Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2017/00392

 

“Хас” банкны Зуун мод салбарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 151/ШШ2016/01100 дугаар шийдвэр,           

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 19 дүгээр магадлалтай,

“Хас” банкны Зуун мод салбарын нэхэмжлэлтэй,

Т.Шинэтуяа, Ц.Энхбат, М.Басбиш нарт холбогдох,

Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 28.394.225 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа болон бусад хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Т.Шинэтуяагийн  гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнзул, хариуцагч Т.Шинэтуяа, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч “Хас” банкны Зуун мод салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: хариуцагч Т.Шинэтуяа, М.Басбиш нар нь Төв аймаг Зуун мод сум 1-р баг, Номт 18-р байр 54 тоот 30 мкв орон сууцыг барьцаалж 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 1300012257 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 30.000.000 төгрөгийг жилийн 30 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн.  Зээлдэгч нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч байнга хугацаа хэтрүүлж байсан бөгөөд Т.Шинэтуяагийн хүсэлтийн дагуу 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1300014561 дугаартай зээлийн нэмэлт гэрээгээр зээлийн хугацааг 1 жилээр сунгаж, 2016 оны 1 сараас 2016 оны 7 сар хүртэл хугацаанд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлж, хүү төлөх нөхцөлтэйгөөр өөрчлөлт оруулан зээлдэгч нарт боломж олгосон боловч төлбөрөө огт төлөөгүй. Зээлдэгч зээлийн гэрээний 3.2.1, 3.2.5, 3.3, 3.4 дэх заалтуудыг зөрчсөн. 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээл 24.681.810 төгрөг, зээлийн хүү 3.712.414 төгрөг, нийт 28.394.225 төгрөг байна. Мөн нэхэмжлэл гаргаснаас хойш 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү 1.825.778, нэмэгдүүлсэн хүү 11.053 төгрөг нийт 1.836.831 төгрөг бодогдсон. Энэ төлбөрийг анхны нэхэмжлэлийн үнийн дүн дээр нэмж нийт 30.231.056 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч нарын банкинд барьцаалуулсан хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Шинэтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: Хас банкнаас  сарын 1.7 хувийн хүүтэй зээл авахаар болж материалаа бүрдүүлж өгөөд 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 30 сая төгрөгийн зээл авсан. Нэгэнт гарын үсэг зураад баталгаажсан гэрээ учраас төлөх нь үнэн гэхдээ надад тухайн үед сарын 2.5 хувийн хүүтэй зээл өгсөн байна. Гэрээний нөхцөл өөрчлүүлнэ гэж хүсэлт гаргаж байгаагүй. Зээлийн төлбөрт нийт 22.500.000 төгрөг төлсөн. 2015 оны 9 дүгээр сард зээлийн төлөлт хийхдээ Хас банкны зээлийн эдийн засагч Саруулд энэ байдлаа хэлж байсан юм. 2015 оны 12 дугаар сарын 31-ний орой нэгэнт намайг дуудаад зээлийн гэрээний нөхцөлийг танд ашигтайгаар шийдчихлээ ирээд гарын үсэг зурчих гэсэн. Би гэрээний нөхцөлийг зөөлрүүлж өгөөч, зөвхөн хүүгээ төлмөөр байна гэж хүсэлт гаргаж байгаагүй. Хэдийгээр банк ашгийн байгууллага хүүгээ авах нь зүй ёсны хэрэг ч гэсэн намайг шүүхэд өгвөл өгчих хүүгээ зогсоолгоод зөвхөн үндсэн зээлээ төлмөөр байна. Илүү их мөнгө төлөөд өрөөнд ороод байна гэж хэлж байсан. Санхүүгийн хүндрэл үүссэн талаар би Хас банкинд удаа дараа мэдэгдэж байсан. 9 дүгээр сард хамаг юмаа шавхаад зээлээ төллөө үүнээс цааш хэцүү шүү гэж хэлж байсан. Ээжийнхээ тэтгэврийн зээлийг аваад шинэ бизнес эхлээд үсчингийн газар нээгээд түрээс аваад явж байгаач гээд зээлээ төлөхийг аль болох хичээсэн. Тэгэхэд банкнаас гэрээг танд ашигтайгаар шийдчихлээ зөвхөн хүү төлөхөөр гэрээний нөхцөлийг өөрчилсөн гэж надад хэлсэн. Гэрээнд гарын үсэг зурж байсан. Найз маань надаас 20.000.000 төгрөг аваад Солонгос явсан, түүнээс авах 10.000.000 төгрөгөө хүлээсээр байгаад өөрөө ийм байдалд орчихлоо гэжээ.

Хариуцагч М.Басбиш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Банкнаас мөнгө авсан болохоор төлнө гэж бодож байна. Анх зээл авахад би гарцаагүй гарын үсэг зураад хамт авсан гэхдээ хэдэн төгрөг авсан, миний байрыг тавьсан эсэхийг мэдээгүй. Энэ өвөл байрандаа өвөлжчих юм бол урин дулаан цаг ирэхээр засвар хийсэн байр зарагдчих байх. 30 гаран сая төгрөгт байраа зарчих юм бол зээлийг төлчих байх. Миний охин яваад л байгаа олон жижиг хүүхэдтэй, нөхөр нь олигтой хань болохгүй болохоор хэцүү юм гэжээ.

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 151/ШШ2016/01100 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3-т заасныг тус тус баримтлан Хас банкны Зуунмод салбар, хариуцагч Т.Шинэтуяа, М.Басбиш нарын 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдөр байгуулсан №1300012257 дугаартай Зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Т.Шинэтуяа, М.Басбиш нараас үндсэн зээл 24.681.810 төгрөг, зээлийн хүү 3.712.414 төгрөг, нийт 28.394.225 /хорин найман сая гурван зуун ерэн дөрвөн мянга хоёр зуун хорин таван/ төгрөгийг гаргуулан Хас банкны Зуунмод салбарт олгож, 1.836.831 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2-д заасны дагуу зээлдэгч нарын барьцаа хөрөнгийг зарж борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 309.105 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 299.921 төгрөгийг гаргуулж, Хас банкны Зуунмод салбарт буцаан олгож шийдвэрлэжээ.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 19 дүгээр магадлалаар: Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 151/ШШ2016/01100 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын ...Иргэний хуулийн 453.1.. гэсний дараа 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3... гэж, ...М.Басбиш нарын... гэснийг Ц.Энхбат нарын... гэж, ...М.Басбиш нараас... гэснийг хасч,...Т.Шинэтуяа... гэснийг ...Т.Шинэтуяагаас... гэж, шийдвэрийн 2 дугаар заалтаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ц.Энхбат, М.Басбиш нарт холбогдох Хас банкны Зуунмод салбарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн заалт нэмж, шийдвэрийн 2 дугаар заалтыг 3 дугаар заалт болгож, хариуцагч Т.Шинэтуяа төлбөрийг сайн дураар эс төлбөл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцаа хөрөнгө болох Төв, Зуунмод, 1-р баг, Номт 18-р байр, 54 тоот орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай” гэж тус тус өөрчилж, 3,4 дүгээр заалтыг 4,5 дугаар заалт болгон нэг заалтаар ухрааж дугаарлаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 74.349 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.Шинэтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 19 дугаар магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2, 172.2.1 гэх үндэслэлээр хяналтын шатанд гомдол гаргаж байна.

Хариуцагч М.Басбиш, Т.Шинэтуяа нар нь Хас банкны Зуунмод салбартай 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 1300012257 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 30.000.000 төгрөгийг жилийн 30 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлийн барьцаанд Төв аймаг, Зуунмод сум, 01 дүгээр баг, Номт 18-р байр, 54 тоот хаягт байрлах 30 мкв орон сууцыг барьцаалж. зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулсан. Уг мөнгийг өөрийн найздаа зээлүүлж, үүнээс хойш зээлийг төлөх боломжгүй байдалд хүрсэн. Зээлийг буцааж төлөхөд хүндрэлтэй байдал үүссэн, санхүүгийн хүндрэлтэй байгаа талаар Хас банкинд удаа дараа хэлж байсан. Анх би зээл авахдаа зээлийн хүүг судалж үзэхэд Хас банк сарын 1.7, Хаан банк сарын 2 хувийн хүүтэй зээл гаргаж байсан болохоор Хас банкнаас зээл авахаар болж материалаа бүрдүүлж өгсөн. Харин Хас банк нь зээлийн гэрээ байгуулахдаа жилийн 30 хувь буюу сарын 2.5 хувийн хүүтэй гэж заасныг би зээлийн гэрээ байгуулсныхаа дараа мэдсэн. Тухайн үеийн Банкны зээлийн хүү нь дээд тал нь сарын 2 буюу жилийн 24 хувийн хүүтэй байдаг байсан. Харин Хас банкны Зуунмод салбар нь зээлийн хүүг жилийн 30 хувь гэж байгуулсан нь хариуцагч Т.Шинэтуяа надад илт хохиролтой, өндөр хүүтэй зээлийн гэрээ гэж үзэж байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар зээлийн хүүг багасгах боломжтой байхад шүүх энэ заалтыг хэрэглээгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 19 дугаар магадлалыг хянаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч “Хас” банк нь хариуцагч Т.Шинэтуяа, М.Басбиш, Ц.Энхбат нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө  цуцалж, зээлийн төлбөрт 30.231.056 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч Ц.Энхбатад холбогдох нэхэмжлэлээс татгалзжээ. Хариуцагч Т.Шинэтуяа нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...сарын 1.7 хувийн хүүтэй зээл авахаар материалаа бүрдүүлж өгсөн байхад сарын 2.5 хувийн хүүтэй зээл  өгсөн...” гэсэн тайлбар гаргажээ.

Зээлдэгч Т.Шинэтуяа, Ц.Энхбат  нар нь Төв аймаг Зуун мод, 1-р баг, 18-54 тоот орон сууцыг барьцаалан “Хас” банкны Зуун мод салбараас 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 30.000.000 төгрөгийг жилийн 30 хувийн хүүтэй, 36 сарын хугацаагаар зээлэх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирч гэрээ байгуулсан ба зээлийг хүлээн авчээ. Талууд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээний хугацааг 36 сарын хугацаагаар сунгасан, хариуцагч зээлийн төлбөрт 13.682.000 төгрөг төлсөн нь тогтоогджээ /хавтаст хэргийн 8-23 дугаар тал/.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан банкнаас олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд  зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн, зээлийн төлбөр гэрээнд заасан хугацаанд төлөгдөөгүй учир нэхэмжлэгч  гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүргийн биелэлтийг шаардсан нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т заасан шаардлагад нийцжээ.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд зээлийн үүргийг тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь зөв боловч хэрэглэвэл зохих хуулийг оновчтой сонгон хэрэглээгүй, зарим хариуцагчид холбогдох шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан, үүрэг гүйцэтгэх этгээдийг буруу тодорхойлсноос шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банкнаас олгох зээлийн гэрээний үндсэн нөхцөлүүдийн нэг нь хүү бөгөөд гэрээнд заасан хүүгийн хэмжээг зээлдэгч мэдээгүй, ойлгоогүй гэх байдал мөн зээлийн хүү зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй  байна.

Банкнаас олгох зээлийн үйл ажиллагааг Иргэний хуулийн 451-453 дугаар зүйлд зааснаар зохицуулах ба энэхүү харилцаанд иргэд, хуулийн этгээдийн хоорондын зээлийн харилцааны зохицуулалт хамаарахгүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар хүүгийн хэмжээг багасгах талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 19 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Т.Шинэтуяагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 01 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 74.350 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.ЗОЛЗАЯА

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ