023 оны 04 дүгээр сарын 12-ны шөнө З  сумын нутаг төв засмал замын баруун талд байх Кэмп гэх газраас 2 тооны үхэр хулгайд алдсан юм. Тухайн үед би уг үхрээ бэлчээрээр 2, 3 хоног хайгаад олоогүй. Манай үхэр байсан газарт гурван хүний гутлын болон автомашины мөр байсан ба мөн мал барьсан байж болох сур чирсэн юм шиг ул мөр байсан. Би уг 2 үхрээ хайж сураг тавиад, З  сумын цагдаа, Со сумын цагдаа нарт тэмдэглүүлсэн. Уг 2 үхрээ хайж, сураг тавьж байтал манай хамаатны Ц.Д  гэх залуугийн гэрт манай 2 тооны үхэр алга болох үед Улаангом сумын иргэн Н.Б  гэх залуу автомашинтай эхнэртэйгээ хамт ирээд явсан талаар би сонссон. Би Ц.Д аас “манай 2 тооны үхэр хулгай авах үед танайд Улаангом сумаас автомашинтай хүн ирсэн байна” гэж асуухад “манайд хүн ирээгүй” гэж хэлээд надаас нуусан. Мөн Ц.Д т “танайд Н.Б  гэх хүн ирсэн байна” гэж хэлэхэд “би танихгүй” гэж хэлсэн. Би сураг тавихад Ц.Д  нь Н.Б ийг сайн таньдаг, урьд өмнө тэднийхээр ирдэг, наймаа хийдэг хүмүүс байсан. Н.Б ийн зарсан азарга одоо хүртэл Ц.Д т байгаа. Би 2023 оны 06 дугаар сард Ц.Д т “миний 2 үхрийг та авсан байна” гэж хэлэхэд “чи надад гэрчээ аваад ир” гэж хэлсэн.

2023 оны 10 дугаар сарын сүүлээр би Д  багийн манаач Н.П гэх айлд сууж байтал Н.П ахын гар утас руу Ц.Д  залгасан. Тэр хоёр ярьж байхад нь би Н.П ахын гар утсыг аваад Ц.Д  ахтай ярьсан. Би Д  ахаас “миний 2 үхэр хэзээ төлөх гэж байна” гэж асуухад “чи хурдан манайд хүрээд ир” гэж хэлсэн. Би тэр өдөр Ц.Д  ахын гэрт очиход Ц.Д  ах “гэрээс гарч уулзая” гэсэн. Би Ц.Д  ахтай гарч уулзахад “энэ хавар танай алга болсон 2 тооны үхрийг  ах нь хулгайлаад Улаангом сумын Н.Б  гэх залууг манайд ирэхээр өгөөд явуулчихсан юм. Чи энэ талаар цагдаад битгий хэлээрэй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаад хэлсэн байгаа  гэхэд цагдаа чамаас асуувал “үхрээ олж авсан” гээд хэлчих гэж хэлсэн. Ц.Д  ах миний 2 тооны үхэр хулгайлсан талаараа хүлээн зөвшөөрсөн юм.

Хэд хоногийн дараа буюу 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр би гэртээ ганцаараа байтал Ц.Д  ах манайд ирээд “2 үхрийнхээ үнийг хэлчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би 5’000’000 сая төгрөг өгөөрэй гэж хэлсэн. Тэгтэл Ц.Д  ах эхнэр рүүгээ залгаад миний данс аваад 5’000’000 сая төгрөг хийчихлээ гэж хэлсэн. Тэр үед манайд Т.Ц бид 3 хамт байсан. Би хохирлоо бүрэн барагдуулж авсан. 2023 оны 04 дүгээр сарын 12-ны үед Ц.Д  ахынх манай хойд талд “Домбын ово”о гэх газар байхад нь Улаангом сумын иргэн Н.Б  эхнэртэйгээ ирсэн гэж ярьж байсан. Тухайн үед Н.Б  автомашинтай ирсэн гэж байсан. Н.Б  гэх хүн нь надтай уулзаж ярьсан зүйл байхгүй. Харин 2023 оны 10 сарын 28-нд байх хохирлоо барагдуулдаг өдөр Ц.Д  ах Н.Б  рүү залгаж байна гээд нэг дугаар руу залгаад нэг эрэгтэй хүнтэй ярьсан. Тухай үед тэр хүнтэй ярихдаа “би нөгөө 2 үхрийн эзэнтэй уулзаж байна, нөгөө чи бид хоёрын авдаг 2 үхрийн эзэнтэй” гэж ярьж байсан. Миний 2 тооны үхрийг Ц.Д  ах, Н.Б  гэх хүмүүс хулгайлсан. Надад хохирол гэж 5’000’000 сая төгрөг шилжүүлсэн. Мөн Ц.Д  ах үхэр хулгайлж авсан талаараа өөрөө хүлээн зөвшөөрсөн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 26-30 дахь тал),

- гэрч Т.Ц ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 10 дугаар сарын 31-ний үед би Увс аймгийн З  сумын нутаг “Шийрээ худаг” гэх газар Ц.Г  гэх айлд очиход Ц.Г , мөн З  сумын иргэн Ц.Д  ах 2 байсан. Ц.Г  ах намайг “Ө сумын төв ороод ирье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрч Ц.Д , Ц.Г  бид гурав Ц.Г  ахын Probox загварын автомашинтай явсан. Бид гурав Ө  сумын төвийн наад талд самбар дээр байтал Ө  сумын иргэн Мандах гэх хүн 2 шил архи авч ирчхээд явсан. Тэр архийг ууж байгаад Ц.Д  ах, Ц.Г  ах хоёр хоорондоо үхэр хулгайлсан талаар ярьсан. Ц.Г  ах Ц.Д  ахад “чи хамт хулгай хийсэн хүн рүүгээ ярь, миний хохирол барагдуул” гэж хэлж байсан. Ц.Д  ах гар утсаа гаргаж ирээд нэг дугаар луу залгасан ба цаад хүн нь эмэгтэй хүний хоолой шиг байсан. Ц.Д  ах “нөгөө хулгайлж авсан үхрийн эзэнтэй хамт байна, цагдаад хэлэхгүй гэж тохиролцож байна, 2 үхрийн хохирол мөнгө шилжүүлмээр байна” гэж ярьсан. 30 минутын дараа байх, Ц.Г  ахын гар утсанд мессеж ирээд Ц.Г  ах гар утсаа гаргаад харахад 5 /тав/ сая төгрөг дансанд нь орж ирсэн байсан. Би Ц.Г  ахаас “энэ ямар мөнгө таны дансанд орж ирсэн юм” гэж асуухад “манай 2 үхэр хавар хулгай авсан юм, тэр үхрийг хулгайлсан хүмүүс хохирол болох мөнгөө шилжүүлж байна” гэж хэлсэн. Бид Ө  сумын төвийн самбараас гэр рүүгээ ирсэн юм. Өөр надад мэдэх зүйл байхгүй юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 32-34 дэх тал),

- гэрч О.О /хохирогчийн эхнэр/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн: “Манайх 2023 оны хавар 04 дүгээр сарын 13-ны үед З  сумын нутаг Б гэх нэртэй газарт байхдаа төв хар замын ар хэсэгт кемп гэх газрын орчмоос 2 тооны нас гүйцсэн эр үхрээ хулгайд алдсан. 2023 оны 10 дугаар сард манай хулгайд алдсан 2 тооны үхрийг манай сумын Ц.Д  гэх хүн хулгайлсан байна гэх яриаг нөхөр Ц.Г  болон манай хадам дүү Ц.Б нараас сонсож мэдсэн. Манай хулгайд алдсан 2 тооны үхрийн 1 нь хүрэн зүстэй эр үхэр, нас гүйцсэн 8 настай байх, нөгөө нь шар цоохор зүсмийн эр үхэр, нас гүйцсэн байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 36-39 дэх тал),

- гэрч М.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “Ц.Г  2023 оны 04 дүгээр сард 2 тооны үхэр алдсан талаар 2023 оны 06 дугаар сард надад хэлж байсан. 2023 оны 10 дугаар сарын сүүлээр Ц.Г , Ц.Д  нар хамт манайд ирээд явсан. Тэд нар 2 үхэр хулгайлсан талаар хоорондоо зохицоод явж байна гэж ярьж байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 41-42 дахь тал),

- гэрч Н.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Увс аймгийн З  сумын Д  багийн төвийн манаач хийдэг, бас энэ багт мал маллаж амьдардаг. Манайд 2023 оны 10 дугаар сарын сүүлээр Ц.Г  хажуудаа найз Гануухайн хамт ирсэн юм. Манайд байтал миний 89129473 гэсэн дугаар руу Ц.Д  залгаад мал асуусан юм. Тэгтэл Ц.Г  “утсаар ярьж байгаа Ц.Д  ах юм уу” гэж хэлээд миний гар утсыг аваад Ц.Д тай ярьсан. Ц.Г  утас аваад Ц.Д тай ярихдаа “та миний 2 үхрийг яах гэж байна, та нэг бол одоо хүрээд ир” гэж хэлж байсан. Тэгтэл Ц.Д  “чи одоо манайд хүрээд ир, хоёулаа чиний 2 үхрийн талаар ярилцъя” гэж хэлсэн. Ц.Г  манай гэрээс “Ц.Д  ахтай очиж уулзана, 2 үхрийн талаар ярилцана” гэж хэлээд гарч явсан, дахиж манайд ирээгүй. Ц.Г  2023 оны хавар 2 тооны үхэр хулгайд алдсан талаар ярьж байсан, тэр үхрийн талаар очиж ярина гэж хэлж байсан, түүнээс өөр надад ямар нэг мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 47-49 дэх тал),

- гэрч М.Б /шүүгдэгч Ц.Д ын эхнэр/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний нөхөр Ц.Д  2023 оны 10 дугаар сарын сүүлээр гэртээ байхдаа “би 2023 оны 04 дүгээр сард Ц.Г ийн 2 тооны үхрийг хүнд барьж өгөөд явуулчихсан” гэж хэлсэн. Ямар үхэр гэж асуухад “хавар хайгаад байсан 2 үхрийг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхөртөө “чи яах гэж тийм муухай хулгай хийдэг юм, хэнд өгсөн юм” гэж асуухад “манайд эхнэртэйгээ ирсэн найз Н.Б  гэх хүн ирэхээр нь барьж өгөөд явуулсан юм” гэж хэлсэн. Бид хоёрын дунд хэрүүл болоод дууссан. Хэд хонож байтал миний нөхөр Ц.Д  миний 88441984 гэсэн дугаар руу залгаад “би Ц.Г той байна, чи Ц.Г ийн данс руу нөгөө 2 үхрийн хохирол болох 5 /тав/ сая төгрөг шилжүүлчих” гэж хэлсэн. Би Ц.Г ийн данс руу 5 сая төгрөг хийсэн юм. Би Н.Б ийг танина, 2023 оны 03, 04 дүгээр сард миний нөхрийн найз гэж автомашинтай ирж байсан. Тэр үед ирэхдээ эхлээд жижиг автомашинтай ирсэн, дараа нь буюу 04 дүгээр сард ирэхдээ ачааны автомашинтай ирээд өдөр /гэгээтэй/ явсан. Миний нөхөр Ц.Д  2023 оны 04 дүгээр сарын дундуур байх орой /шөнө/ “адуу харна” гэж хэлээд гэрээс мотоциклтой явсан. Тэгэхэд Н.Б  цаанаас буюу Улаангомоос ирж уг 2 тооны үхрийг авсан гэж миний нөхөр хэлсэн. Би 2023 оны 10 дугаар сарын сүүлээр байх /яг өдрийн сайн санахгүй байна/ өөрийнхөө 5806137150 дугаартай данснаас Ц.Г  гэсэн хүний данс руу 5 сая төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 51-54 дэх тал),

- гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 06 дугаар сард манай багийн Ц.Д  гэх хүн манай төрсөн ах Ц.Г ийн 2 тооны үхэр алга болох үед мотоциклтой явсан гэж өөрөө хэлж байна гэж Ц.Г  ах надад хэлсэн. ...дам ярианаас “Ц.Д  гэх айлд Улаангом сумаас Н.Б  гэх хүн автомашинтай ирсэн байна, Н.Б, Ц.Д  хоёр найз нөхдийн холбоотой, нэг нэгэндээ мал өгч авдаг” гэдгийг манай ах Ц.Г  сонссон байсан. Ц.Г  ах “миний 2023 оны 04 дүгээр сард хулгайлагдсан 2 тооны үхрийг манай багийн иргэн Ц.Д  ах хулгайлсан байна, надад хэргээ хүлээж 5 сая төгрөг өглөө” гэж надад хэлсэн. Би Ц.Д  ах хэнтэй хамт авсан талаар ах “манай 2 тооны үхрийг Ц.Д  Улаангом сумын Н.Б  гэх хүнтэй хамтарч хулгайлсан байна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 56-58 дахь тал),

- гэрч Ж.Н /шүүгдэгч Н.Б ийн эхнэр/-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “Ц.Д  гэх хүн азарганы өртөгт 2 тооны үхрээ 3 сая төгрөгөөр үнэлж өгнө гэж миний нөхөр Н.Б тэй тохиролцсон юм билээ. Явах болохоор нь би нөхрөө шөнө орой ганцаараа явуулахгүй гээд H.Б ийн хамтаар тухайн 2 тооны үхрийг авахаар тус аймгийн З  сум руу оройхон гарсан. Тухайн газарт очиход шөнө харанхуй болсон байсан. Миний санаж байгаагаар уг Ц.Д  гэх хүн засмал замын ойролцоо үхрээ аваад ирчихсэн байсан. Харанхуй орой байсан учир яг ямар нэртэй газар очсоныг би мэдэхгүй байна. Би нөхөр Н.Б ээс яагаад эзгүй газраас үхэр ачиж байгаа юм бэ гэж асуухад миний нөхөр надад хандаж “Ц.Д  ахын үхэр нь өвсгүй учир хойшоо давж гүйгээд байна гэж хэлж байна. Тэгээд мал байгаа газраасаа ачиж байна” гэж хариулж байсан. Д  тухайн үед хуучин мотоциклтой ирж байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 63-64, 66-67дахь тал),

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 01-02 дахь тал),

- тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 19-22 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар  нотлогдсон байна.

3. Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрөөгүй, гэмт хэргийн үйл баримтыг тус тус нотолж чадсан байна.

4. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлж, тухайн нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ц.Д , Н.Б  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан “Бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

5. Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Д аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Мустанг 150 загварын, 255,000 (хоёр зуун тавин таван мянга) төгрөгийн үнэ бүхий мотоцикл, шүүгдэгч Н.Б ээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Kia Bongo-3 загварын *** улсын дугаартай автомашины үнэ болох 14,340,000 (арван дөрвөн сая гурван зуун дөчин мянга) төгрөгийг тус тус албадан хурааж,  улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээний зохицуулалтад нийцсэн байна.

6. Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Н.Б ийн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө орлого болох 2,000,000 төгрөгийг хурааж улсын орлогод оруулаагүй нь шүүх  Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

          Шүүгдэгч Н.Б  нь Ц.Д ын хамт хулгайлсан 2 тооны үхрийг Улаангомд ачиж ирээд нядалж, зарж борлуулаад 2 сая /2,000,000/ төгрөгийн хөрөнгө орлого олсон болох нь гэрч Ж.Наранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Уг үхрийн махыг өөрсдөө хэрэглээд талыг нь зарж борлуулж, 2 сая төгрөгийн ашиг олсон” гэх (1 дэх хавтаст хэргийн 66-67 дахь тал) мэдүүлэг, шүүгдэгч Н.Б ийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Үхрийн махаа Улаангомд зарсан. Ганц нэг хөл махыг нь өөрсдөө хэрэглээд бусдыг нь гэрийн гаднаас зарж борлуулсан” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 277-р тал/-ээр нотлогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т зааснаар  “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгох ба шүүгдэгч Н.Б ийн хулгайлсан 2 тооны үхрээ зарж борлуулж олсон ашиг 2,000,000 төгрөг нь  гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод хамаарч байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар давж заалдах шатны шүүх нь хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах эрх хэмжээний хүрээнд хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэлд хамаарахгүй болно.  

Иймд шүүгдэгч Н.Б ээс  гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох 2,000,000 төгрөгийг албадан хурааж, улсын орлогод оруулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.  

7. Шүүгдэгч Н.Б ийн өмгөөлөгч Г.А давж заалдах шатны шүүхэд “  Шүүгдэгчийн анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаж, цагаатгуулах байр суурьтай оролцсон  нь түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл болохгүй байтал шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэх үндэслэлийг дурдаж, 3 жил, 6 сар хорих ял шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Н.Б ид оногдуулсан хорих ялыг 2 жил болгон багасгаж өгнө үү” гэх агуулга бүхий гомдол гаргасан байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь тухайн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, нийгмийн аюулын хэр хэмжээ, хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үздэг.  

 

Анхан шатны шүүхээс: “...шүүгдэгч Н.Б ид  ял шийтгэхдээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй зэргийг харгалзан 3 жил 06 сар хорих ял шийтгэсэн нь шударга ёсны зарчимд нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Шүүхээс, шүүгдэгч нарын бүлэглэн, машин механизм ашиглан бусдын 2 тооны үхэр хулгайлсан үйлдэлд Ц.Д т 3 жил хорих, шүүгдэгч Н.Б эд 3 жил 6 сар хорих ял  тус тус оногдуулсан байх ба шүүгдэгч нарт оногдуулах хорих ялын хэмжээг ялгамжтай тогтоох хуульд заасан үндэслэлүүд тогтоогдоогүй, Тухайлбал,   шүүгдэгч нарын хэн аль нэгнийг гэмт хэргийн гүйцэтгэгч, эсхүл зохион байгуулагч, хатгагч, хамжигч гэж тодорхойлох нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй болно. Түүнчлэн шүүгдэгч Н.Б эд ял хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргаж буй нь түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан үндэслэлд хамаарахгүй бөгөөд шүүх Эрүүгийн хуульд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан ял хүндрүүлэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 3-т зааснаар хориглосон.   

Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа, нэг удаагийн үйлдлээр бусдын 2 тооны үхэр хулгайлсан  нөхцөл байдал, уг гэмт хэргийн улмаас 3 сая төгрөгийн хохирол учирсан буюу хор уршгийн хэмжээ бага, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж арилгасан нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг  тэдэнд оногдуулах эрүүгийн хариуцлагын хэмжээг тодорхойлохдоо харгалзан үзэх үндэслэлтэй байх тул шүүгдэгч тус бүрт гурван жил хорих ял оногдуулах нь хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн хэр хэмжээ болон шүүгдэгч нарын гэм бурууд тохирно гэж дүгнэв. Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Б эд оногдуулсан гурван жил зургаан сар хорих ялын хэмжээг гурван жил болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Д  нь З аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан олон тооны мал хулгайлах гэмт хэрэгт 2 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, уг ял эдэлж байхдаа Н.Б тэй бүлэглэн мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн баримтаар тогтоогдсон ба тэрээр энэ гэмт хэрэгт шалгаж байх хугацаандаа өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг бүрэн эдэлж дууссан болох нь Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 1/62 дугаар “ Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай” тогтоолоор нотлогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар нэмж нэгтгэх ял үлдээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            8. Шүүгдэгч Н.Б, Ц.Д  нарын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2026 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүртэл тус тус цагдан хоригдсон нийт 104 /нэг зуун дөрөв/ хоногийг тус тус хорих ял эдлэх хугацаанд нь  оруулан тооцох үндэслэлтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/262 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...шүүгдэгч Н.Б ид 3 жил 6 сар хорих ял” гэснийг “3 жил хорих ял гэсэн  өөрчлөлт оруулж,

- шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох 2,000,000 төгрөгийг шүүгдэгч Н.Б ээс гаргуулан улсын орлого болгосугай” гэх нэмэлт заалт оруулж, шүүгдэгч Н.Б , түүний өмгөөлөгч Г.Анарын давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Б, Ц.Д  нарын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2026 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүртэл тус тус цагдан хоригдсон нийт 104 /нэг зуун дөрөв/ хоногийг тус тус эдлэх хорих ялд нь оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.