| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 317/2026/00468/И |
| Дугаар | 317/ШШ2026/00609 |
| Огноо | 2026-03-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 317/ШШ2026/00609
2026 03 24 317/ШШ2026/00609
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,
Нэхэмжлэгч: Н К ББСБ ХХК
/Улаанбаатар хот, Б дүүрэг, 0 дугаар хороо, 00 тоот/
Хариуцагч: Бовогт Э.Н
/Төв аймаг, З сум, 0 дугаар баг, 00 гудамж, 0 тоот/
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,299,309 төгрөг гаргуулах тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н К ББСБ ХХК нь хариуцагч Э.Н холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,299,309 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
1.1 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2-т "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц уг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ." гэж тус тус заасны дагуу иргэн Э.Н нь 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр цахимаар 00дугаартай зээлийн гэрээ байгуулсан Э.Н нь 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр цахимаар 500,000 төгрөгийн дүнтэй, 6 сарын хугацаанд, 3.4 хувийн хүүтэй зээлийг Хаан банкин дахь 00 дугаартай харилцах данс руугаа авсан. Ийнхүү Нөмөр кредит гэрээний үүргээ биелүүлсэн боловч Э.Н Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хугацаа хэтрүүлээд байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтын дагуу, 3053251 дугаартай Зээлийн гэрээг цуцалж, 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 1,299,309 төгрөгийг Э.Н гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч Э.Нармандах шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Э овогтой Н нь Н К ББСБ-ын нэхэмжилсэн 1,299,309 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 3 хувааж буюу 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор 433,103 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор 433,103 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор 433,103 төгрөгийг тус тус төлж барагдуулна. 2026 оны 04 дүгээр сарын цалинг урьдчилан авч нөхрийн эмчилгээнд зарцуулсан тул 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Нармандах нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,299,309 төгрөгийг 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргасан.
3. Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тооцож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,733 төгрөгийн тал хувь болох 17,866.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Э.Н улсын тэмдэгтийн хураамжид 17,866.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Н К ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 1,299,309 төгрөгийг хариуцагч Э.Н хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,750 төгрөгийн тал хувь болох 36,733 төгрөгийн тал хувь болох 17,866.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Э.Н улсын тэмдэгтийн хураамжид 17,866.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н К ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол хуульд зааснаар албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ