| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 2406087970011 |
| Дугаар | 2026/ДШМ/317 |
| Огноо | 2026-03-19 |
| Зүйл хэсэг | 17.2.1., 18.6.1., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2026/ДШМ/317
2026 03 19 2026ДШМ/317
А.М-, О.Э-, Ү.Б-,
М.Э- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Оюундарь /цахимаар/,
шүүгдэгч А.М-, түүний өмгөөлөгч Э.Түвдэн,
шүүгдэгч Ү.Б-ийн өмгөөлөгч Д.Ганбаатар,
шүүгдэгч О.Э-,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2026/ШЦТ/193 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.М-, О.Э- нарын гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 2406087970011 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Галбадарын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б- овгийн О-ы Э-, ......., /РД:УО-/, урьд
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦT/1126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн.
2. Б- овгийн А-ы М-, ......., /РД:УМ-/, урьд
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/1126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн.
3. Т- овгийн Ү-ын Б-, .......х, урьд ял шийтгэлгүй, /РД:УҮ-/.
4. Б- овгийн М-ын Э-, ......, урьд ял шийтгэлгүй, /РД:УМ-/.
1. Шүүгдэгч А.М-, О.Э- нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр:
- 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлбэ голын гүүрэн дээр хохирогч Г.М-гийн өмчлөлийн iphone 12 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 825.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 34 дүгээр байрны зогсоолд байрлуулсан байсан М- УНВ улсын дугаартай Тоёота Приус 41 маркийн тээврийн хэрэгсэл дотор сууж байсан хохирогч Д.А-ын өмчлөлийн Samsung G-fold 3 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 700.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. Шүүгдэгч А.М- нь үргэлжилсэн үйлдлээр шүүгдэгч Б.Э-тэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дөлгөөн нуур Апартмент 811 дүгээр байрны орчимд насанд хүрээгүй хохирогч С.Г-гийн өмчлөлийн iphone 12 pro max загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан,
3. Шүүгдэгч Ү.Б- нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Үндэсний соёл амралтын хүрээлэн дотор хохирогч Г.У-д гар утсаараа яриулахыг гуйж, iphone 13 pro max загварын гар утсыг авч зугтаан, 1.800.000 төгрөгний хохирол учруулсан,
4. Шүүгдэгч А.М- нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Үндэсний соёл амралтын хүрээлэнд хохирогч Г.У-гоос шүүгдэгч Ү.Б-ийн гэмт хэрэг үйлдэж авсан iphone 13 pro max загварын гар утсыг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж, мөн өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монтел” худалдааны төвийн орчимд О.Э-д худалдан борлуулсан,
5. Шүүгдэгч О.Э- нь 2024 оны 6 дугаар сарын 02-ноос 10-ны өдрийн хооронд үргэлжилсэн 4 удаагийн үйлдлээр Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хоум плаза” төвийн лангуунаас 500 граммын савлагаатай 8 ширхэг, 230 граммын савлагаатай 1 ширхэг “Жэкобс” нэртэй кофег хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 318.380 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч О.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,
- шүүгдэгч А.М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,
- шүүгдэгч М.Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
- шүүгдэгч Ү.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б- овогт О-ы Э-г "үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, мөн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах" гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б- овогт А-ы М-ийг "үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэх" гэмт хэрэг үйлдсэн, мөн “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б- овогт М-ын Э-ийг “бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэх" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т- овогт Ү-ын Б-ийг "Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-г 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1. 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-ийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Э-ийг 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Б-ийг 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор сольж 30 хоног, мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 365 дугаартай шүүгчийн захирамжаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1126 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 9 хоногийн хугацаагаар хорих ялаар сольсноос эдлээгүй үлдсэн 14 хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 жил 1 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-д оногдуулсан 2 жил 1 сар 14 хоногийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.М-т оногдуулсан 2 жил 6 сар 16 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-, Ү.Б- нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүгдэгч нарын оршин суугаа газар буюу Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-, Ү.Б- нарыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүрэг тус тус хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, тэдгээрт хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-, А.М- нарын цагдан хоригдсон 64 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Э-, Ү.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч О.Э-, А.М- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шүүгдэгч А.М-, О.Э- нарын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын Төрийн сан дахь барьцааны 100900005406 дугаарын дансанд шүүгдэгч О.Э-гийн хохиролд тушаасан 412.500 төгрөгийг гаргуулж хохирогч Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо, Хүслийн Өргөө хотхоны О- тоотод оршин суух Б- овогт Г-ын М- /РД: ОГ-/-д олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч М.Э-, Ү.Б- нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ү.Б-, М.Э-, А.М- нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өмнөх удаагийн шүүхээр орохдоо 1 жилийн зорчих эрх хязгаарлах ял авахдаа өөрийн гэм буруу алдаа дутагдлыг гүйцэд ойлгож ухаараагүйн улмаас дахин гэмт хэрэг үйлдэж зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 10 хоногийг хорих ял болгож 441 дүгээр нээлттэй хорих ангид ял эдлэж байх хугацаанд өөрийн гэм буруу алдаа дутагдлыг маш сайн ойлгож ухаарсан. Би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлснээс хойш мөрдөн шалгах ажиллагаанд дуудсан цагт очиж хэрэгт ач холбогдолтой бүхий л мэдүүлгийг үнэн зөвөөр мэдүүлж өөрийн гэм бурууг ухамсарлаж үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Би ээж болон хоёр дүүгийн хамт амьдардаг. Өөрийн хүнд өвчтэй ээждээ тус нэмэр болоод амьдрахын оронд гэмт хэрэг хийсэндээ маш их харамсаж байна. Өөрийн биеэр 8 сар хоригдох хугацаандаа маш их зүйлийг ойлгож ухаарсан. Цаашдаа дахин ийм алдаа дутагдал гаргахгүй гэдгээ амлаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, надад оногдуулсан 2 жил 6 сарын ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч О.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өмнөх удаагийн шүүхээр орохдоо 1 жилийн зорчих эрх хязгаарлах ял авахдаа өөрийн гэм буруу алдаа дутагдлыг бүрэн ойлгоогүйн улмаас дахин гэмт хэрэг үйлдсэн болно. Харин өөрийн биеэр ял эдлэх хугацаанд өөрийн бие махбод болон оюун тархиараа буруу зүйл хийснээ бүрэн ойлгосон. Хэрэв надад дахин боломж олговол үе тэнгийн болон дүү нартаа зөв үлгэр дуурайлал болж нийгэмд хор хөнөөл багатай зөвөөр хүмүүжиж өсөх болно, мөн сурч, хөдөлмөрч хүн болохыг хичээж ээж, аавынхаа итгэлт хүү ах, эгчийн сайн дүү болж, хүмүүжиж эерэгээр амьдарна гэдгээ амлаж байна. Мөн залуу насаа ийм газар өнгөрөөж байгаадаа маш их харамсаж байна. Би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлснээс хойш мөрдөн шалгах ажиллагаанд дуудсан цагт очиж хэрэгт ач холбогдолтой бүхий мэдээллийг үнэн зөвөөр мэдүүлж, өөрийн гэм бурууг ухамсарлаж үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Би гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг өөрчилж, надад оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг минь хөнгөрүүлж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч А.М-ийн өмгөөлөгч Э.Түвдэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өөрийн үйлчлүүлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгч тодорхой хугацаанд зохих ёсоор ялаа эдэлж хорих ангид хоригдсон. Энэ хугацаандаа өөрийн гэм буруугаа маш сайн ойлгосон. Тиймээс анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Ү.Б-ийн өмгөөлөгч Д.Г- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч өөрийн гэм буруу дээрээ маргадаггүй. Мөн хохирлыг төлж барагдуулсан. Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхэд эрүүгийн хариуцлагаас өөрийн үйлчлүүлэгчийг чөлөөлүүлэх тухай хүсэлтийг гаргаж байсан. Энэ байр суурь хэвээрээ байгаа. Шүүгдэгч Ү.Б- нь сургуулиа дөнгөж төгссөн буюу шинэхэн төгсөгч бөгөөд уул уурхайн чиглэлээр мэргэжил эзэмшсэн. Зорчих эрх хязгаарлах ял оногдуулснаар миний үйлчлүүлэгч мэргэжлээ өөрийн болгох боломжгүй нөхцөл байдал бий болно гэж үзэж байна. Хүн өөрийн эзэмшсэн мэргэжлээ хөгжүүлэх, сурч боловсрох эрхийг хязгаарлаж байна гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, нэг удаа эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.
Прокурор Э.Оюундарь тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байна гэж прокурорын зүгээс үзсэн. Эрүүгийн хариуцлагын тухайд шүүгдэгч А.М- болон О.Э- нарт хорих ял оногдуулсан. Ингэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай буюу урьд гэмт хэрэг үйлдээд ял шийтгэл эдэлж байсан нөхцөл байдал болон тухайн зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан байсан үедээ зөрчсөн нөхцөл байдал зэргийг харгалзан үзсэн. Шүүгдэгч нарын тухайд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргадаггүй. Гэвч шүүгдэгч нар өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэж шийтгэгдсэн боловч дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзээд ял оногдуулсан нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт тохирсон байна гэж прокурорын зүгээс үзсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч О.Э-, А.М- нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
1. Шүүгдэгч А.М-, О.Э- нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр:
- 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлбэ голын гүүрэн дээр хохирогч Г.М-гийн өмчлөлийн iphone 12 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 825.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Г.М-гийн “...2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 20 цагийн үед гэрээсээ гараад Г- гэх найзаасаа юм авах гэж Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Сэлбийн гүүрний зүүн талд очсон. Хэрэг болсон гэх газар 20 цаг 20 минутаас 30 минутын хооронд Сэлбийн гүүрний зүүн талд очсон. Тэгээд утсаа бариад байж байсан. Тэгтэл 2 байрны голоос үл таних цагаан куртка болон хар курткатай 2 залуу гарч ирсэн. Хар курткатай залуу нь цагаан өнгийн төмөр хашлагыг даваад урдаас гарч ирсэн. Цагаан өнгийн курткатай залуу нь машины замаар намайг өнгөрөөд алхсан хажуугаар өнгөрөх үед цагаан курткатай залуутай харц тулгарсан. Тэр залуу ороолт зүүсэн куртканы малгайгаа өмссөн явж байсан. Тэр хар курткатай залуу нь намайг явахгүй хараад зогсоод байсан. Би юм бодолгүй утсаа оролдоод зогсож байхад цагаан курткатай залуу нь миний утсыг булаагаад намайг түлхсэн. Тэр хоёр залуу ертөнцийн зүгээр хойшоо гүйсэн. ...iphone 12 маркийн цагаан өнгийн 128gb багтаамжтай утас байсан. Би утсаа 2022 оны 1 дүгээр сард center Mongolia гэх газраас 1.800.000 төгрөгөөр худалдаж авч байсан...” /1хх 12-13/ гэх мэдүүлэг,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 5-8/,
“Дамно” ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн №БЗД2-24-1923 үнэлгээний тайлан “...825.000 төгрөг” /1хх 24-29/,
хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 31-38, 40-43/ гэх баримтуудаар,
- мөн 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 34 дүгээр байрны зогсоолд байрлуулсан байсан М- УНВ улсын дугаартай Тоёота Приус 41 маркийн тээврийн хэрэгсэл дотор сууж байсан хохирогч Д.А-ын өмчлөлийн Samsung G-fold 3 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Д.А-ын “...Би 2025 оны 4 дүгээр сарын 01-ний орой 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дүгээр байрны ертөнцийн зүгээр баруун талд өөрийн эзэмшлийн М- УНВ улсын дугаартай Тоёота Приус 41 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талд цонхоо тал онгойлгоод өөрийн эзэмшлийн Самсунг Жи Фолд 3 маркийн гар утсыг оролдоод сууж байх үед хажуу талаас хар өнгийн бомбертой, хар өнгийн малгайтай цамцтай, улаан өнгийн ороолттой, царайгаа нуусан туранхай, шөвгөр царайтай үл таних эрэгтэй хүн зүүн гараа цонхоор оруулаад миний гар утсыг булаагаад 34 дүгээр байрны урагшаа гүйгээд явсан.” /3хх 11/ гэх мэдүүлэг,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх 12-13/,
хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 17-18/,
“Онцгой үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт “...700.000 төгрөг” /3хх 32-34/ гэх баримтуудаар,
2. Шүүгдэгч А.М- нь үргэлжилсэн үйлдлээр шүүгдэгч Б.Э-тэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дөлгөөн нуур Апартмент 811 дүгээр байрны орчимд насанд хүрээгүй хохирогч С.Г-гийн өмчлөлийн iphone 12 pro max загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
насанд хүрээгүй хохирогч С.Г-гийн “...би тэр өдөр гэртээ байж байхад Э- гэдэг хүүхэд над руу утсаар залгаад гэрээсээ гараад ирээч гэсэн ба шалтгааныг нь асуухад ахтайгаа ганц удаа уулзчих л даа гээд байсан. Тэгэхээр нь би уулзахаар болоод байрны гадаа байдаг сандал дээр сууж байхад эхлээд миний гар утсыг дүү рүүгээ яриад буцаагаад өгье гэж аваад дүүтэйгээ яриад буцаагаад өгсөн. Тэгээд утсаар ярьчихаад буцааж өгчихөөд байж байхдаа намайг ийшээ хальт алхаадхъя гэхээр нь би дургүйцээд дүү гадаа тоглож байгаа гэхэд би тамхилаадхъя гэхэд нь за гээд хойноос нь дагаад тийшээ явсан. Тэгсэн чинь тамхи таталгүй доошоо суугаад байсан. Тэгээд байж байсан чинь дахиад надад утсаа өгч бай гээд аваад утсаар ярихдаа гаран дээрээ сулхан бариад байж байсан тэр үед хажуунаас хар өнгийн хувцастай хүн гэнэт гарч ирээд Э-ийн барьж байсан гар утсыг булаагаад шууд Хоймор оффисын зүг рүү гүйсэн. Тэр үед Э- “өө пизда булаачихлаа” гээд араас нь гүйсэн. Тэгэхээр нь би товчилдог замаар яваад араас нь харахад Э- тухайн хүүхдийн хажууд нь яваад байсан. Тэгэхэд нь ийм ойрхон явж байж бариад авдаггүй юм байх даа гэж бодсон. Тэгээд явж байгаад байрны араар ороод араас нь харахад Э- нөгөө гар утсаа булааж зугтсан хүүхэдтэйгээ цуг явж байсан. Тэгээд араас нь дуудахад эргэж харснаа шууд зугтсан. ...” /2хх 43/,
шүүгдэгч М.Э- гэрчээр “...М- надад хандаж “Чи тэр охиныхоо гар утсыг нь аваад гартаа бариад байж байгаарай би очоод булаагаад зугтаана шүү” гэж хэлсэн. Тэгээд очоод би эхлээд Г-тай уулзсан. Тэгээд уулзаад утсыг нь аваад утсаар яриад байж байхад М- гүйж ирээд шууд булаагаад зугтаасан...” /2хх 45-46/,
шүүгдэгч А.М- гэрчээр “...Би өмнө хэд хэдэн удаа хүний утсыг хулгайлж байсныг Э- мэддэг болохоор надад хоёулаа дахиад нэг удаа хийгээд мөнгөтэй болоод болъё гэж хэлсэн. Тухайн үед би хэрэггүй дараа нь асуудал болно гэхэд асуудал болохгүй ээ би арыг нь даана таньдаг хүүхэд юм чинь асуудал гарахгүй гэж намайг ятгасан. Гэрийнх нь гадаа очоод би тэр хүүхдийг дуудаад уулзаж байх хооронд чи утсыг нь аваад зугтаарай гэж хэлсэн. Тэгээд би холхон очоод зогсож байхад Э- утсыг нь гартаа барьж байгаад надад дохио өгөнгүүт нь би утсыг нь шүүрч аваад зугтаасан...” /2хх 48-49/ гэх мэдүүлгүүд,
таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл /2хх 36-40/,
“Дамно” ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн №СБ1-24-1399 шинжээчийн дүгнэлт “...1.450.000 төгрөг” /2хх 63-68/ гэх баримтуудаар,
3. Шүүгдэгч Ү.Б- нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Үндэсний соёл амралтын хүрээлэн дотор хохирогч Г.У-д гар утсаараа яриулахыг гуйж iphone 13 pro max гар утсыг авч зугтаан бусдад 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Г.У-гийн “...2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн сандал дээр сууж байх үед үл таних 2 залуу ирээд гар утсаараа яриулаач гэхээр нь би спикер дээр нь тавьж байгаад яриарай гээд яриулсан. Тэгээд нэг найзтайгаа 1 минут орчмын хугацаанд ярьсан. Тэгээд эгчээ та чихэр идэх үү гээд тал сникерс гаргаж ирээд анхаарал сарниулаад утас аваад зугтаарай гээд гүйгээд яваад өгсөн.” /1хх 196-197/,
шүүгдэгч А.М- гэрчээр “...2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн найз Б-тэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангрила моллын гадаа уулзаад найз Э-гийн гэр рүү явахаар болсон. Тухайн найз Э- руу залгаж ярих гэтэл миний гар утас унтарсан, Ү.Б-д нэгж байгаагүй. Тэгээд бид хоёр Үндэсний соёл амралтын хүрээлэнгээр гараад явах замдаа хүний гар утас гуйгаад найз Э- руу яръя гэж бодоод алхаж байтал алсыг харагчийн хажуухан талд нэг үл таних эмэгтэй сууж байсан. Тэгтэл Ү.Б- тэр хүний утсыг гуйгаад ярьчихъя гээд бид хоёр сууж байсан эмэгтэй дээр очоод Ү.Б- тухайн эмэгтэйд хандан “утсаараа нэг яриулчих” гэж гуйгаад хажууд нь сууж байгаад найз Э-гийн 9Г- дугаарын утас руу залгаж ярьж байх үед би хажууд нь зогсож байсан. Ярьж дуусаад Ү.Б- тухайн эмэгтэйд халааснаасаа сникерс шоколад гаргаж өгөөд гэнэт гар утсыг нь аваад зугтаасан. Би тэр үед бид хоёр гар утсыг нь авч зугтаана гэж ярьж тохироогүй байсан учраас сандарсандаа араас нь дагаад гүйсэн. Зугтаагаад Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс гараад Шангрилагын замын урд талаас такси бариад Монтел гар утас худалдааны төв рүү явсан. Замдаа Ү.Б- надад хандан “андаа чи буугаад зараад өгчих” гээд гуйгаад байхаар нь би таксинаасаа буугаад Монтел гар утасны худалдааны төв дээр очоод нэг үл таних ахад 200.000 төгрөгөөр зараад мөнгөө бэлнээр авсан. Утас зарж авсан мөнгөөрөө Ү.Б- бүгдэнгээр нь one xbet тоглоод алдсан...” /1хх 202-203/ гэх мэдүүлгүүд,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №ТХҮ-924-11505 шинжээчийн дүгнэлт “...1.800.000 төгрөг” /1хх 211-215/,
таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1хх 168-174, 175-181/ гэх баримтуудаар,
4. Шүүгдэгч А.М- нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Үндэсний соёл амралтын хүрээлэнд хохирогч Г.У-гоос шүүгдэгч Ү.Б-ийн гэмт хэрэг үйлдэж авсан iphone 13 pro max загварын гар утсыг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж, мөн өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Монтел" худалдааны төвийн орчимд О.Э-д худалдан борлуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
гэрч О.Э-ы “...2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монтел гар утас худалдааны төв дээр ажлынхаа байран дээр байхад 20 цагийн орчим ажил тараад явах гэж байх үед нэг хүүхэд хүрч ирээд “утас авах юм уу ах аа” гэхээр нь би “ямар утас юм үзье” гээд үзтэл айфон 12 про макс загварын гар утас байна гэж хажууд зогсож байсан ченж хэлсэн. Тухайн үл таних хүүхэд “би таксинд явж байх үедээ олсон гар утас юм аа. Эзэн нь олдохгүй юм шиг байна. Дүүд нь мөнгө хэрэгтэй болоод та хэдэн төгрөгөөр авчихаач” гэхээр нь би “ахын дүү хулгайн гар утас биш биз дээ сүүлд ямар нэгэн асуудал болох вий” гэхэд “тийм зүйл болохгүй ээ ямар ч асуудалгүй гар утас та сэлбэгэнд хэдэн төгрөгөөр бодоод авчих” гэхээр нь би сэлбэгэнд дэлгэцийг нь ашиглая гэж бодоод тухайн үл таних хүүхдэд 200.000 төгрөг бэлнээр өгөөд авсан.” /1хх 205-206/,
шүүгдэгч Ү.Б- гэрчээр “...2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 18:10 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангрила моллын 4 давхарт үйл ажиллагаа явуулах кофе шофт өөрийн найз А.М-ийг хүлээж байх үедээ One xbet гэх нэртэй цахим бооцооны сайтад байсан бүх мөнгөө тавин алдсан. Удаагүй найз А.М- ирэхээр нь би one xbet гэх нэртэй цахим бооцооны сайтад бооцоо тавин алдсан талаараа хэлсэн. Тухайн үед А.М-ийн гар утасны цэнэг нь дуусаад унтарсан байсан. Харин миний утас нэгжгүй, дата 128 байсан болохоор интернэт орохоор удаад байсан. А.М- бид хоёр найз Э-гийн Баянгол хороололд байх гэр рүү явахаар болоод Шангрилагаас гараад Үндэсний соёл амралтын хүрээлэнгээр дамжин явах замд үл таних эмэгтэй сууж байхаар нь найз Э-тай холбоо барихаар тухайн эмэгтэйд хандан “гар утсаараа нэг яриулаач” хэмээн гуйхад “за тэг тэг” гээд зөвшөөрөөд би хажууд нь суугаад утасныхаа спикер дээр тавиад найз Э-гийн 9Г- дугаарын гар утас руу нь залгатал Э- “гадур явж байна та хоёртой уулзаж амжихааргүй болчихлоо” гэхээр нь би утсаа таслаад өөрийнхөө халаасанд байсан сникерс шоколадаа баярлалаа гээд өгөх үед надад гар утсыг нь аваад зугтаая гэх санаа төрөөд тэр чигтээ би гар утсыг нь аваад Шангрила чиглэлтэй гүйж байх үед гар утасны эзэн эмэгтэй араас орилж буй нь сонсогдсон. Гар утсыг аваад зугтааж байх үед найз М- анхнаасаа гар утсыг авч зугтаана гэж тохироогүй байсан учраас сандарсандаа над руу уурлаж намайг харааж байсан. Тэгээд бид хоёр Шангрилагийн замын эсрэг талаас такси бариад Сүхбаатарын талбайн хажууд байрладаг Монтел гар утасны худалдааны төв рүү явсан. Монтелын хажууд түгжрээд байхаар нь би найз М-т хандан “чи гялс буугаад аваачаад зарчих” гээд гар утсаа өгтөл найз М- уурлаж байгаад гар утсыг аваад буусан. Такситайгаа би Монтел руу эргээд орж байтал найз М- 200.000 төгрөгөөр зарчихлаа гээд бэлэн мөнгөтэй ирээд таксиныхаа төлбөрийг өгчихөөд бид хоёр Их дэлгүүр рүү алхсан. Их дэлгүүр очоод 4 давхарт нь байрлах хүлээлгийн сандал дээр сууж байгаад утсаа цэнэглээд 180.000 төгрөгөр нь one xbet гэх нэртэй цахим бооцооны сайтын дансаа цэнэглээд слот тоглоод бүх мөнгөө алдсан.” /1хх 199-200/ гэх мэдүүлгүүд,
таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1хх 182-188/,
“Дамно” ХХК-ийн 2025 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн №БЗД2-25-62 шинжээчийн дүгнэлт “...318.380 төгрөг” /2хх 63-68/ гэх баримтуудаар,
5. Шүүгдэгч О.Э- нь 2024 оны 6 дугаар сарын 02-ноос 10-ны өдрийн хооронд үргэлжилсэн 4 удаагийн үйлдлээр Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Хоум плаза" төвийн лангуунаас 500 граммын савлагаатай 8 ширхэг, 230 граммын савлагаатай 1 ширхэг "Jacobs" нэртэй кофег хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 318.380 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х-гийн “...Би Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Home plaza худалдааны төвд эрхлэгчээр ажилладаг. 2024 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гаднаас үл таних гурван залуу 16 цаг 30 минутын орчимд манай худалдааны төвийн 1 давхарт байрлах дэлгүүрээс 72.900 төгрөгийн үнэлгээтэй Jacobs нэртэй 1 кг савлагаатай найруулдаг кофеноос 2 ширхэгийг манай дэлгүүрт үйлчлүүлэхээр орж ирсэн 2 залуу хулгайлаад аваад гарсан байсан. Маргааш нь буюу 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 15 цагийн орчимд өмнөх өдөр манай дэлгүүрт орж ирсэн 2 залуу нь өөр хувцастай дахиж орж ирээд дахин 1 давхарт байрлах дэлгүүрээс 72.900 төгрөгийн үнэлгээтэй Jacobs нэртэй 1 кг савлагаатай найруулдаг кофеноос 2 ширхэгийг хулгайлаад аваад гарсан. 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 13 цагийн орчимд өмнөх өдөр орж ирсэн хоёр залуу дахиж орж ирээд 1 давхарт байрлах дэлгүүрээс 72.900 төгрөгийн үнэлгээтэй Jacobs нэртэй 1 кг савлагаатай найруулдаг кофеноос 3 ширхэгийг хулгайлаад аваад гарсан. 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 10 цагийн орчимд өмнө манай дэлгүүрээс кофе хулгай хийж байсан үл таних хоёр залуу орж ирээд 1 давхарт байрлах дэлгүүрээс 72.900 төгрөгийн үнэлгээтэй Jacobs нэртэй 1 кг савлагаатай найруулдаг кофеноос 3 /500 грамм/ ширхэгийг хулгайлаад аваад гарсан байсан. 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хүнс барааны тооллогоор нийт 13 ширхэг кофе дутсан учраас хяналтын камераа шүүж хулгай хийж байгаа хүмүүсийн талаарх мэдээллийг олж авсан...”, “...2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр манай дэлгүүр тооллого хийхэд манай кофе, цайны тасгаас нийт 14 ширхэг Jacobs брэндийн кофе дутсан байсан. Тус кофены 500 граммын хэмжээтэйгээс нь 12 ширхэг, 230 граммын кофеноос нь 1 ширхэг, 300 граммын кофеноос нь 1 ширхэг дутсан байсан. Би кофе дутсан учир хяналтын камер шалгахад үл таних 2-3 залуу 6 дугаар сарын 02-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдрийн хооронд манай дэлгүүрийн кофе, цайны тасгаас Jacobs нэртэй кофений том, жижиг савалгаатайгаас нь хулгайлсан байсан.” /2хх 138-139, 142-143/,
гэрч О.Б-гийн “...Би кофе нууцаар авч гарсан гэдийг сүүлд нь мэдсэн. Тухайн үед Э-, М- нартай хамт Home Plaza супермаркет руу орж байсан. Тэр үед гадуур хувцасаа цүнхэнд чинь хийчихье гэхээр нь цүнхэндээ хувцсыг нь хийлгэж байсан. Тухайн үед найз охинтойгоо чатаар нэлээн маргаантай байсан болохоор миний цүнх рүү яг хувцас хийж байгааг нь анзаараагүй. Супермаркетаас гараад бид гурав Сансар зах дээр явж байхад Э- миний цүнхнээс кофе гаргаад ирсэн.” /2хх 153/,
гэрч Б.Э-ын “...Би Э-г миний цүнхэнд кофе нууцаар хийгээд хулгайлж байна гэдгийг ерөнхийд нь гадарласан. Тухайн өдөр Э- надтай өглөө 11 цагийн орчимд сансарт уулзъя гэж хэлсэн. Би өдөр нь таеквондогийн бэлтгэлтэй байсан тул цүнхтэй гарч ирсэн. Э- бид хоёр уулзаад юм ярьж байгаад Сэлэнгэ зочид буудлын хажуу талын Home plaza супермаркет руу орсон. Дэлгүүрт ороод би Э-гаас “юм авах гэж байгаа юм уу?” гэж асуусан. Э- “тийм ээ цүнхээ онгойлгож бай” гэж хэлээд өөрөө миний цүнхийг онгойлгоод юм хийгээд байсан. Тухайн үед би юу хийгээд байгааг нь мэдээгүй. Э- миний цүнхэнд юм хийгээд байхаар нь би “юу хийгээд байгаа юм бэ” гэсэн чинь зүгээрээ гаръя гээд бид хоёр гарсан. Гадаа гараад явж байхдаа би цүнхээ онгойлгоод үзэхэд дотор нь 2 кофе байсан. Би Э-ээс “яаж байгаа юм бэ” гэсэн чинь “надад мөнгөний хэрэг гараад” гэж хэлсэн” /2хх 155/ гэх мэдүүлгүүд,
хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 169-182/,
“Дамно” ХХК-ийн 2025 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн №БЗД2-25-62 шинжээчийн дүгнэлт “...318.380 төгрөг” /2хх 210-215/ гэх баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.
Анхан шатны шүүх хэдийгээр шүүгдэгч нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж шийдвэр гаргасан байх боловч дээрх мэдүүлгүүд нь өөр бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байхын зэрэгцээ тухайн хүний өөрийнхөө эсрэг гэрчээр өгсөн мэдүүлгийг түүнийг яллах нотлох баримт болгож ашиглаж болохгүйгээс бус гэмт хэрэг хамтран үйлдсэн этгээдүүдийнхээ эсрэг өгсөн мэдүүлгийг тухайн этгээдийг яллах нотлох баримт болгож ашиглах нь хүний өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг зөрчсөн зөрчил гэж үзэхгүй.
Шүүгдэгч А.М-, О.Э- нар нь үргэлжилсэн үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн гүйцэтгэж 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.М-гийн iphone 12 загварын гар утсыг, 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.А-ын Samsung G-fold 3 загварын гар утсыг тус тус илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад нийт 1.525.000 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч А.М- нь үргэлжилсэн үйлдлээр, шүүгдэгч М.Э-тэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, шүүгдэгч М.Э- нь А.М-тэй гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн гүйцэтгэж 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Г.Г-гийн iphone 12 pro max загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад нийт 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд шүүгдэгч А.М-, О.Э- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
шүүгдэгч А.М- нь шүүгдэгч Ү.Б-ийн гэмт хэргийн замаар олсон хөрөнгө болох хохирогч Г.У-гийн өмчлөлийн iphone 13 pro max загварын гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
шүүгдэгч О.Э- нь үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Home plaza худалдааны төвөөс Jacobs нэртэй кофег хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч А.М-, О.Э-, Ү.Б-, М.Э- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч О.Э-, А.М-, М.Э- нар нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдэхдээ урьдчилан үгсэн тохиролцож, үйлдэл оролцоогоо хуваарилж, гэмт хэрэг үйлдэх арга, хохирогчийг сонгон авах зэргээр гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож үйлдсэн үйл баримтыг зөв тогтоосон боловч гэм буруутайд тооцохдоо дээрх шинжийг орхигдуулсныг зөвтгөн өөрчлөв.
Мөн дээрэмдэх гэмт хэрэг нь эрүүгийн эрх зүйн онолд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон үйлдэл хийгдсэнээр бүрдэл төгсөх хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бол түүний үндсэн шинжид хамааруулан хуульчилсан уламжлалт булаах төрлийн гэмт хэргийн шинжийг хууль тогтоогч бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол гэж ялгамжтай байдлаар хуульчилсан. Бусдын эд хөрөнгийг "булаах" гэмт хэргийг үйлдэхэд хохирогчид ямар нэгэн хүч хэрэглэдэггүй бөгөөд үйлдэл төгсмөгц хохирогчоос зугтаах, холдох шинжтэй байдаг бол "дээрэмдэх" гэмт хэргийн хувьд хүчирхийлэл, довтолгоон нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинж нь болж, халдлагад өртөж байгаа этгээд руу шууд чиглэсэн байдгаараа ялгагдана. “Булаах" гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгч болон эзэмшигч, хариуцсан эсхүл хамгаалах үүрэг бүхий этгээдээс өөртөө шилжүүлэн авснаар төгсдөг бол "дээрэмдэх" гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг авч чадсан эсэхээс үл хамаарч хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолгоон хийснээр төгс үйлдэгдсэнд тооцогддог нь эрүүгийн эрх зүйн практикт нэгэнт тогтсон ойлголт билээ.
Иймд шүүгдэгч А.М-, М.Э-, О.Э- нарыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохоор өөрчлөлт оруулах нь хууль хэрэглээний хувьд зөв болох юм.
Харин шүүгдэгч Ү.Б- нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашаан дотор хохирогч Г.У-гийн iphone 13 promax загварын гар утсыг “гар утсаараа яриулахыг гуйж” авсныхаа дараа авч зугтаасан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх улсын яллагчийн саналыг хүлээн авч шүүгдэгч Ү.Б-ийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ү.Б-ийн үйлдлийг тодорхойлохдоо хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтад тулгуурлан хохирогч Г.У-гийн гар утсыг авч зугтаасан үйл баримтыг зөв тогтоосон боловч шүүгдэгчийн хууль бус үйлдэлд тохирох Эрүүгийн хуулийн хэм хэмжээг зөв сонгон авч хэрэглэж чадаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно гэж хуульчилсан. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохироогүй бол анхан шатны шүүх зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх эрх хэмжээтэй.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146, 147 дугаар зүйлд заасан булаах болон дээрэмдэх гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуульд нэгтгэн нэг зүйлд хамааруулан дээрэмдэх гэмт хэрэг гэж хуульчлахдаа 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт дээрэмдэх гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол үндсэн бүрэлдэхүүний шинжид тооцож, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид хамааруулахаар хуульчилжээ.
Дээрэмдэх болон булаах үйлдлүүд нь хохирогчийн өмчлөх эрхэд халдахдаа хохирогчийн эд зүйл, хөрөнгийг авахаар идэвхтэй үйлдэл хийж хохирогчоос эд хөрөнгийг авах үйлдлийг гэм буруутай этгээдийн идэвхтэй үйлдлээр хийсэн байдаг. Харин хохирогчид эд хөрөнгийг нь түр хугацаагаар ашиглаад тэр даруй буцаан өгөхөөр буюу манай тохиолдолд хохирогчийн гар утсыг ашиглан бусадтай холбоо барьсны дараа даруй буцаан өгөх мэтээр ойлгуулан, хохирогчийг хуурч эд хөрөнгийг нь эзэмшилдээ авсны дараа хохирогчоор холдон зугтааж буй үйлдэл нь гэм буруутай этгээдээс идэвхтэй үйлдэл хийгдээгүй харин хохирогч гэм буруутай этгээдийн утсаар ярьчихаад буцааж өгнө гэсэн үг, үйлдэлд итгэн өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг түрхэн хугацаагаар түүний эзэмшилд өөрөө шилжүүлэн өгч байдаг шинжээрээ булаах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах гэмт хэргээс ялгагддаг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтанд зааснаар шүүгдэгч Ү.Б-ийг анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь түүний үйлдлийн шинжүүдтэй тохирохгүй байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг хуурч, эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар үндэслэлтэй хэргийн бодит байдал, үйл баримтад нийцсэн дүгнэлтийг хийж шийдвэрлэжээ. Шүүгдэгч О.Э-, А.М-, М.Э-, Ү.Б- нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, энэ талаарх баримтууд хэрэгт авагдсан, бусдад төлөх төлбөргүй талаар анхан шатны шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Шүүгдэгч А.М- “...надад оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэх, шүүгдэгч О.Э- “...надад оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг минь хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулгаар тус тус давж заалдах гомдол гаргажээ.
Шүүгдэгч А.М-, О.Э- нар нь урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/1126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 365 дугаартай захирамжаар О.Э-гийн эдлээгүй үлдсэн 4 сар 9 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг мөн хугацаагаар хорих ялаар сольж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр /3хх 144-149/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 369 дугаартай захирамжаар А.М-ийн эдлээгүй үлдсэн 4 сар 10 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг мөн хугацаагаар хорих ялаар сольж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр /3хх 139-143/ тус тус шийдвэрлэж, 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар шилжүүлэн цагдан хоригдох үедээ О.Э- нь 2 сар 4 хоногийн, А.М- нь 2 сар 5 хоногийн хорих ялын үлдэгдэлтэй /3хх 117-118/ байна.
Шүүгдэгч О.Э-, А.М- нар нь урьд үргэлжилсэн үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн болон О.Э- нь ганцаараа бусдын гар утсыг авч зугтаасан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж, шүүхээс шүүгдэгч О.Э-, А.М- нарыг нийгмээс тусгаарлаж, хорих ял шийтгэхгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, гэр бүл, нийгэм, хөдөлмөрийн хамт олны дунд зан үйлээ засах, засрал хүмүүжил олох, нийгэмших, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх боломж олгосон боловч зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байх хугацаандаа дахин үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч О.Э-, А.М-, М.Э- нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан үзэж шүүгдэгч О.Э-, А.М- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч О.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч А.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч М.Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзнэ.
Шүүгдэгч О.Э-, А.М- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд заасан журмыг баримтлан хэд хэдэн гэмт хэрэгт болон хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялын төрөл хэмжээг тогтоож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Харин шүүгдэгч Ү.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугийн талаар маргаагүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч О.Э-, А.М- нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч О.Э-, А.М- нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 62 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2026/ШЦТ/193 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
- 1 дэх заалтын “шүүгдэгч Б- овогт О-ы Э-г “үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, ... шүүгдэгч Б- овогт А-ы М-ийг “үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, ... шүүгдэгч Б- овогт М-ын Э-ийг “бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, ... шүүгдэгч Т- овогт Ү-ын Б-ийг “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэснийг,
“шүүгдэгч Б- овогт О-ы Э-г “үргэлжилсэн үйлдлээр бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд ....,
шүүгдэгч Б- овогт А-ы М-ийг “үргэлжилсэн үйлдлээр бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд ...,
шүүгдэгч Б- овогт М-ын Э-ийг “бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Т- овогт Ү-ын Б-ийг “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэсэн,
- 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Б-ийг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.” гэснийг,
“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Б-ийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Б-д оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч Ү.Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
3. Шийтгэх тогтоолын 5, 6 дахь заалтуудын шүүгдэгч Ү.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, шүүгдэгч А.М-, О.Э- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-, А.М- нарын 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 62 /жаран хоёр/ хоногийг ял эдлэх хугацаанд нь тус тус оруулан тооцсугай.
5. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ
ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР