| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 104/2021/00182/И |
| Дугаар | 210/МА2022/01065 |
| Огноо | 2022-06-03 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2022/01065
| 2022 оны 06 сарын 03 өдөр | Дугаар 210/МА2022/01065 |
С.Бгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
С.Бгийн нэхэмжлэлтэй Налайх дүүргийн Гнд холбогдох
Налайх дүүргийн Гны хашаа албадан буулгаж газар чөлөөлсөн үйлдлийн улмаас гэм хор учруулсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Бгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: 2019 оны 09 сард Засаг даргын шийдвэрийн дагуу хүмүүс ирж бичиг баримтаа танилцуулалгүй, мод тарихаар барьсан төмөр хашааг нураасан. Нэхэмжлэгчийн мод тарих санаачилгаар олон нийтийн хөрөнгөөр бий болгосон хамгаалалтын төмөр хашааг нурааж ачиж явсан. Захирамжийг үзүүлээгүй, баримт үлдээгээгүй. Хариуцагч буруу үйлдэл хийснээс нэхэмжлэгчид хохирол учруулсан болохыг тогтоож өгнө үү. Хохирлыг нарийн сайн гаргаагүй байна. Эхлээд дүүргийн Гны хийсэн хашааг албадан буулгасан үйлдэл хохирол учруулсан болохыг тогтоолгох шаардлагатай байна. Хашааг албадан буулгаснаас үүдэн тухайн хашаанд байсан хамаг мод, бутыг мал эвдэж хохирол учруулсан. Монголын үйлдвэрчний эвлэлийн ахмадын Эв нэгдэл холбоо, Монголын Эксперанточид-ын холбоо, Туул голоо аваръя хөдөлгөөн, Ногоон шугуй ТББ, би бид нийлээд газрыг хашаалж мод тарьсан. Үржүүлгийн зориулалтаар мод тарьсан. Гэхдээ энэ удаагийн нэхэмжлэлээр зөвхөн дүүргийн газрын албаны үйлдэл хохирол учруулсан болохыг тогтоолгоно. Хохирол төлүүлэх асуудлыг дараа шийдүүлнэ гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Адъяагийн шүүхэд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Нийслэлийн засаг даргын 2019 оны 03 дугаар албан даалгавар, мөн Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгч нарын хурлын 11/02 дугаартай тогтоол, Дүүргийн засаг даргын 140 дүгээр захирамжийн дагуу газар албадан буулгах, ажлын хэсэг байгуулагдсаны үндсэн дээр 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл зөвшөөрөгдсөн газраасаа илүү хашаалсан газрыг албадан буулгах ажлын хэсэг байгуулагдаад 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч С.Бгийн хашааг буулгасан. Нэхэмжлэгч С.Б нь нийт 2409 м.кв газрыг эзэмших эрхтэй. Үүнээс 6918 м.кв-ийг илүү хашсан байсныг манай албаны алба хаагч нар очиж буулгасан. Тухайн үед ямар нэг нь мод, чацарганы мод зэрэг зүйл байгаагүй. Эд хөрөнгөнд нь хохирол учруулаагүй гэжээ.
3. Иргэдийн төлөөлөгч О.Бямбаа дүгнэлтдээ: Нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэн С.Б нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлж газар хашаалсан нь буруу гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан хариуцагч Налайх дүүргийн Гнд холбогдох газар албадан чөлөөлүүлэх үйлдэл хохирол учруулсан болохыг тогтоолгох тухай С.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.
5. Нэхэмжлэгч С.Бгийн давж заалдах гомдлын агуулга: ... Шүүх хуралд нэг шүүгч оролцсон байхад 3 шүүгч оролцсон гэж хуурамч шийдвэр гаргасан. Камерын бичлэгийг шалгуулах хүсэлтэй байна. Иргэнд хохирол учирсан болохоор гомдол гаргаж байгааг ойлгох чадваргүйгээс шударга бус шийдвэрийг шүүх нөлөөнд автан гаргасанд гомдолтой байна. Иргэн хохирсон нь тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийг хүн гүтгэсэн хэрэгт шүүх гүтгэлээ. Хэрэв нэхэмжлэгч хохироогүй байж санаатайгаар нэхэмжлэл гаргаж, төрийн албан хаагчийг хууль зөрчиж гүтгэсэн эсэхийг тогтоолгох, хуульд Монгол улсын иргэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэжээ. Төрийн нэрийг барьж бүлэг этгээдүүд, мод тарьж хамгаалсан төмөр хашааг нураан авч явсан, шүүхийн шийдвэргүй, засаг даргын захирамжаар иргэн, аж ахуйн нэгжийн өмчид дур мэдэн халдан хохирол учруулсан байхад хохироогүй гэж шийдвэр гаргасныг зөвтгөнө үү. Туул голоо аваръя хөдөлгөөн өрнүүлж, мод бут тарих уриалга гаргаж байсан засаг дарга, модоо тариулж ургуулж авчихаад, дараа нь хөөн зайлуулах үйлдлийг төрийн байгууллагын алба хаагчдыг дайчлан оролцуулсан дарангуйллын үйлдлийг Налайх дүүргийн шүүгч нар үгсэн хуйвалдаж, нуун дарагдуулахыг оролдож шударга бус шийдвэр гаргасанд гомдолтой байна. Төрөөс олгосон эрх мэдлийг урвуулан ашиглаж хууль зөрчиж шийдвэр гаргасан шүүгчийн шийдвэрийг дахин шалгуулахаар давж заалдаж байна. Орон нутгийн нөлөөлөл орж байх тул шүүхийн харьяаллыг сольж өгнө үү. Хохирол учруулсан бүлэг этгээдүүдээс мэдүүлэг авах хүсэлтийг хангаагүй. Хариуцагчаар огт хамаарал бус этгээдийг оролцуулсан. Шүүхийн шийдвэр ямар нэгэн эргэлзээгүй гарсан байх ёстой гэж заасан хуулийг зөрчсөнд гомдолтой байна. Шүүхийн туслах ажилтан нэхэмжлэгчид удаа дараа дарангуйлал үзүүлсэн нь шийдвэр гаргахад нөлөөлсөн. Туслах шүүгч гэж танилцуулсан этгээд ёс зүйн арга хэмжээ авагдсан. Хохирол учирсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг газрын маргаан болгож будлиантуулснаас болж нэхэмжлэгч 2 жил хохирч, чирэгдэл учирсаар байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасныг удаа дараа зөрчсөнийг тогтоолгох, нэхэмжлэл нь газрын маргаан биш бөгөөд хууль зөрчиж шүүхийн шийдвэргүйгээр иргэн аж ахуйн нэгжийн хувийн өмчид халдаж хохирол учруулсан үйлдлийг тодорхойлж чадаагүй гэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Адъяагийн давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.
2. Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангасан байна.
3. Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Налайх дүүргийн Гнд холбогдуулан Налайх дүүргийн Гны хашаа албадан буулгаж газар чөлөөлсөн үйлдлийн улмаас гэм хор учруулсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.
4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Хашааг албадан буулгаснаас үүдэн тухайн хашаанд байсан мод, бутыг мал эвдэж хохирол учруулсан гэж тайлбарласан байна.
5. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/213 дугаар захирамжаар С.Бд 472 м.кв талбайтай зуслангийн газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлжээ. /хх.23-30/
6. Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/140 дугаар захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, зуслангийн бүсэд гудамж замыг хаасан, эзэмшил, ашиглалтад байгаа газраа дур мэдэн нэмж хашаа, барилга байгууламж барьсан, нийтийн эзэмшлийн газарт зохих зөвшөөрөлгүйгээр зөөврийн байгууламж байршуулсан зэрэг зөрчлүүдийг илрүүлж газар албадан чөлөөлүүлэх ажлын хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулан ажиллуулсан байна. /хх.31/
7. Дээрх захирамжийн дагуу газар чөлөөлөлтийн ажлын хэсэг 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч С.Бгийн газраас илүү хашаалсан хашааг буулгаж газар чөлөөлөх ажиллагааг хийжээ.
8. Анхан шатны шүүх Налайх дүүргийн Гны буруутай үйлдлээс нэхэмжлэгч С.Бгийн эд хөрөнгөд гэм хор учирсан нь нотлогдоогүй гэж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
9. Иргэдийн төлөөлөгчийн ...Нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэн С.Б нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлж газар хашаалсан нь буруу гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 104/ШШ2022/00159 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Ц.ИЧИНХОРЛОО