| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 1405 |
| Огноо | 2018-10-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Уянга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 1405
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
Улсын яллагч Д.Уянга,
Шүүгдэгч Ч.Г , түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Ч Г холбогдох эрүүгийн 1806070881631 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, ял шийтгэлгүй, ам бүл 4, эгч, дүү нарын хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо тоотод оршин суух хаягтай, регистрийн дугаар- , хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ч Г .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Г нь 2018 оны 8 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ф.Бакатжаныг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Г мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч
Ф.Бакатжаны мэдүүлэг /хх-5/, гэрч Б.Төмөрчөдөрийн мэдүүлэг /хх-9/, гэрч Б.Золзаяагийн мэдүүлэг /хх-16/, Шүүх эмнэлгийн 10562 дугаартай шинжилгээний дүгнэлт /хх-18/, шүүгдэгч Ч.Г ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-36-38/, шүүгдэгч Ч.Г ийн иргэний үнэмлэх болон ял шийтгэгдэж байсан лавлагаа баримт / хх-26-27/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Г нь 2018 оны 8 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ф.Бакатжаныг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Ф.Бакатжаны өгсөн: “...Би найзтайгаа "Парис" баарны гаднаас харих гээд шатнаас бууж байх үед тэр гурван залуугийн нэг нь миний бөгс рүү алгадсан. Би тухайн үед тэдний хажуугаар юм хэлэлгүй явж өнгөрсөн. Би найздаа болсон явдлыг яриад зогсож байтал тэр баарны гадаа зогсож байсан 3 залуу бид хоёр дээр хүрж ирээд тэдний нэг нь намайг түлхэж унагаагаад дээрээс миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон. ...Баянцээлийн үйлчилгээний төвийн дээд талд байрлах цагдаагийн байр луу зугтаахад нэг залуу нь миний араас хөөж ирээд миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон.” /хх-5/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Төмөрчөдөрийн өгсөн: “...Тэр гурван залуугийн нэг хар хөх өнгийн хүрэмтэй Ч.Г нь тэнд зогсож байсан саарал хувцастай нэг эмэгтэйг цохиж унагасан, ...би тэр залууд хандан чи одоо болиоч дээ, наад хоёр эмэгтэйгээсээ уучлалт гуйгаач гэж хэлтэл тэр залуу би энэ хоёр эмэгтэйг яагаачгүй гэж хэлээд хоёр эмэгтэйг түлхэж унагаад нэг найзыгаа аваад зугтаасан.” /хх-9/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Золзаяагийн өгсөн: “...гаран дээрээ шивээстэй залуу манай найзыг түлхэхэд замын хашлаганд бүдрээд толгойн ард талаараа унасан, бид хоёр такси бариад дээш өгсөөд явж байтал манай найзыг түлхэж унагаасан залуу алхаж байхаар нь бид хоёр таксигаа зогсоогоод барьж авах гэтэл манай найзтай зууралдаад манай найзыг газарт унагасан.” /хх-16/ гэх мэдүүлэг,
Шүүх эмнэлгийн 10562 дугаартай шинжилгээний дүгнэлт:
1. Ф.Бакатжаны биед тархи доргилт, зүүн ухархайн дотор хананд хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэ зүүн, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. /хх-18/,
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ч.Г ийн яллагдагчаар өгсөн: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” /хх-36-38/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ч.Г ийн иргэний үнэмлэх болон ял шийтгэгдэж байсан лавлагаа баримт / хх-26-27/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Иймд шүүгдэгч .Г нь 2018 оны 8 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ф.Бакатжаныг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч Ф.Бакатжан нь хохиролд 209.100 төгрөгийг авсан ба нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй нь шүүгдэгч ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал болохоос гадна харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Ч.Г т холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Ч.Г т 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Ч.Г т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүхээс үзлээ.
Шүүгдэгч Ч.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ч Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Г т 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ч.Г нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ч.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ч.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Г т урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС