| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/1291/э |
| Дугаар | 1366 |
| Огноо | 2018-10-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 1366
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь
улсын яллагч: И.Ариунсанаа
хохирогч : Т.Н
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов
шүүгдэгч: Ц,Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Ц Б холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806066311607 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Ц Б, 19 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ХХК-ны захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн дүгээр хорооны хотхоны дугаар байрны тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:
Холбогдсон хэргийн талаар:
Ц.Б нь нь 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 203-75 тоотод Т.Н гарыг хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад нэмж тайлбарлах зүйл байхгүй. Болсон зүйлийг яллах дүгнэлтэд бичсэн байгаа гэв.
Хохирогч Т.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Төв аймагт эгчийндээ хүүхдүүдээ дагуулаад очсон. Манай нөхөр утсаар яриад хаана байгаан гэж асуусан. Би ажлын газрын найз эмчийнд байна гэж хэлсэн. Маргааш нь гэртээ харихад чи надад худлаа ярьсан байна гээд бид 2 маргалдаж эхэлсэн. Маргалдаж байгаад би түүнийг түлхээд буйдан руу унагаатал босохдоо миний гарыг хазсан. Тэгээд би нөхрөө нэг удаа хашраая гэж бодоод цагдаа дуудсан. Шүүх эмнэлэгт үзүүлэхэд хөнгөн гэмтэл гэж хэлсэн.. Би хэтэрхий түрэгдсэн шийдвэр гаргасан байна. Надад гомдол санал байхгүй гэв.
Шүүгдэгч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Нарангэрэлтэй хамт амьдраад 10 жил болж байна. 6-9 насны 2 охинтой. Гэр бүлийн баталгаатай. Айл учир маргаан гарч байсан цагдаа шүүхээр явтлаа маргаж байгаагүй. Амьдрах хугацаанд ганц нэг удаа барицалдаад түлхэлцэл зүйл байсан гэхдээ гэмтэл учруулж цохьж зодож байгаагүй. Тухайн өдөр 11 цагийн орчим гэрээс гараад орой 22 цагийн орчим ирсэн утсаар ярихаар худлаа яриад атсаа хаагаад байсан учир орой орж ирэхэд нь энэ талаар нь хэлээд уурлахад намайг цохиод авахаар нь би бариад авах гэтэл намайг орон дээр дарж хэвтээд 2 гар бариад босгохгүй болохоор нь би гарын шуу хэсэгээс нь хазчихсан. Тэгтэл 2 охиноо дагуулан гэрээс гараад явчихсан. Шүүх эмнэлгийн 9844 дугаартай дүгнэлттэй танилцсан, би хазаж гэмтэл учруулсан. Би эхнэртэйгээ ямар нэгэн байдлаар ёс бус хэллэгээр харьцдаг асуудал байхгүй.” гэжээ /хх-ийн 17-19/
Хохирогч Т.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 15 цагийн орчим гэртээ орж ирэхэд нөхөр пиво уугаад сууж байхаар нь би “одоо боль би яваад 2 охиноо аваад ирье” гэхэд за гэж хэлсэн. Гарахдаа би ажлын газрын эмч Солонгосоос ирсэн би тэр айлд орчоод ирнэ гэж хэлээд гэрээс гараад 2 охиноо хадам аавын гэрээс очиж шууд Төв аймаг явчихсан. Гэртээ харьвал хэрүүл гарч магадгүй Төв аймаг архинаас гаргадаг хүн байдаг гэж сонссож байсан учир шууд тийшээ явсан. Төв аймагт байхад нөхөр над руу залгаад хаана байна гэхээр нь эмчийнд байна гэж хэлээд ойролцоогоор орой 22 цагийн орчим орж ирэхэд худлаа ярьж гадуур явлаа гээд уурлахаар нь чи дандаа архи уудаг биздээ миний хаагуур явах ямар хамаатай юм гэж хэлээд түлхсэн. Тэгтэл намайг цохихоор дайрахаар нь 2 гарын барьж аваад буйдан дээр унагаад дээрээс нь дараад суухад миний зүүн гарын шууг нөхөр хазчихсан. Тэгэхээр нь би 2 охиноо үүдэнд гараад зогсож бай би чамд дээрэлхүүлж чадахгүй гээд охидоо аваад гараад машин дотроо ороод суутал явуулахгүй гээд машины урд зогсоод байхаар нь төв аймагт байдаг эгч рүүгээ намайг согтуу хазчихлаа цагдаа дуудаад өгөөч гэхэд эгч 102-т дуудлага өгөөд цагдаа нар ирээд авч явах гэтэл хаалга нөхөр дотроос нь түгжээд тайлж өгөхгүй цагдаа буцсан. Баясгалантай суугаад 10 жил болж байгаа, гэр бүлийн баталгаатай. 6-9 насны 2 охинтой. Бид муудалцаж бараг үзээгүй огт зодож байгаагүй. Сүүлийн 2-3 сар архи уугаад байгаа үүнээс болж маргаан үүсээд байгаа. Уудаггүй хүн гэнэт архи уухаар миний бухимдал бас төрөөд түүнээс болж асуудал үүсдэг. Ямар шалтгаанаар уугаад байгааг нь мэдэхгүй байна, ээжийгээ 2 жилийн өмнө алдаад түүнээс хойш ээж зүүдэнд ороод гээд байдаг. Шүүх эмнэлгийн 9844 дугаартай дүгнэлтэнд гэмтлийг тусгасан байна, өөр газар гэмтээгүй би дээр нь дараад суухад миний гарыг тавиулах гэж нөхөр хазсан.” / хх-н 11-16/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 20/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 9844 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.Т.Н биед зүүн шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. гэжээ. /хх-н 21/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 22-23/
Гэрч Т.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Н миний хамгийн бага дүү, Б түүний нөхөр манай хүргэн юм. Энэ хоёр хүний хувьд бололцооны амьдралтай. Сүүлийн 2 жил дүү их дуу цөөнтэй болсон. Би эргүүлээд ойр зуурын юм асуух гэхээр дараа яръя гэдэг болсон байсан. Б хувьд дотуур тамиртай хүн шиг санагддаг. Дотно болон маргаж харьцаж байгаагүй. Б ах дүү нарын харьцаатай л байдаг. Миний дүү бол нөхрийн үгээр байгаа. Их хүнтэй эвтэй. Би дүүгээсээ ямар нэгэн дарамт шахалт байна уу гэхээр үгүй гээд байдаг. Нөхөр нь бол байнга эхнэрээ дагаад явж байдаг. Хүргэн Б хувьд байнга архи уудаг. Архи уудаг хүнд дургүй учир манайхаар нээх ирээд байдаггүй. Энэ хоёр 6-9 насны 2 охинтой, энэ хугацаанд зодууллаа гэж сонсоогүй. 2018.08.13-ны орой манай төв аймагт байдаг эгч над руу залгаад “чи гэрт нь яваад оч Баясгалан чинь цаад Н зодоод алах гээд байна гэж хэлэхээр нь дүүрүүгээ залгахад ”би 2 хүүхдээ аваад зугатаагаад машиндаа суугаад байж байна төв аймгаас эгч цагдаа дуудсан гэхээр нь би наанаа хүлээж бай би яваад очъё гэж хэлсэн. Намайг яваад очиход цагдаа ирээгүй байсан учир 2 охиныг нь 16 дугаар хороололд байдаг эгчийнд хүргэж өгөөд цагдаа ирчихлээ гэхээр нь яваад очиход нөхөр Б нь хаалгаа тайлж өгөхгүй байхаар нь дүүгээ ирж мэдүүлэг өгүүлээд харьсан. Тухайн үед хөл гар нь хөхөрцөн гэж байсан. Аль нэг гар нь хөхөрсөн байсан одоо сайн санахгүй байна. Шүүх эмнэлэгт үзүүлсэн. Дүүгээсээ тухайн үед юу болсон талаар асуухад ер нь архи уухаараа ийм ааш араншин гаргаж надад гар хүрч намайг зовоодог болсон гэж хэлж байсан. Бүүр надтай хүртэл унтан эгчийгээ авчир гэж хэлдэг гэсэн, тухай үед мэдүүлэг өгч байхад нь сонсоход дэндүү санаа зовмоор зүйлүүд ярьж байсан. Тухайн үед дүүгээ үнэн мэдүүлэг өгсөн гэж бодож байна. Түүнээс хойш дүү энэ байдлыг үгүйсгэж байгаа бол харин тэр нь худлаа байх ямар нэгэн дарамт шахалт байгаа байх гэж бодож байна. Тухайн өдөр дүү рүү хутга дайраад алах гээд байна гэж эгч рүү залгасан байсан. Би та хоёрт олон удаа санхүүгээр тус дэм болж байна. Энэ юу болоод байгаа юм гээд асуухад манай найз нөхөдтэй унтан хэвтэн гэж хэлдэг байсан сүүлдээ хамаатан садан руу ийм зүйл хэлээд байгаа гэж хэлэхээр нь наад хүн чинь гаж донтон хэвийн биш хүн байна гэж хэлсэн.” гэжээ / хх-н 30-32/
Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би Зүүн Хүрээ хотхоны B1 гражид диспичерээр ажилладаг. 2018.08.13-ны өдөр ээлжинд гарсан. Тухайн өдөр орой 23 цагийн орчим би нэгж аваад орж ирж байтал нэг залуу орилоод байсан нэг машины хамар дээр нэг залуу суучихсан буухгүй машин дотор нэг эмэгтэй байсан. Намайг хараад зогсцон. Би ажиглаад байж байтал нөгөө эрэгтэйн буухгүй байсан чинь тэр чигээрээ хаазаа нэмээд гараад явсан. Тэгтэл гражийн хаалгаар гараад доошоо уруудаад нөгөө залуу ёоё гээд бууж байсан. Тэгээд жаахан сууж байснаа зүгээр босоод баруун шатаар өгсөөд явчихсан. Тухайн үед жолооч эмэгтэй машинаасаа буугаагүй нөгөө эрэгтэйн машины хамар дээр нь зүүгдээстэй чигээрээ гражнаас гараад явсан. Манай байрны оршин суугч мөн байсан байнга машинаа тавьдаг би ороод 8-9 сар ажиллаж байна.” гэжээ /хх-н 33-34/
Ц.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 44/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 36/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 43/
Ц.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н355/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал / хх-н 38/, прокурорын тогтоол / хх-н 39/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 39-42/ зэрэг болно.
Ц.Б нь нь 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 203-75 тоотод эхнэр Т.Н зүүн гарыг хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:
Т.Н биед зүүн шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 9844 дугаартай шинжээчийн дүгнэлт
Хохирогч Т.Н өгсөн ...Маргааш нь гэртээ харихад чи надад худлаа ярьсан байна гээд бид 2 маргалдаж эхэлсэн. Маргалдаж байгаад би түүнийг түлхээд буйдан руу унагаатал босохдоо миний гарыг хазсан. Тэгээд би нөхрөө нэг удаа хашраая гэж бодоод цагдаа дуудсан. Шүүх эмнэлэгт үзүүлэхэд хөнгөн гэмтэл гэж хэлсэн гэсэн мэдүүлэг
Шүүгдэгч Ц.Б өгсөн ... намайг цохиод авахаар нь би бариад авах гэтэл намайг орон дээр дарж хэвтээд 2 гар бариад босгохгүй болохоор нь би гарын шуу хэсэгээс нь хазчихсан гэсэн мэдүүлэг зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
Ц.Б холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул Ц.Баясгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Ц.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Хохирогч Т.Н шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Ц Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйлийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Б 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ц.Б торгох ялыг нэг сарын дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ц.Б нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар соихыг дурьдсугай.
5.Ц.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ц.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН