| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/1277/э |
| Дугаар | 1355 |
| Огноо | 2018-10-01 |
| Зүйл хэсэг | 17.3.2.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 1355
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь
улсын яллагч: И.Ариунсанаа
шүүгдэгчийн өмгөөлөгч: Ш.Жаргалсайхан
хохирогч: Б.Гантөмөр
түүний өмгөөлөгч : Т.Багахүү
шүүгдэгч: Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Л овогт Б Г холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806059571451 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Л овогт Б Г, 19 оны 02 дугаар сарын 13-ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, үйлдвэрлэлийн менежмент мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эхнэр нарын хамт Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны дүгээр гудамжны тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:,
Холбогдсон хэргийн талаар:
Б.Г нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөнийн зах худалдааны төвд байрлах авто ломбардны 15 дугаар салбарын зээлийн мэргэжилтэнгээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Д.Э гэх нэрээр эзэмшигчийн гэрчилгээтэй улсын дугаартай Нордбенз тээврийн хэрэгслийг өөрийн найз Б.Ө нэр дээр шилжүүлж уг гэрчилгээн дэх автомашины үйлдвэрлэсэн он, монгол улсад импортлогдсон оныг зориуд зохиомолоор зээлийн программд худал бүртгэж машиныг ломбардны зогсоолд байгаа мэт болгож 40.000.000 төгрөг тооцооны ажилтанаасаа шилжүүлж залилж авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад зээл гаргасан гэх гэмт хэрэгт холбогдсон. Энэ үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байсан. Миний зүгээс хөнгөн хэлбэрээр ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Хэрэг болсны маргааш өглөө нь хохирлоо барагдуулсан. Урьдчилсан хэлэлцүүлгийн талаар тодорхой ойлголтгүй хүсэлт гаргасан байна гэв.
Шүүгдэгч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би энэ компанид 2017 оны 12 сараас хойш ажиллаж байгаа бөгөөд манай зээлийн мэргэжилтэнгүүд салбарууд дээр тойргийн байдлаар явдаг бөгөөд Шөнийн захын 15-р салбар дээр хамгийн сүүлд 2018 оны 07 сарын 01-ны өдөр гарсан. Ингээд тус салбар дээр зээлийн мэргэжилтэнгээр гарч байх хугацаанд таньдаг хүн болох Ө нь над руу утсаар залгаад зээл гаргах боломж байна уу? Машинаа барьцаалъя гэхээр нь би хүрээд ир гэж хэлсэн. Ингээд шөнийн захын салбар дээр Ө ирээд 2433 УБЕ улсын дугаартай норд бенз барьцаанд тавъя, ээж эмнэлэгт хэвтэж байгаа 40 сая төгрөг авмаар байна гэж хэлхээр нь чи зээлийн програм дээр машины үйлдвэрлэсэн болон орж ирсэн оныг нь өөрчилөөд үнэлгээг нь өсгөөд 40 сая төгрөгөнд барьцаалсан. Тухайн үед Ө ирж уулчихаад явсан бөгөөд зээлийн гэрээн дээр гарын үсэг зураагүй. Ингээд Ө өөрөө ирж гарын үсэг зурж чадахгүй болхоор танил дүүгээ явуулж зээлийн гэрээн дээр гарын үсэг зуруулсан. Ингээд 40 сая төгрөг Ө өмнөөс би өөрөө тоолж аваад гэртээ харьсан. Ингээд маргааш нь буюу 2-ны өдөр ахлах менежир Б, менежир Г нар 12 цагийн үед манай гэрт ирээд ажил руу хамт явсан бөгөөд намайг хуурамч мэдээлэл оруулсаныг мэдчихсэн байхаар нь би буцаагаад 40 сая төгрөгөө өгсөн. Би Ө мөнгийг нь өгч амжаагүй байсан юм. Би өмнөх мэдүүлэг дээр худлаа ярьчихсан юмаа. Яг үнэндээ бол манай найз асуудалд огт хамаагүй бөгөөд энэ талаар мэдээгүй байгаа. Болсон зүйл нь гэвэл 2433 УБЕ улсын дугаартай машин анхнаасаа миний машин байсан бөгөөд өөр дээрээ зээл авч болдоггүй учир найзтайгаа хамт явж байгаад найзынхаа нэр дээр шилжүүлсэн. Ингээд найзынхаа нэрээр зээл гаргасан бөгөөд Ө би машинаа зүгээр нэр дээр чинь шилжүүлчихье гэж хэлсэн. Энэ 2433 гэсэн машин одоо Говь-Алтай аймагт уурхай дээр явж байгаа. Миний машин гэдгийг манай эхнэр Э нотлоно. Энэ машиныг өмнө нь Г гэх хүнээс худалдах, худалдан авах гэрээгээр авсан байгаа. Ө юуч мэдэхгүй байгаа бөгөөд Ө өөрийнхөө нэр дээр машин шилжүүлсэн гээд бодож байгаа. Би бичиг баримтыг нь машин шилжүүлнэ гээд авчихсан юмаа. Ө оронд би өөрөө гарын үсэг зурсан бөгөөд сүүлд гэрээн дээр гарын үсэг зурсан хүнийг гудамжнаас гуйж авчирсан танихгүй хүн байгаа юм. Журмандаа бид нар өөрсдөө мөнгө авч гарж болдоггүй юм. Зээлдэгч заавал өөрөө мөнгө авах ёстой байдаг гэжээ. /хх-ийн 18, 19/
Хохирогч Б,Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2018 оны 07 сарын 01-ний өдөр манай компани Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэр Шөнийн зах худалдааны төвд байрлах сайн авто ломбардны 15-р салбарын зээлийн мэргэжилтэн Б.Г нь өөрийн танил болох Б овогтой Ө үгсэж тохиролцон түүний эзэмшлийн 2433 УБЕ улсын дугаартай норд бенз тээврийн хэрэгслийн гэрчилгээг ашиглан, гэрчилгээн дээр бйасан авто машины үйлдвэрлэсэн он болон монгол улсад импортлогдсон оныг зориуд зохиомлоор зээлийн програмид бүртгэж барьцаанд тавьсан машиныг зогсоолд байгаа гэж худал хэлж хуурамч гэрээ үйлдэн 40.000.000 төгрөг тооцооны ажилтан Ц шилжүүлж авсан байсан. Ингээд тухайн асуудлыг салбарын эрхлэгч О нь 2018 оны 07 сарын 02-ны өдрийн 09 цагийн үед мэдээд Г хайж барьцааг шалгатал барьцааны машин ломбарданд байршаагүй, зээлийн програмд шивсэн үйлдвэрлэсэн болон импортлогдсон он худал болохыг мэдсэн. Ингээд Г менежир Г, Б нар уулзаад Чингэлтэй дүүргийн 5-р хороо, 5-р байрны 11 тоотод байрлах байран дээр нь очиж уулзсан байсан. Ингээд Г өөрөө гэртээ байсан бөгөөд болсон асуудлыг хэлхэд тухайн асуудлыг хүлээн зөвшөөрсөн байдаг бөгөөд мөнгөө үрж амжаагүй байхад нь мөнгийг буцааж компани данс руу шилжүүлж авсан.” гэжээ /хх-н 15-17 /
Гэрч Д,Энхтүвшин мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ “Би Г 2017 оны 11 сараас хойш хамтран амдарч байгаа бөгөөд энэ хүний зан байдлын талаар мэднэ. Г нь 19 оны 02 дугаар сарын 13-ны өдөр аймгийн суманд төрсөн. Нийслэлийн 42-р сургуулийг төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Улаанбаатар их сургуулийг 2014 онд үйлдвэрлэлийн менежментийн чиглэлээр төгссөн. Айлын бага хүүхэд бөгөөд дээрээ 2 ахтай. Аав ээж нь 2-лаа Улаанбаатар хотод байдаг. Аав Б утас нь 94711219, ээж Цн утас нь 94202. Г нь зан авирын хувьд хүний үгээр бөгөөд их даруухан залуу байгаа юм. Жоохон битүү буюу нарийн юмаа хүнд яриад байдаггүй. Г нь өмнө нь надад том ачааны машин байдаг гэж ярьдаг байсан бөгөөд тэр машин нь хөдөө ачаанд явдаг гэж ярьж байсан бөгөөд машиных нь зургийг 1 удаа харж байсан 2018 оны 05 сарын дундуур 13-р хорооллын тэнд байдаг нотариат орж 2433УБЕ улсын дугаартай авто машиныг Г гэх хүнээс худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тухайн үед машины нэр шилжүүлж байгаа хүн нь болох Г гэх хүн нотариат дээр ирж миний нэр дээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж байсан. Ингээд тэрнээс хойш машины татвар төлөгдөөгүй гээд нэрийг нь шилжүүлж гэрчилгээ авалгүй явж байгаад 2018 оны 06 сарын 30-ны өдөр Г нөгөө машинаа Ө руу шилжүүлээд гэрчилгээ авчих гэхээр нь би Ө хамт авто тээврийн үндэсний төв орж гэрчилгээ авсан. Тухайн үед Г Ө нэр рүү шилжүүлчих гэсэн болхоос машиныг барьцаанд тавих гэж байгаа гэж юуч яриагүй.” / хх-н 20/
Гэрч Б.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ “2018 оны 06 сарын сүүлээр Г надруу залгаад би 1 машин чиний нэр лүү шилжүүлээдэхье, найз нь удахгүй Солонгос явах гэж байгаа болхоор өөрийнхөө нэр дээр шилжүүлчихээр дараа нь Солонгос явхаар шилжүүлж болохгүй болчихно гэж хэлсэн. Дараа нь Г найз охин нь над руу залгаад бид 2 хамт 22-н товчооны тэнд байдаг авто тээврийн төв орсон бөгөөд тэнд байхдаа 2433 УБЕ улсын дугаартай авто машиныг миний нэр лүү шилжүүлсэн. Найз охин нь хөөцөлдөөд байсан бөгөөд би иргэний үнэмлэхээ өгчихөөд хүлээгээд зогсож байсан. Тухайн машин яг хэний нэр дээр байсаныг мэдэхгүй. Гэрчилгээг нь хараагүй. Ингээд тэрнээс хойш найз охин нь дараа шилжүүлхэд чиний хэрэг байхгүй, иргэний үнэмлэхээ өгчих, би нотариат орчихоод маргааш бичиг баримтыг чинь өгье гээд миний иргэний үнэмлэхийг аваад явсан. Тэрнээс хойш огт холбоогүй алга болчихоод байгаа бөгөөд миний утсыг Г огт авахгүй байгаа. Г автомашиныг барьцаалж зээл авсан талаар огт мэдэхгүй. Надад тийм зүйл огт яриагүй.” / хх-н 21/
Эд мөрийн баримтаар тооцох тухай /хх-н 38 /: Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл/ хх-н 39/
Барьцаат зээлийн гэрээний хуулбар, барьцаат зээлийн тооцооны хуудас, Б.Ө иргэний үнэмлэхийн хуулбар, /хх-н 3-6/, Б.Г ажилд орохыг хүсэгчийн анкет, хөдөлмөрийн гэрээний хуулбар, ажлын байрны тодорхойлолт, эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх гэрээ 18/09/хх-н 7-12/
Б.Г иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 23/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 24/, Автотээврийн үндэсний төвөөс авсан лавлагаа /хх-н 25-31/
Б.Г хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 40-41/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал, прокурорын тогтоол / хх-н 32-34/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл хх-н 36-37/ зэрэг болно.
Б.Г нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөнийн зах худалднааны төвд байрлах авто ломбардны 15 дугаар салбарын зээлийн мэргэжилтэнгээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Д.Э гэх нэрээр эзэмшигчийн гэрчилгээтэй 24-33 УБЕ улсын дугаартай Нордбенз тээврийн хэрэгслийг өөрийн найз Б.Ө нэр дээр шилжүүлж уг гэрчилгээн дэх автомашины үйлдвэрлэсэн он, монгол улсад импортлогдсон оныг зориуд зохиомолоор зээлийн программд худал бүртгэж машиныг ломбардны зогсоолд байгаа мэт болгож 40.000.000 төгрөг тооцооны ажилтанаасаа шилжүүлж залилж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Б,Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .... Б.Г нь өөрийн танил болох Баярсайхан овогтой Ө үгсэж тохиролцон түүний эзэмшлийн 24-33 УБЕ улсын дугаартай норд бенз тээврийн хэрэгслийн гэрчилгээг ашиглан, гэрчилгээн дээр бйасан авто машины үйлдвэрлэсэн он болон монгол улсад импортлогдсон оныг зориуд зохиомлоор зээлийн программд бүртгэж барьцаанд тавьсан машиныг зогсоолд байгаа гэж худал хэлж хуурамч гэрээ үйлдэн 40.000.000 төгрөг тооцооны ажилтан Ц шилжүүлж авсан байсан. Г өөрөө гэртээ байсан бөгөөд болсон асуудлыг хэлхэд тухайн асуудлыг хүлээн зөвшөөрсөн байдаг бөгөөд мөнгөө үрж амжаагүй байхад нь мөнгийг буцааж компани данс руу шилжүүлж авсан гэсэн мэдүүлэг / хх-н 15-17 /
Гэрч Д,Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... 2018 оны 6 сарын 30-ны өдөр Г нөгөө машинаа Ө руу шилжүүлээд гэрчилгээ авчих гэхээр нь би Ө хамт авто тээврийн үндэсний төв орж гэрчилгээ авсан. Тухайн үед Г Ө нэр рүү шилжүүлчих гэсэн болохоос машиныг барьцаанд тавих гэж байгаа гэж юу ч яриагүй гэсэн мэдүүлэг / хх-н 20/
Гэрч Б.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .... Г автомашиныг барьцаалж зээл авсан талаар огт мэдэхгүй. Надад тийм зүйл огт яриагүй гэсэн мэдүүлэг / хх-н 21/
Шүүгдэгч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... Болсон зүйл нь гэвэл 2433 УБЕ улсын дугаартай машин анхнаасаа миний машин байсан бөгөөд өөр дээрээ зээл авч болдоггүй учир найзтайгаа хамт явж байгаад найзынхаа нэр дээр шилжүүлсэн. Ингээд найзынхаа нэрээр зээл гаргасан бөгөөд Ө би машинаа зүгээр нэр дээр чинь шилжүүлчихье гэж хэлсэн. Энэ 24-33 УБЕ гэсэн улсын дугаартай машин одоо Говь-Алтай аймагт уурхай дээр явж байгаа. Миний машин гэдгийг манай эхнэр Э нотлоно. Энэ машиныг өмнө нь Г гэх хүнээс худалдах, худалдан авах гэрээгээр авсан байгаа. Ө юу ч мэдэхгүй байгаа бөгөөд Ө өөрийнхөө нэр дээр машин шилжүүлсэн гээд бодож байгаа. Би бичиг баримтыг нь машин шилжүүлнэ гээд авчихсан юмаа. Ө оронд би өөрөө гарын үсэг зурсан бөгөөд сүүлд гэрээн дээр гарын үсэг зурсан хүнийг гудамжнаас гуйж авчирсан танихгүй хүн байгаа юм гэсэн мэдүүлэг /хх-ийн 18, 19/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
. Б.Г нь өөрийн ажиллаж байсан ломбарднаас их хэмжээний мөнгө авах зорилгоор өөрийн Б.Ө нэрийг ашиглан 2433 УБЕ улсын дугаартай норд бенз тээврийн хэрэгслийн гэрчилгээг түүний нэр дээр урд өдөр нь шилжүүлж гэрчилгээн дээр байсан авто машины үйлдвэрлэсэн он болон монгол улсад импортлогдсон оныг зориуд зохиомлоор зээлийн програмид бүртгэж барьцаанд тавьсан машиныг зогсоолд байгаа гэж худал хэлж хуурамч гэрээ үйлдэн 40.000.000 төгрөг авсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Б.Г дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байх тул Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д заасан бичиг баримт, цахим хэрэгсэл ашиглаж залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Б.Г нь 40.000.000 төгрөгийг маргааш нь тухайн байгууллагаас хоёр хүнийг ирэхэд нь өөрийн данснаас байгууллагын данс руу шилжүүлж байгууллагыг хохиролгүй болгосон байна. Иймд Б.Г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Б.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хор арилсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Л овогт Б Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д заасан бичиг баримт, цахим хэрэгсэл ашиглаж залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.Г 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Г нь торгох ялыг нэг жилийн дотор нэг сард 833.333 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Г нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Б.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Г нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж , Б.Г авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН