Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 02

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

         Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Золбадрах би тус аймгийн  Есөнбулаг сумын иргэн *******ийн   нэхэмжлэлтэй,   аймгийн *******, Аудитын албаны даргад холбогдох 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/09 дугаар аймгийн *******, Аудитын албаны даргын тушаалын *******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох  шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын  21-ний өдөр хүлээн авч Захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус шүүхэд байгаа *******ийн нэхэмжлэлтэй , аймгийн *******, Аудитын албаны даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1,  66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын нэхэмжлэлээсээ татгалзаж  байгаа нь бусдын эрхийг зөрчөөгүй,  хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  111 дүгээр зүйлийн 111.1  дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ  нь:

1.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэхь хэсэгт заасныг баримтлан  Говь-Алтай аймгийн  Есөнбулаг сумын иргэн *******ийн   нэхэмжлэлтэй,   аймгийн *******, Аудитын албаны даргад холбогдох хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг  хэрэгсэхгүй  болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэдээв үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 66, 67, 68 дугаар зүйлийн дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн тохиолдолд хэргийн ороолцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.  

 

ШҮҮГЧ                           Э.ЗОЛБАДРАХ