| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 2335000920139 |
| Дугаар | 2026/ДШМ/15 |
| Огноо | 2026-03-12 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2026/ДШМ/15
2026 03 12 2026/ДШМ/15
Б.С д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
У аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Б.Мөнхзаяа, Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанд:
У аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Т.Өсөхболд, яллагдагч Б.С , түүний өмгөөлөгч Г.Алтанлхам, Д.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,
У аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж явуулсан шүүх хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2026/ШЗ/17 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Б.С д холбогдох, эрүүгийн 2335000920139 дугаартай, 5 хавтас хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Мөнхзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Яллагдагчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Х ургийн овогт Б-ийн С (РД: об93020210), * оны 02 дугаар сарын 02-ны өдөр У аймаг *** суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, монгол, англи хэлний судлаач орчуулагч, төрийн захиргааны менежмент мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ У аймгийн * сумын Засаг даргаар ажиллаж байсан, одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт У аймгийн *** сумын * дугаар багийн ** тоотод оршин суудаг гэх, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
2. Хэргийн агуулга: Яллагдагч Б.С нь У аймгийн БӨ сумын Засаг даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа Тамхины хяналтын тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 6.7.14-т заасан “ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор тамхи худалдахыг хориглоно” гэснийг зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж, 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/20 дугаар захирамж гарган БӨ сумын ХА багт байрладаг Хын ерөнхий боловсролын сургуулиас 212 метр зайд /кадастрын зургаар; хүний явах замаар нь хэмжилт хийхэд 240 метр зайд/ орших Х.Б ын эзэмшлийн “М” хүнсний дэлгүүрт тамхины тусгай зөвшөөрөл олгож бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
3. У аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Батзаяа Б.С дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийн материалыг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
4. У аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2026/ШЗ/17 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжид:
- У аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЗ/466 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт заасан буюу хэргийг прокурорт буцаах үндэслэл болгосон 4.1, 4.2-т заасан ажиллагааг бүрэн хийж гүйцэтгээгүй;
- Яллагдагч Б.С д холбогдуулан гаргасан гомдол, мэдээллүүдтэй холбоотойгоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бусад гомдол, мэдээллийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байгаа нь яллагдагчийн эрхийг зөрчиж байна гэх үндэслэлүүдийг дурдаж, яллагдагч Б.С д холбогдох эрүүгийн 2335000920139 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.
5. У аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Батзаяа: “...Шүүгчийн захирамжийг 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цаг 19 минутад хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
5.1. ....У аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЗ/466 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийн 4.1-т “...Х.Б нь өөрийн дэлгүүрийг сургуулиас 500 метрийн дотор байдгийг мэдсээр байж, сургуулиас 500 метрийн зайтай гэх бодит байдалд нийцэхгүй тодорхойлолт гаргуулан авч, яллагдагчид хууль бус хүсэлт гаргасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хатгагч гэж үзнэ. Иймд хэргийг прокурор буцааж тухайн гэмт хэргийг хэн хэн үйлдсэн буюу гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг бүрэн гүйцэт тогтоосны дараа хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх боломжтой” гэж, мөн 4.2-т “...яллагдагч Б.С нь Х.Б д давуу байдал бий болгож тамхины зөвшөөрөл олгосон нь тогтоогдсон тохиолдолд Х.Б ын тамхины тусгай зөвшөөрлийн дагуу тамхи худалдаж олсон бүх орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж тооцож хураан авах ёстой” гэж заасны дагуу хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад иргэн Х.Б нь яллагдагч Б.С санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь нотлогдоогүй болно.
Хатгагчийн хатгаж байгаа үйлдэл нь шалтгаант холбооны онолоор тухайн гэмт хэргийн эх үндэс нь болсон байх учиртай. Шалтгааныг бий болгох онолын үүднээс хатгагч зөвхөн гэмт хэрэг үйлдэх сэдлийг өдөөсөн үйлдэл хийхэд хангалттай гэж үздэг боловч хатгагчийн үйлдлийн хамгийн гол шинж бол гүйцэтгэгчийн оюун санаанд нөлөөлсөн байдаг.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд, иргэн Х.Б нь өөрийн “М” хүнсний дэлгүүрт тамхи худалдаалах тусгай зөвшөөрөл авах зорилгоор багийн Засаг даргын тодорхойлолтыг У аймгийн БӨ сумын Засаг дарга Б.С д өгсөн байна.
Иргэн Х.Б ын дээрх үйлдлийг шалтгаан холбооны онолоор авч үзэхэд, тухайн гэмт хэргийг үйлдэхэд эх үндэс болсон, мөн гэмт хэрэг үйлдэх сэдлийг өдөөж, гүйцэтгэгчийн оюун санаанд нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй, түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах үндэслэлгүй байна.
Дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд, иргэнээс өөртөө эдийн засгийн ашигтай байдал бий болгох зорилгоор сумын Засаг даргад өргөдөл, хүсэлт, санал гаргасан тохиолдол бүрийг онолын талаасаа гэмт хэргийн хамтран оролцогч буюу хатгагч гэж үзэх үндэслэлгүй юм.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос заавал албадан гаргуулах журамтай. Тус зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлогыг ойлгон гэж хуульчилсан.
Хуулийн зохицуулалтаас үзэхэд, хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг шүүхээс зөвхөн гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулсан ял дээр нэмж хэрэглэх зохицуулалт бөгөөд энэ нь хууль хэрэглээний тогтсон жишиг юм.
Яллагдагч Б.С д холбогдох хэрэгт иргэн Х.Б нь гэрчийн статустай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд анхан шатны шүүхээс түүний тамхи худалдаж олсон орлогыг Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар хурааж улсын орлогод оруулах хуулийн заалтыг хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх байдлаар заалт, чиглэл өгч байгаа нь хууль хэрэглээний талаасаа илт үндэслэлгүй, түүнийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна.
5.2. Хэрэг цугларсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд, иргэн П.Б 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр бичгээр тус аймгийн БӨ сумын Засаг даргаар ажиллаж байсан Б.С д холбогдох хэд хэдэн асуудлыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт гэмт хэргийн талаарх мэдээлэл гаргасныг мөрдөгч АТГ-802 дугаартай гомдол, мэдээллийн нэгдсэн бүртгэлд оруулж мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ.
Мөрдөгчөөс нэг үйл баримтаар шалгагдаж буй үйлдлүүдэд хэд хэдэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу хэрэг бүртгэлтийн хэргүүдийг нэгтгэсэн байна.
Мөрдөгчөөс 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Б.С “У аймгийн БӨ сумын Засаг даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа Тамхины хяналтын тухай хуулийн 6.7.14-д заасан “ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метрийн дотор тамхи худалдах”-ыг хориглоно гэснийг тус тус зөрчиж, БӨ сумын ХА багт байрладаг БӨ аймгийн Ө сумын 7-р баг Х ерөнхий боловсролын сургуулиас 212 метр зайд /кадастрын зургаар/, хүний явах замаар нь хэмжилт хийхэд 240 метр зайд орших албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж, 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/20 дугаартай захирамж гарган Х.Б ын эзэмшлийн “М” хүнсний дэлгүүрт тамхины тусгай зөвшөөрөл олгож бусдад давуу байдал бий болгосон” гэх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал гаргаж прокурорт ирүүлсэн.
Мөрдөгч нь саналдаа Б.С д холбогдуулж гаргасан бусад үйлдэл нь гэмт хэргийн шинж тогтоогдоогүй талаар тусгасан. Мөн прокуророос 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр мөрдөгчөөс гаргасан саналыг хянаад үндэслэлтэй гэж үзэж дээрх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.
Прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолдоо хэрэг бүртгэлтийн хэрэгт гомдол гаргагч П.Б гаргасан БӨ сумын Засаг дарга Б.С , сумын Засаг даргын орлогч Г.Б, сумын тамгын газрын дарга Н.Баттулга нарт холбогдуулан гаргасан бусад асуудлуудад мөрдөн шалгах ажиллагаа явуулахад гэрч нарын мэдүүлэг, бичмэл нотлох баримт, дансны мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр гэмт хэргийн шинжгүй нөхцөл байдал тогтоогдсон талаар тодорхой дурдаж дүгнэж бичсэн.
Гэтэл ...яллагдагч Б.С д холбогдуулан гаргасан гомдол, мэдээллүүдтэй холбоотойгоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бусад гомдол, мэдээллийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байгаа нь яллагдагчийн эрхийг зөрчиж байна гэх яллагдагч, түүний өмгөөлөгч нарын гомдол үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй байхаас гадна яллагдагчийн хуульд заасан ямар эрхийг зөрчсөн болох, энэ нь ямар эрх зүйн үр дагаварт хүргэсэн, хүргэж болзошгүй талаар тодорхой, ойлгомжтой байдлаар дүгнээгүй байна.
...Шүүхийн аливаа шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээгүй байх ёстой. Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанд мөрдөн байцаалтад зөрчилтэй хийгдсэн болон огт хийгдээгүй аль ч ажиллагаа хамаардаг.
Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг прокурор өөрийн эрх, үүргийн хүрээнд нотолж, яллах дүгнэлт үйлдсэн байхад шүүхийн нэмэлт ажиллагаа хийлгэхээр удаа дараа хэргийг прокурорт буцааж байгаа нь шүүхийн шийдвэр ойлгомжгүй, түүнийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэж байна.
Тодруулбал, анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаах тухай 2 удаагийн захирамжид заасан заалтаас үзэхэд, хэргийг хянан хэлэлцэхэд хууль зүйн үр дагаврыг бий болгохгүй, ач холбогдолгүй, биелүүлэх боломжгүй байна.
Иймд У аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2026/ШЗ/17 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэх агуулгатай эсэргүүцэл бичжээ.
6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд:
- У аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Т.Өсөхболд (томилолтоор оролцсон): “...Шүүгчийн захирамжид дурдсан хэргийг прокурорт ажиллагаа хийлгэхээр буцаасан үндэслэл нь 1 дүгээрт хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Ийм учраас шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгөхийг хүсэж байна. ...Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд өмгөөлөгч нараас тухайн газарт ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулдаг эсэх тухай асуудал яригдсан. Үүнд хэлэхэд тухайн үйл ажиллагаа явуулж байгаа газарт ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд, сургуулийн захирлын мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа. БӨ аймгийн 7 дугаар баг гэж явдаг боловч, газар нутгийн онцлогтой. ...Тухайн Хын уурхай гэх газарт ажиллаж амьдарч байгаа иргэд ихэвчлэн БӨ аймгийн Ө сумын 7 дугаар багийн иргэд байдаг. Тийм учраас төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг. Сургууль дэлгүүр хоорондын зайг хэмжээд гаргасан. Чигээрээ хэмжихэд 212 метр, хүний явах замаар 240 метр зайтай байгаа. Энэ нь яагаад давуу байдал болоод, асуудал үүсээд байгаа юм гэхээр мэдээж тодорхой хэмжээнд хуулиар зөвшөөрөл авч байж, тусгай зөвшөөрлийн үндсэнд тамхи худалдах эрх олгогдоно гэдэг асуудал яригддаг учраас энэ зөвшөөрлийг олгосноор тодорхой хэмжээнд ашиг олсон нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа. Хэргийг нэмэлт ажиллагаанд буцаахад тодорхой гэрчүүдээс мэдүүлэг авсан. Жишээ нь: 4 дүгээр хавтаст хэргийн 22, 24, 25, 30, 32, 89, 108, 114, 150, 198 гэх хуудаснуудад дансны хуулга авсан байгаа. Үүнээс тодорхой хэмжээнд тамхи худалдаж авсан нь харагддаг. Иймд эдийн засгийн давуу байдал бий болсон. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан давуу байдлын асуудал мөн гэж үзсэн. Албан тушаалтан яагаад үүнд буруутаж байна гэхээр хуулиар олгосон эрхийн хүрээнд зөвшөөрөл олгохдоо нягтлах л асуудал байсан. Шаардлага хангаж байгаа үгүйг нь нягтлаад түүнд тохирсон хуулийн дагуу хариуг нь өгөх л ойлголт байгаа.
Хоёр хэрэг бүртгэлтийн хэрэг байна гээд яллагдагчийн эрх зүйн байдал дордсон зүйл байхгүй. Хохирол учирч болохуйц гэж дүгнээд байгаа, гэтэл яг ямар хохирол учрах гээд байгаа юм бэ? Ямар эрх нь зөрчигдсөн гэдгийг тодорхой, ойлгомжтой байх үүднээс яагаад тайлбарлаж болохгүй гэж.
Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзээд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгөхийг хүсэж байна” гэх агуулгатай тайлбар, дүгнэлт;
- Яллагдагчийн өмгөөлөгч Г.Алтанлхам: “...өмнө нь энэ хэргийг прокурорт буцаасан. Хатгагчийн үйлдэл, оролцоо, хамтран оролцох оролцоо байна уу гэдгийг нягталж шалга гэх байдлаар буцаасан. 2 дахь удаагаа хэргийг прокурорт буцаахдаа хатгагч биш байна гэхэд гэмт хэргийн улмаас орлого олоод байгаа энэ иргэнийг хариуцагчаар татах үндэслэл байгаа юм биш биз дээ гэдэг асуудал шүүгчийн захирамжид тусгагдсан. Энэ талаар захирамжийн үндэслэлийг тайлбарлахдаа мөн ярьсныг нь би бас тод санаж байна. ...Х.Б нь иргэн хүний хувьд хуульд заасан эрхийнхээ дагуу төрийн үйлчилгээ, эрх, гэрчилгээ гаргуулж авахын тулд ямар ч иргэн хандах эрхтэй гэсэн ч түүний хууль бус орлогыг шалгаагүй байж Б.С нь татаад байдаг.
Тухайн хүний эрхийнх нь хүрээнд ирсэн бичиг баримтад хариу өгсөн асуудалд л энэ гэмт хэрэг шалгагдаад байгаа шүү дээ. Үүнд ямар байр суурьтай байгаа нь сонирхолтой байгаа юм.
Хуульд ийм зохицуулалт байхгүй гэдгээр хүний эрхийг зөрчиж болохгүй гэж үзэж байгаа. Нэгтгэсэн тогтоолыг орхиод, хуучин тус тусад нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоолын нэгийг нь хаагаад өгөөч л гээд байгаа юм. Нөгөө нь хуучин дугаараар үргэлжлээд хэрэг болоод явах боломжтой. Энэ нь прокурорын хувьд хийх боломжгүй ажиллагаа биш гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн “Хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү” гэх агуулгатай санал, тайлбар;
- Яллагдагчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн: “...хэргийг шүүхээр шууд хэлэлцүүлээд шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт бүрдүүлээгүй, нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай байна гэж үзээд урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэсэн. Урьдчилсан хэлэлцүүлгээс 2 үндэслэлээр захирамж гарч хэргийг буцаасан. Түүний нэг үндэслэл нь маш тодорхой. У аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 466 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжаар заасан ажиллагааг бүрэн хийж гүйцэтгээгүй байна гэж байгаа юм. Сая гүйцэтгээгүй талаараа прокурор тайлбарлаж байна. Бараг ач холбогдолгүй, шүүгчийн захирамжийн энэ хэсэг үр дүнгүй, буруу дүгнэсэн гэдэг байдлаар дүгнэж байна.
466 дугаартай захирамж гарахад прокурор маань эсэргүүцлээ бичээд 4.1, 4.2-т заасан ажиллагаануудыг хийх шаардлагагүй гэдгийг давж заалдах шатны шүүхээр шийдүүлэх боломжтой байсан. Тэгэхээр 466 дугаартай захирамжид прокурор эсэргүүцэл бичээгүй, хэргийг хүлээж аваад нэмэлт ажиллагаануудыг хийсэн. Энэ юуг хэлж байна вэ гэвэл тухайн үед шүүгчийн захирамжийг хангаж байна гэсэн үг. Харин хангахаар болоод ирж байгаад нь шүүх тухайн захирамжаа биелүүлээгүй байна гэж үзсэн. Иймд шүүх эхний захирамжийг биелүүлээгүй учраас 2 дахь захирамжаа гаргасан. Түүнээс эхний захирамжийн зөв бурууг 2 дахь захирамжаар ярих боломжгүй.
Х.Б яллагдагч Б.С идэвхтэйгээр хатгасан үйлдэл байхгүй, төрийн албанд өргөдөл гомдол гаргах эрхийнхээ хүрээнд гаргаж шийдвэрлүүлсэн, харин яллагдагч л шийдвэр гаргасан гэж прокурор тайлбарлаж байна. Тэгвэл энэ Х.Б гэх хүн чинь багийн засаг даргаасаа хуурамч тодорхойлолт авч, хүргэж өгөөд тухайн хүний шийдвэрт нь нөлөөлсөн шүү дээ. Мөн тухайн зөвшөөрлийг олгосноор хэнд ашигтай вэ гэвэл Х.Б д ашигтай. Хавтаст хэргийг бүхэлд нь үзэхэд Х.Б д захирамж гаргаж, зөвшөөрөл өгсний хариуд Б.С д авсан ашиг сонирхлын зүйл гэж байхгүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан албан тушаалын гэмт хэргийн онцлог нь ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль, Авлигын эсрэг хууль, авлигатай тэмцэх олон улсын конвенцүүдэд бусдад давуу байдал үүсгэх буюу өөртөө давуу байдал үүсгэх гол санаа сэдэл нь гээд маш тодорхой заачихсан байдаг. Санаа сэдэлгүйгээр үүсгэж байгаа гэж прокурорын тайлбараар үзэхэд энэ нь хайнга хандах буюу хэрэг биш болохоор байна. Тиймээс үүнд Х.Б , М.Өзгерис нарын оролцоог сайн нарийн шалгах ёстой гэж харж байна.
Яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэд нэг л зүйлийг бичээд байгааг нь би ойлгохгүй байгаа. БӨ сумын Хар Алтат багт байрладаг БӨ аймгийн Ө сумын 7 дугаар баг гэж байгаа юм. 1992 оноос хойш их хурлаар баг, сумын нутаг дэвсгэрийн хил хязгаарыг тогтоосон. Үүнд БӨ аймгийн Ө суманд 7 дугаар баг гэж байдаггүй. Үүнийг мөн хавтаст хэрэгт аваад хийчихмээр байна.
Хүнийг гэмт хэрэгт холбогдуулаад, иргэн, хуулийн этгээд хэн ч байсан гомдол мэдээлэл гаргаад шалгуулж болж байгаа юм. Гомдол мэдээллийг хүлээж аваад шалгаад ямарваа нэгэн шийдвэрийг гаргах нь шалгагдаж байгаа хүнд туйлын ач холбогдолтой. Яагаад энийг хэлж байна вэ гэвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй тохиолдлууд дотор тухайн асуудлуудыг урьд нь шалгаад, шийдээд, тогтоол магадлал гаргачихсан байсан бол энэ хүнийг дахиж шалгахгүй. Прокурорын дотоод дүрэм журам ямар байх нь иргэн буюу Б.С д ямар ч хамаагүй. Б.С энэ хэрэгт бараг 20 асуудлаар шалгасан. Шалгасан асуудлуудаа хавтаст хэрэгт нь хийгээд энэ хүнд хариуг нь өгчих хэрэгтэй. Тэдгээр бүх асуудлуудаас ганцхан асуудалд нь хэрэг үүсгэчихлээ. Бусдыг нь одоо яах юм бэ. Үнэхээр өөр асуудлаар шалгаж байгаа бол нэгтгээд шалгуулъя, шүүхээр эцэслэн нэг удаа шийдүүлье, шүүгдэгчийнхээ эрх зүйн байдлыг хамгаалъя гэдэг асуудлуудыг ярина шүү дээ. Прокуроруудын ярьж байгаа зүйл нь манайд байхгүй болчихсон л гэж ярьдаг. Байхгүй болсон байж болно. Харин хамгийн гол нь холбогдсон, эрх ашиг нь хөндөгдөж шалгагдаж байгаа хүнд хариуг нь өгөх ёстой. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт хэнийг ч хууль бусаар мөрдөн бүртгэж шалгахыг хориглосон байдаг. Шалгасан бол хариугаа л өгчих гэж байгаа юм. Энэ хэрэгт байж байг, түүнийг нь харъя гэж байгаа юм. Тийм учраас энэ 2 үндэслэлээр шүүхээс буцаасан нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна. Тийм учраас прокурорын эсэргүүцлийг хүлээж авахгүйгээр шийдэж өгнө үү гэж хүсэж байна” гэх агуулгатай санал, тайлбар;
- Яллагдагч Б.С “...БӨ аймгийн Ө сумын 7 дугаар баг нь Ө сумаас 60 км газарт Хын уурхай гэх нүүрсний үйл ажиллагаа явуулдаг уурхай байдаг. Тухайн уурхайд үйл ажиллагаа явуулдаг Гурван М гэх дэлгүүрт тамхи худалдаалах зөвшөөрөл олгоход тухайн дэлгүүрийн эзэн сургууль цэцэрлэгээс 500 метр зайд үйл ажиллагаа явуулдаг гэх багийн засаг даргын тодорхойлолт, тухайн аж ахуйн нэгжийн гэрчилгээ, захирлын өргөдөл, хүсэлт, татвар төлсөн баримт гэх зэрэг баримтуудыг бүрдүүлж ирсэн. БӨ аймгийн 7 дугаар баг нь Дэлгэр суманд харьяалагддаг болохоор тухайн багт сургууль байдаг гэдгийг мэддэггүй байсан. Тийм учраас тухайн багийн засаг даргын тодорхойлолтыг үндэслээд олгосон” гэх агуулгатай тайлбар тус тус гаргажээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. У аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2026/ШЗ/17 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Б.С д холбогдох, эрүүгийн 2335000920139 дугаартай хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
2. Давж заалдах шатны шүүх хуралдаанаар эсэргүүцэлд бичсэн үндэслэлүүд болон яллагдагчийн өмгөөлөгч нарын тайлбар, саналд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад: мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор хуульд заасан бүх арга хэмжээг авч, хийгдвэл зохих ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэсэн, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.
3. Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд, прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
3.1. У аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЗ/466 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжаар, гэмт хэргийг хэн хэн үйлдсэн буюу гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг бүрэн гүйцэт тогтоох ажиллагаа хийлгэх,
- Х.Б д давуу байдал бий болгож тамхины тусгай зөвшөөрөл олгосон нь тогтоогдсон тохиолдолд түүний тусгай зөвшөөрлийн дагуу тамхи худалдаж олсон орлогын хэмжээ буюу гэмт хэрэг үйлдэж олсон орлогын хэмжээг тогтоох шаардлагатай” гэх үндэслэлүүд зааж, хэргийг прокурорт буцаажээ.
Дээрх шүүгчийн захирамжийн дагуу хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж,
- гэмт хэргийн улмаас олсон орлого байгаа эсэхийг тогтоох зорилгоор Х.Б ын, арилжааны банк дахь ***, **, ** тоот данснуудын болон МС.Агийн арилжааны банк дахь ** тоот дансны хуулганд үзлэг хийж, тухайн хуулгануудыг нотлох баримтаар гаргуулан авсан (4 дэх хавтаст хэргийн 6 дугаар хуудаснаас 5 дахь хавтаст хэргийн 49 дүгээр хуудас);
- Х.Б ыг тус хэрэгт хатгагчаар оролцсон эсэхийг тодруулахаар: яллагдагч Б.С ас (5 дахь хавтаст хэргийн 52 дугаар хуудас);
- Х.Б ын эхнэр МС.Агаас (5 дахь хавтаст хэргийн 54 дүгээр хуудас);
- Х.Б оос (5 дахь хавтаст хэргийн 56 дугаар хуудас) мэдүүлэг авсан;
- Х.Б ын эзэмшлийн “М” хүнсний дэлгүүр тамхи зарж байсан эсэхийг тодруулахаар: гэрч Д.Г (5 дахь хавтаст хэргийн 59 дүгээр хуудас);
- гэрч Х.Н (5 дахь хавтаст хэргийн 61 дүгээр хуудас);
- гэрч Ц.Б (5 дахь хавтаст хэргийн 63 дугаар хуудас) мэдүүлэг авах ажиллагааг тус тус хийсэн байна.
Прокурор мөрдөгчөөр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийн дагуу зохих ажиллагааг хийж гүйцэтгүүлэн, цугларсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, тогтоогдсон үйл баримтад үндэслэн яллагдагч Б.С д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Яллагдагч Б.С д холбогдуулан үйлдсэн, 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 123/А дугаар яллах дүгнэлтэд, Х.Б нь Б.С гэмт хэрэгт санаатайгаар татан оролцуулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй талаар дүгнэсэн байх тул У аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЗ/466 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр дахин нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг буцаах хууль зүйн үндэслэлгүй болно.
3.2. Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж шийдвэр гаргах асуудлуудыг тодорхойлон заасан, ингэхдээ прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор хэлэлцүүлэг явуулахаар тогтоосон. Өөрөөр хэлбэл, хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-6.17-т заасан асуудлаар гаргасан оролцогчийн хүсэлт, гомдол нь зөвхөн яллах дүгнэлт үйлдсэн хүн, хуулийн этгээд /яллагдагчаар татагдсан этгээд/-д холбогдох хэргийн хүрээнд байхаар хязгаарласан. Шүүхийн санаачилгаар явуулах урьдчилсан хэлэлцүүлэг ч мөн адил яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хүрээнд явагдахаар хуульчилсан байна.
Түүнчлэн шүүх яллах дүгнэлтэд тусгаагүй буюу прокуророос яллагдагчаар татаагүй этгээдийн гэм буруу, хамтран оролцооны талаар дүгнэлт хийхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хязгаарласан.
Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан ба энэхүү зохицуулалтаар бол шүүх зөвхөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагчийн хувьд, тухайн гэмт хэрэгтээ гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэх ажиллагаа явуулах эрх хэмжээтэй байна.
Иймд яллагдагч Б.С хувьд, прокуророос түүнд холбогдуулан үйлдсэн, 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 123/А дугаар яллах дүгнэлтэд заасан хэргийн хүрээнд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцнэ.
3.3. Иргэдээс гэмт хэрэг, зөрчлийн талаар гаргасан гомдол, мэдээллийг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу мэдэгдэх ёстой бөгөөд ингэхдээ тухайн гомдол, мэдээлэлд дурдсан үйл баримт тус бүрд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх нь прокурорын байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байх гэх хуулиар тогтоосон зарчимд нийцнэ.
Өөрөөр хэлбэл гомдол, мэдээлэлд хэд хэдэн үйл баримт дурдагдсан бол аль үйлдлийг нь гэмт хэрэгт тооцсон, аль аль үйлдлийг нь гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн талаараа тодорхой, дэлгэрэнгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийх нь зүйтэй.
Энэ хэргийн хувьд, прокурорын “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоолд “...гомдол гаргагч П.Бс Б.С , сумын Засаг даргын орлогч Г.Б, сумын засаг даргын тамгын газрын дарга Н.Б нарт холбогдуулан гаргасан бусад асуудлуудад мөрдөн шалгах ажиллагаа явуулахад гэрч нарын мэдүүлэг, бичмэл нотлох баримт, дансны мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тухайн үйлдлүүдэд гэмт хэргийн шинжгүй нөхцөл байдлууд тогтоогдсон болно” гэж (3 дахь хавтаст хэргийн 160-169 дүгээр хуудас) дүгнэсэн байна.
3.4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д “хэрэг бүртгэлтийн хэргийг хаах, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзах, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх, сэргээх, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, сэргээх, нэгтгэх, тусгаарлах;” гэж прокурорын эрхийг, мөн тус хуулийн 29.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Прокурор энэ зүйлд заасны дагуу эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах тухай үндэслэл бүхий шийдвэр гаргана” гэж эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах журмыг; 32.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д “эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах;” гэж мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос гаргах шийдвэрийн төрлийг тус тус хуульчилжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар бол нэг үйлдэлд хэд хэдэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бол хэргийг нэгтгэж хэрэг бүртгэлт явуулахаар байна. Тодруулбал нэг хүний өөр өөр гэмт үйлдэл тус бүрд нь нээсэн хэрэг бүртгэлтийн хэргүүдийг нэгтгэхээр зохицуулаагүй байна.
Гэтэл прокурор Б.С д холбогдох хэрэг бүртгэлтийн 233500092 дугаартай хэрэгт 233500138 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг нэгтгэж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан байна.
Хэрэв нэг хүний үйлдсэн гэх өөр өөр үйлдлүүдэд тус бүрт нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бол тус тусдаа хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж дуусгаад мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.13 дугаар зүйлийн 1-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаах, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах шийдвэрийн аль нэгийг гаргах ёстой.
Харин нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн, эсхүл хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн бол эрүүгийн хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зохицуулсан ба энэ тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч яллагдагчийн холбогдсон зарим эрүүгийн хэрэг нь нотлогдоогүй бол эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгохоор байна.
Хэрэг бүртгэлтийн 233500092 дугаартай хэрэгт 233500138 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг нэгтгэж, 233500092 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж дуусгаад, мөрдөгч Б.С д холбогдуулан шалгасан үйлдлүүдээс, “Х.Б ын эзэмшлийн “М” хүнсний дэлгүүрт тамхины тусгай зөвшөөрөл хууль бусаар олгож, бусдад давуу байдал бий болгосон” гэх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал гаргасныг прокурор хянаад, тухайн үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, уг тогтоолдоо бусад холбогдуулан шалгасан үйлдлүүдийг нь гэмт хэргийн шинжгүй талаар дүгнэсэн байх тул энэ талаар дахин ажиллагаа хийх шаардлагагүй болно.
3.5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар: хэргийг буруу тусгаарласан, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх гурван үндэслэлээр хэргийг прокурорт буцаана. Өөрөөр хэлбэл шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой, хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлд ноцтой нөлөөлөхгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил зэрэг нь хэргийг прокурорт буцаах үндэслэл болохгүй.
Хэрэг бүртгэлтийн 233500092 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлтийн 233500138 дугаартай хэргийг нэгтгэсэн зөрчил нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил мөн боловч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлд хамаарахгүй байх тул уг үндэслэлээр хэргийг буцаах боломжгүй юм.
4. Шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлүүдээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх хууль зүйн үндэслэлгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасныг баримтлан У аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2026/ШЗ/17 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. У аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2026/ШЗ/17 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийг хүчингүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.