Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2018/0485

 

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаарh221/МА2018/0485 

Улаанбаатар хот


“Б” хоршооны нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0431 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж-н гаргасан давж заалдах гомдлоор, “Б” хоршооны нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0431 дүгээр шийдвэрээр: Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” хоршооны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Б” хоршооны барагшун экспортлох зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, “Б” хоршооны бэлтгэсэн 150 тонн барагшуныг экспортлох зөвшөөрөл олгохыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0431 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

Дээрх шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаягласан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэх...”, 43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна”, 43.8-д “...мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй" гэж заасан байна.

Хариуцагчийн зүгээс шүүх хуралдаанд “Б” хоршооны захирал Е.Ж, дэд захирал З.Ж нарыг биечлэн оруулах хүсэлтийг шүүгч хүлээж аваагүй болно. Тус хоршооны захирал, дэд захирал нарт Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Н, мэргэжилтэн Н.Ж нарын зүгээс ямар бичиг баримт бүрдүүлэх, дутуу бичиг баримтын бүрдлийг хангахыг удаа дараа мэдэгдэж байсныг дээрх захирал, дэд захирал нар нь шүүхэд мэдүүлэх байсан юм.

Мөн яамнаас “Б” хоршоонд мэдэгдэж байсны дагуу тус хоршооноос байгаль хамгаалагчийн тодорхойлолт болон гэрээг 2017 оны 10 дугаар сард ирүүлсэн байдаг. Энэ нь тухайн хоршоонд ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатайг мэдэгдэж байсныг нотолж байна.

Мөн шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “ Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасны дагуу нотлох баримтыг бүрэн шинжлэн судлаагүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл хариуцагчаас гаргасан хариу тайлбар болон хавсаргасан материалд байгаль хамгаалагчийн тодорхойлолт, гэрээ, төлбөр төлсөн баримт зэргийг гаргаж өгсөн бөгөөд дээрх байгаль хамгаалагчийн тодорхойлолтод хэмжээ тавиагүй байсан, төлбөрийн баримт засварласан, гэрээний хугацаа зөрүүтэй зэргийг шүүх үнэлээгүй болно. “Б” хоршооноос түүж  бэлтгэсэн 75 тонн барагшуны төлбөрийг банкинд төлсөн баримт байсаар байхад шүүх 150 тонн зөвшөөрөл олгохыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газарт даалгасан.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар цагдаагийн байгууллагаас тогтоосон хэмжээ хязгаарын дотор барагшуныг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 11/5-3677 дугаар албан бичгээр “Б” хоршоог барагшун түүж бэлтгээгүй байна гэж үзсэн байдаг.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0431 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх “Б” хоршооны нэхэмжлэлээр “...тус хоршооны барагшун экспортлох зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Б” хоршооны бэлтгэсэн 150 тн барагшун экспортлох зөвшөөрөл олгох”-ыг даалгаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасанд нийцээгүй байх тул давж заалдах гомдлыг хангаж,  шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд /хуучнаар/-ын 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/61 дүгээр тушаалаар түүхий барагшуныг экспортлохыг 5 жилийн хугацаагаар хориглосон бөгөөд энэ тушаалыг 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар хүчингүй болгосон талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд тайлбар гаргажээ.

Нэхэмжлэгч “Б” хоршооны Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Н хандаж 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гаргасан ОХУ-ын Горно-Алтайск республикийн Кош-Агаш районы “К Е Д” компанид 150 тн барагшун экспортлох зөвшөөрлийг 3 сарын хугацаагаар олгуулж өгөхийг хүссэн өргөдлийг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цаг 15 минутад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны бүртгэлд авч, улмаар 04 дүгээр сарын 07-ны өдөр холбогдох албан тушаалтанд цохолтоор шилжүүлжээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр “Барагшуныг түүж бэлтгэх, экспортлохыг түр хугацаагаар хориглох тухай” А/86 дугаар тушаал гаргаж, Монгол орны барагшуны тархац, нөөц хомсдож байгааг харгалзан барагшуныг түүхийгээр болон хагас боловсруулсан түүхий эд, судалгаа, шинжилгээний сорьц дээжийг 5 кг-аас дээш хэмжээгээр гадаад улсад гаргах зорилгоор түүж бэлтгэх, боловсруулах, экспортлохыг 5 жилийн хугацаагаар хориглосон байна.

Түүнчлэн нэр бүхий 5 компаниас 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Н-д хандаж, экспортын зөвшөөрөл хүссэн компаниуд уг хориг тавих шийдвэр гарахаас 6 сарын өмнө түүхий эдээ бэлтгэсэн учир зөвшөөрөл олгохыг хүссэн хүсэлт гаргасны дотор “Б” хоршоо зөвшөөрөл олгохгүй тохиолдолд 180 сая төгрөгийн хохирол учрахад хүрээд байгаа талаар дурьджээ.

Ийнхүү Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/86 дугаар тушаал гарсантай холбогдуулан аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн дээрх санал хүсэлтүүдийг  Сайдын зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд, уг тушаал гарахаас өмнө барагшун түүж бэлтгэн, гадаадад гаргах хүсэлт ирүүлсэн нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн түүж бэлтгээд байгаа барагшуны бодит хэмжээг цагдаагийн байгууллагаар тогтоолгосны дараа анх экспортод гаргах хүсэлт гаргасан барагшуны нийт хэмжээний 50 хувиас ихгүй хэмжээгээр зөвшөөрөл олгохоор шийдвэрлэжээ.

Цагдаагийн Ерөнхий Газрын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 11/5-3677 дугаар албан бичгээс үзэхэд Баян-Өлгий аймгийн Цагдаагийн албан хаагчдын шалгалтаар “Б” хоршооны агуулахад барагшун хадгалагдаагүй, барагшун түүж бэлтгээгүй болох нь тогтоогдсон байна.

Дээрх байдлаас дүгнэхэд анхан шатны шүүх “маргаан бүхий А/86 дугаар тушаал гарахаас өмнө нэхэмжлэгч нь барагшун экспортлох хүсэлтээ өгсөн, тодорхой хөрөнгө, зардал гаргаж барагшун түүж бэлтгэсэн, нэхэмжлэгчийн гаргасан барагшун экспортлох хүсэлтэд хариуцагч хуульд заасан хугацаанд, хуульд заасан журмын дагуу хариу өгөөгүй, хууль бус эс үйлдэхүйг гаргасны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна” гэж  үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Тодруулбал, Амьтны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.3 дахь заалтыг тус тус үндэслэн гарсан Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А-359 дүгээр тушаалаар батлагдсан “Амьтныг амьдаар нь болон амьтны гаралтай түүхий эд, судалгааны ажлын сорьц дээжийг гадаад улсад гаргах, гадаад улсаас оруулах журам”-ын 2.3-д хүсэлт гаргахдаа бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтад улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зөвшөөрлийн гэрчилгээний үнэ төлсөн баримтыг хавсаргахаар заажээ.

Мөн Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/149 дүгээр захирамжаар “Б” хоршоонд 150 тн барагшун түүж бэлтгэхийг зөвшөөрч, уг захирамжийн 2 дахь заалтаар тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан байгаль хамгаалагчтай барагшун түүж бэлтгэх эхлэлтийн болон дуусгалтын акт үйлдсэн байх, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон төлбөрийн хэмжээний дагуу төлбөрөө бүрэн төлөх, барагшунг түүж бэлтгэх ажлыг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд дуусгахыг даалгасан байна.

Хэрэгт авагдсан “Б” хоршооны 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр барагшун бэлтгэсний төлбөр Хаан банкинд төлсөн баримт, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Баяннуур сумын байгаль хамгаалагч Ж.Ерболатын гаргаж өгсөн “Төлбөр төлсөн тухай” тодорхойлолт зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь барагшун экспортлох хүсэлтийг төрийн захиргааны төв байгууллагад гаргах үедээ уг журамд заасан баримт бичгийг дутуу бүрдүүлсний зэрэгцээ, 150 тн барагшун түүж бэлтгэсэн байсан нь баримтаар нотлогдоогүй байна.

Хэдийгээр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 36/119 дугаартай албан бичгээр “Б” хоршооны хүсэлтээр барагшун хадгалж байгаа агуулахыг шалгахад боловсруулагдаагүй барагшун их хэмжээгээр хадгалагдаж байгаа ч тус байгууллагын зүгээс уг барагшуны хэмжээ, гарал үүслийг тодорхойлох боломжгүй гэжээ.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж-н гаргасан “Тус хоршооноос анх манай яаманд 2017 оны 03 дугаар сарын 31-нд албан бичгээр амьтан тэдгээрийн гаралтай эд зүйл гадаад улсад гаргах зөвшөөрөл хүсэх тухай албан бичиг 1 хуудас, орос хэл дээр бичигдсэн гэрээ 3 хуудас, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын захирамж 1 хуудас, улсын бүртгэлийн гэрчилгээ 2 хуудас, нийт 7 хуудас материалыг ирүүлсэн. Бичиг баримтын бүрдлийг хангах талаар компанийг төлөөлөн ирсэн Е.Ж, З.Ж нарт хэлж байсан бөгөөд дутуу материалыг 2017 оны 11 дүгээр сард ирүүлсэн. Байгаль хамгаалагч Ж.Е-ын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гаргасан албан тодорхойлолтод түүж бэлтгэсэн хэмжээ тодорхойгүй, хэмжээг хоосон үлдээсэн, тус хоршооноос төлбөр төлсөн баримтад барагшуны хэмжээг 75 гэж гараар зассан, Амьтны гаралтай түүхий эд болох барагшуныг түүж бэлтгэх гэрээ нь дугаар байхгүй зэрэг бичиг баримтын зөрчилтэй байсан. Иймд барагшун түүж бэлтгээгүй талаарх цагдаагийн байгууллагын албан бичиг, тодорхой хугацаагаар материал бүрдүүлэх боломж олгосон боловч материалын бүрдлийг бүрэн хангаагүй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/86 дугаар тушаал гарсан зэргээс шалтгаалан “Б” хоршоонд зөвшөөрөл олгоогүй” гэж тайлбарласныг үгүйсгэх баримтгүй байна.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар    гаргасан    өргөдөл,    гомдлыг    шийдвэрлэх    үүргээ    захиргааны байгууллага     хуульд     заасан     хугацаанд     биелүүлээгүй,     эсхүл     шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заажээ.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч “Б” хоршооны 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 38 дугаар албан бичгээр гаргасан хүсэлтэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Н нь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 06/546 тоот албан бичгээр /х/х-ийн 79 дүгээр хуудас/ хариу өгчээ.

Мөн нэхэмжлэгчээс 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 16 тоот албан бичгээр хариуцагч Г.Н-д, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1/27 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад дахин хандаж, барагшуныг гадаад улсад гаргах зөвшөөрөл хүссэн байх бөгөөд дээрх албан бичгүүдийн хариуд тус яамнаас 2018 оны 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 06/2873 дугаар албан бичгээр татгалзсан хариу өгсөн байх тул хариуцагчийг ““Б” хоршооны барагшун экспортлох зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан” гэж үзэхээргүй байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/0431 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Амьтны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” хоршооны “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын “Б” хоршооны барагшун экспортлох зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Б” хоршооны хууль ёсны дагуу бэлтгэсэн 150 тонн барагшуныг экспортлох зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

                        ШҮҮГЧ                                                                    Ц.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                                    Б.ТУНГАЛАГСАЙХАН